Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/02445

 

Н.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2018/01951 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Н.Бын нэхэмжлэлтэй, Хариуцагч: Нт холбогдох, дэнчин 24 600 000 төгрөг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: Тендерт шалгарч 2004-2012 онд Нийслэлийн орон сууц нийтийн аж ахуйн Д салбарын үйл ажиллагааг удирдлагын менежментийн гэрээгээр Х ХХК-ийн нэр дээр хэрэгжүүлж ажилласан. Ийнхүү тендер шалгаруулалтад оролцох менежментийн гэрээ байгуулахад 24 600 000 төгрөгийг Нын дансанд дэнчин хэлбэрээр урьдчилан байршуулсан.Менежментийн гэрээ байгуулагдсан.Б 2012 он хүртэл ажилласан ба Нийслэлийн засаг дарга солигдож гэрээг хаах нэгдсэн тогтоол гарч, 2012 оны 11-р сард тус байгууллагыг холбогдох тайлан тэнцлийн хамт хүлээлгэн өгсөн. Н.Б нь ажиллах хугацаандаа жил бүр байгууллагын үйл ажиллагаанд Аудит хийлгэж, санхүү эдийн засаг, үйл ажиллагааны

тайланг зохих газар, байгууллагад тайлагнаж байсан. Нийслэлийн Засаг дарга түүний эрх бүхий агентлагийн хяналт зөвшөөрлийн үндсэн дээр зохих журмын дагуу хэрэгжүүлж ирсэн. Н.Б нь менежментийн удирдлагыг нөхөн байгуулсан гэрээний дагуу биелүүлж гүйцэтгэж, эд хөрөнгө дутаасан, үрэгдүүлсэн, шамшигдуулсан гэх өр төлбөрийн тооцоогүй, байгууллагыг актаар бүрэн хүлээлгэн өгсөн. Өөрийн хөрөнгөөр төлбөр төлөх нөхцөл байдал үүсээгүй ба өр төлбөрийн акт шийдвэр тогтоол гараагүй. Н.Б нь 2015 онд дэнчинг буцаан авах хүсэлтээ гаргасан боловч өр төлбөрт тооцон дэнчинг хангагч байгууллагад шилжүүлсэн байсан.Хохирол нь дэнчингээс илүү гарвал гэрээлэгчээр төлүүлэх, хохирлын хэмжээг талуудын хамтран томилсон ажлын хэсэг тогтоох зохицуулалттай байсан. Иймд 24 600 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д салбарын удирдах үйл ажиллагааг иргэн Н.Б-аар гүйцэтгүүлэхээр 2004 онд менежментийн гэрээ байгуулсан. Н.Б нь тухайн байгууллагыг 2004 онд хүлээж авахдаа бусдад төлөх 119 сая төгрөгийг өр төлбөртэй, 45.7 сая төгрөгийн авлагатайгаар хүлээн авсан байна. Менежментийн гэрээний хугацаа 2008 онд дуусч түүнээс хойш 3 удаа Нийслэлийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдан менежентийн гэрээний биелэлтэд шалгалт хийж, дүгнэлт гарган Нийслэлийн өмч хувьчлах комиссын хурлаар хэлэлцүүлэн 2 удаа гэрээг сунгахаар шийдвэрлэсэн байна. Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/560 дугаар захирамжаар томилогдсон гэрээний биелэлтийг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2012 оны 11 дүгээр сарын 02-ны хурлаар хэлэлцүүлж менежментийн гэрээний үүрэг хангалтгүй биелэгдсэн гэж үзэн менежментийн гэрээг 30 дугаар тогтоолоор хаахаар шийдвэрлэн.  Гэрээ хаагдах үеийн Хайрхан-Уул өргөө ХХК нь тухайн үед нийт 1.904,65 сая төгрөгийн нийт өр төлбөртэй, үүнээс богино хугацаат өр төлбөр нь 315.9 сая төгрөг, 85.7 сая төгрөгийн авлагатайгаар хүлээлгэн өгсөн. Ажлын хэсгээс менежментийн гэрээгээр хүлээж авснаас хойш буцаан хүлээлгэн өгөхөд нэмэгдүүлсэн богино хугацаат өр төлбөрийн хэмжээг нийслэлд учруулсан хохирол гэж үзээд менежментийн гэрээг хааж, өмч хүлээлцэх шийдвэрийн дагуу хаалтын баланс гарган өмч хөрөнгийг актаар хүлээн авахад гэрээлэгч өр төлбөрийн дүнг баталгаажуулан гарын үсгээ зурсан байгаа нь нийслэлд тухайн хэмжээний хохирол учруулснаа хүлээн зөвшөөрсөн гэж үзсэн. Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2014 оны 8сарын 01-ний өдрийн хурлаар хэлэлцүүлэн 22 дугаар тогтоолоор дэнчинг хангагч байгууллагуудад төлөх өр төлбөрт тооцон шилжүүлэхийг Өмчийн харилцааны газарт даалгасан.Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.1, 189 дүгээр зүйлийн 189.5-т заасныг баримтлан Наас 24 600 000 төгрөг гаргуулах тухай Н.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Н.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хайрхан Уул-Өргөө ХХК нь менежментийн гэрээний хугацаанд үйл ажиллагааг дордуулаагүй хангалтгүй ажилласан гэж байгаа нь үндэслэлгүй. Иймд дэнчингийн мөнгийг буцаан олгох шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй боловч нотлох баримтыг харьцуулан зөв дүгнээгүй, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй боловч шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

 

Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч Нт холбогдуулан дэнчинд өгсөн 24 600 000 төгрөг буцаан гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “.., дэнчин тавьсан этгээд үүрэг гүйцэтгээгүйгээс хариуцлага хүлээхээр байгаа тул дэнчин нь дэнчин авсан этгээдэд үлдсэн” гэж маргажээ.

 

Зохигчид 2004-2012 онуудад  “Менежментийн гэрээ” нэртэй гэрээг байгуулан, нэхэмжлэгч Нийслэлийн орон сууц нийтийн аж ахуйн “Д” салбарын үйл ажиллагааг удирдлагын менежментээр ханган ажилласан, уг гэрээний дагуу дэнчинд 24 600 000 төгрөгийг хариуцагчийн дансанд байршуулсан, гэрээ 2012 оны 11 сард цуцлагдсан, дэнчин 24 600 000 төгрөг хариуцагч талын эзэмшилд үлдсэн үйл баримт тогтоогджээ. /хх-6-27 /

 

Зохигчдын хоорондын харилцааг анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасан иргэний хуулиар зохицуулаагүй, шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээ гэж үзсэн нь зөв болжээ./ хх 143-149 дугаар хуудас/

 

Уг гэрээний агуулгаар нэхэмжлэгч нь Д салбарын үйл ажиллагааны санхүүгийн тогтвортой байдлыг ханган техник технологийг сайжруулан үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх,хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлж, өртөг зардлыг хямдруулан өр авлагыг бууруулж үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, бизнес төлөвлөгөө хэрэгжүүлэх, орчин үеийн удирдлага, ноу-хау хэрэгжүүлэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, засвар үйлчилгээний хүрээг өргөтгөх, ажиллагчдад учрах эрсдлийг бууруулах, хөрөнгө оруулж, техник технологи шинэчлэх зорилготой байжээ. /хх 6-27 хуудас /

 

Талууд гэрээ цуцлагдсан шалтгаан, дэнчин 24 600 000 төгрөгийг буцааж нэхэмжлэгчид олгох үндэслэл байгаа эсэх талаар маргаж байна. Н.Б нь тухайн байгууллагыг 2004 онд хүлээж авахдаа бусдад төлөх 119 000 000 төгрөгийн өр төлбөртэй, 45 700 000 төгрөгийн авлагатайгаар хүлээн авч, 1 904 65 000 төгрөгийн өр төлбөртэй, үүнээс богино хугацаат өр төлбөр нь 315 900 000 төгрөг, 85 700 000 төгрөгийн  авлагатайгаар хүлээлгэн өгсөн актад талууд гарын үсэг зуржээ./ хх 50-58 дугаар хуудас/

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчийг хохирол учруулсан, “Д” салбарын үйл ажиллагааг батламж бичгийн дагуу хүлээлгэн өгсөн байдлаас дордуулсан гэх татгалзлаа нотлох ёстой. Нотлох үүргийн хувиарлалтаар авч үзвэл “ санхүү-менежментийн хувьд дордуулсан” гэж баталж буй тал уг байдлыг нотлох үүрэгтэй юм. Байгууллагын үйл ажиллагаа санхүү, эдийн засаг, бизнес төлөвлөгөө, техник технологийн шинэчлэл, орчин үеийн удирдлага, ноу-хау, өрсөлдөх чадварын хувьд дордсоноос хохирол учирсан гэж үзэн нөхцөл байдлыг хариуцагч баримтаар нотлоогүй байна. Түүнчлэн талууд гэрээг цуцлах үед нэхэмжлэгч өөрийн хөрөнгөөр төлбөр төлөх нөхцөл байдал үүсээгүй, өр төлбөрийн акт, тогтоол гараагүй байна. Иймд хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийн дэнчинд төлсөн төлбөрийг буцааж өгөхгүй байх үндэслэлтэй гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар нотлох үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч гэрээгээр шилжүүлсэн 24 600 000 төгрөгийн дэнчингээ буцаан авахаар 2012 оны 11 дүгээр сарын 2-нд гэрээ цуцлагдсаны дараа хариуцагч талд хандан хүсэлт гаргаж, мөнгийг өгөх боломжгүй гэсэн хариуг 2015 оны 7 дугаар сарын 29-нд авсан, шүүхэд 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэл гаргасан тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж үзнэ. /хх 1-2, 46, 65-66/ Дээрх гэрээгээр нэхэмжлэгчийн шилжүүлсэн 24 600 000 төгрөг нь Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт заасан дэнчин гэж үзэх бөгөөд энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар “гэрээг цуцалсан, эсхүл дэнчин тавигч тал нь үүргээ гүйцэтгэхдээ үүргийн гүйцэтгэлд дэнчинг оролцуулаагүй бол үүрэг гүйцэтгэж дууссаны дараа дэнчин авсан тал нь дэнчинг буцааж өгнө” гэж заажээ.

 

Хариуцагч нь 24 600 000 төгрөгийг нэхэмжлэгчийн учруулсан хохирол эсхүл нэхэмжлэгчийн гүйцэтгэх ёстой байсан үүрэгт суутгасан гэх нөхцөл байдлаа нотлоогүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт заасныг баримтлан Наас 24 600 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Бд олгохоор давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Анхан шатны шүүх хэргийн 67 дугаар талд авагдсан Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 22-р тогтоолын талаар дүгнэлт хийхдээ нотлох баримтыг буруу үнэлжээ. Учир нь Нийслэлийн өмч хувьчлах комиссын дээрх тогтоол гарч, дэнчинг орон сууц нийтийн аж ахуйн үйл ажиллагааг хариуцах шинэ аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болон хангагч байгууллагуудад шилжүүл гэсэн шийдвэр гарсанд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байгаа нь нэхэмжлэгчийг буюу Н.Быг хохирол учруулсан, эсхүл гүйцэтгэх ёстой үүрэгтэй байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн мэтээр тайлбарласан нь буруу байна. /хх-143-149/

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж, холбогдох улсын тэмдэгтийн хураамжийн хувиарлалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2018/01951 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Наас 24 600 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Бд олгосугай” гэж 2 дахь заалтыг, “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 280 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангасугай.  

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                           ШҮҮГЧИД                                                    Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                Ш.ОЮУНХАНД