Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2019/00622

 

Н ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2018/01951 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2445 дугаар магадлалтай,

Н ын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн өмчийн харилцааны газарт холбогдох

дэнчин 24,600,000.00  төгрөг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхбаяр, хариуцагчийн өмгөөлөгч А.Нарантуяа, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тендерт шалгарч 2004-2012 онд Нийслэлийн орон сууц нийтийн аж ахуйн Дундгол өргөө салбарын үйл ажиллагааг удирдлагын менежментийн гэрээгээр “Хайрхан уул өргөө” ХХК-ийн нэр дээр хэрэгжүүлж ажилласан. Ийнхүү тендер шалгаруулалтад оролцох менежментийн гэрээ байгуулахад 24,600,000 төгрөгийг Нийслэлийн Өмчийн Харилцааны газрын дансанд дэнчин хэлбэрээр урьдчилан байршуулсан. Менежментийн гэрээ байгуулагдсан. Н  2012 он хүртэл ажилласан ба Нийслэлийн засаг дарга солигдож гэрээг хаах нэгдсэн тогтоол гарч, 2012 оны 11 сард тус байгууллагыг холбогдох тайлан тэнцлийн хамт хүлээлгэн өгсөн. Н  нь ажиллах хугацаандаа жил бүр байгууллагын үйл ажиллагаанд Аудит хийлгэж, санхүү эдийн засаг, үйл ажиллагааны тайланг зохих газар, байгууллагад тайлагнаж байсан. Нийслэлийн Засаг дарга түүний эрх бүхий агентлагийн хяналт зөвшөөрлийн үндсэн дээр зохих журмын дагуу хэрэгжүүлж ирсэн. Н  нь менежментийн удирдлагыг нөхөн байгуулсан гэрээний дагуу биелүүлж гүйцэтгэж, эд хөрөнгө дутаасан, үрэгдүүлсэн, шамшигдуулсан гэх өр төлбөрийн тооцоогүй, байгууллагыг актаар бүрэн хүлээлгэн өгсөн. Өөрийн хөрөнгөөр төлбөр төлөх нөхцөл байдал үүсээгүй ба өр төлбөрийн акт шийдвэр тогтоол гараагүй. Н  нь 2015 онд дэнчинг буцаан авах хүсэлтээ гаргасан боловч өр төлбөрт тооцон дэнчинг хангагч байгууллагад шилжүүлсэн байсан. Хохирол нь дэнчингээс илүү гарвал гэрээлэгчээр төлүүлэх, хохирлын хэмжээг талуудын хамтран томилсон ажлын хэсэг тогтоох зохицуулалттай байсан. Иймд 24,600,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын шүүхэд гаргасан тайлбарт: Дунд гол Өргөө салбарын удирдах үйл ажиллагааг иргэн Н аар гүйцэтгүүлэхээр 2004 онд менежментийн гэрээ байгуулсан. Н  нь тухайн байгууллагыг 2004 онд хүлээж авахдаа бусдад төлөх 119 сая төгрөгийн өр төлбөртэй, 45.7 сая төгрөгийн авлагатайгаар хүлээн авсан байна. Менежментийн гэрээний хугацаа 2008 онд дуусч түүнээс хойш 3 удаа Нийслэлийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдан менежментийн гэрээний биелэлтэд шалгалт хийж, дүгнэлт гарган Нийслэлийн өмч хувьчлах комиссын хурлаар хэлэлцүүлэн 2 удаа гэрээг сунгахаар шийдвэрлэсэн байна. Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/560 дугаар захирамжаар томилогдсон гэрээний биелэлтийг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2012 оны 11 сарын 02-ны хурлаар хэлэлцүүлж менежментийн гэрээний үүрэг хангалтгүй биелэгдсэн гэж үзэн менежментийн гэрээг 30 дугаар тогтоолоор хаахаар шийдвэрлэн. Гэрээ хаагдах үеийн “Хайрхан-Уул өргөө” ХХК нь тухайн үед нийт 1,904.65 сая төгрөгийн нийт өр төлбөртэй, үүнээс богино хугацаат өр төлбөр нь 315.9 сая төгрөг, 85.7 сая төгрөгийн авлагатайгаар хүлээлгэн өгсөн. Ажлын хэсгээс менежментийн гэрээгээр хүлээж авснаас хойш буцаан хүлээлгэн өгөхөд нэмэгдүүлсэн богино хугацаат өр төлбөрийн хэмжээг нийслэлд учруулсан хохирол гэж үзээд менежментийн гэрээг хааж, өмч хүлээлцэх шийдвэрийн дагуу хаалтын баланс гарган өмч хөрөнгийг актаар хүлээн авахад гэрээлэгч өр төлбөрийн дүнг баталгаажуулан гарын үсгээ зурсан байгаа нь нийслэлд тухайн хэмжээний хохирол учруулснаа хүлээн зөвшөөрсөн гэж үзсэн. Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2014 оны 08 сарын 01-ний өдрийн хурлаар хэлэлцүүлэн 22 дугаар тогтоолоор дэнчинг хангагч байгууллагуудад төлөх өр төлбөрт тооцон шилжүүлэхийг Өмчийн харилцааны газарт даалгасан. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2018/01951 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.1, 189 дүгээр зүйлийн 189.5-т заасныг баримтлан Нийслэлийн өмчийн харилцааны газраас 24,600,000 төгрөг гаргуулах тухай Н ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2445 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2018/01951 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн өмчийн харилцааны газраас 24,600,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н д олгосугай” гэж 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 280,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхбаяр, Н.Раднаасэд, өмгөөлөгч А.Нарантуяа нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2445 тоот магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байгааг хүлээн авна уу. Иргэн  Н ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн өмчийн харилцааны газарт холбогдох иргэний хэргийг анхан шатны шүүх бүх нотлох баримтад тулгуурлан бодит үндэслэлтэй, хуульд нийцсэн дүгнэлт хийж шийдвэрлэсэн гэж үзэх тул шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсье. Давж заалдах шатны шүүх хариуцагч талыг ИХШХШТ хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар дэнчингийн мөнгийг буцааж олгохгүй байх үндэслэлээ нотлоогүй байна гэж үзсэн нь үндэслэлгүй дүгнэлт болжээ. Н  нь тухайн Дунд гол өргөө салбарын удирдах үйл ажиллагааг 2004 онд хүлээж авахдаа бусдад төлөх 119 сая төгрөгийн өр төлбөртэй, 45.7 сая төгрөгийн авлагатайгаар актаар хүлээн авч менежментийн гэрээний үүргийг хангалтгүй биелүүлсэн гэдэг үндэслэлээр гэрээг 2012 онд хааж, тухайн аж ахуйн нэгжийг буцаан хүлээн авахад 1,904.65 сая төгрөгийн нийт өр төлбөртэйгөөр хүлээлгэн өгсөн байна. Зөвхөн энэ үзүүлэлтийг авч үзэхэд л санхүү менежментийн хувьд дордуулсан гэдэг нь батлагдаж буй тухай болон холбогдох нотлох акт баримтыг шүүхэд гаргаж өгсөн болно.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд
гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан тул
талуудын хооронд байгуулсан менежментийн гэрээний 12.2.4-ийн “Б”-д “Менежментийн
гэрээний үүргийн биелэлтийн барьцаа болгон эскроу дансанд байршуулсан гэрээлэгчийн барьцааны дэнчинг орон нутгийн орлого болгоно.” гэж тохирсныг буруутгах үндэсгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн хууль зүйн үндэслэлтэй дүгнэлтийг давж заалдах шатны шүүх анхаарч үзэлгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.3 дах хэсэгт “Дэнчин тавьсан этгээд үүрэг гүйцэтгээгүйгээс хариуцлага хүлээхээр байвал дэнчинг дэнчин авсан этгээдэд үлдээнэ. Энэ тохиолдолд дэнчин авагчид учирсан хохирлыг төлөхдөө дэнчинг оролцуулан тооцно.” гэж заасан заалтын хүрээнд шийдвэрлэсэн болно. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, зохигчдын хооронд үүссэн маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Нэхэмжлэгч Н  нь хариуцагч Нийслэлийн өмчийн харилцааны газарт холбогдуулан дэнчинд өгсөн 24,600,000.00 төгрөг буцаан гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч .., дэнчин тавьсан этгээд үүрэг гүйцэтгээгүйгээс хариуцлага хүлээхээр байгаа тул дэнчин нь дэнчин авсан этгээдэд үлдсэн гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, харин давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Зохигчдын хооронд 2004-2012 онд  хийгдсэн “Менежментийн гэрээ” нэртэй хэлцлийн дагуу нэхэмжлэгч нь Нийслэлийн орон сууц нийтийн аж ахуйн Дундгол өргөө салбарын үйл ажиллагааг удирдлагын менежментээр ханган ажилласан, тендерийн нөхцөлд заасан 24,600,000.00 төгрөгийг хариуцагчийн дансанд байршуулсан ба дээрх гэрээ нь 2012 оны 11 сард цуцлагдаж, 24,600,000.00 төгрөг хариуцагч талын эзэмшилд байна. 

2007 оны 12 сарын 14-ний өдрийн “Менежментийн гэрээ”-ний 7.9.1-д “Гэрээлэгч нь тендерт оролцохдоо тавьсан 26,644,000.00 төгрөгийн дэнчинг энэхүү гэрээний үүргийн биелэлтийн барьцаа болгон НӨХГ-н дансанд байршуулж байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан 2018 оны 04 сарын 24-ний өдрийн нэхэмжлэлд “...24,6 сая төгрөгийг 2004 оны 10 сард тендерийн урьдчилгаа дэнчинд 10 сая төгрөг, НӨХГ-ын дансанд 2016.11.10-нд 2 сая төгрөг, 2006.11.10-нд 12,6 сая төгрөг тус тус байршуулсан” гэжээ.  

Дээрх гэрээний 12.2.4-т “Гэрээг хааснаар дор дурдсан хариуцлага тооцно гээд “б”-д Менежментийн гэрээний үүргийн биелэлтийн барьцаа болгон эскроу дансанд байршуулсан Гэрээлэгчийн барьцааны дэнчинг орон нутгийн орлого болгоно. Ингэхдээ байгууллагыг хүлээн авахад анх Батламж бичгийн дагуу хүлээлгэн өгсөн байдлаас дордуулж учруулсан материаллаг болон мөнгөн хохирлыг Гэрээлэгчийн дэнчинд оруулан тооцох бөгөөд хохирлын хэмжээ барьцааны дэнчингээс илүү гарсан тохиолдолд Гэрээлэгчээр нөхөн төлүүлнэ. Хохирлын хэмжээг хамтран томилсон ажлын хэсэг тогтооно” гэсэн байх бөгөөд хариуцагч нь энэ нөхцөлийг татгалзлынхаа үндэслэл болгосон байна.

Хэргийн 76-78, 95-98 дахь талд Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2010 оны 07 сарын 19-ний өдрийн 22 дугаар тогтоол, “Барьцааны дэнчинг өр төлбөрт шилжүүлэх компаниуд” гэсэн хоёрдугаар хавсралтын хамт, мөн 87-88 дахь талд Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2014 оны 08 сарын 11-ний өдрийн 22 дугаар тогтоол, “Барьцааны дэнчинг өр төлбөрт шилжүүлэх компаниуд” гэсэн хоёрдугаар хавсралтын хамт авагджээ.

Нийслэлийн өмч хувьчлах комиссоос 2010, 2014 онд гаргасан дээрх хоёр тогтоолын хавсралт гэж шүүхэд ирүүлсэн “Барьцааны дэнчинг өр төлбөрт шилжүүлэх компаниуд” гэсэн баримт нь хоорондоо ижил, хавсралтын № 9-д нэхэмжлэгчийн “Хайрхан уул өргөө” ХХК орсон байх тул шүүх эдгээр баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлэх боломжгүй юм.

Түүнчлэн менежментийн гэрээний 12.2.4-т “Хохирлын хэмжээг хамтран томилсон ажлын хэсэг тогтооно” гэж заасан боловч энэ тухай баримт хэрэгт авагдаагүй байхад үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох барьцаа эсхүл дэнчин буцаагдах эсэх маргааныг шийдвэрлэх нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчимд нийцэхгүй.

Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2018/01951 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2445 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хариуцагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН