Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 207

 

Б.Р-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Ш.Эрдэнэбилэг, хохирогч П.Д, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Н, Х.Б, тэдгээрийн өмгөөлөгч С.Одгариг, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэцэгмаа, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 433 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 30 дугаар магадлалтай, Б.Р-д холбогдох 201719000198 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч нарын өмгөөлөгч С.Одгаригийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1962 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Д овогт Б-гийн Р нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1, 4.2-т заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохирсон” гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Р-ийг согтуугаар, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1, 4.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс тоолох, шүүгдэгч Б.Р нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн байна.

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “2 /хоёр/” гэснийг “3 /гурав/” гэж, 3 дахь заалтын “2 /хоёр/” гэснийг “3 /гурав/” гэж, 4 дэх заалтын “2 /хоёр/” гэснийг “3 /гурав/” гэж, 5 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Р-ийн цагдан хоригдсон 43 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг дурдсугай” гэж тус тус өөрчилж, тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогч нарын өмгөөлөгч С.Одгариг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэртэй тохирсон байх учиртай бөгөөд Б.Р-ийн үйлдсэн гэмт хэргийн шинжид согтуурсан, хоёр хүний амь нас хохирсон бол ял шийтгэлийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хуульчилсан байна. Шүүх Б.Р-д 2-3 жилийн хорих ял оногдуулж байгаагаа шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзжээ. Гэтэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орших учиртай. Үүний дагуу Б.Р-ийн үйлдэлд дүгнэлт хийвэл түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлагын зорилго хэрэгжих үндэслэлгүй байна. Ухаангүй согтуугаар машин барьж яваад хүний өсөж өндийж яваа бяцхан үр, айл гэрээ авч явж байсан хүний ханийн амь насыг хохироосон, мөн бусдад хүнд гэмтэл учруулсан хүний үйлдэлд шүүхээс оногдуулсан ял шийтгэл түүнийг цээрлүүлэх зорилго агуулагдаж байна гэж ойлгож болох уу. Оршуулгын зардалд өгсөн хэдэн төгрөг эдгээр хүмүүсийн насан туршийн сэтгэлийн шаналлыг яаж сэргээх юм бэ. Б.Р өөрийгөө удирдах чадваргүйгээр согтуурсан үедээ автомашин жолоодон, хүний амь нас хохироосон, бусдад хүнд, хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд шүүх зөв дүгнэлт хийж чадаагүй, Эрүүгийн хуулиар тогтоосон шударга ёсны зарчмыг алдагдуулсан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Шүүгдэгч хохирлыг тодорхой хэмжээгээр барагдуулсан ч хохирогч нарын насан туршдаа эдлэх сэтгэлийн шаналлыг нимгэлэхгүй бөгөөд энэ байдлыг үл харгалзан шүүгдэгчийн ялыг хөнгөрүүлсэн шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна. Шүүх шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг нөхөн төлсөн, хохирлын үлдэгдэл төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлснийг хорих ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж үзжээ. Гэтэл Б.Р нь шууд тодорхой байдлаар гэмт хэргийг үйлдсэн учраас гэм буруугаа хүлээн зөвшөөрөх, зөвшөөрөхгүйгээс энэ асуудал хамаарахгүй тул Эрүүгийн хуулийн “ял хөнгөрүүлэх” нөхцөл байдал хамаарахгүй юм. Эрүүгийн хуулийн ял хөнгөрүүлэх томьёолол нь нууц, далд аргаар гэмт хэрэг үйлдсэн этгээд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тохиолдолд хамаарах учир Б.Р-ийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэдгээр түүний ялыг хөнгөрүүлсэн нь үндэслэлгүй болно. Шүүх ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг анхаарч үзсэн атлаа согтуугаар автомашин жолоодож айлын гэр дайрсан, 2 хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь эрүүгийн хариуцлагын шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Хохирол бүрэн нөхөн төлөгдөөгүй бөгөөд шүүхийн тогтоолд хохирлын төлбөрийн үлдэгдлийг гаргуулж шийдвэрлэсэн мөртлөө хохирол бүрэн төлөгдсөн мэтээр дүгнэж, ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож байгаа нь хуульд нийцэхгүй, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэсэн хуулиар тогтоогоогүй байдлаар ял хөнгөрүүлсэн нь үндэслэлгүй юм. Мөн хохирогч нараас гаргасан сэтгэл санааны хохирлын нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэснийг юу гэж ойлгох бэ. Хамгийн эрхэм дотны хүмүүсээ алдчихаад, бие махбодь, эд хөрөнгөөр хохирч сэтгэлийн шаналал эдэлж байхад түүнийгээ нотол гэж байгааг ойлгохгүй байна. Иймд ял шийтгэлийг шударга ёсны зарчимд нийцүүлэн оногдуулж, сэтгэл санааны хохирлыг барагдуулж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэцэгмаа хэлсэн саналдаа “...Анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл хөнгөдсөн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, ял шийтгэлийг хүндрүүлж оногдуулсан. Шүүгдэгчийн зүгээс шүүхээс тогтоосон хохирлыг тухай бүр нь барагдуулсаар ирсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа тул магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ш.Эрдэнэбилэг гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг хангалттай нотлогдон тогтоогдсон. Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогч нарын эрхийг хязгаарласан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил байхгүй байна. Харин шүүгдэгчид 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Тухайн гэмт хэрэг 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр үйлдэгдсэн байдаг. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт согтуурсан буюу мансуурсан үедээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон тохиолдолд хүндрүүлэх нөхцөл байдалд тооцдог байсан. Хяналтын шатны шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх зорилгоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд дээрх байдлаар өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Р нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 13 цагийн үед согтуугаар Төв аймгийн Өндөрширээт сумын Хайрхан 2 дугаар багийн нутаг “Өндөр хүр” гэх газар “Мазда памили” загварын хх хх УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа иргэн С.Н-ын 5 ханатай гэрийг дайрч, Н.О, Ч.Х нарын амь насыг хохироож, П.Д-ын бие махбодид хүнд гэмтэл, Н.О-гийн бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

Анхан шатны шүүх Б.Р-ийн согтуурсан үедээ замаас гарч айлын гэр дайрч хоёр хүний амь нас хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1, 4.2-т зааснаар зүйлчилж, уг зүйл хэсэгт заасан ялын хамгийн доод хэмжээ буюу 2 жил хорих ял оногдуулахдаа ялыг хөнгөрүүлэх хуульд заасан ямар нөхцөл байдлыг харгалзан хамгийн хөнгөн хорих ял оногдуулж байгаа үндэслэлээ огт тодорхойлоогүй байна.

Давж заалдах шатны шүүх энэхүү хэргийг хянан хэлэлцээд оногдуулсан хорих ял хөнгөдсөн гэсэн үндэслэлээр гаргасан хохирогчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авч, Б.Р-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг 3 жил болгон өөрчлөхдөө хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөлийг харгалзан үзэлгүй шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Р-д дээрх байдлаар ял оногдуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3.1-д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэлийг заавал тодорхойлохоор заасныг анхан шатны шүүх зөрчсөнөөс гадна хоёр шатны шүүх эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тухай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны үнэлэмж, зарчимд нийцсэн эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан ноцтой зөрчил болно.

Мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно гэсэн мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасныг хэрхэн ойлгож, хэрэглэж байгаа үндэслэл шийтгэх тогтоол, магадлалд тусгагдаагүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх Б.Р-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлын зарим хэсгийг төлсөн, үлдэх хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хувийн байдал зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдохгүй үндэслэл зааж ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байгааг анхааруулах нь зүйтэй гэж үзэв.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасныг зөрчсөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэж, энэ талаар гаргасан хохирогч нарын өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 433 дугаар шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 30 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Б.Р-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүхэд очтол Б.Р-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                        С.БАТДЭЛГЭР

                                                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                           Д.ГАНЗОРИГ

                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН