Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2017/ШЦТ/433

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2017              12             21                                               2017/ШЦТ/433                              

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Ю.Энхмаа, Ш.Гандансүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан,

улсын яллагч Энхболд,

шүүгдэгч Б.Р, түүний өмгөөлөгч Цэцэгмаа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Наранбадрах, түүний өмгөөлөгч Одгариг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Баасанжаргал,

хохирогч П.Догсом,

иргэдийн төлөөлөгч Л.Нэргүй нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д овгийн Б.Рид холбогдох эрүүгийн 201719000198 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Архангай аймгийн Цэцэрлэг суманд 1962 оны 05 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тракторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Д овгийн Б.Р

 

Холбогдсон хэргийн талаар

                             /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

 

Яллагдагч Б.Р нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 13 цагийн орчимд Төв аймгийн Өндөрширээт сумын төвөөс 99-17 УНЭ улсын дугаартай “Мазда Памили” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон тус сумын Хайрхан 2 дугаар багийн нутагт “Өндөр хүр” гэх газар орших Өндөрширээт сумаас Эрдэнэсант сум чиглэлийн 5 эгнээтэй, шонгийн мод дагасан шороон замаар замын хөдөлгөөнд оролцож яваад, Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.1, 2.7 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөний улмаас замаас гарч иргэн С.Наранбадрахын 5 ханатай гэрийг дайрч, улмаар 5 настай Н.Одбаяр, 44 настай Ч.Хишигмөнх нарын амь насыг хохироож, иргэн П.Догсомын биед хүнд гэмтэл, 5 настай Н.Одбилэгийн биед хөнгөн гэмтэл тус тус учруулан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Б.Рийн:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн гэв.

 

1.2. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Наранбадрахын:

2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 13 цагийн үед бид нар ямаагаа самначихаад цайгаа уугаад гэртээ сууж байсан. Тэгэхэд хаалга онгорхой байхад урдаас хар машин тоос татуулаад ирж байна гэсэн. Тэгээд удалгүй манай том хүү гүйгээд гарсан чинь зөрөөд юу юугүй машин манай гэрийг дайраад өнгөрсөн. Тэгээд бид нар гэрийнхээ шалан дээр үлдсэн. Тэгээд тойроод харсан чинь миний хүүхдүүдээс бага хүү маань байхгүй байсан. Гэрийн зардал 8.473.000 төгрөг нэхэмжилж авсан. Оршуулгын зардал 5.241.000 төгрөг болсон. Нийт 13.714000 төгрөг болсон.  Үүнээс 700.000 төгрөгийг аваагүй байгаа гэв.

 

1.3. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Баасанжаргалын:

2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 03 цагийн үед Наранбадрах ахынхаар орсон байдаг. Тэгээд 3 цагийн манай хүргэн ах хөдөө осол болсон гэж надад хэлсэн. Тэгээд ээжийн эмчилгээ, ажил явдлын зардал нийлээд 11.839.000 төгрөг гарсан. Үүнээс 11.520.000 төгрөгийг төлсөн байгаа. Үлдэгдэл 327.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

1.4. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч П.Догсомын:

Би өөрөө бие сэтгэлээрээ хохирсон. Би талийгаачийг ямар байсныг харж чадаагүй. Ажил явдалд нь орж чадаагүй болхоор надад хэцүү байна. Би өөрөө ажил хийх чадвараа алдсан. Одоо миний хоёр хүүхдийг хэн тэжээж авч явах юм бэ гэв.

 

Хоёр. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1, 4.2 дахь  хэсэгт заасан гэмт хэргийн талаар хавтаст хэрэгт цуглуулсан, бэхжүүлж авсан нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан нотлох баримтууд. Үүнд:

2.1. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Наранбадрахын:

“...Хишигмөнх урдаас тоос гараад машин ирж байна гэхэд баруун орон дээр сууж байсан Баярсайхан, Оджаргал нар ирж байгаа машин харахаар гэрээс гарсан тэр үед Одбаяр миний баруун гар талд гэрийн баруун хойд талд авдрын өмнө шагай тоглоод сууж байсан. Одбилэг охин эхнэр Алтанцэцэгийн ард буюу нуруун талд зогсож байсан. Тэгсэн Баярсайхан, Оджаргал нар гэрээс гартал түс тас хийгээд манай гэрийг машин мөргөж дайрах шиг болоод би сандалтайгаа хойшоо унаад босоод ирэхэд манай гэрийн эд зүйлүүд тарж бутарсан байсан. Миний зүүн гар талд манай эхнэр Алтанцэцэг, охин Одбилэг нар байхаар нь Одбаяр хаана байна гэж хайхад манай гэрийг мөргөж дайрсан хар өнгийн жижиг суудлын машины жолооч талын мотор доор дарагдсан хувцас нь доод эд ангид нь гогдогдсон байсан. Тэр үед манай гэрийг дайрсан 99-17 УНЭ улсын дугаартай, хар өнгийн жижиг машин асаалттай хойшоо урагшаа болоод хөдлөөд байхаар нь тэр машины урд хэсгээс нь данхараадаар данхараадаж өргөж байгаад хүү Одбаярыг татаж аваад тэгээд шууд Өндөрширээт сумын төвийн эмнэлэг рүү явсан...” /хх-ийн 48 дугаар хуудас/,

2.2. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Баасанжаргалын:

“...2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 15 цагийн үед Баасанжав эгчийн нөхөр Төгсбат ах надтай утсаар ярьж хэлсэн. Тэгэж хэлэхдээ ээж Догсомыг мөн гэмтлийн эмнэлэг рүү хүргэгдэн ирж байгаа талаар хэлсэн. Манай аав Хишигмөнх Төв аймгийн Өндөрширээт сумын нутаг Хайрханы 2 дугаар багт мал маллан амьдардаг юм. Дүү Мөнхцэцэг бид хоёр Улаанбаатар хотод ээжийн ээж Маруся эмээтэйгээ хамт байдаг. Аав 1974 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Өндөрширээт сумын нутагт Чулууны 5 дах хүү болон төрсөн. Дээрээ 2 ах, 2 эгчтэй, доороо 2 эрэгтэй 1 эмэгтэй дүүтэй. Төв аймгийн Өндөрширээт сумын ерөнхий боловсролын сургуулийг 1990 онд төгссөн. Их дээд сургуульд сураагүй. Цэргийн алба хаагаагүй. Манайх өөрийн гэсэн цөөхөн толгой малтай. Тодорхой ажил алба эрхэлж байгаагүй. ...дуу цөөтэй даруухан, архи дарс байнга уугаад байдаггүй морь мал уях дуртай хүн байсан.Гомдолтой байна. Оршуулгын зардалд гаргасан 5.000.000 таван сая төгрөгийг, мөн гэр дайрахад хамт дайруулсан талийгаачийн мотоциклыг нэмж нэхэмжилнэ. Дүүгээ 18 нас хүртэл тэтгэмж авна. Ээжийн цаашид эмчилгээ хийлгэх тодорхой бус зардлыг нэхэмжилнэ...” /хх-ийн 57-58 дугаар хуудас/,

2.3. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч П.Догсомын:

“...Би өөрийн нөхөр Хишигмөнхийн хамт мотоциклтой Өндөрширээт сумын төвөөс Бадрах гэх айлд очиж байснаа л санаж байна. Бид хамаатны ах дүү улс болохоор сараар очоогүй гээд 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр очсон юм. Талийгаач бид хоёр ноос, ноолуурын зээл авчихсан байсан тэр зээлээ өгөхөөр хөдөөнөөс сумын төв ороод тэгээд буцахдаа Бадрахын гэрээр орсон юм. Өөр санаж байгаа юм байхгүй, бүгдийг ухаан орсон хойноо сонссон. Би 2017 оны 04 дүгээр сарын 01-нээс 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл ямарч ухаангүй, түүнээс хойш бүдэг бадаг ухаантай байж байгаад 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс гэмтлийн эмнэлгийн гавал тархины тасгаас гарч “Оточ Монгол” гэх эмнэлэгт шилжиж ирээд л арай гайгүй ухаан орж эхэлсэндээ..., "...Ослын улмаас гавал тархинд гэмтэл авсан. дух язарсан, хамрын салст өөр учирсан гэмтэл байхгүй. Одоо хүзүү хөндүүр, баруун талын гар саажилттай байна...” /хх-ийн 55 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтад дахин мэдүүлсэн хохирогч П.Догсомын:

"...Би өөрийн нөхөр Хишигмөнхийн хамт мотоциклтой Өндөрширээт сумын төвөөс Бадрах гэх айлд очиж байснаа л санаж байна. Бид хамаатны ах дүү улс болохоор сараар очоогүй гээд 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр очсон юм. Талийгаач бид хоёр ноос, ноолуурын зээл авчихсан байсан тэр зээлээ өгөхөөр хөдөөнөөс сумын төв ороод тэгээд буцахдаа Бадрахын гэрээр орсон юм. Өөр санаж байгаа юм байхгүй, бүгдийг ухаан орсон хойноо сонссон. Би 2017 оны 04 дүгээр сарын 01-нээс 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл ямар ч ухаангүй, түүнээс хойш бүдэг бадаг ухаантай байж байгаад 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс гэмтлийн эмнэлгийн гавал тархины тасгаас гарч "Оточ Монгол" гэх эмнэлэгт шилжиж ирээд л арай гайгүй ухаан орж эхэлсэндээ..., "...Ослын улмаас гавал тархинд гэмтэл авсан. Дух язарсан, хамрын салст өөр учирсан гэмтэл байхгүй. Одоо хүзүү хөндүүр, баруун талын гар саажилттай байна..." /хх-ийн 55 дугаар хуудас/,

2.4. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн насанд хүрээгүй хохирогч Н.Одбилэгийн:

"...Тэр өдөр 2017 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр гэртээ аав Наранбадрах ээж Алтанцэцэг, ах Оджаргал, дүү Одбаяр, мөн манай ямааг самнаж байсан Баярсайхан ах нар гэрт байхад манайд Догсомоо эгч, нөхөр Хишигмөнх ахтай мотоциклтой ирээд манай гэрт хоол идэж дуусчхаад пиво ууж байгаад за за явъя гээд байж байтал машины дуу гарч байгаад манай гэрийг машин ирээд мөргөсөн тухайн үед машин ирж байна гэж Хишигмөнх ах гэрийн онгорхой байсан хаалгаар хараад хэлсэн тэгэхэд нь би харах гээд ээжийн араар ортол машин ирж байгааг хараагүй тэгтэл манай гэрийг машин ирээд мөргөсөн тухайн үед ээж гэрийн зүүн талын баганын хажууд зогсож байсан би ард талд нь бас зогсож байсан. Аав Наранбадрах гэрийн хойд талд сандал дээр сууж байсан. Баярсайхан ах, Оджаргал ах хоёр гэрээс гараадявчихсан байсан. Хишигмөнх ах гэрийн хойд талд байх ширээний баруун талд доод талд Догсом эгч сууж байсан юм. Тэгээд манай гэрийг машин ирж мөргөөд зогссоны дараа ирж мөргөсөн машин нь хаазлаад байран дээрээ урагшаа хойшоо хөдлөөд байсан тэгэхэд аав ээж нар манай дүү Одбаярыг хайж байгаад машин доороос аав олоод тэгээд машиныг дээш нь данхарадаар өргөж байгаад Одбаярыг аваад Баярсайхан ахын машинтай Одбаяр дүүг аваад сумын эмнэлгийн явсан. Ээж Алтанцэцэг, ах Оджаргал бид нар үлдсэн Хишигмөнх ах, Догсом эгч хоёр машинд дайруулчихсан газар хэвтэж л байсан. Тэгээд дуудлага өгснөөс хойш 30 минутын дараа эмч цагдаа нар ирээд Догсом эгчийг үзэж тариа дусал хийж байгаад Улаанбаатар хот руу аваад явсан. Хишигмөнх ахыг байсан газар нь байлгаж байгаад маргааш нь авч явсан. Манай гэрийг дайрсан хар өнгийн суудлын машины жолоочийг цагдаа нар аваад явсан. Машинд өөр хүн байгаагүй би тэр хүнийг танихгүй..." /хх-ийн 52-53 дугаар хуудас/,

2.5. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч С.Баярсайханы:

"...талийгаач Хишигмөнх тоос гарч байна гэхээр нь би машин ирж байгаа юм байна ямар машин хэн ирж байгаа юм бол гээд Наранбадрахын хүү Оджаргалын хамт гэрээс хаалгаар дөнгөж гартал урдаас хар өнгийн жижиг суудлын машин ирээд гэрийг дайрч мөргөөд гэрийн бүрээс, модыг хамаад баруун хойддалд нь буйрнаас гаргаж түрээд дээрээ овоолоод зогссон тэгээд би тухайн үед их сандарсан байсан тул одоо яаснаа санахгүй байна эд зүйл, тавилгыг нь бутлаад тараагаад хаячихсан энд тэнд орилж уйлалдаад байсан Наранбадрах намайг гэрийн урд байсан цагаан портер машинаасаа данхараад аваад өг гэхээр нь би машинаас нь данхараад аваачиж өгөөд гэр мөргөж дайрч зогссон урд мотор доороос нь Наранбадрахын бага хүү Одбаярыг гаргаж аваад тэгээд миний машинд Наранбадрах хүүхдээ тэвэрч суугаад Өндөрширээт сумын төв рүү Эрүүл мэндийн төв рүү явсан тэгээд эмнэлэг дээр ирээд хүүхдийг нь эмчид үзүүлэхэд нас барсан байна гэсэн ба би яваад цагдаад хэргийн талаар хэлж дуудлага өгөөд тэгээд буцаад очиход цагдаа, эмч нар очсон байсан ба Хишигмөнх гэж хүн тэр доороо нас барсан харин эхнэр Догсомд нь эмч нар эмчилгээ хийгээд байсан цагдаа нар машин дээрх бүрээс модыг холдуулж байгаад жолоочийг нь гаргаж ирэхэд манай нутгийн Рэгзэндорж гэж хүн байсан машинд өөр хүн байгаагүй тэр хүн согтуу байх шиг байсан ба тэгээд цагдаа нар тэр Рэгзэндорж гэж хүнийг өөрсдийнхөө машинд суулгаад аваад явсан цагдаа нар хэргийн газрыг хамгаалалтад авсан юм..." /хх-ийн 59 дүгээр хуудас/,

2.6. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч П.Алтанцэцэгийн:

"...Хишигмөнх урдаас машин ирж байх шиг байна тоос гарч байна гэхэд баруун талын орон дээр сууж байсан Баярсайхан, манай хүү Оджаргал нар ямар машин ирж байгаа юм гээд харахаар гэрээс дөнгөж гартал түс тас хийгээд машин гэрийг мөргөж гэрийн бүрээс модыг түрж явж зогссон тэгэхэд Наранбадрах, охин Одбилэг бид 3 гэрийн зүүн талд байсан Хишигмөнх гэж хүн машины бөгс хэсэгт ханан доор ямарч хөдөлгөөнгүй байсан эхнэр Догсом нь дөнгөж наад талд нь амнаас нь хөөс гараад амьсгаатай ёо ёо гэж дуугарч байсан манай бага хүү Одбаяр хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан тул Одбаярыг хайж байгаад манай гэрийг мөргөсөн машины урд талаар нь очиж бүрээсийг сөхөхөд мотор доор нь дарагдсан хувцас нь гогодогдсон байсан тэгээд манай нөхөр Наранбадрах тэр машины урд мотор доороос нь данхараадаж хөндийрүүлж байгаад Одбаярыг татаж гаргаж аваад Баярсайханы машинд тэвэрч суугаад Өндөрширээт сумын төв рүү эмнэлэг рүү аваад явсан тэгээд байж байхад цагдаа, эмнэлэг ирээд Хишигмөнхийг үзээд нас барсан байна гэсэн эхнэр Догсомд нь эмчилгээ хийсэн дараа нь цагдаа нар машинаас жолоочийг нь гаргаж ирэхэд манай нутгийн Рэгзэндорж гэж хүн байсан тэгээд өөрсдийнхөө машинд суулгаад аваад явсан..." /хх-ийн 61 дүгээр хуудас/,

2.7. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн Ц.Өлзиймаагийн:

"...Намайг 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 13 цаг 40 минутын орчим Төв аймгийн Өндөрширээт сумын төвд гэртээ ёайхад айлын гэрийг машинтай хүн дайраад хүний бие муу байгаа эмнэлэг дээр 1 хүүхэд нь ирсэн талаар дуудлага ирсэн тэгээд эмнэлэг дээр очиход 5 настай Наранбадрахын Одбаяр гэж хүүхэд нас барсан байсан тэгээд хэргийн газар луу анхны тусламжийн багажаа аваад хэсгийн төлөөлөгч, цагдаагийн хамт явж очиход Өндөрширээт сумын нутаг Өндөр хүр гэх газар Наранбадрах гэж айлын гэрийг хар өнгийн жижиг суудлын тээврийн хэрэгсэл дайрч мөргөсөн байдалтай байсан ба хэргийн газар байсан улаан хүрэн дээлтэй Хишигмөнх гэж хүнийг үзэхэд амьсгалгүй нас барсан байсан, харин эхнэр Догсом нь ухаангүй амьсгаатай байсан тул эмчилгээ хийж эхэлсэн ба эмчилгээ хийж байхад тэр гэр дайрсан жижиг хар өнгийн тээврийн хэрэгслээс жолоочийг нь буулгахад Өндөрширээт сумын иргэн Рэгзэндорж гэж хүн байсан тэгээд Догсом гэж хүн эмчилгээ хийж байгаад Улаанбаатар хотруу Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгрүү хүргэж эмчлэх шаардлагатай байсан тул эмчийн хяналтан доор тээвэрлэн авч явсан юм..." /хх-ийн 65 дугаар хуудас/,

 

2.8. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн насанд хүрээгүй гэрч Н.Оджаргалын:

"...ширээний баруун талд сууж байсан Хишигмөнх гэж ах урдаас машин ирж байгаа юм уу тоос гараад байна гэхээр нь би ямар машин ирж байгаа юм бол гээд харахаар гэрээс гарахад урдаас хар өнгийн жижиг суудлын машин их хурдтай тоос гаргаад ирж байсан ба би тэр машиныг зогсох болов уу гээд харж байсан чинь дэрсэн дундуур хурдтай давхиад гэр чиглээд ирсэн тэр үед Баярсайхан ах миний араас гарч ирсэн тэгээд Баярсайхан ахыг гэрээс гартал тэр машин манай гэр лүү дайрахаар чиглээд давхиад ирэхээр нь би баруун тал руугаа зайлж зугтаасан тэгсэн манай гэрийг тэр хар өнгийн машин ирж мөргөөд гэрийн тавилга, эд зүйл болон гэрийн мод бүрээсийг түрж мөргөж түрээд хойшоо яваад зогссон тэгээд юу болов гээд харахад аав Наранбадрах, ээж Алтанцэцэг, дүү Одбилэг нар гэрийн буйрны зүүн талаас босож ирж байсан гэрийн буйрны хойд захад Догсом гэж эгч дээшээ харсан байдалтай Хишигмөнх гэж ах буйрнаас хойшоо харсан машин хойд талд ханан доор хөдөлгөөнгүй хэвтээд байсан ба дүү Одбаяр байхгүй байсан бид нар Одбаярыг хайж байгаад манай гэрийг мөргөсөн 99-17 УНЭ улсын дугаартай, хар өнгийн жижиг машины мотор доор дайрагдсан даруулсан байсан тэгээд аав Наранбадрах, ээж Алтанцэцэг, Баярсайхан ах нар тэр машиныг урдаас нь данхараадаж байгаад Одбаярыг татаж аваад тэгээд шууд Өндөрширээт сумын төв рүү эмнэлэг рүү авч явсан манай дүү Одбаяр амьсгалаад ам нь ангалзаад байсан юм ярихгүй байсан юм тэгээд аав дүү Одбаярыг аваад явсан ээж бид нар байж байхад цагдаа эмнэлэг ирээд Догсом гэж эгчид эмчилгээ хийгээд байсан цагдаа нар манай гэрийг мөргөсөн машинаас жолоочийг нь гаргаж ирэхэд манай нутгийн Рэгзэндорж гэж би зүс таних төдий ах байсан өөр хүн байгаагүй юм..." /хх-ийн 66 дугаар хуудас/,

2.9. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 55 дугаартай дүгнэлтэд:

“...1-2. Талийгаач Ч.Хишигмөнхийн биед гавлын суурь ясны хугарал, их тархины баруун талд бөмбөлөг, бага тархины зүүн талд бөмбөлөг, уртавтар тархины цус харвалт /САК/, цээжний хөндийн цус алдалт, баруун талын уушигны няцрал, элэг задрал, баруун бөөрний дээд булчирхайн няцрал, цус хуралт, олон хавирганы хугарал, өвчүү ясны хугарал, дагзанд шарх, баруун хөмсөгт, баруун хацарт, баруун шуунд, зүүн шилбэнд зулгаралт, цээжний баруун, зүүн талд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх хэрэг учрал болсон гэх 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр үүссэн шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтлүүдийн гавлын суурь ясны хугарал, тархинд цус харвалт, цээжний хөндийн битүү гэмтэл нь үхэлд нөлөөлсөн болно. Биеийн гадна үүссэн олон тооны шарх зулгаралт, цус хуралт нь үхэлд нөлөөлөх гэмтэл биш болно.

4. Талийгаач нь 2 дугаар бүлгийн цустай байжээ.

2. Талийгаач Ч.Хишигмөнх нь хавсарсан хүнд гэмтэл гавал яны хугарал, тархин дахь цус харвалт, цуужний хөндийн цус алдалтын улмаас гэмтлийн шокд орж нас баржээ...” /хх-ийн 95-96 дугаар хуудас/,

2.10.    Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 54 дугаартай дүгнэлтэд:

“...1-2. Талийгаач Н.Одбаярын биед элэгний язрал задрал урагдал, хэвлийн хөндийн цус алдалт, сэмж, нарийн бүдүүн гэдэсний салстад цус хуралт, нойр булчирхайд цус хуралт. Уушигны няцрал цус хуралт, баруун 8, 9 дүгээр хавирганы хугарал, зүүн бугалганы хугарал, баруун шуунд эдийн дутагдал бүхий шарх, дух, хүзүү, зүүн бугалга, цээж, нуруу, хэвлий, баруун өгзөг, баруун гуянд зулгаралт, духын голд, хамар баруун хацар, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл  хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх хэрэг болсон гэх 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр үүссэн шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтлүүдийн элэгний язрал, задрал урагдал, хэвлийн хөндийн цус алдалт нь үхэлд шууд хүргэх гэмтэл, хавирганы хугарал, зүүн бугалганы хугарал, шарх олон тооны шарх зулгаралт, цус хуралт үхэлд хүргэх гэмтэл биш болно.

4. Талийгаач нь 3 дугаар бүлгийн цустай байжээ.

5. Талийгаач Н.Одбаяр нь хавсарсан хүнд гэмтэл, элэг задрал, хэвлийн хөндийн цус алдалтын улмаас нас баржээ...” \хх-ийн 100-101 дүгээр хуудас/,

2.11. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 171 дугаартай дүгнэлтэд:

“...1. Н.Одбилэгийн биед зүүн чамархайн шарх, зүүн чих, зүүн чихний омогт, эрүүнд баруун сарвуунд, нуруунд зулгаралт, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-ээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. ...эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй...” /Хх-ийн 104- 105 дугаар хуудас/,

2.12. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 202 дугаартай дүгнэлтэд:

“...1. П.Догсомын биед олон тооны цусархаг няцрал, ховдлын доторх цусан хураа, хүзүүний нугалам орчмын зөөдөн эдийн няцрал, духанд шарх гэмтэл тогтоогдлоо,

3. ...амь насанд аюултай тул  гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” /Хх-ийн 110-11 дүгээр хуудас/,

 

Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтууд

3.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

3.2. Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-7 дугаар хуудас/

3.3. Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 8 дугаар хуудас/,

3.4. Тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 10 дугаар хуудас/,

3.5. Амь хохирогч Н.Одбаярын хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр хуудас/,

3.6. Амь хохирогч Ч.Хишигмөнхийн хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12 дугаар хуудас/,

3.7. Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

3.8. Хэрэг учралын газрын зурган үзүүлэлтүүд /хх-ийн 15-31 дүгээр хуудас/,

3.9. Хохирогч С.Наранбадрахын нэхэмжлэлийн баримтад: 2,380,813 төгрөг нэхэмжилсэн байна. /Хх2-ийн 52-53 дугаар хуудас,

3.10. Хохирогч П.Догсомын нэхэмжлэлийн баримтад: 7,503,500 төгрөг нэхэмжилсэн байна. /Хх2-ийн 55 дугаар хуудас/,

3.11. Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол: Тээврийн хэрэгслийг битүүмжилсэн. 1.600.000 төгрөгөөр үнэлсэн. /Хх2-ийн 59-62 дугаар хуудас/,

3.12. 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2653 дугаартай 99-17 УНЭ улсын дугаартай хар өнгийн Mazda Family маркийн тээврийн хэрэгсэлийн Шинжээчийн дүгнэлт: /Хх-ийн 113-122 дугаар хуудас/,

3.13. 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “Арвижих-Эстимейт” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ: “Мотоцикль 300.000 төгрөгийн үнэтэй худалдаалагдах боломжтой болохыг тодорхойлов” /Хх-ий. 129-130 дугаар хуудас/,

3.14. Эд зүйлийн үнэлгээ “иргэн С.Наранбадрахын гэр эд зүйлийн үнэлгээ нийт  3,219,480 төгрөг” /Хх-ийн 132-133 дугаар хуудас/, \

3.15. амь хохирогч Н.Одбаярын төрсний гэрчилгээ, /Хх-ийн 172 дугаар хуудас/,

3.16. Хохирлын баримт /Хх-ийн 173-175, 188-250 дугаар хуудас, Хх2-ийн 1-15 дугаар хуудас,  /,

3.17. Жолоочийн согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл: тоолуурын заалт: 1,69 хувь, иргэний үнэмлэхний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгахуудас, хохирол төлсөн баримт, Хх-ийн 180-181, 182 дугаар хуудас,

3.18. 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн замын цагдаагийн албаны 227 дугаартай шинжээчийн дүгнэлт /Хх-ийн 27-29 дүгээр хуудас/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлалаа.  

 

Шүүгдэгч Б.Р нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа, согтуугаар, 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 13 цагийн орчимд Төв аймгийн Өндөрширээт сумын Хайрхан 2 дугаар багийн нутаг “Өндөр хүр” гэх газар “Мазда Памили” маркийн 99-17 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.1, 2.7 дахь хэсэгт заасныг тус тус зөрчиж иргэн С.Наранбадрахын 5 ханатай гэрийг дайрч, Н.Одбаяр, Ч.Хишигмөнх нарын амь нас хохирч, иргэн П.Догсомын бие махбодид хүнд гэмтэл, Н.Одбилэгийн биед хөнгөн гэмтэл тус тус учруулсан гэмт хэрэгт холбогдсон болох нь  

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Наранбадрах, Х.Баасанжаргал, хохирогч П.Догсом, насанд хүрээгүй хохирогч Н.Одбилэг, гэрч С.Баярсайхан, П.Алтанцэцэг, Ц.Өлзиймаа, насанд хүрээгүй гэрч Н.Оджаргал нарын мэдүүлгүүд, шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 55, 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 54, 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 171, 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 202, 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2653, Замын цагдаагийн албаны шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 227 дугаартай дүгнэлтүүд болон мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх шүүгдэгч Б.Рийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Рид ял шийтгэлийг оногдуулахдаа түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөнийг, амь хохирогч Н.Одбаярын оршуулгын зардал болон хууль ёсны төлөөлөгч С.Наранбадрахын эд хөрөнгийн хохиролд 13.000.000 төгрөг, үлдэх 714.606 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэнийг, амь хохирогч Ч.Хишигмөнхийн оршуулгын зардал болон хохирогч П.Догсомын эмчилгээний зардалд 11.839.870 төгрөг төлсөн, хохирогч П.Догсомын эмчилгээний зардлын үлдэх 327.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэнийг, түүний хувийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлэх боломжтой бөгөөд түүнд шүүхээс оногдуулсан хорих ялыг хуульд заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

 

 Түүнчлэн хууль ёсны төлөөлөгч С.Наранбадрах нь уг гэмт хэргийн улмаас хөнгөн хохирол учирсан бага насны хохирогч Н.Одбилэгийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон ба дээрх бага насны хохирогч Н.Одбилэгийн эмчилгээний зардалтай холбоотой хохирол нэхэмжлээгүй бөгөөд цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтыг шүүхэд мөн гаргаж өгөөгүй болно.

 

Харин шүүх ...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна... гэсний дагуу тухайн зүйл, хэсэгт ...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж... гэж зохицуулагдсан учраас шүүгдэгч Б.Рийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах нь хуульд нийцэж байх бөгөөд нэмж оногдуулсан эрх хасах ялыг үндсэн ялыг буюу хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолохыг дурдах зүйтэй болно.

 

Шүүгдэгч Б.Р цагдан хоригдсон хоноггүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, түүний гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан “Мазда Памили” маркийн 99-17 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хэвээр үлдээж, хохирлыг төлүүлэх зорилгоор худалдан борлуулахаар зохих байгууллагад, хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн 01179574 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг хадгалуулахаар зохих байгууллагад тус тус шилжүүлэхийг,

Шүүгдэгч Б.Роос нийт 1.041.606 /нэг сая дөчин нэгэн мянга зургаан зуун зургаа/ төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч НР77070579 дугаарын регистртэй, Шарнууд овгийн Санжидын Наранбадрахад 714.606 /зургаан зуун зургаа/ төгрөгийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч НР99031201 дугаарын регистртэй, Алаг овгийн Хишигмөнхийн Баасанжаргалд 327.000 /гурван зуун хорин долоон мянга/ төгрөгийг тус тус олгохыг,

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Шарнууд овгийн Санжидын Наранбадрах, Алаг овгийн Хишигмөнхийн Баасанжаргал нар нь тус бүр сэтгэл санааны хохирол 50.000.000 /тавин сая/ төгрөг нэхэмжилдэг ба уг сэтгэл санааны хохиролтой холбоотой нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, дээрх сэтгэл санааны хохиролтой холбоотой баримтаа, хохирогч Тахилт овгийн Пагвааннайдангийн Догсом нь цаашид гарах эмчилгээтэй холбоотой баримтаа тус тус бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг,

Шүүгдэгч Б.Рид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2.,

36.6., 36.7., 36.8., 36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2.1 дэх хэсэгт

                 заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

                                              ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д овгийн Б.Рийг согтуугаар, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Д овгийн Б.Рийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 /долоо/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д овгийн Б.Рид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д овгийн Б.Рид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 /долоо/ жилийн хугацаагаар хассан эрх хасах ялыг шүүхээс оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялаа эдэлж дууссан үеэс хугацааг тоолсугай.

 

5. Шүүгдэгч Д овгийн Б.Р цагдан хоригдсон хоноггүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан мөрдөгчийн 20.. оны ... дугаар сарын ...-ны өдөр шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан “Мазда Памили” маркийн 99-17 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, хохирлыг төлүүлэх зорилгоор худалдан борлуулахаар зохих байгууллагад,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн 01179574 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг хадгалуулахаар зохих байгууллагад тус тус шилжүүлсүгэй.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д овгийн Б.Роос 1.041.606 /нэг сая дөчин нэгэн мянга зургаан зуун зургаа/ төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч НР77070579 дугаарын регистртэй, Шарнууд овгийн Санжидын Наранбадрахад 714.606 /зургаан зуун зургаа/ төгрөгийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч НР99031201 дугаарын регистртэй, Алаг овгийн Хишигмөнхийн Баасанжаргалд 327.000 /гурван зуун хорин долоон мянга/ төгрөгийг тус тус олгосугай.

 

8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Шарнууд овгийн Санжидын Наранбадрах, Алаг овгийн Хишигмөнхийн Баасанжаргал нар нь тус бүр сэтгэл санааны хохирол 50.000.000 /тавин сая/ төгрөг нэхэмжилдэг ба уг сэтгэл санааны хохиролтой холбоотой нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, дээрх сэтгэл санааны хохиролтой холбоотой баримтаа, хохирогч Тахилт овгийн Пагвааннайдангийн Догсом нь цаашид гарах эмчилгээтэй холбоотой баримтаа тус тус бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

 

9. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д овгийн Б.Рид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

12. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д овгийн Б.Рид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ц.ОТГОНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД                                                     Ю.ЭНХМАА

 

Ш.ГАНДАНСҮРЭН