Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2019/ДШМ/08

 

2019 оны 01 сарын 23 өдөр                        

  2019/ДШМ/08                                                              Зуунмод

Б.Р-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Энхболд,

Нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Ю.Энхмаа, шүүгч Ш.Гандансүрэн нарын бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэсэн, 2018 оны 09 сарын 20-ны өдрийн 250 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч Б.Р-д холбогдох 201719000198 дугаартай 3 хавтас бүхий эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 01 сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б.Р , Архангай аймгийн Цэцэрлэг суманд 1962 оны 05 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тракторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Төв аймаг ... оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар: Н...73,

 

 Шүүгдэгч Б.Р нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 13 цагийн орчимд Төв аймгийн Өндөрширээт сумын төвөөс 99-17 УНЭ улсын дугаартай “Мазда Памили” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон тус сумын Хайрхан 2 дугаар багийн нутагт “Өндөр хүр” гэх газар орших Өндөрширээт сумаас Эрдэнэсант сум чиглэлийн 5 эгнээтэй, шонгийн мод дагасан шороон замаар замын хөдөлгөөнд оролцож яваад, Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.1, 2.7 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөний улмаас замаас гарч иргэн С.Наранбадрахын 5 ханатай гэрийг дайрч, улмаар 5 настай Н.Одбаяр, 44 настай Ч.Хишигмөнх нарын амь насыг хохироож, иргэн П.Догсомын биед хүнд гэмтэл, 5 настай Н.Одбилэгийн биед хөнгөн гэмтэл тус тус учруулан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ.

 

Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Р-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 сарын 20-ны өдрийн 250  дугаар шийтгэх тогтоолоор: 

   Шүүгдэгч Б.Р ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохирч, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч Б.Р ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Р ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Р ийн 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 43 хоног, мөн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 272 /хоёр зуун далан хоёр/ хоног, нийт цагдан хоригдсон 315 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Р ид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 жилийн хугацаагаар хассан эрх хасах ялыг шүүхээс оногдуулсан 6 жилийн хорих ялаа эдэлж дууссан үеэс эхлэн хугацааг тоолж,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг дурдаж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан мөрдөгчийн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан “Мазда Памили” маркийн 99-17 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, хохирлыг төлүүлэх зорилгоор худалдан борлуулахаар зохих байгууллагад,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн 01179574 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг хадгалуулахаар зохих байгууллагад тус тус шилжүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Р оос нийт 974.944 /есөн зуун далан дөрвөн мянга есөн зуун дөчин дөрөв/ төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч НР77070579 дугаарын регистртэй, Шарнууд овгийн Санжидын Наранбадрахад 450.744 /дөрвөн зуун тавин мянга долоон зуун дөчин дөрөв/ төгрөгийг, хохирогч НР81012682 дугаарын регистртэй, Тахилт овгийн Пагвааннайдангийн Догсомд 524.200 /таван зуун хорин дөрвөн мянга хоёр зуу/ төгрөгийг тус тус олгож,

 Хохирогч НР81012682 дугаарын регистртэй, Тахилт овгийн Пагвааннайдангийн Догсом нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

 Прокурор эсэргүүцэлдээ: “ Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Р-д холбогдох хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд "Б.Р-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохирч, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч нь талийгаач Н.Одбаярын оршуулгын зардалд 3.000.000 төгрөг, хохирогч Наранбадрахын эд хөрөнгийн хохиролд 10.000.000 төгрөг, талийгаач Хишигмөнхийн оршуулгын зардалд 3.000.000 төгрөг, хохирогч Догсомын эмчилгээний зардалд 10.739.870 төгрөг төлж барагдуулсан болохыг дурьдаж, хохирогч Догсомд 524.000 төгрөг, Наранбадрарахд 450.400 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах. Б.Р-н цагдан хоригдсон 10 cap, 12 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, хэрэгт эд мөрийн баримтаар хурааж авсан эд зүйлгүй, шүүгдэгч Б.Р-н гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан 99-17 УНЭ улсын дугаартай Мазда Памили маркийн тээрийн хэрэгслийг битүүмжилсэн шийдвэрийг хэвээр үлдээж тээврийн хэрэгслийг, №01179574 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт зохих байгууллагад шилжүүлж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хуулийн шаардлагыг хангаагүй байна. Тухайлбал: шүүгдэгчийг согтуугаар тухай гэмт хэргийг үйлдсэн гэж гэм буруутайд тооцсон атлаа тогтоолын 1 дэх заалтад "согтуугаар " гэмт хэргийг үйлдсэн шинжийг бичээгүй орхигдуулсан байна. Иймд анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 250 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 хэсгүүдэд зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив.” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Энхболд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “согтуугаар” гэсэн гэмт хэргийн шинжийг бичээгүй орхигдуулсан байна. Шийтгэх тогтоолыг өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Б.Р-д холбогдох хэргийг шийдвэрлэхдээ прокурорын гаргасан эсэргүүцлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Шүүгдэгч Б.Р нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа, согтуугаар, 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 13 цагийн орчимд Төв аймгийн Өндөрширээт сумын Хайрхан 2 дугаар багийн нутаг “Өндөр хүр” гэх газар “Мазда Памили” маркийн 99-17 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.1, 2.7 дахь хэсэгт заасныг тус тус зөрчиж иргэн С.Наранбадрахын 5 ханатай гэрийг дайрч, Н.Одбаяр, Ч.Хишигмөнх нарын амь нас хохирсон, иргэн П.Догсомын бие махбодид хүнд гэмтэл, Н.Одбилэгийн биед хөнгөн гэмтэл тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Наранбадрах, Х.Баасанжаргал, хохирогч П.Догсом, насанд хүрээгүй хохирогч Н.Одбилэг, гэрч С.Баярсайхан, П.Алтанцэцэг, Ц.Өлзиймаа, насанд хүрээгүй гэрч Н.Оджаргал нарын мэдүүлгүүд, шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 55, 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 54, 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 171, 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 202, 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2653, Замын цагдаагийн албаны шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 227 дугаартай дүгнэлтүүд болон хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Б.Р-д холбогдох хэргийг мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, мөн анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Б.Р-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 жилийн хугацаагаар хасч, 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Р-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

 

Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэсэн зарчимд нийцсэн байна.

Прокурорын гаргасан “...шүүгдэгчийг согтуугаар тухай гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон атлаа тогтоолын 1 дэх заалтад "согтуугаар " гэмт хэргийг үйлдсэн шинжийг бичээгүй орхигдуулсан байна.” гэсэн эсэргүүцэл нь үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо тогтоох хэсгийн 1 дүгээр заалтанд “1. Шүүгдэгч Б.Р ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохирч, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан “согтуурсан үедээ үйлдсэн” гэсэн хүндрүүлэх шинжийг гэм буруутайд тооцолгүй ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ 1. Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчимтай тохирохгүй байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “1. Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж хуульчилсан байхад анхан шатны шүүх “нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон” зэрэг нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөл байдал гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Р нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол болох амь хохирогч Н.Одбаярын оршуулгын зардал болон хууль ёсны төлөөлөгч С.Наранбадрахын эд хөрөнгийн хохиролд 13.714.606 төгрөгийг, амь хохирогч Ч.Хишигмөнхийн оршуулгын зардал болон хохирогч П.Догсомын эмчилгээний зардалд нийт 13.400.000 төгрөгийг тус тус төлж, мөн шүүх хуралдаан дээр шинээр гаргаж өгсөн нотлох баримтын дагуу хууль ёсны төлөөлөгч С.Наранбадрахад 450.744 төгрөгийг, хохирогч П.Догсомын 524.200 төгрөгийг тус тус нөхөн төлөхөө илэрхийлжээ. Анхан шатны шүүх шүүгдэгчийн унаж явсан “Мазда Памили” маркийн 99-17 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар худалдан борлуулахаар зохих байгууллагад шилжүүлж шийдвэрлэжээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас” үйлдэгддэг. Гэтэл шүүх дээрх тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник мэт ойлгогдохоор дүгнэлт хийн, худалдан борлуулахаар зохих байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь буруу байна.  Тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хэвээр байхад хохирлыг төлүүлэх зорилгоор тээврийн хэрэгслийг худалдан борлуулахаар зохих байгууллагад шилжүүлсэн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй гэж дүгнэсэн мөртлөө хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн 01179574 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг хадгалуулахаар зохих байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг шаардлагыг хангаагүй байна.

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.” гэж хуульчилсан байхад анхан шатны шүүх Р.Төмөрхуягийн эзэмшлийн автомашиныг хохирлыг төлүүлэх зорилгоор худалдан борлуулахаар зохих байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 1 дүгээр заалтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 –т заасан “согтуурсан үедээ үйлдсэн” гэсэн гэмт хэргийн шинжийг нэмж, “нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол” гэснийг хасч, 7 дугаар заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан “Мазда Памили” маркийн 99-17 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хэвээр үлдээж, хохирлыг төлүүлэх зорилгоор худалдан борлуулахаар зохих байгууллагад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн 01179574 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг хадгалуулахаар зохих байгууллагад тус тус шилжүүлсүгэй” гэснийг “Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан “Мазда Памили” маркийн 99-17 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, “Мазда Памили” маркийн 99-17 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 01179574 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт эзэмшигч Рэгзэндоржийн Төмөрхуягт буцаан олгосугай.” гэж өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 сарын 20-ны өдрийн 250 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “1. Шүүгдэгч Б.Р ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохирч, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг “1. Шүүгдэгч Б.Р ийг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохирч, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

7 дугаар заалтыг “ 7. Шүүгдэгч Б.Р-н гэмт хэрэг үйлдэх үедээ унаж явсан “Мазда Памили” маркийн 99-17 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, “Мазда Памили” маркийн 99-17 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 01179574 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт эзэмшигч Рэгзэндоржийн Төмөрхуягт буцаан олгосугай.” гэж тус тус өөрчилсүгэй.  

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Прокурорын гаргасан эсэргүүцлийг хүлээн авч, хангаж шийдвэрлэсэн болохыг дурдсугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Г.БОЛОРМАА

 

                   ШҮҮГЧИД                                                                       Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

                                                                                                           Р.МӨНХ-ЭРДЭНЭ