Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 1207

 

 

              

 

 

Д.Бад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Л.Галав,

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Г.Энхболд,  

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/1308 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Бын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2006018991161 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 10 дугаар сарын 4-ний өдрөөс 12 дугаар сарын 23-ны хооронд Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Эыг Австрали Улс руу сургуульд явуулж өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж 15,650,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: 

Д.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:    

Д.Быг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдын төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Д.Бад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгйү, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баас /РД:ЧЕ82111662, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 26 дугаар гудамжны 18 тоотод оршин суух бүртгэлтэй/ 12.150.000 төгрөгийн хохирол гаргуулж, хохирогч Бүргэд овогт Барсын Энхцацралд /Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлэгийн 9-412 тоотод оршин суух бүртгэлтэй, РД:ЖЯ90081362/ олгож, шүүхийн шийтгэх тогтоолыг уншиж танилцуулснаар хүчинтэй болох ба шүүгдэгч Д.Бад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, тэдгээрт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч Д.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хохирол мөнгөө төлж барагдуулж, гомдол саналгүйгээр шүүх хуралд оролцохдоо өмгөөлөгч авалгүйгээр оролцсон юм аа. Гэтэл тухайн шүүх хуралд миний урьд өмнө эдэлж дуусгасан ялыг минь дурдаж, энэ хэрэгт хамруулж ялласанд гомдолтой байна. Би хувиараа ажил хийж ажиллаж байсан. Одоо би 4 хүүхэдтэйгээ элэг бүтэн, эрх чөлөөтэй сайхан амьдрах хүсэлтэй байгаа учир одоогийн энэ 2 жил 8 сарын ялыг минь хөнгөлж өгнө үү...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхболд тус шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Д.Бын давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Шүүгдэгч Д.Б нь 5-18 насны 4 хүүхэдтэй. Эдгээр хүүхдүүдийн асран хамгаалагчаар 71 настай эмээ, өвөөг нь тогтоосон. Шүүгдэгч Д.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө төлөхөөр болсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь торгох болон хорих санкцтай. Тэр дундаа 3 хүртэл жилээр хорих ялтай. Гэтэл Д.Бад 2 жил 8 сар хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ нь хөнгөн гэмт хэрэгт хамаарна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй гэж заасан байхад өмнөх ял шийтгэлийг нь хамаатуулж эрх зүйн байдлыг нь дордуулж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд ар гэрийнх нь болон үйлдэгдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.  

Прокурор Л.Галав тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.Бад холбогдох хэргийг анхан шатны шүүх ердийн журмаар шийдвэрлэсэн. Шүүгдэгч давж заалдах гомдолдоо хохирол төлбөрөө төлсөн, гомдолгүй, өмгөөлөгчгүй өөрийн биеэр оролцсон гэх мэтчилэн хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн мэтээр бичсэн байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж ял оногдуулсан. Мөн шүүгдэгч өмнө нь 2 удаа ял шийтгүүлж байсан. Хохирол Энхцацралд хохирол болох 12.150.000 төгрөгийг төлж барагдуулаагүй. Иймд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Д.Бад холбогдох эрүүгийн 2006018991161 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.     

Д.Б нь 2019 оны 10 дугаар сарын 4-ний өдрөөс 12 дугаар сарын 23-ны хооронд Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Энхцацралыг “...Австрали Улс руу сургуульд явуулж өгнө...” гэж 12,150,000 төгрөгийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан авсан болох нь:

хохирогч Б.Энхцацралын “...Бадюут нь манай ах гадаад хэргийн яаманд ажилладаг, танил ихтэй хүн байдаг Австрали Улсын Сидней хот руу сургуульд явуулаад өгье, харин тодорхой хэмжээний мөнгө хэрэг болно, шаардлагатай үед хэлэнгүүт шууд мөнгөө шилжүүлж байгаарай гэж хэлэхээр би зөвшөөрөөд бид хоёр тохиролцсон. ...Нийт 12.150.000 төгрөг болж байна. Дансаар өгсөн 9.650.000 төгрөг дээр бэлнээр өгсөн 2.500.000 төгрөг нэмээд нийт 12.150.000 төгрөг нэхэмжилж байна...” /хх 16-20/,

гэрч М.Сүрэнжавын “...Д.Б нь хорих 407 дугаар ангид намайг ажилд орсны дараа залилангийн хэргээр орж ирж байсан. Тэгээд 2019 оны 9 дүгээр сард Д.Б нь суллагдсаныхаа дараа надтай утсаар холбоо барьж ар гэр амьдралыг чинь үзэж хараад өгье гэж хэлээд бид хоёр Бадюутын Нисэхэд байдаг гэрт нь очиж уулзсан. Бид 2 уулзаад гэрт нь ороод аман хуураар ар гэрийн амьдрал үздэг гэж хэлээд миний амьдралыг үзэхээр нь би ажлаа солих санаатай байгаа гэж хэлэхэд би ажлыг чинь солиод өгье хүн амьтантай яриад өгье гэж хэлж байсан. Тэрнээс хойш манай гэрт нэг удаа ирж манай аав ээжийг үзэж өгч байсан...” /хх 26-28/,

 гэрч Д.Эрдэнэтуяагийн “...Бадюутыг засал хийдэг, үзэж хардаг гэж хэлж байсан. Манай нагац дүү Б.Энхцацрал гадагшаа гарах гээд.Д.Баар ажлаа бүтээлгэж байгаа гэж хэлж байсан...” /хх 34/,

гэрч Д.Ялалтын “...Миний төрсөн дүү Д.Б би хүнээс мөнгө авах гэсэн юм та дансны дугаараа өгч бай гэхээр нь би хаан банкны өөрийн эзэмшлийн 5034738656 дугаарын дансыг хэлж өгсөн. Миний дансанд мөнгө орсон үед миний утсанд мэдээлэл ирдэг 100.000, 200.000, 1.000.000 төгрөг миний дансанд ороод манай дүү картаа уншуулж авсан. Би ямар учиртай мөнгө миний данс руу ороод байгаа талаар асуухад би таньдаг хүнээс мөнгө авсан гэж хэлсэн, өөр зүйл хэлээгүй...” /хх 36-37/,

Д.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...Би ганц Энхцацралаас мөнгө аваагүй. Б.Энхцацралаас би дансаар 9.650.000 төгрөг өгсөн, бэлнээр 2.500.000 төгрөг өнийт 12.150.000 төгрөг авсан. Б.Энхцацралаас 12.150.000 авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би Энхцацралаас Австрали улс руу сургуульд явуулж өгнө гэж худал хэлээд мөнгө авсан, бусад хүмүүс мөнгөө надад бариа засал хийлгээд өөрсдөө сайн дураараа өгсөн...” /хх 46-47/ гэх мэдүүлгүүд, 

хохирогч Б.Энхцацралаас Д.Б руу мөнгө шилжүүлсэнийг нотолж буй “Хаан банк”-ны дансны хуулга /хх 5-10/, /13-15/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

 Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч Д.Бын”...Австрали Улс руу сургуульд явуулж өгнө...” гэж хуурч, зохиомол байдлыг бий болгон иргэн Б.Энхцацралыг залилж, түүнээс 12,150,000 төгрөг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “...Залилах...” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өмчлөгчийн эд хөрөнгө залилсан...” гэсэн  шинжийг бүрэн агуулсан байх тул анхан шатны шүүхийн хэргийн талаар хийсэн дүгнэлтийг хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн Д.Бын үйлдсэн хэргийг зүйлчилж, ял оногдуулсан байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял”-уудаас Д.Бад хорих ялыг сонгож, 2 /хоёр/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн арга, нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, гэм бурууд тохирсон байна.

Түүнчлэн, Д.Бад оногдуулсан ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ. 

Иймд шүүгдэгч Д.Бын “...ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Б нь “...хохирол төлбөрийг төлж барагдуулсан...” гэх боловч хавтас хэрэгт хохирогч Б.Энхцацралд төлж барагдуулсан гэж баримт авагдаагүй байх тул түүнийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Прокуророос Д.Быг хохирогч Б.Энхцацралаас 15,650,000 төгрөгийг нь залилсан гэж яллах дүгнэлт үйлдсэн боловч хэрэгт авагдсан хохирогч С.Энхцацралын мэдүүлэг, Д.Бын яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг зэргээр 12,150,000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн 12,150,000 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэж, Д.Баас 12,150,000 төгрөгийг  гаргуулан хохирогч С.Энхцацралд олгохоор заасан нь зөв байна.    

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/1308 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

  2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДАРЬСҮРЭН

              ШҮҮГЧ                                                        Ц.ОЧ

              ШҮҮГЧ                                                        Д.ОЧМАНДАХ