Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2214

 

Н.Б-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2018/01722 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Н.Б-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Ат ү т” ТӨҮГ-т холбогдох

 

Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Б-,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Да хүрээ захын салбар дээрх Ат ү тийн нэг цэгийн үйлчилгээний цонхонд ажиллаж байсан. Өдөр 11 цагийн үед ачаалал маш их байдаг. Миний үйлчилдэг цонхонд “Г т” ХХК Гранд трансын 8 автомашины нэр шилжүүлэх материал өгсөн. Үүнийг хянаж үзээд “Г з т” ХХК гэж байсныг ажлаа алдаа гаргаж “Г т” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн байсан. Энэ талаар 2018 оны 04 дүгээр сарын 20-ны үед Зам тээврийн сайдад гомдол гаргаад, энэ асуудлаар дарга н.Дэлгэрнаран болон холбогдох дарга нарыг өрөөндөө дуудаад алдаа гаргасан та нар ажлаа өг гэж сайд бүх хүмүүст хэлсэн. Мэдэгдсэн нь 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байсан байх. Ингээд зохих компани руу яриад алдаагаа засах талаар арга хэмжээ авч, даруй алдаагаа засаад “Г з т” ХХК руу шилжүүлсэн. Маргаашаас нь өргөдлөө өгөөд, ажлаа хүлээлгэж өг гээд ажил хийлгээгүй. Ажил дээрээ очтол өөр мэргэжилтнийг тавьсан байсан. Тамгын газрын дарга н.Мөнгөн, мэргэжилтэн нар намайг өргөдлөө өг, чамд өлзийтэй, чамаас бусад нь ажилгүй болох гээд байна гэж утсаар дарамталсан. Тэрийгээ намайг 4 хоног ажил тасалсан гэж хэлж байгаа. Миний хувьд сахилгын ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй. Энэ алдаагаа тэр даруй зассан учир ямар нэгэн байгууллага, хувь хүнд хохирол учруулаагүй. Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.1-т ажилтан холбогдох хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, энэхүү журмаар тогтоосон хэм хэмжээг зөрчсөн бол тухайн зөрчлийн шинж чанар, хор уршиг, байгууллагад учруулсан хохирлын хэмжээ зэргийг харгалзан Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын шийтгэл оногдуулж болно гэдэг заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Өөр бусад сахилгын шийтгэл оногдуулж болох байтал шууд халсан нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа. Нэр шилжүүлсэн асуудал бол эргээд байрандаа орсон. Намайг үндэслэлгүй халсан болохыг тогтоож, ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Н.Б- Ат ү тийн бүртгэлийн хэлтэст улсын бүртгэгч, бүртгэлийн мэргэжилтнээр ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа 2017 оны 12 сард “Г з т” ХХК-ийн 8 тээврийн хэрэгслийг “Г т” ХХК буюу өөр эзэмшигч рүү шилжүүлсэн байсан. Автотээврийн тухай хуульд заасны дагуу бол тээврийн хэрэгслийн бүртгэл, шилжилт хөдөлгөөний асуудлыг Зам тээврийн сайдын баталсан журмын дагуу бүртгэл хийдэг. Энэ журмын 3 дугаар зүйлд зөвхөн өмчлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу бүртгэл хийнэ гэж заасан байдаг. Бүртгэгч нь тухайн ирж байгаа бичиг баримтыг нягтлан шалгаад үнэн зөв байгаа эсэхийг шалгаж бүртгэл хийх асуудлыг өөрөө шийддэг. “Гранд транс” ХХК болон “Г з т” ХХК 2-ыг андуурсан гэж өөрөө хэлдэг. Үүнд андуурах үндэслэл байхгүй. Анхны бүртгэл хийж байгаа үед бол 2 бичиг баримт байхад андуурах тохиолдол байх боловч, энэ асуудлын хувьд тээврийн хэрэгслийн бүртгэл цахимжсан. Үүн дээр ирж байгаа бүртгэлийг шууд цахим бүртгэл дээр бүртгэгдсэн тээврийн хэрэгсэлтэй тулгаж үздэг. Тулгаж байгаа үед бол Г з т, Г т хоёр бол ялгагдана. Тийм учир энэ бол энэ хүний хайхрамжгүй байдлаас биш зориуд хийсэн гэдгийг илэрхийлж байна. Ямар нэгэн байдлаар хохирол учруулаагүй гэж байна. Энэ тээврийн хэрэгслийн хувьд нэг машин нь бараг 100 000 000 төгрөгийн үнэ бүхий 8 тээврийн хэрэгсэл байсан. Ийм 8 тээврийн хэрэгсэл буюу хуулийн этгээдийн өмчлөлийг өөр хуулийн этгээдийн өмчлөлд шилжүүлсэн энэ асуудал хэрвээ Зам тээврийн сайдад гомдол гаргаж хэлэлцэгдээгүй бол өнөөдөр хүртэл мэдэгдэхгүй л явж байгаа. Бичиг баримт хуурамчаар хийсэн гэдэг асуудал яригдаж байгаа. Энэ нь ирж байгаа хүсэлтийг хүлээж аваад хийгээд, зориудаар цаанаа автотээврийн хэрэгслийн гэрчилгээг хуурамчаар үйлдэж гаргаж ирж байгаа юм. Тоо андуурсан гэхээс илүү бүртгэлийн мэргэжилтний үйлдэл нь бүхэл бүтэн тухайн тээврийн хэрэгслийн өмчлөлийн асуудлыг шийдэж байгаа учир нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

Зөрчил хэдий 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гарсан ч илэрсэн асуудал нь 2018 оны 04 дүгээр сарын 20-ны үед байсан. Тэр даруй Н.Б-ыг дуудаад өөрт нь хэлсэн. Гэтэл Н.Б- ямар нэгэн бичиг баримтгүйгээр буцаагаад нөгөө тээврийн хэрэгслийг “Г з т” ХХК руу шилжүүлчихдэг. Бүртгэлийн шилжилт хөдөлгөөнийг, бүртгэлийн журамд заасан зохицуулалтыг тэр чигээр нь зөрчөөд явчихдаг. Өөрийнхөө хүсэл зоригоор нэг компаниас нөгөө компани руу шилжүүлчихдэг. Ямар нэгэн байдлаар удирдлагын зүгээс бичиг аваад шилжүүлсэн зүйл байхгүй. Амаар яриад шилжүүлсэн гэдэг. Өөртэй нь уулзаад энэ бүх байдлыг тодруулах гэхээр ажилдаа ирэхгүй байдаг. 4 хоног тасалсан гэдэг асуудал яригдаж байгаа. Ажлаа хийхгүй байсан учир ажлыг нь хэвийн үргэлжлүүлэхийн тулд өөр хүн тухайн бүртгэл дээр суулгахаас өөр арга байгаагүй. Н.Б- өөрөө явж очоод ажлаа хийх боломж байсан. Өөр сахилгын шийтгэл оногдуулах байсан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа ч зөрчлийн хувьд бол хүнд зөрчил байсан. Өмчлөлийн асуудлыг шийдээд энэ 4 сарын хугацаанд эргээд бүртгэгчийн хувьд хянах ч юм уу ажиллагаа явагдаагүй байсан. Тэгэхээр энэ хүний үйлдэл нь өөрөө илүү үр дагавартай байгаа учир ажлаас халах шийтгэл ногдуулж, энэ хүний хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Б-ыг Ат ү т ТӨҮГ-ын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн мэргэжилтэнгийн албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 3 223 220 төгрөгийг хариуцагч Ат ү т ТӨҮГ-аас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Б-ы нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Ат ү т ТӨҮГ-т даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Ат ү т ТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 66 521 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2018/01722 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Учир нь Н.Б- нь тус үйлдвэрийн газрын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэст 2015 оны 07 дугаар сараас эхлэн бүртгэлийн мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн. Ажиллах хугацаандаа Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмыг мөрдлөг болгон ажиллаж байсан. Нэхэмжлэгч нь “Г з т” ХХК-ийн эзэмшлийн 8 тээврийн хэрэгслийг “Г т” ХХК-ийн эзэмшилд шилжүүлэхдээ үндсэн эзэмшигч биш илт өөр байгууллагын хүсэлтийг үндэслэн өөрт олгогдсон бүрэн эрхээ хэтрүүлэн Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам, хөдөлмөрийн гэрээ болон дотоод журмыг зөрчиж бүртгэл хийсэн нь хөдөлмөрийн харилцааг цуцлах үндэслэл болсон. Н.Б- нь шалтгаангүйгээр 4 хоног ажил тасалсан, ажил таслахад тус үйлдвэрийн газраас нөлөөлж дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй удаа дараа дээрх асуудалтай холбогдуулан тайлбар ирж өгөх талаар холбогдсон боловч утсаа тасалж ирээгүй. Ажилдаа очих ажлаа хийх бүрэн боломжтой байсан хэрнээ сураггүй алга болж ажил тасалсан. Ажлаа тасалсан талаар нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан боловч шүүх зөвхөн нотлогдохгүй байна гэж илт нэг талыг барьж хэрэг хянан шийдвэрлэсэн. Энэ нь нотлох баримтыг бодитоор үнэлэхгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийг буруу хэрэглэж байна. Тус үйлдвэрийн газар нь нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.4-т зааснаар ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж дүгнэсэн. Гэвч гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцсон бөгөөд хөдөлмөрийн гэрээний 4.3.5-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 3 хоног тасалсан”, 4.3.13-т “Байгууллагын нэр хүнд, эрх ашигт харшлах алдаа гаргасан”, 4.3.22-т “Тээврийн хэрэгслийн бүртгэлийн дүрэм, журмыг зөрчиж бүртгэл хийсэн” гэж тусгасан.

Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 3 хоног ажил тасалсан зөрчлөө шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрч мэдэгдсэн. /Тус үйлдвэрийн газрын ажилчид цаг бүртгэлийн төхөөрөмжөөр бүртгүүлдэг зөвхөн үзлэг хийснээр мэдэх боломжтой/

Байгууллагын нэрийн өмнөөс төлөөлөн үйл ажиллагаа үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд илтэд өөр байгууллагын нэр дээрх бичгийг өөр байгууллагын хүсэлтээр шилжүүлсэн энэ үйлдэл дээд газраар дамжин илэрсэн бөгөөд үүнээс үүдэн үйлдвэрийн газрын бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг шууд буй болгосон үйлдэл болсон.

Тээврийн хэрэгслийн бүртгэлийн дүрэм, журмыг зөрчиж бүртгэл хийсэн зөрчил нь шилжүүлгийг албан ёсны бичиг баримтаар шилжүүлэх байтал хураамч бичиг баримтаар буюу илтэд өөр байгууллагын нэр дээр байх тээврийн хэрэгслийг өөр бичиг баримтаар шилжүүлснээр илэрч байгаагаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь өөрийн гаргасан буруутай үйлдлээ нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр удаа дараа албан ёсоор хүлээн зөвшөөрч байгаа талаар дурдсан. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч Н.Б- хариуцагч “Ат ү т” ТӨҮГ-т холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Н.Б- нь хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж маргажээ.

 

Ажил олгогчийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/172 тоот тушаалаар Монгол Улсын төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, 20.1.10, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 55 дугаар тогтоолоор батлагдсан Ат ү т төрийн өмчит үйлдвэрийн газрын дүрмийн 6.10.7, 6.12, Үйлдвэрийн газрын Хөдөлмөрийн дотоод журмын 3.18, 3.18.1, 3.18.5, 3.18.8, 3.19.2, 11.6.2, 11.6.4, 11.6.6, 11.6.9, 11.6.21, 11.6.22, Хөдөлмөрийн гэрээний 4.3.1, 4.3.5, 4.3.13, 4.3.18, 4.3.22 дахь заалтуудыг тус тус үндэслэн Н.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэний үүрэгт ажлаас чөлөөлсөн байна. /хэргийн 5 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Тээврийн хэрэгслийн бүртгэл шилжилтийг хийхдээ албан бланк дээрх компанийн нэрийг анзааралгүй бичилт хийсэн өөрийн алдааг ухамсарлан ойлгож, гаргасан алдаагаа зассан бөгөөд миний анзааргагүй байдлаас болж хийгдсэн тухайн бүртгэлээс шалтгаалан тухайн байгууллагуудад болон улсад ямар нэг хохирол учраагүй, ажлаас шууд чөлөөлсөн нь үндэслэлгүй” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмыг зөрчиж тээврийн хэрэгсэл шилжүүлсэн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 4 өдрийн ажил тасалсан нь хөдөлмөрийн гэрээг цуцлах сахилгын ноцтой зөрчилд тооцогдоно” гэж тус тус тайлбарлажээ.

 

Хэрэгт цугларсан баримт болон талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Н.Б- нь “Г з т” ХХК-ийн эзэмшлийн 8 тээврийн хэрэгслийг “Г т” ХХК-ийн эзэмшилд шилжүүлэхдээ үндсэн эзэмшигч биш, өөр байгууллагын хүсэлтийг үндэслэн бүртгэл хийсэн үйл баримт тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаагүй байна. Энэхүү үйлдэл нь Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмын 3.3.1, 3.3.2, 3.3.3, дотоод журмын 11.6.19, 11.6.21, 11.6.22-т заасныг зөрчсөн байна.

 

Хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчтэй байгуулсан 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн хөдөлмөрийн гэрээгээр талууд ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцох талаар тохиролцсон байх ба уг гэрээний 4.3.22-т “Тээврийн хэрэгслийн бүртгэлийн дүрэм, журмыг зөрчиж бүртгэл хийсэн” тохиолдлыг ноцтой зөрчилд тооцохоор заасан байна. /хэргийн 126 дугаар тал/ Мөн Ат ү тийн хөдөлмөрийн дотоод журмын 11.6.19-д “Холбогдох хууль тогтоомж, журамд заасан бүрдүүлбэр дутуу материал хүлээн авч улсын бүртгэл хөтлөх болон илт хуурамч нотлох баримтаар бүртгэх”, 11.6.21-т “Тээврийн хэрэгслийн бүртгэлийн архивын болон цахим сан, нотлох баримтаас илт зөрүүтэй бүртгэл хийх”, 11.6.22-т “Тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд хууль бусаар засвар, өөрчлөлт, нэмэлт хийх, мэдээллийг хасах, устгах, хууль бус мэдээлэл шивж оруулах, мэдээллийн санд өөрт олгогдсон эрхээс бусад эрхээр хандах, бүртгэлийн мэдээллийн нэгдсэн санд ажиллах журмыг ноцтойгоор зөрчсөн” бол сахилгын шийтгэл ногдуулахаар тусгажээ. /хэргийн 71-72 дугаар тал/

 

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан зөрчилд иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонихрол зөрчигдөж, ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагавар үүсээгүй, гаргасан зөрчлөө өөрөө арилгасан зэргээс үзэхэд ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлгүй гэж дүгнэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Учир нь тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмыг зөрчиж бүртгэл хийснийг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцох, ажлаас халах үндэслэл болох талаар хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан байна.

 

Иймд нэхэмжлэгч Н.Б-ы хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэний ажлаас чөлөөлсөн хариуцагч “Ат ү т” ТӨҮГ-ын захирлын 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/172 тоот тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т нийцсэн байна. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн  167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2018/01722 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч Н.Б-ы нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                    ШҮҮГЧИД                             Д.БАЙГАЛМАА

 

                                                  С.ЭНХТӨР