Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 1247

 

 

 

Б.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Н.Пүрэвтогтох,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч У.Батцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/510 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Бын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 1910013980058 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

/;

 

Б.Б нь Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 13 дугаар гудамжинд 2019 оны 6 дугаар сарын 2-ны өдөр иргэн М.Ог “манай гудамжинд байнга архи уулаа, миний машинаас хол бай” гэж нүүр лүү нь гараараа цохиж, түлхэж унагаан биед нь дух, баруун нүдний алим, зовхи, зүүн хацар, зүүн бугалга, баруун, зүүн тохой, зүүн шуу, нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэнд цус зулгаралт, хүзүүний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас:

Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Б.Б-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-ыг 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, шүүгдэгч Б.Бт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага”-д даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Бт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хоих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баас 241.000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Од олгож, хохирогч М.О нь энэ хэргийн улмаас учирсан хор уршгаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлаж, Б.Бт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.   

 

Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2019 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 12-13 цагийн үед өөрийн амьдардаг Яармагийн Нүхтийн 13-210 тоот хашааны гадаа иргэн Оюунмаатай маргалдан хууль, эрх зүйн зөрчил гаргасан. Учир нь би өөрийн амьдардаг байшингийн 2 давхрын цонхоор өөрийн эзэмшлийн УБС 92-58 дугаартай “NOTE” маркийн машины урд талын хамар дээр нь хохирогч Оюунмааг, гэрч болоод байгаа Болдбаатар баруун гартаа шар эрээн цамцаа ороочихсон Оюунмааг нүүр нүдгүй зодож байсан. Би тэр эмийг хараад очиж машинаа хамгаалах зорилгоор очсон боловч хоёулаа хоорондоо зодолдоод Оюунмаа нь надтай маргалдан согтуугаар агсам тавьж хэрүүл үүсгэж, хэл амаар доромжилж миний эрх чөлөөнд халдаж сэтгэл санааны хямралд орсон.

2020 оны 5 дугаар сарын 21-нд анхан шатны шүүх хурлаас намайг цагаатгаж, Оюунмаагийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь шударга ёсонд нийцсэн гэж үзэж байна. Прокурор Пүрэвтогтох эсэргүүцсэнээр дахин шүүх хурлаар надад Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар яллах дүгнэлт гаргасан нь хуульд нийцээгүй. Учир нь энэхүү хэрэгт гэрчээр орж буй Оюунмаа нь Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн гаргасан дүгнэлтийг гэрч болоод байгаа Болдбаатар үүсгэсэн байх магадлалтай гэж үзэж байгаа учир иргэн Болдбаатарыг гэрч бус хэрэгтнээр тооцон хэрэг үүсгэсэн тул шалгахыг хүсэж байна. Мөн гэрч Буянжаргал, Мэндбаяр, Оюунмаа нар нь хамт архи уудаг. Миний өгсөн мэдүүлгийг мушгиж гуйвуулан хэрэгт материал бүрдүүлж, энэхүү хэргийг зохих мөрдөн байцаалтанд буцаахыг хүсэж байна. Намайг санаатайгаар гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа учир энэ хэргийг үнэн зөв, шударгаар шийдвэрлэж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч У.Батцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Бын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Нэмэлт тайлбаргүй...” гэв.

 

Прокурор Н.Пүрэвтогтох тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Б нь хохирогчийг зодоогүй, гэмтэл учруулаагүй гэж мэдүүлдэг боловч энэ нь бусад нотлох баримтуудаар тогтоогддоггүй. Хавтас хэрэгт авагдсан хохирогч М.Оюумаагийн “Б.Б толгой руу гараараа 2-3 удаа цохиж унагасан” гэх мэдүүлэг, гэрч Мэндбаярын “Бадамаа гэдэг эмэгтэй Оюумаагийн толгой руу гараараа 2-3 удаа цохиж газар унагасан” гэх мэдүүлэг, гэрч Болдбаатарын “Б.Б нь М.Оюумаатай маргалдаад Оюумааг цохиж унагасан” гэх мэдүүлэг, мөн Б.Бын шүүх хуралдаанд “би тэр хүнийг гар руу нь цохиод түлхэж унагасан нь үнэн” гэх мэдүүлэг зэргээр хохирогч М.Оюумаагийн биед Б.Б нь гэмтэл учруулсан болох нь тогтоогдож байна. Би Болдбаатарт зодуулж байсан гэж Б.Б яриад байдаг боловч энэ нь хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогддоггүй. Б.Б нь гэрээс гарахдаа дүү Отгонсүрэнтэй хамт байж байгаад гарсан байсан. Дүү Отгонсүрэнгээс гэрчээр мэдүүлэг авахад “манай дүү машины хажууд 2 хүн маргаад байна байх шиг байна гэж хэлээд гарсан” гэж мэдүүлдэг. Гэтэл Б.Бын мэдүүлсэн “гадаа хүмүүс зодолдоод байхаар нь гарсан” гэх мэдүүлэг нь тогтоогддоггүй. Иймд хавтас хэрэгт авагдсан Оюумаа, Болдбаатар, Мэндбаяр болон шүүгдэгч Бадамгаравын мэдүүлэг зэргээр энэ хэрэг тогтоогдож байх тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Б.Бт холбогдох эрүүгийн 1910013980058 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.    

Б.Б нь Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 13 дугаар гудамжинд 2019 оны 6 дугаар сарын 2-ны өдөр иргэн М.Ог “манай гудамжинд байнга архи уулаа, миний машинаас хол бай” гэж нүүр лүү нь гараараа цохиж, түлхэж унагаан биед нь дух, баруун нүдний алим, зовхи, зүүн хацар, зүүн бугалга, баруун, зүүн тохой, зүүн шуу, нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэнд цус зулгаралт, хүзүүний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч М.Огийн өөрийг нь Б.Б зодсон болохыг шууд заан мэдүүлсэн: “...Миний урд Бадмаа гэдэг хүүхэн алхаж байсан. Тэгээд гудамжны үзүүрээс буцаж над руу шууд ирээд “миний мөрнөөс татаад архичин гичий, авгай минь, манай гудамжинд байнга архи уух юм аа” гэж хэлээд миний нүүр рүү гараараа 2 удаа цохисон. Би газар ухаан алдаж унасан. Тэгтэл миний дээрээс өшиглөсөн. ...Миний биед учирсан гэмтлүүдийг Бадмаа надад учруулсан...” /хх 21/,

Б.Б хохирогч М.Ог зодсоныг харснаа гэрчилсэн гэрч Ц.Буянжаргалын: “...Бадмаагийн хашааны гадна Оюунмаа газар уначихсан дээрээс нь Бадмаа 2 хүүхэнтэй нийлээд нь өшиглөөд байсан. ...Оюунмаа надад хэлэхдээ Бадамгаравт би зодуулсан. Бадамгаравтай хамт явсан 2 эмэгтэй намайг цохиж зодоогүй гэж байсан...” /хх 30/,  гэрч А.Мэндбаярын: “...Зүс таних М.О гэх эмэгтэйг манай гудамжинд байдаг Бадмаа гэх хочтой эмэгтэй зодож байхаар нь яагаад байгаа юм боль гэж хэлтэл удалгүй Бадмаа гэх эмэгтэй Оюунмааг зодохоо болиод тэндээс яваад өгсөн. ...Бадмаа гэх эмэгтэй Оюунмаагийн толгой руу гараараа 2-3 удаа цохиж газар унагаасан. Мөн газар унасан байхад нь толгой руу нь 2-3 удаа цохичихоод болиод байж байтал Бадмаагийн хашаанаас 2 хүүхэд гарч ирээд Бадмааг аваад тэндээс яваад өгсөн...” /хх 32/, гэрч Г.Болдбаатарын “...Бадамгарав гэх эмэгтэй Нүхтийн 13 дугаар гудамжны 210 тоотоос гарч ирээд М.Отай маргалдаж улмаар М.Ог цохиод унагачихсан. ...Бадамгаравт зодуулсны дараа М.Огийн нүд нь хөхөрчихсөн байсан...” /хх 37/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 6841 дугаартай “...М.Огийн биед дух, баруун нүдний алим, зовхи, зүүн хацар, зүүн бугалга, баруун, зүүн тохой, зүүн шуу, нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэнд зулгаралт, хүзүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх 46/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.   

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч Б.Бын хохирогч М.Огийн биед хүч хэрэглэж зодсон үйлдлийн улмаас хохирогч М.Огийн эрүүл мэндэд нь “...дух, баруун нүдний алим, зовхи, зүүн хацар, зүүн бугалга, баруун, зүүн тохой, зүүн шуу, нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэнд зулгаралт, хүзүүний зөөлөн эдийн няцрал...” гэсэн хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан шинжтэй талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээ, шинж чанар зэрэгт тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ. 

Гэрч Б.Отгонсүрэнгийн “...гэртээ байж байтал манай дүү Бадамгарав цонхоор харж байснаа гадаа миний машины хажууд хоёр хүн маргалдаад байх шиг байна. Гарч холдуулахаас гээд гэрээс гарсан. Би хэсэг хугацааны дараа араас нь гарсан. ...Намайг гудамжинд гарч ирэхэд зодоон цохион болоогүй байсан. Харин намайг гудамжинд гарч ирэхээс өмнө чухам юу болсоныг би мэдэхгүй байна. ...” /хх 39-40/ гэж мэдүүлсэн бөгөөд хохирогч М.Огийн биед хохирол учруулсан үйл явдлыг хараагүй, Б.Бадамсүрэнг иргэн М.Ог зодох үед байгаагүй байх тул тус гэрчийн мэдүүлгийг цагаатгах талын нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм.   

Түүнчлэн, шүүгдэгч Б.Бын гаргасан давж заалдах гомдолд дурдсанчлан хохирогч М.Ог гэрч Г.Болдбаатар нь зодсон гэх үйл баримт хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад тогтоогдоогүй болно. 

Иймд шүүгдэгч Б.Бын “...хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/510 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.    

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                       

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.АЛДАР

                      ШҮҮГЧ                                                              Л.ДАРЬСҮРЭН

                      ШҮҮГЧ                                                              Д.ОЧМАНДАХ