Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 2248

 

 

“Ц ю” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2018/01955 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Ц ю” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч СБД-ийн ЗДТГ-т холбогдох

 

41 852 623 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Б, Г.Ч,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2008 онд байгуулагдан хог тээврийн үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд 2013 оноос эхлэн Нийслэлийн СБД-ийн ЗДТГ-тай Хог тээвэрлэх гэрээ, Хог хаягдлын үйлчилгээ үзүүлэх гэрээ, Хог хаягдлын үйлчилгээ нийлүүлэх гэрээг тус тус байгуулан өнөөдрийг хүртэл хамтран ажилласаар байна. Дээрх гэрээнүүдээр манай компани нь тус дүүргийн 16 дугаар хорооны буюу 5 дугаар бүсийн айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын хог хаягдлыг цуглуулж, ачиж тээвэрлэх, тухайн бүсийн нутаг дэвсгэр дэх ил задгай болон эзэнгүй үүсмэл хогийн цэгүүдийг бүрэн цэвэрлэж төвлөрсөн цэгт хүргэж буулган хариуцсан бүсийг хог хаягдалгүй цэвэр байлгах үүргийг дүүргийн өмнө хүлээж энэхүү үүргээ зохих ёсоор, шударгаар гүйцэтгэсээр 2017 оны 7 дугаар сар хүртэл ажилласан бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дахин СБД-ийн ЗДТГ-тай гэрээ байгуулан хог хаягдлын үйлчилгээг үзүүлсэн. Дээрх гэрээнүүдийг дүүрэгтэй байгуулахдаа Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр баталсан 12/45 дугаар Хог тээврийн тариф батлах тухай тогтоолын дагуу хог тээврийн үйлчилгээний хөлсийг тонн километрийн системд шилжүүлэн 1 тонн хог хаягдлыг тээвэрлэх тарифыг тогтоосон бөгөөд дээрх гэрээнүүд нь тогтоолд нийцэж байгуулагдсан. Энэ гэрээнүүдэд оролцогч СБД-ийн ЗДТГ-ын зүгээс манай компаниас үзүүлэх хог хаягдлын үйлчилгээнд хяналт тавих, дүгнэх, шалгах Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн баталсан Хог тээврийн тариф батлах тухай тогтоолд нийцүүлэн гүйцэтгэгчийн ажлын гүйцэтгэлийг үндэслэн нэмэлт санхүүжилт олгох үүргийг хүлээсэн. Манай компанийн зүгээс өмнө нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан 2014, 2015, 2016 оны 6 дугаар сар хүртэл хугацааны хог хаягдлын нэмэлт санхүүжилтийн үлдэгдэл болох 56 638 562 төгрөгийг СБД-ийн ЗДТГ-аас нэхэмжилсэн бөгөөд тус шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 184 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 676 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 00690 дугаар тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэрийг хариуцагч байгууллага бүрэн биелүүлсэн. Манай компанийн дүүргийн Засаг даргын тамгын газартай байгуулсан хог тээврийн үйлчилгээ үзүүлэх гэрээ нь Хог хаягдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.2, 8.4.3-т зааснаар: ...сум, дүүргийн Засаг дарга нь аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, устгах журмын дагуу хог хаягдал цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагаа эрхлэх иргэн, аж ахуй нэгж, байгууллагыг сонгон шалгаруулах, сонгон шалгаруулсан иргэн, аж ахуй нэгж байгууллагатай гэрээ байгуулж, үйл ажиллагаанд нь хяналт тавих бүрэн эрхийг хэрэгжүүлдэг бөгөөд бидний хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ нь хуулийн дээрх зохицуулалтад нийцэх тул хууль болон гэрээнд заасны дагуу шаардах эрхтэй гэж ойлгож байна. Сүүлд байгуулсан 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 32 тоот Хог тээвэрлэх түр гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т: ...Хог тээвэрлэгч байгууллагын санхүүжилт нь айл өрхийн хог хаягдлын хураамж буюу “УБЦТС” ХК-ийн Сүхбаатар хэрэглэгчдэд үйлчлэх төв, Орон сууцны конторууд, Сууц өмчлөгчдийн холбоодоор дамжуулан орсон орлого, тухайн хорооны аж ахуй нэгж, байгууллагуудын тээвэрлэгч байгууллагуудтай байгуулсан хог тээврийн гэрээний хураамжаар дүүргийн татварын дансанд төвлөрсөн орлого, дүүргийн төсвөөс олгож байгаа нэмэлт санхүүжилтээс бүрдэнэ..., мөн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т Дүүргийн төсвөөс олгож байгаа нэмэлт санхүүжилтийг хариуцсан гэр хорооны айл өрх, хүн амын тоо, хог хаягдал үүсэх хэмжээ, хогийн цэг хүртэлх цай, тээвэрлэсэн хогийн тонн жин зэргийг харгалзан нийслэлээс гаргасан аргачлалын дагуу тооцож захиалагч талын албан тушаалтнуудын баталгаажуулсан үнийн дүнгээр дараа сарын 5-нд олгоно ... гэж заасан боловч хариуцагчийн зүгээс уг үүргээ огт биелүүлэхгүй байгаа юм. Манай компани нь дүүрэгтэй байгуулсан гэрээний дагуу хүлээсэн үүргээ зохих ёсоор шударгаар, хугацаанд нь биелүүлж сар бүр ажлын гүйцэтгэлийн нэгтгэлийг гарган хүргүүлж байсан бөгөөд хийсэн ажлын талаар талуудын хооронд ямар нэгэн маргаан байхгүй гэж ойлгож байгаа болно. Иймд хариуцагч СБД-ийн ЗДТГ-аас гэрээний үүргийн биелэлт болох нэмэлт санхүүжилтийн төлбөрт 2016 оны 7 сараас 2016 оны 12 сар хүртэлх төлбөрт 18 481 720 төгрөг, 2017 оны 1 сараас 2017 оны 12 сар хүртэл 23 370 903 төгрөг, нийт 41 852 623 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц ю” ХХК-тай дүүргийн Засаг даргын тамгын газар нийтийн эзэмшил, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын хог хаягдлын төлбөр тооцоо болон хог тээвэрлэлтэд гарах аливаа харилцааг зохицуулахаар нэхэмжлэгчтэй Хог тээвэрлэх түр гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 20, 03 дугаар сарын 01, 12 дугаар сарын 01-ний өдөр, Хог хаягдлын үйлчилгээ нийлүүлэх гэрээг 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр тус тус байгуулан ажиллаж ирсэн. Гэрээний хугацаанд сар болгон журамд заасны дагуу хянан баталгаажуулж гэрээнд заасан төлбөрийг барагдуулж ирсэн. Нэхэмжлэгч нь гэрээний төлбөртэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, гэрээний нэмэлт санхүүжилттэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд тус санхүүжилтийн талаар дээрх гэрээнүүдэд тохиролцсон зүйл байхгүй бөгөөд гэрээнд заасан гэрээний төлбөрт уг асуудлыг тусгагдаагүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх заалтыг баримтлан хариуцагч СБД-ийн ЗДТГ-аас 41 852 623 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ц ю” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ц ю” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр урьдчилан төлсөн 367 220 төгрөгийн 367 213 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 7 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч СБД-ийн ЗДТГ-аас 367 213 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Ц ю” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2018/01955 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгч нь гэрээний нэмэлт санхүүжилтийг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хурлын 2015 оны 05 дугаар сарын Журам батлах тухай 86 дугаар тогтоолоор зохицуулдаг. Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй гэрээний үүргийн нэмэлт санхүүжилт 41 852 623 төгрөг нь нэхэмжлэгчийн үйл ажиллагаагаа явуулахдаа гаргасан зардал бөгөөд тус зардлыг бүрэн төлнө гэсэн гэрээний зохицуулалт байхгүй. Хариуцагч нь нэхэмжлэгчид Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээнд заасан ажлын хөлсийг бүрэн төлж, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Журам батлах тухай 86 дугаар тогтоолын дагуу дүүргийн төсвөөс сар бүр нэмэлт санхүүжилтийг олгосон. Үүнийг нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ хүлээн зөвшөөрч бичсэн байдаг.

Шүүх шийдвэр гаргахдаа хариуцагчийн дээрх тайлбарыг харгалзан үзээгүй хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж гэрээний хөлс, нэмэлт санхүүжилтийг төсөвт багтаан сар бүр олгосон байхад нэхэмжлэгчийн гаргасан зардлыг гэрээний нэмэлт санхүүжилт хэмээн үзэж нэхэмжлэгчид гаргуулахаар шийдвэрлэсэн нь төвсийн мөнгийг үргүйдүүлэх нөхцөл байдлыг үүсгэж байна.

Иймд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Нэхэмжлэгч “Ц ю” ХХК нь хариуцагч СБД-ийн ЗДТГ-т холбогдуулан Хог тээврийн үйлчилгээний гэрээний дагуу 2016 оны 7 сараас 2017 оны 7 сарыг хүртэл хугацааны нэмэлт санхүүжилтийн төлбөрт 41 852 623 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээнд нэмэлт санхүүжилтийн талаар тохиролцоогүй гэж маргасан байна.

 

Талуудын хооронд 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 78 дугаартай Хог тээвэрлэх түр гэрээ, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Хог тээвэрлэх түр гэрээ тус тус байгуулагдаж, уг гэрээнүүдээр нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны айл өрх, байгууллага, аж ахуйн нэгж, нийтийн эзэмшлийн зам талбайн хог хаягдлыг ачиж тээвэрлэх, хог тээвэрлэх бүсэд үүссэн ил задгай хог хаягдлыг тээвэрлэх, хог цуглуулж, тээвэрлэх үйлчилгээг үзүүлж, хог хаягдлыг хогийн төвлөрсөн цэгт хүргэх, айл өрх, байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хог ачиж цуглуулах хуваарийг тарааж мэдээлэх, хариуцсан хорооны байгууллага аж ахуйн нэгжүүдтэй хог тээвэрлэх гэрээг байгуулах, хариуцагч нь “Ц ю” ХХК-ийн ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, хог тээврийн гүйцэтгэлийг үндэслэн батлагдсан төсвийн хүрээнд санхүүжүүлэхээр тохиролцсон ба зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсчээ. /хэргийн 112-115, 116-119 дугаар тал/

 

Түүнчлэн, талуудын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Хог хаягдлын үйлчилгээ нийлүүлэх гэрээ, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 32 дугаар Хог тээвэрлэх түр гэрээ байгуулагдсан гэх бөгөөд уг гэрээ байгуулагдсан талаар талууд маргаагүй байна.

 

Хэрэгт цугларсан болон талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нь 2016 оны 7 сараас 2017 оны 7 сарыг хүртэл хугацаанд нийт 86 344 923 төгрөгийн ажил гүйцэтгэснээс 44 492 300 төгрөгийн ажлын хөлс олгогдсон, 41 852 623 төгрөгийн ажлын хөлс дутуу олгогдсон болох нь тогтоогдсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

Талууд ажлын хөлс болон нэмэлт санхүүжилтийн хэмжээг тооцохдоо айл өрхийн хог хаягдлын хураамж буюу “УБЦТС” ХК-ийн Сүхбаатар хэрэглэгчдэд үйлчлэх төв, Орон сууцны конторууд, Сууц өмчлөгчдийн холбоодоор дамжуулан олсон орлого, тухайн хорооны аж ахуйн нэгж, байгууллагуудын тээвэрлэгч байгууллагуудтай байгуулсан хог тээврийн гэрээний хураамжаар дүүргийн татварын дансанд төвлөрсөн орлого, дүүргийн төсвөөс олгож байгаа нэмэлт санхүүжилтээс бүрдэхээр, дүүргийн төсвөөс олгож байгаа нэмэлт санхүүжилтийг хариуцсан гэр хорооны айл өрх, хүн амын тоо, хог хаягдал үүсэх хэмжээ, хогийн цэг хүртэлх зай, тээвэрлэсэн хогийн тонн жин зэргийг харгалзан нийслэлээс гаргасан аргачлалын дагуу тооцож, захиалагч талын холбогдох албан тушаалтнуудаас баталгаажуулсан үнийн дүнгээр олгож байхаар тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсийг шаардах эрхтэй.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т “Дүүргийн төсвөөс олгож байгаа нэмэлт санхүүжилтийг хариуцсан хорооны айл өрх, хүн амын тоо, хог хаягдал үүсэх хэмжээ, хогийн цэг хүртэлх цай, тээвэрлэсэн хогийн тонн жин зэргийг харгалзан нийслэлээс гаргасан аргачлалын дагуу тооцож захиалагч талын албан тушаалтнуудын баталгаажуулсан үнийн дүнгээр дараа сарын 5-нд олгоно.” гэж заасан байх ба Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны 12/45 дугаартай тогтоолын хавсралтаар тарифыг 1 километрт 1 тонн хог тээвэрлэх тарифыг 2 700 төгрөг гэж тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, зохигчид ажлын хөлсийг Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2 дахь заалтад заасны дагуу гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан захиалагч тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээний жагсаалтын дагуу тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч СБД-ийн ЗДТГ-аас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 41 852 623 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ц ю” ХХК-д олгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний  хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2018/01955 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                           ШҮҮГЧИД                              М.НАРАНЦЭЦЭГ   

                   

                                                                                         С.ЭНХТӨР