Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2020/0585

 

2020 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2020/0585

Улаанбаатар хот

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, шүүгч Л.Батбаатар, шүүгч Н.Дамдинсүрэн нарын бүрэлдэхүүнтэй 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Я.Б

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

           Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 сарын 15-ны өдрийн дугаар Б/******* тушаалыг хүчингүй болгуулах, Туул голын сав газрын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажилд эргэн орох, хариуцагчаас ажилгүй байсан хугацаа 12 сарын цалин, амралттай байх хугацаанд зайлшгүй ажлын шаардлагаар ажиллуулсны урамшуулал нийт 18.346.350 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалаа нөхөн төлүүлэх”

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Бадамханд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, иргэдийн төлөөлөгч Б.Мнар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Я.Б миний бие төрийн албанд нийт 21 жил үүнээс төрийн захиргааны байгууллагад тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагчаар 14 дэх жилдээ ажиллаж байсан. 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл Туул голын сав газрын захиргаанд ахлах мэргэжилтэн, Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байгаад Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 09 дүгээр 19-ний өдрийн Б/19 тоот тушаалаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Туул голын сав газрын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 3 жил ажилласан юм. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/******* тоот тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн тушаалыг 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр надад өгч тэр өдрөө ажил хүлээлцсэн.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын Б/******* тоот тушаал нь миний хууль ёсны эрх түүн дотроо төрийн албанд хууль журмын дагуу ажиллаж байсан хөдөлмөрлөх эрхийг маань ноцтой зөрчсөн хууль бус захиргааны акт гэж үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасныг үндэслэн хүчингүй болгох шаардлагыг гаргаж байна. Уг тушаалын үндэслэл болох Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5 дахь заалт буюу “хуульд заасан бусад үндэслэл”-ийг уг тушаалд огт тусгалгүй орхигдуулж, миний мэдэх эрхийг илтэд хязгаарлаж, зөрчигдсөн эрхээ хамгаалах боломжийг хаасан нь хууль бус юм.

Б/******* тушаалын дараах үндэслэл болох Төрийн албаны зөвлөлийн 2019 оны “Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” 28 дугаар тогтоол нь тус яаманд өгсөн зөвлөмж бөгөөд илтэд хууль зөрчсөн акт байсаар атал түүнийг намайг ажлаас чөлөөлөх үндэслэл болгосон нь хууль бус юм. Төрийн албаны зөвлөлийн 28 дугаар тогтоолын 1 дэх заалтад: Төрийн албаны тухай хуулийн /шинэ/ 27, 33 дугаар зүйлийг зөрчиж, төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулалтгүйгээр томилсон хавсралтад заасан 2013-2017 оны тушаалыг хүчингүй болгож, албан тушаалын сул орон тоог хууль журамд заасны дагуу нөхөх арга хэмжээ авахыг Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Цад зөвлөсүгэй“ гэж заасан. Төрийн албаны зөвлөлийн 28 дугаар тогтоолын хавсралтад миний нэр, албан тушаал орсон байсан тул Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу“ утга агуулгын хувьд илэрхий алдаатай” акт гэж үзэж би Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын Б/******* тоот тушаалыг гарахаас өмнө буюу 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Б гомдол гаргасан юм. Би энэ гомдлынхоо хариуг өнөөдөр ч аваагүй бөгөөд тус албаны ажилтан н.З: таны гомдлыг танай яамны төрийн албаны салбар зөвлөл рүү шилжүүлсэн гэж утсаар хэлсэн боловч, салбар зөвлөлөөс би бас хариугаа аваагүй байсаар 2019 оны 08 дугаар 19-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа хүлээн авсан. Иймд би Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын Б/******* тушаалыг дээрх хууль бус шийдвэрийг үндэслэж гарсан тул хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Сайдын Б/******* дугаар тушаалаар намайг ажлаас чөлөөлөхдөө төрийн албаны тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч миний эрх ашгийг ноцтой зөрчсөн. Би төрийн албанд 20 гаруй жил ажилласан, усны салбарын мэргэшсэн инженер хүн. Гэтэл намайг амарч байхад ажлаас чөлөөлсөн, ажлаас чөлөөлөх тушаал гарснаас 4 хоногийн дараа тушаалаа гардуулж, шууд ажил хүлээлцсэн, цалин хөлсний тооцоог огт хийгээгүй зэрэг нь Төрийн албаны тухай хуулийн 4.4 заалт буюу . “төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 заалт: “Ажлаас халах ажил хүлээлцэх” журмыг зөрчсөн бөгөөд чөлөөлсний дараа ямар ажил албан тушаалд ажиллах талаар огт тусгаж өгөөгүйн улмаас би өнөөдөр ямарч цалин орлогогүй, нийгмийн хамгааллын бүх л даатгал тасарч, давхар гэр бүлийн маань амьдрал хохирч байгаа тул ажиллгүй байсан хугацааны 2 сарын  цалин, амралттай үед ажилласан нэг сарын цалин нийт 3 сарын цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалаа нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Намайг ажлаас чөлөөлөх гол шалтгаанаа төрийн албаны сонгон шалгаруулалтад ороогүй учраас гэж тайлбарладаг. Гэтэл би сонгон шалгаруулалтыг өөрөө зарлах боломжгүй бөгөөд энэ нь Төрийн албаны зөвлөл, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны салбар зөвлөлийн ажил атал хохирогч нь зохих ёсоор ажлаа хийж явсан төрийн албан хаагч би болж ажлаас халагдсан нь хууль бус юм.

Намайг төрийн албаны сонгон шалгаруулалтад ороогүй гэж ажлаас чөлөөлсөн атал миний оронд томилсон хүн нь бас сонгон шалгаруулалтад ороогүй, байхад томилсон нь сайдын Б/******* дугаар тушаал хууль бус болохыг бас нотолж байна.

Төрийн албаны зөвлөлийн 2019 оны “Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай“ 28 дугаар тогтоолын дагуу миний адил ажлаас чөлөөлөхөөр заагдсан нэр бүхий хүмүүс өнөөдөр ч ажлаа хийгээд явж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн албаны салбар зөвлөл Үндсэн хууль болон төрийн албаны хуулийн заалт, зарчмуудыг зөрчиж төрийн жинхэнэ албан хаагч намайг Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасны төлөө ажлаас чөлөөлж хохироосны баримт нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын Б/******* дугаар тушаал юм гэжээ.

Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Би шүүхэд 2020 оны 06 дугаар сарын 29-нд нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж ажилгүй байсан хугацааны 2020 оны 07 дугаар сарын 15 хүртэлх нийт 11 сарын цалин болох 16 998 475 /Арван зургаан сая есөн зуун ерэн найман мянга дөрвөн зуун далан таван/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байсан. Одоо нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 1 сарын хугацааны цалин 1 359 878 /Нэг сая гурван зуун тавин есөн мянга найман зуун далан найман/ төгрөгөөр нэмэгдүүлж байна. Хариуцагчаас ажилгүй байсан хугацааны нийт 18 358 353 /Арван найман сая гурван зуун тавин найман мянга гурван зуун тавин гурав/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Миний ажиллаж байсан ажил албан тушаалын 1 сарын цалин орлогын тооцоо болох баримтууд хэрэгт авагдсан байгаа бөгөөд эдгээрийг үндэслэн тооцсон болно.

1.         Үндсэн цалин / ТЗ-8-5 /-928 378 төг

2.         Удаан жил ажилласан нэмэгдэл-139 257 төг

3.         Зэрэг дэвийн нэмэгдэл-204 243 төг

4.         Хоол-88 000 төг

Нийт сарын цалин-1 359 878 төгрөг болно” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүхэд гаргасан тайлбартаа: “Тус шүүхэд нэхэмжлэгч Я.Б нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эргэн орох, ажилгүй байсан хугацааны 2 сарын цалин, амралттай үед ажилласан нэг сарын сарын цалин нийт 3 сарын цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх гэсэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:

“Я.Быг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөх тухай’’ Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/******* дугаар тушаалыг үндэслэл нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, 24 дүгээр зүйлийн 2 дэх хэсэг, Усны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.11 дэх заалт, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5 дахь заалт, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны “Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” 28 дугаар тогтоолыг тус тус үндэслэл болгосон.

“Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 28 дугаар тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйл, 33 дугаар зүйлийг зөрчиж төрийн жинхэнэ албан тушаалд иргэдийг сонгон шалгаруулалтгүйгээр томилсон хавсралтад заасан 2013-2017 оны тушаалыг хүчингүй болгож, албан тушаалын сул орон тоог хууль, журамд заасны дагуу нөхөх арга хэмжээ авахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цад зөвлөсүгэй гэсэн тус тогтоолын хавсралтын 1-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/19 дүгээр тушаал, Туул голын сав газрын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Б байсан болно.

“Тайлбар хүргүүлэх тухай” Туул голын сав газрын захиргааны 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 02/302 тоот албан бичгээр Туул голын сав газрын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Б нь 2019 оны ээлжийн амралтаа 1 дүгээр сарын 16-ны өдрөөс 08 дугаар сарын 21-ний өдрийн хооронд авахаар төлөвлөж, 26 хоногийн ээлжийн амралтын олговрыг 7 сард, мөн ажлаас чөлөөлөгдөх эсэх нь тодорхой болоогүй байсан учир сарын эцэст тооцоо хийхээр 8 сарын эхээр урьдчилгаа цалин тус тус авсан. 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөгдсөний улмаас нийт 922,705 /есөн зуун хорин хоёр мянга долоон зуун таван/ төгрөгийг байгууллагад буцаан өгөх тооцоо үүссэн байна.

Мөн нэхэмжлэгч Я.Б нь 2016 оны 09 сараас хойш даргын албан тушаалд томилогдох удирдах ажилтны сонгон шалгаруулалтад ороогүй, шалгалт өгөөгүй тул “Я.Быг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөх тухай” Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/******* дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь дээрх тушаалын төсөлтэй танилцан 2019 оны 08 дугаар сарын 12-ний өдрийн Сав газрын удирдлагын хэлтэст өгсөн саналдаа Түр орлон гүйцэтгэгчээр ажиллах явцад давхар мэргэжилтний үүрэг хадгалагдаж байдаг учир байгууллага дотроо мэргэжилтнээр үлдэн ажиллах гэж өөрийн гараар бичсэн байдал дээр тушаалыг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгож байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “А.Ц би Я.Бын нэхэмжлэлтэй Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд нэхэмжлэгчийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Я.Быг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөх тухай” Б/******* дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйл болон 33 дугаар зүйлд нийцэж гарсан бөгөөд нэхэмжлэгч Я.Б нь 2016 оны 09 дүгээр сараас хойш даргын албан тушаалд томилогдох удирдах ажилтны сонгон шалгаруулалтад ороогүй тул үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно”, 27 дугаар зүйлийн 27.3 “Энэ хуулийн 27.1-д заасан тохиолдолд томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг холбогдох албан тушаалд томилно. Томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагын санал болгосон төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд төрийн албаны төв байгууллага өөр хүнийг зохих журмын дагуу санал болгоно", 33 дугаар зүйлийн 33,8 "... Төрийн жинхэнэ албаны нөөцөд байх хугацаа гурван жил байна” гэж тус тус заасны дагуу Я.Быг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Нэхэмжлэгчийн төрийн албаны нөөцөд байх хугацаа дуусгавар болсон байх бөгөөд Я.Б нь 3 жил Туул голын сав газрын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байх хугацаандаа Туул голын сав газрын захиргааны даргын сул орон тоог нөхүүлэх талаар холбогдох байгууллагад хандаж, шийдвэрлүүлэх бүрэн боломжтой байсан байна.

Мөн нэхэмжлэгч Я.Б нь одоогоор Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Усны газрын Усны нөөцийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа буюу боломжит өөр ажил, албан тушаалд томилогдсон байна.

Иргэдийн төлөөлөгч Б.Мшүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Олон жил улсад ажилласан хүн учраас ажилгүй байсан хугацааны цалин  хөлсийг нь олгох зөв байх. Төрийн алба хариуцлагатай байх ёстой учраас сонгон шалгаруулалтыг явуулж чадварлаг албан хаагчийг томилж байх нь зөв” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Я.Б тус шүүхэд хандаж, “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 сарын 15-ны өдрийн дугаар Б/******* тушаалыг хүчингүй болгуулах, Туул голын сав газрын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажилд эргэн орох, ажилгүй байсан хугацааны цалин, амралттай байх хугацаанд зайлшгүй ажлын шаардлагаар ажиллуулсны урамшуулал нийт 18.346.350 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны явцад “урьд эрхэлж байсан албан тушаалд эргэн орох” нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тул уг татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосноор нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 сарын 15-ны өдрийн дугаар Б/******* тушаалыг хүчингүй болгуулах, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин, амралттай байх хугацаанд зайлшгүй ажлын шаардлагаар ажиллуулсны урамшуулал нийт 18.346.350 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалаа нөхөн төлүүлэх” шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

Нэг. “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 сарын 15-ны өдрийн дугаар Б/******* тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/19 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Я.Быг тус яамны харьяа Туул голын сав газрын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, түүний албан тушаалын цалинг ТЗ-8-5 шатлалаар 795935 төгрөгөөр тогтоож, төрийн алба хаасан хугацааны 15, ахлах түшмэлийн дөтгөөр зэргийн 20 хувийн тус тус нэмэгдлийг албан тушаалын цалингаас тооцож, унаа хоолны мөнгийг зохих журмын дагуу олгохыг холбогдох албан тушаалтнуудад зөвшөөрч, түүнтэй үр дүнгийн гэрээ байгуулж хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг эрх бүхий этгээдүүдэд даалгасан байна.

Түүнчлэн маргаан бүхий захиргааны акт болох тус яамны Сайдын 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Б/******* дугаар тушаалаар Я.Быг Туул голын сав газрын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлжээ.

Дээр дурдсан, 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Б/******* дугаар тушаалд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4, 24 дүгээр зүйлийн 2, Усны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.11, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5 болон Төрийн албаны зөвлөлийн, “Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” 2019 оны 28 дугаар тогтоолыг тус тус үндэслэсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Төрийн албаны тухай хуулийг зөрчиж гарсан Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 28 дугаар тогтоолыг үндэслэсэн нь хууль бус, уг тогтоол нь сайдад зөвлөмж болгосон байхад Сайд тушаал гаргахдаа ямар үндэслэлээр чөлөөлж байгаагаа тодорхой заагаагүй нь Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн...” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ”...Я.Б нь орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан, төрийн албаны сонгон шалгаруулалтад ороогүй тул нөөцөд байх хугацаа нь дууссан тул нэмэгдэл баталгаагаар хангагдах боломжгүй...” гэж тайлбарлан маргажээ.

Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн “Хяналт, шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” 28 дугаар тогтоолоор...Байгаль орчин, аялал жуулчлалын яам, түүний харьяа төрийн захиргааны зарим байгууллагад хяналт, шалгалт хийсэн Ажлын хэсгийн дүгнэлтийг тус тус үндэслэн Төрийн албаны тухай хуулийн 27, 33 дугаар зүйлийг зөрчиж төрийн жинхэнэ албан тушаалд иргэдийг сонгон шалгаруулалтгүйгээр томилсон хавсралтад заасан 2013-2017 оны тушаалыг хүчингүй болгож, албан тушаалын сул орон тоог хууль, журамд заасны дагуу нөхөх арга хэмжээ авахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цад зөвлөсөн, уг тогтоолын хавсралтын 1-т “ Томилох эрх бүхий албан тушаалтны шийдвэр хэсэгт-/Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 9 дүгээр сарын 19-ны өдрийн Б/19 дүгээр тушаал/, Томилогдсон албан тушаал хэсэгт-/Туул голын сав газрын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч/, Албан хаагчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр хэсэгт-/Янжингийн Болдбаатар/” гэжээ.

Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “төрийн албан хаагч” гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг хэлэхээр, мөн хуулийн 10.3-д “Энэ хуулийн 10.1.2, 10.1.3-т заасан албан тушаалыг төрийн жинхэнэ албан тушаал гэнэ”, мөн хуулийн 12 дугаар зүйлд заасан “төрийн захиргааны албан тушаалд 12.1.5. яамны...удирдах, гүйцэтгэх албан тушаал хамаарах”-аар тус тус зааснаас үзвэл нэхэмжлэгч Я.Б нь төрийн захиргааны жинхэнэ албан хаагч мөн гэж үзнэ.

Учир нь Я.Б нь 2005-2009 онуудад Усны хэрэг эрхлэх газарт Хэлтсийн дарга, 2009-2012 онуудад Усны газарт мэргэжилтэн, 2012-2015 онуудад Туул голын сав газрын захиргаанд хяналт үнэлгээ хариуцсан мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 2016 оны 9 дүгээр сараас Туул голын сав газрын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус тус ажилласан, улмаар 2006 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр төрийн албаны тангараг өргөсөн, төрийн захиргааны байгууллагад 15 жил ажиллаж байгаа, түүний ажилласан хугацааны үр дүнгийн гэрээний биелэлт “хангалттай” үнэлэгдэж байсан нь тус тус тогтоогдсон, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй,

Түүнчлэн нэхэмжлэгч нь даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон хэдий ч түүний албан тушаалын цалинг ТЗ-8-5 шатлалаар 795935 төгрөгөөр тогтоож, төрийн алба хаасан хугацааны 15, ахлах түшмэлийн дөтгөөр зэргийн 20 хувийн тус тус нэмэгдэл олгож байснаас үзвэл Төрийн албаны тухай хуулийн 3.1.2-т заасан “төрийн албан хаагч” тэр дотроо төрийн жинхэнэ албан хаагч мөн бөгөөд энэ тохиолдолд түүнийг “төрийн албаны нөөцөд байсан” гэж үзэхгүй, энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй.

Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө”, 46.2.5-д “хуульд заасан бусад үндэслэл” гэж заасан бөгөөд хариуцагч захиргааны байгууллагаас Я.Быг ажлаас чөлөөлсөн тушаал гаргахдаа хуульд заасан ямар үндэслэлээр чөлөөлж байгаагаа тодорхой заагаагүй нь хууль бус, нөгөө талаар Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 28 дугаар тогтоолыг үндэслэсэн боловч уг тогтоол нь Байгал орчин, аялал жуулчлалын сайдад зөвлөмж болгосон шинжтэй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэл нь Төрийн албаны тухай хуульд заасан “төрийн албанаас чөлөөлөх” үндэслэлд хамаарахгүй байна гэж шүүх дүгнэв.

Тухайлбал, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 28 дугаар тогтоолд, Төрийн албаны тухай хуулийн 27, 33 дугаар зүйлийг зөрчиж төрийн жинхэнэ албан тушаалд иргэдийг сонгон шалгаруулалтгүйгээр томилсон...2013, 2015, 2016, 2017 оны тушаалуудыг хүчингүй болгох, ...сул орон тоог хууль журамд заасны дагуу нөхөх арга хэмжээ авахыг Сайдад зөвлөсөн байхад хариуцагч нь уг тогтоолыг шууд үндэслэл болгон нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө” гэж, 27.1.1-д “төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс; 27.1.2-т “төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас...27.1.3-д “төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх...албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 27.1.2-т заасны дагуу нөхөх боломжгүй бол төрийн албан хаагчийн нөөцөд байгаа иргэдээс; 27.1.4-д “энэ хуулийн 27.1.3-т заасны дагуу нөхөх боломжгүй бол нээлттэй сонгон шалгаруулалт зарлах”, 27.2-т “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоо гарсан өдрөөс хойш энэ тухай мэдээллийг долоо хоногт, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг 21 хоногт багтаан төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлнэ”,  27.3-д “Энэ хуулийн 27.1-д заасан тохиолдолд томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг холбогдох албан тушаалд томилно. Томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагын санал болгосон төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд төрийн албаны төв байгууллага өөр хүнийг зохих журмын дагуу санал болгоно” гэж тус тус заасан байна.

2017 оны Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр болсон өдрөөс хүчингүйд тооцогдсон 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 17.1-д заасан албан хаагчдаас нөхөх боломжгүй бол төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс уг албан тушаалд тавих онцлог шаардлагыг харгалзан шалгаруулж авах тухай хүсэлтээ төрийн албаны төв байгууллагад тавина” гэж, мөн хуулийн 17.5-д “Хуульд өөрөөр заагаагүй бол ажил олгогч төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тооны талаар нийтэд мэдээлэх үүрэгтэй” гэж,  мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д төрийн албаны зөвлөлийн чиг үүргийг заасны дотор 35.1.9-д төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтын ажлыг арга зүй, зохион байгуулалтын удирдлагаар хангах үүрэгтэйг тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтуудаас үзвэл нэхэмжлэгч нь 2016 онд төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо буюу Туул голын сав газрын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон нь Төрийн албаны тухай /2002 оны/ хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байх үед хамаарч байх ба үүнийг шинэчлэн найруулсан Төрийн албаны тухай хуулийн үйлчлэлд хамааруулан үзэж уг хуулийн 27, 33 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэх боломжгүй, хуулийг буцаан хэрэглэхгүй тул тухайн үед үүссэн харилцаанд одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийг хэрэглэхгүй.

Нөгөө талаар Төрийн албаны тухай 2002 оны хуульд зааснаас үзвэл нэхэмжлэгчийг төрийн албаны мэргэшлийн шалгалтад ороогүй гэж буруутгах хууль зүйн үндэслэлгүй, Төрийн албаны мэргэшлийн шалгалтыг төрийн албаны зөвлөл нь тухайн байгууллагын захиалгыг үндэслэн зохион байгуулах, захиалагч байгууллага нь сул орон тооны талаар нийтэд мэдээлэх тус тусын үүрэгтэй бөгөөд ийнхүү сонгон шалгаруулалт зарлаагүй үйл баримт нь нэхэмжлэгчээс үл хамаарах шалтгаан гэж үзнэ.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтлахаар 4.2.1-д хуульд үндэслэх; 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг баримтлахаар тусгайлан зохицуулсан, мөн хуулийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.4-д “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж тус тус заасан.

Хуулийн дээрх заалтуудаас үзвэл тухайн тохиолдолд хариуцагч нь Я.Быг хуульд заасан тодорхой үндэслэлгүйгээр буюу “төрийн албаны сонгон шалгаруулалтад ороогүй” гэх тайлбар хийж төрийн албанаас чөлөөлөх тушаал гаргасан нь хууль бус, уг тушаал нь хуульд үндэслээгүй, бодит нөхцөлд тохироогүй, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 сарын 15-ны өдрийн Б/******* дугаар тушаалыг  бүхэлд нь хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хоёр. Хариуцагчаас, ажилгүй байсан хугацааны цалин, амралттай байх хугацаанд зайлшгүй ажлын шаардлагаар ажиллуулсны урамшуулал нийт 18 346 350 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалаа нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна” гэж,  Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор...олгоно” гэж тус тус заажээ.

Шүүх нэхэмжлэгч Я.Быг төрийн албанаас чөлөөлсөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 сарын 15-ны өдрийн Б/******* дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзэв. Үүнд:

Я.Б нь 2019 оны ээлжийн амралтын олговор болон 8 дугаар сарын урьдчилгаа цалинг тус тус авсан нь тогтоогдсон ба 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс Усны газрын Усны нөөцийн хэлтсийн даргаар томилогдсон тул түүний ажилгүй хүлээлгэсэн хугацааны цалин олговрыг 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаагаар тооцох үндэслэлтэй байна.

Тухайлбал, нэхэмжлэгчийн цалингийн хүснэгт болон байгууллагын санхүүгийн албаны тодорхойлолтоос үзвэл түүний албан тушаалын цалин нь ТЗ-8-5 шатлалаар 928378 төгрөг, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 15 хувь буюу 139257 төгрөг, зэрэг дэвийн нэмэгдэл 20 хувь, хоолны үнэ 88 000 төгрөг байх ба хэргийн оролцогчид энэ цалингийн тооцооллын талаар маргаагүй.

Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/46 дугаар тушаалаар “Ээлжийн амралтын хуваарь”-ийг баталсан, уг хуваариар нэхэмжлэгч Я.Б нь 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 8 дугаар сарын 21-ний хооронд нийт 26 хоног амрахаар тогтоогдсон, 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр өгсөн Ээлжийн амралтын мэдэгдэх хуудсанд түүнийг дээр дурдсан хугацаагаар ээлжийн амралт олгосон гэж дурдсанаас үзвэл Я.Бт ээлжийн амралт олгогдсон хэдий ч тэрээр ээлжийн амралтаа биеэр эдлэлгүй ажиллаж байсан нь тогтоогдож байх тул ийнхүү ажилласан хугацааны цалинг хариуцагчаас нэмж гаргуулах нь зүйтэй.

Хариуцагч захиргааны байгууллага нь дээр дурдсан ажилгүй хүлээлгэсэн хугацааны цалин, олговрыг олгохдоо нэхэмжлэгчийн өмнө авсан 2019 оны ээлжийн амралтын олговор, 2019 оны 8 дугаар сарын урьдчилгаа цалин, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж холбогдох дэвтэрт зохих бичилтүүдийг хийхийг хариуцагчид даалгах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн /2017 оны/ 46 дугаар зүйлийн 46.2.5, Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 17 дугаар зүйлийн 17.4, 35 дугаар зүйлийн 35.1.9, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Я.Баас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 сарын 15-ны өдрийн Б/******* дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож, хариуцагчаас нэхэмжлэгчийн ажилгүй хүлээлгэсэн хугацааны болон ээлжийн амралттай байх хугацаанд ажилласан хугацааны цалин, олговрыг давхардуулалгүйгээр нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган тооцож олгохыг даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д зааснаар нэхэмжлэгч Я.Б нь “Туул голын сав газрын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажилд эргэн орох” нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид  буцаан олгосугай.

Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.ДУЛАМСҮРЭН

        ШҮҮГЧ                              Л.БАТБААТАР

                                 ШҮҮГЧ                             Н.ДАМДИНСҮРЭН