Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 1259

 

 

Ш.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Мөнхгэрэл,

шүүгдэгч Ш.Б /цахим сүлжээгээр/, түүний өмгөөлөгч А.Энхтөр, Б.Баднайсүрэн, Н.Ичинхорлоо,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/714 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ш.Б, түүний өмгөөлөгч А.Энхтөр, Б.Баднайсүрэн нарын хамтран гаргасан, өмгөөлөгч Ц.Ичинхорлоо нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ш.Бд холбогдох 1905011420148 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

/;

Ш.Б нь 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос улс руу эхнэр Д.Стай хамт явсан Б.Аыг “харлаж үлдэхээр зугтсан, түүнээс болж манай компани торгууль төлөх болоод байна, эхийгээ олж өг” гэх шалтгаанаар 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 76 дугаар байрны 57 тоотод М.И, М.Хнарыг буюу 2 хүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийн шинжгүйгээр хууль бусаар хорьж хүчээр алга болгосон гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас:

Ш.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Ш.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан “Хүнийг хууль бусаар хорьсон гэмт хэргийг хоёр хүний эсрэг үйлдсэн” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар Ш.Бг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ш.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ш.Б баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар Ш.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ш.Б давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дараах үндэслэлийн дагуу гомдол гаргаж байна.

Тухайн үед хэрэг гарсан гэх газарт байрлах байрыг зарж борлуулахаар үл хөдлөх зуучлалын “Ремакс”-тай хамтран ажиллах гэрээ байгуулсны дагуу сонирхсон хүмүүс ихээр очиж үздэг байсан.

2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр байр сонирхсон хүн очих гэж байна гэсний дагуу гэртээ очиход крант эвдэрч ус алдсан, цонхны чулуун тавцан хагарсан, хаалганы цоож эвдэрсэн, ханын обойнууд энд тэнд хуурсан, маш бохир заваан байдалтай байсан.

И, Х нарын утас холбогдох боломжгүй, мөн энэ хүүхдүүдийн ээж Амарсайхан миний эхнэртэй хамт Солонгос улс руу явсан. И нь гадаа надтай таараад зугтаасан гээд бүх үйл явдлууд ар араасаа маш хурдан үргэлжилсэн.

Миний хувьд эдгээр хүмүүстэй ойр дотны харилцаатай байсан, хоёргүй сэтгэлээр тусалж дэмжиж явсан Итэй хүмүүс. Тусыг усаар гэдэг шиг хувиа хичээсэн хүн чанаргүй муухай зан гаргаж гэрийг минь сүйтгээд зогсохгүй, их хэмжээний торгуульд унагах, бизнесийг минь хүртэл эрсдэлтэй байдалд оруулахаас огт санаа зовохгүйгээр урьдаас төлөвлөж, залилан мэхлэхээр тохирсон байхыг мэдээд уур бухимдал хүрсэн.

Ямар ч Монгол хүн гал голомтоо бадраасан гэрээ нандигнадаг. Энэ байр ч гэсэн миний хувьд анхны гал голомт минь бөгөөд 3 хүүхдийн минь төрж өссөн нандин газар. Гэтэл гэртээ ороход үнэхээр гомдмоор байдалтай болгосон байсан. Хаалганы цоож эвдэрсэн байсныг дуудлагын засварчин дуудаж янзлуулсан. Гарахдаа цоожлоод гарсан. Гэхдээ илүү түлхүүр гэрт байсан. /угаас тогтсон байрлалд байдаг. Би эдгээр хүмүүстэй 7 жилийн турш хамт ажиллаж амьдарч байсны хувьд ийм болтол нь хүндрүүлж, намайг худал мэдүүлгээр буруутгаж, ял шийтгэлд унаган гэмт хэрэгтэн болгохдоо хүрнэ чинээ санаагүй.

Эдгээр хүмүүсээс би юу ч хүсээгүй. Хүчээр алга болгож, хорих санаа бодол огт байгаагүй. И, Х нар нь 1 өдөр 2 шөнө өвлийн 3 сарын турш ямар ч түрээсийн төлбөргүй өөрсдийн амьдарч байсан орон гэртээ хоолтой амь нас эрүүл мэндэд нь аюулгүй нөхцөлд байсныг Амарсайхан, Уранчимэг нар мэдэж байсан. Гэтэл ийм нөхцөл байдалд байсан хүмүүсийг хүчээр алга болгосон гэж үзэж байна.

Тэд анх цагдаад гомдол мэдүүлсэн хэдий ч удалгүй бид учраа ололцсон, гомдол саналгүй, цагдаагийн байгууллагаар шалгуулах шаардлагагүй гээд гомдлоо татаж хэргийг хэрэгсэхгүй болгон хааж байсан. Гэвч хэсэг хугацааны дараа дахин сэргээж гомдол мэдүүлэхэд нь уулзаж учир байдлыг тодруулсан.

Хаалганы илүү түлхүүр том өрөөний шкафанд байдаг байсан, дижитал цоож байнга ашигладаг байсан учир хүүхдүүд нь тухайн үед анзаараагүй байх. Энэ тухай ээж Амарсайхан нь “манай хүүхдүүд хөдөөнийх болохоор сайн мэдэхгүй таныг хүндрүүлчихлээ” гэж хэлж байсан тухай би мэдүүлэгтээ тодорхой мэдүүлж, өмгөөлөгчөөрөө дамжуулж “хэргийн бодит нөхцөл байдал, үйл явдлын талаар бодит гэрчүүдээс асуудлыг тодруулж гэрт түлхүүр байсан, машин эвдэрч саатсан, гэрээс хүмүүс гарах боломжтой байсан талаар сайн судалж өгнө үү” гэж удаа дараа хүсэлт гаргасан боловч хүсэлтийг маань огт хангаагүй, нөгөө талын хүмүүсийг хэт харлуулсан, нэг талыг барьсан мэдүүлгийг үндэслэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлаар гэм буруутайд тооцсон.

Би И, Х нарыг өөрийн дүү нар шиг л санаж шаардлага тавьсан. Ер нь бол нийгмийн хариуцлагын үүднээс нэг ч болов гэр бүлийн сайн сайхан яваасай гэж бодож тусалж дэмждэг байсан минь өөрийгөө гэмт хэрэгтэн болгоод сууж байгаадаа гайхаад барахгүй байна.

Миний бие 3 хүүхэдтэй айлын өрхийн тэргүүн. Тэднийхээ өмнө өндөр хариуцлага хүлээсэн нэгэн. Улс орон дэлхий нийтээр эдийн засаг хүнд байгаа энэ үед цөөн ч болов хүмүүсийг ажил орлоготой байлгахсан гэж аж ахуй эрхэлж эрсдэл хүлээдэг жирийн нэг хүн.

Хоригдоод өвчин маань сэдэрч 2020 оны 8 дугаар сарын 8-ны өдөр ухаан алдаж, эмчийн хяналтад байна. Хүнд тусалсныхаа төлөө гэмт хэрэгтэн болж эрүүл мэндээрээ хохирч байгаадаа үнэхээр гомдолтой байна.

Та бүхэн үнэн бодит байдлын хэт нэг талын худал мэдүүлэгт тулгуурлалгүй тал бүрээс нь үнэн бодитоор дүгнэж энэхүү хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.  

Шүүгдэгч Ш.Бгийн өмгөөлөгч А.Энхтөр, Б.Баднайсүрэн нар нь хамтран гаргасан давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Холбогдогч Ш.Бг цагаатгуулах тухай өмгөөлөгчийн саналыг шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын хэсэгт:

Хүнийг хүчээр алга болгосон гэмт хэргийн шинж байгаа эсэх:

Хүнийг хүчээр алга болгох гэмт хэргийг хоёр хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай олон улсын конвенцийг Монгол Улс 2014 оны 10 дугаар сарын 9-ний өдөр соёрхон баталсан ба уг конвенцэд “хүчээр алга болгох” гэдгийг “...түүний хувь заяаны талаарх мэдээлэл, эсхүл оршин суугаа газрыг нуусны улмаас тухайн этгээдийг хуулийн хамгаалалт эдэлж, чадахааргүй байдалд хүргэх” гэдгээр тухайн гэмт хэргийн объектив талын шинжийг тодорхойлсон.

Мөн хүнийг хүчээр айлгах болгох гэмт хэргийн объектив талын үйлдлийг Эрүүгийн хуульд тодорхойлохдоо: “Хүчээр хүнийг хууль бусаар хорьсон” гэж тодорхойлсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлд заасан “Хүнийг хүчээр алга болгох” гэмт хэрэг нь тухайн хүнийг хүсэл зоригийнх нь эсрэг хучээр тухайн газраас өөр тийшээ зорчих, бусдаас туслалцаа авах ямар ч боломжгүй болгох үйлдлийг ойлгоно.

Гэтэл дээрх шийтгэх тогтоолын үндэслэл болсон гэрч, хохирогч нар мэдүүлэг өгөхөөс өмнө бий болсон 2 чухал нотлох баримт хавтас хэрэгт байдаг. Энэ нь хавтас хэргийн 77 дугаар хуудас дахь Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн “Дуудлагын лавлагаа” гэх баримтад дуудлагыг хохирогч нарын ээжийн дүү болох Одмаа өгсөн бөгөөд хамгийн сүүлийн багана болох “ШИЙДВЭРЛЭЛТ” гэх хэсэгт: “Тайшир 113 а/х Мөнхбаяр а/а Энхбаяр нар шалгахад гэртээ цоожлоод байлгасан зүйл байхгүй хоорондоо учраа олсон. Х гэгч нь гомдол санал байхгүй. Цагдаагийн байгууллагаар шалгуулахгүй гэж хүсэлтээ бичиж өгсөн. 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдөр /22 настай/’’ гэх хохирогчийн өөрийн хоригдоогүйгээ хэлж гомдлоо хаасан тухай баримт,

Хавтас хэргийн 75 дугаар хуудаст 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн огноотой хохирогч М.Х, М.И нарын өөрсдийн гараар бичиж өгсөн баталгаа байдаг. Энэхүү баталгаа нь тухайн байранд хохирогч нар нь үлдсэн шалтгаан, нөхцөл болон өөрсдөө тухайн байранд учруулсан хохирлоо 2019 оны 3 дугаар сарын 8-ны дотор төлж барагдуулах баталгаа гаргаж, уг баталгаандаа өөрсдийн эд хэрэгслээ сайн дураар хүлээлгэн өгч, барьцаагаа нэг бүрчлэн дурдан бичсэн баримт байдаг. Хохирогч нарын уг 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр бичиж өгсөн буюу үйл явдал эхэлсэн гэх 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн өөрсдийн бичсэн баримт дээр “ээжийгээ авчрах болно” гэж амлалт, баталгаа гаргаагүй бөгөөд 2019 оны 3 дугаар сарын 8-ны өдөр хүртэл өөрсдийн амьдарч байсан байрандаа үлдэхээр болж, байрны өмчлөгчийн өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлаж, сайн дураараа үлдсэн санаа сэдэл байдаг.

Дээрх 2 баримтууд нь үйл явдал болсон гэх 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн хооронд үүссэн нотлох баримтууд болно. Үүнээс харвал Ш.Б нь хохирогч нарыг хүч хэрэглэн хууль бусаар хорьсон зүйл байхгүй бөгөөд үүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бий болсон дараах баримтууд нотолно.

Хавтас хэргийн 39-40 дүгээр хуудаст хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Хын мэдүүлэгт/40 хуудас/ Асуулт: Та яаж гэрээсээ гарсан юм бэ?, Хариулт: 2019 оны 2 дугаар

сарын 28-ны өдрийн орой хажуу айлын тагтаар дамжиж ороод эгч Уранчимэгтэй ярьсан юм

Асуулт: Та яаж хажуу айлын тагт руу гарсан юм бэ? Хариулт: Цонхоо хүчтэй татаад онгойлгоод тэгээд хажуу айлын тагт руу гарсан юм. Асуулт: Та хажуу айлын хүндээ хэлээд яагаад цаашаа гараад яваагүй юм бэ? Хариулт: Тэр үед гараад явчуул янз бүрийн асуудал гарах юм болов уу гэж бодоод хажуу айлаар дамжаад гараагүй юм.” гэх мэдүүлэг.

Хавтас хэргийн 48-49 хуудас дахь гэрч М.Энхтөрийн мэдүүлэгт “ манай эхнэр Батзаяа 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдөр миний 99223030 утас руу залгаад манай полкан дээр нэг эрэгтэй хүн орж ирээд “би нэг утас руу залгах гэсэн юм би хажуу айлын чинь хүн байна гэхээр нь ямар ч байсан залгуулсан гэж. ..., эхнэр рүү залгаж лавлахад хажуу айлд амьдардаг юм байна. Тэгээд хаалгаа түгжчихсэн гарч чаддаггүй, манай эгч рүү залгаад өгөөч. ..., Асуулт: Танай полканаар орж ирсэн залуу хоригдсон барьсан талаар эхнэрт чинь хэлсэн үү? Хариулт: Үгүй, манай эхнэр тийм юм яриагүй гэсэн, хэрэв хоригдож барьсан гэвэл эхнэр сандраад бөөн юм болно. Тэр залуу зүгээр л утсаар яриулчих л гэж хэлсэн өөр юм яриагүй” гэх мэдүүлэг.

Хавтас хэргийн 153, 154 дүгээр хуудас дахь нотариатоор орж шүүхэд өгсөн хохирогч М.Х, М.И нарын албан бичигт “Хэрэг болсон гэх үеэр Ш.Б ах бидэнд орон байраа цэвэрлэх, эвдэлсэн зүйлсээ засч янзлах гэсэн шударга шаардлага тавьж, бид ч эвдэрсэн эд зүйлийг засч янзлах хугацаандаа /2019 оны 3 дугаар 8-ны өдрийг тохиролцож, өөрсдөө байрандаа үлдсэн, 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр өөрсдөө бичиж өгсөн баталгаа дээрээ анх ингэж тохирсон/ өөрсдийн гар утас, нөүтбүүкийг барьцаа болгон өгч, өөрсдийн хүсэлтээр бичгээр баталгаа гаргаж өгч байсан нь үнэн, ...гэхдээ бид Ш.Б ах биднийг орон байранд санаатай хорьсон гэж үзэхгүй байна..., Түлхүүрийг том өрөөний шкафны дээд талын тавиур дээр ил тавьж орхидог байсан бол тэр үед эвдэрсэн цоожийг засуулаад шинэ түлхүүрийг доод талын шургуулганд хийж орхисон байсныг бид хараагүй юм билээ..., Уг нь бид өөрсдийн амьдарч байсан орон байрандаа байсан.., Бидэнд учирсан хохирол ямар ч хохирол байхгүй, цаашид Ш.Б ахад холбогдуулан гомдол санал огт байхгүй..., Уг нь бид хэрэг үйлдэл болсон үед Баянгол дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст бид учраа ололцож, гомдол саналгүй, цагдаагийн байгууллагаар шалгуулахгүй гэж албан ёсоор хүсэлтээ өгч байсан билээ..., мөн тухайн үед учраа олохгүй, хуулийн байгууллага шалгадаг гэж хөнгөмсөг бодож мэдүүлэг өгч байсан. Гэхдээ дээр дурдсан нарийн үйл явдлыг мөрдөгч биднээс асууж тодруулаагүй” гэх хохирогч нарын шүүхэд гаргаж өгсөн мэдүүлэг зэргээс үзвэл Ш.Б нь хүчээр хүнийг хорьсон үйлдэл байхгүй болохыг харж болно.

Учир нь хохирогчид нь өөрсдийн амьдардаг гэртээ байсан ба 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр үйлдсэн бичигтээ “2019 оны 3 дугаар сарын 8-ны өдөр бүх зүйлсээ засварлаж, хохирлоо барагдуулж өгнө” хэмээн сайн дураараа тухайн байранд, бичиг дээрх хугацаа хүртэл үлдсэн бөгөөд хажуу айлын хүмүүстэйгээ харьцаж, гэр бүлийн бусад хүмүүстээ өөрсдийн амьдарч байгаа гэртээ байгаагаа холбогдож хэлсэн ба хажуу айлын палконаар дамжин хаалгаар нь гараагүй шалтгаанаа 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр баталгаа гаргаж өгсөн амлалтаасаа болоод буцаж гэр рүүгээ өөрөө сайн дураар орсноо хэлсэн ба сүүлд байранд нь байрных нь түлхүүр байсныг мэдүүлсэн зэргээс үзвэл холбогдогч Ш.Бгийн үйлдэлд хохирогч М.Х, М.И нарт хүч хэрэглэн, хууль бусаар хорьсон шинж байхгүй болохыг анхаарч үзнэ үү.

Хүчээр хорьж, хүнийг алга болгох гэмт хэргийн объектив талын шинж нь хохирогч нарын эсэргүүцлийг дарж, хүч хэрэглэн тэдний санаа зорилгоос гадуур, аливаа тусламж авч, өөрсдөдөө эрх бүхий байгууллагаас хамгаалалт авах боломжгүй байдалд оруулсан байхыг ойлгох бөгөөд хохирогч М.Х, М.И нар нь хажуу айлтайгаа чөлөөтэй харьцаж, эгч рүүгээ залгаж байсан ба тухайн үедээ өөрсдийгөө хоригдож байсан гэж үзсэн бол хөршдөө мэдэгдэх, тэдний утсаар хамгийн түрүүнд цагдаад мэдэгдэх боломж бүрэн байсан билээ. Хөршийнхөө хаалгаар гараагүй, хөршийнхөө утсаар эгч рүүгээ залгасан шалтгаан нь бичгээр өгсөн үнэгүй амьдарч байсан байрны гэмтээсэн зүйл болон бусад зардал мөнгийг төлөх ухамсраараа өөрсдөө тухайн үйлдлийг хийгээгүй бөгөөд сайн дураараа өөрсдийн амьдарч байсан байрандаа үлдсэн.

Шийтгэх тогтоолд /5 дугаар нүүр, 31-36 мөр/: М.И, Х нарыг “ээж нь Бүгд Найрамдах Солонгос улсад хууль бусаар үлдсэн” шалтгаанаар хорьсон гэж шүүх дүгнэсэн.

Гэтэл анх дээр дурдсан бичигт 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн хохирогч нарын өөрсдийн гараар бичиж өгсөн бичигт ээжийнхээ Солонгос улсад байгаа нөхцөл байдлын тухай дурдаагүй, 3 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл өөрсдийн амьдарч байсан байрандаа эвдэлсэн зүйлсээ засч, хохирол барагдуулах тухайгаа л бичсэн. Хэрвээ тухайн үед ийм асуудал гарсан бол ээжийгээ авчрахаа баталж байна гэх мэтээр өөрсдийн бичсэн баталгааны бичиг дээр дурдах боломжтой байсан.

Хохирогч нарын өмгөөлөгч нь хохирогч нарын өмгөөлөгч Х.Наранзуныг оролцуулсан хохирогч нарын ээж Б.Аы гар утсанд хийсэн үзлэгээр /хх-26 хуудас/ хүү хохирогч М.Хтой Солонгос улсад байхдаа харьцсан гэх зурвас байхгүй болох нь тогтоогдсон.

Хохирол, хор уршиг учраагүй нөхцөл байдлын хувьд:

Шүүгдэгч X. Б нь хохирогч М.И, М.Хнар болон хохирогч нарын ээж Амарсайхан нарт өгөөмөр сэтгэлээр хандаж, үнэ төлбөргүйгээр байрандаа амьдруулж байсан бөгөөд хохирогч нарт ямар ч хохирол учруулаагүй, шүүгдэгч Ш.Бд ямар нэгэн хохиролгүй, гомдолгүй байгаагаа удаа дараа илэрхийлсэн байдаг.

Шийтгэх тогтоолын 6 дугаар нүүр, 27-28 мөрөнд “Шүүхээс шүүгдэгч Ш.Бг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогч нарт хохирол, хор уршиг учраагүй зэрэг байдлыг харгалзан.” гэж дүгнэсэн. Шүүхээс энэ гэмт хэргийн улмаас хохирогчид хор уршиг учраагүй гэж дүгнэсэн мөн дээрх гэмт хэргийн объектив талын шинж үгүйсгэгдэж буй нөхцөл байдал болон хохирогч нарын мэдүүлэг зэргээс үзвэл Ш.Бгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашиг бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасантай нийцэж буйг тусгайлан анхаарч үзэхийг шүүх бүрэлдэхүүнээс хүсч байна.

2. Хэргийг мөрдөн байцаалтад буцаалгах тухай өмгөөлөгчийн саналыг шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын хэсэгт:

Шийтгэх тогтоолын тодорхойлох нь хэсэгт:/ 5 дугаар нүүр, 23-27 мөр/ “...мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул.” гэж дүгнэсэнийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

Холбогдогчийн өмгөөлөгч Б.Баднайсүрэн тус шүүх хуралдаанд нотолбол зохих зарим зүйлс тогтоогдоогүй, эргэлзээтэй, мөн холбогдогчийн хуулиар хамгаалсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарлаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам зөрчигдсөн гэж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах саналтайгаар шүүх хуралдаанд оролцсон.

Анхан шатны шүүхээс тухайн өмгөөлөгчийн оролцсон байр суурьтай холбоотойгоор шийтгэх тогтоолд дүгнэлт өгөөгүй, энэхүү нэмэлт мөрдөн байцаалтад буцаах тухай саналыг хэрхэн яагаад хүлээн авахгүйгээр гэм буруутайд тооцсон зэргээ үндэслэл бүхий тайлбар, дүгнэлт хийлгүйгээр орхигдуулж, шийтгэх тогтоолоо гаргасан. Учир нь урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд энэ бүх асуудлыг тавьж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгах тухай өмгөөлөгчийн хүсэлтийг шийдвэрлэхээ гэм буруугийн шүүх хуралдаан дээр хэлэлцүүлэхээр хойшлуулж, шүүх хуралдааныг зарласан атлаа тус хуралдаан болон шийтгэх тогтоол дээрээ урьдчилсан хэлэлцүүлгийн үед тавьсан өмгөөлөгчийн хүсэлт болон шүүх хуралдаан дээр гаргасан өмгөөлөгчийн байр суурийг огт шийдвэрлэлгүй, үндэслэл бүхий дүгнэлт өгөлгүй орхигдуулсан.

Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах тухай үндэслэлийн хувьд:

Холбогдогчийн хуулиар хамгаалсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчигдсөн хүрээнд:

Хэрэг бүртгэлтийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн прокурорын газрын 264 дүгээр тогтоолоор хаасан бөгөөд тухайн тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдөр нээсэн байдаг. Холбогдогч Ш.Бд 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр эрүүгийн хэргийг нээж, ажиллагаа явуулах болсныг хэлсний дагуу холбогдох мөрдөн байцаагчтай очиж уулзахад хэргийг прокурор руу шилжүүлсэн гэж мэдэгдсэн ба хяналтын прокурортойгоо уулзаж, нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлтээ хэргийг нээсэнийг мэдэгдсэнээс хойш 8 хоногийн дараа буюу 2020 оны 4 дүгээр сарын 28 болон 5 дугаар сарын 17-ны өдрүүдэд тус тус өгсөн. Ийнхүү 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүх рүү шилжүүлсэн байсан. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс прокурорт гаргасан хүсэлтээ дахин гаргаж, нэмэлт зарим ажиллагааг хийлгүүлэхээр хүсэлт гаргасан боловч урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэргийг мөрдөн байцаалтад буцаах эсэхээ гэм буруугийн хурал дээр шийдвэрлэхээр хойшлуулж, харин зарим гэрч нарыг оролцуулах тухай хүсэлтийг мөрдөн байцаалтын үед асуугдаагүй гэрчүүд тул шүүх хуралдаан дээр асуух боломжгүй хэмээн хүсэлтийг хангахаас татгалзсан. Гэтэл холбогдогч Ш.Бгийн зүгээс дээрх шинэ гэрчүүдийг асуулгах хүсэлтийг хэргийг нээснээс хойш яаралтайгаар мөрдөгч, прокурорт тавьж байсан ч хүсэлтийг хүлээн аваагүй болно. Ийнхүү гэрчийг асуухаас татгалзсан үндэслэлээ тайлбарлалгүйгээр татгалзсанаас болж, шүүгдэгчийн зүгээс чухал ач холбогдолтой гэрчийг шүүхийн хэлэлцүүлгийн үед асуулгах эрх, эрхээ хамгаалан оролцох боломжууд зөрчигдсөн.

Хэргийг анх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нотлох баримтын хүрээнд яллах дүгнэлт үйлдэж орж ирсэн ба, хэргийг анх хэрэгсэхгүй болгосон үндэслэлийг үгүйсгэх нэмэлт нотлох баримтуудыг цуглуулаагүй.

Хэргийг нэг мөр шийдвэрлэхэд эргэлзээтэй, тодорхойгүй нөхцөл байдал үүссэнг тодруулах, хохирогчийн мэдүүлгийн зөрүүг арилгах ажиллагааг явуулаагүй. Учир нь хохирогчид анх бичсэн баталгаа болон уг баталгааг дэмжсэн хүсэлт мэдүүлэг, мөрдөн байцаалтын явцад авсан мэдүүлэгтэй зөрсөн бөгөөд мөн мөрдөн байцаалтын ажиллагаанд тогтоогдоогүй, тодорхой болоогүй шинэ нөхцөл байдлууд илэрсэн. Өөрөөр хэлбэл нотолбол зохих байдал болох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэрэг гарсан байдал”-ыг тодорхой болгож тогтоогоогүй.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг давж заалдах гомдолд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянах эрх хэмжээнийхээ хүрээнд магадлан шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ш.Бгийн өмгөөлөгч Н.Ичинхорлоо давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд.

1. Анхан шатны шүүхийн 714 дугаартай шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь бодит байдалтай нийцээгүй талаар:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Учир нь, 2014 оны 10 дугаар сарын 9-ний өдөр “Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай” Олон улсын конвенцийг      Монгол Улсын Их хурал, Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсан. Энэ конвенцид хүнийг хууль бусаар хорьсон, саатуулсан, баривчилсан талаарх мэдээллийг нууж, мэдээлэл өгөхөөс татгалзаж эрх чөлөөг нь хязгаарласны улмаас хууль ёсны эрх, ашиг сонирхолд нь хохирол учирсныг гэмт хэрэгт тооцохоор заасан байдаг тул 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжид нэмж оруулсан байдаг. Тэгвэл шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Ш.Б нь хувийн шалтгаанаар хоёр хүнийг хууль бусаар хорьсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан буюу хүнийг хууль бусаар хорих гэмт хэргийг хоёр хүний эсрэг үйлдсэн гэмт хэргийн шинжийг      хангасан бөгөөд түүний гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэсэн байна. Мөн тогтоолд энэ гэмт хэргийн улмаас хохирогч нарт бодит хохирол учраагүй гэж дүгнэж шийдвэрлэжээ.

Гэтэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж заасан байдаг. Шийтгэх тогтоолд Ш.Бгийн үйлдэл гэмт хэргийн шинжийг хангасан, түүний гэм буруутай болох нь тогтоогдсон гэж дүгнэсэн байна. Гэтэл хавтас хэрэгт И ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмлэх зүйлгүй /хх-33/ гэсэн мэдүүлэг, гэрч Энхтөрийн “...би хажуу айлын чин хүн байна утсаар залгах гэсэн утсаа өгөөч гэхээр нь залгуулсан гэж эхнэр хэлсэн. ...Хэрэв хоригдож барьсан гэвэл эхнэр сандраад бөөн юм болох байсан тэр залуу утсаар яриулаач л гэсэн гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-48/, Хын бичсэн бичиг /хх-75/, Цагдаагийн хэлтсийн дуудлага лавлагааны бүртгэлд цагаадаагийн байгууллагаар шалгуулахгүй гэж хүсэлтээ бичиж өгсөн тухай тэмдэглэсэн баримт /хх-77/ мөн шүүх болон прокурорт хандаж бидэнд ямар ч хохирол учраагүй, бидний амьдарч байсан орон сууцанд биднийг санаатай түгжээгүй, ах шиг дотно байдаг, тусалж дэмждэг хүн байсан” гэж бичсэн хүсэлт зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байдаг. Шүүх Ш.Бгийн үйлдлийг 2 хүнийг хууль бусаар хорьсон гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн дүгнэлтэд дээрх нотлох баримтууд нөлөөлж болохуйц нөхцөл байдал байгааг шүүх дүгнэлт хийхдээ анхаарч үзээгүй учраас хэргийн бодит байдалд бодитой зөв дүгнэлт өгч чадаагүй байна гэж үзэж байна.

2. Ш.Б нь И, Х нарын ээж Амарсайханыг компанидаа ажилд авч олон жил дэмжиж ажлуулахын зэрэгцээ хөдөөнөөс ирж, орон гэргүй байсан учир ээжтэйгээ хамт амьдарч чадахгүй байсан. 2 хүүг нь өөрийн гэртээ ямар ч түрээсгүй зөвхөн ашиглалтын ус, цахилгаанаа төлж амьдруулж байсан байдаг. Ш.Б нь өөрийн компанийн нэрээр Амарсайханыг нь Солонгос улсад эхнэрийн хамт аялуулж байхад тэр тэндээ харлахаар зугтаж алга болсон талаар мэдээлэл авч сандарч хүүхдүүдээр нь ээжийгээ ир гэж хэлүүлж холбоо бариулж байсан нь хохирогч гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон байдаг. Харин И, Х нарыг хууль бусаар хорьж алаг болгох санаа зорилго түүнд огт байгаагүй болох нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон дээр дурьдсан бичгийн баримтуудаар тогтоогдсон байдаг.

3. И, Х нар байранд нь амьдарч байх хугацаандаа байраа цэвэрлэхгүй, эд зүйлийг нь эвдэлсэн, ус цахилгааны төлбөрөө төлөөгүй байсан учраас уг байрыг бусдад зарах гэж байсан учраас цэвэрлэх, эвдсэн зүйлийг засах, байрны гэрэл цахилгааны мөнгийг тушаах зэрэг шаардлагыг тавьж ах шиг нь байдгийн хувьд зэмлэж гэрт нь орхисон байдаг. Энэ үед хаалганы түгжээ эвдэрснийг засуулж түлхүүрийг нь гэрт үлдээгээд явсан байдаг. Маргааш нь ирж тэдэнд мах оруулж өгөхөд мөн л тэд гэрээ цэвэрлээгүй, эвдсэн зүйлийг засаагүй байдаг. Ингээд Батхүү маргааш ирнэ гэж хэлээд явсан бөгөөд тэр өдөр Тэрэлж явж ажиллаад буцах гэтэл машинд нь эвдрэл гарч саатаад ирсэн байдаг. И, Х нар амьдарч байсан байрандаа чөлөөтэй амьдарч, амарч унтаж, хоол ундтай, бусадтай утсаар харилцаж ярьж холбогдож байсан бөгөөд гэрийн түлхүүрийг гэрт нь орхисон байсан учир гэрээс гарах, явах эрх нь ч хязгаарлагдаагүй чөлөөтэй байсан боловч тэд түлхүүр ашиглаагүй, тагтаар гарч хажуу айлд орж утсаар ярих зэргээр чөлөөтэй байсан байдаг. Өөрөөр хэлбэл тэд өөрсдийн амьдарч байсан гэртээ хэвийн амьдарч байсан байдаг. Тэдний Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасан халдашгүй чөлөөтэй байх хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан зүйл огт байхгүй байдаг. Хохирогч нь цагдаад гэртээ цоожлогдсон гэж мэдээлэл утсаар өгсөн мөртлөө тэр дороо хоорондоо учраа олсон, гомдол санал байхгүй, цагдаагийн байгууллагаар шалгуулахгүй гэж хүсэлт бичиж өгсөн баримт ч хэрэгт авагдсан байдаг. Эдгээр үйл баримт нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байхад шийтгэх тогтоолд Ш.Бг хүнийг хууль бусаар хорих гэмт хэргийг 2 хүний эсрэг үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангасан гэм буруутай болох нь тогтоогдсон гэж зөвхөн нэг талаас нь нотлох баримтыг үнэлж дүгнэж дүгнэлтэд нөлөөлөх дээрх нөхцөл байдлуудыг анхаарч үзэлгүй орхигдуулсан байна.

4. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...энэ гэмт хэргийн улмаас хохирогч нарт бодит хохирол учраагүй гэж дүгнэсэн байдаг. Тэгвэл Ш.Бг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл байна уу? Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно. Мөн зүйлийн 4 дэх хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэж тус тус заасан байдаг. Тэгвэл Ш.Б И, Х нарыг дүү шигээ санаж өөрсдийн амьдарч байсан гэрээ цэвэрлэх, эвдэлсэн эд зүйлийг засах, цахилгаан мөнгөө төлөх шаардлага тавьж зэмлэн үлдээсэн энэ үйлдлийн улмаас бодитой хохирол учраагүй гэж тогтоолд дүгнэсэн атлаа гэмт хэрэг үйлдсэн гэж Ш.Бд ял шийтгэл оногдуулж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Бодит байдал дээр тэд ээжтэйгээ холбогдож эгчтэйгээ утсаар ярьж, хажуу айл руугаа орж, хэвийн амьдарч хоол ундтай, гаргахыг хүсвэл түлхүүр нь гэрт нь байсан байхад /хаалгаа онгойлгоод гарах бүрэн боломжтой байсан/ нөхцөл байдалд байсан байхад Ш.Бг тэндийг хууль бусаар хорьсон гэж буруутгах, хохирол, хор уршиг учирсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Тийм ч учраас шүүх тогтоолд энэ гэмт хэргийн улмаас хохирогч нарт бодит хохирол учраагүй гэж дүгнэсэн гэж үзэж байна. Тэгсэн атлаа Ш.Бгийн үйлдлийн улмаас хохирол учраагүй юм бол түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж байгаа нь Эрүүгийн хуулийн дээрх заалтыг баримтлаагүй, хуулийг зөв хэрэглээгүй, хуульд нийцээгүй дүгнэлт хийсэн байна гэж үзэж болохоор байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн хохирол, хор уршиг гэж юуг хэлэх вэ? гэдгийг тодорхой заасан байдаг.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/714 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Ш.Бд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор С.Мөнхгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хавтас хэрэгт авагдсан хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтын хүрээнд тогтоогдсон баримтаас өөр байдлаар давж заалдах гомдлууд яригдаж байгаа тул хавтас хэрэгт авагдсан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор шүүх хэргийг шийдвэрлэдэг тул давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүгдэгчийн өмгөөлөгч хохирол, хор уршиг учраагүй тул гэмт хэрэг биш гэж ярьж байна. Тухайн хэргийн  хувьд хохирол, хор уршиг шаардахгүй байхаар хуульчилсан бөгөөд үйлдэл хийснээр төгсдөг. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хохирол, хор уршиг шаардахаар заасан. Шийтгэх тогтоолд тухайн гэмт хэрэг хэрхэн үйлдэгдсэн талаар дэлгэрэнгүй дүгнэж бичсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно гэх заалтыг зөрчсөнөөрөө гэмт хэрэг үйлдсэн гэж тодорхой дүгнэсэн гэж үзэж байна. Ш.Бгийн үйлдсэн гэмт хэрэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хангалттай нотлогдож тогтоогдсон. Анхан шатны шүүхээс түүний үйлдсэн хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хувийн байдалд нь тохирсон ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Ш.Бд холбогдох 1905011420148 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.    

 Ш.Б нь 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос улс руу эхнэр Д.Стай хамт явсан Б.Аыг “харлаж үлдэхээр зугтсан, түүнээс болж манай компани торгууль төлөх болоод байна, эхийгээ олж өг” гэх шалтгаанаар 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 76 дугаар байрны 57 тоотод 19 настай М.И, 25 настай М.Хнарыг буюу хоёр хүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийн шинжгүйгээр хууль бусаар хорьсон болох нь:

хохирогч М.Иийн “...2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 17 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хороонд байрлах 76 дугаар байрны гадна очиход манай гэр бүлийн амьдардаг байрны эзэн Ш.Б ах гадаа орцны үүдний тэнд зогсож байсан. Тэгээд цагаан сараар уг байрны өрөөний цонхны тавцанг нь манай ах Х санаандгүй хагалчихсан байсан болохоор Ш.Б ахаас жаахан айгаад пүтэгний ард зогсож байтал нааш ир гээд дуудсан. Тэгэхээр нь би Ш.Б ах дээр гүйгээд очтол Ш.Б ах миний куртикнээс татаад Оргил нэртэй дэлгүүр лүү чирч ороод өөрөө тамхи, ундаа авчихаад дэлгүүрээс гараад намайг Prado маркийн өөрийнхөө машинд хүчээр суулгаад машинаа цоожилсон. Тэгээд намайг дагуулаад цагдаагийн хэсэг явна, хоёр бандийг шоронд хатаагаад өгвөл ээж чинь Солонгос улсаас ирэхгүй хаачдаг юм гэж сүрдүүлсэн. Тэгтэл нөгөө цагдаагийн хэсгийн цагдаа нь хүлээж аваагүй. Тэгээд 17 цаг өнгөрч байх үед Ш.Б ах бид хоёр буцаад 76 дугаар байрны 57 тоот гэрт ирсэн. Гэрт ортол Ш.Б ах намайг гэрийнхээ эд хогшлуудыг хураа, гэрээ цэвэрлэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би юм хумаа хураагаад цэгцлээд байж байтал Х ах нээх их удалгүй гаднаас орж ирсэн. Тэгтэл Ш.Б ах Х ахын шанаа руу шууд алгадаад авсан. Х ах гайхаад яасан ах гэж асуутал танай ээж чинь манай эхнэртэй хамт Солонгос гарчихаад харлах гээд зугтсан байна, би тэрэнд нь торгууль төлөх болчихоод байна, та нар ээжийгээ Монголд ирүүл гэж хэлсэн. Тэгээд Ш.Б ах Х ахаар ээж рүү чат бич гээд чат бичүүлээд байсан. Юу гэж бичүүлсэнийг нь би мэдээгүй ээ. Ш.Б ах ээж чинь хоёр цагийн дотор Солонгосоос ирвэл бүх юм хуучиндаа орно гэж хэлчихээд гадагшаа гараад халив авчраад бүх өрөөний цонхнуудын ручикыг нь тайлж аваад онгойлгох боломжгүй болгосон. Тэгээд Ш.Б ах Х ах бид хоёрыг гаднаас нь цоожилчихоод маргааш өглөө ирнэ, ээжийгээ Солонгосоос иртэл эндээс гарахгүй гэж хэлээд явсан. Тэгээд Ш.Б ах маргааш нь ирээд балкон дээрээс мах авч өгчихөөд дахиад цоожлоод явсан. Тэгээд 3 дугаар сарын 01-ний өглөө хажуу айлын балкон дээр хүн гарч ирэхээр нь утсыг нь гуйж яриад хамаатны эгч Урнаа руу ярьж дуудсан. Урнаа эгч 3 дугаар сарын 01-ний өглөө 01 цаг өнгөрч байхад ирээд Ш.Б ах руу залгаад байрыг онгойлгуулсан. Тэгээд шууд цагдаа дээр ирсэн. ...” /хх 32-33/, “...2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тус байрнаас гарч чадахгүй, хоригдсон. Манай ээжийг Солонгос улсад очоод зугтаачихлаа гэсэн шалтгаанаар Х бид хоёрыг гаднаас түгжсэн. ...” /хх 34-35/,

хохирогч М.Хын “...Би 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр өөрийн амьдарч байсан гэр болох Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 76 дугаар байрны 57 тоотоос өөрийн notebook-ээ засуулахаар өглөө 10 цагийн үед гарсан юм. ... Би дөнгөж орж иртэл ээж чинь хаана байна гэж хэлээд намайг цохиод авсан юм. Ш.Б манай дүү Итийн утсыг надад өгөөд яг одоо ээжтэйгээ холбоо бариадах, ээж чинь Солонгост очоод манай эхнэрээс зугтчихлаа гэсэн юм. Тэгээд би дүүгийн утсаар facebook ороод мессэнжирээр ээжтэй холбоо барьсан юм. Би ээжид хандаж та хаана байгаа юм бэ, яаралтай цуг явж байгаа захирал руугаа оч гэж хэлэхэд ээж нь метронд суугаад явж байна 20 минутын дараа гэхэд оччих байх гэж надад хэлсэн. Орой 21 цагийн үед Ш.Б ээж чинь ямар ч байсан ирсэн байна. Гэхдээ иртэл нь гаргахгүй гэж хэлээд notebook утас зэргийг хурааж аваад гаднаас түгжээд яваад өгсөн юм. ...Ш.Б миний шанаан тус газар гараараа 1 удаа цохисон. Одоо надад ямар нэг гэмтэл бэртэл учраагүй. 2019 оны 02 дугаар сарын 27-ноос 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хорьсон юм. Миний оршин сууж байсан 76 дугаар байрны 257 тоотод хорьсон бөгөөд надад гэрийн түлхүүр угаасаа байхгүй. Гэрийн хаалга кодоор онгойдог хаалгатай. Тэр үед Ш.Б гэрийн хаалгыг түлхүүрээр цоожлоод бүх цонхны бариулыг аваад явсан юм. 2019 оны 02 дугаар сарын 28-ны орой хажуу айлын тагтаар дамжиж ороод эгч Уранчимэгтэй ярьсан юм. Манай эгч Уранчимэг ирээд хажуу айлаар дамжаад надад нэг утас өгөөд явсан. 2019 оны 3 дугаар сарын 01-ний өглөө 102 утсаар цагдаа дуудсан. Тэгээд удалгүй цагдаа ирээд араас нь Ш.Б ирээд бид хоёрыг гаргасан юм. Цонхоо хүчтэй татаад онгойлгоод хажуу айлын тагт руу гарсан юм. Тэр үед гараад явчихвал янз бүрийн асуудал гарах юм болов уу гэж бодоод хажуу айлаар дамжаад гараагүй юм. ...” /хх 39-40/, “...Манай ээж Амарсайхан Ш.Бгийн компанид ажилладаг юм. 2019 оны 02 дугаар сарын сүүлээр манай ээж Ш.Бгийн эхнэртэй хамт Бүгд найрамдах Солонгос улс руу явсан. Тэгээд би дүү Иттэй хамт Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 76 дугаар байр 57 тоотод үлдсэн. Тус байр нь Ш.Бгийн эзэмшлийн байр юм. Манайх түр хугацаагаар оршин сууж байсан. 2019 оны 02 дугаар сарын 27-ны өглөө гэрээсээ гараад гадуур явж байгаад 18 цагийн үед гэртээ ирэхэд Ш.Б гэрт ирчихсэн байсан. Тэгээд танай ээж чинь Солонгос Улсад очоод зугтчихлаа гэж хэлээд дүү бид хоёрыг ээжтэйгээ холбоо барь гэж хэлэхээр нь би ээж Амарсайханы facebook чат руу чат бичихэд орой 21 цагийн үед манай ээж найздаа юм хүргэж өгчихөөд буцаад буудал руугаа очих гээд метронд явж байна гэж хариу чат илгээсэн. Би Ш.Бд энэ талаар хэлэхэд за гэж хэлээд гэрийн цонхны түгжээнүүдийг тайлж аваад утас, notebook зэргийг маань аваад хаалга түгжээд гараад явсан. И бид хоёр гэрээс гарч чадахгүй 2 шөнө, 3 өдөр байсан. ...” /хх 41-42/,

гэрч Б.Аы “...Сансармаа захирал бид хоёр 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Солонгос улс руу явсан. Тэнд очоод буудалд байрласан бөгөөд 02 дугаар сарын 27-ны орой буудалд байж байгаад Сансармаа захирал бид хоёр бага зэрэг муудалцсан. Тэгэхээр нь би Солонгост байгаа найз Саруулдаваатай уулзах гээд Сансармаа захирлыг орхиод явсан. Тэгээд би 02 дугаар сарын 28-ны өглөө найзтайгаа уулзах гээд Сансармаа захиралд юм хэлэлгүй гараад явсан. Тэгтэл Сансармаа захирал намайг харлах гээд зугтчихлаа гэж ойлгосон юм шиг байна лээ. Энэ тухай Сансармаа захирал нөхөр Ш.Бд хэлээд Ш.Б захирал манай хоёр хүүхдийг барьцаалсан. Х намайг буцаад хурдан очооч, бид хоёр барьцаалагдчихлаа гэж хэлсэн байсан. Тэгэхээр нь би найзтайгаа ч уулзаж амжаагүй буцаад Сансармаа захирал дээр очсон. Тэгээд Сансармаа захирал бид хоёр 03 дугаар сарын 01-ний орой Монголд ирсэн...” /хх 44/,

гэрч Ч.Уранчимэгийн “...2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр орой 19 цаг өнгөрч байхад Х хүн гуйж гар утсаар нь над руу яриулсан. Тэр хүн нь Х гэдэг хүүхэд хажуу айлын балконоос тань руу яриад өгөөч гээд гуйгаад байна, тэнд цоожлогдоод 1 хонож байгаа гэсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээсээ гараад Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 76 дугаар байрны 57 тоотын үүдэнд очтол манай үеэл дүү М.Х, М.И нар гаднаасаа үнэхээр цоожлогдсон байсан. Тэгээд Хтой хаалганы наана цаанаас ярилцаж болохгүй байсан болохоор Х хаалганы дуранг нь авч байгаад надтай ярилцсан. Тэр үед Х хэлэхдээ ээж Солонгост нэг тийшээ явчихсан юм шиг байна. Тэгсэн чинь захирал нь Ит бид хоёрыг ээжийгээ олж өг, ээжийг чинь ирэхээс нааш гэрээс гарахгүй гэсэн гэж хэлж байсан. Тэгээд би буцаад гэртээ очоод Хыг холбоо барих юмтай байлгая гэж бодоод Хт хажуу айлынх нь балконоор дамжуулж гар утас өгүүлсэн. Харин 3 дугаар сарын 01-ний өдөр намайг ажил дээр байж байхад Х над руу залгаад аав өнгөрсөн гэнээ, бид хоёрыг гаргаад өгөөч гэж хэлэхээр нь би гэрийнх нь гадна очоод СӨХ рүү нь орж Ш.Бгийн утасны дугаарыг олж залгаад энэ 2 хүүхдийг гаргаад өгөөч, аав нь өнгөрсөн байна гэж хэлтэл эхлээд за тэгье гэж хэлснээ буцааж залгаад ерөөсөө наад хоёр хүүхдийг чинь гаргахгүй, та нар зугтаах оролдлого хийж байна, ээжийг нь Монгол руу онгоцонд суусны дараа наад хоёрыг чинь гаргана гэж хэлсэн. Тухайн үед би Ш.Б гэдэг хүнд нь хандаад болохгүй бол оронд нь би байж байя гэж хэлээд ч зөвшөөрөөгүй ээ. Тэгэхээр нь би арга ядаад цагдаагийн байгууллагын дугаарын утсанд дуудлага өгсөн. Нээх их удалгүй цагдаа нар ирсэн ба Ш.Б ч гэсэн ирээд Х, Ит нарыг сулласан...” /хх 45/,

гэрч Б.Дэлгэрхангайгийн “...Би 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр өөрийн ажил болох Баянгол дүүргийн 17 дугаар хорооны байранд /хэсгийн байцаагч/ сууж байхад гаднаас танай хорооны иргэн байна гэж хэлээд 40 орчим насны эрэгтэй нэг залуугийн хамт орж ирсэн. Тэгээд орж ирээд манай эхнэр энэ залуугийн ээжтэй хамт Солонгос явсан юм. Тэгээд тэндээ очоод манай эхнэрийг хаяад явсан байна, одоо энэ хэд ээжийгээ хаана байгааг хэлэхгүй зугтаагаад байна, энэ хүний ээж нь гэх Амараа гэгч нь уг нь манай компанийн нэр дээр визээ мэдүүлж аялалын журмаар явсан. Тэндээ очоод манай эхнэрийг буудалд үлдээгээд зугтаасан. Одоо энэ Амарааг олохгүй бол манай компаниас хамаг мөнгө бусад зүйлс гарах гээд байгаа гэхээр нь та үнэхээр гэмт хэргийн шинж байна гэж байвал манай дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл гаргаж өг гэж хэлсэн юм...” /хх 46/ гэх мэдүүлгүүд зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ. 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч Ш.Бгийн “Солонгос улсад ээж Б.А чинь харлаж үлдэхээр зугтсан, түүнээс болж манай компани торгууль төлөх болоод байна, эхийгээ олж өг” гэх шалтгаанаар 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 76 дугаар байрны 57 тоотод 19 настай М.И, 25 настай М.Хнарыг буюу хоёр хүнийг хууль бусаар хорьсон үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлд заасан “...Хүний хүчээр алга болгох...” гэмт хэргийн 3 дахь хэсгийн 3.2-д заасан “...Хүнийг хууль бусаар хорьсон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийн шинжгүй ...гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүний эсрэг үйлдсэн...” гэсэн шинжийг бүрэн агуулсан байх ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн хэргийн талаар хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-д “...хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж зааснаас шүүгдэгч Ш.Бг тус зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ болох 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн арга, нөхцөл байдал, түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанарын хэр хэмжээнд тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлд “...Хүнийг хууль бусаар хорьсон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийн шинжгүй...” үйлдлийг гэмт хэрэг гэж тооцох хууль зүйн үндэслэлтэй.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлд заасан “Хүнийг хүчээр алга болох” гэмт хэргээр хамгаалж буй хүний эрх нь тус хуулийн арван гуравдугаар бүлгээр хамгаалагдаж буй “Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх”.

Гэтэл Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасан “...Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл журмаас гадуур хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. ...” гэж заасанг зөрчиж, 19 настай иргэн М.И, 25 настай иргэн М.Хнарын бусадтай харилцах холбоо харилцааны хэрэгслүүдийг нь хураан авч гадагшаа харилцах боломжгүй болгож, тухайн хүмүүсийг амьдарч буй байранд нь цоожилж гадагшаа гарах боломжгүй болгож ажилд нь явуулахгүй, бусадтай уулзуулахгүй байхаар тооцож байрыг цоожилсон шүүгдэгч Ш.Бгийн үйлдлийг “Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх”-д халдсан хүнийг хууль бусаар хорьсон үйлдэл гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлд заасан “Хүнийг хүчээр алга болох” гэмт хэрэгт гэм буруутайд тооцно.

Иймд шүүгдэгч Ш.Бгийн гаргасан, мөн түүний өмгөөлөгч А.Энхтөр, Б.Баднайсүрэн нарын хамтран гаргасан, өмгөөлөгч Ц.Ичинхорлоогийн гаргасан “...хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/714 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.Б, түүний өмгөөлөгч А.Энхтөр, Б.Баднайсүрэн, Ц.Ичинхорлоо нарын гаргасан гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.БАТСАЙХАН

              ШҮҮГЧ                                                          Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

              ШҮҮГЧ                                                          Д.ОЧМАНДАХ