Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 714

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

   Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч  Б.Баярхүү,

шүүгдэгч Ш.Б түүний өмгөөлөгч А.Энхтөр, Б.Баднайсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокуроос Ш.Б д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905011420148 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1979 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, ***ХХК-ний ерөнхий захирал, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ... дүүргийн ... дугаар хороо ... дүгээр хороолол .... тоотод оршин суух, ... дүүргийн ... дугаар хороо .... гудамж ... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Ш.Б . /РД:......../

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Ш.Б нь 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос улс руу эхнэр Д.Сансармаатай хамт явсан Б.Амарсайханыг “харлаж үлдэхээр зугтсан, түүнээс болж манай компани торгууль төлөх болоод байна, эхийгээ олж өг” гэх шалтгаанаар 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Баянгол дүүргийн 17 дугаар хороо 76 дугаар байрны 57 тоотод М.Итгэлт, М.Хонгор нарыг буюу 2 хүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийн шинжгүйгээр хууль бусаар хорьж хүчээр алга болгосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Б мэдүүлэхдээ: “Хохирогч гэгдэх Итгэл, Хонгор нарыг би дотно таньдаг. Ээж Амарсайхан нь манай компанид анх үйлчлэгчээр ажилладаг байсан. Бид нар тусалж дэмжиж сүүлдээ менежерээр дэвшүүлэн ажиллуулсан. Манай компаниас ажилчидынхаа боломж бололцоог харж үзэн Солонгос улс руу авч явсан юм. Солонгос улс руу явах барьцааны мөнгө замын зардал, унаа хоолны мөнгө зэргийг бүгдийг манайх гаргаж авч явсан. Энэ шийдвэрийг гаргахдаа 2, 3 жил харж байж шийдсэн. Баянгол дүүргийн 14 дүгээр хороо 76 дугаар байрны 57 тоот хаягтай орон сууц нь манай байр, зарах гээд үл хөдлөх зуулчлалын газартай гэрээ хийсэн байсан. Бид нар орох оронгүй энд тэнд таран айлаар амьдарч байхад нь төлбөр авахгүйгээр байр зарагдтал түр хугацаанд Амарсайхан түүний хоёр хүүхэд болох Итгэл Хонгор нарыг амьдруулсан. Би тэд нарт ганц л нөхцөл тавьсан байсан. Хүн очиж байр үзэхэд цэвэрхэн байх ёстой гэсэн. Цонх, хаалгыг түгжиж тэдний хэрэглэдэг юмнуудыг хүчээр авсан үйлдэл байхгүй. Хаалганы цоож эвдэрсэн байсныг хэвийн болгож сольсон. Эвдэрсэн байсан зүйлүүдийг янзлаарай гэж хэлсэн. Хэрэг болох материал бүх зүйл нь бэлэн байсан. Би хүнд аль болох тусалж дэмжиж байсан юм. Одоо хууль бус болоод ийм байдал хүрчихдэг юм байна” гэв.

    Шүүгдэгч Ш.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан “Хүнийг хууль бусаар хорьсон гэмт хэргийг хоёр хүний эсрэг үйлдсэн” болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

          Хохирогч М.Итгэлтийн “2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 17 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хороонд байрлах 76 дугаар байрны гадна очиход манай гэр бүлийн амьдардаг байрны эзэн Ш.Б ах гадаа орцны үүдний тэнд зогсож байсан. Тэгээд цагаан сараар уг байрны өрөөний цонхны тавцанг нь манай ах Хонгор санаандгүй хагалчихсан байсан болохоор Ш.Б ахаас жаахан айгаад пүтэгний ард зогсож байтал нааш ир гээд дуудсан. Тэгэхээр нь би Ш.Б ах дээр гүйгээд очтол Ш.Б ах миний куртикнээс татаад Оргил нэртэй дэлгүүр лүү чирч ороод өөрөө тамхи, ундаа авчихаад дэлгүүрээс гараад намайг Prado маркийн өөрийнхөө машинд хүчээр суулгаад машинаа цоожилсон. Тэгээд намайг дагуулаад цагдаагийн хэсэг явна, хоёр бандийг шоронд хатаагаад өгвөл ээж чинь Солонгос улсаас ирэхгүй хаачдаг юм гэж сүрдүүлсэн. Тэгтэл нөгөө цагдаагийн хэсгийн цагдаа нь хүлээж аваагүй. Тэгээд 17 цаг өнгөрч байх үед Ш.Б ах бид хоёр буцаад 76 дугаар байрны 57 тоот гэрт ирсэн. Гэрт ортол Ш.Б ах намайг гэрийнхээ эд хогшлуудыг хураа, гэрээ цэвэрлэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би юм хумаа хураагаад цэгцлээд байж байтал Хонгор ах нээх их удалгүй гаднаас орж ирсэн. Тэгтэл Ш.Б ах Хонгор ахын шанаа руу шууд алгадаад авсан. Хонгор ах гайхаад яасан ах гэж асуутал танай ээж чинь манай эхнэртэй хамт Солонгос гарчихаад харлах гээд зугтсан байна, би тэрэнд нь торгууль төлөх болчихоод байна, та нар ээжийгээ Монголд ирүүл гэж хэлсэн. Тэгээд Ш.Б ах Хонгор ахаар ээж рүү чат бич гээд чат бичүүлээд байсан. Юу гэж бичүүлсэнийг нь би мэдээгүй ээ. Ш.Б ах ээж чинь хоёр цагийн дотор Солонгосоос ирвэл бүх юм хуучиндаа орно гэж хэлчихээд гадагшаа гараад халив авчраад бүх өрөөний цонхнуудын ручикыг нь тайлж аваад онгойлгох боломжгүй болгосон. Тэгээд Ш.Б ах Хонгор ах бид хоёрыг гаднаас нь цоожилчихоод маргааш өглөө ирнэ, ээжийгээ Солонгосоос иртэл эндээс гарахгүй гэж хэлээд явсан. Тэгээд Ш.Б ах маргааш нь ирээд балкон дээрээс мах авч өгчихөөд дахиад цоожлоод явсан. Тэгээд 03 дугаар сарын 01-ний өглөө хажуу айлын балкон дээр хүн гарч ирэхээр нь утсыг нь гуйж яриад хамаатны эгч Урнаа руу ярьж дуудсан. Урнаа эгч 03 дугаар сарын 01-ний өглөө 01 цаг өнгөрч байхад ирээд Ш.Б ах руу залгаад байрыг онгойлгуулсан. Тэгээд шууд цагдаа дээр ирсэн.

          ... Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй ээ. Хонгор ах бид хоёр Ш.Б ахад хураалгасан эд зүйлсээ бүгдийг нь бүрэн бүтэн хүлээж авсан. ...” гэсэн мэдүүлэг, /хэргийн 32-33 дугаар хуудас/

          “...2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тус байрнаас гарч чадахгүй, хоригдсон. Манай ээжийг Солонгос улсад очоод зугтаачихлаа гэсэн шалтгаанаар Хонгор бид хоёрыг гаднаас түгжсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 34-35 дугаар хуудас/

 

          Хохирогч М.Хонгорын “Би 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр өөрийн амьдарч байсан гэр болох Баянгол дүүргийн 17 дугаар хороо 76 дугаар байрны 57 тоотоос гараад өөрийн notebook-ээ засуулахаар өглөө 10 цагийн үед гарсан юм.

          ... Би дөнгөж орж иртэл ээж чинь хаана байна гэж хэлээд намайг цохиод авсан юм. Ш.Б манай дүү Итгэлтийн утсыг надад өгөөд яг одоо ээжтэйгээ холбоо бариадах, ээж чинь Солонгост очоод манай эхнэрээс зугтчихлаа гэсэн юм. Тэгээд би дүүгийн утсаар facebook ороод мессэнжерээр ээжтэй холбоо барьсан юм. Би ээжид хандаж та хаана байгаа юм бэ, яаралтай цуг явж байгаа захирал руугаа оч гэж хэлэхэд ээж нь метронд суугаад явж байна 20 минутын дараа гэхэд оччих байх гэж надад хэлсэн. Орой 21 цагийн үед Ш.Б ээж чинь ямар ч байсан ирсэн байна. Гэхдээ иртэл нь гаргахгүй гэж хэлээд notebook утас зэргийг хурааж аваад гаднаас түгжээд яваад өгсөн юм.

          ... Ш.Б миний шанаан тус газар гараараа 1 удаа цохисон. Одоо надад ямар нэг гэмтэл бэртэл учраагүй. 2019 оны 02 дугаар сарын 27-ноос 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хорьсон юм. Миний оршин сууж байсан 76 дугаар байрны 257 тоотод хорьсон бөгөөд надад гэрийн түлхүүр угаасаа байхгүй. Гэрийн хаалга кодоор онгойдог хаалгатай. Тэр үед Ш.Б гэрийн хаалгыг түлхүүрээр цоожлоод бүх цонхны бариулыг аваад явсан юм. 2019 оны 02 дугаар сарын 28-ны орой хажуу айлын тагтаар дамжиж ороод эгч Уранчимэгтэй ярьсан юм. Манай эгч Уранчимэг ирээд хажуу айлаар дамжаад надад нэг утас өгөөд явсан. 2019 оны 03 дугаар сарын 01-ний өглөө 102 утсаар цагдаа дуудсан. Тэгээд удалгүй цагдаа ирээд араас нь Ш.Б ирээд бид хоёрыг гаргасан юм. Цонхоо хүчтэй татаад онгойлгоод тэгээд хажуу айлын тагт руу гарсан юм. Тэр үед гараад явчихвал янз бүрийн асуудал гарах юм болов уу гэж бодоод хажуу айлаар дамжаад гараагүй юм. ...” гэсэн мэдүүлэг, /хэргийн  39-40 дүгээр хуудас/

          “Манай ээж Амарсайхан Ш.Ш.Бгийн компанид ажилладаг юмаа. 2019 оны 02 дугаар сарын сүүлээр манай ээж Ш.Бгийн эхнэртэй хамт Бүгд найрамдах Солонгос улс руу явсан. Тэгээд би дүү Итгэлттэй хамт Баянгол дүүргийн 17 дугаар хороо 76 дугаар байр 57 тоотод үлдсэн. Тус байр нь Ш.Ш.Бгийн эзэмшлийн байр юмаа. Манайх түр хугацаагаар оршиж сууж байсан. 2019 оны 02 дугаар сарын 27-ны өглөө гэрээсээ гараад гадуур явж байгаад 18 цагийн орчимд гэртээ ирэхэд Ш.Б гэрт ирчихсэн байсан. Тэгээд танай ээж чинь Солонгос Улсад очоод зугтчихлаа гэж хэлээд дүү бид хоёрыг ээжтэйгээ холбоо барь гэж хэлэхээр нь би ээж Амарсайханы facebook чат руу чат бичихэд орой 21 цагийн орчимд манай ээж найздаа юм хүргэж өгчихөөд буцаад буудал руугаа очих гээд метронд явж байна гэж хариу чат илгээсэн. Би Ш.Бд энэ талаар хэлэхэд за гэж хэлээд гэрийн цонхны түгжээнүүдийг тайлж аваад утас, notebook зэргийг маань аваад хаалга түгжээд гараад явсан. Итгэл бид хоёр гэрээс гарч чадахгүй 2 шөнө, 3 өдөр байсан. 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр тагтны цонхыг түлхэж онгойлгоод хажуу айл руу тагтаар нь дамжиж ороод бусдад мэдэгдэж цагдаагийн байгууллагад хандсан. Дүү бид хоёр Ш.Бгээс өөрийнхөө эд зүйлсийг бүгдийг нь авсан. Гэрийнхээ хаалгыг онгойлгоод гарах боломжгүй. Хаалга нь кодоор онгойдог учраас дотроос онгойлгох түлхүүр байгаагүй тул онгойлгож чадаагүй. Би гомдолтой байна. Намайг тэдний гэрт гарч чадахгүй байх хугацаанд миний аав Мөнхболдын биеийн байдал муудаж 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр нас барсан. Би гэрээс гарч чадаагүйн улмаас аавтайгаа уулзаж чадаагүй. Сэтгэл санааны хувьд хохирол учирсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 41-42 дугаар хуудас/

 

          Гэрч Б.Амарсайханы “Би Ш.Б захиралтай Сунно Интэрнэйшнл ХХК-д 2013 оноос менежерээр ажиллаж байгаа. Ш.Бгийн эхнэр Сансармаа захирал 2018 оны 10 дугаар сарын үеэр чи Солонгос улс руу 3 сарын хугацаатай аялалын визээр гарч амьдрал ахуйгаа дээшлүүлвэл яасан юм бэ гэж санал болгосон. Тэгээд Сансармаа захиралтай ярилцаж байгаад 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Солонгосын визинд орсон. Тухайн үед Сансармаа захирал бид хоёр хамт визинд орсон бөгөөд бид хоёрын виз 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гарсан. Тэгээд явахаасаа өмнө Сансармаа захирал энд ажил хэцүүдлээ тийм учраас хоёулаа 7 хоног аялаад л ирье гэж хэлсэн. Тэгэхээр нь би мөнгө төгрөгний асуудалтай байна, Солонгос ажиллана гээд хүмүүсээс мөнгө зээлээд визинд орчихсон гэж хэлтэл Сансармаа захирал одоо өнгөрсөн, аялаад л ирье гэж Сансармаа захирал хэлсэн. Тэгээд Сансармаа захирал бид хоёр 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Солонгос улс руу явсан. Тэнд очоод буудалд байрласан бөгөөд 02 дугаар сарын 27-ны орой буудалд байж байгаад Сансармаа захирал бид хоёр бага зэрэг муудалцсан. Тэгэхээр нь би Солонгост байгаа найз Саруулдаваатай уулзах гээд Сансармаа захирлыг орхиод явсан. Тэгээд би 02 дугаар сарын 28-ны өглөө найзтайгаа уулзах гээд Сансармаа захиралд юм хэлэлгүй гараад явсан. Тэгтэл Сансармаа захирал намайг харлах гээд зугтчихлаа гэж ойлгосон юм шиг байна лээ. Энэ тухай Сансармаа захирал нөхөр Ш.Бд хэлээд  Ш.Б захирал манай хоёр хүүхдийг барьцаалсан. Хонгор намайг буцаад хурдан очооч, бид хоёр барьцаалагдчихлаа гэж хэлсэн байсан. Тэгэхээр нь би найзтайгаа ч уулзаж амжаагүй буцаад Сансармаа захирал дээр очсон. Тэгээд Сансармаа захирал бид хоёр 03 дугаар сарын 01-ний орой Монголд ирсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 44 дүгээр хуудас/

 

          Гэрч Ч.Уранчимэгийн “2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр орой 19 цаг өнгөрч байхад Хонгор хүн гуйж гар утсаар нь над руу яриулсан. Тэр хүн нь Хонгор гэдэг хүүхэд хажуу айлын балконоос тань руу яриад өгөөч гээд гуйгаад байна, тэнд цоожлогдоод 1 хонож байгаа гэсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээсээ гараад Баянгол дүүргийн 17 дугаар хороонд байрлах 76 дугаар байрны 57 тоотын үүдэнд очтол манай үеэл дүү М.Хонгор, М.Итгэлт нар гаднаасаа үнэхээр цоожлогдсон байсан. Тэгээд Хонгортой хаалганы наана цаанаас ярилцаж болохгүй байсан болохоор Хонгор хаалганы дуранг нь авч байгаад надтай ярилцсан. Тэр үед Хонгор хэлэхдээ ээж Солонгост нэг тийшээ явчихсан юм шиг байна, тэгсэн чинь захирал нь Итгэлт бид хоёрыг ээжийгээ олж өг, ээжийг чинь ирэхээс нааш гэрээс гарахгүй гэсэн гэж хэлж байсан. Тэгээд би буцаад гэртээ очоод Хонгорыг холбоо барих юмтай байлгая гэж бодоод Хонгорт хажуу айлынх нь балконоор дамжуулж гар утас өгүүлсэн. Харин 03 дугаар сарын 01-ний өдөр намайг ажил дээр байж байхад Хонгор над руу залгаад аав өнгөрсөн гэнээ, бид хоёрыг гаргаад өгөөч гэж хэлэхээр нь би гэрийнх нь гадна очоод СӨХ рүү нь орж Ш.Бгийн утасны дугаарыг олоод өөр лүү нь залгаад энэ 2 хүүхдийг гаргаад өгөөчээ, аав нь өнгөрсөн байна гэж хэлтэл эхлээд за тэгье гэж хэлснээ буцааж залгаад ерөөсөө наад хоёр хүүхдийг чинь гаргахгүй, та нар зугтаах оролдлого хийж байна, ээжийг нь Монгол руу онгоцонд суусны дараа наад хоёрыг чинь гаргана гэж хэлсэн. Тухайн үед би Ш.Б гэдэг хүнд нь хандаад болохгүй бол оронд нь би байж байя гэж хэлээд ч зөвшөөрөөгүй ээ. Тэгэхээр нь би арга ядаад цагдаагийн байгууллагын дугаарын утсанд дуудлага өгсөн. Нээх их удалгүй цагдаа нар ирсэн ба Ш.Б ч гэсэн ирээд Хонгор, Итгэлт нарыг сулласан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 45 дугаар хуудас/

 

          Гэрч Б.Дэлгэрхангайгийн “Би 2019 оны 02 дугаарс арын 27-ны өдөр өөрийн ажил болох Баянгол дүүргийн 17 дугаар хорооны байран дээр /хэсгийн байцаагч/ сууж байхад гаднаас танай хорооны иргэн байна гэж хэлээд 40 орчим насны эрэгтэй нэг залуугийн хамт орж ирсэн. Тэгээд орж ирээд манай эхнэр энэ залуугийн ээжтэй хамт Солонгос явсан юм. Тэгээд тэндээ очоод манай эхнэрийг хаяад явсан байна, одоо энэ хэд ээжийгээ хаана байгааг хэлэхгүй зугтаагаад байна, энэ хүний  ээж нь гэх Амараа гэгч нь уг нь манай компанийн нэр дээр визээ мэдүүлж аялалын журмаар явсан. Тэндээ очоод манай эхнэрийн буудалд нь үлдээгээд зугтаасан. Одоо энэ Амарааг олохгүй бол манай компаниас хамаг мөнгө бусад зүйлс гарах гээд байгаа гэхээр нь та үнэхээр гэмт хэргийн шинж байна гэж байвал манай дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл гаргаж өг гэж хэлсэн юм” гэсэн мэдүүлэг. /хэргийн 46 дугаар хуудас/

  Шүүгдэгч Ш.Ш.Бгийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “ ... 2019 онд Амарсайханы нийгмийн даатгалыг компаний зүгээс төлж бүх зардлыг дааж эхнэртэйгээ хамт богино хугацааны виз гаргуулж 2019 оны 20 дугаар сарын 25-ны орчим Солонгос улс руу эхнэртэйгээ хамт явуулсан. Амарсайхан нь Солонгос улсад очоод 2 хоног гадуур явж аль болох сайхан гэх зүйлийг манай эхнэртэй хамт явж үзсэн. Тэгээд эхнэрийг буудалдаа усанд ороод гарч ирэхэд Амарсайхан буудлын өрөөнөөс өөрийнхөө хувцасыг торонд хийгээд гараад явсан байсан. Тэгээд манай эхнэр сандраад над руу холбогдож хэлсэн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 71 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар  нотлогдон тогтоогдсон байна.

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

          Шүүгдэгч Ш.Б нь хохирогч М.Итгэлт, М.Хонгор нарыг “ээж нь Бүгд Найрамдах Солонгос улсад хууль бусаар үлдсэн” шалтгаанаар 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Баянгол дүүргийн 17 дугаар хороо 76 дугаар байрны 57 тоот орон сууцанд тэдгээрийг хоёр хоногийн хугацаанд хууль бусаар хорьсон нь үйл баримт дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон гэж шүүх үзэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дах заалтад “Хүн халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч ... хорих, ... эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно.” гэж заасан байдаг.

Үндсэн хуульд заасан хүний эрхийг баталгаатай хэрэгжүүлэх, уг эрх нь зөрчигдөхөөс сэргийлэх зорилгоор хууль тогтоогч Эрүүгийн хуульд “Хүнийг хүчээр алга болгох” гэмт хэргийг хуульчилсан байна.

Энэ гэмт хэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргээс ялгагдах шинж нь гэмт хэргийн субьект албан тушаалтан бус байдгаараа ялгаатай байдаг.

Шүүгдэгч Ш.Б нь хувийн шалтгаанаар хоёр хүнийг хууль бусаар хорьсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан буюу “Хүнийг хууль бусаар хорих гэмт хэргийг хоёр хүний эсрэг үйлдсэн” гэсэн гэмт хэргийн шинжийг хангасан бөгөөд түүний гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Шүүгдэгч Ш.Ш.Бгийн бусдыг хууль бусаар хорьсон үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна гэж дүгнэв.

Хэдийгээр шүүгдэгч Ш.Б “ ... Миний хувьд Амарсайханыг өөрийнхөө байранд үнэ төлбөргүй байлгасан шалтгаан нь Амарсайханд орох орон байхгүй, өмнө нь амьдарч байсан айл нь шөнө гэрээсээ хөөж гаргасан гэж надад хэлсэн учир өрөвдөөд туслъя гэж бодоод гэртээ байлгасан” гэж, /хэргийн 72 дугаар  хуудас/ гэрч Д.Сансармаа “ ... Амарсайхан манай гэрийг нүүлгэлцэж өгөхдөө надад хандаж очих газар байхгүй, одоо амьдарч байгаа айл хэцүү байна гэж хэлэхээр нь би өрөвдөөд нөхөртэйгээ зөвлөлдөж өөрийнхөө гэрт түр хугацаагаар үнэ төлбөргүй байлгасан. ... Амарсайхан надтай хамт Солонгос улсад очоод надад хандаж би өдий олон жил гурван хүүхэдтэйгээ хамт амьдарч үзээгүй. Энэ удаа та хоёрын ачаар гэр бүлийн хамт анх удаагаа паартай байшинд өвөлжлөө баярлалаа гэж хэлж байсан. Амарсайханыг гэр бүлийнхэнтэй нь хамт хамгийн их дэмжиж туслаж байсан хүн нь манай нөхөр Ш.Б юм” гэж /хэргийн 56 дугаар хуудас/ мөрдөн шалгах явцад мэдүүлсэн, түүнчлэн хохирогч нарын “бидэнд ямарч хохирол учраагүй, мөн Ш.Б ахын биднийг бидний амьдарч байсан орон сууцанд түгжсэн, олон жил ах хүн шиг тусалж, дэмжиж явсан байдал, биднийг түгжихдээ санаатай биш дотны хүмүүс гэж найдан үйлдэл гаргасан зэргийг харгалзан үзэж түүнд холбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж шүүхэд хүсэлт гаргасан боловч дээрх нөхцөл байдлууд нь Ш.Ш.Бгийн үйлдсэн гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдалд хамаарахгүй юм.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нарт бодит хохирол учраагүй, хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Ш.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй байна.

Шүүхээс шүүгдэгч Ш.Ш.Бг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогч нарт хохирол, хор уршиг учраагүй зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэргийн ялын доод хэмжээ болох 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаантай тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан “хорих ялыг хөнгөрүүлэх” боломжгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан “Хүнийг хууль бусаар хорьсон гэмт хэргийг хоёр хүний эсрэг үйлдсэн“ гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар Ш.Б г 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ш.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ш.Б баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар Ш.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ