Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2

 

Ш.Б д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч Ш.Б-н өмгөөлөгч Ж.Болдбаатар, Н.Ичинхорлоо, Б.Баднайсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 714 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 1259 дүгээр магадлалтай, Ш.Б-д холбогдох 1905 0114 20148 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгчид болон хохирогч нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Ш.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ц овогт Ш.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан “Хүнийг хууль бусаар хорьсон гэмт хэргийг хоёр хүний эсрэг үйлдсэн“ гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар Ш.Б-г 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ш.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ш.Б баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ш.Б гаргасан гомдолдоо “... анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд тус тус гомдол гаргаж байна.

Миний бие өнөөдрийг хүртэл гэм буруугийн тал дээр ямар нэгэн тодорхой тайлбар хэлэхгүй байсан учир нь миний сонгон авсан, мөрдөн байцаалтын шатнаас явсан өмгөөлөгч А.Энхтөр нь надад тайлбарлахдаа “Таны хийсэн үйлдэл бол гэмт хэрэг биш бөгөөд та гэм буруугаа хүлээвэл таны эрх зүйн байдал дордоно” гэх зөвлөгөө анхнаасаа өгч байсан болно.

Тэгэхээр би хуульч хүн биш болохоор өөрийн сонгон авсан өмгөөлөгчийн зөвлөгөөг дагаж өнөөдрийг хүртэл энэхүү явдлын талаар маргаж ирсэн боловч одоо Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 714 дүгээр шийтгэх тогтоол болон давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 1259 дүгээр магадлалаар намайг гэм буруутайд тооцсон шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байна. Миний дээрх үйлдсэн үйлдэл буюу М.И, М.Х  нарын амьдруулж байсан өөрийн орон сууцандаа 2 өдөр 1 шөнө түгжсэн нь гэмт хэрэгт тооцогдож байгааг ойлгож ухамсарласан учраас гэм буруугаа хүлээж байгаагаа үүгээр илэрхийлж байна.

Өмнө сонгон авсан А.Энхтөр өмгөөлөгчөөс татгалзаж, шинээр өмгөөлөгч авсан болно. Тиймээс миний хувьд эрүүгийн хариуцлага оногдуулах тал дээр эрхэм шүүгч та бүхнээс хуульд заасан энэрэнгүй болон шударга ёсны зарчмыг бодолцож намайг анх удаагаа гэмт хэрэгт холбогдож, хохирогч М.И, М.Х  нарт учирсан хохирол төлбөр байхгүй, үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж, буруугаа хүлээж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасны дагуу “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээ 2 жилээс дээш, дээд хэмжээг 8 жил хүртэлх хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргээс учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүй, ялын доод хэмжээний хоёрын нэгээс багагүй ял оногдуулах гэсэн заалтыг хэрэглэх бүрэн боломжтой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар түүнд оногдуулсан 2 жилийн хорих ялын хоёрны нэг буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгөхийг хичээнгүйлэн хүсэж байгааг минь хүлээн авна уу.

Эцэст нь хэлэхэд Ш.Б миний хувьд эхнэр болон 9-өөс 17 насны насанд хүрээгүй 3 хүүхдийн хамт амьдардаг жирийн нэгэн эцэг хүн юм. Мөн “Сунно интернэшнл” ХХК-ний захирлаар ажилладаг бөгөөд хохирогч М.И, М.Х  нарын ээж Б.Амарсайханы адил 40 гаран ажилчдын ахуй амьдрал, ар гэрийг бүхэлд нь дааж явдаг татвар төлж ирсэн гэдгийг минь анхаарч үзнэ үү.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарч хоригдсоноос хойш 3 сарын хугацаанд биеийн байдал муудаж зүрх судасны үйл ажиллагаа доголдож ухаан алдаж унаж байсан. Өнгөрсөн 3 сарын хугацаанд болсон үйл явдлын талаар маш сайн дүгнэж хийж ухамсарлаж байгаагаа илэрхийлж байна” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Болдбаатар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Болсон үйл явдлын тухайд миний үйлчлүүлэгч Ш.Б  нь өөрийн эзэмшлийн Баянголд дүүргийн 17 дугаар хорооны 76-р байрны 57 тоот орон сууцыг заруулахаар REMAX үл хөдлөх хөрөнгийн зуучлалын газартай гэрээ хийсэн байсан бөгөөд 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр нэг хүн байрыг тань үзэх гээд байна танай байрыг өмнө үзсэн хүмүүс маш бохир, заваан байна гэсэн шаардлага тавьсан учраас очиж шалгасан болно.

Ийнхүү очиж шалгасан бөгөөд тус байранд манай ажилтан Б.Амарсайхан нь М.И, М.Х  нарын 2 хүүхдийн хамт сүүлийн 3 сарын хугацаанд амьдарч байсан юм. Тухайн үед Б.Амарсайхан нь манай эхнэртэй хамт БНСУ уруу явсан байсан. Байрандаа очоод шалгахад М.И, М.Х  нар гэртээ байгаагүй бөгөөд гэрийн хаалганы цоож эвдэрсэн, мөн цонхны чулуун тавцан хагарсан, угаалгын өрөөний крант эвдэрч ус алдсан, өрөөнүүдийн обой хууларсан байдалтай байсан бөгөөд гэр орондоо үнэгүй байлгаж яасан заваан суусан юм бэ гэж хэлж энэ эвдэрсэн зүйлсээ бүгдийг нь засаарай гэж хэлээд дуудлагаар цоожоо солиулж гаднаас нь түгжээд түлхүүрний 1 хувийг том өрөөний шкафны доод шургуулганд хийж орхиод явсан процесс л болжээ.

Ш.Б  нь одоо өөрийн гэм бурууг ойлгон ухамсарлаж байгаа бөгөөд дээрх үйлдсэн үйлдэл холбогдлоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан гэмт хэргийн шинжэд хамаарч байгаа талаарх дүгнэлт хийсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж ойлгосон.

Тиймээс Ш.Б гийн хувьд эрүүгийн хариуцлага оногдуулах тал дээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хохирогчид учирсан хохирол, төлбөр байхгүй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэм буруугаа хүлээж байгаа зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг 2 жилээс дээш, дээд хэмжээг 8 жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүй, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэсэн заалтыг хэрэглэх бүрэн боломжтой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар түүнд оногдуулсан 2 жилийн хорих ялын хоёрны нэг буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ичинхорлоо хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... өмгөөлөгч би давж заалдах шатны шүүхээс оролцож миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдтэй санал нийлэхгүй байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дараахь үндэслэлээр гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд “... хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотлож чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэж заасны дагуу мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судласан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй гэж мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч , прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэж заасан.

Тэгвэл Ш.Б д холбогдох 1905011420148 дугаартай хэрэгт анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол магадлалд дүгнэсэн ... шүүгдэгч Ш.Б  нь Солонгос улсад ээж Б.Амарсайхан чинь харлаж үлдэхээр зугтсан, түүнээс болж манай компани торгууль төлөх болоод байна, эхийгээ олж өг гэх шалтгаанаар 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 76 дугаар байрны 67 тоотод М.И, М.Х  гарыг хууль бусаар хорьсон үйлдэл нь хүнийг хүчээр алга болгох гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн байхад давж заалдах шатны шүүх энэ дүгнэлтийг зөв гэж дүгнэсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой хянаж дүгнэж чадаагүй бөгөөд Эрүүгийн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ... эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасныг баримтлан шийдвэрлэх боломжтой байхад дээрхи дүгнэлтийг хийсэн нь алдаатай болжээ гэж үзэж байна.

Ш.Б  нь М.И, М.Х нарыг эхийгээ олж өг, гэдэг шалтгаанаар хууль бусаар хорьсон гэдгийг хөдөлбөргүй нотолсон нотлох баримт хэрэгт байхгүй байдаг. Харин тэдэнд өөрсдийн амьдарч байсан орон байраа цэвэрлэ, эвдсэн зүйлээ зас гэдэг шаардлага тавьж эвдэрсэн хаалганы цоожоо солиулж түлхүүрийг үлдээгээд явсан, гэдгийг нотолсон баримтууд хавтаст хэргийн 26, 33, 39-40, 48-49, 75, 77, 153-154, талд авагдсан байдаг бөгөөд эдгээр баримтууд нь 2 хүнийг хууль бусаар хорьсон гэмт хэрэг үйлдсэн гэх дүгнэлтэд нөлөөлж болохуйц нөхцөл байдал байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүйгээс хэргийн бодит байдалд зөв дүгнэлт өгч чадаагүй байхад давж заалдах шатны шүүх мөн л энэ алдааг давтсан дүгнэлт хийжээ гэж үзэж байна.

Ш.Б  хохирогч гэх 2 хүнийг хууль бусаар алга болгосон ямар үйлдэл хийсэн юм бэ гэдгийг тогтоож чадаагүй зөвхөн хохирогч нарт гэрээ цэвэрлэ, эвдсэн зүйлээ засаж янзала гэдэг шаардлага тавиад хаалганы цоож эвдэрсэн байхад солиулаад түлхүүрийг нь гэрт нь орхиод явсан байсныг хохирогч нар мэдээгүй, тэд гараад явах боломж байсан ч гарч явахыг хүсээгүй, цонхоороо гарч хажуу айлаас утсаар ярьчхаад гэртээ байж байсан үйл баримт тогтоогдсон байхад Ш.Б г бусдыг хууль бусаар хорьсон алга болгосон үйлдэл хийсэн нь нотлогдсон гэж дүгнэх боломжтой юу гэдэг нь ч эргэлзээтэй байдаг.

Монгол Улсын нэгдэн орсон 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Хүнийг хүчээр алга болгох конвенцийн заалтаас үзээхэд Хүний хүчээр алга болгох гэмт хэрэг гэдэг нь нэгдүгээр хүний хүсэл, зоригийн эсрэг байгаа газраас тусгаарлах байх ёстой гэж ойлгож байна. Гэтэл энэ хэргийн үйл баримтаас Ш.Б  өөрийнхөө төрсөн дүү шиг үзэж түрээслэх гэж байсан байрандаа амьдруулж байсан. Хэргийн үед явдал болох үед тухайн орон сууц зарагдах гэж байсан бөгөөд байрандаа ирж үзэхэд эд хогшил нь эвдэрсэн байсан учраас эдгээр 2 хохирогчид байрныхаа эд зүйлсийг засаж янзал гэж шаардаж, хаалганы цоож эвдэрсэн байсан учраас хаалганы цоожийг солиулж, би нэг хоногийн дараа буцаж ирнэ тэр үед эдгээр зүйлсийг янзалсан байгаарай гэж хэлээд явсан үйл баримт тогтоогдсон. Гэтэл шүүх Солонгост ээж чинь харлах гэж байна гээд тухайн хоёр хүүхдийг хууль бусаар хорьсон гэж буруу дүгнэлт хийсэн.

Иймд Ш.Б д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/714 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 сарын 29-ны өдрийн 2020/ДШМ/1259 дугаартай магадлалыг хүчингүй болгож Ш.Б д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баднайсүрэн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 2020/ДШМ/1259 дугаартай магадлалыг эс зөвшөөрч шүүгдэгч Ш.Б гийн өмгөөлөгч Б.Баднайсүрэн би Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  40.1 дүгээр зүйлийн 1.1 болон 1.2 дахь хэсэгт заасны дагуу дараах үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.

Нэг. Монгол Улсын 2014 оны 10 дугаар сарын 9-ний өдөр соёрхон баталсан “Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай” Олон улсын Конвенцийн   2 дугаар зүйлд “... хүчээр алга болгох гэдэг нь алга болсон аливаа хүний эрх чөлөөг хассан явдлыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан буюу түүний хувь заяаны талаархи мэдээлэл, эсхүл оршин суугаа газрыг нуусны улмаас тухайн хүнийг хуулийн хамгаалалт эдэлж чадахааргүй байдалд хүргэхүйцээр төрийн төлөөлөгчид буюу төрөөс эрх олгогдсон, дэмжлэг буюу зөвшөөрөл авсан этгээдүүд, эсхүл бүлэг этгээдийн тухайн хүнийг баривчлах, саатуулах, хулгайлах, эсхүл бусад хэлбэрээр эрх чөлөөг нь хасахыг хэлнэ” гэж тайлбарласан. Харин энэхүү хэргийн хувьд хохирогч М.И, М.Х  нар нь хэрэг болсон гэх 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрүүдэд өөрсдийн амьдарч байсан гэртээ байсан буюу Ш.Б  нь тэдний оршин суугаа газрыг нуусан зүйл байхгүй, мөн тэд хуулийн хамгаалалт эдлэх боломжтой буюу хүссэн үедээ цагдаад дуудлага өгөх, орон сууцнаас гарах боломжтой байсан. Тиймээс тухайн Конвенцын тайлбараас үзвэл Ш.Б  нь хүнийг хүчээр алга болгосон үйлдэл хийгээгүй болно.

Хоёр. Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн  13.4 дүгээр зүйлд заасан “Хүнийг хүчээр алга болгох” гэмт хэргээр хамгаалж буй эрх ашиг нь “Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх” бөгөөд Ш.Б  нь хохирогч М.И, М.Х  нарын халдашгүй, чөлөөтэй байх эрхийг хязгаарласан гэж дүгнэсэн байна. Гэвч хавтаст хэргийн 75 дугаар хуудаст авагдсан 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн М.И, М.Х нарын өөрсдийн гараар бичиж өгсөн баталгаанаас үзвэл тэд 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр хүртэл өөрсдийн амьдарч байсан байрандаа сайн дураар үлдэж эвдэрсэн зүйлсийг засч янзлах мөнгө болон байр, цахилгааны мөнгөө тус өдрөөс өмнө төлж барагдуулахыг гэрчилсэн байдаг. Үүнээс харвал М.И, М.Х  нар нь өөрсдийн хүсэлтээр байранд үлдсэн нь тодорхой байна. Мөн эвдэрсэн байсан хаалганы цоожийг Ш.Б  нь дуудлагын засварчин дуудаж, өөрийн хөрөнгөөр засч янзлуулаад шинэ түлхүүрийг том өрөөний шкафны доод талын шургуулганд хийж орхисныг М.И, М.Х нар хараагүй талаар хохирогчид нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлтдээ дурдсан байдаг /хх-153, 154/. Хохирогч нарыг хүчээр хорьсон гэх байр нь хохирогч нарын өөрсдийн амьдарч байсан байр, бүр цаашлаад түлхүүр нь гэрт нь байсан байхад Ш.Б г хохирогч нарыг тухайн байрнаас гарч явах боломжгүй болгосон, хүчээр алга болгосон гэж үзэх ямар ч үндэслэлгүй юм. М.Хонгор нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн орой хажуу айлын тагт руу цонхоороо дамжин орсон үйл баримтаас үзвэл М.И, М.Х  нар нь хэрэв хүссэн бол тухайн байрнаас гарах боломжтой байсан. Эдгээр нөхцөл байдлуудаас дүгнэвэл М.И, М.Х  нарын Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасан хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх зөрчигдөөгүй гэж үзэж байна. Ийнхүү Ш.Б  нь хохирогч М.И, М.Х  нарын халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчөөгүй байх тул Ш.Б гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэсний дагуу гэмт хэрэгт тооцохгүй.

Гурав. Давж заалдах шатны шүүх нь Ш.Б г гэмт хэрэг үйлдсэн хэмээн дүгнэхдээ ишилсэн нотлох баримтууд нь хоёр хохирогчийн мэдүүлэг, хохирогч нарын ээж болох Б.Амарсайханы мэдүүлэг, хохирогч нарын эгч Ч.Уранчимэгийн мэдүүлэг, Баянгол дүүргийн 17 дугаар хорооны хэсгийн байцаагч Б.Дэлгэрхангайгийн мэдүүлэг тус тус байна. Ийнхүү үндэслэсэн 5 гэрчийн мэдүүлгүүд бүгд хохирогч болон тэдгээрийн ээж, эгчийн мэдүүлэг байх бөгөөд зөвхөн эдгээр гэрч, хохирогч нарын мэдүүлгээр Ш.Б г гэм буруутай, гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн нь учир дутагдалтай байна. Гэтэл хавтаст хэргийн 75 дугаар хуудас дахь М.И, М.Х нарын гараар бичсэн баталгаа, 77 дугаар хуудас дахь Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн “Дуудлагын лавлагаа”, 39-40 дүгээр хуудас дахь хохирогч М.Хонгорын мэдүүлэг, 48-49 дүгээр хуудас дахь гэрч М.Энхтөрийн мэдүүлэг, 153-154 дүгээр хуудас дахь хохирогч М.И, М.Х нарын Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлт зэрэг Ш.Б г гэм буруугүй гэдгийг нотолсон хангалттай олон нотлох баримт байсан. Гэтэл яагаад зөвхөн хохирогч нарын мэдүүлэг, хохирогч нарын хамаарал бүхий гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэн Ш.Б г гэмт хэрэг үйлдсэн гээд байгааг ойлгохгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж хэргийн бодит байдлыг тогтоох зарчмыг тусгасан. Энэхүү зарчмын хүрээнд мөрдөгч, прокурор нь яллагдагч, шүүгдэгчийн яллах талын нотлох баримтыг бүрдүүлэхээс гадна, цагаатгах талын нотлох баримтыг ч мөн бүрдүүлэх үүрэгтэй. Гэвч Ш.Б гийн хэргийн хувьд мөрдөг, прокурор, анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь зөвхөн яллах байр суурьнаас хандаж, цагаатгах талын нотлох баримтуудыг үнэлэлгүй, үндэслэлгүйгээр орхигдуулсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан.

Дөрөв. Хэрэг бүртгэлтийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн прокурорын газрын 264 дүгээр тогтоолоор хассан бөгөөд тухайн тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэргийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр нээсэн байдаг. Холбогдогч Ш.Б  нь 2020 оны 04 дүгээр сарын 28 болон  05 дугаар сарын 17-ны өдрүүдэд нэмэлт ажиллагаа хийлгүүлэх хүсэлтээ өгсөн боловч 2020 оны 05 дугаар сарын 12-нд прокурор яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүх рүү шилжүүлсэн. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт ч мөн шүүгдэгч Ш.Б  болон өмгөөлөгчийн зүгээс нэмэлт ажиллагаа хийлгүүлэх хүсэлтийг гаргасан боловч гэм буруугийн шүүх хурал дээр хэлэлцэхээр хойшлуулж, гэрчийг оролцуулах хүсэлтийг хангахаас татгалзсан. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь энэхүү нэмэлт ажиллагаа явуулахаас татгалзсан хүсэлтүүдийг хүлээж аваагүйтэй холбогдуулан дүгнэлт өгөөгүй юм. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “... Ш.Б д холбогдох 1905011420148 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй” гэж дүгнэсэн боловч энэхүү дүгнэлтээ тодруулаагүй, тайлбарлаагүй юм.

Иймд Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 2020/ДШМ/1259 дугаартай магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгч Ш.Б д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хохирогч М.И, М.Х  нар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... М.И, М.Х  нар нь эрүүгийн 1905011420148 дугаартай хэрэгт хохирогчоор тогтоогдсон бөгөөд 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 2 хоногийн хугацаанд Баянгол дүүргийн 17-р хороо, 76-р байр, 57 тоотод түгжигдсэн гэх үндэслэлээр тус байрны эзэн Ш.Б д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулсан билээ.

Бид дараахь үндэслэлээр өөрсдийн хүсэл зориг, санаачилгаар гомдол гаргаж байна.

Хэрэг гарсан гэх тухайн үед бидний эцэг нас барж, энэ шалтгааны үүднээс Ш.Б  ахад гомдож цагдаагийн байгууллагад өргөдөл гомдол гаргаж шалгуулсан юм. Гэхдээ бид Ш.Б  ахыг хорих ялтай зүйл ангиар зүйлчилж, бидний мэдүүлгийн дагуу яллах гэж байгааг ойлгоогүй байсан ба бодит болсон үйл явдлын талаар, мөн мөрдөн байцаалтын явцад орхигдуулсан байж болзошгүй үйл холбогдлын талаар хэлэх шаардлагатай байна.

Ш.Б  ах бидний ээж Б.Амарсайханыг 201З оноос ажилд авч, бүхий л талаар тусалж дэмжиж явсан. Мөн биднийг айлаар дамжин тус тусдаа амьдарч байхад өгөөмөр сэтгэл гаргаж өөрийн эзэмшлийн орон сууц болох Баянгол дүүргийн 17-р хороо, 76-р байр, 57 тоотод ямар ч түрээсийн нэмэлт төлбөргүйгээр суулгаж байсан билээ. Хэрэг болсон гэх үеэр Ш.Б ах бидэнд орон байраа цэвэрлэх, эвдэлсэн зүйлсээ засаж янзлах гэсэн шударга шаардлага тавьж, бид ч эвдэрсэн эд зүйлсийг засаж янзлах хугацаандаа өөрсдийн гар утас, нөүтбүкийг барьцаа болгон өгч, өөрсдийн хүсэлтээр бичгээр хүртэл баталгаа гаргаж өгч байсан.

Ш.Б  ах биднийг хүчээр хорьсон гэж үзэхгүй байна. Тухайн үед байрны хаалганы цоож нь хэд хоногийн өмнө эвдэрсэн байсан юм. Түлхүүрийг том өрөөний шкафны дээд талын тавиур дээр ил тавьж орхидог байсан бол тухайн өдөр засуулсан цоожоо доод шургуулганд хийж орхисон байсныг бид хараагүй юм билээ. Бид тухайн үеийн сэтгэл хөдлөлөөрөө дүгнэн бидэнд тусалж байсан хүнийг хэрэгт хийсэн гэдгээ ухамсарлаж байна.

Мөн Ш.Б  ах 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр явчхаад, маргааш нь буюу 28-ны өдөр ирэхдээ Тэрэлжид ахынх нь машин эвдэрсэн, өчигдөр ирж чадсангүй, сэлбэг авахаар хотод орж ирлээ, та нар эвдэлсэн эд зүйлсээ засаагүй байгаа юм уу, маргааш ирэхэд юмаа зассан байгаарай гэж хэлээд явсан нь үнэн.

Уг нь бид өөрсдийн амьдарч байсан орон байрандаа байсан, бас хоол унд хангалттай байсан, түлхүүр ч байсан зэрэг нөхцөл байдал болон Ш.Б  ахын олон жил бидний ах шиг харилцаатай байж, дүү шигээ үзэж хатуу үг хэлж байсныг нь буруугаар ойлгож явсан юм билээ. Бидэнд учирсан ямар ч хохирол байхгүй, цаашид Ш.Б  ахад холбогдуулах гомдол санал байхгүй, харин ч Ш.Б ах, түүний эхнэр Д.Сансармаа эгч нарт баярлаж явах ёстой гэж үзэж байна. Уг нь бид хэрэг үйлдэл болсон үед Баянгол дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст бид учраа ололцож, гомдол саналгүй, цагдаагийн байгууллагаар шалгуулахгүй гэж албан ёсоор хүсэлтээ өгч байсан, мөн энэхүү хүсэлтээ анхан болон давж заалдах шатны шүүхэд өгсөн ч хүлээж авалгүй яллах болоод байгаад гомдолтой байна.

Мөн тухайн үед учраа сайн олохгүй, хуулийн байгууллага шалгадаг гэж хөнгөмсөг бодож мэдүүлэг өгч байсан. Гэхдээ дээр дурдсан нарийн үйл явдлыг мөрдөгч биднээс асууж тодруулаагүй. Тухайн үед бидэнд хажуу айлаараа гарах боломж байсан, хаалгаа эвдээд ч гарах боломж байсан, түлхүүр ч байсан юм байна лээ, цонхоор гадаад орчинтой харилцахад бүрэн боломж байсан, ээж эгч нар маань хаана байгааг мэдэж байсан, бид өөрсдөө хүсээгүй тул гарч яваагүй, эвдэрсэн эд зүйлээ засаад гэртээ байж байсан. Бид мөрдөн байцаагчид өгсөн мэдүүлэгтээ ч дурдсан байгаа.

Иймд бидэнд ямар ч хохирол учраагүй, Ш.Б  ах биднийг алга болгоогүй, цаашид гомдолгүй, мөн Ш.Б  ах бидний амьдарч байсан орон сууцанд санаатай биш түгжсэн, дотны хүмүүс гэж найдан үйлдэл гаргасан зэргийг харгалзан үзэж, түүнд холбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг сэтгэлээсээ хүсч байна” гэжээ.

Прокурор А.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Ш.Б  хоёр хүнийг хорьсон гэх үндэслэлээр шалгагдсан. Хорих болсон шалтгаанаа ээж Б.Амаржаргал Солонгос улсад харлаж үлдэхээр зугтсан байна, манай компани торгууль төлбөр төлөх нөхцөл байдалтай болсон, ээжийгээ буцаад ир гэж дууд гэсэн шалтгаанаар 2 хоног гэрт нь хорьсон үйл баримт тогтоогдсон. Шүүгдэгч эдгээр хүүхдүүдийг хориогүй, гэрээ цэвэрлэ, эвдэрсэн зүйлсээ зас гэж мэдүүлсэн боловч хавтаст хэрэгт авагдсан хохирогч болон гэрчүүдийг мэдүүлгээр шүүгдэгчийн мэдүүлэг үгүйсгэгдэж байна. Хохирогч М.Хонгорыг ээжрүүгээ буцаж ир гэсэн утгатай мессеж бичүүлж, гар утас, нөтбүүк зэргийг хураан авч цонх, хаалгыг цоожилсон зэрэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаас тогтоогдсон. Шүүгдэгч хохирогч нарыг бусадтай харилцаа  холбоотой үлдээх, гадагш гарах эрхийг нь хязгаарласнаар бусдыг эрх, эрх чөлөөнд бүдүүлгээр халдсан ийм үйлдэл байна. Дээрх үйлдлийг хийснээрээ энэ гэмт хэрэг төгссөн. Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах зорилгоор 2015 оны Эрүүгийн хуульд шинээр оруулж ирсэн. Иймд шүүгдэгч Ш.Б д холбогдох хэрэг хавтаст хэрэгт авагдсан баримтаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Эрүүгийн хуулийг буруу тайлбарласан хэрэглэсэн зөрчил байхгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Ж.Болдбаатар, Н.Ичинхорлоо, Б.Баднайсүрэн, хохирогч М.И, М.Х нарын гаргасан гомдлуудыг үндэслэн Ш.Б д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад заасан “... хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх, шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “Монгол Улсын иргэн халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно” гэж заасан бөгөөд хуульд зааснаас бусад ямар ч тохиолдолд хүний эрх чөлөөг хязгаарлаж, хорих нь хууль бус гэж тооцогдоно. 

Эрүүгийн хуулийн 13.4 дүгээр зүйлд заасан хүнийг хүчээр алга болгох гэмт хэрэгт нь хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлж, эсвэл бусад аргаар хохирогчийн оршин суух, чөлөөтэй зорчих эрхийг хязгаарлаж, өөрийнх нь орон байранд болон бусад газарт тодорхой хугацаанд шилжилт, хөдөлгөөнийг хориглох байдлаар үйлдэгддэг байна.

Хоёр шатны шүүх Ш.Б г 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос улс руу эхнэр Д.Сансармаатай хамт явсан Б.Амарсайханыг “харлаж үлдэхээр зугтсан, түүнээс болж манай компани торгууль төлөх болоод байна, эхийгээ олж өг” гэж 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Баянгол дүүргийн 17 дугаар хороо 76 дугаар байрны 57 тоотод М.И, М.Х  нарыг буюу хоёр хүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийн шинжгүйгээр хууль бусаар хорьсон нөхцөл байдлыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн сэргээн тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй бөгөөд хийсэн дүгнэлт нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч Ш.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг хоёр хүний эсрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх дүгнэн, тухайн зүйлийн 3.2-т зааснаар шүүгдэгчид 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Хавтаст хэрэгт цугларсан баримтаас үзэхэд хохирогч нар өөрсдийн хүсэл зоригийн дагуу цоожлогдож, хоригдсон гэх үндэслэл тогтоогдохгүй байх ба харин шүүгдэгч Ш.Б  нь хохирогч М.И, М.Х нарын эрх чөлөөг нь хязгаарлаж, гарч явах боломжгүй нөхцөл байдал бий болгосныг хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр эргэлзээгүй, хөтөлбөргүй нотлогдон тогтоогджээ.  

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Харин шүүгдэгч Ш.Б  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэрэг үйлдэгдэх болсон нөхцөл, шалтгаан, мөн түүний хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан 2 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэн хөнгөрүүлэх боломжтой гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгч Ш.Б , түүний өмгөөлөгч Ж.Болдбаатар нарын гомдлыг хангаж, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ичирхорлоо, Б.Баднайсүрэн, хохирогч М.И, М.Х  нарын “... хэргийг хэрэгсэхгүй болгуулах”-аар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалд дээрх өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 714 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 1259 дүгээр магадлалд “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар Ш.Б д 1 жил хорих ял оногдуулсугай” гэсэн өөрчлөлтийг оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Ш.Б, түүний өмгөөлөгч Ж.Болдбаатар нарын гомдлыг хангаж, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ичинхорлоо, Б.Баднайсүрэн, хохирогч М.И, М.Х  нарын тус тус гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                                       ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                          ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                            С.БАТДЭЛГЭР

                                                                                                            Ч.ХОСБАЯР  

                                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН