Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 129/ШШ2022/00128

 


 129/ШШ2022/00128

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж, шүүгч Г.Энх-Амгалан, шүүгч Ц.Дагиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн  хуралдаанаар 
Нэхэмжлэгч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багт байрлах, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс
Хариуцагч: Архангай аймгийн Жаргалант сумын Баянцагаан, 3 дугаар багт оршин суух, Т.Г 
Нэхэмжлэлийн шаардлага: Хохирол 16,404,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдааны оролцогчид: 
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т,
Хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т, 
Хариуцагчийн өмгөөлөгч Х.Г, 
Прокурор Ц.М,
Иргэдийн төлөөлөгч Э.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.О
                                                           
ТОДОРХОЙЛОХ нь:

    1. Нэхэмжлэгч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь Ж.Дад холбогдуулж хохирол 16,404,500 төгрөг гаргуулж нийгмийн даатгалын санг хохиролгүй болгох нэхэмжлэл гаргасан.
    Нэхэмжлэгч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
-Ж.Д нь хуурамч шүүхийн шийдвэрээр /Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 675 дугаар шийдвэр/ тэтгэвэр тогтоолгон нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн даатгалын сангаас 16,404,500 төгрөгийн тэтгэвэр авсан болно. Энэ нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйл, 29 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил гаргасан болох нь шүүхийн Тамгын газрын 2018 оны 08, 2019 оны 136 дугаартай албан тоотоор нотлогдож байна. Иймд хариуцагч Ж.Дын илүү авсан 16,404,500 төгрөгийг гаргуулж нийгмийн даатгалын санг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
 Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх Ж.Д нь 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 675 дугаартай шүүхийн шийдвэрээр Архангай аймгийн Жаргалант сумын “Жаргалант-Амьдрал” нэгдэлд 1971 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл саальчнаар улсад 21 жил ажилласан гэдгээр тэтгэврээ  тогтоолгосон. Энэ шүүхийн шийдвэрийг 2017 оны шалгалтаар зөрчилтэй байж болзошгүй гэсэн үүднээс Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газарт холбогдох лавлагааг гаргуулахад дээрх шүүхийн шийдвэр байхгүй байна гэсэн хариу хүргүүлсэн. Үүнтэй холбоотой дээрх шүүхийн шийдвэрийг хуурамч байж болзошгүй гэсэн үүднээс тухайн иргэнтэй уулзаж мэдэгдсэн байдаг. 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Ж.Д нь өөрийн жинхэнэ ажилласан жилээрээ тэтгэврээ тогтоолгосон баримтууд байна. Энэ шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт “иргэн Ж.Д нь Архангай аймгийн Жаргалант сумын “Жаргалант-Амьдрал” нэгдэлд 1979 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл мужаанаар, бичээчээр, 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1984 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл, 1984 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүртэл Архангай аймгийн Жаргалант сумын Ардын депатудын хурлын гүйцэтгэх захиргаанд бичээчээр 1981 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 1984 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосугай.” гэсэн байдаг. Анх гарсан шүүхийн шийдвэрт бичигдсэн саальчнаар биш бичээч, мужаанаар ажиллаж байсан байдал нь тогтоогдсон юм байна. 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 732 тоот шүүхийн шийдвэр гарч, дараа нь тухайн иргэн Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргаж 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 04 тоот магадлалаар шийдвэрлэгдсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлалд буруу нотлох баримт бүрдүүлэн өгч үндэслэлгүй тэтгэвэр тогтоолгосон болох нь тогтоогдож шийдвэр нэхэмжлэгч байгууллагын талд гарсан. Тэгэхээр анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж нийгмийн даатгалын санг хохиролгүй болгож өгнө үү гэв. 

    2. Хариуцагч Ж.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс гаргасан 16,404,500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би ямар нэгэн хуурамч бичиг баримт бүрдүүлж шүүхэд өгч байгаагүй. Өдий 60 нас гартлаа үнэнчээр явсан хүн, би төрд өртэй үхмээргүй байна. Энэ асуудал намайг хэлмэгдүүлж байгаа тул нэр төрийг минь сэргээж цагаатгаж өгнө үү. Би улс нийгэмдээ саальчин, төлчин, мужаан, бичээч зэргээр 20 гаруй жил тасралтгүй ажилласан. Нийт 29 жилийн ажилласан жилтэй, хоёр ч хөдөлмөрийн дэвтэртэй, дэвтрээрээ тэтгэвэртээ орох боломжтой хүн юм. Би төр улсаа хуурах хуурамч бичиг баримт бүрдүүлэх хүн биш. Намайг нутгийн засаг захиргаа, ард түмэн мэднэ. Надад бичиг баримт хуурамчаар бүрдүүлэх шаардлага байхгүй. Иймээс 16,404,500 төгрөгийг төлөхгүй гэжээ. 
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Төртулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний ээж  Ж.Д нь 1970 оноос эхэлж 1990 он хүртэл төр улсад тасралтгүй ажилласан. Тухайн үеийн нийгмийн байдлаас шалтгаалж олон төрлийн ажил хийж байсан. Тухайн үед ажиллаж байсан шүүгч нийгмийн даатгалын хэлтсийн байцаагчийн ажилдаа хайнга хариуцлагагүй хандсанаас болж миний ээж 5 жилийн турш хохирч хэлмэгдэж байна. Үүнээс болж миний ээжийн бие муудаж энэ шүүх хуралдааны танхимд хүртэл унаж эмнэлэг рүү авч явж байсан. Үүнээс хойш хэвтрийн байдалтай хүний асаргаанд орсон. Та бүхнээс хүсэхэд миний ээжийг амьд мэнд байхад энэ байдлыг цагаатгаж сэтгэлийг нь амрааж өгнө үү. Би хөдөөний малчин хүн учраас хуулийг нарийвчлан хэлж мэдэхгүй. Гэхдээ өөрийн ойлгосноороо ярихад нийгмийн даатгалын байцаагчдаа өөрийнхөө хоёр хөдөлмөрийн дэвтрийг тухайн үеийн 70 дугаар данстай тулгаж баталгаажсан дэвтрээ өгсөн байдаг. Сүүлд нь таны хөдөлмөрийн дэвтэр байхгүй таны дэвтрийг өгсөн гэх байдлаар барих баримтгүй болох жишээний асуудал болсон. н.Отгончимэг шүүгчийн шүүх хуралдааны талаарх миний ойлголт бол манай ах н.Очирваанийг аймагт орж ирсэн явахад манай сумын нийгмийн даатгалын байцаагч таарч таны ээжийн чинь ажилласан жилийг тогтоох шүүх хурал болох гэж байна. Та хоёр гэрч аваад ир гэж хэлсэн байсан. Нэг нь тухайн үеийн туслах үйлдвэрийн бригадын дарга байсан н.Чойжил, нөгөө нь н.Очирвааньтай өөртэй нь хамт ирсэн н.Ичинхорлоо нарыг гэрчээр асуулгаж гэр, гэрт нь хүргэж өгсөн байдаг. Тэгэхээр шүүх хурал болсон байгаа юм.  Шүүхийн шийдвэрт хөдөлмөрийн дэвтрийг үндэслэн гэсэн нь зөв харин 21 жил саальчнаар ажилласан гэдэг нь буруу байдаг. Үүнд авах гээхийн ухаанаар хандмаар санагдсан. Миний ээж 350,000 төгрөгийн тэтгэвэр авдаг. Одоо мөнгөний ханш өндөр болсон цагт олигтой тарианы үнэнд хүрэхгүй шахуу мөнгө байдаг. Та бүхэн ч эх хүнээс төрсөн эх болон эцэг хүн байгаа байх. Миний бодлоор хууль гэж үнэн зөвийг ялгадаг зүйлийг хэлдэг гэж ойлгодог. Миний ээж ухаан санаа нь орж гардаг болсон. Ээж минь хэд ч наслах билээ гэж санаа зовж байна. Миний ээжийн сэтгэлийг амрааж өгнө үү. Улсын дээд шүүхээс манай ээжийг илт буруутгаагүй гэж ойлгож байгаа. Сүүлд 2019 онд ээжийнхээ биеийг муудахад миний бие энэ шүүхийн үүдэнд хоёр хоносон. Одоо бодоход тухайн үеийн нарийн бичиг юм болов уу гэмээр хүүхэд өмнөх ажилласан жилээсээ татгалзвал ээжийн чинь тэтгэвэрийг тогтооно гэж  шаардах, зөвлөх байдлаар гарын үсэг зуруулсан. Би эхийгээ шүүхийн үүдэнд унагаалтай нь биш шүүх хуралдааны танхимаас гарахад хүртэл та гарын үсгээ зураа гэж шаардсаар байгаад 5 жилийг татгалзуулсан. 1973 оны үед манай нэгдлийн дарга хийж байсан н.Бандибалжирын тушаалтай саальчнаар томилсугай гэсэн тушаал архиваас гарсан байдаг. Тухайн үед энэ баримтаа аваагүй гараад явсан байдаг. Ажил тарж орой болсон учраас ээж рүү утасдаад энэ дарга таныг саальчнаар томилсон тушаал байна гэж хэлэхэд “тиймээ тэр тушаалаа ав” гэж хэлэхээр нь маргааш нь архиваас авах гэтэл тийм тушаал гарч ирээгүй гэсэн. Олон дахин шүүлгэж үзсэн ч энэ тушаал байгаагүй. Мөн хэдэн оныг сайн санахгүй байна. Манай сумын захиргаа шатсан. Захиргаа шатахад олон хүний бичиг баримт устгаж үгүй болсон. Манай сумын хөгшчүүл хамт ажилласан хүмүүсээ ажилласан жилээ тогтоолгохдоо гэрчээр асуулгаж тэтгэвэртээ ордог байсан. Ийм учраас ээжтэй минь хамт ажиллаж байсан айл саахалт байсан хүмүүсийг гэрчээр асуулгасан. Та бүхнээс эхийн минь сэтгэлийг амрааж өгнө үү гэж хүсэх байна. Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон прокурорыг төрийнхөө төлөө ажиллаж байгаа хүмүүс гэж ойлгож байна. Өндөр настай эх хүнийг та бүхэн бодож үзнэ үү. Энэ их мөнгийг хөгшин настай хүн яаж төлөх юм. Тэтгэврээс өөр орлого байхгүй. Бидэнд хүртэл энэ их мөнгийг төлөх боломж нөхцөл алга. Ээж минь төлбөрт унаж сэтгэл санаа, нэр хүндээрээ хохирч байна. Тухайн үед миний ээж намын гишүүн хүн байсан. Тухайн үеийн намын гишүүнийг ажлаараа тэргүүний хүнийг томилдог байсан. Ямар нэг алдаа дутагдал гаргахад тэр хүн намаасаа хөөгддөг хариуцлагатай цаг үе байсан гэж ойлгож байгаа. Зөвөөр шийдвэрлэж эхийг минь цагаатгаж өгнө үү гэв. 

3. Прокурор Ц.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй  иргэн Ж.Даас  16,404,500 төгрөгийг гаргуулах иргэний хэрэгтэй танилцаж нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна. Уг нэхэмжлэлийн үндэслэл нь  иргэн хуурамч шүүхийн шийдвэр гаргуулах буюу Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 675 дугаартай шийдвэрээр тэтгэврээ тогтоолгож нийгмийн даатгалын санд 16,404,500 төгрөгийн тэтгэвэр авч нийгмийн даатгалын санд хохирол учруулсан. Тухайн сум дундын шүүгч  н.О-н 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 675 дугаартай шүүхийн шийдвэр нь хууль бус буюу хуурамч нотлох баримтаар тогтоогдсон болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Мөн нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч болон прокурорын зүгээс  нэмж нотлох баримтыг гаргуулсан. 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 675 дугаартай шүүхийн шийдвэр шүүхийн Тамгын газар хадгалагдсан шүүхийн  шийдвэр нь ямар шийдвэр юм бэ гэдгийг гаргуулах хүсэлт гаргасан. Уг хүсэлтийн дагуу уг шийдвэрийг гаргаж танилцуулсан. Энэ шүүхийн шийдвэр нь нэхэмжлэгч С.Э-н хүүхдийн тэтгэлэг тогтоолгох гэсэн утгатай шүүгч н.Чулуунаа гэсэн шүүгчийн шүүхийн шийдвэр байна. Мөн тухайн үеийн шүүх хуралдааны тэмдэглэлийг гаргуулсан.  Дээрх байдлаас харахад 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 675 дугаартай шүүхийн шийдвэр нь н.Чулуунаа гэх шүүгчийн иргэн С.Э-н шийдвэр байгаа нь юуг нотолж байна вэ гэхээр Ж.Дын ажилласан байдлыг тогтоосон шүүхийн шийдвэр хууль бус шийдвэр гэдгийг нотолж байна. Мөн нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлснээр сүүлд ажилласан жилээ тогтоолгосон шүүхийн шийдвэрийг өмнөхтэй нь харьцуулахад ажиллаж байсан тухайн хүний саальчин гэх байдал нь илт зөрүүтэй байгаа нь харагдаж байна. Ийм учраас хууль бус шүүхийн шийдвэрийн улмаас иргэн Ж.Д тэтгэвэр тогтоолгож энэ үйлдлийнхээ улмаас нийгмийн даатгалын санд 16,404,500 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлогдсон гэж  үзэж байна гэв. 

    4. Иргэдийн төлөөлөгч Э.Б: Ж.Д нь гэм буруугүй цагаатгаж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргажээ.

    5. Нэхэмжлэгч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс:
    -2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 675 дугаартай шүүхийн шийдвэр,
    -Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 136 дугаартай албан бичиг,
    -Ж.Дын иргэний үнэмлэхийн хуулбар хувь,
    -Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын бүртгэлийн гэрчилгээ,
    -Нийгмийн даатгалын улсын байцаагчийн тооцооны баримт,
    -Архангай аймгийн Прокурорын газрын 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 66 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” прокурорын тогтоол,
-2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн тэтгэвэр тогтоолтын хуудас,
-2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн тэтгэвэр тогтоолтын хуудас,
-2012 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн тэтгэвэр тогтоолтын хуудас,
-2011 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн тэтгэвэр тогтоолтын хуудас,
-Тэтгэвэр тогтоолтын хуудас,
-2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн тэтгэвэр тогтоолтын хуудас,
-Тэтгэвэр тогтоолтын хуудас,
-Хариуцагч Ж.Дад 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр олгосон Нийгмийн даатгалын хэлтсийн дэвтэр, Ж.Дын иргэний үнэмлэхний хуулбар, 
-Ж.Дын Архангай аймгийн Жаргалант сумын нийгмийн даатгалын байцаагчид гаргасан өргөдөл, 
-Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 331 дугаартай шийдвэр,

Хариуцагч Ж.Даас:
-Ж.Дын Архангай аймгийн Жаргалант сумын Нийгмийн даатгалын  байцаагчид гаргасан өргөдөл,
-Хариуцагч Ж.Дын шүүхэд гаргасан хүсэлт,
-Хариуцагч Ж.Дын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч н.Б-д гаргасан хүсэлт, 
-Хариуцагч Ж.Дын Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст гаргасан хүсэлт,
-Хариуцагч Ж.Дын Архангай аймгийн Цэцэрлэг хотын элсэлтийн шалгалтын комиссын эрхлэгчид гаргасан өргөдөл,
-Архангай аймгийн Жаргалант сумын Баянцагаан багийн иргэн Ч.Б-н Архангай аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан тодорхойлолт, 
-Архангай аймгийн Жаргалант эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, 
-Иргэн Ч.И-н Архангай аймаг дахь сум дундын Иргэний анхан шатны шүүхэд гаргасан тодорхойлолт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. 
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчийн хүсэлтээр:
-Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 675 дугаартай шийдвэр, 
-2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 675 дугаартай “Иргэний хэргийн шүүх хуралдааны тэмдэглэл”,
Хариуцагч талын хүсэлтээр:
-Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн №029 дугаартай шинжээчийн дүгнэлт,
-Б.О-с гэрчийн мэдүүлэг авсан тухай тэмдэглэл зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн. 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна. 

2. Нэхэмжлэгч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 
-Ж.Д нь хуурамч шүүхийн шийдвэрээр /Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 675 дугаар шийдвэр/ тэтгэвэр тогтоолгон нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн даатгалын сангаас 16,404,500 төгрөгийн тэтгэвэр авсан болно. Энэ нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйл, 29 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил гаргасан болох нь шүүхийн Тамгын газрын 2018 оны 08, 2019 оны 136 дугаартай албан тоотоор нотлогдож байна. Иймд хариуцагч Ж.Дын илүү авсан 16,404,500 төгрөгийг гаргуулж нийгмийн даатгалын санг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Ж.Д нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс гаргасан 16,404,500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би ямар нэгэн хуурамч бичиг баримт бүрдүүлж шүүхэд өгч байгаагүй. Би улс нийгэмдээ саальчин, төлчин, мужаан, бичээч зэргээр 20 гаруй жил тасралтгүй ажилласан. Нийт 29 жилийн ажилласан жилтэй, хоёр ч хөдөлмөрийн дэвтэртэй, дэвтрээрээ тэтгэвэртээ орох боломжтой хүн юм. Би төр улсаа хуурах хуурамч бичиг баримт бүрдүүлэх хүн биш. Иймээс 16,404,500 төгрөгийг төлөхгүй гэжээ. 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Тухайн үед ажиллаж байсан шүүгч нийгмийн даатгалын хэлтсийн байцаагчийн ажилдаа хайнга хариуцлагагүй хандсанаас болж миний ээж 5 жилийн турш хохирч хэлмэгдэж байна. Миний ээж Ж.Д нийгмийн даатгалын байцаагчдаа өөрийнхөө хоёр хөдөлмөрийн дэвтрийг тухайн үеийн 70 дугаар данстай тулгаж баталгаажсан дэвтрээ өгсөн байдаг. Сүүлд нь таны хөдөлмөрийн дэвтэр байхгүй, таны дэвтрийг өгсөн гэх байдлаар барих баримтгүй болох жишээний асуудал болсон. н.О шүүгчийн шүүх хуралдааны талаарх миний ойлголт бол манай ах н.О-г аймагт орж ирсэн явахад манай сумын нийгмийн даатгалын байцаагч таарч таны ээжийн чинь ажилласан жилийг тогтоох шүүх хурал болох гэж байна. Та хоёр гэрч аваад ир гэж хэлсэн байсан. Нэг нь тухайн үеийн туслах үйлдвэрийн бригадын дарга байсан н.Ч, нөгөө нь н.О өөртэй нь хамт ирсэн н.И нарыг гэрчээр асуулгаж гэр, гэрт нь хүргэж өгсөн байдаг. Тэгэхээр шүүх хурал болсон байгаа юм.  Шүүхийн шийдвэрт хөдөлмөрийн дэвтрийг үндэслэн гэсэн нь зөв, харин 21 жил саальчнаар ажилласан гэдэг нь буруу байдаг гэжээ.

5. Хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. 
Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1.8-д “тэтгэвэр” гэж даатгуулагчийг өндөр наслахад насан туршид нь ...нийгмийн баталгааг хангах зорилгоор нийгмийн даатгалын сангаас сар бүр олгох мөнгөн хөрөнгийг хэлнэ гэж, мөн хуулийн 8 дугаар зүйлд даатгуулагчийн өргөдөл, хуульд заасан бусад баримт бичгийг үндэслэн даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох тухай шийдвэрийг нийгмийн даатгалын байгууллага гаргана гэж тус тус хуульчилжээ. 
Хариуцагч Ж.Д нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох тухай өргөдлөө Архангай аймгийн Жаргалант сумын нийгмийн даатгалын байцаагчид /хх-н 35 ху/ гаргаж, үүний дагуу Архангай  аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 675 дугаартай шүүхийн шийдвэрийг /хх-н 2-3 ху/ үндэслэн байцаагч, хэлтсийн дарга, ерөнхий нягтлан бодогч нар хянан гарын үсэг зурж баталгаажуулан 2011 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өндөр насны тэтгэвэр олгож эхэлсэн нь 2011 оны 09 дүгээр сарын  26-ны өдрийн “Тэтгэвэр тогтоолтын хуудас” /хх-н 40-41 ху/, 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн, 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн, 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн тэтгэвэр тогтоолтын хуудсууд /хх-н 36-39 ху/, Ж.Дын тэтгэврийн хувийн хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 75 ху/, Ж.Дын нийт 16,404,500 төгрөгийн тэтгэвэр авсан тухай тооцоо нийлсэн баримт /хх-н 7 ху/ зэргээр тогтоогддог ба нийгмийн даатгалын сангаас 2011 оны 10 дугаар сараас 2017 оныг дуустал өндөр насны тэтгэвэр 16,404,500 төгрөг авсан гэдэгтэй хариуцагч маргаагүй. 
Гэвч хариуцагч Ж.Дын 1971 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Архангай аймгийн Жаргалант сумын “Жаргалант-Амьдрал” нэгдэлд саальчнаар ажиллаж байсныг тогтоосон Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 675 дугаартай шийдвэр болон холбогдох иргэний хэрэг Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын архивт байхгүй, уг 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 675 дугаартай шийдвэр нь өөр хэргийг шийдвэрлэснээр шүүхийн архивт байдаг нь Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 136 тоот албан бичиг /хх-н 4 ху/, Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай шийдвэр, мөн өдрийн 675 дугаартай “Иргэний хэргийн шүүх хуралдааны тэмдэглэл” /хх-н 235-236 ху/, мөн хариуцагч Ж.Дын 1977 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Архангай аймгийн Жаргалант сумын “Жаргалант-Амьдрал” нэгдлийн туслах үйлдвэрт мужаан, Жаргалант сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд бичээчээр тус тус ажиллаж байсныг тогтоосон Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 331 дугаартай шийдвэр, Ж.Дын өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор Архангай аймгийн Жаргалант сумын улсын байцаагчид гаргасан өргөдөл, 2014 оны 12 сарын 30-ны өдөр Ж.Дад олгосон №1002692 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр,  2019 оны 07 дугаар сарын  02-ны өдрийн “Тэтгэвэр тогтоолтын хуудас” /хх-н 198-208 ху/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна. 
Архангай аймгийн Прокурорын газрын 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” 66 дугаартай прокурорын тогтоолд /хх-н 88-12 ху/ “...Ж.Д нь хуурамч баримт бичиг үйлдэж, ашигласан, А.О нь Ж.Дын ажилласан байдлыг тогтоохдоо илт хууль бус шийдвэр гаргасан болох нь нотлогдохгүй байна.” гэжээ.
Хэрэгт авагдсан Архангай аймгийн Прокурорын газрын 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” 66 дугаартай прокурорын тогтоол /хх-н 88-12 ху/, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар зэргээр хариуцагч Ж.Дын Нийгмийн даатгалын сангаас 16,404,500 төгрөгийн тэтгэвэр авсан үйлдэл Нийгмийн даатгалын санд учирсан хохирлын хооронд шалтгаант холбоо байхгүй, өөрөөр хэлбэл хариуцагч Ж.Д нь гэм буруугүй нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар 16,404,500 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй байна. 
Харин нэхэмжлэгч Нийгмийн даатгалын хэлтсээс хариуцагч Ж.Дад 1971 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Архангай аймгийн Жаргалант сумын “Жаргалант-Амьдрал” нэгдэлд саальчнаар ажиллаж байсан гэсэн нөхцлөөр өндөр насны тэтгэвэр олгох үүрэг үүсэхгүй бөгөөд хариуцагч Ж.Д нь түүний ажиллаж байгаагүй нөхцлөөр тогтоосон өндөр насны тэтгэврийг авч ашиглаж үндэслэлгүй хөрөнгөжсөн байна. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.Даас 16,404,500 төгрөгийг гаргуулж Нийгмийн даатгалын санд олгох нь зүйтэй байна. 

6. Хариуцагч Ж.Д “...би нийт 29 жилийн ажилласан жилтэй, хоёр ч хөдөлмөрийн дэвтэртэй, дэвтрээрээ тэтгэвэртээ орох боломжтой хүн юм.” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Төртулга “...миний ээж Ж.Д нийгмийн даатгалын байцаагчдаа өөрийнхөө хоёр хөдөлмөрийн дэвтрийг тухайн үеийн 70 дугаар данстай тулгаж баталгаажсан дэвтрээ өгсөн байдаг. Сүүлд нь таны хөдөлмөрийн дэвтэр байхгүй, таны дэвтрийг өгсөн гэх байдлаар барих баримтгүй болох жишээний асуудал болсон. ...Шүүхийн шийдвэрт хөдөлмөрийн дэвтрийг үндэслэн гэсэн нь зөв, харин 21 жил саальчнаар ажилласан гэдэг нь буруу байдаг...” гэж тайлбарладаг ба гэрч Б.О-н “...Тухайн үед Ж.Д-д хөдөлмөрийн дэвтэр байсан. Нийгмийн даатгалд байсан хувийн хэргээсээ хөдөлмөрийн дэвтрээ авч шүүхэд өгсөн” /хх-н 55-56 ху/ гэсэн мэдүүлэг, “Ж.Д-ын өндөр насны тэтгэврийн хувийн хэрэгт хөдөлмөрийн дэвтэр байхгүй байв” гэсэн Ж.Д-ын хувийн хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 75 ху/ зэргээр хөдөлмөрийн дэвтрийг үндэслэн өндөр насны тэтгэвэр тогтоолгосон нь үгүйсгэгдэж байна. 

7.  Хариуцагч Ж.Даас гаргаж өгсөн:
-Хариуцагч Ж.Дын шүүхэд гаргасан хүсэлт,
-Хариуцагч Ж.Дын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Байгалмаад гаргасан хүсэлт, 
-Хариуцагч Ж.Дын Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст гаргасан хүсэлт,
-Хариуцагч Ж.Дын Архангай аймгийн Цэцэрлэг хотын элсэлтийн шалгалтын комиссын эрхлэгчид гаргасан өргөдөл,
-Архангай аймгийн Жаргалант сумын Баянцагаан багийн иргэн Ч.Б-н Архангай аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан тодорхойлолт, 
-Архангай аймгийн Жаргалант эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, 
-Иргэн Ч.И-н Архангай аймаг дахь сум дундын Иргэний анхан шатны шүүхэд гаргасан тодорхойлолт зэрэг бичгийн баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй тул уг нотлох баримтуудыг шүүх үнэлээгүй. 

8. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.Даас 16,404,500 төгрөгийг гаргуулж Нийгмийн даатгалын санд олгох тул иргэдийн төлөөлөгч Э.Б-н “Ж.Д нь гэм буруугүй цагаатгаж өгнө үү” гэсэн 
дүгнэлт үндэслэлгүй байна.
    
    Нэхэмжлэгч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа тул хариуцагч Ж.Даас улсын тэмдэгтийн хураамж 239,973 төгрөгийг гаргуулан орон нутгийн орлогод оруулахаар шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага  болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.Даас 16,404,500 /арван зургаан сая дөрвөн зуун дөрвөн мянга таван зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн санд олгосугай.

    2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

    3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.Даас 239,973 төгрөгийг гаргуулан орон нутгийн орлогод оруулсугай.

     4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.ЭЛБЭГЗАЯА

                     ШҮҮГЧИД                             Г.ЭНХ-АМГАЛАН
                                                                                      
                              Ц.ДАГИЙМАА