Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 211/МА2022/00011

 

 


                            


          АХНДХ-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай


            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 
2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 129/ШШ2022/00128 дугаар шийдвэртэй 
ААНДХ-ийн нэхэмжлэлтэй
Ж.Д-д холбогдох
хохирол 16.404.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 
хариуцагчийн өмгөөлөгч Х.Г-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн
ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, хариуцагчийн өмгөөлөгч Х.Г, прокурор Ц.М, нарийн бичгийн дарга Д.Оюунгэрэл нар оролцов. 
             ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ААНДХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ж.Д нь хуурамч шүүхийн шийдвэрээр /Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 675 дугаар шийдвэр/ тэтгэвэр тогтоолгож, нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн даатгалын сангаас 16.404.500 төгрөгийн тэтгэвэр авсан болно. Энэ нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйл, 29 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт  заасан зөрчил  гаргасан  болох нь шүүхийн Тамгын газрын 2018 оны 08, 2019 оны 136 дугаартай албан тоотоор нотлогдож байна. Иймд хариуцагч Ж.Дын илүү авсан 16.404.500 төгрөгийг гаргуулж нийгмийн даатгалын санг хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анх Ж.Д нь 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 675 дугаартай шүүхийн шийдвэрээр Архангай аймгийн Жаргалант сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд 1971 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд саальчнаар улсад 21 жил ажилласан гэдгээр тэтгэврээ  тогтоолгосон. Энэ шүүхийн шийдвэрийг 2017 оны шалгалтаар зөрчилтэй байж болзошгүй гэсэн үүднээс Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газарт холбогдох лавлагааг гаргуулахад дээрх шүүхийн шийдвэр байхгүй байна гэсэн хариу хүргүүлсэн. Үүнтэй холбоотой дээрх шүүхийн шийдвэрийг хуурамч байж болзошгүй гэсэн үүднээс тухайн иргэнтэй уулзаж мэдэгдсэн байдаг. 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Ж.Д нь өөрийн жинхэнэ ажилласан жилээрээ тэтгэврээ тогтоолгосон баримтууд байна. Энэ шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт “иргэн Ж.Д нь Архангай аймгийн Жаргалант сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд 1979 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл мужаан, бичээчээр, 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1984 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл, 1984 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүртэл Архангай аймгийн Жаргалант сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд бичээчээр 1981 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 1984 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосугай” гэсэн байдаг. Анх гарсан шүүхийн шийдвэрт бичигдсэн саальчнаар биш бичээч, мужаанаар ажиллаж байсан байдал нь тогтоогдсон юм байна. 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 732 тоот шүүхийн шийдвэр гарч, дараа нь тухайн иргэн Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргасан бөгөөд 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 04 тоот магадлалаар шийдвэрлэгдсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлалд буруу нотлох баримт бүрдүүлэн өгч, үндэслэлгүй тэтгэвэр тогтоолгосон болох нь тогтоогдож шийдвэр нэхэмжлэгч байгууллагын талд гарсан. Тэгэхээр анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж нийгмийн даатгалын санг хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ. 

Хариуцагч Ж.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ААНДХ-ээс гаргасан 16.404.500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би ямар нэгэн хуурамч бичиг баримт бүрдүүлж шүүхэд өгч байгаагүй. Өдий 60 нас гартлаа үнэнчээр явсан хүн тул би төрд өртэй үхмээргүй байна. Энэ асуудал намайг хэлмэгдүүлж байгаа тул нэр төрийг минь сэргээн цагаатгаж өгнө үү. Би улс нийгэмдээ саальчин, төлчин, мужаан, бичээч зэргээр 20 гаруй жил тасралтгүй ажилласан. Нийт 29 жилийн ажилласан жилтэй, хоёр ч хөдөлмөрийн дэвтэртэй, дэвтрээрээ тэтгэвэртээ орох боломжтой хүн юм. Би төр улсаа хуурах хуурамч бичиг баримт бүрдүүлэх хүн биш. Намайг нутгийн засаг захиргаа, ард түмэн мэднэ. Надад бичиг баримт хуурамчаар бүрдүүлэх шаардлага байхгүй. Иймээс 16.404.500 төгрөгийг төлөхгүй.” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний ээж  Ж.Д нь 1970 оноос эхэлж 1990 оныг хүртэл төр улсад тасралтгүй ажилласан. Тухайн үеийн нийгмийн байдлаас шалтгаалж олон төрлийн ажил хийж байсан. Тухайн үед ажиллаж байсан шүүгч, нийгмийн даатгалын хэлтсийн байцаагчийн ажилдаа хайнга хариуцлагагүй хандсанаас болж миний ээж 5 жилийн турш хохирч хэлмэгдэж байна. Үүнээс болж миний ээжийн бие муудаж, энэ шүүх хуралдааны танхимд хүртэл унаж эмнэлэг рүү авч явж байсан. Үүнээс хойш хэвтрийн байдалтай хүний асаргаанд орсон. Та бүхнээс хүсэхэд миний ээжийг амьд мэнд байхад энэ байдлыг цагаатгаж сэтгэлийг нь амрааж өгнө үү. Би хөдөөгийн малчин хүн учраас хуулийг нарийвчлан хэлж мэдэхгүй. Гэхдээ өөрийн ойлгосноороо ярихад нийгмийн даатгалын байцаагчдаа өөрийнхөө хоёр хөдөлмөрийн дэвтрийг тухайн үеийн 70 дугаар данстай тулгаж баталгаажсан дэвтрээ өгсөн байдаг. Сүүлд нь таны хөдөлмөрийн дэвтэр байхгүй, таны дэвтрийг өгсөн гэх байдлаар барих баримтгүй болох жишээний асуудал болсон. н.О шүүгчийн шүүх хуралдааны талаарх миний ойлголт бол манай ах н.О-ийг аймагт орж ирсэн явахад манай сумын нийгмийн даатгалын байцаагч таарч “таны ээжийн чинь ажилласан жилийг тогтоох шүүх хурал болох гэж байна, та хоёр гэрч аваад ир” гэж хэлсэн байсан. Нэг нь тухайн үеийн туслах үйлдвэрийн бригадын дарга байсан н.Ч, нөгөө нь н.О-тай өөртэй нь хамт ирсэн н.Ичинхорлоо нарыг гэрчээр асуулгаад гэр, гэрт нь хүргэж өгсөн байдаг. Тэгэхээр шүүх хурал болсон байгаа юм.  Шүүхийн шийдвэрт хөдөлмөрийн дэвтрийг үндэслэн гэсэн нь зөв бөгөөд харин 21 жил саальчнаар ажилласан гэдэг нь буруу байдаг. Үүнд авах гээхийн ухаанаар хандмаар санагдсан. Миний ээж 350.000 төгрөгийн тэтгэвэр авдаг. Одоо мөнгөний ханш өндөр болсон цагт олигтой тарианы үнэнд хүрэхгүй шахуу мөнгө байдаг. Та бүхэн ч эх хүнээс төрсөн эх болон эцэг хүн байгаа байх. Миний бодлоор хууль гэж үнэн зөвийг ялгадаг зүйлийг хэлдэг гэж ойлгодог. Миний ээж ухаан санаа нь орж гардаг болсон. Ээж минь хэд ч наслах билээ гэж санаа зовж байна. Миний ээжийн сэтгэлийг амрааж өгнө үү. Улсын Дээд шүүхээс манай ээжийг илт буруутгаагүй гэж ойлгож байгаа. Сүүлд 2019 онд ээжийнхээ биеийг муудахад миний бие энэ шүүхийн үүдэнд хоёр хоносон. Одоо бодоход тухайн үеийн нарийн бичиг юм болов уу гэмээр хүүхэд өмнөх ажилласан жилээсээ татгалзвал ээжийн чинь тэтгэврийг тогтооно гэж  шаардах, зөвлөх байдлаар гарын үсэг зуруулсан. Би эхийгээ шүүхийн үүдэнд унагаалтай нь биш. Шүүх хуралдааны танхимаас гарахад хүртэл та гарын үсгээ зураа гэж шаардсаар байгаад 5 жилийг татгалзуулсан. 1973 оны үед манай нэгдлийн дарга хийж байсан н.Б-ын тушаалтай саальчнаар томилсугай гэсэн тушаал архиваас гарсан байдаг. Тухайн үед энэ баримтаа аваагүй гараад явсан байдаг. Ажил тарж орой болсон учраас ээж рүү утасдаад энэ дарга таныг саальчнаар томилсон тушаал байна гэж хэлэхэд “тиймээ тэр тушаалаа ав” гэж хэлэхээр нь маргааш нь архиваас авах гэтэл тийм тушаал гарч ирээгүй гэсэн. Олон дахин шүүлгэж үзсэн ч энэ тушаал байгаагүй. Мөн хэдэн оныг сайн санахгүй байна. Манай сумын захиргаа шатсан. Захиргаа шатахад олон хүний бичиг баримт устгаж үгүй болсон. Манай сумын хөгшчүүл хамт ажилласан хүмүүсээ ажилласан жилээ тогтоолгохдоо гэрчээр асуулгаж тэтгэвэртээ ордог байсан. Ийм учраас ээжтэй минь хамт ажиллаж байсан айл саахалт байсан хүмүүсийг гэрчээр асуулгасан. Та бүхнээс эхийн минь сэтгэлийг амрааж өгнө үү гэж хүсэх байна. Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон прокурорыг төрийнхөө төлөө ажиллаж байгаа хүмүүс гэж ойлгож байна. Өндөр настай эх хүнийг та бүхэн бодож үзнэ үү. Энэ их мөнгийг хөгшин настай хүн яаж төлөх юм. Тэтгэврээс өөр орлого байхгүй. Бидэнд хүртэл энэ их мөнгийг төлөх боломж нөхцөл алга. Ээж минь төлбөрт унаж сэтгэл санаа, нэр хүндээрээ хохирч байна. Тухайн үед миний ээж намын гишүүн хүн байсан. Тухайн үеийн намын гишүүнийг ажлаараа тэргүүний хүнийг томилдог байсан. Ямар нэг алдаа дутагдал гаргахад тэр хүн намаасаа хөөгддөг хариуцлагатай цаг үе байсан гэж ойлгож байгаа. Зөвөөр шийдвэрлэж эхийг минь цагаатгаж өгнө үү.” гэжээ. 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 129/ШШ2022/00128 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.Даас 16.404.500 /арван зургаан сая дөрвөн зуун дөрвөн мянга таван зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ААНДХ-ийн санд олгож; Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ААНДХ-ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.Даас 239.973 төгрөгийг гаргуулан орон нутгийн орлогод оруулж; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ. 

Хариуцагчийн өмгөөлөгч Х.Г-ын давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 129/ШШ2022/00128 дугаартай шийдвэрээр хариуцагч Ж.Д-аас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан 16.404.500 төгрөгийг гаргуулж ААНДХ-ийн санд олгож шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр шуудангаар хүлээн аваад дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.” гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Хуурамч шүүхийн шийдвэр гаргасан гэх шүүгч А.О-ийн “...Ж.Д гэх хүний хувьд бол ажилласан жилээ тогтоолгож байсан нь үнэн. Ж.Дын шүүхийн шийдвэрийн хувьд дугаар давхардаж, орхигдсон юм болов уу, ямар шалтгааны улмаас дугаар авагдаагүй үлдсэн талаар бол үнэндээ мэдэхгүй байна. Тэр үед маш олон, бараг 40 гаруй иргэний хэргийг шийдвэрлэж байсан...” /хх-10/, тухайн үед ААНДХ-ийн байцаагчаар ажиллаж байсан Б.О-ын “...Тухайн үед Ж.Дад хөдөлмөрийн дэвтэр нь байсан. Ж.Д худлаа ярих хүн биш. Нийгмийн даатгалд байсан хувийн хэргээсээ хөдөлмөрийн дэвтрээ авч шүүхэд өгсөн...” /хх-55-56/ гэж тус тус мэдүүлдэг ба дээрх мэдүүлгүүдээс Ж.Дад хөдөлмөрийн дэвтэр нь байсан болохыг, мөн ажилласан жилийг тогтоох ажиллагаанд шүүх, шүүгчийн зүгээс алдаа гаргасан болохоо ч хүлээн зөвшөөрдөг. Эдгээр нотлох баримтуудыг шүүхээс хэрхсэн талаар, хэрхэн үгүйсгэж байгаа талаар дүгнэлт хийгээгүй байна. 
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг гэм буруутай албан тушаалтан хариуцна.”, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3-т “Шүүгчийн гаргасан мэргэжлийн үйл ажиллагааны алдаа, зөрчлийн улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан гэм хорыг Иргэний хуульд заасны дагуу төр хариуцан арилгана.” гэж тус тус зааснаар тодорхой албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас төрд учруулсан хохирлыг төр хариуцан арилгахаар тус тус зохицуулжээ. Эдгээр зохицуулалтын дагуу тухайн үед Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн  шүүгчээр ажиллаж байсан А.О-ийн мэргэжлийн үйл ажиллагааны алдаатай үйл ажиллагааны улмаас иргэнд хохирол учирч байх тул энэхүү асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан байна. 
Нөгөөтээгүүр иргэн Ж.Д нь одоогоор 1977 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс  1992 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Архангай аймгийн Жаргалант сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд бичээчээр тус тус ажиллаж байсныг Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 331 дугаартай шийдвэрээр тогтоосон байхад үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзсэнийг ойлгохгүй байна. Энэ шийдвэр нь 15 жил 2 сар ажилласныг тогтоосон ба хувь тэнцүүлсэн тэтгэвэр авах эрх үүссэн байхад төрийн байгууллага, албан тушаалтны /тухайн үед шүүгчээр ажиллаж байсан А.О, нийгмийн даатгалын хэлтсийн байцаагчаар ажиллаж байсан Б.О/ хууль бус шийдвэрээр бүрэн тэтгэврийн хэмжээгээр тэтгэвэр авсан нь Ж.Дын буруу биш юм. Ж.Д нь 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 675 дугаартай хуурамч шийдвэрийг гаргуулсан нь тогтоогдоогүй ба тийм шийдвэр гарсныг өөрөө ч мэдээгүй байдаг. Иймд Ж.Д нь олон жил улсад ажиллаж тэтгэвэр /хувь тэнцүүлсэн/ тогтоолгох эрх үүссэн байхад Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжих боломжгүй юм. Хэрэв шүүхээс хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхэд хүрвэл Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.4-т зааснаар “Бусдын эрхийг зөрчсөн этгээд илтэд болгоомжгүйн улмаас өөрийн эрхгүй болохыг мэдээгүй бөгөөд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл байхгүй тохиолдолд түүнийг хариуцлагаас чөлөөлж болно” гэсний дагуу шийдвэрлэх ч боломжтой юм. 
Иймд Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 129/ШШ2022/00128 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Ж.Д-ыг хариуцлагаас чөлөөлж өгнө үү.” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдолд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан хэлэлцлээ.
Нэхэмжлэгч ААНДХ  нь 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд хандаж, хариуцагч Ж.Д-аас хохирол 16.404.500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Ж.Д-аас 16.404.500 /арван зургаан сая дөрвөн зуун дөрвөн мянга таван зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ААНДХ-т олгохоор шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан эрхийг хангаагүй, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр бүрдүүлэх үүргээ гүйцэд биелүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн, хэргийн оролцогчийн эрхийг  хангаагүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд хариуцагч Ж.Д-ыг хуурамч шүүхийн шийдвэрээр тэтгэвэр тогтоолгож, нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн даатгалын санд  16.404.500 төгрөгийн хохирол учруулсан тул түүнээс 16.404.500 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын санг хохиролгүй болгож өгнө үү гэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 6 заалт бүхий ажиллагааг хийлгэх хүсэлтийг шүүхэд гаргасан байх ба анхан шатны шүүх 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 675 дугаартай шүүхийн шийдвэр, тухайн үед зарласан шүүх хуралдааны тов, шүүх хуралдааны тэмдэглэл зэргийг Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газраас нотлох баримтаар гаргуулах хүсэлтийг хангаж, Д.О-ыг гэрчээр асуулгах, 2009 оны 09 дүгээр сард шүүхийн шийдвэрийн дугаар олгож байсан албан тушаалтныг олж мэдүүлэг авах, А.О-ийн гарын үсэг мөн эсэхийг Шүүхийн шинжилгээний байгууллагаар тогтоолгох, Архангай аймгийн Прокурорын газраас хэрэг бүртгэлийн хэргийг хааж шийдвэрлэсэн эрүүгийн 18100143 дугаартай хэргээс А.О, Ж.Д, Б.О, Н.О нарыг мэдүүлгийг хуулбарлуулан нотлох баримтаар гаргуулан авхуулах тухай хүсэлтүүдийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ. 

 Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хариуцагч Ж.Д-ын тэтгэвэр тогтоолгосон шүүхийн шийдвэр хууль бус болох нь, хэрэв хууль бус бол хэн түүнийг үйлдсэн, хууль бус шийдвэрийн улмаас тэтгэврийн санд учирсан хохиролд хариуцагч Ж.Д, эсхүл өөр хэн нэгэн этгээдийн буруутай үйлдэл, эс үйлдэхүй байгаа эсэх,   мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдоогүй байхад нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтүүдийн зарим хэсгийг хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй гэж урьдчилан дүгнэж, хангахаас татгалзсан нь  үндэслэлгүй юм.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлттэй холбогдуулан прокурор Ц.М-ын анхан шатны шүүх хуралдаанд “...хэргийн үйл баримтыг эргэлзээгүйгээр бүрэн тогтоосны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлт үндэслэлтэй, хүсэлтэд заасан ажиллагааг гүйцэтгэх шаардлагатай...” талаар гаргасан тайлбар ч үндэслэлтэй бөгөөд үүнийг шүүх анхаарсангүй. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн алдааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоос өөр үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон тул гомдолд эрх зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Тиймээс хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч ААНДХ нь 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1/44 дугаар албан бичгээр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Д.Т-ыг томилсон байна.

Анхан шатны шүүх 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хариуцагч Ч.Т, хариуцагчийн өмгөөлөгч Х.Г нарт эрх, үүрэг тайлбарласан баримт /хх-ийн 212/ үйлдсэн атал энэ баримтад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т-д эрх, үүрэг танилцуулсан талаар тусгаагүй, харин итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдоогүй үе буюу 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн баримтад 2022 оны 01 дүгээр сарын 11-нд эрх, үүрэг тайлбарласан /хх174/ гэж тусгасан байгааг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт  заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 129/ШШ2022/00128 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 
2. Хариуцагч Ж.Д-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239.973 /хоёр зуун гучин есөн мянга есөн зуун далан гурав/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.              


                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Т.ДАВААСҮРЭН

                                          ШҮҮГЧИД                          Н.ЭНХМАА
     
                                                                                      Л.НЯМДОРЖ