Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 02220

 

       Н.О-ийн нэхэмжлэлтэй,

      иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2018/01738 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Н.О-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “ОСНААУГ” ОНӨААТҮГ болон “А” ХХК-д холбогдох

Шугамын ашиглалтанд хяналт тавих, дахин ус алдуулахгүй байлгах арга хэмжээ авахыг даалгах, гэм хорын хохиролд 12 990 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Дулааны шугам солиход гарсан зардалд нийт 8 643 100 төгрөг гаргуулах тухай хариуцагч “А” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Т, хариуцагч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т, өмгөөлөгч Г.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч Н.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Баянгол дүүргийн 18 дугаар хороонд 11 давхар үйлчилгээний барилга бариулж байхад 2014 оны 10 дугаар сард барилгын суурь зоорийн давхарт ус алдсан. Уг усыг шугамын алдагдал байх гэж үзэн мэргэжлийн байгууллагад хандсан боловч учрыг нь тогтоогоогүй хугацаа алдахад хүргэсэн. Ингээд барилгын доогуур явдаг айлын шугам байж магадгүй гэж үзэж, шалтгаан нөхцлийг тодруулахаар орон сууцны контороос тухайн шугамыг хаасан боловч ус гоожсоор байсан төдийгүй айлын шугам хөлдөхөд хүрсэн. Үүнийг н.Б-оор засварлуулж, шугам хаалгуулж, крант засварлуулсан ажлын хөлсөнд 400 000 төгрөг, газрын гадаргаас 8 метр, түүнээс доош 17 метр худаг ухуулж, усыг нь гаднаас соруулах арга хэмжээ авч ажлын хөлсөнд 7 000 000 төгрөг,  н.А-аар  өдөр  бүр  усыг нь шавхуулсан ажлын хөлсөнд 4 250 000 төгрөг, ус соруулахад 3 шинэ насос авч 540 000 төгрөг, айлын хөлдсөн шугамыг гэсгээхэд 1 200 000 төгрөг тус тус зарцуулсан.

Ус алдалтыг тогтоож чадахгүй байсаар 2015 оны 02 дугаар сарын 04-нд орон сууцны контороос “У” ТӨХК-тай хамтран “А” ХХК-ийн дулааны шугамыг шалгаж үзэхэд, дулааны шугамыг техникийн дагуу угсраагүй, сувгийг зориулалтын дагуу хийгээгүйн улмаас Н.О-ийн барилгад ус алдаж байгааг тогтоосон. Тухайн үед өвөл байсан учир ус хаавал хөлдөнө гэх шалтгаанаар хаагаагүй, хавар болоход хаасан ба эрх бүхий байгууллагаас “А” ХХК-д шугамаа засахыг удаа дараа анхааруулж, албан бичиг, мэдэгдэлүүдийг явуулж байсан байдаг. Зун А ХХК засвар хийсэн гэх боловч 2015 оны 10 сард буюу дулаан тавих үед дахин ус алдаж эхэлсэн. Тухайн үед орон сууцны контороос алдаж буй усыг зогсоохыг хүсэхэд “А” ХХК-ийн усыг хаахад алдагдаж байсан ус зогссон. Гэтэл хариуцагч талаас манай ус биш гэж үзээд халуун усаа дур мэдэн нээсний улмаас ус дахин алдаж эхэлсэн. Ингээд манай зүгээс гомдол гаргаж усыг нь хаалгахад ус алдаагүй.

Мөн эрх бүхий байгууллагууд “А” ХХК-ийн халууны шугам задарснаас болж манайд их хэмжээний ус алдахад хүргэсэн гэдгийг тогтоосон байдаг. Ингээд 2016 оны зун болоход А ХХК шугамаа бүрэн сольсон, түүнээс хойш ус алдаагүй. Энэ тухай 2015 оны 02 дугаар сарын 25, 2015 оны 03 дугаар сарын 02, 2015 оны 03 дугаар сарын 03, 2015 оны 10 дугаар сарын 26, 2015 оны 12 дугаар сарын 17, 2016 оны 04 дүгээр сарын 12, 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн албан бичгүүд, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын шүүхэд гаргасан тайлбар, мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогддог. “А” ХХК-ийн шугамын ус алдсан гэдгийг эрх бүхий мэргэжлийн байгууллагууд тогтоосон. Иймд “Амар инвест” ХХК-ний шугамаас ус алдсан гэдгийг тогтоож, худаг ухуулсны 7 000 000 төгрөг, ус соруулсны 4 250 000 төгрөг, насосны үнэ 540 000 төгрөг, хөлдсөн шугамыг гэсгээхэд 1 200 000 төгрөг, нийт 12 990 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “ОСНААУГ” ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар нь цэвэр усаар хангах, цэвэр ус түгээх үйл ажиллагаа явуулдаг. Шугам сүлжээний хувьд орон нутгийн өмчид байгаа нь манай компанийн харьяа. Бид нар засвар үйлчилгээ хийх эрхтэй. Хувийн өмчид бид нар халдах эрх байхгүй, халдсан бол аудитаас торгууль тавьдаг. Ус алдсан гэж үзэж байгаа бол манайд ямар ч хамааралгүй. Иймд манайд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дулааны шугам, хэрэглээний шугам, цэвэр усны шугам гэх 5 шугам хэрэглэж албан байгууллагуудыг ус дулаанаар хангадаг. Нэхэмжлэгч цэвэр усны гэж нэхэмжлэл гаргаж, дараагаар нь дулааны алдагдалтай гэж нэхэмжлэл гаргадаг. Манайх 4, 5 жилийн хугацаанд дулааны мөнгөө ямар ч алдагдалгүйгээр төлсөн баримт байгаа. Сүүлд өгсөн нотлох баримтаар экологийн дүгнэлт гэж гаргуулахдаа 6,1 метрээс доош ухах юм бол хөрсний ус тогтох давхар юм. Танайд ус орно, танайх 6,1-ээс доош ухаж болохгүй гэсэн учир ухаагүй. Барилга баригдсанаас хойш ус алдлаа гэж манай усыг хаадаг. Энэ нь барилга барьж дуусаад ус зайлуулах систем гэж байгаа хөрсний ус урсч, төвийн ус зайлуулах шугам руу орж, урсаад гарах зүйлийг эднийх хаагаад барьчихсан, тэрийг онгойлгоогүй учир байнга ус ордог байсан. Уг шугамыг 2016 онд шугам засахдаа ус зайлуулах шугам онгойсон учир бага ордог. Гэхдээ байнга ус алдагдалтай байдаг газар. Эдний талд албан тушаалын эрх мэдлээрээ далайлган янз бүрийн дарамт үзүүлдэг учир барилгад хазайлт өгч магадгүй гэж үзээд эднийхт үзүүлж байгаад шугамын ухаж гаргаад эхний удаа үзүүлсэн. Дараагийн удаа 100 метр газар засмал зам ухаж, Н.О-ийг дуудаж шугамаа шинээр сольсон. Барилга баригдсанаасаа эхлэн экологийн дүгнэлт гаргаагүй, ус зайлуулах систем хийгээгүй. Нэхэмжлэгч 5 шугамын хаанаас ус алдсаныг хэлэхгүй байна, тогтоосон зүйл байхгүй. Ус алдсан байдлаар нэхэмжлэгч биднийг олон жил чирэгдүүлж, арга буюу шугамаа сольсон. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Н.О нь 2015 оны эхлэн танай комианийн эзэмшлийн ус хангамжийн шугамаас ус алдаж, бидний бариулж буй барилгын зоорийн давхар руу ус ороод байна гэж үндэслэлгүйгээр хардан дулааны болон хэрэглээний халуун, хүйтэй усны шугамыг орон сууцны контороос үе үе хаалгаж хүндрэл учруулж байна. Компаниас ямар ч ус дулааны шугамын алдагдал хүлээгээгүй бөгөөд ус, дулааныг үндсэн 2 аргаар тогтоодог байна. Үүнд: 1. далд байгаа ус, дулааны хангамжийн шугамын алдагдлыг тогтооход хэрэглэгддэг стандарт арга нь шинжээч томилж, ачаалал өгөх буюу хий шахах замаар шугамын алдагдал байгаа эсэхийг мэргэжлийн тусгай техник хэрэгсэл ашиглак тогтоодог. 2. далд шугамыг ухаж ил гаргасны дараа ус шахаж үзэн, усны алдагдлыг нүдээр харж дүгнэлт гаргадаг. Гэтэл 2 аргыг хэрэглэж, дүгнэлт гаргаагүй болно.

Манай компаниас 2015 оны 07 дугаар сарын 02-нд “Ц” ХХК нь манай байгууллагын эзэмшлийн ус дулааны шугамтай огтлолцдог улсын эзэмшлийн төвийн дулааны засвар хийхдээ манай шугамын ихэнхийг ухаж гаргах үед нь бид өөрсдөө үлдсэн шугамаа ухаж ил гарган, манай шугамнаас ус алдаагүй болохыг нэхэмжлэгч Н.О-ийн инженер н.Б-д үзүүлсэн мөн Д.О-ээр ус алдаж байгаа эсэхийг тогтоолгохоор гэрчээр асуулгасан болно. Улсын эзэмшлийн төвийн дулааны шугам солих ажил нь “УБДС“ ХК-ийн төлөвлөгөөт ажлын хүрээнд хийгдсэн бөгөөд энэ ажлын хүрээнд төвийн шугамын шуудуу хоолойг ухаж  гаргах,  бусад байгууллагын  эзэмшлийн шуудуу хоолойг ухаж гаргах үүргийг байгууллагуудад нь даалгасан бөгөөд үүнийг нотлох “УБДС” ХК-ийн 2015 оны 56-07-003/08 тоот албан бичгийг хэрэгт хавсаргасан.

2016 оны 05 дугаар сарын   20-ны   үеэр   өөрийн   эзэмшлийн   шугамаа   ил   гарган,   ус  шахаастай байхад нь нэхэмжлэгчийн талын н.Б менежерыг дуудан үзүүлэх гэхэд уг хүн ирж үзээгүй бөгөөд нэхэмжлэгч Н.О-ийн нөхөр гэх хүн ирж, манай уг байдлыг шалган өгнө үү гэсэн хүсэлт бичиг дээр "хүлээн авлаа” гэж бичиж гарын үсгээ зурж үлдээсэн болно. Манай компанид 2016 оны 05 дугаар сарын 20-ноос 06 дугаар арын 10-ны өдрийг хүртэл уг шугамыг солиход гарсан зардалд 8 643 100 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: “А” ХХК-ийн шугамын алдагдал гэдгийг: ОСНААУГ-ын хэрэглэгчдэд үйлчлэх 12 дугаар төвийн 2015.02.25 болон 2015.03.02, 2015.10.26-ны өдрийн мөн ОСНААУГ-ын Баруун түгээх төвийн 2015.03.03-ны албан тоот, Мэргэжлийн хяналтын газрын 2015.12.17-ны албан шаардлага, хариуцагч ОСНААУГ-ын хэрэглэгчдэд үйлчлэх 12-р төвийн төлөөлөгчийн хариу тайлбар, шүүхэд өгсөн мэдүүлэг, 2015.02.06-нд “А” ХХК-ийн шугаманд гэмтэл гарсан тул заасан хугацаанд засварлах тухай “А” ХХК-д явуулсан албан тоот, ОСНААУГ-ын хэрэглэгчдэд үйлчлэх 12 дугаар төвийн 2015.02.25-ны өдрийн 62 дугаар албан тоот зэрэг бичгийн баримтаар нотлогдож байгаа.

Хариуцагч ОСНААУГ-ын хэрэглэгчдэд үйлчлэх 12 дугаар төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд "...Манай байгууллагын инженер техникийн ажилтнууд УБДС ХХК-ны хүмүүстэй ус гоожиж байгаа шалтгааныг шалгахад “А” ХХК-ийн мэдлийн гадна халуун усны шугамд гэмтэл гарсныг тодорхойлж, тус компани гэмтэлтэй шугамыг засварлах тухай албан тоотыг 2015.02.06-нд өгсөн боловч засвар хийгдээгүй тул 2015.02.25-ны албан бичгээр анхааруулж байгаад халуун усыг зогсоож, ус алдахыг зогсоосон. Мөн А ХХК нь дур мэдэн халуун усны шугамыг нээж дахин ус алдаж 2015.10.04-ний өдөр манайхаас газар дээр нь шалгаж, хапуун усыг нь хааж, барилгын зоорийн давхарт ус орохыг бүрэн зогсоосон бөгөөд халуун усны шугам нь хаалттай байгаа болно" гэх тайлбараар мөн нотлогдоно. А ХХК нь мэргэжлийн байгууллагын шаардлага, хууль, дүрмээр хүлээсэн үүргийнхээ дагуу сольсон шугамын үнийг нэхэмжлэх нь утгагүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А ХХК-иас гэм хорын хохиролд хариуцагч А ХХК-иас гэм хорын хохиролд 12 990 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.О-ийн нэхэмжлэлийн шаардлага болон, нэхэмжлэгч Н.О-ээс 8 643 100 төгрөг гаргуулах тухай хариуцагч “А” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч ОСНААУГ ОНӨААТҮГ болон түүнд холбогдох шугамын ашиглалтад хяналт тавих, дахин ус алдуулахгүй байлгах арга хэмжээ авахыг даалгах шаардлагаас татгалзсан болохыг баталж, ОСНААУГ ОНӨААТҮГ-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б давж заалдах гомдолдоо: 1. Ус алдсныг хэрэглэгчдэд үйлчлэх төв нь ус алдсаныг тогтоосон. Гэхдээ заавал ухаж, 100 гаруй метр шугамыг бүгдийг нь нээж хагарсан, шүүрсэн хэсгийг нь олох ёстой гэсэн зүйл байхгүй бөгөөд ийм боломжгүй. Уг компанийн халуун усны шугамын усыг хаахаар ус алдалт зогсдог. Засаагүй байхдаа, хэрэглэгчдэд үйлчлэх төвийн зөвшөөрөлгүй нээхээр ус алддаг. Ус алдангуут манайх хэрэглэгчдэд үйлчлэх төвд хандахаар “А” ХХК-ийн халуун усны шугамыг хаахаар зогсдог. Иймээс энэ компанийн шугам гэмтэлтэй гэдэг нь олон удаагийн үйлдэл, хяналт шалгалтаар тогтоогддог. Харин шүүхийн шийдвэрт заасанчлан бүх шугамыг буюу олон нийтийн эзэмшил, асфалтан замнууд, уулзварын доогуур явж байгаа шугамыг бүгдийнх нь тагыг хуулж, цоорсон хэсгийг нь олоогүй гэдэг шаардлага, хуулийи үндэслэл, засвар үйлчилгээний журам байхгүй. Мөн түүнчлэн ус алдахад сувагчлалаар дамжин хөрсөнд нэвчих ёстой нь үнэн боловч эхлээд “А” ХХК-ийн зоорийи давхарт орж, дараа нь хөрсөнд шингэх ёстой гэж хэргийг сайн судлалгүй дүгнэлт хийсэн. Учир нь: “А” ХХК-ийн шугам ертөнцийн зүгээр хойд талаасаа маш налуу газар уруудаж, 100 орчим метр явж байгаа манай байрны зүүн хойд булангаас 5 орчмм зайнаас 90 градусаар огцом зүүн тийш эргэж 30 орчим метр явж зоорьгүй дан байранд шууд холбогддог. Тиймээс уг компанийн байр зоорьгүй, тиймээс зоорийн давхарт эхэлж ус ороод дараа нь бусад барилыгнн хөрсөнд шингэнэ гэсэн ойлголт байхгүй. Нөгөө талаас манай барилгыг бараг чанх хойноос уруудсан шугамаас ус алдсан нь тодорхой бөгөөд байгалийн хуулийн дагуу газрын уруу манай байрны зоорийн давхар руу орсон гэж үззж байна. Учир нь манай байрны баруун талаар 1-4 метрийн зайд хойд барилгын бүх шугам явдаг. Энэ шугамтай зэрэгцээд төвийн шугам явдаг, Тэгэхээр шугамын сувагчлалыг дамжин ус орсон нь үнэн гэж бодож байна. Гэхдээ энэ нь дээрх 2 шугамын усны алдагдал биш бөгөөд зөвхөн “А” ХХК-ийн шугамын ус хааснаар нотлогддог. Хариуцагч талын шугамнаас ус алдсан гэдгийг хэрэглэгчдэд үйлчлэх 12 дугаар төв болон баруун түгээх төвийн ажилтнууд газар дээр нь ажиллаад нотолддог юм.

Хариуцагч ОСНААУГ-ын 12 дугаар төвийн ажилтан хуулийн этгээдийн эрхгүй үндэслэлээр солигдож, хөндлөнгийн хүн төвөөс нь томилогдон хариуцагчаар оролцсон бөгөөд тэр хүн яг тэр шугам гэдгийг мэдэхгүй тайлбар өгсөн, өвлийн улиралд ухах боломжгүй бөгөөд ухахгүйгээр “А” ХХК-ийн халуун усны шугамын алдагдал гэдгийг тогтоосон байхад түүнийг мэдэхгүй, хараагүй тэгж тайлбарласан. Мөн халуун усны шугамын усыг хаахад багасч байсан гэж бас худал хэлжээ. Энэ хүн 2014-2015 онд хэрэглэгчдэд үйлчлэх 12 дугаар төвд байгаагүй бөгөөд хариуцагчийн усыг хаахад манай барилга руу орох ус шууд зогссон юм. Үүнийг олон удаагийн албан бичиг болон энэ хүнээс өмнөх хариуцагчаар орсон 12 дугаар төвийн инженер н.Б удаа дараа шүүх хурал дээр мэдүүлж, бичгээр дэлгэрэнгүй тайлбар ирүүлсэн. 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, зоорийн давхарт ус алдаж байх үед шугамыг шалгаагүй гэдгийг хариуцагч 12 дугаар төв, “А” ХХК-ийн төлөөлөгч нотолдог. Хариуцагч “А” ХХК-ийн төлөөлөгч 2015 оны 07 дугаар сард шугамын 1 хэсэгхэн газар ухсан, сүүлд нь 2016 оны зун сольсон тухайгаа хэрэгт зургаар баримтжуулж өгсөн байгаа. Ус 2014 оны 10 сараас 2015 оны 3-4 cap хүртэл, 2015 оны 10 сард алдсан. Энэ хугацаанд шугамыг хэн ч ухаагүй болно. Нөгөө талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг бүрэн үгүйсгэж байгаа нь хэт нэг талыг баримталсан, үндэслэлгүй дүгнэлт болжээ.

Шинжээч “У” ТӨХК-аас газар дээр нь ирээгүй, үндэслэлгүй дүгнэлт гаргасан байна. Учир нь: “А” ХХК-ийн шугам ертөнцийн зүгээр хойд талаасаа маш налуу газар уруудаж, 100 орчим метр явж байгаа манай байрны зүүн хойд булангаас 5 орчим зайнаас 90 градусаар огцом зүүн тийш эргэж 30 орчим метр явж “А” ХХК-ийн зоорьгүй дан байранд шууд холбогддог. Тиймээс уг комланийн байр зоорьгүй, тиймээс зоорийн давхарт эхэлж ус ороод дараа нь бусад барилгын хөрсөнд шингэнэ гэсэн ойлголт байхгүй. Нөгөө талаас манай барилгыг бараг чанх хойноос уруудсан шугамаас ус алдсан нь тодорхой бөгөөд байгалийн хуулийн дагуу газрын уруу манай байрны зоорийн давхар руу орсон гэж үзэж байна. Энэ нь хэрэгт авагдсан “А ХХК-ийн хойноосоо урагшаа налуу газарт шугам сольсон зураг болон, манай барилгаас зүүн тийш газар ухсан, манай барилгаас 30-аад метрийн зайтай “А” ХХК-ийн барилгын зургаар нотлогдоно. “А” ХХК-ийн чанх хойноос ирсэн шугам манай барилгын зүүн хойно 4-5 орчимд ирээд эргэдэг. Манай барилга угсралтаас бус аль шугамаас ус алдсаныг тогтоох ёстой байтал барилгын угсралтаас болсон гэж дүгнэсэн.

Хэрвээ хөрсний ус юм бол “А” ХХК-ийн усыг хаахаар хөрсний ус байхгүй болдог, нууцаар нээхээр давхцаад ус орж ирдэг. Уг нээсэн усыг нь хаангуут хөрсний ус алга болдог, шугамаа солихоор хөрсний ус дахин гарахаа больдог. Хөрсний ус байсан бол байнга ус орох байсан мөн бүлээн байхгүй байсан. Хариуцагч ОСНААУГ-ын төлөөлөгч 2015 оны 10 дугаар сарын 04-ний өдөр дур мэдэн нээсэн халуун усны шугамыг нь хааж, ус алдалтыг тогтоосон тухай шүүхэд мэдүүлэг өгчээ. Гэтэл дулааны лаборатори нь юуны усыг тогтоох буюу дээж өгсөн ус өөрийнх нь шугамын ус эсэхийг л тогтоодог. Нөгөө талаас бид өөрсдөө нотлох баримтаа гаргаж өгөх ёстой, гаргаж өгсөн баримтад тулгуурлан шүүх дүгнэлт хийхээс өөр баримт гаргаж өгсөнгүй гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийг хангаж, cөpөr нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нотлох баримт бүрдүүлэх хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй. 

Нэхэмжлэгч Н.О нь хариуцагч “ОСНААУГ” ОНӨААТҮГ болон “А” ХХК-д холбогдуулан шугамын ашиглалтанд хяналт тавих, дахин ус алдуулахгүй байлгах арга хэмжээ авахыг даалгах, гэм хорын хохиролд 12 990 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч “А” ХХК-иас дулааны шугам солиход гарсан зардалд нийт 8 643 100 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн өмчлөлийн Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээний зориулалттай, зоорийн давхарын хамт 11 давхар барилгын зоорийн давхарын ханаар их хэмжээний ус нэвчин орж ирсэн нь хариуцагч “А” ХХК-ийн дулааны шугамнаас ус алдалт үүсч, түүний улмаас хохирол учирсан эсэх нь маргааны зүйл болсон байна.

Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг тодруулахаар 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийг шинжээчээр томилжээ. /2 х.х-ийн 218-220 дугаар тал/

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд шинжилгээ  хийлгэх тухай тогтоол, захирамж хүсэлт гаргаж, шинжилгээ хийхээр томилогдож байгаа шүүхийн шинжилгээний байгууллагад ажилладаггүй шинжээчийг дуудан ирүүлж, түүний биеийн байцаалт, мэргэжил чадвартай танилцан, ямар харилцаатай болохыг тогтоохоос гадна шинжээчээс татгалзан гарах үндэслэл байгаа эсэхийг шалгана, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар дээрх ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол захирамжийг  гардуулан өгч эрх,үүрэг, хариуцлагыг урьдчилан сануулж гарын үсэг зуруулна” гэж заасан.

Гэтэл шинжээчээр томилогдсон “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК  нь 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр тус компанийн Баруун түгээх төвийн Түгээх сүлжээний техник хяналтын инженер Ч.Уранчимэгийг шинжээчээр томилсон тушаал гаргаж, дээрх хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасныг зөрчжээ.  Шүүх 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Ч.Уранчимэгт Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасныг тайлбарлаж, мөн хуулийн 13, 14, 15 дугаар зүйлд заасныг тус тус сануулсан байх боловч хэзээ үйлдсэн нь тодорхойгүй шинжээчийн дүгнэлтийг 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн албан бичгээр шүүхэд хүргүүлсэнээс үзэхэд шинжээчид эрх, үүргийг нь боломжит хугацаанд танилцуулсан нь эргэлзээтэй байна. /2 х.х-ийн 241-242, 243 дугаар тал/

Шинжээч дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2-т зааснаар тусгай мэдлэг мэргэжлийн хүрээнд шинжилгээг тал бүрээс нь бодитой хийх, эрх бүхий этгээдийн тавьсан асуултын дагуу шинжилгээг хийх үүргээ хангалттай биелүүлсэн гэж үзэхэд учир дутагдалтай болжээ.

Шинжээчийн дүгнэлт хуульд заасан шаардлага хангаагүй, дүгнэлт нь эргэлзээтэй, тодорхой бус байгаа тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар шүүх өөрийн санаачилгаар нэмэлт шинжилгээ хийх, дахин шинжилгээг бүрэлдэхүүнээр хийх журмыг зохицуулсан боловч энэ ажиллагаа хийгдээгүй байна.

Үйлчилгээний зориулалттай барилгын зоорийн давхарт ус ямар шалтгаан нөхцлийн улмаас үүссэн, хөрсний уснаас эсвэл шугам хоолой задарсны улмаас үүссэн эсэхийг тодруулахаар нэхэмжлэгч нь усны дээжээс шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасны дагуу “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-аас ”...шинжилгээгээр тэрхүү ус нь сүлжээний ус гэдэг нь нотлогдоогүй, шинжилгээний хариуг 1 хувь гаргаж үйлчлүүлэгчид өгсөн, байгууллагад үлдээгүй” гэж хариу ирүүлснээр шүүх хэргийг шийдвэрлэжээ. /3 х.х-ийн 24-26, 36 дугаар тал/

Нэхэмжлэгчийн өмчлөлийн үйлчилгээний барилгын зоорийн давхарт гарсан ус нь дулааны шугам задарсны улмаас эсвэл хөрсний ус гэх нөхцөл байдал нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой юм.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шаардсан нотлох баримтыг гаргаж өгөх боломжгүй тохиолдолд шүүх нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг бүрэн хийгээгүй гэж үзнэ.

Талуудын маргааны зүйлийн талаар гаргасан шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, нотлох баримт дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн байхад маргааны үйл баримт, хууль хэрэглээний талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх, дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2018/01738 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222 970 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               ШҮҮГЧИД                                            Э.ЗОЛЗАЯА

                                                                                                            Д.БАЙГАЛМАА