Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 03281

 

 

 

 

 

 

 

 

     2017 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2017/03281

               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           

Нэхэмжлэгч: 00000 тоотод оршин суух, Д.Д-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 000000000000 байранд байрлах, М -д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Д, түүний өмгөөлөгч Д.Оюунням, хариуцагч Митгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өлзийцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Д миний бие 1985 онд МУИС-ийн НУФ-ийн сэтгүүл зүйн ангийг улаан дипломтой төгсөж 1985 оны 7 сард одоогийн М-д сэтгүүлчээр уригдаж орсон. Энэ хугацаанд “Цагийн хүрд”-ээс эхлээд телевизийн бүхий л салбар нэгж, хэлтэс тасагт ажиллан, телевизийн сэтгүүлчийн дадлага туршлага хуримтлуулсан сэтгүүлч юм. Ажиллах хугацаандаа эх орноо бүтэн 4 удаа тойрч, бүхий л төрлийн нийтлэл, нэвтрүүлгийг бэлтгэж үзэгч түмэндээ хүргэсэн. “Тахиа цаг”, “Редакцийн томилолт”, “эрхдархат анги буюу хамгаалагдаагүй эрх чөлөө”, “Хувьсгалын 70 жилийн ойн түүхэн цуврал”, “ХХ зууны 100 жил” түүхэн бүтээл, “Монголын түүх энэ өдөр” өдөр тутмын хуанли, баримтат кинонууд болон “Сэрсэн зууны түүх” 1,2-р боть ном туурвисан болно. Түүнчлэн “Эгэл амьдралын мөр”, “Миний амьдрал” эгэл хүмүүсийн хөрөг нэвтрүүлгүүд бүтээж М-ийн алтан сан хөмрөгт оруулсан болно. М-д ажилласан хугацааныхаа хөдөлмөрийг нотлон МРТелевизийн тэргүүний ажилтан, МУСТА, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан, Радио телевизийн Академийн 2012 оны “Болор үзэг” гран при шагнал, 2013 оны Монголын сэтгүүлчдийн эвлэлийн холбооны телевизийн  салбар дахь 100 жилийн шилдэг сэтгүүлч, “Дөрөв дэх засаглал” шагнал, Монгол улсын төрийн одон “Алтангадас”-аар тус тус шагнагдсан болно. Миний бие 2017 оны 4 сараас М-ийн ерөнхий захирлын тушаалаар М-ийн 1-р сувгийн “Түүх, өв уламжлалын алба”-ны продюсероор томилогдон ажилласан юм. Энэ хугацаанд Ховд аймгаас ирсэн алба бичгийн дагуу уран бүтээлийн багийг зохион байгуулж тус аймагт ажилласан болно. 2017 оны 6-р сарын 26-ны өдрөөс 7-р сарын 05-ныг хүртэл 15 хүний бүрэлдэхүүнтэй, хоёр машины хамт Ховд аймагт ажиллаж дараах нэвтрүүлгийг бэлтгэсэн. М-ийн сүлжээнд тусгагдсан “Дөрвөн бэрх” нэвтрүүлгийг улсын баяр наадамд зориулан бэлдэж гүйцэтгэсэн. Ховд аймгийн засаг даргын тамгын газар М-д уг нэвтрүүлгийн төлбөрт 2,000,000 төгрөгийг Төрийн банк дахь байгууллагын дансаар шилжүүлэг хийсэн. Харин нийт 15 уран бүтээлчийг хүлээж авахын тулд 1 машины зардал /шатахууны/, уран бүтээлчдийн Ховд аймагт ажиллахад шаардагдах томилолтын зардлыг даахаар тохиролцсон болно. М-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц бид нарыг байгууллагад орж ирэх мөнгийг хувийн дансаар авч ашигласан хэмээн ташаа дүгнэн ямар нэг тайлбар авахгүйгээр миний биеийг ажлаас халах шийдвэр гаргалаа. М-ээс Ховд аймагт ажиллах уран бүтээлчдэд гаргасан зардал нь 1,220,000 төгрөг бөгөөд энэ нь М-ээс тус аймагруу явсан 2 машины нэгнийх нь шатахууны зардал 800,000 төгрөг, уран бүтээлчдийн Улаанбаатараас Ховд аймагт очих, эргээд Улаанбаатарт эргэж ирэх замдаа хоноглох замын зардал болох 420,000 төгрөг болсон байна. Харин Ховд аймаг нь өөрийн амласны дагуу Улаанбаатараас Ховд аймагт ирж очих зөвхөн 1 машиных нь шатахууны зардал болох тус аймагт ажиллах үед шаардагдах байр хоолны зардлыг гаргасан болно. Энэ зардлыг уран бүтээлчдэд олгосон 45,000 төгрөг томилолт буюу хоолны зардал болгон өгсөн болно. Ерөнхий захирал Л.Нинжжамц нь телевизийн уран бүтээлчдийн  энэхүү зардлыг үл ойлгон байгууллагын  мөнгө хэмээн андуурч миний биеийг хувийн дансаараа байгууллагын мөнгө авч өөртөө ашигласан хэмээн ажлаас халсанд маш их харамсаж байна. Ийм гэнэтийн шийдвэр гаргасанд олон жил энэхүү байгууллагад ажиллаж байгууллагынхаа 50 жилийн ойд зориулан хийж бүтээхээр зорьж байсан олон ажлыг тасалдуулж хамт олны дотор нэр хүндийг минь унаган, сэтгэл санаа, эд материалын хохиролд унагасанд маш их гомдолтой байна. Энэ бүхнийг минь нягтлан үзэж, холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Митгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Д нь М-ийн Өв уламжлалын нэвтрүүлгийн албанд продюсер хийж байхдаа байгууллагын мөнгөн хөрөнгийг өөртөө ашигласан, өөрийн хувийн дансаар нэвтрүүлгийн төлбөр шилжүүлэн авсан, томилолтын зардлыг зориулалтын дагуу зарцуулаагүй ноцтой зөрчил гаргасан. М-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.3 дах хэсэгт ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн гэрээг цуцлах талаарх зохицуулалт байх ба 5.3.1-т ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах бол Хөдөлмөрийн тухай хуулийн 37, 38, 40, 131.1.3 дугаар зүйлүүдийг үндэслэхийн зэрэгцээ дор дурдсан зөрчлүүдийг ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар ямар нэгэн болзолгүйгээр шууд цуцална гэж заасан ба ноцтой зөрчилд тооцох зөрчлүүдийг заасан байна. Д.Дгийн гаргасан зөрчил нь дээрх журмын 5.3.1-ийн “г”, “ө”, 7.1-ийн “в” хэсэгт ноцтой зөрчил байна. Иймд Ерөнхий захирлын Б/421 дугаартай Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал хууль, журмын дагуу үндэслэлтэй гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч Мэд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, Нийгмийн болон Эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

МЕрөнхий захирлын 2017 оны 08 сарын 04-ний өдрийн б/421 дугаар “Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаалаар Үндэсний телевизийн Өв уламжлалын нэвтрүүлгийн албаны продюсер Д.Дтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6.3, 31.6.6, М-ийн “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 5.3.1-ийн “Г”, “Ө”, 7.1-ийн “в”, Захирлуудын зөвлөлийн 2017 оны наймдугаар сарын 04-ний өдрийн хурлын шийдвэр, М-ээр нэвтэрүүлэх зар сурталчилгаа болон нэвтрүүлгийг ивээн тэтгэх үйл ажиллагааг зохицуулах журам”-ын дөрөвдүгээр бүлгийн 4.2 дахь хэсэгт заасныг үндэслэн цуцалсан байна. /хх-ийн 4 дүгээр тал/

 

Хариуцагч М нь нэхэмжлэгч Д.Дтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон шалтгааныг “...Д.Д нь Ховд аймагт “Дөрвөн бэрх” нэвтрүүлэг бэлтгэхээр 14 хүний бүрэлдэхүүнтэй томилолтоор ажиллах хугацаандаа албан тушаалаа урвуулан ашиглах байдлаар байгууллагын мөнгөн хөрөнгө 2,689,200 төгрөгийг өөрийн хувийн дансаар авч ашигласан, томилолтын зардлыг зориулалтын дагуу зарцуулаагүй санхүүгийн ноцтой зөрчил гаргасан” гэж тайлбарлажээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “ноцтой зөрчил” гэдэгт ажилтан ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, ажил хэргийн нэр хүндийг гутаах зэрэг түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагавар бий болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байхыг ойлгох бөгөөд ажил олгогч нь ажилтны гаргасан зөрчлийг тогтоосон байх, хариуцлага нь зөрчилд нь тохирсон байхыг шаардана.

 

Нэхэмжлэгч Д.Д нь 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд Ховд аймагт “Дөрвөн бэрх” төлөвлөгөөт нэвтэрүүлэг бэлтгэхээр 14 ажилтан, гадны 1 хөтлөгч нийт 15 хүнтэй бүрэлдэхүүнийг ахлан томилолтоор ажилласан байна.

 

Ийнхүү нэвтрүүлэг бэлтгэхэд М-ээс томилолтын зардалд 1 автомашин, ирэх очих шатахууны зардал 420,000 төгрөг гаргасан бол Ховд аймгийн Засаг даргын тамгын газраас нэвтрүүлгийн бэлтгэл ажилд зориулж 7,488,000 төгрөг төсөвлөснөөс зохион байгуулалтын арга хэмжээнд 2,500,000 төгрөг, нэвтрүүлгийн хөлс 2,000,000 төгрөг, үлдэх 2,988,000 төгрөгөөс шимтгэл тооцон 2,689,200 төгрөгийг хөтлөгчийн ажлын хөлс, онгоцны 2 талын билет, дээл хувцасны зардалд 1,150,000 төгрөг, өргөмжлөл 8 ширхэг 338,000 төгрөг, нэвтрүүлгийн 2 шүүгчид 100,000 төгрөг, аймгийн зүгээс зургийн багийн 14 гишүүний урамшуулал, хоол хүнсэнд хүн тус бүрт 50,000 төгрөг төсөвлөсөн байна.

 

Үүнээс Ховд аймгийн Засаг даргын тамгын газар зохион байгуулалтын арга хэмжээнд 2,500,000 төгрөг зарцуулж, нэвтрүүлгийн хөлс 2,000,000 төгрөгийг  М-ын дансанд, бэлтгэл ажлын зардалд 2,689,200 төгрөгийг нэхэмжлэгч Д.Дгийн Хаан банкин дахь 5077425350 тоот дансанд шилжүүлжээ.

 

Дээрх үйл баримтад зохигч маргаагүй бөгөөд “Дөрвөн бэрх” нэвтрүүлгийг бэлтгэхэд М-ээс төсөвлөсөн 1 автомашин, шатахууныг зориулалтын дагуу зарцуулсан, томилолтын өөр зардал гаргаагүй, Ховд аймгийн Засаг даргын тамгын газраас Д.Д-гийн дансанд 2,689,200 төгрөгийг дээрх байдлаар нэвтрүүлгийн бэлтгэл хангуулахаар шилжүүлсэн болох нь Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 04 сарын 28-ны өдрийн 6/1051, 2017 оны 08 сарын 11-ний өдрийн 2/1933 дугаар албан бичиг,  гэрч, Ш.Ёолк, Ц.Одонтуяа нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч Д.Д томилолтоор ажиллах хугацаандаа албан тушаалаа урвуулан ашиглах байдлаар байгууллагын мөнгөн хөрөнгийг өөрийн хувийн дансаар авч ашигласан, томилолтын зардлыг зориулалтын дагуу зарцуулаагүй санхүүгийн ноцтой зөрчил гаргасан гэж үзэх зөрчил гаргасан нь тогтоогдохгүй байх тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалсан нь үндэслэлгүй байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Д.Дтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй байх тул 2017 оны 08 дугаар сарын сарын 04-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх ажилгүй байсан 86 хоногийн цалинг түүний Нийгмийн даатгалын дэвтэр дээрх бичилтээс тооцох боломжгүй байх тул хариуцагч М-ийн гаргасан цалингийн тодорхойлолтыг үндэслэн /1 сарын цалин 1,100,000:21=52,381х86=4,504,762/ тооцож 4,504,762 төгрөгийг Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевизээс гаргуулж нэхэмжлэгч Д.Дд олгохоор шийдвэрлэв.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”, 46.2-т “ ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж тус тус заасан байх тул М , Д.Дгийн Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг үүрэг болгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагчаас 87,026 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Д-г М Өв уламжлалын нэвтрүүлгийн албаны продюсерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт хариуцагч Монголын үндэсний олон нийтийн радио, телевизээс 4,504,726 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Д-гийн ажилгүй байсан хугацааны Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч М даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Д нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Монголын үндэсний олон нийтийн радио, телевизээс улсын тэмдэгтийн хураамжид 87,026 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.АЗБАЯР