Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2018/00792

 

Д.Д-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2017/03281 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 439 дүгээр магадлалтай,

Д.Д-гийн нэхэмжлэлтэй

МҮОНРТ-эд холбогдох,      

Ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Д-, өмгөөлөгч Д.О, хариуцагчийн өмгөөлөгч Ц.О, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Д-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ....1985 оны 7 сард одоогийн МҮОНРТ-д сэтгүүлчээр уригдаж орсон бөгөөд 2017 оны 4 сараас МҮОНРТ-ийн 1-р сувгийн Түүх, өв уламжлалын албаны продюсероор томилогдсон. Ховд аймгаас ирсэн албан бичгийн дагуу 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 7 дугаар сарын 05-ныг хүртэл хугацаанд 15 хүний бүрэлдэхүүнтэй, тус аймагт уран бүтээлийн баг зохион байгуулж ажиллахдаа улсын баяр наадамд зориулж Дөрвөн бэрх нэвтрүүлгийг бэлтгэсэн. Ховд аймгийн Засаг Даргын Тамгын Газар нь уг нэвтрүүлгийн төлбөрт 2.000.000 төгрөгийг Төрийн банк дахь байгууллагын дансаар шилжүүлж, нийт 15 уран бүтээлчийг хүлээж авахад 1 автомашины зардал, уран бүтээлчдийн Ховд аймагт ажиллахад шаардагдах томилолтын зардлыг даахаар тохиролцсон. Гэтэл МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц биднийг байгууллагад орох мөнгийг хувийн дансаар авч ашигласан гэж ташаа дүгнэн, тайлбар авахгүйгээр намайг ажлаас халсан. МҮОНРТ-ээс Ховд аймагт ажиллах уран бүтээлчдэд гаргасан зардал нь 1.220.000 төгрөг бөгөөд энэ нь тус аймаг руу явсан 2 автомашины нэгний шатахууны зардал 800.000 төгрөг, уран бүтээлчдийн замын зардал болох 420.000 төгрөг болсон. Харин Ховд аймгийн Засаг Даргын Тамгын Газар нь ирж очих зөвхөн 1 машиных нь шатахууны зардал болон тус аймагт ажиллахад шаардагдах байр хоолны зардал 45.000 төгрөг гаргасныг уран бүтээлчдэд томилолт, хоолны зардал болгон өгсөн. Иймд намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж өгнө үү гэжээ.

Хариуцагч МҮОНРТ-ийн шүүхэд гаргасан тайлбарт: Д.Д- нь МҮОНРТ-ийн Өв уламжлалын нэвтрүүлгийн албанд продюсер хийж байхдаа байгууллагын мөнгөн хөрөнгийг өөртөө ашигласан, өөрийн хувийн дансаар нэвтрүүлгийн төлбөр шилжүүлэн авсан, томилолтын зардлыг зориулалтын дагуу зарцуулаагүй ноцтой зөрчил гаргасан. МҮОНРТ-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн гэрээг цуцлах талаарх зохицуулалт ба 5.3.1-т ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах бол Хөдөлмөрийн тухай хуулийн 37, 38, 40, 131.1.3 дугаар зүйлүүдийг үндэслэхийн зэрэгцээ дор дурдсан зөрчлүүдийг ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар ямар нэгэн болзолгүйгээр шууд цуцална гэж заасан ба ноцтой зөрчилд тооцох зөрчлүүдийг заасан. Д.Д-гийн гаргасан зөрчил нь дээрх журмын 5.3.1-ийн г, ө, 7.1-ийн в хэсэгт ноцтой зөрчил байна. Иймд Ерөнхий захирлын Б/421 дугаар Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал хууль, журмын дагуу үндэслэлтэй гарсан гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2017/03281 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Д-г МҮОНРТ-ийн Өв уламжлалын нэвтрүүлгийн албаны продюсерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт хариуцагч МҮОНРТ-ээс 4.504.726 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Д-гийн ажилгүй байсан хугацааны Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч МҮОНРТ-эд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Д- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч МҮОНРТ-ээс улсын тэмдэгтийн хураамжид 87.026 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 439 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2017/03281 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Хариуцагч байгууллага Д.Д-г ажлаас халах тушаалдаа “Албан тушаалаа урвуулан ашиглах байдлаар байгууллагын мөнгөн хөрөнгийг өөртөө ашигласан, өөрийн хувийн дансаар нэвтрүүлгийн төлбөр шилжүүлэн авсан, томилолтын зардлыг зориулалтын дагуу зарцуулаагүй ноцтой зөрчил гаргасан” гэх 3 үндэслэлийг дурдсан. Гэтэл анхан шатны шүүх “байгууллагын мөнгөн хөрөнгийг өөрийн хувийн дансаар авч ашигласан, томилолтын зардлыг зориулалтын дагуу зарцуулаагүй, зөрчил гаргасан нь тогтоогдохгүй байх тул” гэж дээр дурдсан үндэслэлээс “өөрийн хувийн дансаар нэвтрүүлгийн төлбөр шилжүүлэн авсан” гэх үндэслэлийг орхигдуулан дүгнэж шийдвэрээ гаргасан нь үндэслэлгүй байна. Мөн давж заалдах шатны шүүх “...нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан ...хариуцагч байгууллагын мөнгөн хөрөнгө, түүнийг нэхэмжлэгч албан тушаалаа урвуулан ашиглаж олж авсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэж дүгнэн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Д.Д- нь МҮОНРТ-ид хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байх хугацаандаа өөр байгууллага буюу Ховд аймгийн Засаг даргын тамгын газартай хувиараа ажил гүйцэтгэх гэрээ байгуулж хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ гүйцэтгэсний төлөө нэвтрүүлгийн төлбөр болох 2.689.200 төгрөгийг өөрийн хувийн дансаар шилжүүлэн авч зарцуулалт хийсэн, өөртөө шүүгчийн төлбөр, ажлын урамшуулал зэргээр төлбөр авсан ноцтой зөрчил гаргасан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон байх ба эдгээр нь дараах байдлаар хууль, журмыг зөрчсөн үйлдэл болжээ.

Д.Д- нь байгууллагыг төлөөлөн гэрээ байгуулах эрх олгоогүй байхад Ховд аймгийн Засаг даргын тамгын газартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд гэрээ байгуулах эрх олгосон баримт хэрэгт авагдаагүй, тийм эрхийг байгууллага олгоогүй. Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 31.6.7-д “Үндэсний зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд гэрээ, хэлцэл хийх, олон нийтийн радио, телевизийг гадаад, дотоодод төлөөлөх” эрхийг ерөнхий захирал гүйцэтгэхээр зохицуулсан ба Д.Д-гийн хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод байгууллагыг төлөөлөх эрх тусгагдаагүй байна. Энэ үйлдэлд нь МҮОНРТ-ийн удирдлага хариуцлага тооцож Хөдөлмөрийн гэрээг нь цуцалсан ба энэхүү байгууллагыг төлөөлөх эрхгүй этгээдүүд зөвшөөрөлгүйгээр байгууллагад үүрэг хариуцлага үүсгэх, улмаар хөдөлмөрийн гэрээнээс гадуур өөрийн ажил, албан тушаалын байдлаа ашиглан шударга бусаар орлого олох үйлдэл нь байгууллагын удирдлагын тогтолцоо, цаашилбал байгууллагын хөгжил, соёл, хариуцлагад ноцтой хохирол учруулсан үйлдэл мөн. Ховд аймгийн ЗДТГ нь “Дөрвөн бэрх” нэвтрүүлгийн зардалд 7.488.000 төгрөг зарцуулсан ба энэ нь тус нэвтрүүлгийн хөлс буюу МҮОНРТ-д төлөгдөх ёстой төлбөр юм. Тиймээс нэвтрүүлгийг бүтээх ажил гүйцэтгэх гэрээг МҮОНРТ-тэй байгуулж, эсхүл дотоод журамд зааснаар байгуулахгүйгээр ажлын хөлсийг бүхэлд нь МҮОНРТ-д шилжүүлж нэвтрүүлэг хийх ажилчид буюу энэ маргааны хувьд нэхэмжлэгч Д.Д- нь томилолтын зардал, цалин хөлс, урамшууллаа өөрийн байгууллагаас хууль, журмын дагуу авч ажиллах үүрэгтэй байсан. Гэтэл нэхэмжлэгч нь уг үүргээ үл биелүүлж, өөрийн ажил, албан тушаалаа, ашиглан бусдаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэснийхээ төлөө төлбөр авчээ. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээний дагуу ажил олгогчоос тухайн ажлыг гүйцэтгэснийхээ төлөө цалин, урамшуулал томилолтын зардал авахын зэрэгцээ, ажил гүйцэтгэх гэрээний дагуу мөн тухайн ажил дээр Ховд аймгийн ЗДТГ-с хөлс, урамшуулал авсан нь Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 5.3.1.г-д “албан тушаалаа урвуулан ашигласан...", 5.3.1.о-д "бусдаас ажил үүрэгтэйгээ холбогдуулж шан, харамж, төлбөр, хураамж авсан”, 5.3.1.ө-д ажил олгогчийн итгэл алдагдуулсан” гэж заасан зэрэг нь ноцтой зөрчилд тооцогдож хөдөлмөрийн гэрээг болзолгүйгээр цуцлах үндэслэл болно. Түүнчлэн Д.Д-гийн хөдөлмөрийн гэрээний 4.2.15-д ажилтан нь албан үүргээ гүйцэтгэхдээ байгууллагын удирдлагын зөвшөөрөлгүйгээр аж ахуйн нэгж, байгууллага, иргэний зардлаар гадаад, дотоодод зорчих, албан тушаалынхаа бүрэн эрхийг хэрэгжүүлсний төлөө тэднээс шан, харамж, зээл, тусламж, төлбөр, хураамж авах, төлбөргүй буюу хөнгөлөлтгэйгээр үйлчлүүлэх хууль бус бусад хангамж эдлэхийг хориглоно” гэж заасан ба 6.2.4-т “албан тушаалаа урвуулан ашигласан 6.2.16-д “... ажил олгогчийн итгэл алдагдуулсан бол” бол хөдөлмөрийн гэрээг болзолгүйгээр шууд цуцлахаар тус тус зохицуулжээ. Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Д.Д- МҮОНРТ-ид холбогдуулж урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “...ноцтой зөрчил гаргасан...” гэжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хоёр шатны шүүх  хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журамд нийцүүлэн үнэлж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

МҮОНРТ-ийн ерөнхий захирлын 2017 оны  8 дугаар сарын 04-ний өдрийн Б/421 дүгээр тушаалаар Д.Д-г тус телевизийн Өв уламжлалын нэвтрүүлгийн албаны продюсерийн ажлаас халсан байна.

Дээрх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6.3, 31.6.6, хөдөлмөрийн дотоод журмын тавдугаар зүйлийн 5.3.1-ийн “г”, “ө”, 7.1-ийн “в” хэсэг, Захирлуудын зөвлөлийн 2017.08.04-ний хурлын шийдвэр, МҮОНРТ-ээр нэвтрүүлэх зар сурталчилгаа болон нэвтрүүлгийг ивээн тэтгэх үйл ажиллагааг зохицуулах журмын дөрөвдүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийг үндэслэн, Д.Д- Ховд аймагт томилолтоор ажиллах хугацаандаа албан тушаалаа урвуулан ашиглах байдлаар байгууллагын мөнгөн хөрөнгийг өөртөө ашигласан, өөрийн хувийн дансаар нэвтрүүлгийн төлбөр шилжүүлэн авсан, томилолтын зардлыг зориулалтын дагуу зарцуулаагүй санхүүгийн ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэл заажээ.

Тушаалд 3 нөхцөл заасан хэдий ч эдгээр нь Д.Д- Ховд аймагт 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 7 дугаар сарын 05-ны өдөр хүртэл томилолтоор ажиллахдаа тус аймгийн Засаг даргын тамгын газартай өөрийн нэрээр гэрээ байгуулж, дансаар 2.686.200 төгрөг шилжүүлэн авч томилолтоор ажилласан этгээдүүдэд тарааж өгсөн үйлдэлтэй холбоотой нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байна.

Д.Д-г ажлаас халсан тушаал хууль зүйн үндэслэлгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасантай нийцээгүй талаархи хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах нөхцлийг нэгдүгээрт ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан, хоёрдугаарт хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох ноцтой зөрчлийг гаргасан гэж тодорхойлсон байна.

Д.Д-г “...ноцтой зөрчил...”-ийн улмаас ажлаас халсан боловч энэхүү ноцтой зөрчлийг хөдөлмөрийн гэрээний аль зохицуулалтад журамлан тогтоосныг ажил олгогч үндэслэснээ тушаалд заагаагүй байна. Зүй нь ажилтан хөдөлмөрийн гэрээнд заасан ямар ноцтой зөрчлийг хэзээ, хэрхэн гаргасныг ажил олгогч тушаалдаа тодорхой заах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан шаардлагад нийцнэ.

Харин хариуцагч МҮОНРТ- нэхэмжлэгч Д.Д-г хөдөлмөрийн гэрээний 6.2.4-д заасан “албан тушаалаа урвуулан ашигласан, ...байгууллагын бүх төрлийн өмчийг ашиглан шамшигдуулсан...” ноцтой зөрчил гаргасан  гэж  тайлбартаа дурджээ.

Ажил олгогчийн Б/21 тоот тушаалд баримталсан хөдөлмөрийн дотоод журмын тавдугаар зүйлийн 5.3.1-ийн “г” нь хөдөлмөрийн гэрээний 6.2.4-тэй адил байдлаар томъёологдсон, “ө”-д нь “ажилтан байгууллагын мөнгөн буюу бусад өмч хөрөнгийг өөртөө болон бусдад албаны бус зориулалтаар ашиглуулсан, завшсан, хэрэглэсэн... зэргээр ажил олгогчийн итгэлийг алдсан” гэх зөрчлийг нэрлэжээ.

МҮОНРТ- нь Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын хүсэлтээр Дөрвөн бэрх нэвтрүүлэг бэлтгэхээр 14 ажилтанд томилолт өгч явуулсныг болон уг томилолтын зардалд 420.000 төгрөг өгсөн, Засаг даргын тамгын газар нэвтрүүлгийн хөлсөнд 2.000.000 төгрөгийг МҮОНРТ-д шилжүүлэх, бусад зардлыг өөрөө хариуцахаар төсөвлөж, бусад зардалд орж тооцогдсон зарим зардал буюу 2.686.200 төгрөгийг томилолтын багийн ахлагч Д.Д-гийн дансанд шилжүүлснийг тэрээр төсөвлөсний дагуу тараасан үйл баримт тогтоогдсон байна.

Дээрх 2.686.200 төгрөгийг МҮОНРТ- Ховд аймгийн Засаг даргын тамгын газраас авах ёстой орлого гэж үзэх нөхцөл хэргийн баримтаар тогтоогдоогүйгээс Д.Д-г “...албан тушаалаа урвуулан ашиглах байдлаар байгууллагын мөнгөн хөрөнгийг өөртөө ашигласан, өөрийн хувийн дансаар нэвтрүүлгийн төлбөр шилжүүлэн авсан, томилолтын зардлыг зориулалтын дагуу зарцуулаагүй ноцтой зөрчил гаргасан” гэх үндэслэл тогтоогдоогүй гэж хоёр шатны шүүх хэргийн баримтад нийцүүлэн дүгнэсэн, энэхүү дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй байна.

Иймд Д.Д- хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан  шалтгаанаар ажлаас халсан ажил олгогчийн Б/21 тоот тушаал хуульд  нийцээгүй байх тул түүнийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх олговорыг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ шүүх  Хөдөлмөрийн тухай хуулийн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг зөрчөөгүй байна.

Дурдсан үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2017/03281 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 439 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 88.000 төгрөг төлснийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ