Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 02221

 

П ХХК-ийн нэхэмжлэлтэй,

   иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/01772 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “П” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “А” ХХК-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 54 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

82 698 200 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ү.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А” ХХК нь 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 10 дугаар ажил гүйцэтгэх гэрээг “П” ХХК-тай байгуулсан. Энэ гэрээгээр захиалагч “А” ХХК нь манай компаниар Буянт-Ухаа 1 цогцолбор хорооллын сувгийн сантехник, агааржуулалтын угсралтын ажлыг гүйцэтгүүлэхээр тохиролцсон бөгөөд гэрээний үндсэн дээр дараах ажлыг “П” ХХК гүйцэтгэхээр болсон. Үүнд: Сувгийн сантехникийн угсралтын үл хөдлөх тулгуур, труба хоолой угсралтын ажил, худгийн хаалт, арматурын угсралтын ажил, труба, хоолойн дулаалгын ажил, дулааны шугамын 1, 2 дугаар хэлхээний дулаан, цэвэр усны шугам сүлжээг үл нэвтрэх суваг сантехникийн холбогдолтой угсралтын ажил багтсан. Дээрх ажлыг ажил гүйцэтгэгч “П” ХХК өөрийн тоног төхөөрөмжөөр гүйцэтгэн захиалагчид шилжүүлэх бөгөөд ажлын хөлсийг 200 000 000 төгрөг байхаар талууд тохиролцсон. Гэрээ хийсний дараа салхивчийн ажлыг хийхээ больсон учраас талууд амаар тохиролцож үндсэн төлбөрийг 150 000 000 төгрөг болгож бууруулсан. 

   “П” ХХК ажил гүйцэтгэх хугацаандаа “А” ХХК-аас тавьсан шаардлагуудыг заасан хугацаанд нь залруулж шийдвэрлэсээр ирсэн бөгөөд тухай бүр хийсэн ажлын биелэлтийг сорилтын акт үйлдэн баталгаажуулж байсан.

  Мөн Буянт-Ухаа 1 хорооллын ажил бүрэн дуусаж барилгыг “П” ХХК, “А” ХХК болон Төрийн орон сууцны корпораци зэрэг байгууллагуудын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 53/2015 тоот Эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актаар хүлээлцсэн. Бид гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн байхад “А” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлөх ёстой төлбөрөөс 96 000 000 төгрөгийг төлж, үлдэх 54 000 000 төгрөгийг төлөөгүй байна. Манай компаниас 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 015/81 тоот албан бичгээр “А” ХХК-д 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлыг улсын комисс 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр эцсийн байдлаар хүлээн авсан тул үлдэгдэл төлбөр 54 000 000 төгрөгийг нэхэмжилж байгаа тухайгаа мэдэгдсэн. Түүнчлэн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 01/01 тоот албан бичгээр “А” ХХК-д үлдэгдэл 54 000 000 төгрөгийг төлөхгүй бол шүүхэд хандах агуулга бүхий мэдэгдлийг хүргүүлсэн.

Ажил хүлээлцэхээс өмнө нэмэлт 48 000 000 төгрөгийг шилжүүлж түүгээр компенсатор авч тавьсан. Энэ 48 000 000 төгрөг ажлын хөлсөнд орохгүй, тусдаа шилжүүлсэн. Бидний хооронд байгуулсан гэрээнд гэрээг цуцлах нөхцөл байгаа, мэдэгдэл өгөөд мэдэгдлийн хариу өгөөгүй тул гэрээг цуцалсан гээд байгаа юм бол Төрийн орон сууцны корпорацид ажил хүлээлцэхэд П ХХК ажил хүлээлгэн өгөхөөр явж байсан бөгөөд энэ үед А ХХК-иас хамт явж байсан тул гэрээ цуцлагдаагүй гэдгийг давхар нотолж байна. Бид гүйцэтгэсэн ажлаа Төрийн орон сууцны корпорацид хүлээлгэн өгснийг “А“ ХХК хүлээн зөвшөөрсөн. Энэ ажлын захиалагч Төрийн орон сууцны корпораци бөгөөд гүйцэтгэгч нь А ХХК болон П ХХК юм. Гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөрийг нэхэмжилж А ХХК-д удаа дараа мэдэгдэл хүргүүлэхэд хариу ирүүлээгүй, биечлэн уулзахад амаараа төлбөрийг төлөхгүй гэдэг учир ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл болох 54 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь нэхэмжлэгч П ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажлын хөлсөнд 96 000 000 төгрөг шилжүүлсэн. П ХХК гүйцэтгэсэн ажлаа манай компанид хүлээлгэж өгөөгүй, Төрийн орон сууцны корпорацид хүлээлгэн өгсөн. П ХХК нь үлдэгдэл ажлаа хийлгүйгээр орхиод явсан тул үлдсэн ажлыг манайх “Оновчлол” ХХК-тай гэрээ байгуулж гүйцэтгүүлсэн. Гэрээ ёсоор бол сувгийн сантехник угсралтын ажлыг хийхээр тохирсон. П ХХК нь гүйцэтгэсэн ажлаа чанаргүй хийсэн боловч цаг хугацаанд шахагдаж Төрийн орон сууцны корпораци хүлээн авсан. 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээг цуцлах талаар удаа дараа мэдэгдэл хүргүүлж байсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А ХХК нь П ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулан “Буянт-Ухаа-1” хорооллын инженерийн шугам сүлжээний хонгилын системийн ажлыг Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-ын захиалгаар гүйцэтгэсэн ба ажлын гүйцэтгэлээр нийт 149 000 000 төгрөгийг ”П” ХХК-д санхүүжилтээр олгосон. Ажлын гүйцэтгэлийн явцад П ХХК-ийн шугам сүлжээний угсралтын ажил чанарын шаардлага хангаагүйн улмаас Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ нь нийт 36 удаа албан тоот хүргүүлж угсралтын ажлыг стандартын дагуу хийхийг шаардаж байсан тул П ХХК-д шаардлага хүргүүлж байсан боловч тус компаниас албан ёсны хариу ирүүлээгүй болно.

А ХХК-иас 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 322 тоот, 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 252 тоот албан бичгээр гэрээг шинэчлэн хийх буюу хуульд заасны дагуу тусгагдаагүй нөхцлүүдийг үндэслэн гэрээнд өөрчлөлт оруулах мөн албан ёсоор хариу өгөөгүй тохиолдолд гэрээг цуцлах хүсэлтийг явуулсан боловч хариу ирүүлээгүй. Иймд гэрээг цуцалсан гэж үзэж ажлыг цааш үргэлжлүүлсэн. Бидний хооронд хийгдсэн гэрээний нийт дүн 200 000 000 төгрөгөөс П ХХК-ийн авсан санхүүжилт 149 000 000 төгрөг, үлдэгдэл 51 000 000 төгрөгийн санхүүжилтийг дээрх гэрээг цуцалсан үндэслэлээр олгоогүй болно. Тус компани нь Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-тай үндсэн гэрээгээр 2 888 001 354 төгрөг, нэмэлт гэрээний ажлын хүрээнд төсөв зурагт ороогүй ажил 192 745 905 төгрөг, төсөвт суугаагүй ажил буюу 2-р хэлхээний шугамын ажил 362 427 050 төгрөгийн ажлуудыг гүйцэтгэсэн боловч П ХХК-ийн шугам сүлжээний гүйцэтгэлийн ажил стандартын бус чанаргүй байсан учраас нэмэгдэл ажлын төсвийн дүн 555 172 955 төгрөг авах байснаас А ХХК-ийн хийгдээгүй ажлын 152 958 940 төгрөг хасч, үлдэгдэл 402 214 015 төгрөг авах тооцооноос П ХХК-ийн ажлын чанар хангаагүйгээс 109 905 935 төгрөгийн ажлын гүйцэтгэлээ нэмэлт гэрээгээр авч 292 308 080 төгрөгийн алдагдлыг тус компани хүлээсэн болно. Захиалагч Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ, гүйцэтгэгч А ХХК хоёрын хооронд хийсэн гэрээ болон П ХХК-ийн ажлын гүйцэтгэлийг үндэслэн дараах нэхэмжлэлийг гаргаж байна.

Захиалагч “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ гүйцэтгэгч П ХХК хоёрын хооронд хийсэн 29 389 270 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээний материалын үнэ 56 000 000 төгрөгийг А ХХК гаргасан боловч Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ нь уг материалын үнийг төсвийн гүйцэтгэлээс хасч тооцсон тул ПХХК-аас нэхэмжилж байна. Энэ нь 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн гүйцэтгэгч А ХХК захиалагч “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ нарын тооцоо нийлсэн протоколоос харагдана. Нийт 149 000 000 төгрөгийн чанарын баталгаа 5 хувь болох 7 450 000 төгрөг, НӨАТ-ын үлдэгдэл /149 000 000-133 000 000/ 16 000 000 төгрөг, магадлашгүй ажлын зардал /149 000 000 %2/ 2 980 000 төгрөг, нормчлолын сангийн шимтгэл /149 000 000% 0,18/ 268 200 төгрөг, нийт 82 698 200 төгрөгийг гэрээнээс учирсан хохиролд нэхэмжилж байна.

П ХХК нь өөрийн албан ёсны хариуг удаа дараалан албан тоотоор ирүүлээгүйн улмаас тус компанийн үүргийг “Оновчлол” ХХК ажлыг гүйцэтгэж дуусгасан болно. П ХХК-д түншлэлийн гэрээг цуцалсан гэж хуулийн дагуу тооцож байна. Улсын комиссын акт болон шугам сүлжээний ажлын гүйцэтгэлийн акт дээр П ХХК-ийн захирал н.Энхтүвшин болон түүний төлөөлөл гарын үсэг зураагүй бөгөөд “Оновчлол” ХХК-ийн захирал З.Оргил нь П ХХК-ийн өмнөөс ажлыг хүлээлгэж өгсөн. Захиалагч “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ гүйцэтгэгч А ХХК-ийн тооцоо нийлсэн протокол, ажлын гүйцэтгэл, дүгнэсэн акт дээр П ХХК-ийн төлөөлөгч оролцоогүй нь уг компани түншлэлийн гэрээнээс татгалзсаныг нотолж байна. Иймд П ХХК-аас 82 698 200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчин итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.А сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлага 82 698 200 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын мөнгөн дүнг ямар үндэслэлээр бодсон нь тодорхойгүй. Мөн нийт шилжүүлсэн мөнгө 200 000 000 төгрөгөөс хасч тооцохдоо уг гэрээний үндсэн төлбөр бус 48 000 000 төгрөгийг хасч тооцжээ. Энэ мөнгө нь компенсаторын үнэ гэсэн нэрээр орсон ба манай 2 байгууллагын хооронд байгуулсан гэрээнээс тусдаа нийлүүлсэн компенсаторыг худалдан авсан үнэ юм. “Оновчлол” ХХК-тай байгуулсан гэх гэрээ нь гүйцэтгэгч Буянт-Ухаа 1 хорооллын дулаан цэвэр усны шугамын тунелын дам нуруунд краныг суурилуулах ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцож хийгдсэн ба энэ ажил нь А ХХК-тай П ХХК-ийн байгуулсан ажлаас өөр тусдаа ажил байсан юм. Манайд 149 000 000 төгрөгийг шилжүүлээгүй 96 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Сөрөг нэхэмжлэлд НӨАТ-ын үлдэгдэл суутган төлөх ёстой гэсэн нь бидний хооронд байгуулсан гэрээнд ороогүй бөгөөд гэрээнд өөрчлөлт оруулах тухай 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн гэрээнд 16 000 000 төгрөг төлсөн тухай баримт байхгүй. Мөн 149 000 000 төгрөгийн чанарын баталгаа 5 хувь гэдэг нь үндсэн гүйцэтгэгч нь өөрөө хариуцлагаа хүлээнэ гэсэн байгаа П ХХК хариуцна гэсэн зүйл байхгүй, энэ 5 хувийн шаардах эрх үүссэн эсэх нь тодорхойгүй, магадлашгүй ажлын зардал П ХХК, А ХХК хоёрын хооронд хийсэн гэрээнд байхгүй, нормчлолын сангийн шимтгэл ч мөн адил байхгүй, гэрээ бол материал нийлүүлэх гэрээ биш ажил гүйцэтгэх гэрээ юм. 29 389 270 төгрөг гэж байгаа нь “А” ХХК, Төрийн орон сууцны корпораци хоёрын хооронд тооцоо нийлсэн протоколоос харагдаж байгаа бөгөөд шилжүүлсэн мөнгөн дүнд нь ч энэ байхгүй байна. З.Оргил нь П ХХК-д 2014 оныг дуустал ажилласан. “Оновчлол” ХХК-ийн гүйцэтгэсэн ажил нь манай ажлыг үргэлжлүүлээд хийсэн ажил биш юм. Манайд ажлаа хийчхээд хийсэн гэрээ байдаг. Энэ гэрээгээр хийх ажил нь тунелийн дам нуруу краныг суурилуулах ажил хийх гэж байгаа гэтэл гэрээгээр хийх манай ажил шал өөр ажил байгаа. 2013 оны 12 дугаар сарын 12-нд ажил гараад тус тусдаа хийсэн байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь ямар ч үндэслэлгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дахь заалтыг баримтлан хариуцагч А ХХК-аас 54 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ”П” ХХК-д олгож, хариуцагч А ХХК-ийн П ХХК-д холбогдуулан гаргасан 82 698 200 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 9 сарын 6-ны өдөр урьдчилан төлсөн 428 000 төгрөгийн 427 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 50 төгрөгийг улсын орлогоос, 427 950 төгрөгийг хариуцагч А ХХК-аас тус тус гаргуулж нэхэмжлэгч П ХХК-д олгож, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 11 сарын 27-ны өдөр урьдчилан төлсөн 571 441 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор үнэлж, дүгнэлгүй шийдвэр гаргасан байна. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1,  211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт тус тус зааснаар захиалагч А ХХК нь ажил гүйцэтгэгч "П" ХХК-д хөлс төлөх үүргийн урьдчилсан нөхцөл нь ажлын үр дүнг түүнд хүлээлгэн өгснөөр үүснэ. Гэтэл "П" ХХК нь ажлын үр дүнг А ХХК-д хүлээлгэн  өгөөгүй  бөгөөд  ажлын  гүйцэтгэл гаргаагүй, мөн гэрээгээр гүйцэтгэх ажлыг дутуу гүйцэтгэсэн байдаг. Гэтэл шүүхээс хэргийн материалд авагдсан сорилтоор шалгасан 11 акт болон гэрчийн мэдүүлгийг үндэслэн ажлыг бүрэн гүйцэтгэсэн гэж үндэслэлгүй юм.

Тодруулбал, уг актуудад зөвхөн "Төрийн орон сууцны санхүүжилтийн корпораци” ХХК-ийн хяналтын инженер Б.Б гарын үсэг зурсан байдаг бөгөөд эрх бүхий этгээдүүдийн гарын үсэггүй, тамга тэмдгээр баталгаажуулаагүй байдаг. Гэрчээр "Төрийн орон сууцны санхүүжилтийн корпораци" ХХК-ийн хяналтын инженер Б.Батсайханыг дуудан мэдүүлэг авсан бөгөөд "Төрийн орон сууцны санхүүжилтийн корпораци" ХХК-д албан тоотоор мэдэгдэл хүргүүлж түүнийг гэрчээр оролцуулаагүй. Эндээс үзвэл "Төрийн орон сууцны санхүүжилтийн корпораци" ХХК-ийн эрх бүхий этгээдийн "П" ХХК ажлыг бүрэн гүйцэтгэсэн талаарх тайлбар, дүгнэлт байхгүй. Эсрэгээр "Төрийн орон сууцны санхүүжилтийн корпораци" ХХК нь "П" ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой, дутуу гүйцэтгэсэн гэх агуулга бүхий мэдэгдлүүдийг А ХХК-д ирүүлж байсан. Нэхэмжлэгчийн ажлын үр дүнг бүрэн хүлээлгэн өгсөн гэх тайлбар нотлогдоогүй тул Монгол Улсын Дээд шүүхээс "...нэхэмжлэлийн шаардлагын талаарх бодит байдал бүрэн тогтоогдоогүй, үйл баримт хангалттай тогтоогдоогүй..." гэх үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхэд буцаасан байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

Нэхэмжлэгч П ХХК нь хариуцагч А ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 54 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, төсвийн гүйцэтгэлээс хасч тооцсон 56 000 000 төгрөг, нийт 149 000 000 төгрөгийн ажлын гүйцэтгэлийн чанарын баталгааны 5% болох 7 450 000 төгрөг, НӨАТ-ын үлдэгдэл 16 000 000 төгрөг, магадлашгүй ажлын зардал 2 980 000 төгрөг, нормлолын сангийн шимтгэл 268 200 төгрөг нийт 82 698 200 төгрөгийг сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Талууд 2013 оны 02 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх  гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна.

Гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь Хан-Уул дүүрэг дэх Буянт ухаа хорооллын доторх дулааны шугмын 1, 2 дугаар хэлхээний дулаан, цэвэр усны шугам сүлжээг 1.үл нэвтрэх сувгийн сантехникийн угсралтын үл хөдлөх тулгуур, труба хоолой угсрах, 2.худгийн хаалт, арматурын угсралтын ажил, 3.труба хоолойн дулаалгын ажил, 4.салхивч агааржуулалтын угсралтын ажлыг хийж гүйцэтгэх, хариуцагч нь нийт ажлын хөлсөнд 200 000 000 төгрөг төлөх үүрэг хүлээжээ.

Зохигчид ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, ажил гүйцэтгэх явцад гэрээнд заасан 4 төрлийн ажлаас салхивч агааржуулалтын угсралтын ажлыг хасч, ажлын хөлсийг 150 000 000 төгрөг болгон өөрчилсөн үйл баримтын талаар маргаагүй, харин хариуцагч гэрээний дагуу ажлаа бүрэн гүйцэт хийж гүйцэтгэн, хүлээлгэж өгсөн эсэх, үүний улмаас хохирол учирсан эсэх талаар маргасан.

Туслан гүйцэтгэгч П ХХК, ерөнхий захиалагч “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын /цаашид ТОСК ТӨҮГ гэх/ төлөөлөгчид байлцан гэрээнд заасан гадна дулаан  болон цэвэр усан хангамжийн системийг сорилоор шалгасан актууд / 1 х.х-ийн 21-22 дугаар тал/ үйлдэж, 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн тоног төхөөрөмж хүлээлцсэн №2 актаар гэрээнд заасан үл хөдлөх тулгуур түүний тоноглолыг иж бүрнээр хүлээлцсэн, 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн №9,  2014 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн №5 дугаар актаар дулааны тоног төхөөрөмжийн хайрцаг, тоноглолыг иж бүрнээр хүлээлцсэн баримтууд хэрэгт авагджээ /1 х.х-ийн 71, 74, 78 дахь тал/. Эдгээр баримтаар Буянт-Ухаа 1 хорооллын гадна цэвэр усны шугам, хэрэглээний халуун усны ирэх буцах шугамын угсралтууд болон хаалт, хүзүүвч нэвтрэх шугамд 2 дугаар хэлхээний шугамыг бэхэлсэн үл хөдлөх тулгуур, шугам угсралт зэрэг ажлуудыг хүлээн авсан байна. Шүүх дээрх баримтуудыг гэрээ болон хэргийн бусад баримтуудтай харьцуулан үзэж, гэрээнд заасан сувгийн сантехникийн угсралтын үл хөдлөх тулгуур, труба хоолой угсрах, худгийн хаалт, арматурын угсралтын ажил, труба хоолойн дулаалгын ажлыг бүрэн гүйцэд доголдолгүй гүйцэтгэсэн гэж дүгнэжээ. 

Хариуцагч А ХХК нь туслан гүйцэтгэгч П ХХК нь ажлын үр дүнг ерөнхий захиалагч ТОСК ТӨҮГ-т 3 удаагийн актаар хүлээлгэж өгсөн тухай бүрт маргаагүй, ажлын хөлсийг төлж байсан ба ажил  хүлээн авсан акт, сорилын баримтууд болон гэрч ТОСК- ТӨҮГ-ын инженер Б.Батсайханы мэдүүлгийг баримтаар няцааж чадаагүй. Гэрээнд заасанаас дутуу гүйцэтгэсэн ажлын талаарх баримт, тооцоог гаргаагүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн шаардлага татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Ерөнхий захиалагч ТОСК ТӨҮГ болон гүйцэтгэгч А ХХК, туслан гүйцэтгэгч П ХХК бүрэлдхүүнд нь оролцсон  улсын комиссын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 53/20/5 дугаар актаар “Буянт-Ухаа1” хорооллын инженерийн шугам сүлжээний ажлын хүрээнд хийгдсэн дулааны шугам сүлжээ, дулаанжуулалтын тоноглол, дулаан дамжуулах төвийн барилга байгууламжийг зураг төслийн дагуу бүрэн хийгдэж, бүрэн дууссан гэж дүгнэн, ашиглалтад оруулснаас хойш хариуцагчаас гэрээт ажлын үр дүн, доголдлын талаар гомдлын шаардлага гаргасан нь тогтоогдоогүй байна.

Хариуцагч А ХХК нь П ХХК-ийн дутуу орхисон ажлыг “Оновчлол” ХХК-иар гүйцэтгүүлсэн гэж маргасан. А ХХК, “Оновчлол” ХХК-ийн хооронд 2013 оны 02 дугаар сарын 02-ны өдөр туслан гүйцэтгэгчийн гэрээ /1 х.х-ийн 106-108 дугаар тал/ байгуулагджээ. Гэрээний агуулгаас үзэхэд Буянт-ухаа 1 хорооллын дулаан, цэвэр усны шугамын нэвтрэх шугамын тунелийн дам нуруунд кран суурилуулах ажлыг, талуудын хооронд 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан дулаан, цэвэр усны шугам сүлжээний ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажлаас дутуу гүйцэтгэсэн ажил гэж үзэхээргүй буюу “Оновчлол” ХХК нь нэхэмжлэгчийн хийгээгүй ажлыг нөхөн гүйцэтгэсэн гэх байдлыг хэргийн баримтаар нотлоогүй. Иймд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

Хариуцагч гэрээ цуцлах, ажлын доголдлын талаар албан бичгийн нэхэмжлэгчид хүргүүлсэн гэжээ. Дурдсан албан бичгүүдийг нэхэмжлэгчид хэрхэн мэдэгдсэн, хүргүүлсэн талаарх баримтгүйгээс гадна гэрээний хугацаа 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр дуусснаас хойш буюу 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 323, 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 14/252 тоот албан бичгээр гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлсэн, улсын комисс ажлыг 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авахаас өмнөх хугацаанд буюу 2014 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 14/234 тоот албан бичгээр ажлын доголдлын талаар мэдэгдсэн гэх хариуцагчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

Ийм учраас нэхэмжлэгч П ХХК нь хариуцагч А ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэг болох ажлын хөлсний үлдэгдэл төлбөрийг шаардах эрхтэй. Анхан шатны шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж, ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 54 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Хариуцагч А ХХК нь төсвийн гүйцэтгэлээс хасч тооцсон 56 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй, 149 000 000 төгрөгийн ажлын гүйцэтгэлийн чанарын баталгааны 5 хувь болох 7 450 000 төгрөг, НӨАТ-ын үлдэгдэл 16 000 000 төгрөг, магадлашгүй ажлын зардал 2 980 000 төгрөг, нормчлолын сангийн шимтгэл 268 200 төгрөг нийт 82 698 200 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар талууд тохиролцоогүй гэж дүгнэн, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/01772 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 427 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               ШҮҮГЧИД                                            Э.ЗОЛЗАЯА

                                                                                                            Д.БАЙГАЛМАА