Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 130/ШШ2022/00111

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн А сумын 5 дугаар багт оршин суудаг, Ц туг овогт Ш.М.

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн А  сумын 4 дүгээр багт оршин суух, И овогт Ү.Б;

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн А сумын 5 дугаар багийн нутаг “Бардамын Сээр өтөг” гэх газарт барьсан өвөлжөөний байшин, татсан хашаа, малын саравчтай хашаа хороог тус тус албадан буулгаж газрыг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ш.М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.А,

Хариуцагч Ү.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Арманбек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ш.М-ийн хариуцагч Ү.Б-ийнБаян-Өлгий аймгийн А сумын 5 дугаар багийн нутаг Бардамын Сээр өтөг гэх газарт барьсан өвөлжөөний байшин, татсан хашаа, малын саравчтай хашаа хороог тус тус албадан буулгаж газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1) Миний бие А сумын 5-р багийн иргэн төрсөн ээж Ш.М А сумын 5-р баг “Бардам сээр өтөг” нэртэй өвөлжөөний газартай ба мал маллаж амьдардаг. Гэтэл 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр тус сумын 4-р багийн иргэн Ү.Б манай өвөлжөөний болон хаваржааны газарт хууль бусаар малын хашаа, байшин барьж эхэлсэн ба тухайн үед уг хууль бус үйлдлийг таслан зогсоож өгөхийг багийн Засаг дарга Т.Мөнгөншагай, сумын Засаг даргаА.Асет нарт бичгээр гомдол гаргасан. Сумын Засаг даргаА.Асет болон багийн Засаг дарга Т.Мөнгөншагай нар 2021 оны 06 дугаар сарын 25-нд мэдэгдэх хуудсыг гаргаж өгсөн. Уг мэдэгдэх хуудсыг сумын газрын даамал И.Амантай, хэсгийн цагдаа Мөнхтөр нар биеэр очиж өгөөд уг хууль бус үйлдлээ таслан зогсоохыг шаардахад сумын Засаг даргын мэдэгдэх хуудсыг хүлээж аваагүй. Дээр нь хэл амаар доромжилж хууль бус үйлдэл болох зөвшөөрөлгүй хууль бус газарт хашаа байшингаа барьж үйл хэргээ үргэлжлүүлсэн хэвээр байв. Бид шат шатны Засан дарга нарт хандсан боловч Ү.Б-ийн хууль бус үйлдлийг таслан зогсоож чадаагүй тул хууль журмын дагуу шүүхэд хандаж, Ү.Б-ийн хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан байна.

2.Хариуцагч Ү.Б нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбартаа: Миний бие 2006 оноос эхлэн А сумын 4 дүгээр багт одоо хүртэл мал маллаж, малчнаар ажиллаж байна. 2012 онд гэр бүлж болж, одоо бог, бод мал нийлээд 300 гаруй м А. Манай хаваржаа Баян-Өлгий аймгийн А сумын “Жаланашын орташа” гэдэг газарт байдаг ба сумын төвөөс 20 км алсад оршдог. Өвлийн улиралд цас их унадаг тул тэнд очиж өвөлжих боломжгүй байна. Харин надад тусгайлсан өвөлжөө байхгүй. Би олон жилийн турш А сумын удирдлагад өвөлжөөтэй болгох талаар хүсэлт гаргаж байсан. Ингээд надад А сумын удирдлага нь өвөлжөөний асуудлыг шийдвэрлэж өгөөгүй учраас тус сумын Барлам гэдэг газрын говьд 2021 оны 06 дугаар сарын үед өөрийн хөрөнгөөр хоёр өрөө байшин, амбаар, 10х15м битүү хашаа, гадна талаас чулуугаар том хашаа буюу өвөлжөө барьсан. Одоо нэхэмжлэгч 2021 оны 06 дугаар сараас эхлэн надтай маргалдаж, улмаар 2 өрөө байшингийн дээврийг содон банзыг аваад явсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байна.

3.Нэхэмжлэгчээс  Ш.Мөнхөөд 2011 оны 3 дугаар сарын 05-ны өдөр олгосон №0305312 дугаартай “Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр олгосон №000633457 “Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ”, Баян-Өлгий аймгийн А сумын 5-р багийн Засаг дарга Т.Мөнгөншагайн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 22 дугаартай “Мэдэгдэх хуудас”, Баян-Өлгий аймгийн А сумын Засаг даргаА.А-ийн2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 162 дугаартай “мэдэгдэх хуудас хүргүүлэх тухай” албан бичиг, мөн Баян-Өлгий аймгийн А сумын 5-р багийн Засаг дарга Т.Мөнгөншагайн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 22 дугаартай “Мэдэгдэх хуудас”, Баян-Өлгий аймгийн А сумын Засаг даргаА.А-ийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 341 дугаартай албан бичиг, Б.Л өргөдөл; хариуцагчаас 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баян-Өлгий аймгийн А сумын засаг дарга А.А-д гаргасан өргөдөл, А сумын 4-р багийн Засаг даргын тодорхойлолт, Баян-Өлгий аймгийн А сумын Засаг даргын тамгын газрын даамал И.Амантайн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №05 дугаартай тодорхойлолт, Ү.Б, М.Г нарын маргаан бүхий газрын схем зураг зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагч талын хүсэлтээр тус шүүхээс Ү.Б-ийн барьсан хашаа хороо байшин үзлэг хийсэн тэмдэглэл, маргаан бүхий газрын үзлэгийн схем зураг зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн болно

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

1) Хариуцагч Ү.Б нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Зил-130 маркийн ачааны машинаар маргаан бүхий газарт блок буулгасан. Тухайн үед би хадлангийнхаа усыг гаргаад явж байсан ба тухайн газарт блок буулгасан шалтгааныг тодруулахаар Ү.Б-тэй очиж уулзахад танай өвөлжөөний тэнд өвөлжөө барих зорилгоор блок буулгаж байгаа гэсэн хариу өгсөн. Тэгэхээр би түүнээс эрх бүхий байгууллагаас өвөлжөө барих зөвшөөрөл авсан уу гэж асуухад Ү.Б нь “би Монгол Улсын иргэн учраас хаана ч өвөлжөө барих эрхтэй, заавал зөвшөөрөл авах шаардлагагүй” гэж хариулсан.

2) 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр А сумын Асет даргад өргөдөл өгөөд, сумын газрын даамалд мэдэгдэх хуудас өгсөн. Үүнээс 7 хоногийн дараа н.Асет дарга ирж 9 дүгээр сарын 25-ны өдөр багийн Иргэдийн нийтийн хурлыг хуралдуулаад энэ асуудлыг шийдвэрлэнэ, тэр хүртэл өвөлжөө барих ажлаа зогсоож байхыг Ү.Б-ээс шаардсаны дагуу тэр ажлаа зогсоосон.

3) Тухайн үед Ү.Б хашааныхаа 70 хувийг барьж дуусгасан байсан. 6 дугаар сарын 25-ны үед н.Асет дарга Улаанбаатар хот руу явсан байсан ба Ү.Б нь 10 залууг дагуулж очоод хүч түрэмгийлэн хашаагаа барьсан.

4) Энэ талаар сумын Засаг даргын орлогчид мэдэгдэхэд “бид анхан шатны шийдвэр гаргаж, мэдэгдэх хуудас өгсөн боловч Ү.Б нь захиргааны шийдвэрийг биелүүлээгүй, энэ асуудлыг шийдвэрлэхэд бидний хүч дийлэхгүй байна, та шүүхэд нэхэмжлэл гаргах замаар асуудлаа шийдвэрлээд аваарай” гэсний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан.

5) Үүнээс гадна хариуцагч Ү.Б нь нутгийн ард иргэдийг хэл амаар доромжилж, сум, багийн Засаг дарга нарын шаардлагыг үл ойшоон, би мА баян хүн, би ялан дийлнэ гэх мэтээр хүч түрэмгий байдлаар асуудалд хандаж Монгол Улсын иргэн бүр газар эзэмших, ашиглах эрхтэй хэдий ч хариуцагчийн зүгээс хууль бусаар, зөвшөөрөлгүй өвөлжөө барьсан үйлдэл гаргасан.

5) Иймд Ү.Б-ийн зүгээс нийтийн бэлчээр ашиглах эрхэд халдаж байгаа тул түүний Баян-Өлгий аймгийн А сумын 5 дугаар багийн нутаг “Бардамын Сээр өтөг” гэх газарт барьсан өвөлжөөний байшин, татсан хашаа, малын саравчтай хашаа хороог тус тус албадан буулгаж газрыг чөлөөлж өгөхийг хүссэн байна.

2.Хариуцагч Ү.Б нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

1) Миний бие 2006 оноос эхлэн А сумын 4 дүгээр багт одоо хүртэл мал маллаж, малчнаар ажиллаж байна. Тэрээр одоо бог, бод мал 300 гаруй мА. Баян-Өлгий А сумын Нүцгэн гэдэг газарт ард түмний хэлж заншсанаар “Жаланашын Орташа” гэдэг газарт байдаг хаваржаа нь сумын төвөөс 20 км алсад оршдог. Өвлийн улиралд цас их унадаг тул тэнд очиж өвөлжих боломжгүй байна.Тусгайлсан өвөлжөө байдаггүй.

2) Олон жилийн турш А сумын удирдлагад өвөлжөөтэй болгох талаар хүсэлт гаргаж байсан. Ингээд түүний А сумын удирдлага нь өвөлжөөний асуудлыг шийдвэрлэж өгөөгүй учраас тус сумын Бардам гэдэг газрын Говьд 2021 оны 6 дугаар сарын үед өөрийн хөрөнгөөр хоёр өрөөтэй байшин, амбаар, 10х15 метрийн битүү хашаа, гадна талаас чулуугаар том хашаа буюу өвөлжөө барьсан.

3) Бардам багийн иргэн Мөнхөөгийн Ганбат нь 2021 оны 6 дугаар сараас эхлэн надтай маргалдаж, улмаар 2 өрөө байшингийн дээврийн модон банзыг аваад явсан. Үндсэн хуульд зааснаар газар төрийн өмч байдаг. Нэхэмжлэгч талаас маргаан бүхий газрыг нэхэмжлэгчид ашиглахаар олгосон, бэлчээр хуваарилж өгсөн тухай эрх бүхий байгууллагын шийдвэрийг гаргаж өгч чадаагүй

4) Тиймээс миний маргаан бүхий газарт барьсан үл хөдлөх хөрөнгө нэхэмжлэгч Ш.М-ийн хуульд заасан эрх ашгийг зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.Үүнд:

1) Нэхэмжлэгч Ш.М нь Баян-Өлгий аймгийн А сумын “Бардам сээр өтөг” гэх газарт өвөлжөөний зориулалтаар, нэгж талбарын 030100728 дугаартай, 700 м.кв газрыг 20 жилийн хугацаатай эзэмшдэг болох нь 2011 оны 3 дугаар сарын 05-ны өдөр олгосон “Гэр  бүхий хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ”-гээр нотлогдож байна.

2) Баян-Өлгий аймгийн А сумын 5 дугаар багийн Засаг дарга Т.Мөнгөншагайн 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 22 дугаартай “Мэдэгдэх хуудас”-аар тус сумын 4 дүгээр багийн иргэн Ү.Б-т 5 дугаар багийн нутаг дэвсгэр болох “Сээр өтөг” гэх газар багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцэж зөвшөөрөл аваагүй, зөвшөөрөлгүй хашаа барсан тул хашаа барих үйл ажиллагааг зогсоохыг, холбогдох арга хэмжээ авах болно гэж анхааруулж байсан нь тогтоогдож байна.

3) Баян-Өлгий аймгийн А сумын Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн №162 дугаартай “Мэдэгдэх хуудас хүргүүлэх тухай” албан бичгээр хариуцагч Ү.Б-т зохих зөвшөөрөлгүй газар дээр дур мэдэн барилга байгууламж, хашаа барьж эзэмшсэн газрыг Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д заасныг дагуу барьсан хашааг 10 хоногийн дотор чөлөөлөхийг мэдэгдэж, энэ хугацаатай мэдэгдлийг хүлээн авсны дараа Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсгийн дагуу газрыг чөлөөлөх үүрэгтэй гэдгийг сануулан, хэрэв биелүүлээгүй тохиолдолд дээрх хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, Зөрчлийн хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дах хэсэгт заасны дагуу холбогдох арга хэмжээ авах болно гэдгийг анхааруулж байсан, мөн А сумын Засаг даргын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хаягласан 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 341 дугаартай албан бичгээр тус тус тогтоогдож байна.

4) Гэхдээ А сумын сумын Засаг даргаА.Асет Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д зааснаар хугацаатай мэдэгдэх хуудсыг хариуцагч Ү.Б-т өгсөн боловч Ү.Б нь мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй тул мөн хуулийн 57.4-д зааснаар уг газрыг албадан чөлөөлүүлэх холбогдох арга хэмжээ аваагүй болох нь түүний 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 341 дугаартай албан бичгээр нотлогдож байна.

5) Нэхэмжлэгч Ш.М нь Монгол Улсын Үндсэн Хуулийн арван зургаадугаар зүйлийн 12-д “Төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй” гэж заасан бүрэн эрхийнхээ дагуу маргаа бүхий газрын асуудлаар Баян-Өлгий аймгийн А сумын Засаг дарга болон А сумын 5 дугаар багийн Засаг даргад хандсан болох нь дээрх нотлох баримтаар тогтоогдож байна.

6) Хариуцагч Ү.Б нь  Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.3-д “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27 дугаар зүйлийн 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж гэсэн заалтуудыг тус тус зөрчиж Баян-Өлгий аймгийн А сумын 5 дугаар багийн нутаг “Бардамын Сээр өтөг” гэх газарт хууль бусаар өвөлжөөний байшин барьж, хашаа татаж, малын саравчтай хашаа, хороо барьсан болох нь дээрх хууль ёсны нотлох баримтаар болон 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн тус шүүхийн үзлэгийн тэмдэглэл, маргаан бүхий газрын үзлэгийн схем зургаар тус тус  нотлогдож байна.

7) Тус шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, маргаан бүхий газрын үзлэгийн схем зураг болон гэрэл зургаар хариуцагч Ү.Б маргаан бүхий газарт 36м.кв талбайтай нэг өрөө өвлийн байшин, 330 м.кв  талбайтай хашаа зэрэг үл хөдлөх хөрөнгө барьсан болох нь нотлогдож байна.

8) А сумын 4 дүгээр багийн Засаг дарга К.Б-ий  2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай “Тодорхойлолт”-д: Ү.Бнь ам бүл 4, А сумын 4 дүгээр багт оршин суудаг. Ү.Б5 дугаар багийн нутаг дэвсгэр болох Бардамын говь гэдэг газарт малын битүү хашаа 10мх15м, задгай хашаа 15мх15м, 2 өрөө байшинтай гэсэн нь дээрх газрын үзлэгийн тэмдэглэлтэй тохирч байна.

9) Хариуцагч Ү.Б нь А сумын 4 дүгээр багт  оршин суудаг, ам бүл 4, ямар нэгэн газар эзэмшиж, өмчилж байгаагүй болох нь А сумын газрын даамал И.Амантайн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №05 дугаартай албан бичгээр нотлогдож байна.

10) Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн А сумын Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 101 тоот шийдвэрийг үндэслэн Ш.Мөнхөөд тус сумын 5 дугаар баг “Бардымн голын хонд” гэдэг газраас 700 м.кв газрыг 30 жилийн хугацаатайгаар хаваржааны зориулалтаар эзэмшүүлсэн тухай 000633457 дугаартай “Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ” нь энэ хэрэгт хамааралгүй бөгөөд хариуцагчаас гаргаж өгсөн “Ү.Б, М.Г нарын маргаан бүхий газрын схем зураг” гэх баримтыг хэн, хэзээ үйлдсэн нь тодорхой бус, гарын үсэггүй, тэмдэг дарж баталгаажуулаагүй тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

11)  Хариуцагч Ү.Б нь 2020 оны 6 дугаар дугаар сард маргаан бүхий газарт зөвшөөрөлгүй, дур мэдэн өвөлжөөний байшин барьж, хашаа татаж, малын саравчтай хашаа хороо барьж дууссаны дараа  буюу 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр “Баян-Өлгий аймгийн А сумын Засаг дарга А.А-д гаргасан өргөдөлдөө ...Энэ оны 6 дугаар сард Бардамын говьд суух байшин барьсан. Тэр хашаа байшинг барихдаа Цагаан толгойд байгаа бүх хашаа байшингаа нурааж нүүлгэж Бардамд барьсан. Барьсан хаваржаанд захирамж гаргаж зөвшөөрөл өгч гүн туслалцаа үзүүлж өгнө үү... гэсэн нь Газрын тухай хуулийн дээрх зүйл заалтуудыг зөрчсөн байна. 

12) Талуудын тайлбараас дүгнэхэд маргаан бүхий газар нь бэлчээрийн зориулалттай газар байна. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “бэлчээр” гэж мал, амьтан бэлчээх зориулалттай байгалийн болон таримал ургамлын нөмрөг бүхий хөдөө аж ахуйн газарт хамааруулсан газрыг” ойлгоно гэж, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн нутгийн онцлог, бэлчээрийг ашиглаж ирсэн уламжлал, зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх шаардлагыг харгалзан өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа, отрын нөөц нутаг гэсэн ерөнхий хуваарийн дагуу газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган батална” гэж заасан байна.

13) Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.10-д “Бэлчээр ашиглах асуудлаар гарсан аливаа маргааныг багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж зохицуулна. Эс тохиролцсон тохиолдолд сумын Засаг дарга шийдвэрлэнэ” гэж тус тус заасан байхад хариуцагч хуулийн энэ заалтыг зөрчиж зөвшөөрөлгүй дур мэдэн бэлчээрийн зориулалттай газарт байшин барьж, хашаа татаж, малын саравчтай хашаа хороо барьсан нь хууль зөрчсөн байна.

14) Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-д “ Зуслан, намаржаа болон отрын бэлчээрийг баг, хот айлаар хуваарилж нийтээр ашиглана. Тухайн жилийн бэлчээрийн гарц, иргэдийн саналыг харгалзан өвөлжөө, хаваржааны бэлчээрийг малаас чөлөөлөх, мал оруулах хугацааг сум, дүүргийн Засаг дарга тогтоож, баг, хорооны Засаг дарга, иргэд мөрдөж хэрэгжүүлнэ. Өвөлжөө, хаваржааны тодорхой нутаг бэлчээрийг талхлагдахаас хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор тухайн бүс нутгийн онцлог, бэлчээр ашиглаж ирсэн уламжлал, газрын даац, чадавхыг харгалзан, багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга малчдад болзол, гэрээний дагуу хэсэг бүлгээр ашиглуулж болно”,  52.7-д “Өвөлжөө, хаваржааны доорх газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно” гэж тус тус заасан ба нэхэмжлэгч, хариуцагч нарт маргаан бүхий бэлчээрийн зориулалттай газрыг болзол гэрээний дагуу хэсэг бүлгээр ашиглуулсан тухай нотлох баримт байхгүй байна.

15) Монгол Улсын Үндсэн Хуулийн зургаадугаар зүйлийн 1-д “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна”, 2-д “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч”, 3-д “Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно....”, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.2.1-д хуульд өөрөөр заагаагүй бол бэлчээр, бэлчээр дэх уст цэг, хужир мараа бүхий газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглахаар тус тус заасан байна.

6.Монгол Улсын Үндсэн Хуулийн арван зургаадугаар зүйлийн 14-д заасан үндсэн эрхийнхээ дагуу нэхэмжлэгч Ш.М ард түмний төлөөллийн хувьд төрийн нийтийн өмч болох бэлчээрийн газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шүүхэд гомдол гаргасан нь хууль зөрчөөгүй байна.

7.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ш.М-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлого болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Ү.Б-ээс 70200 (далан мянга хоёр зуун төгрөг) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Мөнхөөд олгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь

1.Монгол Улсын Үндсэн Хуулийн зургаадугаар зүйлийн 1, 2, мөн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4-ийг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц овогт Ш-ийн М-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч И овогт Ү-ийн Б-ийн Баян-Өлгий аймгийн А сумын 5 дугаар багийн нутаг “Бардамын Сээр өтөг” гэх газарт барьсан өвөлжөөний байшин, татсан хашаа, малын саравчтай хашаа хороог тус тус албадан буулгаж газрыг чөлөөлсүгэй.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.М-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ү.Б-ээс 70200 (дөлөн мянга хоёр зуун) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Мөнхөөд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.МАНГИЛИК