Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2022/00748

 

Ш.Мгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 130/ШШ2022/00111 дүгээр шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 212/МА2022/00026 дугаар магадлалтай,

Ш.Мгийн нэхэмжлэлтэй,

Ү.Бт холбогдох,

Баян-Өлгий аймгийн Алтай сумын 5 дугаар багийн нутаг “Бардамын Сээр өтөг” гэх газарт барьсан өвөлжөөний байшин, татсан хашаа, малын саравчтай хашаа хороог тус тус албадан буулгаж газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганбатын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оюун-Эрдэнэ, Г.Энхцэцэг, хариуцагч Ү.Б, хариуцагчийн өмгөөлөгч С.Нургайып, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ш.М нь хариуцагч Ү.Бт холбогдуулан Баян-Өлгий аймгийн Алтай сумын 5 дугаар багийн нутаг Бардамын Сээр өтөг гэх газарт барьсан өвөлжөөний байшин, татсан хашаа, малын саравчтай хашаа хороог тус тус албадан буулгаж газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

2. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 130/ШШ2022/00111 дүгээр шийдвэрээр Монгол Улсын Үндсэн Хуулийн зургаадугаар зүйлийн 1, 2, мөн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4-ийг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Мгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Ү.Бийн Баян-Өлгий аймгийн Алтай сумын 5 дугаар багийн нутаг Бардамын Сээр өтөг гэх газарт барьсан өвөлжөөний байшин, татсан хашаа, малын саравчтай хашаа хороог тус тус албадан буулгаж газрыг чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Мгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ү.Бээс 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Мд олгож шийдвэрлэжээ.

3. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 212/МА2022/00026 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 130/ШШ2022/00111 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Ш.Мгийн хариуцагч Ү.Бт холбогдуулан гаргасан Баян-Өлгий аймгийн Алтай сумын 5 дугаар багийн нутаг “Бардамын Сээр өтөг” гэх газарт барьсан өвөлжөөний байшин, татсан хашаа, малын саравчтай хашаа хороог тус тус албадан буулгаж газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ү.Бийн давж заалдах гомдлыг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Ш.Мгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж Ү.Бт буцаан олгож шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг эс хүлээн зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Ш.Мгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Ү.Бийн Баян-Өлгий аймгийн Алтай сумын 5 дугаар багийн нутаг “Бардамын Сээр өтөг” гэх газарт барьсан өвөлжөөний байшин, татсан хашаа, малын саравчтай хашаа хороог тус тус албадан буулгаж, газрыг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль, Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байна. Гэтэл давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй буюу буруу тайлбарлан хэрэглэж Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоохгүй байна гэж тайлбарлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй шийдвэр болсон.

4.1. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тухайд: Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт: “...Ш.М нь үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, газар эзэмших үндсэн эрхтэй боловч... нэхэмжлэгчийн тухайн газрыг эзэмших, ашиглах субьектив эрх хөндөгдөөгүй, өөрийн өмчлөл, хууль ёсны эзэмшлийн, эсхүл ашиглаагүй үл хөдлөх хөрөнгө буюу газрыг Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.4 дэх хэсгийг баримтлан бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхээ хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэлгүй...” гэж дүгнэсэн нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч Ш.М нь Баян-Өлгий аймгийн Алтай сумын 5 дугаар багийн нутаг, “Бардамын хонд” нэгж талбарын 030100728 дугаартай, 700 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээгээр өвөлжөөний зориулалтаар, нэгж талбарын 8315001016 дугаартай 700 м.кв газрыг эзэмших эрхийн гэрчилгээгээр хаваржааны зориулалтаар тус тус эзэмшиж, ашигладаг. Гэтэл хариуцагч Ү.Бийн төрийн эрх бүхий байгууллагаас зохих ёсны зөвшөөрөл авахгүйгээр дур мэдэн, хууль бусаар өвөлжөөний байшин, татсан хашаа, малын саравчтай хашаа хороо барьсан хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгч нь хууль ёсоор эзэмшиж буй өвөлжөө, хаваржааны газраа бодитоор, зохих ёсоор эзэмшиж ашиглаж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн. Хариуцагч нь нэхэмжлэгч Ш.Мгийн эзэмшлийн өвөлжөө болон хаваржааны газрын дэргэд 500 метрийн зайд дур мэдэн хашаа, саравч барьж, малаа бэлчээрлүүлж буй үйлдлээс болж нэхэмжлэгч өөрийн өвөлжөө, хаваржааны газартаа малаа бэлчээрлүүлэх ямар ч боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Бэлчээрийн газрыг хууль ёсны дагуу буюу төрийн эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авах эсэх нь тухайн бэлчээр газрыг бэлчээрийн даац буюу малын тоо толгой, ачааллыг зөв зохистой хуваарилах, ашиглахад ач холбогдолтой байдаг.

4.2. Монголын уламжлалт нүүдлийн мал аж ахуй нь өөрийн гэсэн онцлогтой бөгөөд заншлын эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдаж өдийг хүрсэн. Иймд малчид мал аж ахуйгаа эрхлэхэд бэлчээрийн даацыг хэтрүүлэхгүй, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор мал сүргийн тоо толгойноос хамааруулан бэлчээр газрыг тэнцвэртэй хуваарилан эзэмшиж ирсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасны дагуу бэлчээр, нийтийн эдэлбэрийн газрыг өмчлүүлэх боломжгүй тул Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1-д зааснаар бэлчээрийн газар, түүний уст цэг, хужир марааг нийтээр ашиглах эрхтэй байхаар зохицуулсан. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан бэлчээр газрыг иргэнд өмчлүүлэх хууль зүйн боломжгүй юм. Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Ш.Мгийн эзэмшлийн газрын схем зурагтай (кадастрын зураг) хариуцагч Ү.Бийн хууль бусаар эзэмшиж, ашиглаж буй газар нь давхцаагүй байгаа тул субьектив эрх нь зөрчигдөөгүй гэсэн хэт өрөөсгөл дүгнэлт хийсэн. Энэ нь хэн дуртай этгээд нь, хаа дуртай газраа бэлчээрийн даацыг хэтрүүлж хууль бусаар хашаа, хороо барьж бусдын эрхэд халдах үйлдлийг өөгшүүлж байна. Тодруулбал, Ү.Бийн үйлдэл нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7-д заасан иргэний эрх зүйн харилцааг үүсгэсэн хууль зүйн үйл явдал юм. Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-д зааснаар эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх хууль зүйн үндэслэл байна.

4.3. Гэтэл давж заалдах шатны шүүх хуулиар өмчлөх эрх олгогдоогүй бэлчээр газрын маргааныг хэрэглэх ёсгүй хуулийг буюу Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасныг баримтлан “таны субьектив эрх хөндөгдөөгүй учраас шаардах эрхгүй” гэх хэт явцуу дүгнэлт хийсэн нь Монгол Улсын Үндсэн хууль болон тухайн асуудлыг нарийвчлан зохицуулсан хэм хэмжээ болох Газрын тухай хуульд нийцэхгүй байна. Давж заалдах шатны шүүх Газрын тухай хуулийн 6.2.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг үл ойшоон “...шүүх хэргийн үйл баримтад шууд, тухайлан хамааралгүй ... Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1 дэх заалт зэргийг шүүхийн шийдвэрийн үндэслэлд дурдах, тогтоох хэсэгт баримтлах зэргээр хэрэглэсэн нь оновчгүй болсон ...” гэсэн дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь зохигчдын хооронд үүссэн маргаан нь бэлчээр газартай холбоотой байх тул тухайн асуудлыг тусгайлан зохицуулсан хууль болох Газрын тухай хуулийн дээрх заалтыг хэрэглэснийг үгүйсгэх үндэслэлгүй юм. Үүний улмаас зохих зөвшөөрлөөр эзэмшиж буй бэлчээр газартаа мал сүргээ бэлчээрлүүлж байсан иргэн Ш.Мгийн хууль, шүүхэд хандан зөрчигдсөн эрхээ хамгаалуулах эрхийг үгүйсгэж байна. Иймд нэхэмжлэгч өөрийн хууль ёсоор эзэмшиж буй бэлчээрийг нь дур мэдэн ашиглаж буй этгээд болох Ү.Бийн хууль бус үйлдлийг зогсоохыг шаардах эрхтэй. Учир нь Ү.Б нь нэхэмжлэгч Ш.Мгийн өвөлжөөнөөс 500 метр газарт дур мэдэн өвлийн сууц, хашаа барьж, олон зуун тооны мал бэлчээрлүүлж байгаа нь Ш.Мгийн мал сүргээ чөлөөтэй бэлчээрт гарган бэлчээр эзэмших, ашиглах эрхэд саад хийж байгаа бодит нөхцөл байдал болох хууль зүйн фактыг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй явдалд гомдолтой байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганбатын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэсэн үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022.05.27-ны өдрийн 001/ШХТ2022/00583 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганбатын гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй гэж үзлээ.

7. Нэхэмжлэгч Ш.М хариуцагч Ү.Бт холбогдуулан Баян-Өлгий аймгийн Алтай сумын 5 дугаар багийн нутаг “Бардамын сээр өтөг” гэх газарт барьсан өвөлжөөний байшин, татсан хашаа, малын саравчтай хашаа хороог тус тус албадан буулгаж, газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа “...уг газрыг өвөлжөөний болон хаваржааны зориулалтаар гэрчилгээний дагуу эзэмшиж мал маллаж амьдардаг, гэтэл хариуцагч ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр ойролцоо газарт хашаа, байшин барьж эхэлсэн, уг үйлдлийг зогсоохыг сумын Засаг дарга шаардсан боловч үргэлжлүүлэн барьсан, хууль бус эзэмшлээс газрыг чөлөөлүүлнэ үү” гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...манай хаваржаа Баян-Өлгий аймгийн Алтай сумын “Жаланашын орташа” гэдэг газарт байдаг, сумын төвөөс 20 км алсад оршдог, өвлийн улиралд цас их унадаг тул тэнд өвөлжих боломжгүй, олон жилийн турш Алтай сумын удирдлагад өвөлжөөтэй болгох талаар хүсэлт гаргаж байсан боловч шийдвэрлэж өгөөгүй, иймээс тус сумын газарт өөрийн хөрөнгөөр байшин, амбаар, хашаа, өвөлжөө барьсан. Нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд дүгнэлтдээ “...нэхэмжлэгч Ш.М нь “Бардамын сээр өтөг“ гэх газарт өвөлжөөний зориулалтаар 700 м.кв газрыг 20 жилийн хугацаатай эзэмшдэг нь тогтоогдсон, уг газар нь бэлчээрийн зориулалттай газар байна, хариуцагч нь тухайн маргаан бүхий газарт багийн Иргэдийн Нийтийн хурлаар хэлэлцүүлж зөвшөөрөл аваагүйгээр өвөлжөөний байшин барьж, хашаа татсан нь Газрын тухай хууль зөрчсөн, Алтай Сумын Засаг даргын газрыг чөлөөлөх мэдэгдлийг биелүүлээгүй, нэхэмжлэгч нь үндсэн эрхийнхээ дагуу ард түмний төлөөллийн хувьд төрийн нийтийн өмч болох бэлчээрийн газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шүүхэд гомдол гаргасан нь хууль зөрчөөгүй” гэж, нэхэмжлэлийн шаардлага гаргах хууль зүйн үндэслэлд Монгол Улсын Үндсэн хуулийн зургаадугаар зүйлийн 1, 2 дахь заалт болон Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4 дэх хэсэгт заасныг баримталжээ.

9. Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд үндэслэлээ “...анхан шатны шүүх маргааны үйл баримт, хэрэгт ач холбогдолтой зарим нөхцөл байдлыг үндэслэлтэй дүгнээгүй, Үндсэн хуулийн маргааны үйл баримтад хамааралгүй заалтыг баримталсан, Газрын тухай хуулийг буруу тайлбарласан, Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг хэрэглээгүйгээс эрх зүйн алдаатай дүгнэлт хийсэн, тухайлбал, нэхэмжлэгчийн хууль ёсоор эзэмшиж байсан газарт эсхүл гэрээгээр ашиглаж байсан газарт хариуцагч үл хөдлөх эд хөрөнгө барьсан буюу саад болсон үйлдэл хийсэн нь тогтоогдоогүй, нэхэмжлэгч нь “Бардамын сээр өтөг”, “Бардамын голын хонд” гэдэг газарт өвөлжөө болон хаваржааны зориулалтаар тус бүр 700 м.кв талбай бүхий газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмшиж, байшин, хашаа, саравч барьсан бөгөөд хариуцагчийн хашаа, байшин барьсан газар нь нэхэмжлэгчийн эзэмших эрхтэй газартай давхцаагүйгээс гадна түүний субьектив эрхэд саад учруулсан нөхцөл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан хууль бус эзэмшлээс газрыг чөлөөлүүлэх, эсхүл газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болсон үйл ажиллагааг зогсоолгохыг шаардах боломжгүй, харин газрыг эрхийн гэрчилгээний дагуу эзэмших ба хариуцагч зөвшөөрөлгүйгээр эзэмшсэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн боловч газрыг чөлөөлүүлэх шийдвэр гаргах, албадан чөлөөлүүлэх ажиллагааг эрх бүхий этгээд буюу Сумын засаг даргад хуулиар харьяалуулсан тул нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш, анхан шатны шүүх энэ талаар болон Үндсэн хуулийн зохицуулалтын талаар илт алдаатай дүгнэлт хийсэн” гэж үзсэн байна.

10. Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримт, Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын агуулгыг зөрүүтэй хэрэглэсэн тухай хариуцагчийн гомдлын хүрээнд хяналтын шатны шүүхээс хэргийг хянаж давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн гэж дүгнэв.

11. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.4-т зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах, өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх болон эзэмших эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл тухайн этгээд уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх буюу эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй ба нэхэмжлэгч Ш.Мд газар эзэмших гэрчилгээний үндсэн дээр эзэмшүүлж байгаа хаваржааны болон өвөлжөөний зориулалтаар олгосон тус бүр 700 м.кв талбай бүхий газар нь хариуцагч Ү.Бийн өвөлжөөний зориулалттай байшин, хашаа барьсан газартай давхцаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

12. Нөгөө талаар Газрын тухай хуульд зааснаар газрыг эзэмших эрхийн гэрчилгээтэй эзэмших бөгөөд хариуцагч Ү.Б бэлчээрийн зориулалттай газарт зохих эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй өвөлжөөний зориулалттай байшин, хашаа барьсан нь хууль зөрчсөн боловч хууль бус эзэмшлээс газрыг чөлөөлүүлэх эрхийг тухайн эрх бүхий байгууллага шаардах эрхийг хэрэгжүүлнэ.

13. Мөн зохигчийн маргааны зүйлээс үзвэл, “Бардам сээр өтөг”, “Бардамын голын хонд” гэх газарт нэхэмжлэгч Ш.Мгийн хаваржаа, өвөлжөө байдаг, тэднийх олон жилийн туршид уг нутагт мал аж ахуй эрхлэн амьдарч байгааг зохигч маргаагүй боловч өвөлжөө, хаваржааны зориулалттай олгогдсон тус бүр 700 м.кв газраас бусад мал амьтан бэлчээх зориулалттай хэсэг буюу байгалийн болон таримал ургамлын нөмрөг бүхий хөдөө аж ахуйн газарт хамааруулсан газар нь Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д зааснаар “бэлчээр” гэдэг ойлголтод багтах ба мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т зааснаар газрыг үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах хүрээнд захиргааны байгууллагаас зохицуулалт хийх бүрэн эрхтэй.

Үүнийг Газрын тухай хуульд нарийвчлан заахдаа, тухайлбал хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д “Сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал тухайн нутгийн онцлог, бэлчээрийг ашиглаж ирсэн уламжлал, зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх шаардлагыг харгалзан өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа, отрын нөөц нутаг гэсэн ерөнхий хуваарийн дагуу газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган батална”, 52.2-т “зуслан, намаржаа болон отрын бэлчээрийг баг, хот айлаар хуваарилж нийтээр ашиглана. Тухайн жилийн бэлчээрийн гарц, иргэдийн саналыг харгалзан өвөлжөө, хаваржааны бэлчээрийг малаас чөлөөлөх, мал оруулах хугацааг сум, дүүргийн Засаг дарга тогтоож, баг, хорооны Засаг дарга, иргэд мөрдөж хэрэгжүүлнэ. Өвөлжөө, хаваржааны тодорхой нутаг бэлчээрийг талхлагдахаас хамгаалах нөхөн сэргээх зорилгоор тухайн бүс нутгийн онцлог, бэлчээр ашиглаж ирсэн уламжлал, газрын даац, чадавхыг харгалзан, багийн иргэдийн Нийтийн Хурлаар Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга малчдад болзол, гэрээний дагуу хэсэг бүлгээр ашиглуулж болно”, 52.10-т “Бэлчээр ашиглах асуудлаар гарсан аливаа маргааныг багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж зохицуулна. Эс тохиролцсон тохиолдолд Засаг дарга шийдвэрлэнэ” гэж тус тус заажээ.

14. Дээр дурдсан хуулийн зохицуулалтаас үзэхэд хэрэв хариуцагч Ү.Б нь бэлчээрийн зориулалттай газрыг зохих зөвшөөрөлгүй ашигласнаас нэхэмжлэгч Ш.Мгийн мал бэлчээхэд саад болж байгаа өөрөөр хэлбэл, тухайн бэлчээрийн даац хэтэрснээс малын хөлөөс чөлөөлөх зайлшгүй шаардлага бий болсон бол энэ тухай багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж зохицуулахаар, тохиролцоогүй тохиолдолд Засаг дарга шийдвэр гаргах ба шийдвэрийг биелүүлэхийг шаардаж шаардлага гаргаж шүүхэд хандах эрхтэй этгээд нь хуульд зааснаар тухайн сумын Засаг дарга байна.

15. Дээр дурдсанаар нэхэмжлэгчийн субьектив эрхийг зөрчсөн үйлдэл тогтоогдоогүй, нэхэмжлэгч нь бэлчээрийн газрыг чөлөөлүүлэх шаардлагыг хариуцагчид холбогдуулан гаргах эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалын дүгнэлт үндэслэл бүхий болсон гэж үзэв.

16. Иймд магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 212/МА2022/00026 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ш.М /итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганбат/-ийн 2022.04.26-ны өдөр 70,200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.БАНЗРАГЧ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       Б.МӨНХТУЯА

                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                        Х.ЭРДЭНЭСУВД