Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 212/МА2022/00026

 

Ш.М-ийннэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай   

                Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,        

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж шийдвэрлэсэн, 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 130/ШШ2022/00111 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч *** багт оршин суух Ш.М-ийн  нэхэмжлэлтэй, хариуцагч *** оршин суух Ү.Б-т холбогдох,     

Баян-Өлгий аймгийн А сумын 5 дугаар багийн нутаг “Б” гэх газарт барьсан өвөлжөөний байшин, татсан хашаа, малын саравчтай хашаа хороог тус тус албадан буулгаж газрыг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, хариуцагч Ү.Б, хариуцагчийн өмгөөлөгч С.Нургайып, орчуулагч М.Айдынгүл нар оролцов.      

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

1.1. Миний төрсөн ээж Ш.М А сумын * дугаар баг “Бардам сээр өтөг” нэртэй өвөлжөөний газартай ба мал маллаж амьдардаг.

1.2. Гэтэл 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр тус сумын 4 дүгээр багийн иргэн Ү.Б манай өвөлжөөний болон хаваржааны газарт хууль бусаар малын хашаа, байшин барьж эхэлсэн ба тухайн үед уг хууль бус үйлдлийг таслан зогсоож өгөхийг багийн Засаг дарга Т.М, сумын Засаг дарга А.А нарт бичгээр гомдол гаргасан. Сумын Засаг дарга А.А болон багийн Засаг дарга Т.М нар 2021 оны 6 дугаар сарын 25-нд мэдэгдэх хуудсыг гаргаж өгсөн. Уг мэдэгдэх хуудсыг сумын газрын даамал И.А, хэсгийн цагдаа Н.М нар биеэр очиж өгөөд уг хууль бус үйлдлээ таслан зогсоохыг шаардахад сумын Засаг даргын мэдэгдэх хуудсыг хүлээж аваагүй. Дээр нь хэл амаар доромжилж хууль бус үйлдэл болох зөвшөөрөлгүй газарт хашаа байшингаа барьж үйл хэргээ үргэлжлүүлсэн хэвээр байв.

1.3. Бид шат шатны Засан дарга нарт хандсан боловч Ү.Бийн хууль бус үйлдлийг таслан зогсоож чадаагүй тул хууль журмын дагуу шүүхэд хандаж, Ү.Бийн хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж байна.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1. Миний бие 2006 оноос эхлэн А сумын 4 дүгээр багт одоо хүртэл мал маллаж, малчнаар ажиллаж байна. 2012 онд гэр бүлж болж, одоо бог, бод мал нийлээд 300 гаруй малтай. Манай хаваржаа Баян-Өлгий аймгийн А сумын Жаланашын орташа гэдэг газарт байдаг ба сумын төвөөс 20 км алсад оршдог. Өвлийн улиралд цас их унадаг тул тэнд очиж өвөлжих боломжгүй байна. Харин надад тусгайлсан өвөлжөө байхгүй.

2.2. Би олон жилийн турш А сумын удирдлагад өвөлжөөтэй болгох талаар хүсэлт гаргаж байсан. Ингээд надад А сумын удирдлага нь өвөлжөөний асуудлыг шийдвэрлэж өгөөгүй учраас тус сумын Бардам гэдэг газрын говьд 2021 оны 6 дугаар сарын үед өөрийн хөрөнгөөр хоёр өрөө байшин, амбаар, 10х15м битүү хашаа, гадна талаас чулуугаар том хашаа буюу өвөлжөө барьсан.

2.3. Одоо нэхэмжлэгч 2021 оны 6 дугаар сараас эхлэн надтай маргалдаж, улмаар 2 өрөө байшингийн дээврийг модон банзыг аваад явсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 130/ШШ2022/00111 дүгээр шийдвэрээр Монгол Улсын Үндсэн Хуулийн зургаадугаар зүйлийн 1, 2, мөн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4-ийг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.М-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Ү.Б-ийн Баян-Өлгий аймгийн А сумын 5 дугаар багийн нутаг Б гэх газарт барьсан өвөлжөөний байшин, татсан хашаа, малын саравчтай хашаа хороог тус тус албадан буулгаж газрыг чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Мийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ү.Б-ээс 70200 (дөлөн мянга хоёр зуун) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.М-д олгож шийдвэрлэжээ. 

 

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:   

4.1. Ш.М-ийн эзэмшлийн өвөлжөөний болон хаваржааны газарт малын хашаа, байшин барьсан зүйл байхгүй. Энэ нь шүүхийн үзлэгээр тогтоогдсон бөгөөд Ш.М-ийн өвөлжөөний газраас 1,724 метрийн, хаваржаанаас 2,210 метрийн зайтай А сумын нутаг дэвсгэрт малын хашаа хороо, толгой хорогдох байшин барьж мал маллан амьдарч байгаа.

4.2. Нэгэнт сумын Засаг дарга надад өчнөөн жилийн хугацаанд газар шийдвэрлэж өгөөгүй учраас сумын Засаг дарга А.А-тай биечлэн уулзаж хэлэхэд өөрийн оршин сууж байсан газартаа малын хашаа хороо, байшин барьж авсны дараа газрын асуудлыг шийдвэрлэж өгнө гэхээр нь хашаа хороо барьсан маань үнэн. Тухайн газар хэн нэгний өмчлөлийн болон эзэмшлийн газар биш байсан бөгөөд тус сумын иргэд бидний малын бэлчээр газар байсан.

4.3. Засаг дарга Т.М, сумын Засаг дарга А.А нарын 2021 оны 6 дугаар сарын 25-ны мэдэгдэх хуудас нь хариуцагч Ү.Б надад хаяглагдаагүй, би тухайн мэдэгдэх хуудсыг огт хараагүй, намайг хүлээн авахаас татгалзсан мэтээр бичсэн нь худлаа.

4.4. Нэхэмжлэгч Ш.М нь өөрийнхөө нэхэмжлэлийн шаардлагыг “Ү.Бийн хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай” хэмээн тодорхойлж байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дураараа өөрчилж “Ү.Бийн Баян-Өлгий аймгийн А сумын 5 дугаар багийн нутаг "Б" гэх газарт барьсан өвөлжөөний байшин, татсан хашаа, малын саравчтай хашаа хороог тус тус албадан буулгаж газрыг чөлөөлсүгэй” хэмээн шийдвэр гаргасан нь хууль бус гэж үзэж байна. Нэхэмжлэгч Ш.М болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс анх шүүхэд гаргасан Ү.Бийн хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай шаардлагыг өөрчлөөгүй, тодруулаагүй байхад шүүх дур мэдэн өөрчилж, шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

4.5. Нэхэмжлэгч Ш.М нь Ү.Б намайг нутгийн ард иргэдийг хэл амаар доромжилж, сум, багийн Засаг дарга нарын шаардлагыг үл ойшоон, би малтай баян хүн, би ялан дийлнэ гэх мэтээр хүч түрэмгий байдлаар асуудалд хандаж хууль бусаар зөвшөөрөлгүй өвөлжөө барьсан үйлдэл гаргасан гэж илтэд худал гүтгэж байгаад гомдолтой байна.

4.6. Сумын Засаг дарга нь хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа талаарх гомдлоо Ш.М нь дээд шатны Засаг даргад гаргах эрх нь нээлттэй байхад иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй.

4.7. Ш.Мийн ямар нэгэн эрх ашгийг зөрчөөгүй бөгөөд түүний эзэмших болон өмчлөх эрхэд нь халдаагүй. Мөн Ш.Мийн эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн байдлаар саад учруулаагүй байхад түүний нэхэмжлэлийг анхан шатны шүүхээс хүлээн авч шийдвэрлэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

4.8. Анхан шатны шүүх нь “Монгол Улсын Үндсэн Хуулийн арван зургаадугаар зүйлийн 14-д заасан үндсэн эрхийнхээ дагуу нэхэмжлэгч Ш.М ард түмний төлөөллийн хувьд төрийн нийтийн өмч болох бэлчээрийн газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шүүхэд гомдол гаргасан нь хууль зөрчөөгүй байна” гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хуульд заасан нарийн зохицуулалтыг зөрчсөн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

            5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:   

5.1. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Монгол Улсад хүн төрөхдөө ч, үхэхдээ ч зөвшөөрөл авдаг. Гэтэл хариуцагчид ямар ч газар эзэмших зөвшөөрөл байхгүй байхад дур мэдэн хашаа хороо барьсан. Гарт нь ямар нэгэн бичиг баримт байхгүй. 6 дугаар сарын 10-ны үед сумын Засаг даргаас “...одоо өвөлжөөнөөс зусландаа нүүгээрэй, нүүхгүй бол торгоно” гэсэн захирамж гаргасан. Бид 6 дугаар сарын 15-ны үед зусландаа нүүсний дараа нь би хадлангийн усыг янзлахаар өвөлжөөндөө очиход, Ү.Б манай өвөлжөөний хажууд блок буулгаж байсан.

5.2. Тэгээд уг хууль бус үйлдлийг таслан зогсоож өгөөч гэж багийн Засаг дарга Т.М, сумын Засаг дарга А.А нарт бичгээр гомдол гаргасан. 2012 оноос хойш миний ах дүү нар тухайн өвөлжөөндөө амьдарч малаа маллаад амьдарч байна. Анх багийн Засаг дарга Т.М, хэсгийн цагдаа Н.М нартай хамт очиж мэдэгдэх хуудас өгөхөд, хариуцагч Ү.Б“...та  нарт хамаагүй, би хашаа хороогоо барина” гэж биднийг хэл амаар доромжилж байсан. 9 дүгээр сарын 20-ны үед Засаг дарга А.А Ү.Бт хандаад “....багийн Нийтийн Хурлаас шийдвэрлэнэ. Хэрэв багийн Нийтийн Хурлаас зөвшөөрөхгүй бол чиний хашаа хороог татан буулгана. Чи хууль бус юм  хийж байна” гэж хэлсэн.

5.3. Ү.Бийн барьсан хашаа хороо нь миний өвөлжөөнөөс 2 км-ийн зайтай  гэж байна. Гэхдээ шүүхээс очиж үзлэг хийхэд, 500 метрийн зайтай гэж гарсан. Газрын кадастрын зургийг газрын даамал И.А гэдэг хүн гаргаж өгсөн байна.

5.4. Анхан шатны шүүхийн шүүгч “...кадастрын зурагт яагаад  тамга, гарын үсэг байхгүй  байгаа юм бэ” гэж асуухад, Ү.Бийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан Я.Сьезд “...надад газрын даамал авчирч өгсөн, би мэдэхгүй” гэж хэлсэн. Тэгээд дараа нь би газрын даамлаас асуухад, “....би мэдэхгүй, шүүхээс шаардаж байгаад авсан” гэж хэлсэн. “...Энэ маргаанаас болж хүн амины хэрэг гарна, та энэ асуудлыг шийдэж өгч чадах уу” гэж Засаг даргаас асуухад, “...би 30 хоногийн дараа хариу өгнө” гэж хэлсэн.

5.5. Засаг дарга А.А, багийн Засаг дарга Т.М, хэсгийн цагдаа Н.М нар өөрийн биеэр очиж мэдэгдэх хуудсыг өгч байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна.  

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлыг үндэслэн хуульд заасан эрх хэмжээний хүрээнд хэргийг бүхэлд нь хянаж үзээд, нэхэмжлэгч Ш.Мийн хариуцагч Ү.Бт холбогдуулан гаргасан газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул дараах үндэслэлүүдээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гомдлыг хангаж шийдвэрлэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж хуульчилсан. Шүүхийн шийдвэр “хууль ёсны байна” гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн, нийцсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэснийг, харин “үндэслэл бүхий байна” гэдэгт шүүх хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтаар хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий бүх нөхцөл байдлыг бүрэн тогтоож,  шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгсөн байдлыг тус тус ойлгоно.

3. Гэтэл анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн, бусдын хууль бус эзэмшлээс  газар чөлөөлүүлэх тухай маргааны үйл баримт, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий зарим нөхцөл байдлыг үндэслэлтэй зөв дүгнээгүй, Үндсэн хуулийн маргааны үйл баримтад хамааралгүй заалтыг буруу баримталж, Газрын тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг хэрэглээгүйгээс эрх зүйн алдаатай дүгнэлт хийж, Ш.Мийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны байх шаардлагыг зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэв.

4. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч Ш.М нь Баян-Өлгий аймгийн А сумын “Бардам сээр өтөг” гэх газарт өвөлжөөний зориулалтаар, нэгж талбарын 030100728 дугаартай, 700 м.кв газрыг 20 жилийн хугацаагаар, А сумын “Бардамын голын хонд” гэх газарт хаваржааны зориулалтаар нэгж талбарын 8315001016 дугаартай 700 м.кв газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 30 жилийн хугацаагаар тус тус ашиглах эрхийн гэрчилгээтэй, /хавтаст хэргийн 6-7 дахь тал/ хариуцагч Ү.Б нь А сумын нугтаг дэвэсгэрээс ямар нэгэн газрыг хууль ёсоор эзэмших, өмчилдөггүй, гэрээ болон хуульд зааснаар ашигладаггүй нь /хавтаст хэргийн 36 дахь тал/ хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

5. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 3 дахь хэсэгт хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхтэй гэж, Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт “Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй” гэж, мөн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах  эрхтэй” гэж хуульчилсан тул хэрвээ нэхэмжлэгч тухайн газрыг өөрийн өмч гэдгийг нотолсон тохиолдолд энэхүү шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжтой юм. Гэтэл нэхэмжлэгч Ш.Мийн хууль ёсоор эзэмшиж, өмчилж байсан, эсхүл гэрээгээр ашиглаж байсан газарт нь хариуцагч байшин, хашаа, малын саравч барих зэргээр халдсан буюу түүний өмчлөх, эзэмших, ашиглах эрхэд нь саад учруулсан ямар нэгэн үйлдэл хийсэн, үйл ажиллагаа явуулсан гэх нөхцөл байдал хэргээс тогтоогдохгүй байна.

6. Нэхэмжлэгч Ш.М нь хариуцагч Ү.Бийн хашаа, байшин барьсан  Баян-Өлгий аймгийн А сумын 5 дугаар багийн нутаг  “Бардам сээр өтөг”, “Бардамын голын хонд” гэх газрын өмчлөгч, эсхүл эзэмшигч, хуульд болон гэрээнд зааснаар хууль ёсоор ашиглаж буй этгээд биш, түүнчлэн мөн тус газар нь нэхэмжлэгч Ш.Мийн өвөлжөөний зориулалтаар эзэмшиж байгаа 700 м.кв газар,  хаваржааны зориулалтаар эзэмшиж байгаа 700 м.кв газартай тус тус давхцаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар /хавтаст хэргийн 31-37 дахь тал/ нотлогдож байх тул хариуцагч Ү.Бийн Баян-Өлгий аймгийн А сумын 5 дугаар багийн нутаг,  “Бардамын хонд” гэх газарт хашаа, байшин барьсан үйлдэл нэхэмжлэгчийн субьектив эрхийг хөндсөн, зөрчсөн, эсхүл түүний өөрийн эзэмшлийн газрыг ашиглах эрхэд саад учруулсан гэх бодит нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.

7. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж, 106.2-т “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж, 106.4-т “Энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна” гэж зааснаас үзвэл, нэхэмжлэгч Ш.М нь хариуцагч Ү.Бийн хашаа, байшин барьсан гэх газрыг өөрийн өмч, эсхүл хууль ёсны эзэмшигч мөн болохыг нотлоогүй тохиолдолд тэрээр уг шаардах эрхийг Ү.Бт холбогдуулан хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэлгүй юм.

8. Нэхэмжлэгчийн газар эзэмших эрх хөндөгдөөгүй, зөрчигдөөгүй, эсхүл түүний уг эрхээ хэрэгжүүлэхэд нь хариуцагчийн дээрх үйлдэл саад учруулсан гэх нөхцөл байдал бодитой тогтоогдоогүй, энэ талаар нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байх тул түүний гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит, жинхэнэ байдалд нийцээгүй байна.

                9. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн маргаан бүхий Баян-Өлгий аймгийн А сумын 5 дугаар багийн нутаг,  “Бардамын хонд” гэх газарт 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр үзлэг хийсэн тухай тэмдэглэлээр хариуцагч Ү.Бийн шинээр барьсан хашаа, байшин нэхэмжлэгч Ш.Мийн эзэмшлийн газарт биш өөр газар байрласан, Ш.Мийн хаваржаа, өвөлжөөний газартай давхцаагүй, нэхэмжлэгчийн нэгж талбарын 030100728 дугаартай, 700 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээгээр өвөлжөөний зориулалтаар, нэгж талбарын 8315001016 дугаартай 700 м.кв газрыг эзэмших эрхийн гэрчилгээгээр хаваржааны зориулалтаар гэр бүлийн хамтын хэрэгцээнд тус тус эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд хариуцагч Ү.Бийн хашаа, байшин барьсан үйлдэл саад болсон нь нотлогдохгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүй, маргааны үйл баримтад холбогдох хуулийн зохицуулалтыг зөв хэрэглээгүй байна.

10. Нэхэмжлэгч Ш.М нь үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, газар эзэмших үндсэн эрхтэй боловч тухайн маргаан бүхий, хариуцагчийн хууль бусаар, зохих зөвшөөрөлгүйгээр эзэмшиж, ашиглаж байгаа газрыг өөрсдийн хууль ёсны өмчлөл, эзэмшилд шилжүүлж аваагүй учир нэхэмжлэгчийн тухайн газрыг эзэмших, ашиглах субьектив эрх хөндөгдөөгүй, өөрийн өмчлөл, хууль ёсны эзэмшлийн, эсхүл ашиглаагүй үл хөдлөх хөрөнгө буюу газрыг Иргэний  хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.4 дэх хэсгийг баримтлан бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхээ хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль ёсны зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

11. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар газрыг зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ. Гэтэл Баян-Өлгий аймгийн А сумын 5 дугаар багийн нутаг  “Б” гэх газарт хариуцагч Ү.Б нь хашаа, хороо байшин барьж  газрыг хууль бусаар эзэмшиж байгаа үйл баримт зохигчдын тайлбар, А сумын сумын Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 162 дугаартай, А сумын 5 дугаар багийн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 22 дугаартай мэдэгдэх хуудас, А сумын Засаг даргын Тамгын газрын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 05 дугаартай тодорхойлолт зэрэг баримтуудаар бүрэн тогтоогджээ. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэсэн байна.

12. Өмчлөгч, эзэмшигч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байх тул хариуцагч Ү.Б нь зохих зөвшөөрөлгүй газарт хашаа байшин барьж, газрыг дур мэдэн эзэмшсэн энэ тохиолдолд тухайн газрыг албадан чөлөөлүүлэх шийдвэр гаргах, албадан нүүлгэх ажлыг зохих хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах үүргийг Газрын тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, 41.4 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.5д дахь хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, 57.4, 57.5 дахь хэсэгт зааснаар аймаг, сумын Засаг даргад харьяалуулсан байна.

13. Нэхэмжлэгч Ш.М нь хуульд зааснаар бусдын нэрийн өмнөөс тухайн асуудлаар иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах субъект биш юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т “бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд мэдүүлэх эрх нь хуулиар олгогдсон этгээдээс гаргасан нэхэмжлэл”-д иргэний хэрэг үүсгэхээр хуульчилснаас үзвэл зөвхөн хуулиар эрх олгосон этгээдүүд бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байхаар хуульчилсан байдаг.

14.  Анхан шатны шүүх “Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14-д заасан үндсэн эрхийнхээ дагуу нэхэмжлэгч Ш.М ард түмний төлөөллийн хувьд төрийн нийтийн өмч болох бэлчээрийн газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шүүхэд гомдол гаргасан нь хууль зөрчөөгүй” гэж дүгнэхдээ иргэний эрх зүй /Иргэний хуулийн 7 дугаар бүлэг/, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүй /Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32, 33 дугаар зүйл/ дэх төлөөллийн зарчим хийгээд иргэдийн шүүхэд мэдүүлэх үндсэн эрхийн агуулгыг буруу тайлбарлаж хэрэглэснээс гадна Үндсэн хуулийн уг зохицуулалтын талаар эрх зүйн илт алдаатай дүгнэлт хийжээ. Түүнчлэн шүүх хэргийн үйл баримтад шууд, тухайлан хамааралгүй Үндсэн хуулийн зургаадугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1 дэх заалт зэргийг шүүхийн шийдвэрийн үндэслэлд дурдах, Тогтоох хэсэгт баримтлах зэргээр хэрэглэсэн нь оновчгүй болсон бөгөөд анхан шатны шүүх маргаантай харилцааны агуулга, салбар эрх зүйн төрөл, ердийн харьяаллын шүүхийн эрх хэмжээ зэргийг анхаарч, хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хууль хэрэглэх нийтлэг зарчмыг удирдлага болговол зохино.

15. Иймд дээрх үндэслэлүүдээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний  хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

             

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 130/ШШ2022/00111 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний  хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Ш.Мийн хариуцагч Ү.Бт холбогдуулан гаргасан  “Баян-Өлгий аймгийн А сумын * дугаар багийн нутаг “Б” гэх газарт барьсан өвөлжөөний байшин, татсан хашаа, малын саравчтай хашаа хороог тус тус албадан буулгаж газрыг чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ү.Бийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Ш.Мийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлого болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.3. дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200.00 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж Ү.Б-т буцаан олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       С.ӨМИРБЕК  

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

ШҮҮГЧ                                                            Д.КӨБЕШ