Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2212

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2018/01781 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Н-ийн хариуцагч ШУТИС-д холбогдуулан гаргасан өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжид 10 057 600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Н, өмгөөлөгч Б.Содболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Шинжпэх Ухаан Технологийн их сургуулийн захирлын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-д заасан үндэслэлээр 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ШУТИС-нДархан Технологийн сургуулийн Ахлах багш албан тушаалаас чөлөөлөгдсөн. ШУТИС-нзахиргаа 2016-2017 оны хичээлийн жилийн хамтын гэрээний 4.2 дахь хэсэгт заасан тус байгууллагаас тэтгэвэрт гарахдаа авдаг нэг удаагийн тэтгэмжийг олгохгүй хохироосон. Ажлаас чөлөөлсөн тушаалаар надад 1 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжид 1 257 200 төгрөгийг олгосон. Хамтын гэрээнд заасан нэг удаагийн тэтгэмжийн асуудлаар ШУТИС-н Дархан Технологийн Сургуулийн захиргаа, ШУТИС-н Дархан Технологийн сургуулийн Үйлдвэрчний эвлэлийн хороо, ШУТИС-н захиргаа болон Ректор, цаашлаад Боловсрол соёл, шинжлэх ухааны яаманд амаар болон бичгээр удаа дараа өргөдөл, хүсэлтээ гаргасан. Боловсрол соёл, шинжлэх ухааны яамнаас 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 2/158 дугаар албан тоотоор, ШУТИС-с 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 118 дугаар албан тоотоор гомдлын хариуг тус тус ирүүлсэн. ШУТИС-с ирсэн албан ёсны хариуг 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авсан. Улмаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр ШУТИС-н Хөдөлмөрийн маргаан таслах комисс, Нийслэлийн хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороонд 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр тус тус бичгээр гомдол гаргасан. ШУТИС-н Хөдөлмөрийн маргаан таслах комиссын 2018 оны 5 дугаар сарын 17, 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн шийдвэрийг 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр шуудангаас хүлээж аваад шүүхэд нэхэмжлэл гаргасан. Дээрх хоёр хамтын гэрээний аль, алинд нь өндөр насны тэтгэвэрт гарсан тохиолдолд олгох 1 удаагийн тэтгэмжийг миний бие авах эрхтэй гэж үзэж байгаа бөгөөд миний хувьд 2016-2017 оны хамтын гэрээний 4.2 дахь заалтаар нэг удаагийн тэтгэмж авахаар шаардаж байгаа. 2018 оны хамтын гэрээний дагуу шаардаагүй. Надад нэг сарын цалинтай тэнцэх тэтгэмж болох 1 257 200 төгрөгийг хасч үлдэх 10 057 600 төгрөгийн тэтгэмжийг гаргуулж өгнө үү. Тэтгэвэрт гарсан тушаалын дараа дахин тус сургуулийн дархан салбарт багшаар үргэлжлүүлэн гэрээ байгуулж ажилласан бөгөөд 2017-2018 оны хичээлийн жилд багшилсан. Надад илүү цагийн хөлс бүрэн олгоогүй тул 1 489 470 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Хариуцагчийн зүгээс 933 110 төгрөгийг хүлээн зөвшөөрч 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр миний дансанд шилжүүлсэн тул илүү цагийн хөлс нэхэмжлэхээс татгалзаж байгаа гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Засгийн газрын 2010 оны 15 дугаар тогтоолоор Барилгын коллеж, Дархан-Уул аймаг дахь Техникийн коллежийг татан буулгаж ШУТИС-д 2010 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс нэгтгэсэн. Барилгын коллеж, Дархан-Уул аймаг дахь Техникийн коллежийг татан буулгаж ШУТИС-д нэгтгэснээр Г.Н нь 2010 оны 7 дугаар сарын 01-нээс 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ШУТИС-н бүрэлдэхүүн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн технологийн багш, ахлах багшаар 7 жил 7 cap ажиллаж, өндөр насны тэтгэвэрт гарсан. Г.Н нь 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ШУТИС болон Дархан-Уул аймаг дахь Техникийн коллежийн захиргаанд 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлтээ ирүүлсний дагуу захирлын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/442 тоот тушаал гарсан. Тухайн үед мөрдөгдөж байсан ШУТИС-н 2016-2017 оны хичээлийн жилийн хамтын гэрээний 4.2 дахь заалтаар ШУТИС-д сүүлийн 5 жил тасралтгүй ажилласан багш, ажилтанд Шинжлэх ухаан, боловсролын байгууллагад ажилласан жил 15-17, үүнээс ШУТИС-д 10-12 жил ажилласан бол 3 сарын тэтгэмж олгохоор заасан. Гэтэл тус хамтын гэрээгээр Г.Нгийн ШУТИС-д ажилласан жил нь хүрээгүй тул нэг сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 1 257 200 төгрөг олгосон. ШУТИС-н Удирдах зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 4 дүгээр тогтоолын 1 дэх заалтаар Засгийн газрын 2010 оны 15 дугаар тогтоолоор шилжин ирсэн багш нарын боловсролын салбарт ажилласан жилийг харгалзан, тэтгэвэрт гарахад тэтгэмж олгох тухай тусгайлсан заалтыг Хамтын гэрээнд оруулахаар шийдвэрлэсний дагуу ШУТИС-н 2018 оны хамтын гэрээний 4.3 дахь заалт нэмэгдэж орох үндэслэл нь бий болсон. 2018 оны хамтын гэрээг Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр бүртгэж авснаар хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн тул сүүлд батлагдсан гэрээний дагуу нэхэмжлэгчид тэтгэмж олгох үндэслэл болохгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас 6 286 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 3 771 600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан Шинжлэх ухаан, технологийн их сургуульд холбогдуулан илүү цагийн хөлс 1 486 470 төгрөг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38 790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 115 526 төгрөг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Г.Н-ийн ШУТИС-д ажилласан жил нь хангагдаагүй тул ШУТИС-ийн захирлын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/442 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтыг үндэслэн тэтгэвэрт гаргахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмж болох 1 257 200 төгрөгийг олгосон. Шүүх бүтэц зохион байгуулалтын хувьд тусдаа өөр хоёр сургуулийг нэг мэтээр тайлбарлаж, нэхэмжлэгчээс үл хамаарах шалтгаанаар эрх бүхий байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлсэн тул нэхэмжлэгчийн Техникийн коллежид ажилласан жилийг ШУТИС-д 20 жил 11 cap ажилласан гэж тооцоолон өөрийн буруу үнэлсэн нотлох баримтыг хамгаалсан, маргаанд хамааралгүй зүйлд дүгнэлтийг хийсэн. Мөн Монгол Улсын Боловсролын тухай хуульд 2012 оны 05 дугаар сарын 09-ний өдөр өөрчлөлт орсноор их, дээд сургуульд ажиллаж байгаа багш, ажилтан тэтгэвэр тогтоолгоход тэтгэмж өгөх зохицуулалт хуулиар үйлчлэхээ больсон учраас ажилтны нийгмийн баталгааг сайжруулах үүднээс тус сургуулиас өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаа багш, ажилтанд хамтын гэрээний нөхцөл журмын дагуу нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгодог зохицуулалт нарийвчлан гарч ирсэн байхад шүүх үүнийг харгалзан үзээгүй нь буруу юм.

Нэхэмжлэгч Г.Н нь ШУТИС-ийн Захирлын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/442 тоот тушаалыг гардаж авснаас хойш ШУТИС-ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлд, ШУТИС-ийн 2016-2017 оны хичээлийн жилийн хамтын гэрээний 4.2 дахь заалттай холбоотойгоор өргөдөл, гомдол гаргаагүй бөгөөд ШУТИС-ийн Захиргаа болон Захиралд 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ШУТИС-ийн 2018 оны Хамтын гэрээний 4.3-т заагдсан нэг удаагийн тэтгэмжийг нөхөн олгох талаар өргөдөл ирүүлсний дагуу ШУТИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газар 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 118 тоот албан бичгээр хариу хүргүүлсэн байхад шүүх Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг түр зогссон гэж тоолох нь хэт нэг талыг барьж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

            Нэхэмжлэгч Г.Н нь /цаашид ШУТИС гэх/ холбогдуулан өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжид 10 057 600 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ боловсролын байгууллагад 21 жил ажилласан тул Хамтын гэрээнд зааснаар 9 сарын цалинтай тэнцэх тэтгэмж авах эрх үүссэн гэж тайлбарласан бол хариуцагч нь Г.Н багш Шинжлэх ухаан, технологийн их сургуульд 2010 оны 7 дугаар сараас хойш 7 жил 7 сар ажилласан нь хамтын гэрээний ШУТИС-д 10-аас доошгүй жил ажилласан байх нөхцөлийг хангаагүй тул нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ.       

            Нэхэмжлэгч Г.Н-ийн Дархан-Уул аймаг дахь Техникийн коллежид 1996 оны 10 дугаар сарын 24-өөс ажиллаж эхэлсэн талаар нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгдсэн, уг үйл баримтыг хариуцагч үгүйсгээгүй бөгөөд шүүх ШУТИСТ-т багшаар томилогдох 2010 оны 7 дугаар сар хүртэлх хугацааг 13 жил 4 сар гэж тооцсон нь нотлох баримт, зохигчдын тайлбарт үндэслэгдсэн байна.

            Мөн Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 15 дугаар тогтоолоор Дархан-Уул аймаг дахь Техникийн коллежийг Шинжлэх ухаан, технологийн их сургуульд 2010 оны 7 дугаар сарын 01-нээс нэгтгэхээр шийдвэрлэсэн, үүнтэй холбоотойгоор 2010 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Б/19 дүгээр тушаалаар Г.Н нь тус сургуульд багшаар үргэлжлүүлэн томилогдсон баримт хэрэгт авагдсан, зохигчид энэ талаар маргаагүй.

Техникийн коллежийг ШУТИС-д нэгтгэснээр нэхэмжлэгч Г.Н-ийн уул уурхайн багшийн ажлын байр өөрчлөгдөөгүй хэвээр хадгалагдсан талаар зохигчид тайлбарласан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан бөгөөд шүүх 13 жил 4 сарын болон 7 жил 7 сарын хугацааг нэгтгэн 20 жил 11 сар боловсролын байгууллагад ажилласан гэж үзсэн нь үндэслэлтэй, Хамтын гэрээний шинжлэх ухаан боловсролын байгууллагад 20 жил ажилласан бол 6 сарын тэтгэмж авах эхний нөхцөлийг хангасан гэж үзнэ.

Түүнчлэн дээрх хугацаанд Г.Н нь ажил олгогчийн эрх зүйн статус ямар байхаас үл хамааран “уул уурхайн багш”-аар ажилласан тул ШУТИС-т 20 жил 11 сар ажилласан гэж тооцон, 6 сарын тэтгэмж авах 2 дахь нөхцөлийг хангасан гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй. Учир нь төрийн өмчит сургуулийн өмчлөгч буюу эрх бүхий салбарын яамны шийдвэрээр хоёр хуулийн этгээдийг нэгтгэсэн байх бөгөөд нэхэмжлэгч Г.Нгийн төрийн өмчийн сургуульд уул уурхайн багшаар 20 жил 11 сар ажилласан хугацаа нь сургуулийн нэр, статус өөрчлөгдсөнөөс хамаарч үгүйсгэгдэх үндэслэлгүй.

Иймд шүүх хамтын гэрээний 4.2 дахь заалтын 1, 2 дахь нөхцөлийг зэрэг хангаж, 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авах эрх нэхэмжлэгчид үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байх тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол хангахгүй орхив.

Мөн нэхэмжлэгч Г.Н 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг шилжүүлснийг хүлээн авч, зөвшөөрөхгүй тухай гомдлыг 2018 оны 01 дүгээр сард Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яаманд, 2018 оны 3 дугаар сард ШУТИС-ийн захиргаанд, 2018 оны 5 дугаар сард тус сургуулийн харьяа Хөдөлмөрийн маргаан таслах комисст тус тус гаргаж, тухай бүр хариуг авсан нь хэрэгт баримтаар авагдсан, Хөдөлмөрийн маргаан таслах комиссын 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн шийдвэрийг мөн оны 6 дугаар сарын 04-ний өдөр авснаар шүүхэд хандсан нь тогтоогдож байх тул тэтгэмжийн талаарх гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх хариуцагчийн татгалзал, давж заалдах гомдол үндэслэлгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч илүү цагийн хөлсийг нөхөж олгосноор 1 486 470 төгрөг нэхэмжилсэн шаардлагаас нэхэмжлэгч татгалзсан тул нэхэмжлэлийн энэ хэсгийн шаардлагаас татгалзсаныг шүүх баталсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт нийцнэ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2018/01781 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115 526 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                            ШҮҮГЧИД                                   Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                 А.ОТГОНЦЭЦЭГ