Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2019/00371

 

Г гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

           Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож,          Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2018/01781 дүгээр шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2212 дугаар магадлалтай,

            Г гийн нэхэмжлэлтэй,

            Шинжлэх ухаан технологийн их сургуульд холбогдох

         Өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжид 10,057,600.00 төгрөг, илүү цагийн хөлс 1,489,470.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхцэцэг, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие Шинжлэх Ухаан Технологийн их сургуулийн захирлын 2017 оны 12 сарын 13-ны өдрийн тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасан үндэслэлээр 2018 оны 01 сарын 01-ний өдрөөс Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Дархан Технологийн сургуулийн Ахлах багш албан тушаалаас чөлөөлөгдсөн. Шинжлэх ухаан технологийн их сургуулийн захиргаа 2016-2017 оны хичээлийн жилийн хамтын гэрээний 4.2 дахь хэсэгт заасан тус байгууллагаас тэтгэвэрт гарахдаа авдаг нэг удаагийн тэтгэмжийг олгохгүй хохироосон. Ажлаас чөлөөлсөн тушаалаар надад 1 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжид 1,257,200 төгрөгийг олгосон. Хамтын гэрээнд заасан нэг удаагийн тэтгэмжийн асуудлаар Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Дархан Технологийн Сургуулийн захиргаа, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Дархан Технологийн сургуулийн Үйлдвэрчний эвлэлийн хороо, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн захиргаа болон Ректор, цаашлаад Боловсрол соёл, шинжлэх ухааны яаманд амаар болон бичгээр удаа дараа өргөдөл, хүсэлтээ гаргасан. Боловсрол соёл, шинжлэх ухааны яамнаас 2018 оны 01 сарын 08-ны өдөр 2/158 дугаар албан тоотоор, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулиас 2018 оны 04 сарын 04-ний өдрийн 118 дугаар албан тоотоор гомдлын хариуг тус тус ирүүлсэн. Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулиас ирсэн албан ёсны хариуг 2018 оны 04 сарын 19-ний өдөр хүлээн авсан. Улмаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Хөдөлмөрийн маргаан таслах комисс, Нийслэлийн хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороонд 2018 оны 05 сарын 03-ны өдөр тус тус бичгээр гомдол гаргасан. Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Хөдөлмөрийн маргаан таслах комиссын 2018 оны 05 сарын 17, 2018 оны 05 сарын 21-ний өдрийн шийдвэрийг 2018 оны 06 сарын 04-ний өдөр шуудангаас хүлээж аваад шүүхэд нэхэмжлэл гаргасан. Дээрх хоёр хамтын гэрээний аль, алинд нь өндөр насны тэтгэвэрт гарсан тохиолдолд олгох 1 удаагийн тэтгэмжийг миний бие авах эрхтэй гэж үзэж байгаа бөгөөд миний хувьд 2016-2017 оны хамтын гэрээний 4.2 дахь заалтаар нэг удаагийн тэтгэмж авахаар шаардаж байгаа. 2018 оны хамтын гэрээний дагуу шаардаагүй. Надад нэг сарын цалинтай тэнцэх тэтгэмж болох 1,257,200 төгрөгийг хасч үлдэх 10,057,600 төгрөгийн тэтгэмжийг гаргуулж өгнө үү. Тэтгэвэрт гарсан тушаалын дараа дахин тус сургуулийн дархан салбарт багшаар үргэлжлүүлэн гэрээ байгуулж ажилласан бөгөөд 2017-2018 оны хичээлийн жилд багшилсан. Надад илүү цагийн хөлс бүрэн олгоогүй тул 1,489,470 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Хариуцагчийн зүгээс 933,110 төгрөгийг хүлээн зөвшөөрч 2018 оны 09 сарын 06-ны өдөр миний дансанд шилжүүлсэн тул илүү цагийн хөлс нэхэмжлэхээс татгалзаж байгаа гэжээ.

Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Засгийн газрын 2010 оны 15 дугаар тогтоолоор Барилгын коллеж, Дархан-Уул аймаг дахь Техникийн коллежийг татан буулгаж Шинжлэх ухаан технологийн их сургуульд 2010 оны 07 сарын 01-ний өдрөөс нэгтгэсэн. Барилгын коллеж, Дархан-Уул аймаг дахь Техникийн коллежийг татан буулгаж Шинжлэх ухаан технологийн их сургуульд нэгтгэснээр Г  нь 2010 оны 07 сарын 01-нээс 2018 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл Шинжлэх ухаан технологийн их сургуулийн бүрэлдэхүүн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн технологийн багш, ахлах багшаар 7 жил 7 сар ажиллаж, өндөр насны тэтгэвэрт гарсан. Г  нь 2017 оны 10 сарын 03-ны өдөр Шинжлэх ухаан технологийн их сургууль болон Дархан-Уул аймаг дахь Техникийн коллежийн захиргаанд 2018 оны 01 сарын 01-ний өдрөөс өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлтээ ирүүлсний дагуу захирлын 2017 оны 12 сарын 13-ны өдрийн Б/442 тоот тушаал гарсан. Тухайн үед мөрдөгдөж байсан Шинжлэх ухаан технологийн их сургуулийн 2016-2017 оны хичээлийн жилийн хамтын гэрээний 4.2 дахь заалтаар Шинжлэх ухаан технологийн их сургуульд сүүлийн 5 жил тасралтгүй ажилласан багш, ажилтанд Шинжлэх ухаан, боловсролын байгууллагад ажилласан жил 15-17, үүнээс Шинжлэх ухаан технологийн их сургуульд 10-12 жил ажилласан бол 3 сарын тэтгэмж олгохоор заасан. Гэтэл тус хамтын гэрээгээр Г гийн Шинжлэх ухаан технологийн их сургуульд ажилласан жил нь хүрээгүй тул нэг сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 1,257,200 төгрөг олгосон. Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Удирдах зөвлөлийн 2018 оны 01 сарын 30-ны өдрийн 4 дүгээр тогтоолын 1 дэх заалтаар Засгийн газрын 2010 оны 15 дугаар тогтоолоор шилжин ирсэн багш нарын боловсролын салбарт ажилласан жилийг харгалзан, тэтгэвэрт гарахад тэтгэмж олгох тухай тусгайлсан заалтыг Хамтын гэрээнд оруулахаар шийдвэрлэсний дагуу Шинжлэх ухаан технологийн их сургуулийн 2018 оны хамтын гэрээний 4.3 дахь заалт нэмэгдэж орох үндэслэл нь бий болсон. 2018 оны хамтын гэрээг Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар 2018 оны 03 сарын 02-ны өдөр бүртгэж авснаар хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн тул сүүлд батлагдсан гэрээний дагуу нэхэмжлэгчид тэтгэмж олгох үндэслэл болохгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2018/01781 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг баримтлан Шинжлэх ухаан технологийн их сургуулиас 6,286,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г д олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,771,600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан Шинжлэх ухаан технологийн их сургуульд холбогдуулан илүү цагийн хөлс 1,486,470 төгрөг гаргуулах тухай шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 115,526 төгрөг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлж шийдвэрлэжээ.

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2212 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2018/01781 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 181/ШШ2018/01781 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2212 дугаар магадлалыг тус тус эс зөвшөөрч, шүүх хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр дараах хяналтын гомдол гаргаж байна.

Нэг. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаар: Нэхэмжлэгч Г  нь 2017 оны 10 сарын 03-ны өдөр Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуульд болон Дарханы Технологийн сургуулийн захиргаанд 2018 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэрт гаргаж өгөөч гэж хүсэлт гаргасны дагуу ШУТИС-ийн захирлын 2017 оны 12 сарын 13-ны өдрийн Б/442 тоот тушаал гарсан бөгөөд тухайн өдөр Г  нь тус Б/442 тоот тушаалыг хүлээн авсан. Тус тушаалын 2 дахь хэсэгт нэг сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн бөгөөд үүнийг Г  тухайн өдөр мэдсэн. Гэтэл шүүхээс дүгнэхдээ 2018 оны 01 сарын 11-нд тэтгэмж 1,257,200 төгрөгийг хүлээн авснаар уг хугацаа тоологдоно гэж дүгнэсэн нь хууль зөрчсөн буюу хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т “... эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж хуульчилсан. Тухайн хуульд заасны дагуу хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллага буюу Хөдөлмөрийн маргаан таслах комисст тушаал гарсныг мэдсэнээс хойш 3 сарын дотор гомдлоо гаргаагүй учир хөөн хэлэлцэх хугацаа 2018 оны 03 сарын 13-ны өдөр дууссан байна. Үүнийг дэлгэрүүлбэл, ШУТИС-ийн Хөдөлмөрийн маргаан таслах комиссд 2018.05.03-ны өдөр гомдол гаргаснаар Хөдөлмөрийн маргаан таслах комисс 2018.05.21- ний өдөр гомдлыг хэлэлцэн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж маргааныг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан байдаг. Гэтэл шүүх дүгнэхдээ хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх эрхгүй субъект болох ШУТИС-ийн Захиргаа болон захиралд 2018 оны 03 сарын 20-нд гаргасан Г гийн өргөдөл, мөн 2018 оны 1 сард Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яаманд гаргасан хүсэлтийг маргаан шийдвэрлэх байгууллагад гаргасан гэж үзэж Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамыг хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллага гэж үзэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй гэж үзэж байна.

Хоёр. Нотлох баримтыг буруу үнэлсэн талаар: Тухайн Б/442 тоот тушаалыг гарах үед ШУТИС-ийн 2016-2017 оны хичээлийн жилийн хамтын гэрээний 4.2 дахь заалт нь хүчин төгөлдөр үйлчилж байсан бөгөөд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай болон бусад холбогдох хуульд заасны дагуу тэтгэвэр тогтоолгож ажлаас чөлөөлөгдөж байгаа тохиолдолд тэтгэвэр тогтоосон баримтыг үндэслэн нэг удаагийн тэтгэмжийг олгохдоо: ШУТИС-д сүүлийн 5 жил тасралтгүй ажилласан багш, ажилтан, Шинжлэх ухаан, боловсролын байгууллагад ажилласан жил /15-17жил/, ШУТИС-д ажилласан жил /10-12 жил/ гэсэн дээрх гурван нөхцөл зэрэг хангагдсан тохиолдолд тэтгэвэр тогтоолгож нэг удаагийн тэтгэмжийг олгохоор зохицуулсан байдаг. Гэтэл Г гийн хувьд ШУТИС-д ажилласан жил нь хүрээгүй бөгөөд 1996 оноос Дархан Техникийн коллежид багшаар ажилласан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн гэдэг нь нотлогддоггүй. Мөн хоёр шатны шүүх бүтэц зохион байгуулалтын хувьд тусдаа өөр хоёр сургуулийг нэг мэтээр тайлбарлаж, нэхэмжлэгчээс үл хамаарах шалтгаанаар эрх бүхий байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлсэн тул нэхэмжлэгчийн Техникийн коллежид ажилласан жилийг ШУТИС-д 20 жил 11 сар ажилласан гэж тооцоолон өөрийн буруу үнэлсэн нотлох баримтыг хамгаалсан, маргаанд хамааралгүй зүйлд дүгнэлтийг хийсэн. Учир нь Дархан-Уул аймаг дахь Техникийн коллеж нь дипломын сургалт эрхэлдэг сургалтын буюу сургалт-үйлдвэрлэлийн байгууллага, ШУТИС нь бакалавр, магистр, докторын зэрэг олгох сургалт эрхлэхээс гадна судалгааны ажил зонхилсон лаборатори бүхий эрдэм шинжилгээ-сургалт-үйлдвэрлэлийн нэгдэл хэлбэртэй дээд боловсролын сургалтын байгууллага юм. Түүнчлэн Засгийн газрын 2010 оны 01 сарын 20-ны өдрийн 15-р тогтоолоор Дархан-Уул аймаг дахь Техникийн коллежийг ШУТИС-д нэгтгэсэн хэдий ч Засгийн газрын 2013 оны 161 дүгээр тогтоолоор 2013 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн Дархан-Уул аймаг дахь Техникийн коллежийг тусгаарлан бие даасан сургууль болгон өөрчлөн зохион байгуулсан. Гэтэл Г  нь эрх бүхий байгууллагын шийдвэрээс үл хамааран өөрийн сайн дурын үндсэн дээр манай байгууллагад ажилласан учир ШУТИС-ийн 2016-2017 оны хичээлийн жилийн хамтын гэрээний 4.2 дахь заалтын гурван нөхцөлийн нэг болох ШУТИС-д ажилласан жил /10-12 жил/ гэсэн нөхцөл хангагдаагүй учир ШУТИС-д ажилласан хугацааг тооцон нэг удаагийн тэтгэмж олгосон ШУТИС-ийн захирлын 2017 оны 12 сарын 13-ны өдрийн Б/442 тоот тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 181/ШШ2018/01781 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2212 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

                                                                ХЯНАВАЛ:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Г  нь боловсролын байгууллагад 21 жил ажилласан тул хамтын гэрээнд зааснаар 9 сарын цалинтай тэнцэх тэтгэмж авах эрх үүссэн гэж Шинжлэх ухаан, технологийн их сургуульд /ШУТИС/ холбогдуулан өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжид 10,057,600.00 төгрөг гаргуулах шаардлага гаргасан байна.

Хариуцагч нь дээрх шаардлагыг эс зөвшөөрч, Г  багш тус сургуульд 2010 оны 7 дугаар сараас хойш 7 жил, 7 сар ажилласан нь ШУТИС-д 10-аас доошгүй жил ажилласан байх хамтын гэрээний нөхцөлийг хангаагүй тул нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ.

ШУТИС-ийн захирлын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/442 дугаар тушаалаар Г г Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг баримтлан Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн технологийн салбарын ахлах багшийн ажлаас чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон, улмаар нэг сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 1,257,200.00 төгрөг олгожээ.

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 15 дугаар тогтоолоор Дархан-Уул аймаг дахь Техникийн коллежийг Шинжлэх ухаан, технологийн их сургуульд 2010 оны 7 дугаар сарын 01-нээс нэгтгэхээр шийдвэрлэсэнтэй холбоотойгоор 2010 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Б/19 дүгээр тушаалаар Г  нь тус сургуульд багшаар томилогдон ажиллаж байсан баримт хэрэгт авагдсан, зохигчид энэ талаар маргаагүй.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй Хамтын гэрээний 4.2-т “ШУТИС-д сүүлийн 5 жил тасралтгүй ажилласан багш, ажилтан хуульд заасны дагуу тэтгэвэр тогтоолгож, ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд тэтгэвэр тогтоолгосон баримтад үндэслэн нэг удаагийн тэтгэмжийг олгохоор заахдаа хаана, ямар хугацаагаар ажилласнаас хамааралтайгаар хэдэн сарын тэтгэмж авахыг хүснэгтээр гаргасан байна.

Гэрээний хүснэгтийн эхний баганад “шинжлэх ухаан, боловсролын байгууллагад 15-17 жил” гэж, дараагийн баганад “ШУТИС-д 10-12 жил” гэж, дараагийн баганад “3 сар” гэж бичигдсэн, эхний баганын дараагийн мөрүүдэд ажилласан жилийн болон тэтгэмж авах сарын хэмжээ нэмэгдэх байдлаар тусгагдсан байна.

ШУТИС-д сүүлийн 5 жил тасралтгүй ажилласан багш, ажилтан хуульд заасны дагуу тэтгэвэр тогтоолгож, ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд шинжлэх ухаан, боловсролын байгууллагад 15-17 жил ажилласан бол 3 сарын, харин энэ 15-17 жил ажиллаагүй ч ШУТИС-д 10-12 жил ажилласан бол 3 сарын тэтгэмж авах эрхтэй гэж ойлгогдох бөгөөд тэтгэмж олгоход ажилласан хугацааг тооцохдоо “ШУТИС-д сүүлийн 5 жил тасралтгүй ажилласан, шинжлэх ухаан, боловсролын байгууллагад ажилласан, ШУТИС-д   ажилласан жил” гэсэн гурван шалгуур хамтдаа хэрэгжих тухай ойлголт, заалт, нөхцөл энэ хамтын гэрээнд тусгагдаагүй байх тул анхан шатны шүүхийг гэрээний нөхцөлийг дүгнэхдээ Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан   “...гэрээнд заасан гурван нөхцөл зэрэг хангагдсан тохиолдолд тэтгэмж олгох ёстой” гэсэн гомдлыг хангах боломжгүй юм. 

Хэрэгт нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар авагдсан байх бөгөөд үүнд Г г Дархан-Уул аймаг дахь Техникийн коллежид 1996 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс ажиллаж эхэлсэн талаар бичилт хийгдсэн, ШУТИС-т багшаар томилогдох 2010 оны 7 дугаар сар хүртэлх хугацааг 13 жил 4 сар гэж анхан шатны шүүх тооцохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нийгмийн даатгалын дэвтрийн бичилтийг засвартай гэж хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан гомдлоо тайлбарласан боловч  энэ татгалзал нь баримтаар тогтоогдохгүй байна. 

Техникийн коллежийг ШУТИС-д нэгтгэснээр нэхэмжлэгч Г гийн уул уурхайн багшийн ажлын байр өөрчлөгдөөгүй хэвээр хадгалагдсан, дээрх 13 жил 4 сарыг  ШУТИС-д ажилласан 7 жил 7 сарын хугацааг нэгтгэн 20 жил 11 сар боловсролын байгууллагад ажилласан, хамтын гэрээний “шинжлэх ухаан боловсролын байгууллагад 20 жил ажилласан бол” гэсэн нөхцлөөр 6 сарын тэтгэмж авах эрхтэй гэж анхан шатны шүүх дүгнэж, хариуцагчаас нийт 6,286,000.00 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлжээ.

Түүнчлэн эрх бүхий салбарын яамны шийдвэрээр нэхэмжлэгчийн ажиллаж байсан сургуулийг хариуцагч хуулийн этгээдэд нэгтгэсэн, Г гийн төрийн өмчийн сургуульд багшаар 20 жил, 11 сар ажилласан хугацаа нь сургуулийн нэр, статус өөрчлөгдсөнөөс хамаарч үгүйсгэгдэх үндэслэлгүй гэсэн шүүхийн дүгнэлтийг Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д нийцсэн гэж үзнэ.

Нэхэмжлэгч Г  2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг шилжүүлснийг хүлээн авч, зөвшөөрөхгүй тухай гомдлыг 2018 оны 01 дүгээр сард Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яаманд, 2018 оны 3 дугаар сард ШУТИС-ийн захиргаанд, 2018 оны 5 дугаар сард тус сургуулийн харьяа Хөдөлмөрийн маргаан таслах комисст тус тус гаргаж, тухай бүр хариуг авсан нь хэрэгт баримтаар авагдсан, Хөдөлмөрийн маргаан таслах комиссын 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн шийдвэрийг мөн оны 6 дугаар сарын 04-ний өдөр авснаар шүүхэд хандсан нь тогтоогдож байх тул тэтгэмжийн талаарх гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч илүү цагийн хөлсийг нөхөж олгосноор 1,486,470.00 төгрөг нэхэмжилсэн шаардлагаас нэхэмжлэгч татгалзсан тул энэ хэсгийн шаардлагаас татгалзсаныг шүүх баталсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт нийцсэн.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж, хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлж, зохигчдын хооронд үүссэн маргаанд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв хэрэглэсэн байх тул энэ шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2018/01781 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2212 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115,526.00 /нэг зуун арван таван мянга таван зуун хорин зургаа/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.УНДРАХ

                                     ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН