Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2018/01781

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Г.Н-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: ШУТИСд холбогдох,

Өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэмтгэмжид 10.057.600 төгрөг, илүү цагийн хөлс 1.489.470 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Г.Н миний бие ШУТИСийнЗахирлын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/442 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-д заасан үндэслэлээр 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ШУТИСийн Дархан Технологийн сургуулийн “Ахлах багш” албан тушаалаас чөлөөлөгдсөн. Миний хувьд тэтгэвэрт гарах хүсэлгүй байсан ч салбар сургуулийн захирал болон удирдах ажилтнуудын шахалтаар арга буюу ажлаасаа чөлөөлөгдсөн юм. Г.Н миний хувьд улсад тасралтгүй 33.5 жил үүнээс боловсролын байгууллагад 21 жил ажилласан бөгөөд 2010 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс хойш 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тасралтгүй 7 жил 7 cap ШУТИСийн Дархан Технологийн сургуульд ажилласан. Гэтэл ШУТИСийн захиргаа 2016-2017 оны хичээлийн жилийн хамтын гэрээний 4.2 дахь хэсэгт заасан тус байгууллагаас тэтгэвэрт гарахдаа авдаг нэг удаагийн тэтгэмжийг ч олгохгүй хохироосон. Ажлаас чөлөөлсөн тушаалаар надад 1 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжид 1.257.200 төгрөгийг олгосон. Миний бие тушаалыг гардаж аваад ШУТИСийн Дархан Технологийн Сургуулийн захирал Ц.Батбаатараас асуухад “...та санаа зоволтгүй тэтгэвэртээ гараад байж бай 2018 оны Хамтын гэрээнд та бүхний боловсролын байгууллагад ажилласан жилийг тооцохоор ороод ирвэл таньд тэтгэмжийг нөхөж олгоно” гэж хэлж байсан. Хамтын гэрээнд заасан нэг удаагийн тэтгэмжийн асуудлаар ШУТИСийн Дархан Технологийн Сургуулийн захиргаа, ШУТИСийн Дархан Технологийн сургуулийн Үйлдвэрчний эвлэлийн хороо, ШУТИСийн захиргаа болон Ректор, цаашлаад Боловсрол соёл, шинжлэх ухааны яаманд амаар болон бичгээр удаа дараа өргөдөл хүсэлтээ гаргасан.

Боловсрол соёл, шинжпэх ухааны яамнаас 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 2/158 дугаар албан тоотоор, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулиас 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 118 дугаар албан тоотоор гомдлын хариуг тус тус ирүүлсэн. Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулиас ирсэн албан ёсны хариуг 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авсан. Улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх заалтуудыг тус үндэслэн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр ШУТИСийн Хөдөлмөрийн маргаан таслах комисс, Нийслэлийн хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороонд 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр тус тус бичгээр гомдол гаргасан. ШУТИСийн Хөдөлмөрийн маргаан таслах комиссын 2018 оны 5 дугаар сарын 17, 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн шийдвэрийг 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр шуудангаас хүлээж аваад шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Дээрх хоёр Хамтын гэрээний аль алинд нь өндөр насны тэтгэвэрт гарсан тохиолдолд олгох 1 удаагийн тэтгэмжийг миний бие авах эрхтэй гэж үзэж байгаа бөгөөд миний хувьд 2016-2017 оны хамтын гэрээ 4.2 дахь заалтаар нэг удаагийн тэтгэмж авахаар шаардаж байгаа. 2018 оны хамтын гэрээний дагуу шаардаагүй. Надад нэг сарын цалинтай тэнцэх тэтгэмж болох 1.257.200 төгрөгийг хасч үлдэх 10.057.600 төгрөгийн тэтгэмжийг гаргуулж өгнө үү.

Тэтгэвэрт гарсан тушаалын дараа дахин тус сургуулийн дархан салбарт багшаар үргэлжлүүлэн гэрээ байгуулж ажилласан бөгөөд 2017-2018 оны хичээлийн жилд багшилсан. Надад илүү цагийн хөлс бүрэн олгоогүй тул 1.489.470 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Хариуцагчийн зүгээс 933.110 төгрөгийг хүлээн зөвшөөрч 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр миний дансанд шилжүүлсэн тул илүү цагийн хөлс нэхэмжлэхээс татгалзаж байгаа гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.  2010 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Төрийн өмчийн их, дээд сургуулиудыг нэгтгэх” тухай асуудлаар хэлэлцэж Засгийн газрын 2010 оны 15 дугаар тогтоолоор  Барилгын коллеж, Дархан-Уул аймаг дахь Техникийн коллежийг татан буулгаж ШУТИСд 2010 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс нэгтгэсэн байдаг. Барилгын коллеж, Дархан-Уул аймаг дахь Техникийн коллежийг татан буулгаж ШУТИСд нэгтгэсэнээр Г.Н нь 2010 оны 7 дугаар сарын 01-нээс 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ШУТИСийн бүрэлдэхүүн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн технологийн багш, ахлах багшаар 7 жил 7 cap ажиллаж, өндөр насны тэтгэвэрт гарсан байна.

Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 1а/5939 тоот албан бичгээр ШУТИСийг “Хамтын гэрээ”-г баримтлан өргөдөл ирүүлсэн багш нарын тэтгэвэрт гарахад олгох тэтгэмжийн асуудлыг шийдвэрлэх чиглэл өгсний дагуу Засгийн газрын 2010 оны 15 дугаар тогтоолоор нэгдсэн багш, ажилтан, ажилчдын тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн тэтгэмжийг хууль тогтоомж, дүрэм журам болон тухайн оны хүчин төгөлдөр Хамтын гэрээг үндэслэн олгож байна. Г.Н нь 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ШУТИС болон Дархан-Уул аймаг дахь Техникийн коллежийн захиргаанд 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлтээ ирүүлсний дагуу захирлын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/442 тоот тушаал гарсан байдаг.  Хуулиар өндөр насны тэтгэвэрт гарахад зөвхөн 60 нас хүрсэн гэдгээс гадна “эмэгтэй 55 нас хүрсэн бол”, “4 хүүхэдтэй бол” гэх зэргээр өөр тохиолдолд гарах эрхийг олгосон байдаг.

Тухайн үед мөрдөгдөж байсан ШУТИСийн 2016-2017 оны хичээлийн жилийн хамтын гэрээний 4.2 дахь заалтаар ШУТИСд сүүлийн 5 жил тасралтгүй ажилласан багш, ажилтанд “Шинжлэх ухаан, боловсролын байгууллагад ажилласан жил 15-17, үүнээс ШУТИСд 10-12 жил ажилласан бол 3 сарын тэтгэмж...” олгохоор заасан байдаг. Гэтэл тус хамтын гэрээгээр Г.Нгийн ШУТИСд ажилласан жил нь хүрээгүй тул нэг сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж 1.257.200 төгрөг олгосон болно.

ШУТИСийн Удирдах зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолын 1 дэх заалтаар “Засгийн газрын 2010 оны 15 дугаар тогтоолоор шилжин ирсэн багш нарын боловсролын салбарт ажилласан жилийг харгалзан, тэтгэвэрт гарахад тэтгэмж олгох тухай тусгайлсан заалтыг “Хамтын гэрээ”-нд оруулахаар шийдвэрлэсний дагуу ШУТИСийн 2018 оны хамтын гэрээний 4.3 дахь заалт нэмэгдэж орох үндэслэл нь бий болсон. 2018 оны хамтын гэрээг Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр бүртгэж авснаар хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн тул сүүлд батлагдсан гэрээний дагуу нэхэмжлэгчид тэтгэмж олгох үндэслэл болохгүй. Түүнчлэн нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т заасан хугацаа хэтрүүлсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Г.Н нь ШУТИСд /цаашид ШУТИС/ холбогдуулан өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжид 10.057.600 төгрөг, илүү цагийн хөлс 1.486.470 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад хариуцагчаас илүү цагийн хөлсөд 933.110 төгрөг хүлээн авсан үндэслэлээр нэхэмжлэгч энэ шаардлагаасаа татгалзаж байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

ШУТИС-ийн захирлын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/442 дугаар тушаалаар Г.Нг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг баримтлан “өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүссэн” үндэслэлээр Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн технологийн салбарын ахлах багшийн ажлаас чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон, улмаар нэг сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн байна. /хх-20/

Нэхэмжлэгч тэтгэмжид 1.257.200 төгрөг хүлээн авсан гэдэгт маргаагүй.

Хөдөлмөрийн тухай хуулиар ажилтны төлөөлөл, ажил олгогч харилцан тохиролцож ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны эрх ашгийг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцлөөр хангах үүднээс хамтын гэрээг байгуулах, ийнхүү гэрээ байгуулсан тохиолдолд гэрээг бүртгүүлснээр хүчин төгөлдөр үйлчлэхээр зохицуулжээ.

Хэрэгт авагдсан баримтаар нэг талаас ажил олгогч ШУТИС, нөгөө талаас ажилтны төлөөлөл буюу Үйлдвэрчний эвлэл хэлэлцэн тохиролцож, 2016-2017 оны хичээлийн жилд дагаж мөрдөх хамтын гэрээг байгуулж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр бүртгүүлсэн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасны дагуу дараагийн буюу 2018 оны хамтын гэрээ 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр бүртгэгдэх хүртэл дээрх Хамтын гэрээ хүчин төгөлдөр байна. /хх 50-53/

Хамтын гэрээний 4.2-т “ШУТИС-д сүүлийн 5 жил тасралтгүй ажилласан багш ажилтан хуульд заасны дагуу тэтгэвэр тогтоолгож, ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд нэг удаагийн тэтгэмжийг ажилласан хугацаанаас хамааруулан тухайлбал шинжлэх ухаан, боловсролын байгууллагад 18-20 жил, ШУТИС-д 13-15 жил ажилласан бол 6 сар,  боловсролын байгууллагад 21-23 жил, ШУТИС-д 16-18 жил ажилласан бол 9 сарын үндсэн цалин хөлстэй тэнцэх тэтгэмжийг олгохоор” тусгажээ.

Нэхэмжлэгч боловсролын байгууллагад 21 жил ажилласан үндэслэлээр 9 сарын цалинтай тэнцэх тэтгэмж шаардах эрхтэй гэж, хариуцагч Г.Н тус байгууллагад 2010 оны 7 дугаар сараас хойш 7 жил 7 сар ажилласан тул Хамтын гэрээний дагуу тэтгэмж авах эрх үүсээгүй гэж тус тус маргаж байна.

Хэрэгт авагдсан нийгмийн даатгалын дэвтрийн бичилт, зохигчдын тайлбараар нэхэмжлэгч Г.Н 1996 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс Дархан-Уул аймаг дахь Техникийн коллежид багшаар ажиллаж байгаад улмаар Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 15 дугаар тогтоолоор тус коллежийг ШУТИСд 2010 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс нэгтгэхээр шийдвэрлэсний дагуу ШУТИС-ийн ректорын 2010 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Б/19 дүгээр тушаалаар түүнийг тус сургуульд багшаар томилжээ.  Энэ үйл баримтад талууд маргаагүй байна.

Нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэх ажлын чиг үүрэг, заах хичээл “Техникийн коллеж” болон ШУТИС-д өөрчлөгдөөгүй, адил гэдэгт мөн маргаагүй.

Иймд нэхэмжлэгчээс үл хамаарах шалтгаанаар эрх бүхий байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлж Техникийн коллежийг хариуцагч байгууллагад нэгтгэсэн байх тул энэ нь тэтгэмжийг олгоход ажилласан хугацааг хасч тооцох үндэслэл болохгүй гэж дүгнэв.

Хэрэгт авагдсан нийгмийн даатгалын дэвтрээс үзвэл нэхэмжлэгч Дархан-Уул аймаг дахь Техникийн коллежид 1996 оны 10 сараас 2010 оны 7 сар хүртэл ажиллахад 2002 оны 8, 11,12 сар, 2003 оны 8 сард нийгмийн даатгалын бичилт хийгдээгүй байх тул хасч тооцвол 13 жил 4 сар ажиллажээ. Уг хугацааг Хамтын гэрээний 4.2-т заасан ШУТИС-д болон боловсролын байгууллагад ажилласан хугацаанд оруулж тооцвол нэхэмжлэгч боловсролын байгууллагад 20 жил 11 сар, ШУТИС-д 20 жил 11 сар ажилласан гэж үзнэ.  /хх 4-13/

Иймд тэрээр Хамтын гэрээний 4.2-т заасан 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг шаардах эрхтэй байх тул хариуцагчаас нийт 6.286.000 төгрөг /6 сар*1.257.200 төгрөг - урьд олгосон 1.257.200 төгрөг/ гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар ажилтан эрхээ зөрчигдснийг мэдсэн буюу мэдэх ёстой байснаас хойш гурван сарын дотор шүүхэд гомдол гаргахаар зохицуулсан байх бөгөөд нэхэмжлэгч 2018 оны 1 дүгээр сарын 11-нд тэтгэмж 1.257.200 төгрөгийг хүлээн авснаар уг хугацаа тоологдоно. Нэхэмжлэгч тэтгэмжийн асуудлаар 2018 оны 1 дүгээр сард Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яаманд, ШУТИС-ийн захиргаанд 2018 оны 3 дугаар сард, тус сургуулийн харьяа Хөдөлмөрийн маргаан таслах комисст 2018 оны 5 дугаар сарын 09-нд тус тус хандаж байсан, захиргааны зүгээс тэтгэмж олгох боломжгүй талаар 2018 оны 4 дүгээр сарын 04-нд, 5 дугаар сарын 21-нд тус тус хариуг өгснийг  нэхэмжлэгч хамгийн сүүлд 2018 оны  6 дугаар сарын 04-ний өдөр гардан авсан болох нь шуудангийн байгууллагын тэмдэглэгээгээр тогтоогдож байна. Иймд дээрх хугацаанд Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг түр зогссон гэж дүгнэн, нэхэмжлэгч хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзэв. /хх -21-30, 63-66 /

Нэхэмжлэгчийн тэтгэмж гаргуулах тухай шаардлага Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар тэмдэгтийн хураамжаас хуулиар чөлөөлөгдөх тул хариуцагчаас хангагдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамжийг тооцон гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлэв.

Хууль тогтоомжийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасны дагуу Засгийн газрын 2010 оны 15 дугаар тогтоол нь Төрийн мэдээлэл сэтгүүлийн 2010 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 15/636/ дугаарт нийтлэгдсэн байх тул Шүүхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т заасныг баримтлан хэргийг шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 42 дугаар зүйлийн 42.1-т заасныг баримтлан Шинжлэх ухаан, технологийн их сургуулиас 6.286.000 /зургаан сая хоёр зуун наян зургаан мянган/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 3.771.600 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан ШУТИСд холбогдуулан илүү цагийн хөлс 1.486.470 төгрөг гаргуулах тухай шаардлагаасаа нэхэмжлэгч  татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38.790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 115.526 төгрөг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ                                   О.ОДГЭРЭЛ