Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 132/ШШ2022/00056

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, Ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн, шүүгч Л.Хишигдэлгэр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: О овогт Б-ийн Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б овогт Я-ийн М-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 44,398,448 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 6,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй, 132/2020/00767/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Б ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг,

Иргэдийн төлөөлөгч А.Цогтгэрэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие Б.Б  нь иргэн Я.М тай сар бүр хөлс өгөхөөр тохиролцон өөрийн ‘Чавх хул" хурдан азаргыг бусад адууны хамт маллуулах малчнаар ажиллуулсан ба энэ хугацаанд хэд хэдэн адуу малыг чононд идүүлсэн. 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр иргэн Я.М  нь хайхрамжгүй хариуцлагагүй хандаж "Чавх хул" хурдан азаргыг чононд идүүлсэн. Итгэмжлэн хариуцуулсан малыг чононд идүүлж, үрэгдүүлж, хариуцлагагүй хандаж надад их хэмжээний хохирол учруулсан асуудлаар цагдаагийн байгууллагад хандсан боловч гэмт хэргийн шинжгүй гэх хариу өгсөн ба Иргэний шүүхэд хандаж шийдвэрлүүлэх эрхтэй гэсний дагуу шүүхэд хандаж байна. Хурдан азаргыг маань хүмүүс 400,000,000 төгрөгөөр худалдан авах гэж санал гаргаж байсан тохиолдол бий . Харин үнэлгээний газраас миний азаргыг 44,398,448 төгрөгөөр үнэлсэн. Иймд иргэн Я.М аас хурдан азаргын үнэ болох 44,398,448 төгрөгийг нэхэмжилж байна.

Иймд хариуцагчаас 44,398,448 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж хариуцагч тайлбарлаж байгаа. Бичгээр гаргасан тайлбарыг миний хувьд дэмжиж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд гаргаад байгаа нэхэмжлэлтэй холбоотой дараах тайлбарыг хэлье. Нэгдүгээрт: Энэ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэлийг нэхэмжлэлийн бүрдүүлбэр гэж хуульчилсан. Энэ нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй. Учир нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь би цагдаад шалгууллаа. Чононд идүүлсэн гэдэгтэй маргахгүй байсан. Чононд идүүлсний дараа цагдаад шалгуулсан чинь гэмт хэргийн шинжгүй гэж байгаа юм байна. Тэгэхээр би иргэний хэргийн шүүхэд хандаж үнийг нь гаргуулж авмаар байна гэж нэхэмжлэл гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсэгт заасан  нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт; гэсэн зүйлийг нэхэмжлэлийн бүрдүүлбэр гэж ойлгохоор заасан. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй бол мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой. Тиймдээ ч өнөөдөр шүүх хуралдаан дээр нэхэмжлэлээ дэмжиж тайлбарладаа бид тохиролцоод 2012 оноос хойш гэрээгээр мал харуулж байна гэж байна. Гэрээний хэрэгжилтийн явцад хариуцлагагүй хандсанаас болоод миний азаргыг чоно идсэн гэж тайлбарлаж байна. Гэрээний үүргийн зөрчил юм уу, гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас хохирол төлбөр учирсан гэж нэхэмжлээд байгаа юм уу, энэ нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлд заасан өөр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл гарах ёстой байсан. Шаардах эрхийн үндэслэл нь тодорхойгүй. Хэрвээ гэмт хэрэг юм уу, зөрчлийн буруутай үйл ажиллагааны улмаас миний азаргыг устгасан гэж үзэж байгаа бол энэ нь өөрөө Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан гэм хорын нэхэмжлэл гэсэн хоёр өөр ойлголтод шаардах эрхийн үндэслэл тулгуурлах ёстой. Нэхэмжлэгч нэгэнт нэхэмжлэлдээ болоод шүүх хуралдаан дээр гаргаж буй тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхой гаргаж ирэхгүй байна. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад иргэний хэрэг үүсгээд ажиллагаа хийж байгаа учраас өнөөдөр энэ асуудлыг хэрхэх вэ гэдгийг шүүх бүрэлдэхүүнийг анхаараасай гэж хүсч байна. Сая хэлж байгаа нь хариуцлагагүй хандсанаас болж миний азаргыг чоно идсэн гэж хэлж байна. Өмнө нь яасан бэ гэхээр энэ хүн хулгайлсан, зарсан, идсэн, уусан байж ч магадгүй гэж хэлж байсан. Одоо тодорхой болгож байгаа юм байна гэж ойлголоо. Чоно идсэн гэдгийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байна. Чоно идсэн юм бол чоно буруутай асуудал яригдана. Түүнээс Я.М  буруугүй. Адуу нь урт хөлийн мал. Байнга дагаж хариулаад, тууж авч ирээд хотондоо хонуулаад хашаад байж болдоггүй. Хэрвээ адууг нь өдөр бүр хашаад байсан бол турна яваандаа үхнэ. Энэ үед миний адууг хашсаар байгаад тураагаад алчихсан гэж буруудна. Тийм учраас Я.М ын хувьд өөрийнхөө цөөн тооны адууг дээр нь ах Хорлоо гэдэг уяач хүний адууг мөн нэхэмжлэгч Б ын адууг малладаг. Ингэж маллахдаа адууг өдөрт нь ойртуулж дөхүүлэх байдлаар эргэж, тойрч хаана байгааг нь харах, шөнө нь тухайн адуунууд бэлчээрээр явж идээлэх өвс олж идэх зарчмаар явна. Ийм маягаар адууг харж байгаа. Адууг харж байсан учраас 2012 оноос, 2020 оны 01 дүгээр сар хүртэл адуу бүрэн бүтэн тоо ёсоороо байж байгаа. Адуу өссөн. Өссөн адуунаас зараад үр шимийг нь хүртсэн гэж өөрөө бас ярьдаг. Энэ талаар өмнөх шүүх хуралдаан дээр хэлж байсан. Үүнийг хариуцагч Я.М  бас өөрөө хэлж байгаа. 5-6 тооны адууг нэлээн үнэд хүргэж зараад үр шим хүртээд явж байгаа гэсэн.

Хоёрдугаарт: Адууг турж эцэх юм уу, чононд гүйцэгдэх хэмжээнд хүрсэн үед нь адууны зарим хэсгийг нь хашдаг. Ингээд адууг хаших үед шөнө өвс тавьж өгөх, тэжээл овьёос өгөх байдлаар хардаг. Тэгэхээр хавар биш өвөл байсан. Адуу тарган, цатгалан байсан үе. Б.Б  2018, 2019, 2020 онд огт өвс, овьёос бэлдэж өгөөгүй. Өөрийнхөө өвснөөс өгөөд хэсэг хугацаанд харсан байгаа. Энэ азарганаас бусад нь онд бүтэн орсон. Сүүлд 2020 оны намар үлдсэн адуунуудаа тоо ёсоор нь бүрэн бүтнээр нь Б  аваад явсан. Болохгүй бол шүүхэд хүлээлгэж өгье гэхээр авч байх шиг байна. Б ын хувьд өвс огт бэлддэггүй учир малыг нь хашаагаар тэжээх ямар ч боломжгүй нөхцөл байдалд хүрсэн. Ийм учраас адууг хашаад хонь шиг байнга дагаж хариулаад шөнө нь хаших Монгол малчны уламжлалд байдаггүй. Нөгөө талаас гэрээнийхээ хувьд адууг маань хашиж байгаарай, азаргыг маань хашаад байгаарай гэж огт хэлээгүй. Хэлэх ч боломжгүй. Яагаад гэвэл өвс бэлдэж өгөөгүй учир турж үхнэ. ... Адуунаас олноор нь чононд идүүлсэн зүйл байхгүй. Азаргыг идсэн байгаа. Харин Я.М ын өөрийнх нь болоод ах Хорлоогийнх нь малаас 10 гаруй адууг чоно идэж байсан тохиолдол байдаг юм байна. Олон тооны мал учир тийм байхыг үгүйсгэхгүй. 2012 оноос ажлын хөлс 200,000 төгрөг өгнө гэж тохироод өгөөд явж байгаад 2018 оны 02 дугаар сараас эхлээд ажлын хөлс 200,000 төгрөгийг огт өгөхөө больсон. 2019 онд согтуу ирээд малыг чинь үнэгүй маллаж өгнө гэж хэлсэн гээд худлаа ярьж байгаа. Адуугаа маллуулсныхаа хөлсийг өгөхгүй 2018 оны 02 дугаар сараас, 2019 оны 02 дугаар сар, 2020 оны 08 сар хүртэл адуугаа хүлээж авах хүртлээ огт хөлс өгөөгүй. Энэ хугацаанд хөлс өгөхгүй, өвс бэлдэж өгөхгүй нөхцөл байдал байсан учир энэ гэрээний үүргийн дагуу хариуцагч шаардаж байгаа. Өвс өгөөгүй учир адууг нь тураах ёстой, алах ёстой гэдэг ойлголт байхгүй. Малчин хүний сэтгэхүй нь малыг адилхан малладаг. Өөрийнхөө өвснөөс өгсөөр байгаад мал нь бүрэн бүтэн онд орсон. Азаргын талаар яриад байгаа нэхэмжлэлийн тухайд ийм асуудал байна. Азаргыг чоно идчихлээ гээд хэлэнгүүт толгойг нь аваад чаначихаарай гэж уяач хэлсэн байгаа. Чаначихаарай гэж хэлснийх нь дагуу толгойг чанах гэж байснаа энэ чинь одоо яагаад азаргыг чанах болдог юм, яагаад азарганы үлдсэн махыг нь чанах гэж байдаг билээ, энэ чинь буруу юм байна гээд юутай ч бэлдээд орхие гээд малынхаа пүнзэнд оруулаад тавьчихсан байсан. Ингээд өөрөө цагдаа дагуулж ирээд тогоо шанага хайж явж байгаад чанасан мах олоогүй. Харин адууныхаа толгойг олсон. Тухайн үед адууны толгой мөн гээд хэлэхээр жоохон эргэлзэж байгаад сүүлдээ бүх малчид чавх хул азаргыг таньдаг юм байна. Тэгээд бүгд заагаад энэ чиний азарга мөн байсан. Очоод харахаар ийм байдаг гээд чоно идсэн газар дээр нь очоод хар гэхэд өөрөө хараагүй яваад өгсөн. Гэхдээ тэрийг харсан гэрч нь мэдүүлэг өгсөн байгаа. Гэрчийн хэлснээр Б.Б ын азаргыг чоно идсэн болох нь тогтоогдсон. Түүнээс адуучин Я.М  адууг алж идээгүй, бусдад зараагүй, устгаагүй нөхцөл байдал байна. Чоно бодит байдал дээр би адууг чинь иднэ шүү гэж хэлчихээд ирдэггүй. Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдлын улмаас чоно тэр үед азаргыг идсэн. Азарга нь сүргийн манлай болохоор бодвол адуугаа хамгаалсан байх. Б т сард хангалттай хөлс өгөөд шөнөжин адууг минь дагаад хонь шиг маллаарай гэсэн бол хариуцаж болох байсан. Гэвч сард 200,000 төгрөг өгнө гэж тохирчихоод түүнийгээ сүүлийн хоёр жил өгдөггүй нөхцөл байдал нь түүнийг гэрээгээ зөрчсөн болохыг нотолж байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан энэ үйл баримтыг цагдаа шалгасан нь үнэн. Цагдаа гэм хорын хохирол учраагүй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн шинжтэй байх асуудал, түүний улмаас учирсан хохирлыг төлөх асуудал яригдана. Цагдаа шалгаад зөрчил биш, гэмт хэрэг ч биш гэж үзсэн байгаа. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Шинжээчийн дүгнэлтээр үнэлгээ өндөр гарсан, бага гарсан тухай асуудал яригдаж байна. Энэ хэрэгт авагдсан бүх дүгнэлт үндэслэлгүй. Энэ азарганы үнийг нотолж илэрхийлж чадаагүй. Энэ нь угаасаа худлаа. Хуульд заасны дагуу цугларсан гэж үзэхгүй. Хариуцагчийн татгалзаж байгаа үндэслэл нь юу вэ гэхээр азаргыг би идээгүй, чоно идсэн гэж ярьж байгаа учраас шөнийн цагаар чоно идсэн асуудлыг Я.М  хариуцаж барагдуулах үүрэггүй. Гэрээгээрээ тухайн хүмүүсийн хооронд хашаарай гэж тохироогүй. Адууг байнга дагаж хараарай гэж тохироогүй. Адууг ингэж маллах боломжгүй. Ийм нөхцөл байдлыг ойлгож байгаа байх аа. Буруутай гэдгээ хүлээн зөвшөөрөөд уучлалт гуйчих гэхээр тэгэхгүй байгаа гэж ярьж байна. Буруугүй учраас уучлалт гуйхгүй... гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргасан. Мал маллуулсан хөлс 6,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2013 оноос эхлэн сар бүр 200,000 төгрөгийн хөлс өгнө гэж тохироод малыг нь маллаад хоёр азарга жоохон жоохон адуу байсан гэж ярьдаг. Ингээд тухайн малыг 2020 оны 8 дугаар сарын сүүл 9 дүгээр сарыг хүртэл малласан байдаг. Ингээд энэ хугацаанд яасан бэ гэхээр 2018 оны 3 дугаар сараас эхлээд, 9 дүгээр сар хүртэлх хугацаанд нийт 30 сарын хугацаанд мал малласан хөлсийг нь төлөөгүй. Малыг малласаар ирсэн. Хожим нь малыг өгөхдөө Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын Тамгын газар болоод цагдаагийн газар цагдаагийн хэсэг дээр аваачиж өг гэж өөрт нь хэлсэн. Цагдаагийн хэлтэс дээр очоод энэ хүний малыг аваач ээ. Орхичих юм бол надаас дахиад үлдсэн малаа нэхэх юм байна. Чоно идсэн азаргыг хүртэл надаас нэхээд байна. Малыг нь өгөх гэхээр авахгүй байна. Надаар малаа үнэгүй харуулаад байгаад байх хүсэлтэй хүн байгаа учир малыг нь аваад эзэнд нь дамжуулаад өгөөч ээ гэдэг асуудал тавиад очихоор өөрөө ирж малаа авсан. Ингэж авахдаа 2020 оны 8 дугаар сарын сүүлээр авсан. Ингээд нийт 30 сарын хөлсийг сард 200,000 төгрөгөөр тооцохоор 6,000,000 төгрөгийн хөлс төлөх ёстой байгаа. Энэ асуудлыг хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө буюу нэгэнт энэ хүн өгөхгүй байсан учраас шүүхэд энэ асуудлыг тавьж мал малласныхаа хөлсийг авъя гэдэг байдлаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Малчин хүний хөдөлмөр гэдэг хот газар суудаг хүмүүс шиг байдаггүй. Я.М ын хувьд хөдөө өвлийн хүйтэнд цасан шуурганаар хүнд хөдөлмөр эрхэлж байгаа нөхцөл байдал байгаа. Ингэхдээ хүүхэд болон эхнэрээ туслалцуулдаг. Сар бүр өгөхөөр тохиролцсон мал малласны хөлсийг нэхэмжлэгч өөрөө цагдаагийн газарт үнэнээр нь хэлсэн байна лээ. Харин 2019 оны намар согтуу ирээд үнэгүй харж өгнө гэж худлаа хэлсэн байгаа. Энэ нь өмнөх шүүх хуралдаан дээр түүний ярьсан зүйлтэй зөрж байгаа. Тэгэхээр сөрөг нэхэмжлэлийн хувьд 2018 оны  3 дугаар сараас хойш 2019 оны 9 дүгээр сар хүртэлх хугацааны 30 сарын хөлс 6,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Миний хувьд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна гэв.

 

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Миний бие Б.Б  нь Я.М тай 2012 оноос өөрийн хоёр азарга адууг /чавх хул азарга, түүний 13 гүү, мажиг бор азарга, түүний 8 гүү, нийт 23 тооны адуу маллуулахаар тохиролцсон бөгөөд сар бүр 200,000 төгрөгийн хөлс Я.М т өгөхөөр тохиролцсон. 2019 оны 06 сарыг хүртэл хөлсийг өгсөн бөгөөд 2019 оны 09 сард манай гэрт нэг шил архи, чихэр жимс зэрэгтэй ирсэн ба надад хэлэхдээ “цаашид хөлс авахгүй, танаас авсан чавх хулын 7 төл маань бүгд аймаг сумын наадамд оролцож айрагдаж түрүүллээ, маш их баярлаж байна. Адуугаа маллуулж, урамшуулж төл өгөөгүй бол би уяач болохгүй байлаа, хөлс авахгүй адууг тань ганц төлийн хорогдолгүй сайн харж хандая, надад итгэж болно, маш их баярлалаа, чавх хулын төлүүд бүгд хурдан юм байна. Хэд хэдэн адууг чононд өгөхөд хүртэл та надад гомдохгүй өдий хүртэл итгэж адуугаа маллуулж байгаад баярлаж байна гэх зэргээр сайхан үгсүүд хэлж ярилцаад цай хоол идэж уугаад манайхаас явсан. Энэ үед би чавх хулийг сайн маллаарай, бусад адууг чононд өгсөн эсэх чинь яах вээ, харин чавх хулийг сайн харж маллаарай гэж хэлсэн. Энэ үед Я.М  хэлэхдээ “сайн харалгүй яах вэ, би сайн харна, маллана, санаа зоволтгүй” гэсэн. Гэтэл 3 сарын дараа буюу 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өглөө над руу утасдаж чавх хул азаргыг чоно идчихлээ гэсэн. Би балмагдаж шоконд орсон ба үнэн хэлж байна уу гэхэд үнэн гэсэн. Ингээд би утсаа тавьсан. Маргааш нь бага зэрэг тайвшраад чононд идүүлсэн бол азарганы толгой, сүүл дөрвөн хөлийг, аман хүзүүг нь авчих, толгойг нь сайхан чаначих магнайд нь хурдан морины маани бичүүлье гэж хэлсэн. Энэ үгийг хэлснээс хойш яасан нь мэдэгдэхгүй таг болсон ба утсаа авахгүй болсон. Ингээд би сүүлдээ гэрт нь очсон. Тэгтэл азаргын минь толгой гэх адууны толгойг хогийн халтар шуудайд хийчихсэн, адууны дөрвөн хөлийг мөн хөгийн халтар шуудайнд хийчихсэн байсан. Авгай нь май гээд надруу хээв нэг миний өөдөөс газарт шидсэн, энэ үед миний дээдэлж хайрлаж байсан азаргын тэргүүн мөн юм бол малчин хүн ийм үйлдэл гаргахгүй гэж бодон маш их эгдүүцэн гомдсон. Надад худлаа хэлж азаргыг маань үрэгдүүлсэн юм биш биз гэж бодон цагдаагийн байгууллагад өгөх бодол төрсөн. Монгол хүн гэр тусмаа уяач хүн халхын их буян, буянт азарга, манлай хүлгээ дээдэлдэг бол хогийн шуудайнд тэргүүнийг хийж, пингийн үүдэнд газарт шидсэн, эзнийг нь асуугаад ороход өөдөөс газарлуу шидэж өгөх зэрэг ёс бус үйлдлийг гаргахгүй байсан байх. Монгол хүний цээрлэх ёс,  хурдан адууны магнай тэргүүнийг хэн дургай хүн газарт, шалаар шидлээд хаяад байдаггүйг монгол хүн бүр мэднэ. Я.М ыг миний чавх хул азаргыг хайрлаж малладаг, төлийнх нь үр шим буяныг хүртэж яваа уяач, малчин гэж ойлгож байсан би асар их гомдож, үнэн зөвийг тогтоолгон, хариуцлага хүлээх ёстой гэж хуулийн байгууллагад хандсан. Монгол малчин хүнээс гарамгүй үйлдлийг гаргасан ба уг үйлдэлдээ огт гэмшээгүй. Чоно идчихсэн малыг би яадгийн гэсэн байдалтай хээв нэг хандсан ба уучлалт ч гуйгаагүй, санаа ч зовоогүй. 2018 оны 08 дугаар 10-ны өдрийн шүүхэд гаргаж өгсөн хариу тайлбарыг уншаад маш их харамсаж байна. Би адуугаа Я.М аар маллуулж байгаа гэж ойлгож байсан болохоос хөлс өгөөгүй учир адууг маллаагүй гэх тайлбар өгч чавх хул азаргьг маллаагүй, маллахыг хүсээгүй дүр эсгэж байсан этгээд байсан чинээ бодсонгүй. Түүний хариу тайлбарт ”2018 оны 03 сараас эхлэн цалингаа өгөхөө больсон тул адуугаа ав гэж байнга хэлж байсан боловч удахгүй цалингаа өгнө ... хэлж байсан.  Энэ үед бидний хоорондох тохиролцоо болох мал маллуулж хөлс өгөхөө больсон, би ч малаа өөрөө авна биз гээд орхисон. Харин түүний адуу одоог хүртэл манай адуутай хамт заримдаа тусдаа салчихсан явж л байдаг." гэх тайлбар өгсөн нь миний адууг маллаагүй юм байна гэдэг нь харагдаж байна. 2019 оны 06 сар хүртэл сар бүр 200,000 төгрөгийн хөлс авч байх үедээ миний адууг огт маллаагүй, маллах хүсэлгүй орхисон байх ба 2019 оны 09 дүгээр сард баярласан илэрхийлж, манайд ирж цаашид хөлс авахгүй адууг чинь маллана гэж байх үедээ ч миний адууг маллаагүй, харж хандаагүй болохоо өөрийн үгээр хэлсэн тайлбараас харагдаж байна. Би адуугаа ав, хөлсгүй маллаж чадахгүй нь гэсэн бол адуугаа авах байсан. Чавх хулийг адуундаа тавих гэсэн олон малчин, уяач залуус байсан. Одоо ч би гэрчээр оруулж болно. 2012 оноос хойш миний адуун сүрэг тухайн нутагт дасаж идээшсэн учир би адуугаа маллуулж байсан. Түүнд өгч байсан цалин хөлс болон урамшуулж өгдөг байсан чавх хулийн төлүүд нь адууг маллахад хангалттай хөлс. Чавх хулийн эр даага 15,000,000 төгрөг, эм даага 5,000,000-10,000,000 төгрөгөөр бусдад өгдөг байсан бөгөөд энэхүү төлийг авсан уяачид улс болон аймаг сумдад уралдаж айрагдуулсан билээ. Албан ёсоор Я.М т 7 төл өгсөн. Я.М тай тохиролцсон ёсоор би хөлс өгөх ёстой байсан нь үнэн бөгөөд 2019 оны 09 сард өөрөө хөлс авахаа больё, адууг төлбөргүй маллаж өгье гэж хэлсэн. ... Я.М  нь чавх хулыг малласан хугацаандаа хөлсийг хангалттай авсан.  Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2020 оны 09-12 дугаар сарын хөлс өгөхөд татгалзах зүйлгүй гэв.

 

Иргэдийн төлөөлөгч А.Ц нь Б.Б ын нэхэмжлэлтэй, Я.М т холбогдох иргэний хэргийн талаар уг шүүх хуралд хоёр талын тавьсан асуултыг сонслоо. Энэ хэргийн талаар иргэдийн төлөөлөгч миний дүгнэлтээр нэхэмжлэгч Б.Б  болон хариуцагч Я.М  нар анх мал маллаж эхлэхдээ сайн тохиролцож чадаагүй аман гэрээ байгуулсан, нотариатаар батлуулаагүй учраас нэхэмжлэлийг барагдуулах шаардлагагүй гэж үзэж байна гэсэн дүгнэлт гаргажээ.

 

Нэхэмжлэгчээс шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн: “2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 4/35 дугаар Прокурорын “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах” тухай тогтоолын хуулбар, 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Б.Б аас авсан гэрчийн мэдүүлгийн хуулбар, 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Я.М аас авсан гэрчийн мэдүүлгийн хуулбар, 2015 онд хэвлэгдсэн “Тод магнай” сэтгүүл, 2014 оны 01 дүгээр сард хэвлэгдсэн “Эрдэнэтийн хурдууд” сэтгүүл №01, 2014 онд хэвлэгдсэн “Их хурд 1998-2013” сэтгүүл, “Чавх хул” азарга, түүний үр төлийн талаарх фэйсбүүк хэрэглэгчдийн сэтгэгдэл 9 хуудас үураг, 2 ширхэг CD,   

 

Хариуцагчаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн: 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Д.Ж-аас авсан гэрчийн мэдүүлгийн хуулбар, 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” мөрдөгчийн тогтоолын хуулбар,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г-ийн хүсэлтийг үндэслэн шүүх Ө.Б , Я.Б  нараас гэрчийн мэдүүлэг авсан тухай нотлох баримт, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О ын шинжээч томилуулах хүсэлтийг үндэслэн “Лэндс” ХХК-ийн “Хул азарганы зах зээлийн үнэ тогтоох үнэлгээний тайлан” зэрэг нотлох баримтыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б  нь хариуцагч Я.М т холбогдуулан, хохирол 44,398,448 төгрөг гаргуулах тухай, хариуцагч Я.М  нь Б.Б аас мал малласны хөлс 6,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Б.Б  нь “малчин Я.М  миний адууг маллаж байхдаа хайхрамжгүй, хариуцлагагүй хандаж, 2020 оны 01 сарын 05-ны өдөр хурдан удмын "Чавх хул" азаргыг чононд идүүлж надад их хэмжээний хохирол учруулсан тул түүнээс азарганы үнэ 44,398,448 төгрөгийг гаргуулна гэж, хариуцагч Я.М  нь “Б.Б ын адууг 2013 оноос хойш малласан. Адуу нь урт хөлийн мал тул байнга хаших боломжгүй. Хул азаргыг чоно идсэн. Үүнд миний буруутай үйлдэл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.” гэж маргаж байна.

 

  1. Нэхэмжлэгч Б.Б  нь анх 2013 онд Я.М т нэг азарга адууг хүлээлгэн өгч маллуулахаар тавьсан байна. Я.М ыг адуу маллаж байх хугацаанд  2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хурдан удмын “Чавх хул” азаргыг чоно идсэн болох нь зохигчийн тайлбар, гэрч Д.Ж, Ө.Б , Я.Б  нарын мэдүүлгээр тогтоогдож байх ба энэхүү үйл баримтад талууд маргахгүй байна.

 

Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл нэхэмжлэгч Б.Б , хариуцагч Я.М  нарын хооронд Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1-д заасан хадгалалтын гэрээ байгуулагдсан байх ба Иргэний хуульд заасан гэрээний үүргийн харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1-д “Хадгалалтын гэрээгээр хадгалагч нь хадгалуулагчаас шилжүүлэн өгсөн хөдлөх эд хөрөнгийг хадгалах үүрэг хүлээнэ”, 422.6-д “Хадгалалтын гэрээний хугацаа дууссан эд хөрөнгийг хадгалуулагчид буцаан өгөх үед хадгалагч өөрийн санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлийн улмаас учирсан хохирлыг хариуцна” гэж тус тус заасан.

Хадгалалтын гэрээний зүйл нь хадгалалтын үйл ажиллагаа бөгөөд энэ нь хөдлөх хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг ханган хадгалах хадгалагчийн үйлдлээр илэрхийлэгддэг. Гэрээг бодитоор хэрэгжүүлэхэд хадгалагчид хөрөнгийг шилжүүлэн өгснөөр хөрөнгө хадгалах үүрэг үүсэх ба хадгалагч нь шилжүүлэн авсан хөрөнгийг захиран зарцуулахгүйгээр түүний бүрэн бүтэн байдлыг хангаж, гадны халдлагаас хамгаалах үйл ажиллагааг явуулж, хадгалуулагч хадгалуулсан эд хөрөнгөө хэдийд ч шаардахад буцаан өгөх үүрэг хүлээдэг байна.

Хадгалалтын гэрээний хэлбэрийг хуульд тусгайлан заагаагүй ба зохигчийн хооронд байгуулсан гэрээ нь  Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1, 196 дугаар зүйлийн 196.1.1 зааснаар амаар харилцан тохиролцож, уг тохирооны дагуу нэхэмжлэгч нь  хурдан удмын “Чавх хул” азарга болон бусад адууг хариуцагчид хүлээлгэн өгч, ийнхүү хүлээн авснаа нотолж хариуцагч нь “Чавх хул” азарга болон бусад адууг 2013 оноос 2020 оны 01 дүгээр сар хүртэл өөрийн эзэмшилдээ байлгасан байна. Ингэснээр хариуцагч Я.М  нь Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.3.6-д заасан хадгалуулсан эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахад шаардлагатай бүх арга хэмжээг авах үүрэг хүлээжээ.

 

Иргэний хуулийн 424 дүгээр зүйлийн 424.1-д “Гэрээнд өөрөөр заагаагүй бол хадгалагч нь хадгалалтад шилжүүлсэн эд хөрөнгийг алдсан, дутагдуулсан, гэмтээснээс хадгалуулагчид учирсан хохирлыг төлнө.” гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас учирсан хохирлоо гаргуулахаар шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ хурдан удмын “Чавх хул” азарганы үнэ 44,398,448 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байх бөгөөд “Лэндс” ХХК нь “Чавх хул” азаргыг 97,516,930 төгрөгөөр үнэлж дүгнэлт ирүүлжээ. /2 хх-ийн 30-37/

 

Иймд Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1, 424 дүгээр зүйлийн 424.1-д зааснаар хадгалагч нь хадгалуулагчид учирсан хохирлыг төлөх үүрэгтэй тул хурдан удмын “Чавх хул” азарганы үнийг нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үнийн дүнгийн хэмжээгээр 44,398,448 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

  1.  Хариуцагч Я.М  нь 2018 оны 03 дугаар сараас 2020 оны 09 дүгээр сар хүртэлх мал малласан 30 сарын хугацааны төлбөрт нийт 6,000,000 /зургаан сая/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэгч Б.Б т холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.2-т “Гэрээнд өөрөөр заагаагүй бол хадгалалт төлбөргүй байх бөгөөд хэрэв хадгалагч хадгалалтыг аж ахуйн үндсэн үйл ажиллагааны хүрээнд явуулж байгаа бол урьдчилан тохиролцоогүй ч хадгалалтын хөлсийг харилцан тохиролцсон гэж үзнэ.” гэж заасан.

 

Хариуцагч Я.М  нь “Б.Б  нь мал маллуусны хөлс сар бүр 200,000 төгрөг өгөхөөр тохирсон боловч 2018 оны 3 дугаар сараас эхлэн 2020 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд нийт 30 сарын хөлс төлөөгүй тул мал малласны хөлс 6,000,000 төгрөг гаргуулна” гэж, нэхэмжлэгч Б.Б  нь “Я.М  2019 оны 09 дүгээр сард манайд ирээд “чавх хулын 7 төл бүгд аймаг, сумын наадамд оролцож айрагдаж түрүүллээ, маш их баярлаж байна. Адуугаа маллуулж, урамшуулж төл өгөөгүй бол би уяач болохгүй байлаа, цаашид хөлс авахгүй адууг чинь ганц төлийн хорогдолгүй сайн харж хандана” гэж хэлсэн учраас цалин өгөхөө больсон. Өөрөө хөлс авахгүй гэсэн тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Харин 2019 оны 09-12 дугаар сарын хөлс өгөхөд татгалзах зүйлгүй” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, татгалзлаа тус тус тайлбарлан мэтгэлцэж байна.

 

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 25, 38 дугаар зүйлд заасан арга журмын дагуу цуглуулсан баримтаар нотлох зарчмын хүрээнд нотолж чадаагүй байна.

 

Гэсэн хэдий ч нэхэмжлэгч Б.Б  шүүх хуралдаанд “сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2019 оны 09 дүгээр сараас 12 дугаар сар буюу нийт 4 сарын хөлс өгөхөд татгалзах зүйлгүй” гэж тайлбарласан тайлбарын хүрээнд нэхэмжлэгч Б.Б аас мал маллуулсаны төлбөрт 800,000 төгрөг гаргуулж хариуцагч Я.М т олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцэж байна.

 

Иймд, хариуцагч Я.М аас 44,398,448 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б т олгож, Б.Б аас 800,000 төгрөг гаргуулж, Я.М т олгож, сөрөг нэхэмжлэлийн шаарлагаас 5,200,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

  1. Хэрэгт авагдсан “Чавх хул” азарга, түүний үр төлийн талаарх фэйсбүүк хэрэглэгчдийн сэтгэгдэл 9 хуудас зураг, 2 ширхэг CD зэрэг баримт хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан хэрэгт хамааралтай нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

  1. Иргэдийн төлөөлөгч А.Ц нь “...нэхэмжлэгч Б.Б  болон хариуцагч Я.М  нар анх мал маллаж эхлэхдээ сайн тохиролцож чадаагүй аман гэрээ байгуулсан, нотариатаар батлуулаагүй учраас нэхэмжлэлийг барагдуулах шаардлагагүй гэж үзэж байна.” гэж  дүгнэлт гаргасныг дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

 

  1. 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1430 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу шүүгчийн туслах нь хариуцагчийн өмгөөлөгч М.М-ын 99901577 дугаарын утсанд 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр холбогдож мэдэгдсэн. Мөн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр шүүхийн мэдэгдэх хуудсыг “Монгол шуудан” ХХК-аар дамжуулан хүргүүлсэн байх боловч хариуцагчийн өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг хийж хүсэлт хянан шийдвэрлэсэн болно.

 

  1. Нэхэмжлэгч Б.Б ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 379,942 /гурван зуун далан ес мянга есөн зуун дөчин хоёр/ төгрөгийг, хариуцагч Я.М ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110,950 /нэг зуун арван мянга есөн зуун тавь/ төгрөгийг тус тус Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Я.М аас 379,942 /гурван зуун далан ес мянга есөн зуун дөчин хоёр/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б т, нэхэмжлэгч Б.Б аас 23,750 /хорин гурван мянга долоон зуун тавь/ төгрөгийг хариуцагч Я.М т тус тус олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1, 422.4.2, 424 дүгээр зүйлийн 424.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Я.М аас 44,398,448 /дөчин дөрвөн сая гурван зуун ерэн найман мянга дөрвөн зуун дөчин найм/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б т олгож, нэхэмжлэгч Б.Б аас 800,000 /найман зуун мянга/ төгрөг гаргуулж, хариуцагч Я.М т олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 5,200,000 /таван сая хоёр зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  /гурван зуун далан ес мянга есөн зуун дөчин хоёр/ төгрөгийг, хариуцагч Я.М ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,950 /нэг зуун арван мянга есөн зуун тавь/ төгрөгийг тус тус Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Я.М аас 379,942 /гурван зуун далан ес мянга есөн зуун дөчин хоёр/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б т, нэхэмжлэгч Б.Б аас 23,750 /хорин гурван мянга долоон зуун тавь/ төгрөгийг гаргуулж хариуцагч Я.М т тус тус олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  О.ОДОНЧИМЭГ

 

                       ШҮҮГЧИД                                  Г.МЯГМАРСҮРЭН                

 

                                                         Л.ХИШИГДЭЛГЭР