Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2022/00815

 

Б.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 132/ШШ2022/00056 дугаар шийдвэр,

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 214/МА2022/00010 дугаар магадлалтай,

Б.Бын нэхэмжлэлтэй,

Я.Мд холбогдох,

Үндсэн нэхэмжлэл: Хурдан удмын азарганы үнэ 44,398,448 төгрөг гаргуулах,

Сөрөг нэхэмжлэл: Мал малласны хөлс 6,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Б.Б болон түүний өмгөөлөгч Х.Оюунбат нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, хариуцагчийн өмгөөлөгч М.Мэндбаяр, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Я.Мд холбогдуулан хурдан удмын азарганы үнэ 44,398,448 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, мал малласны хөлс 6,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

2. Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 132/ШШ2022/00056 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1, 422.4.2, 424 дүгээр зүйлийн 424.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Я.Маас 44,398,448 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Бт олгож, нэхэмжлэгч Б.Баас 800,000 төгрөг гаргуулж, хариуцагч Я.Мт олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 5,200,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 379,942 төгрөгийг, хариуцагч Я.Мын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,950 төгрөгийг тус тус Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Я.Маас 379,942 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Бт, нэхэмжлэгч Б.Баас 23,750 төгрөгийг гаргуулж хариуцагч Я.Мт тус тус олгож шийдвэрлэжээ.

3. Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 214/МА2022/00010 дугаар магадлалаар Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 132/ШШ2022/00056 дугаар шийдвэрийг хүчингүй болгож үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзоригийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 379,942 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгч Б.Б болон түүний өмгөөлөгч Х.Оюунбат нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах нь

4.1. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 422 дугаар зүйлийн 422.3.6-т заасан үндэслэлээр хэргийг шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх дээрх заалтыг хэрэглэсэн нь үндэслэлгүй буюу зохих хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзсэн. Ингэж үзэхдээ давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн байхад уг заалтыг хэрэглэсэн нь буруу гэж үзсэн ба уг давагдашгүй хүчин зүйлд малчин гэм буруугүй гэж дүгнэсэн. Гэтэл хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэх асуудлыг орхигдуулсан. Мягмаржав цагдаагийн газарт өгч байсан мэдүүлгэн баримт ...Өглөө гаргаад оройдоо хашдаг байсан.Тэр оройдоо хашиж чадаагүй хонуулсан тэгээд өглөө болоод адуугаа хайгаад олоогүй... миний буруу гэх нотлох баримт, талуудын хооронд аман хэлцлээр тухайн адууг маллахаар тохиролцож сард 200,000 төгрөг авдаг байсан үйл баримтыг хариуцагч няцаасан баримт байхгүй байхад шүүх өөрийн санаачлагаар шөнийн цагаар малчнаас шалтгаалахгүй бэлчээрт явдаг гэж дүгнэн малчинг буруугүй гэж үндэслэлгүй, нотлох баримтгүй дүгнэлт хийжээ. Гэтэл тухайн адуу нь онцлог адуу буюу 97,516,930 төгрөгийн үнэлгээ бүхий хурдан морь байсан бөгөөд талууд орой болгон хашиж, чоно болон бусад аюулаас хамгаалж байх үүргийг малчин хүлээсэн үйл баримтыг хариуцагч үгүйсгэж байгаа нотлох баримт байхгүй байхад шүүх үгүйсгэж буй үндэслэлээ заагаагүй.

4.2. Давагдашгүй хүчин зүйл гэх нэрийн дор малчин үнэтэй хөрөнгийг дур зоргоор нь буюу шөнө өдөргүй бэлчиж байна гэх нэрийн дор орхиж, үүрэг хүлээхгүй байх хууль зүйн үндэслэлийг тайлбарлахдаа Иргэний хуулийн 497 дугаар зүйлийг баримталсан нь хуулийг төсөөтэй буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Энэхүү хэрэгт тогтоогдож байгаа үйл баримтыг давагдашгүй хүчин зүйл гэж үзэх үндэслэлээ шүүх тайлбарлахдаа чононд идүүлсэнтэй холбон тайлбарласан Гэтэл байгалийн давагдашгүй хүчин зүйл гэдгийг талуудын хараа хяналтаас гадуур, урьдчилан таамаглах боломжгүй, урьдчилан сэргийлж даван гарах боломжгүй нөхцөл байдлыг ойлгоно. Уг ойлголтыг давж заалдах шатны шүүх буруу тайлбарлан Иргэний хуулийн 497 дугаар зүйлийг хэрэглэсэн. Чоно гэх амьтнаас малчин малаа хамгаалах боломжтой байсан буюу тухайн адууг оройд хаших үүргээ биелүүлээгүй, мөн 2018.08.10-ны өдрийн хөлс өгөөгүй гэх шалтгаанаар харж хандаагүй, мал дагаад явдаг байсан гэх хариуцагчийн тайлбар зэргээс хариуцагч үүргээ биелүүлээгүйгээс чононд идүүлсэн нөхцөл байдлыг давагдашгүй хүчин зүйлтэй адилтган тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрт дүгнэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 422 дугаар зүйлийн 422.3.6 дахь заалтыг давж заалдах шатны шүүх нотлох баримтгүйгээр үндэслэлгүй үгүйсгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийг хэрэглэсэн нь хуулийг зөрүүтэй, буруу тайлбарлан хэрэглэсэн.

4.3. Хэрэгт нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтуудыг хариуцагч няцаасан баримт байхгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлага маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолсон, нотлох баримт гаргаж өгөөгүй байхад нотлох баримтгүйгээр давагдашгүй хүчин зүйл гэж дүгнэн үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасныг зөрчсөн гэж үзэж байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч Б.Б болон түүний өмгөөлөгч Х.Оюунбат нарын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэсэн үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022.06.10-ны өдрийн 001/ШХТ2022/00611 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

7. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Я.Мд холбогдуулан хурдан удмын азарганы үнэ 44,398,448 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа “...хариуцагч нь 2013 оноос хойш миний 20-д адууг маллаж сар бүр 200,000 төгрөг авдаг, үүнд “Чавх хул” нэртэй улс, аймагт нийтдээ 8 удаа 1-3-р байрт орж байсан хурдан азарга байсан, гэтэл түүнийг чоно идсэн талаар 2020.01.05-ны өдөр утсаар хэлсэн, тэр өдөр оройтсоноос адууг хашаагүй гэдгээ хариуцагч хэлдэг, гэрээсээ урагш газар адуугаа татчих боломжтой байхад татаагүй орхисноос чоно идсэн, “Чавх хул” азарга 15 настай байсан, үр төл нь хурдалсан байдаг, адуу нь 25-30 насалж, 25 нас хүртлээ үр төлөө өгөх боломжтой, иймээс учирсан хохирлыг нэхэмжилж байна” гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “адуу нь урт хөлийн мал, байнга дагаж хариулаад, тууж авч ирээд хотондоо хонуулаад хашаад байж болдоггүй, маллахдаа адууг өдөрт нь ойртуулж дөхүүлэх байдлаар эргэж, тойрч хаана байгааг нь харах, шөнө нь тухайн адуу бэлчээрээр явж идээлэх өвс олж идэх зарчмаар хардаг, “Чавх хул” азаргыг чоно идсэн нь байгалийн давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдал тул хохирол төлөх үндэслэлгүй” гэж маргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэгчээс 6,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа “2019 оны 6 сараас хойш хөлсөө төлөөгүй тул 30 сарын хөлс нэхэмжилж байна” гэсэн.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд хариу тайлбар гаргахдаа “2019 оны 9 сард цаашид хөлс авахгүй, Чавх хул”-ын төлүүд бүгд хурдан юм байна, танаас авсан 7 төл бүгд аймаг сумын наадамд оролцож айрагдаж түрүүллээ, адуугаа маллуулж, урамшуулж төл өгөөгүй бол би уяач болохгүй байлаа, хөлс авахгүй адууг тань ганц төлийн хорогдолгүй сайн харж хандъя, надад итгэж болно, маш их баярлалаа гэсэн учир хөлс төлөөгүй, харин 2020 оны 09-12 дугаар сарын хөлс өгөхөд татгалзахгүй” гэжээ.

8. Анхан шатны шүүх “зохигчийн хооронд хадгалалтын гэрээ байгуулагдсан, уг гэрээний үүргээ хариуцагч биелүүлээгүйгээс хохирлыг гаргуулах үндэслэлтэй” гэсэн дүгнэлт хийж Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1, 422.4.2, 424 дүгээр зүйлийн 424.1-д зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаж хүчингүй болгон, үндсэн ба сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож энэ үндэслэлээ, “адуу урт хөлийн мал тул шөнийн цагаар малчнаас шалтгаалахгүй бэлчээрт явдаг учир хариуцагчийн буруугаас чононд идүүлсэн гэж үзэхгүй, нөгөө талаар байгалийн давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн, хариуцагч өөрийн гэм буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд заасан тохиолдолд хариуцлагаас чөлөөлөгдөхөөр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т заасан, иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэж тайлбарлажээ.

9. Дээрх байдлаар анхан шатны шүүх зохигчийн хооронд гэрээний үүргийн, тэр тусмаа хадгалалтын гэрээний харилцаа үүссэн, улмаар хадгалуулсан зүйл устаж үгүй болсны хариуцлагыг хадгалагч хүлээнэ гэсэн агуулгатай, давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааныг үүргийн бус зөрчлийн улмаас үүссэн гэм хорыг арилгах гэсэн утгаар тайлбарлаж, “чоно адууг идсэн нь давагдашгүй хүчин зүйл, гэм хор учруулсанд буруугүйгээ хариуцагч нотолсон” гэж зохигчийн хооронд үүссэн харилцаа, хариуцлага хүлээх үндэслэлийн талаар болон давагдашгүй хүчин зүйлийн талаар зөрүүтэй дүгнэлт хийсэн, түүнчлэн давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг яагаад зөрчлийн улмаас үүссэн харилцаа гэсэн, мөн давагдашгүй хүчин зүйл болох үндэслэлийн талаар эрх зүйн хангалттай дүгнэлт хийгээгүй, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тайлбарлаагүй, магадлалын тогтоох хэсэгт холбогдох хуулийг баримтлаагүй алдаа гаргажээ.

10. Иймд нэхэмжлэгчийн гаргасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэснийг залруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах тухай гомдлын хүрээнд болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо үндэслэлээ заагаагүй давж заалдах шатны шүүхийн алдааг залруулж энэ хүрээнд хяналтын шатны шүүхээс дараах дүгнэлтийг хийлээ.

11. Хяналтын шатны шүүхээс зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцаа нь анхан шатны шүүхийн болон давж заалдах шатны шүүхийн дүгнэсэн хадгалалтын гэрээний болоод үүргийн бус зөрчлийн улмаас үүссэн эрх зүйн харилцааны аль аль нь биш, эдгээр шүүхүүд эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон гэж үзэв.

12. Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1-д заасан хадгалалтын гэрээгээр хадгалагч нь хадгалуулагчаас шилжүүлэн өгсөн хөдлөх эд хөрөнгийг хадгалах үүрэг хүлээнэ. Хадгалалт нь хариу төлбөртэй эсхүл төлбөргүй байж болохыг зохигч гэрээгээр харилцан тохиролцоно.

Зохигчийн хооронд үүссэн гэрээний зүйл болох адуу нь хөдлөх хөрөнгө ба хариу төлбөрийн хувьд зохигч 2019 оны 6 сар хүртэл хөлс төлсөн, энэ хугацаанаас хойш хөлс төлөөгүйг маргаагүй эдгээр шинжээр зохигчийн хооронд хадгалалтын гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна.

13. Харин адууг түр зуур өөрийн хараа хяналтад байлгах ийм тохиролцоо талуудын хооронд үүсээгүй, харин урт хугацаанд маллах /хяналтандаа байлгаж, хариулж, үр төлийг авч байсан/ гэрээний зүйлийн онцлог, талуудын эрх, үүргийн шинжээр тэдний хооронд хадгалалтын бус Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний буюу үйлчилгээ үзүүлэх харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хөлсөөр ажиллах гэрээгээр гэрээний нэг тал болох ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, нөгөө тал болох ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. Ажил гүйцэтгэх гэрээний онцлог нь ажил гүйцэтгэгч нь дахин давтагдан хийж гүйцэтгэх, тодорхой орчин нөхцөл, хугацаа шаардсан, биежсэн үр дүн шаарддаггүй ажил үйлчилгээ үзүүлдэг байна. Үүнээс гадна гэрээний аль аль тал нь эдийн засгийн хувьд өөртөө ашигтай нөхцөл байдлыг бий болгохыг зорьдог бөгөөд зохигчийн тайлбараас үзвэл, нэхэмжлэгч өөрийн азарга адууг маллуулж тэр тусмаа хурдан удмын адуу маллуулснаар түүний үр төлийг авах, улмаар хурдан адуутай болох, зарим тохиолдолд үр төлийг бусдад худалдаж ашиг олох, хариуцагчийн хувьд өөрийн мал маллах туршлагад тулгуурлан адууг маллаж хөлс авахаас гадна мөн урамшуулалд хурдан удмын адууны үр төл авах гэсэн аль алины эдийн засгийн сонирхол байсан гэж дүгнэх үндэслэл тогтоогдсон болно.

14. Давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд гэрээний бус зөрчлийн улмаас үүсэх үүргийн, үүнд гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаа үүссэн гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын ...эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн зүйлийн 497.2-т “гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэж, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхийг Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д заасан байна.

Хариуцагч Я.М гэм буруутай хууль бус үйлдлээр нэхэмжлэгчид хохирол учруулсан гэх үндэслэл тогтоогдоогүй тул энэ харилцааны хүрээнд тэрээр гэм хорыг арилгах, гэм буруугүйгээ нотлох үүрэггүй байна. Давж заалдах шатны шүүх гэрээний бус үүргийн харилцаа гэж үзсэн нь алдаатайгаас гадна ямар үндэслэлээр ийм дүгнэлтэд хүрснээ тус шүүх тайлбарлаагүй.

15. Зохигчийн хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн тул хариуцагч нь адууг маллаж, тарга тэвээрэг авхуулах, тоо толгойг бүрэн бүтэн байлгах өөрөөс шалтгаалах арга хэмжээг авч, гэрээний үүргийг зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй.

16. Харин Монгол Улсын нүүдлийн мал аж ахуй, тэр тусмаа адуу маллах онцлогоос үзэхэд адуу таван хошуу малын дотроос хурд хүчтэй урт хөлийн мал (Монгол хэлний тайлбар тольд урт хөлийн малд бод, тэр дундаа адуу хамаарахыг хэлсэн), бусад малыг бодвол ихэнх цагийг бэлчээрт өнгөрүүлдэг, байнга хариулга шаарддаггүй болох нь тогтоогдоно.

17. Гэвч адуу нь маллагааны дэг журамд амархан дасдаг тул бэлчээрт тогтвортой байх эсэх нь малчин хүний арга ажиллагаанаас хамаардаг болох, тодорхой нөхцөл байдалд шөнө хаших боломжтой, энэ талаар ч хариуцагч тухайн “Чавх хул” азаргыг чоно идсэн шөнө оройтсоноос хашиж чадаагүй тухай тайлбар гаргаж байсан нь хэрэгт авагдсан байна.

Дээрхээс үзвэл, адуунд байнга хараа хяналт тавих боломжгүй, адуу шөнө хаана ч бэлчээрлэх нь эзэн, малчнаас шалтгаалахгүй, энэ нь зохигчийн хооронд байгуулагдсан хариуцагчийн хүлээх үүрэгт хамаарахгүй гэж үзэх боломжгүй.

Үүний зэрэгцээ “Чавх хул” азарга нь жирийн адуу биш хурдан удмын, улс, бүс, аймгийн наадамд нийт 8 удаа 1-3-р байраар айрагдсан, үр төлөө олон жил өгсөн, үр төл нь мөн наадамд хурдалсан нөхцөл байдал, түүнчлэн зохигчийн тайлбараас үзэхэд хариуцагчийн нутагладаг газар чоно элбэгтэй, өмнө нь өөрийн болон нэхэмжлэгчийн адууг чоно идэж байсныг маргаагүй, бэлчээрлэсэн адуу үдшийн бүрий, үүрийн жавар болохын урьд түр зогсч амардаг энэ үед “чонын гүйдэл” тохиолддог гэдгийг адуучин бүр мэдэх учиртай болох нь адуу маллах монгол арга ухаанд тогтжээ. Энэ нь хариуцагчийн “өглөө адуу хайж явахад “Чавх хул”-ыг чоно дөнгөж идсэн бололтой үлдсэн хэсэг, толгой, шийр нь хөлдөөгүй байсан” гэсэн тайлбараар тогтоогдож байна.

18. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2-т зааснаар гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх нөхцөл байдал гэж үзэн хариуцлагаас чөлөөлөх ерөнхий зарчим байдаг.

Давагдашгүй хүчин зүйлийг байгалийн гамшигт үзэгдэлтэй холбоотой буюу ган, зуд, үер, гал түймэр, газар хөдлөлт гэх зэрэг болон нийгмийн амьдралын зарим нөхцөл байдал буюу халдварт өвчин, дайны ажиллагаа зэргийг ойлгоно.

Өөрөөр хэлбэл, давагдашгүй хүчин зүйл нь хүний хүсэл зоригоос гадуурх, урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл байдал үүсэхийг хэлнэ.

19. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.7-д зааснаар гэрээнд өөрөөр заагаагүй бол гэнэтийн давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас өмчлөлийн зүйл, түүний үр төл, үр шим устсан, гэмтсэний эрсдэлийг өмчлөгч хариуцахаар байна.

Чоно нь хээрийн махчин амьтан, түүний үйлдлийг хүн таамаглах боломжгүй хэдий ч адууг чоно идэхээс урьдчилан сэргийлж дээр дурдсанаар морийг хашсан, гэртээ ойртуулж бэлчээрлүүлсэн, хариуцлагатай хандсан гэдгээ хариуцагч нотлоогүй, тухайлбал, “чонын гүйдэл”-г үүрээр мал руу дайрдгийг давж гарах арга зам байгаагүй буюу чоно азаргыг идсэн нь байгалийн давагдашгүй хүчин зүйл гэж үзэх үндэслэл энэ хэргийн хувьд тогтоогдоогүй гэж үзэв.

20. Хөлсөөр ажиллах гэрээгээр тохирсон ажил үйлчилгээний онцлогоос шалтгаалж тухайн ажил үйлчилгээ явуулахтай холбоотой эд хөрөнгө, түүний бүрэн бүтэн байдлыг ажиллагч хангаж, ажиллуулагчид буцаан өгөх нэмэлт үүрэг буюу хадгалалтын үүрэг үүсч болно.

Зохигчийн хооронд үүссэн хөлсөөр ажиллах гэрээг энэ төрлийн шинжийг агуулсан гэж үзэх бөгөөд гэрээ дуусгавар болсон тохиолдол, эсхүл тухайн эд хөрөнгө ажиллагчийн буруугаас устаж үгүй болсон хохирлыг нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан, иймээс хариуцагч дээр дурдсанаар хурдан удмын адууг маллах явцдаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэдгээ нотлоогүй гэж үзэж нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахаар шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

21. Нэхэмжлэгч “Чавх хул” азаргыг 44,398,448 төгрөгөөр үнэлсэн “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний тайланг үндэслэн хохирлын хэмжээг тодорхойлсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхийн журмаар шинжээч томилж үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан, шүүхээс томилогдсон хөрөнгийн үнэлгээний “Лэндс” ХХК нь “Чавх хул” азарганы үнийг үнэлгээ хийсэн 2021.11.05-ны өдрийн байдлаар 97,516,930 төгрөг болохыг тогтоосон байна.

22. Харин нэхэмжлэгч анхны 44,398,448 төгрөг шаардсан нэхэмжлэлээ дэмжсэн байх боловч хохирол учирсан нөхцөл байдал, хариуцагчийн үйлдлийн хэр хэмжээг харгалзан хэрэгт авагдсан “Чавх хул” азаргыг анх нэхэмжлэгч нь бусдаас 15,000,000 төгрөгөөр худалдан авсан тухай тайлбарыг үндэслэн уг мөнгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх нь бодитой, зохигчийн хэн алины эрх ашигт нийцнэ гэж дүгнэж нэхэмжлэлийн зарим хэсгийг хангав.

23. Анхан шатны шүүх Я.Мын Б.Баас ажлын хөлс 6,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр буюу 800,000 төгрөгийг түүнээс гаргуулж хариуцагчид олгохоор шийдвэрлэсэн атал давж заалдах шатны шүүх энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийлгүйгээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчжээ.

Иймд сөрөг нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

24. Дээрх байдлаар нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 214/МА2022/00010 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 132/ШШ2022/00056 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч Я.Маас 15,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Бт, нэхэмжлэгч Б.Баас 800,000 төгрөг гаргуулж хариуцагч Я.Мт тус тус олгохоор шийдвэрлэж, үндсэн нэхэмжлэлээс 29,398,448 төгрөгт холбогдох, сөрөг нэхэмжлэлээс 5,200,000 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтад “379,942 төгрөгийг” гэснийг “232,950 төгрөгийг” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.Б болон түүний өмгөөлөгч Х.Оюунбат нарын 2022.05.16-ны өдөр 379,942 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.ЗОЛЗАЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                        Б.МӨНХТУЯА

                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ