Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 214/МА2021/00010

 


 

Б.Б*******ын нэхэмжлэлтэй,

хариуцагч Я.М*******д холбогдох иргэний хэргийн тухай

  Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 56 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.Б*******ыннэхэмжлэлтэй,

Хариуцагч: Я.М*******д холбогдох,

44,398,448 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 6,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б*******, түүний өмгөөлөгч Х.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Б.Б******* нь иргэн Я.М*******тай сар бүр хөлс өгөхөөр тохиролцон өөрийн ‘Чавх хул" хурдан азаргыг бусад адууны хамт маллуулах малчнаар ажиллуулсан ба энэ хугацаанд хэд хэдэн адуу малыг чонод идүүлсэн. 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр иргэн Я.М******* нь хайхрамжгүй хариуцлагагүй хандаж "Чавх хул" хурдан азаргыг чонод идүүлсэн. Итгэмжлэн хариуцуулсан малыг чононд идүүлж, үрэгдүүлж, хариуцлагагүй хандаж надад их хэмжээний хохирол учруулсан асуудлаар цагдаагийн байгууллагад хандсан боловч гэмт хэргийн шинжгүй гэх хариу өгсөн ба Иргэний шүүхэд хандаж шийдвэрлүүлэх эрхтэй гэсний дагуу шүүхэд хандаж байна. Хурдан азаргыг маань хүмүүс 400,000,000 төгрөгөөр худалдан авах гэж санал гаргаж байсан тохиолдол бий . Харин үнэлгээний газраас миний азаргыг 44,398,448 төгрөгөөр үнэлсэн. Иймд иргэн Я.М*******аас хурдан азаргын үнэ болох 44,398,448 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж хариуцагч тайлбарлаж байгаа. Бичгээр гаргасан тайлбарыг миний хувьд дэмжиж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд гаргаад байгаа нэхэмжлэлтэй холбоотой дараах тайлбарыг хэлье. Нэгдүгээрт: Энэ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэлийг нэхэмжлэлийн бүрдүүлбэр гэж хуульчилсан. Энэ нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй. Учир нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь би цагдаад шалгууллаа. Чонод идүүлсэн гэдэгтэй маргахгүй байсан. Чонод идүүлсний дараа цагдаад шалгуулсан чинь гэмт хэргийн шинжгүй гэж байгаа юм байна. Тэгэхээр би иргэний хэргийн шүүхэд хандаж үнийг нь гаргуулж авмаар байна гэж нэхэмжлэл гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсэгт заасан  нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт; гэсэн зүйлийг нэхэмжлэлийн бүрдүүлбэр гэж ойлгохоор заасан. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй бол мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой. Тиймдээ ч өнөөдөр шүүх хуралдаан дээр нэхэмжлэлээ дэмжиж тайлбарлахдаа бид тохиролцоод 2012 оноос хойш гэрээгээр мал харуулж байна гэж байна. Гэрээний хэрэгжилтийн явцад хариуцлагагүй хандсанаас болоод миний азаргыг чоно идсэн гэж тайлбарлаж байна. Гэрээний үүргийн зөрчил юм уу, гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас хохирол төлбөр учирсан гэж нэхэмжлээд байгаа юм уу, энэ нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлд заасан өөр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл гарах ёстой байсан. Шаардах эрхийн үндэслэл нь тодорхойгүй. Хэрвээ гэмт хэрэг юм уу, зөрчлийн буруутай үйл ажиллагааны улмаас миний азаргыг устгасан гэж үзэж байгаа бол энэ нь өөрөө Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан гэм хорын нэхэмжлэл гэсэн хоёр өөр ойлголтод шаардах эрхийн үндэслэл тулгуурлах ёстой. Нэхэмжлэгч нэгэнт нэхэмжлэлдээ болоод шүүх хуралдаан дээр гаргаж буй тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхой гаргаж ирэхгүй байна. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад иргэний хэрэг үүсгээд ажиллагаа хийж байгаа учраас өнөөдөр энэ асуудлыг хэрхэх вэ гэдгийг шүүх бүрэлдэхүүнийг анхаараасай гэж хүсэж байна. Сая хэлж байгаа нь хариуцлагагүй хандсанаас болж миний азаргыг чоно идсэн гэж хэлж байна. Өмнө нь яасан бэ гэхээр энэ хүн хулгайлсан, зарсан, идсэн, уусан байж ч магадгүй гэж хэлж байсан. Одоо тодорхой болгож байгаа юм байна гэж ойлголоо. Чоно идсэн гэдгийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байна. Чоно идсэн юм бол чоно буруутай асуудал яригдана. Түүнээс Я.М******* буруугүй. Адуу нь урт хөлийн мал. Байнга дагаж хариулаад, тууж авч ирээд хотондоо хонуулаад хашаад байж болдоггүй. Хэрвээ адууг нь өдөр бүр хашаад байсан бол турна яваандаа үхнэ. Энэ үед миний адууг хашсаар байгаад тураагаад алчихсан гэж буруудна. Тийм учраас Я.М*******ын хувьд өөрийнхөө цөөн тооны адууг дээр нь ах Хорлоо гэдэг уяач хүний адууг мөн нэхэмжлэгч Б*******ын адууг малладаг. Ингэж маллахдаа адууг өдөрт нь ойртуулж дөхүүлэх байдлаар эргэж, тойрч хаана байгааг нь харах, шөнө нь тухайн адуунууд бэлчээрээр явж идээлэх өвс олж идэх зарчмаар явна. Ийм маягаар адууг харж байгаа. Адууг харж байсан учраас 2012 оноос, 2020 оны 01 дүгээр сар хүртэл адуу бүрэн бүтэн тоо ёсоороо байж байгаа. Адуу өссөн. Өссөн адуунаас зараад үр шимийг нь хүртсэн гэж өөрөө бас ярьдаг. Энэ талаар өмнөх шүүх хуралдаан дээр хэлж байсан. Үүнийг хариуцагч Я.М******* бас өөрөө хэлж байгаа. 5-6 тооны адууг нэлээн үнэд хүргэж зараад үр шим хүртээд явж байгаа гэсэн.

Хоёрдугаарт: Адууг турж эцэх юм уу, чонод гүйцэгдэх хэмжээнд хүрсэн үед нь адууны зарим хэсгийг нь хашдаг. Ингээд адууг хаших үед шөнө өвс тавьж өгөх, тэжээл овьёос өгөх байдлаар хардаг. Тэгэхээр хавар биш өвөл байсан. Адуу тарган, цатгалан байсан үе. Б.Б******* 2018, 2019, 2020 онд огт өвс, овьёос бэлдэж өгөөгүй. Өөрийнхөө өвснөөс өгөөд хэсэг хугацаанд харсан байгаа. Энэ азарганаас бусад нь онд бүтэн орсон. Сүүлд 2020 оны намар үлдсэн адуунуудаа тоо ёсоор нь бүрэн бүтнээр нь Б******* аваад явсан. Болохгүй бол шүүхэд хүлээлгэж өгье гэхээр авч байх шиг байна. Б*******ын хувьд өвс огт бэлддэггүй учир малыг нь хашаагаар тэжээх ямар ч боломжгүй нөхцөл байдалд хүрсэн. Ийм учраас адууг хашаад хонь шиг байнга дагаж хариулаад шөнө нь хаших Монгол малчны уламжлалд байдаггүй. Нөгөө талаас гэрээнийхээ хувьд адууг маань хашиж байгаарай, азаргыг маань хашаад байгаарай гэж огт хэлээгүй. Хэлэх ч боломжгүй. Яагаад гэвэл өвс бэлдэж өгөөгүй учир турж үхнэ. ... Адуунаас олноор нь чонод идүүлсэн зүйл байхгүй. Азаргыг идсэн байгаа. Харин Я.М*******ын өөрийнх нь болоод ах Хорлоогийнх нь малаас 10 гаруй адууг чоно идэж байсан тохиолдол байдаг юм байна. Олон тооны мал учир тийм байхыг үгүйсгэхгүй. 2012 оноос ажлын хөлс 200,000 төгрөг өгнө гэж тохироод өгөөд явж байгаад 2018 оны 02 дугаар сараас эхлээд ажлын хөлс 200,000 төгрөгийг огт өгөхөө больсон. 2019 онд согтуу ирээд малыг чинь үнэгүй маллаж өгнө гэж хэлсэн гээд худлаа ярьж байгаа. Адуугаа маллуулсныхаа хөлсийг өгөхгүй 2018 оны 02 дугаар сараас, 2019 оны 02 дугаар сар, 2020 оны 08 сар хүртэл адуугаа хүлээж авах хүртлээ огт хөлс өгөөгүй. Энэ хугацаанд хөлс өгөхгүй, өвс бэлдэж өгөхгүй нөхцөл байдал байсан учир энэ гэрээний үүргийн дагуу хариуцагч шаардаж байгаа. Өвс өгөөгүй учир адууг нь тураах ёстой, алах ёстой гэдэг ойлголт байхгүй. Малчин хүний сэтгэхүй нь малыг адилхан малладаг. Өөрийнхөө өвснөөс өгсөөр байгаад мал нь бүрэн бүтэн онд орсон. Азаргын талаар яриад байгаа нэхэмжлэлийн тухайд ийм асуудал байна. Азаргыг чоно идчихлээ гээд хэлэнгүүт толгойг нь аваад чаначхаарай гэж уяач хэлсэн байгаа. Чаначхаарай гэж хэлснийх нь дагуу толгойг чанах гэж байснаа энэ чинь одоо яагаад азаргыг чанах болдог юм, яагаад азарганы үлдсэн махыг нь чанах гэж байдаг билээ, энэ чинь буруу юм байна гээд юутай ч бэлдээд орхие гээд малынхаа пүнзэнд оруулаад тавьчихсан байсан. Ингээд өөрөө цагдаа дагуулж ирээд тогоо шанага хайж явж байгаад чанасан мах олоогүй. Харин адууныхаа толгойг олсон. Тухайн үед адууны толгой мөн гээд хэлэхээр жоохон эргэлзэж байгаад сүүлдээ бүх малчид чавх хул азаргыг таньдаг юм байна. Тэгээд бүгд заагаад энэ чиний азарга мөн байсан. Очоод харахаар ийм байдаг гээд чоно идсэн газар дээр нь очоод хар гэхэд өөрөө хараагүй яваад өгсөн. Гэхдээ тэрийг харсан гэрч нь мэдүүлэг өгсөн байгаа. Гэрчийн хэлснээр Б.Б*******ын азаргыг чоно идсэн болох нь тогтоогдсон. Түүнээс адуучин Я.М******* адууг алж идээгүй, бусдад зараагүй, устгаагүй нөхцөл байдал байна. Чоно бодит байдал дээр би адууг чинь иднэ шүү гэж хэлчхээд ирдэггүй. Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдлын улмаас чоно тэр үед азаргыг идсэн. Азарга нь сүргийн манлай болохоор бодвол адуугаа хамгаалсан байх. Б*******т сард хангалттай хөлс өгөөд шөнөжин адууг минь дагаад хонь шиг маллаарай гэсэн бол хариуцаж болох байсан. Гэвч сард 200,000 төгрөг өгнө гэж тохирчхоод түүнийгээ сүүлийн хоёр жил өгдөггүй нөхцөл байдал нь түүнийг гэрээгээ зөрчсөн болохыг нотолж байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан энэ үйл баримтыг цагдаа шалгасан нь үнэн. Цагдаа гэм хорын хохирол учраагүй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн шинжтэй байх асуудал, түүний улмаас учирсан хохирлыг төлөх асуудал яригдана. Цагдаа шалгаад зөрчил биш, гэмт хэрэг ч биш гэж үзсэн байгаа. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Шинжээчийн дүгнэлтээр үнэлгээ өндөр гарсан, бага гарсан тухай асуудал яригдаж байна. Энэ хэрэгт авагдсан бүх дүгнэлт үндэслэлгүй. Энэ азарганы үнийг нотолж илэрхийлж чадаагүй. Энэ нь угаасаа худлаа. Хуульд заасны дагуу цугларсан гэж үзэхгүй. Хариуцагчийн татгалзаж байгаа үндэслэл нь юу вэ гэхээр азаргыг би идээгүй, чоно идсэн гэж ярьж байгаа учраас шөнийн цагаар чоно идсэн асуудлыг Я.М******* хариуцаж барагдуулах үүрэггүй. Гэрээгээрээ тухайн хүмүүсийн хооронд хашаарай гэж тохироогүй. Адууг байнга дагаж хараарай гэж тохироогүй. Адууг ингэж маллах боломжгүй. Ийм нөхцөл байдлыг ойлгож байгаа байх аа. Буруутай гэдгээ хүлээн зөвшөөрөөд уучлалт гуйчих гэхээр тэгэхгүй байгаа гэж ярьж байна. Буруугүй учраас уучлалт гуйхгүй... гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлдээ:

2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргасан. Мал маллуулсан хөлс 6,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2013 оноос эхлэн сар бүр 200,000 төгрөгийн хөлс өгнө гэж тохироод малыг нь маллаад хоёр азарга жоохон жоохон адуу байсан гэж ярьдаг. Ингээд тухайн малыг 2020 оны 8 дугаар сарын сүүл 9 дүгээр сарыг хүртэл малласан байдаг. Ингээд энэ хугацаанд яасан бэ гэхээр 2018 оны 3 дугаар сараас эхлээд, 9 дүгээр сар хүртэлх хугацаанд нийт 30 сарын хугацаанд мал малласан хөлсийг нь төлөөгүй. Малыг малласаар ирсэн. Хожим нь малыг өгөхдөө Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын Тамгын газар болоод цагдаагийн газар цагдаагийн хэсэг дээр аваачиж өг гэж өөрт нь хэлсэн. Цагдаагийн хэлтэс дээр очоод энэ хүний малыг аваач ээ. Орхичих юм бол надаас дахиад үлдсэн малаа нэхэх юм байна. Чоно идсэн азаргыг хүртэл надаас нэхээд байна. Малыг нь өгөх гэхээр авахгүй байна. Надаар малаа үнэгүй харуулаад байгаад байх хүсэлтэй хүн байгаа учир малыг нь аваад эзэнд нь дамжуулаад өгөөч ээ гэдэг асуудал тавиад очихоор өөрөө ирж малаа авсан. Ингэж авахдаа 2020 оны 8 дугаар сарын сүүлээр авсан. Ингээд нийт 30 сарын хөлсийг сард 200,000 төгрөгөөр тооцохоор 6,000,000 төгрөгийн хөлс төлөх ёстой байгаа. Энэ асуудлыг хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө буюу нэгэнт энэ хүн өгөхгүй байсан учраас шүүхэд энэ асуудлыг тавьж мал малласныхаа хөлсийг авъя гэдэг байдлаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Малчин хүний хөдөлмөр гэдэг хот газар суудаг хүмүүс шиг байдаггүй. Я.М*******ын хувьд хөдөө өвлийн хүйтэнд цасан шуурганаар хүнд хөдөлмөр эрхэлж байгаа нөхцөл байдал байгаа. Ингэхдээ хүүхэд болон эхнэрээ туслалцуулдаг. Сар бүр өгөхөөр тохиролцсон мал малласны хөлсийг нэхэмжлэгч өөрөө цагдаагийн газарт үнэнээр нь хэлсэн байна лээ. Харин 2019 оны намар согтуу ирээд үнэгүй харж өгнө гэж худлаа хэлсэн байгаа. Энэ нь өмнөх шүүх хуралдаан дээр түүний ярьсан зүйлтэй зөрж байгаа. Тэгэхээр сөрөг нэхэмжлэлийн хувьд 2018 оны  3 дугаар сараас хойш 2019 оны 9 дүгээр сар хүртэлх хугацааны 30 сарын хөлс 6,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Миний хувьд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна гэв.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Миний бие Б.Б******* нь Я.М*******тай 2012 оноос өөрийн хоёр азарга адууг /чавх хул азарга, түүний 13 гүү, мажиг бор азарга, түүний 8 гүү, нийт 23 тооны адуу маллуулахаар тохиролцсон бөгөөд сар бүр 200,000 төгрөгийн хөлс Я.М*******т өгөхөөр тохиролцсон. 2019 оны 06 сарыг хүртэл хөлсийг өгсөн бөгөөд 2019 оны 09 сард манай гэрт нэг шил архи, чихэр жимс зэрэгтэй ирсэн ба надад хэлэхдээ “цаашид хөлс авахгүй, танаас авсан чавх хулын 7 төл маань бүгд аймаг сумын наадамд оролцож айрагдаж түрүүллээ, маш их баярлаж байна. Адуугаа маллуулж, урамшуулж төл өгөөгүй бол би уяач болохгүй байлаа, хөлс авахгүй адууг тань ганц төлийн хорогдолгүй сайн харж хандая, надад итгэж болно, маш их баярлалаа, чавх хулын төлүүд бүгд хурдан юм байна. Хэд хэдэн адууг чонод өгөхөд хүртэл та надад гомдохгүй өдий хүртэл итгэж адуугаа маллуулж байгаад баярлаж байна гэх зэргээр сайхан үгсүүд хэлж ярилцаад цай хоол идэж уугаад манайхаас явсан. Энэ үед би чавх хулийг сайн маллаарай, бусад адууг чонод өгсөн эсэх чинь яах вээ, харин чавх хулийг сайн харж маллаарай гэж хэлсэн. Энэ үед Я.М******* хэлэхдээ “сайн харалгүй яах вэ, би сайн харна, маллана, санаа зоволтгүй” гэсэн. Гэтэл 3 сарын дараа буюу 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өглөө над руу утасдаж чавх хул азаргыг чоно идчихлээ гэсэн. Би балмагдаж шоконд орсон ба үнэн хэлж байна уу гэхэд үнэн гэсэн. Ингээд би утсаа тавьсан. Маргааш нь бага зэрэг тайвшраад чонод идүүлсэн бол азарганы толгой, сүүл дөрвөн хөлийг, аман хүзүүг нь авчих, толгойг нь сайхан чаначих магнайд нь хурдан морины маань бичүүлье гэж хэлсэн. Энэ үгийг хэлснээс хойш яасан нь мэдэгдэхгүй таг болсон ба утсаа авахгүй болсон. Ингээд би сүүлдээ гэрт нь очсон. Тэгтэл азаргын минь толгой гэх адууны толгойг хогийн халтар шуудайд хийчихсэн, адууны дөрвөн хөлийг мөн хөгийн халтар шуудайд хийчихсэн байсан. Авгай нь май гээд надруу хээв нэг миний өөдөөс газарт шидсэн, энэ үед миний дээдэлж хайрлаж байсан азаргын тэргүүн мөн юм бол малчин хүн ийм үйлдэл гаргахгүй гэж бодон маш их эгдүүцэн гомдсон. Надад худлаа хэлж азаргыг маань үрэгдүүлсэн юм биш биз гэж бодон цагдаагийн байгууллагад өгөх бодол төрсөн. Монгол хүн гэр тусмаа уяач хүн халхын их буян, буянт азарга, манлай хүлгээ дээдэлдэг бол хогийн шуудайд тэргүүнийг хийж, пингийн үүдэнд газарт шидсэн, эзнийг нь асуугаад ороход өөдөөс газарлуу шидэж өгөх зэрэг ёс бус үйлдлийг гаргахгүй байсан байх. Монгол хүний цээрлэх ёс,  хурдан адууны магнай тэргүүнийг хэн дургай хүн газарт, шалаар шидээд хаяад байдаггүйг монгол хүн бүр мэднэ. Я.М*******ыг миний чавх хул азаргыг хайрлаж малладаг, төлийнх нь үр шим буяныг хүртэж яваа уяач, малчин гэж ойлгож байсан би асар их гомдож, үнэн зөвийг тогтоолгон, хариуцлага хүлээх ёстой гэж хуулийн байгууллагад хандсан. Монгол малчин хүнээс гарамгүй үйлдлийг гаргасан ба уг үйлдэлдээ огт гэмшээгүй. Чоно идчихсэн малыг би яадгийн гэсэн байдалтай хээв нэг хандсан ба уучлалт ч гуйгаагүй, санаа ч зовоогүй. 2018 оны 08 дугаар 10-ны өдрийн шүүхэд гаргаж өгсөн хариу тайлбарыг уншаад маш их харамсаж байна. Би адуугаа Я.М*******аар маллуулж байгаа гэж ойлгож байсан болохоос хөлс өгөөгүй учир адууг маллаагүй гэх тайлбар өгч чавх хул азаргьг маллаагүй, маллахыг хүсээгүй дүр эсгэж байсан этгээд байсан чинээ бодсонгүй. Түүний хариу тайлбарт ”2018 оны 03 сараас эхлэн цалингаа өгөхөө больсон тул адуугаа ав гэж байнга хэлж байсан боловч удахгүй цалингаа өгнө ... хэлж байсан.  Энэ үед бидний хоорондох тохиролцоо болох мал маллуулж хөлс өгөхөө больсон, би ч малаа өөрөө авна биз гээд орхисон. Харин түүний адуу одоог хүртэл манай адуутай хамт заримдаа тусдаа салчихсан явж л байдаг." гэх тайлбар өгсөн нь миний адууг маллаагүй юм байна гэдэг нь харагдаж байна. 2019 оны 06 сар хүртэл сар бүр 200,000 төгрөгийн хөлс авч байх үедээ миний адууг огт маллаагүй, маллах хүсэлгүй орхисон байх ба 2019 оны 09 дүгээр сард баярласан илэрхийлж, манайд ирж цаашид хөлс авахгүй адууг чинь маллана гэж байх үедээ ч миний адууг маллаагүй, харж хандаагүй болохоо өөрийн үгээр хэлсэн тайлбараас харагдаж байна. Би адуугаа ав, хөлсгүй маллаж чадахгүй нь гэсэн бол адуугаа авах байсан. Чавх хулыг адуундаа тавих гэсэн олон малчин, уяач залуус байсан. Одоо ч би гэрчээр оруулж болно. 2012 оноос хойш миний адуун сүрэг тухайн нутагт дасаж идээшсэн учир би адуугаа маллуулж байсан. Түүнд өгч байсан цалин хөлс болон урамшуулж өгдөг байсан чавх хулийн төлүүд нь адууг маллахад хангалттай хөлс. Чавх хулын эр даага 15,000,000 төгрөг, эм даага 5,000,000-10,000,000 төгрөгөөр бусдад өгдөг байсан бөгөөд энэхүү төлийг авсан уяачид улс болон аймаг сумдад уралдаж айрагдуулсан билээ. Албан ёсоор Я.М*******т 7 төл өгсөн. Я.М*******тай тохиролцсон ёсоор би хөлс өгөх ёстой байсан нь үнэн бөгөөд 2019 оны 09 сард өөрөө хөлс авахаа больё, адууг төлбөргүй маллаж өгье гэж хэлсэн. ... Я.М******* нь чавх хулыг малласан хугацаандаа хөлсийг хангалттай авсан.  Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2020 оны 09-12 дугаар сарын хөлс өгөхөд татгалзах зүйлгүй гэв.

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 56 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1, 422.4.2, 424 дүгээр зүйлийн 424.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Я.М*******аас 44,398,448 /дөчин дөрвөн сая гурван зуун ерэн найман мянга дөрвөн зуун дөчин найм/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б*******т олгож, нэхэмжлэгч Б.Б*******аас 800,000 /найман зуун мянга/ төгрөг гаргуулж, хариуцагч Я.М*******т олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 5,200,000 /таван сая хоёр зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 379,942 /гурван зуун далан ес мянга есөн зуун дөчин хоёр/ төгрөгийг, хариуцагч Я.М*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,950 /нэг зуун арван мянга есөн зуун тавь/ төгрөгийг тус тус Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Я.М*******аас 379,942 /гурван зуун далан ес мянга есөн зуун дөчин хоёр/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б*******т, нэхэмжлэгч Б.Б*******аас 23,750 /хорин гурван мянга долоон зуун тавь/ төгрөгийг гаргуулж хариуцагч Я.М*******т тус тус олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж,

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдажшийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г давж заалдах гомдол болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:

Б.Б*******ын нэхэмжлэлтэй, Я.М*******т холбогдох азарганы үнэ гаргуулах нэхэмжлэлийн шаардлага, мал маллуулсны хөлс гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа ба тус хэргийг хянан хэлэлцэж нэхэмжлэлийг илт үндэслэлгүйгээр хангаж шийдвэрлэсэн

Нэг. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага, хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбар, өмгөөлөгчийн дүгнэлт, иргэдийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт зэрэгт хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр талуудын хооронд үүссэн харилцааг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын огт гаргаагүй үндэслэлээр буюу Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1-д заасан гэрээ байгуулагдсан гэж дүгнэж байгаа нь талуудын гаргасан тайлбар, хууль зүйн үндэслэл, дүгнэлт болон хэргийн үйл баримтанд нийцээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3-т зааснаар мэтгэлцээний үндсэн дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ, мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс хариуцагчийн гэм бурууг нотлоогүй, төдийгүй Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1-т заасан гэрээ байгуулсан талаар огт тайлбар, дүгнэлт гаргаагүй, харин 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан гэх үндэслэл, тайлбарыг гаргаж байсныг шүүхээс хэрхэн үгүйсгэж байгаа талаар шүүхийн шийдвэрт огт дүгнэлт хийхгүйгээр шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийгээгүй харуулж байна. Үүгээрээ талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд хэрэглэгдэх хуулийг зөв сонгож хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Хоёр: нэхэмжлэгч Б.Б*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хүлээн авч иргэний хэрэг үүсгэхдээ гэм хорын хохирол....гэж тодорхойлж улмаар Иргэний хэрэг үүсгэсэн захирамждаа заасан байна. Гэтэл нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд гэм хорын хохирол гэж бичээгүй, азарганы үнэ гаргуулна гэсэн агуулга бүхий нэхэмжлэл гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т нэхэмжлэлийн бүрдүүлбэрт нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл гэж тодорхой заасан. Хэрэв уг бүрдүүлбэрийг хангаагүй бол шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар хуульд заасан. Үүнийг тодруулахгүйгээр шүүхээс иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээс гадна шүүхэд мэдүүлэх эрхийг зөрчсөн гэж үзнэ.

Гурав: Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2020.10.26-ны өдөр уг хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхээр товлож, улмаар шүүх хуралдаанд хэргийн оролцогчдын хэн апь нь шүүх хуралдааны аль ч үед ...шинжээч томилуулах тухай хүсэлт гаргаагүй байхад шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж дууссаны дараа зөвлөлдөж улмаар тус шүүхийн 2020.10.26-ны 27 дугаартай тогтоол гаргаж, шүүх бүрэлдэхүүний өөрийн санаачилгаараа “шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” тогтоол гаргаж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.2, 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4, 6.6-д иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчим, шүүх хөндлөнгийн байх зарчмыг алдагдуулсан төдийгүй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасныг илт зөрчиж нэхэмжлэгч Б.Б*******т давуу байдал олгосон шүүхийн тогтоол гаргасан. Уг тогтоолыг хууль зүйн үндэслэлгүй болохыг Орхон аймаг дахь Сум дундын Иргэний анхан шатны шүүхийн 2020.12.08-ны өдрийн 127 дугаартай тогтоолоор хүчингүй болгосон ба үүнээс хойш нэхэмжлэгч талаас Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нарын давуу байдал олгосон үйл ажиллагааны үр дүнд дахин дахин шинжээч томилуулах хүсэлт гаргаж, уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тус шүүхийн шүүгч нар явуулсаар ирсэн. Ийнхүү Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчмыг ноцтой зөрчиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсаар дуусгасны үр дүнд тус шүүхийн 2022.01.13-ны өдрийн 56 дугаартай шийдвэр гарсан тул уг шийдвэрийг бүхэлд нь хүчингүй гэж үзнэ.

Дөрөв. Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэгч талын хүсэлтийн дагуу 2021.07.27-ны өдрийн 13 дугаартай тогтоолоор шинжээчээр Лэндс ХХК-ийг томилсон. Уг томилсон тогтоолд хэргийн оролцогчдод шинжээчид нөлөөлбөл хариуцлага хүлээх тухай заасан атлаа, шүүхээс томилогдсон шинжээчдээ хууль сануулахгүйгээр дүгнэлт гаргуулсан. Уг шинжээч нь хул азарганы зах зээлийн үнэлгээг 97.516.930 төгрөг гэж тогтоосон бөгөөд ийнхүү уг дүгнэлтийг гаргахдаа шүүхийн тогтоолд худал дүгнэлт гаргавал ямар хуульд заасан, ямар хариуцлага хүлээх нь тодорхойгүйгээс гадна дүгнэлт гаргасан шинжээчид хууль сануулаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй /миний бие шүүх хуралдааны өмнө болон шүүх хуралдааны дараа ч хавтаст хэрэгтэй танилцах үед энэ талаарх нотлох баримт байгаагүй/ байхад Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.01.13-ны өдрийн 56 дугаартай шийдвэрээр Б.Б*******ын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь илт үндэслэлгүй байна.

Иймээс Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.01.13-ны өдрийн 56 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

    Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                                           

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг  хангаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Б******* нь хариуцагч Я.М*******аас гэм хорын хохиролд 44.398.448 төгрөг /хурдан удмын азарганы үнэ/ гаргуулах тухай хариуцагч Я.М******* нь нэхэмжлэгч Б.Б*******аас 6.000.000 төгрөг /мал малласны хөлс/ гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Б******* нь 2012 оноос азарга адуугаа хариуцагч Я.М*******аар маллуулахаар аваачиж тавьсан. Зохигчид малаа маллуулж сард 200,000 төгрөгийн хөлс өгөхөөр амаар тохиролцсон байх ба 2013 оноос 2018 оны 2 дугаар сар хүртэл сар бүр 200,000 төгрөг өгөөд түүнээс хойш өгөөгүй талаар хариуцагч тайлбар гаргасныг нэхэмжлэгч Б.Б******* эс зөвшөөрч 2019 онд манайд Я.М******* согтуу ирээд малыг үнэгүй маллаж өгөх талаар ярьсан гэсэн тайлбар гаргаж мэтгэлцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтыг дүгнэхэд хариуцагч Я.М******* нь 2013 оноос 2018 оны 08 дугаар сар хүртэл нэхэмжлэгч Б.Б*******ын азарга адууг маллаж байсан, 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр “Чавх хул” гэх хурдан азаргыг нь чоно идсэн үйл баримт тогтоогджээ.

Анхан шатны шүүх хариуцагч Я.М******* нь Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.3.6-д заасан хадгалуулсан эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахад шаардлагатай бүх арга хэмжээг авах үүрэг хүлээсэн гэсэн дүгнэлт хийж хариуцагчаас азарганы үнэ 44,398,448 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй шүүх хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Адуу мал нь бог малын адил өдөр тутам дагаж хариулдаггүй, шөнийн цагаар малчнаас шалтгаалахгүй бэлчээрт явдаг мал учир хариуцагч Я.М*******ын адуу малыг харж хандаагүй, хариуцлагагүйгээс хурдан азаргыг чонод идүүлсэн гэж буруутгах боломжгүй, азарга чонод идүүлж үхсэн гэдэг нь тогтоогдсон энэ талаар маргаагүй зохигчид хүлээн зөвшөөрсөн.

Нөгөө талаар хариуцагч Я.М*******аас үл хамааран байгалийн давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн тул хариуцагч Я.М*******аар азарганы үнийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсан хариуцлагаас чөлөөлөгдөхөөр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т гэм буруугүйн гол зарчмыг заасан. Энэ үйл баримт хариуцагч Я.М*******ын хариуцлагагүй ажиллагаанаас болоогүй байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөс шалтгаалсан болох нь тогтоогдсон тул хариуцагч Я.М******* буруугүй нь нотлогдсон байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 56 дугаар шийдвэрийг хүчингүй болгож үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Гийн давж заалдах гомдлыг  хангахгүй орхисугай.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 379,942 /гурван зуун далан ёсөн мянга ёсөн зуун дөчин хоёр/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1.-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.     

     

  ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ё.БЯМБАЦЭРЭН

                                         ШҮҮГЧИД                                   С.УРАНЧИМЭГ

                                                                                                                                М.ХҮРЭЛБААТАР