Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 2245

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2018/01911 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч “Б” ХХК-ийн хариуцагч “Г” БСБ-д холбогдуулан гаргасан 5 578 102 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Пүрэвсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г” БСБ нь 2018 оны 3 дугаар сарын 22-25, 2018 оны 4 дүгээр сарын 01-04, 2018 оны 5 дугаар сарын 09-13-ны өдрийн хооронд гадаадын зочдыг “Б” зочид буудалд байрлуулан үйлчилгээ авсан боловч өрөөний болон рестораны төлбөрийг төлөх ёстой хугацаандаа төлж барагдуулахгүй, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул үйлчилгээний гэрээт төлбөр болох 5 578 102 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Г” БСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай байгууллага нь нэхэмжлэгч талд 5 578 102 төгрөгийг төлж барагдуулах үүрэггүй. Хариу тайлбараа дэмжиж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас 5 578 102 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 104 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 104 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

                Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч талын зүгээс өөрсдийн Үндсэн хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрхийн дагуу өмгөөлөгчийн мэргэжлийн туслалцаа авч тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох болсон юм. Энэхүү эрхийнхээ дагуу өмгөөлөгч Т.Отгонбаатарыг сонгон авсан боловч 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр өмгөөлөгчийн зүгээс эрүүл мэндийн шалтгаанаар тухайн өдрийн шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон талаарх улсын эмнэлгээс үзлэг хийсэн ерөнхий эмчийн бичсэн актыг шүүхэд гаргаж өгсөн байсан ба бидний зүгээс шүүх хуралдааныг өвчний актад заасан хугацаагаар түр хойшлуулж өгөх хүсэлтийг шүүхэд гаргасан. Өмгөөлөгч маань эрүүл мэндийн байдлаас шалтгаалж тухайн өдөр хуралд оролцох боломжгүй болсон тухай нотлох баримттай хүсэлтээ гаргасныг харгалзаж үзэлгүйгээр анхан шатны шүүхээс шүүх хуралдааныг үргэлжлүүлж нэхэмжлэгч талын эрх ашигт нийцүүлсэн шийдвэр гаргасанд бид гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан нотлох баримт бүрдүүлэх болон үнэлэх журмын дагуу явуулсан боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйг зөвтгөн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

            Нэхэмжлэгч “Б” ХХК хариуцагч “Г” БСБ-д холбогдуулан 5 578 102 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч дээрх мөнгийг төлж барагдуулах үүрэггүй гэж маргажээ.

            Хариуцагч “Г” БСБ нь нэхэмжлэгч “Б” ХХК-ийн “Блюскай Тауэр” зочид буудалд гадаадын зочид төлөөлөгчдийг байрлуулахаар харилцан тохиролцож, 2018 оны 3 дугаар сард байгууллагын гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь гэрээний дагуу 3 дугаар сарын 22-25, 4 дүгээр сарын 01-04, 5 дугаар сарын 06-ны өдрөөс 09-ний өдрүүдэд гадаадын зочин хүлээн авч байрлуулан, 5 578 102 төгрөгийн үйлчилгээ үзүүлсэн болох нь талуудын тайлбар, төлбөрийн нэхэмжлэх зэргээр тогтоогджээ. /хх7-13/

            Дээрх гэрээгээр нэхэмжлэгч нь гэрээнд заасан үнийн дүнгээр “Блюскай Тауэр” зочид буудалд зочин байрлуулах, үйлчилгээгээр хангах, хариуцагч нь гарах төлбөр тооцоог тохиролцсон хугацаанд төлж барагдуулах үүргийг тус тус хүлээжээ.

            Нэхэмжлэгч нь зочид буудлын өрөөг гэрээгээр тохиролцсон хугацаанд хөлслөгчийн эзэмшилд шилжүүлж, үйлчилгээ үзүүлсэн, хариуцагч “Г” БСБ нь гадаадын зочид төлөөлөгчийн зочид буудалд байрласан хугацааны хөлс төлөх үүргийг тус тус хүлээснээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан хөлслүүлэгч нь сууцны зориулалттай өрөөг хариу төлбөртэйгөөр хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэхтэй холбоотой үүрэг үүсгэсэн гэрээ байгуулагдсан байна. Шүүх талуудын хооронд байгуулагдсан уг гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасан нэрлэгдээгүй гэрээ гэж дүгнэн, гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэхтэй холбоотой ерөнхий заалт буюу тус хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсгийг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсныг хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзнэ. Уг харилцаанаас үүссэн үүргийг буюу хөлсөлсөн өрөөний төлбөр төлөх үүргийг тодорхойлсон нарийвчилсан зохицуулалт бүхий Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны байх шаардлагад нийцнэ.

2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авахаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаагаар хойшлуулжээ. Иймд хариуцагчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцох, бэлтгэх боломжит хугацааг шүүхээс олгосон тул хэргийн оролцогчийн өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах эрхийг зөрчсөн гэж үзэхгүй. Түүнчлэн 9 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч талаас гаргасан өмгөөлөгчийг өвчтэй байгаа талаарх баримт буюу эмнэлгийн магадлагаа нь тогтоосон журмын дагуу тавигдсан шаардлагыг хангаагүй, магадлагаа гаргах талаар ажил хэргийн хүрээнд тогтсон журмыг баримтлаагүй гэж үзнэ. Шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2018/01911 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт заасныг баримтлан” гэснийг, “Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасныг баримтлан” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тус төлсөн 104 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                  ШҮҮГЧИД                                   Д.ЦОГТСАЙХАН

                                                                                          А.ОТГОНЦЭЦЭГ