Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 01911

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Б” ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч “Г” БСБ-д холбогдох,

 

5 578 102 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд, Х.Энхзул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Пүрэвсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Байгалмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Б” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Г” БСБ нь 2018 оны 03 дугаар сарын 22-25, 2018 оны 04 дүгээр сарын 01-04, 2018 оны 05 дугаар сарын 09-13-ны өдрийн хооронд гадаадын 4 зочныг “Блю Скай Тауэр” зочид буудалд байрлуулан үйлчилгээ авсан боловч тэдгээр зочдын өрөөний болон рестораны төлбөрийг төлөх ёстой хугацаандаа төлж барагдуулахгүй, гэрээнд заасан үүргээ биелүүлэхээс зайлсхийж байгаа болно.

Иймд үйлчилгээний гэрээт төлбөр болох 5 578 102 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэв.

 

Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г нь манай зочид буудалд 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 3 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 3/гурав/ зочин, 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 4 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл 1/нэг/ зочин, 5 дугаар сарын 06-ны өдрөөс 5 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 3/гурав/ зочин байрлуулан үйлчилгээ авсан боловч төлбөрөө төлөөгүй.” гэв.

Хариуцагч “Г” БСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Пүрэвсүрэн шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай “Гурэн Дээд Сургууль” БСБ нь нэхэмжлэгч “Б” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай байгууллага нь нэхэмжлэгч талд 5 578 102 төгрөгийг төлж барагдуулах үүрэггүй болох нь шүүхийн хэлэцүүлэгээс өмнө бидний гаргаж өгөх бидний тайлбар болон нотлох баримтуудаар нотлогдоно. Хариу тайлбараа дэмжиж байна.

Бидний зүгээс тайлбар гаргах, баримт гаргаж өгөх эрхийг эдлүүлсэнгүй. Шүүх хуралдааныг шударга ёсны дагуу явагдаж байгаа гэдэгт эргэлзэж байгаа. Бид өмгөөлөгчдөө баримтаа өгсөн байгаа. Бид төлөхөөс татгалзаж байгаа. Маргаанд тайлбар гаргах боломжоор хангасангүй.” гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                   

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Б” ХХК хариуцагч “Г” БСБ-д холбогдуулан нийт 5 578 102/таван сая таван зуун далан найман мянга нэг зуун хоёр/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч “Г” БСБ нь 5 578 102/таван сая таван зуун далан найман мянга нэг зуун хоёр/ төгрөгийг төлж барагдуулах үүрэггүй гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2018 оны 3 дугаар сард Гэрээ байгуулсан болох нь Гэрээний хуулбараар нотлогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргахгүй байна.

 

Гэрээний 1-ийн 1-т зааснаар нэхэмжлэгч нь гэрээнд заасан үнийн дүнгээр зочид буудалд зочин хүлээн авах, үйлчилгээгээр хангах, хариуцагч нь түүнтэй холбогдон гарах төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн болох нь зохигчийн тайлбар, Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.”, 189.5-д “Энэ хуулиар ... шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэнэ. Нэрлэгдээгүй гэрээнд энэ хуулийн үүргийн тухай нийтлэг үндэслэл хамаарна.” гэж заасан.

 

Зохигчид Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 189.5 дахь хэсэгт зааснаар Гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, нэрлэгдээгүй Гэрээ байгуулсан болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 189.5 дахь хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 189.5 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас Гэрээнд зааснаар Б зочид буудалд 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 3 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 3/гурав/ зочин байрлуулан үйлчилгээ үзүүлсэн төлбөрт 1 993 790/нэг сая есөн зуун ерэн гурван мянга долоон зуун ер/ төгрөгийг, 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 4 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл 1/нэг/ зочин байрлуулан үйлчилгээ үзүүлсэн төлбөрт 1 025 374/нэг сая хорин таван мянга гурван зуун далан дөрөв/ төгрөгийг, 5 дугаар сарын 06-ны өдрөөс 5 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 3/гурав/ зочин байрлуулан үйлчилгээ үзүүлсэн төлбөрт 2 558 938/хоёр сая таван зуун тавин найман мянга есөн зуун гучин найм/ төгрөгийг, нийт 5 578 102/таван сая таван зуун далан найман мянга нэг зуун хоёр/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

 

Хариуцагч нь дурдсан хугацаанд Б зочид буудалд зочин байрлуулсан талаар маргахгүй байх боловч зочин байрлуулан үйлчилгээ үзүүлсэн төлбөрийг төлөхөөс татгалзаж байгаа үндэслэлээ тодруулаагүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтад зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг үгүйсгэж, татгалзаж байгаа үндэслэл, тайлбараа нотлоогүй болно.

 

Нэхэмжлэгч нь Гэрээнд зааснаар Б зочид буудалд 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 3 дугаар сарын 25-ны өдөр хүртэл, 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 4 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл, 5 дугаар сарын 06-ны өдрөөс 5 дугаар сарын 09-ний өдөр хүртэл зочин хүлээн авч байрлуулан нийт 5 578 102/таван сая таван зуун далан найман мянга нэг зуун хоёр/ төгрөгийн үйлчилгээ үзүүлсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, 2015/321, 2015/335, 2015/546 нэхэмжлэх, Гэрээний хуулбараар нотлогдож байна.

 

Гэрээний 1, 9-т зааснаар хариуцагч нь зочин байрлуулсан төлбөрийг зочин зочид буудалд байрлахаас нэг хоногийн өмнө төлөх үүрэгтэй байх боловч төлбөрийг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, 2015/321, 2015/335, 2015/546 нэхэмжлэх, Гэрээний хуулбараар нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас нэхэмжлэгчийн Б зочид буудалд 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 3 дугаар сарын 25-ны өдөр хүртэл, 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 4 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл, 5 дугаар сарын 06-ны өдрөөс 5 дугаар сарын 09-ний өдөр хүртэл зочин байрлуулан үйлчилгээ авсан төлбөрт нийт 5 578 102/таван сая таван зуун далан найман мянга нэг зуун хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Г” БСБ-с нийт 5 578 102/таван сая таван зуун далан найман мянга нэг зуун хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

  1. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Г” БСБ-с нийт 5 578 102/таван сая таван зуун далан найман мянга нэг зуун хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “Б” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 104 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Г” БСБ-с 104 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ                                  С.ХИШИГБАТ