Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2019/00397

 

БСЭ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2018/01911 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2245 дугаар магадлалтай,

БСЭ ХХК-ийн нэхэмжлэлтэй

ГДС- БСБ-д холбогдох, 

5.578.102 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.П, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч БСЭ ХХК-ийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...ГДС- БСБ нь 2018 оны 3 дугаар сарын 22-25, 2018 оны 4 дүгээр сарын 01-04, 2018 оны 5 дугаар сарын 09-13-ны өдрийн хооронд гадаадын зочдыг Блюскай Тауэр зочид буудалд байрлуулан үйлчилгээ авсан боловч өрөөний болон рестораны төлбөрийг төлөх ёстой хугацаандаа төлж барагдуулахгүй, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул үйлчилгээний гэрээт төлбөр болох 5.578.102 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ГДС- БСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Манай байгууллага нь нэхэмжлэгч талд 5.578.102 төгрөгийг төлж барагдуулах үүрэггүй гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2018/01911 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас 5.578.102 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 104 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 104.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2245 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2018/01911 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт заасныг баримтлан гэснийг, Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасныг баримтлан гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тус төлсөн 104.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.П хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүхээс бидний өмгөөлүүлэх эрхийг зөрчиж мэтгэлцэх зарчмыг хангалгүйгээр шүүх хурлыг хүч түрэн хийж бидний хууль ёсны эрх ашгийг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж энэхүү асуудлаар бид хууль зүйн үндэслэлээ тайлбарлаж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүх хуралдаан зарлагдсан 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хариуцагч ГДС- БСБ-ын өмгөөлөгч Т.Отгонбаатарын зүгээс эрүүл мэндэд нь хүндэтгэх шалтгаан гарч хэвтэрийн дэглэм сахиж, олон хоног үргэлжилсэн эмчилгээ хийлгэх болсон тул ажлаас түр чөлөөлсөн тухай эмнэлэгийн магадлагааг шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийн хамт ирүүлсэн боловч шүүх хэргийг шийдвэрлэсэн ба хамгийн гол нь энэхүү гэнэтийн үйл явдлын улмаас хариуцагч талын өмгөөлүүлэх эрх биднээс хамаарахгүй нөхцөл байдлын улмаас хангагдаж чадалгүй зөрчигдөж байгааг хариуцагчийн зүгээс шүүхэд тайлбарлаж энэхүү хүндэтгэн үзэх нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүх хуралдааныг түр хугацаагаар хойшлуулж өгөх хүсэлтийг тавьсан боловч шүүх энэхүү нөхцөл байдлыг харгалзаж үзэлгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь бидний хууль ёсны эрх ашгийг хохироосон үйл явдал болсныг давж заалдах шатны шүүх харгалзаж үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхийг зөрчиж буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн гэх агуулгатай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

БСЭ ХХК, ГДС- БСБ-д холбогдуулан зочид буудлын өрөөний болон рестораны үйлчилгээний хөлс 5.578.102 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хэргийн баримтад үндэслэсэн боловч шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааны төрлийг оновчтой зөв тодорхойлоогүй, уг алдааг давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянахдаа залруулжээ.

Хариуцагч ГДС- БСБ, нэхэмжлэгч БСЭ ХХК-ийн Блюскай Тауэр зочид буудалд сургуулийн шугамаар гадаадаас ирсэн зочдыг  2018 оны 3 дугаар сарын 22-25, 2018 оны 04 дүгээр сарын 01-04, 2018 оны 05 дугаар сарын 09-13-ны хооронд байрлуулж үйлчилгээ авсан нь тогтоогдсон байна. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн хэдий ч  үндэслэлээ тодорхойлж татгалзлаа нотлоогүй байна.

Иймээс нэхэмжлэлийг хангасан хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн гэж үзлээ.

Хэргийн баримтаас үзвэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах хүсэлтээр 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдаан мөн оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хойшлогджээ. Шүүх хуралдаан товлогдсон өдөр хүртэл хариуцагч өмгөөлөгч авсан тухайгаа шүүхэд мэдэгдсэн, түүний өмгөөлөгч ирж хэргийн баримттай танилцсан тухай буюу шүүх хуралдаанд оролцох бэлтгэлийг хангасан гэх баримт хэрэгт байхгүй байна. Харин 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг дахин хойшлуулах хүсэлт гаргаж, үндэслэлээ, өмгөөлөгч Т.Отгонбаатар өвчний улмаас шүүхэд ирэх боломжгүй гэжээ. Шүүгч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангахгүй орхиж, захирамж гаргасан байх ба шүүгчийн энэ шийдвэрийг   буруутгах үндэслэл тогтоогдоогүй байна. Учир нь хариуцагч нь өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхтэй боловч уг эрхээ хэрэгжүүлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж болохгүй юм. Шүүх иргэний хэрэг үүсгэсний дараа хариуцагчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг танилцуулсан, өмнө нь товлогдсон шүүх хуралдаан хариуцагчийн өмгөөлөгч авах хүсэлтээр хойшлогдсон байх тул шүүх өмгөөлөгч авах боломжоор хангасан, хариуцагчийн эрхийг эдлүүлсэн гэж үзнэ. Түүний сонгосон өмгөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй явдал нь шүүх хуралдааныг дахин хойшлуулах үндэслэл болохгүй, энэ талаар хүсэлтийг хэрэгсэхгүй болгохдоо хийсэн шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

Дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2245 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 104.200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ