Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
Хэргийн индекс | 128/2017/0163/З |
Дугаар | 428 |
Огноо | 2017-11-01 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 428
“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхжаргал нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2017/0424 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2017/0556 дугаар магадлалтай, “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2017/0424 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 299 дүгээр шийдвэрийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2017/0556 дугаар магадлалаар: Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 424 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан журмын дагуу энэхүү гомдлыг гаргаж байна. Өмнөговь аймгийн Манлай сумын нутаг Оюутманлай нэртэй 65087 гектар бүхий ашигт малтмалын хайгуулын ХВ-012438 тоот тусгай зөвшөөрлийг анх Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын /хуучин нэрээр/ 2008 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1336 дугаар шийдвэрээр “Э” ХХК-д олгогдсон байна. “Э” ХХК-иас 2011 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг гаргасныг кадастрын өргөдлийн бүртгэлийн ЕХ-005466 дугаарт бүртгэсэн байна. Өргөдлийг хянан үзэж Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-д “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ” заалтыг үндэслэн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2011 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 881 дүгээр шийдвэрээр хүчингүй болсон ХВ-012438 хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 2011 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс тооцон 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг дуустал 3-н жилийн хугацаагаар сунгаж тусгай зөвшөөрлийн бүртгэл болон хавсралтад тэмдэглэгээ хийж байсан. Мөн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 413 дугаар шийдвэрээр хүчингүй болсон ХВ-012438 хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс тооцон 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг дуустал 3-н жилийн хугацаагаар сунгасан байна. Нэхэмжлэгч компани нь тусгай зөвшөөрлийн 1-6 дахь жилийн төлбөрийг жил бүр урьдчилан төлж байсан бөгөөд 7 дахь жилийн төлбөрийг бүрэн төлөлгүй тавин дөрвөн сая таван зуун мянган төгрөгийг төлж /54.500.000/ үлдэгдэл зөрүүг төлөөгүй бөгөөд энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар бүлэг 32, 34 дүгээр зүйлд заасан үүргээ биелүүлээгүй болно. Төрийн захиргааны байгууллагаас Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах нөхцөл бүрдсэн тул холбогдох нотлох баримтыг ирүүлэх тухай мэдэгдлийг Кадастрын хэлтсээс 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 6/333 тоотоор хүргүүлсэн байна. Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 299 дүгээр шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын ХВ-014238 тоот тусгай зөвшөөрлийг цуцалж улмаар тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай мэдэгдлийг 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 6/2813 тоотоор мэдэгдсэн бөгөөд тус мэдэгдэл нь 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр буцалтаар ирж бичиг хэргийн дэвтэрт тэмдэглэгдсэн байна. Гэтэл давж заалдах шатны шүүх магадлалын хэсэгт: ...АМТХ 56.2-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэж заасан бөгөөд эрх зүйн харилцаа үүссэн тохиолдолд албан ёсны хаягаар нь харилцах үүрэгтэй байна. Тусгай зөвшөөрөл цуцлах тухай мэдэгдлийг хуулийн этгээдийн албан ёсны хаягаар хүргүүлсэн тохиолдолд хариуцагч байгууллагыг АМТХ 56.2-д заасан үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжтой гэтэл 6/333 мэдэгдлийг нэхэмжлэгч компанид ямар хаягаар хүргүүлсэн тухай баримт хэрэгт авагдаагүй байна. АМТХ 18.2.1, 35.12-д зааснаар тусгай зөвшөөрлийн асуудлаар харилцах албан ёсны хаягаа төрийн захиргааны байгууллагад мэдэгдэх үүрэгтэй байна. Гэтэл хэрэгт нэхэмжлэгч хуулийн этгээд нь хайгуулын тусгай зөвшөөрөл авахдаа албан ёсоор ямар хаяг бүртгүүлсэн албан ёсны хаягаа өөрчилж байсан эсэх, өөрчилсөн бол хариуцагч байгууллагад мэдэгдсэн эсэх талаар нотлох баримт авагдаагүй байх тул энэ талаар нотлох баримт цуглуулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна. Анхан шатны шүүх RD113294345MN бүртгэлийн дугаартай мэдэгдлийг Монгол шуудан ТӨХК 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 12,45 цагт “Э” ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Б-д гардуулсан нь шуудан хүргэгчийн дэвтэр болон илгээмжийн цахим мэдээллээр нотлогдож байна гэж дүгнэсэн нь 6/2813 дугаар мэдэгдлийг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн албан ёсны бүртгэлтэй хаягаар хүргүүлсэн эсэх маргааныг таслан шийдвэрлэх үндэслэл биш байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2017/0556 магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ
Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн дарга 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 299 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй хэмээн “Э” ХХК-ийн Өмнөговь аймгийн Манлай сумын нутаг Оюутманлай нэртэй ашигт малтмалын хайгуулын XV-014238 дугаар тусгай зөвшөөрлийг цуцалжээ.
Нэхэмжлэгчээс “тусгай зөвшөөрлийг цуцлахаас өмнө мэдэгдэх үүргээ тусгай зөвшөөрөл олгогч захиргааны байгууллага биелүүлээгүй” гэж, хариуцагчаас “нэхэмжлэгч компани 7 дахь жилийн төлбөрийг бүрэн төлөөгүй, хуульд заасан үүргээ биелүүлээгүй, тусгай зөвшөөрөл цуцлагдах нөхцөл бүрдэх тухай мэгдэгдэл хүргүүлсэн” гэж маргажээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэж заасны дагуу тусгай зөвшөөрөл олгогч захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдэд түүний албан ёсоор бүртгүүлсэн хаягаар тусгай зөвшөөрөл цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлэх ёстой бөгөөд хэрэв албан ёсоор бүртгүүлсэн хаягаар хүргүүлээгүй тохиолдолд эрх зүйн үр дагавар үүсгэхгүй гэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй байна.
Ашигт малтмалын газрын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 6/333 дугаар мэдэгдлийг нэхэмжлэгч хуулийн этгээдэд ямар хаягаар хүргүүлсэн тухай нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх энэхүү мэдэгдлийг ““Э” ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Б-д гардуулсан нь шуудан хүргэгчийн дэвтэр болон илгээмжийн цахим мэдээллээр нотлогдож байна” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байх тул хариуцагчийн энэ талаарх гомдлыг хүлээн авах боломжгүй.
Нэхэмжлэгч “Э” ХХК хайгуулын тусгай зөвшөөрөл авахдаа бүртгүүлсэн албан ёсны хаяг хэрэгт байхгүй, уг хаяг нь өөрчлөгдсэн эсэх талаарх нотлох баримт авагдаагүй тул хяналтын шатны шүүхээс шууд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.
Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2017/0556 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН