Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 140/ШШ2020/00042

 

 

2020 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 140/ШШ2020/00042

 

Завхан аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.Өрнөхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мэндбилэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Хаан банкны Завхан салбарын нэхэмжлэлтэй Б.Алтанцоожид холбогдох 2018 оны 8-р сарын 08-ны өдрийн ЗГ/201843786740 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, үндсэн зээлийн үлдэгдэл 6,323,255.07 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 84,817.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 199.69 төгрөг, нийт 6,408,242.60 төгрөгийг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Хаан банкны Завхан салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Дашбалжир, Б.Алтанцоож нар нь тус банкны Завхан салбарын Яруу тооцооны төвөөс 2018 оны 08-р сарын 08-ны өдөр ЗГ/201843786740 тоот зээлийн гэрээ байгуулан 6,964,228.37 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр нэмэлт 800,000 төгрөгийн зээлийг авч нийт 7,764,228.37 төгрөгийн зээлийг сарын 1,7 хувийн хүүтэй, 48 сарын хуагцаатай өрхийн хэрэглээний зориулалтаар зээлсэн.

Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.4.1-д заасан нөхцөлийг зөрчин зээлийг хугацаандаа төлөөгүй улмаас зээлийн хугацаа хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул, банк зээлийн гэрээний 5.1.5, 5.1.7-д заасан үндэслэлээр зээлийг буцаан дуудаж, зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилэн мэдэгдсэн боловч хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна.

Иймд банк зээлийн гэрээний 4.2.2, 4.2.4, 5.1.5 заалтыг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

1. 2018 оны 8-р сарын 8-ны өдрийн ЗГ/201843786740 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах,

2. З үндсэн зээлийн үлдэгдэл 6,323,255.07 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 84,817.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 199.69 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 177,482 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж /эвлэрүүлэн зуучлалд төлсөн/ 30000 төгрөг, нийт 6,615,724 төгрөгийг гаргуулах,

3. Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

Хариуцагч Б.Алтанцоож шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний нөхөр б.Дашбалжир нь 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ЗГ/201843401611 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулан, 48 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэй нийт 7,622,855.28 төгрөгийн цалингийн зээлийг Хаан банкны Завхан салбараас авсан.

Би нөхрийнхөө гуйлтын дагуу хамтран зээлдэгчээр тус зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч тус зээлсэн мөнгөнөөс нэг төгрөг ч аваагүй юм. Учир нь бид хувийн таарамжгүй харьцааны улмаас тус тусдаа өөр газар амьдардаг байсан. Би нэг гэрт хамт амьдардаг байснаа бодоод түүний гуйлтыг зөвшөөрсөн ба авсан зээлээ юунд зарцуулсан талаар мэдэхгүй. Намайг Улаанбаатар хотод байх үед нөхөр Б.Дашбалжир нь зуурдаар 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр нас барсан.

Талийгаач нь Завхан аймгийн Яруу сумын Засаг даргын тамгын газарт галчийн ажил эрхэлдэг байсан ба өөрийн олсон цалин хөлс, орлогоосоо банкны өр зээлээ төлдөг байсан. Миний бие талийгаачтай тусдаа амьдарч байсан болохоор банкны өрөнд нийт хэдэн төгрөг төлсөн талаар мэдэхгүй.

Хаан банк нь зээлийн гэрээний 2.1.2-т "Зээлийг цалингийн зээл зориулалтаар ашиглана. Энэ нь банкны ЦАЛИНГИЙН ЗЭЭЛ МNТ төрлийн бүтээгдэхүүн болно гэж зээлийн төрлөө тодорхойлсон байна. Гэтэл зээл авсан үндсэн зээлдэгч нас барсан байхад цалин орлогогүй хамтран зээлдэгч надаас зээлийг төлүүлэхээр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй юм.

Учир нь талийгаач нь сар бүрийн цалин хөлсөө барьцаалан Хаан банкнаас 7,622,855.28 төгрөгийн зээл авсан бөгөөд уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга нь талийгаачийн цалин хөлс байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1,49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл шагнал, урамшууллаас бүрддэг ба ажилтны хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгогддог хөдөлмөрийн хөлс юм. Ийнхүү хөдөлмөр эрхлэх, үүний төлөө цалин хөлс авах нь зөвхөн тухайн хүний хувийн байдалтай салшгүй холбоотой эрх ба нөгөө талаар өөрийн орлогоо барьцаалж, цалингийн зээл авах нь хүний хувийн байдалтай салшгүй холбоотой үүргийг үүсгэдэг юм.

Монгол Улсын Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т Үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан тохиолдолд түүний үүрэг дуусгавар болно гэж заасан.

Зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой цалингийн зээлийн үүрэг зээлдэгч нас барснаар дуусгавар болох нь нэхэмжлэлийн үндэслэл болж буй зээлийн гэрээ болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтанд тодорхой тусгагдсан байна.

Миний бие хамтран зээлдэгч гэж гэрээнд заагдсан боловч зээлийг авч зарцуулаагүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, цалин хөлс байхгүй, 3 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйгээс тус цалингийн зээлийн үлдэгдэл төлбөр 6,323,255.07 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 84,817.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 199.69 төгрөг нийт 6,408,242.60 төгрөгийн гаргуулахаар нэхэмжилж буй нь үндэслэлгүй байна.

Иймд Хаан банкны Завхан салбарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.Өрнөхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХААН банкны зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа бичгээр гаргаж хэрэгт хавсаргасан байгаа нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж оролцож байна. Зээлийн гэрээнд үндсэн зээлдэгч, хамтран зээлдэгч нар нь адил үүрэг хүлээх учраас уг зээлийн төлөгдөж дуусах хүртэл хугацаанд гэрээнээс үүсэх хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй. Б.Алтанцоож нь зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурахгүй, хамтран зээлдэгчээр оролцохгүй байх бүрэн боломжтой байсан. Гэтэл зээлийн гэрээнд хамтран зээлдэгч гарын үсэг зурж, гэрээнд заасан үүргээ зөрчсөн тохиолдолд гарах үр дагаврыг бүрэн ухамсарлаж, харилцан тохиролцож, зөвшилцсөний улмаас уг гэрээнд дээр гарын үсэг зурсан байна. Хэрвээ Алтанцоож зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй байсан бол гэрээний шаардлагыг биелүүлэх нөхцөл байдал үүсэхгүй байсан. Тийм учраас хамтран зээлдэгч гэрээнд заасан үүргээ үнэнч шударгаар биелүүлэх үүрэг хүлээсэн байна. Иймээс Б.Алтанцоож нь гэрээнд заасан зээлийн үлдэгдлээ бүрэн барагдуулах шаардлагатай байна. Үндсэн зээлдэгч, хамтран зээлдэгч нар нь цалингийн ирээдүйн орлогоо барьцаалан өрхийн хэрэглээний зээл авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үндсэн зээлдэгч нас барснаар зээлийн гэрээ дуусгавар болох талаар зохицуулалт байхгүй. Банк эдгээр зээлдэгч нарын аль нэгнээс нь зээлийг шаардах эрхтэй. Мөн төлбөрийн нөхцөл дээр харилцан тохиролцох боломжтой гэсэн тайлбар гаргаж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мэндбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийг төлөөлж шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Хариуцагч Б.Алтанцоож нь бичиг, үсэг мэдэхгүй, тодорхой эрхэлсэн ажил байхгүй, 2018 оноос хамтран амьдарч байсан Дашбалжир гэдэг хүнээсээ салаад тусдаа Завхан аймгийн Улиастай сумд ээжийнхээ хамт амьдарч хүүхдээ Улиастай сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуульд сургаж байсан. Одоо тогтмол ажил хийж олсон орлого байхгүй, хувийн мал хөрөнгө байхгүй, ээжийнхээ гэрт амьдарч байгаа. Дашбалжираас авч хоцорсон гэр нь одоо хураалгаастай байж байгаа. Тэжээгчээ алдсны тэтгэмж 180,000 төгрөг 7, 8 дугаар сард олгогдсныг ХААН банкнаас зээлийн төлбөрт суутгаад авсан байсан. Зээлийн гэрээ дээр барьцаа хөрөнгө бол цалин гэж байгаа гэвч үндсэн зээлдэгч нас барсан байна. Тийм учраас Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар тухайн үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зардлагдсан бол түүнийг дуусгавар болно гэж заасан. ХААН банкны зүгээс Дашбалжирын цалинг барьцаалж олгосон зээл учраас хувь хүний хэрэг. Гэрээнд зааснаар тухайн хувь хүн нь нас бараад цалингийн орлого байхгүй учраас энэ хүний цалингийн зээл нь дуусгавар болсон гэж үзэж байна. Тийм учраас нас барснаас нь хойш 6-10 сар хүртэлх хүүг төлөх боломжгүй учраас үндсэн зээлдэгч нас барж цалингийн орлого байхгүй болсон. Зээлийн гэрээнд барьцаалсан хөрөнгө болох гэр байгааг ав гэж хэлж байсан. Тийм учраас зээлийн төлбөрийг Б.Алтанцоожоос нэхэмжлэх үндэслэл байхгүй. Иймд Хаан банкны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:

Хаан банкны Завхан салбар нь Б.Алтанцоожид холбогдуулан 2018 оны 8-р сарын 08-ны өдөр байгуулсан ЗГ/201843786740 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, үндсэн зээлийн үлдэгдэл 6,323,255.07 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 84,817.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 199.69 төгрөг, нийт 6,408,242.60 төгрөгийг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хаан банкны Завхан салбар нь 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр ЗГ/201843786740 тоот зээлийн гэрээ байгуулан 6,964,228.37 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр нэмэлт 800,000 төгрөгийн зээлийг авч нийт 7,764,228.37 төгрөгийн зээлийг сарын 1,7 хувийн хүүтэй, 48 сарын хуагцаатай өрхийн хэрэглээний зориулалтаар зээлдүүлсэн. Гэрээний зээлдэгч гэсэн хэсэгт Б.Дашбалжир, хамтран үүрэг гүйцэтгэгч гэсэн хэсэгт Б.Алтанцоож нар гарын үсэг зурсан нь хэргийн баримтаар тогтоогдож байна.

Түүнчлэн зээлдэгч Б.Дашбалжир, Б.Алтанцоож нар нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 201843786740 дугаартай /хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө/ барьцааны гэрээ байгуулжээ.

Зохигчид зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй, түүнчлэн Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасны дагуу дээрх гэрээг байгуулсан байх тул талуудын хооронд мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч Б.Дашбалжир, Б.Алтанцоож нараас зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.

Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч хугацаанаас нь өмнө гэрээг дангаараа цуцалж байгаа нь хуульд харшлаагүй байна гэж үзлээ.

Гэрээний дагуу зээлдүүлэгч зээлийн зүйл болох 6,964,228.37 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 800,000 төгрөгийг зээлдэгч нарын өмчлөлд шилжүүлсэн, зээлдэгч нь хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлж байсан боловч 2019 оны 06 дугаар сараас хойш зээлийн төлбөрийг төлөөгүйгээс 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 6,323,225.07 төгрөгийн, зээлийн хүүгийн төлбөрт 84,817.84 төгрөгийн, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 199.69 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх бөгөөд нэхэмжлэгчийн дээрх мөнгөн дүнг хариуцагч үгүйсгээгүй байна.

Түүнчлэн дээрх гэрээний хугацаанд буюу 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр зээлдэгч Б.Дашбалжир нас барсан үйл баримт тогтоогджээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ...талийгаач нь Завхан аймгийн Яруу сумын Засаг даргын тамгын газарт галчийн ажил эрхэлдэг байсан ба өөрийн олсон цалин хөлс, орлогоосоо банкны өр зээлээ төлдөг байсан. ...Хаан банкнаас 7,622,855.28 төгрөгийн зээл авсан бөгөөд уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга нь талийгаачийн цалин хөлс байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1,49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл шагнал, урамшууллаас бүрддэг ба ажилтны хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгогддог хөдөлмөрийн хөлс юм. Ийнхүү хөдөлмөр эрхлэх, үүний төлөө цалин хөлс авах нь зөвхөн тухайн хүний хувийн байдалтай салшгүй холбоотой эрх ба нөгөө талаар өөрийн орлогоо барьцаалж, цалингийн зээл авах нь хүний хувийн байдалтай салшгүй холбоотой үүргийг үүсгэдэг, ...Зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой цалингийн зээлийн үүрэг зээлдэгч нас барснаар дуусгавар болох нь нэхэмжлэлийн үндэслэл болж буй зээлийн гэрээ болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтанд тодорхой тусгагдсан байна. ...иймд Хаан банкны Завхан салбарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж маргаж байна.

Талуудын хооронд байгуулагдсан Хэрэглээний зээлийн гэрээ болон Барьцаат зээлийн гэрээ-гээр зээлдэгч Б.Алтанцоож нь хамтран зээлдэгч тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар түүнийг хамтран үүрэг гүйцэтгэгч гэнэ.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй гэж заасан.

Харин үүрэг гүйцэтгүүлэгч нь уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь Б.Алтанцоожоос нэхэмжилсэн нь шударга ёсонд нийцээгүй байна гэж үзлээ.

Учир нь зээлийн гэрээний үүргийн зээлдэгч нар зээлээ хэрхэн хариуцахаар харилцан тохироогүй энэ талаар гэрээнд заагаагүй байх тул үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй учраас тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэж үзнэ.

Хэдийгээр хариуцагч Б.Алтанцоож нь ...Б.Дашбалжирыг цалингийн зээлээ барьцаалж зээл авсан, ...цалингийн зээл авах нь хүний хувийн байдалтай салшгүй холбоотой үүргийг үүсгэдэг... гэж тайлбарлаж, тус нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохыг хүсч байгаа боловч Б.Дашбалжирыг хаана ямар ажил эрхэлдэг, хэдий хэмжээний цалин хөлс авдаг болох нь зээлийн гэрээ болон хавтсралтад огт тусгагдаагүй байгаа учраас үүргийн гүйцэтгэл нь үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгч Б.Дашбалжирын хувийн байдалтай салшгүй холбоотой гэж үзэх хуулийн үндэслэл тогтоогдохгүй байх тул тэрээр нас барснаар түүнд холбогдох зээлийн гэрээний үүрэг дуусгавар болохгүй юм.

Нөгөө талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг тул зохигчдын тайлбар өөрөө нотлох баримт болох хэдий ч нэг талын гаргасан тайлбарыг нөгөө тал үгүйсгэж байгаа тохиолдолд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т зааснаар үндэслэл, татгалзлаа нотлох үүрэгтэйг дурдах нь зүйтэй.

 

Мөн хариуцагч Б.Алтанцоож зээл хүсэгчийн анкет болон өргөдөлд гарын үсэг зурснаар зээлдэгч Б.Дашбалжир дан ганц цалингийн зээлээ барьцаалж зээл авсан гэх дээрх нөхцөл байдал үгүйсгэгдэж байна.

 

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ, мөн хуулийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан хэдий ч үндсэн зээлдэгч Б.Дашбалжир нь 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр нас барсныг анхаарч үзэж, зээлийн зарим төлбөрийн үүргийг түүний нас барсан өдрөөр дуусгавар болгох нь зүйтэй байна.

Хариуцагчаас 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс хойш ямарваа нэгэн төлбөр төлөөгүй байх тул үндсэн зээлийн үлдэгдлийг 6,323,225,07 төгрөгөөр тооцсон нь үндсэлэлтэй байх ба зээлийн хүү болон нэмэгдүлсэн хүүг тооцоолсон тооцооллыг шүүх шалгаж үзэхэд хууль болон гэрээнд нийцэж байгааг дурдах нь зүйтэй.

Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3, 242.11, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар Хаан банк, Б.Дашбалжир, Б.Алтанцоож нарын хооронд байгуулагдсан 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн ЗГ/201843786740 тоот зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Б.Алтанцоожоос үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нийт 3,204,121.30 төгрөгийг гаргуулан Хаан банкны Завхан салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,204,121.30 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Мөн зээлдэгч Б.Дашбалжир нь нас барсантай холбоотойгоор түүний эд хөрөнгө буюу барьцааны зүйл нь бусад этгээдэд өвлөгдсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй, энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ хариуцагч Иргэний хэрэг хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.

Иймд зээл болон зээлийн барьцааны гэрээнүүд хүчин төгөлдөр тул хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураараа эсхүл нэхэмжлэгч буюу төлбөр авагчийн шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Б.Дашбалжир, Б.Алтанцоож нарын 2 иргэний өмчлөлийн Завхан, Яруу, 5-р баг, Чандманьд байрлах гэр, зурагт зэргийг барьцаа хөрөнгөөр хангуулах нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.2, 116, 118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 242 дугаар зүйлийн 242.1, 242.3, 242.11, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн ЗГ/201843786740 тоот барьцаат зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, хариуцагч Улаан Ганьжав овогт Базаррагчаагийн Алтанцоожоос 3,204,121.30 төгрөгийг гаргуулж Хаан банкны Завхан салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,204,121.30 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нь зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдод нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгөөр хангуулсугай.

3. Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 177,482 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Алтанцоожоос 66216 төгрөгийг, улсын төсвийн оролого буюу 100090000941 тоот данснаас 66216 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ