Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 227

 

Б.Ц-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Ш.Эрдэнэбилэг, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 167 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 243 дугаар магадлалтай, Б.Ц-т холбогдох 201623000204 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мянганы гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1978 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Б-гийн Ц нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохирсон” гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ц-ийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас 2 хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жил хасаж, 6 жил хорих ял шийтгэж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-т оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-т хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Ц-т холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мянган гаргасан гомдолдоо “...2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэжээ. Хууль тогтоогч гурван тохиолдолд хууль буцаан хэрэглэж болохоор хуульчилсан байхад давж заалдах шатны шүүх зөвхөн “оногдуулах ялыг хөнгөрүүлсэн” хуулийг буцаан хэрэглэх ёстой гэж үзсэн нь хуулийн уг заалтыг өрөөсгөл тайлбарлаж, буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Харин анхан шатны шүүх хуулийг зөв хэрэглэж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн үеийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцон ял шийтгэл оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлд заасны дагуу хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан нь хууль ёсны дагуу хуулиар оногдуулсан эрх хэмжээний хүрээнд гаргасан шийдвэр гэж үзэж байна.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ...гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно” гэсэн заалт нь зөвхөн хөнгөн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хэрэглэхээр хязгаарласан нь шүүгдэгч Б.Ц-ийн хувьд эрх зүйн байдлыг нь дордуулсан заалт гэж үзэхээр байна.

Давж заалдах шатны шүүх “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлд шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд уг этгээд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулна. Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг, тогтоосон хязгаарлалтыг зөрчөөгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх ялаас чөлөөлнө гэж хуульчлагдаж өөрчлөгдсөн ба шүүхийн шийтгэх тогтоолыг хойшлуулах журам нь эрх зүйн байдлын хувьд хүндэрсэн” гэж үзсэн нь шүүгдэгч Б.Ц-ийг ял хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдэх мэтээр ойлгож, түүний эрх зүйн байдлыг дордуулж хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар зөрчлийг арилгаж шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд заасан тохирох хорих байгууллагад эдлүүлэхээр заах боломжтой байсан.

Хэрэг гарах үед мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулиар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцдоггүй байсан бөгөөд тэр ч үүднээс мөрдөн байцаалтын шатанд бие махбодид нь хөнгөн гэмтэл учирсан У.М, Э.Г нарыг гэрч, иргэний нэхэмжлэгчээр татаж, тэдэнд учирсан хохирлыг нөхөн төлүүлсэн билээ.

Харин 2 хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан үйлдлийг анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт орхигдуулсан байх бөгөөд давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар зөрчлийг арилгах боломж байсан гэж үзэж байна.

Шүүгдэгч нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруу болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээний талаар маргадаггүй бөгөөд мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргаж өгсөн нотлох баримтын хууль зүйн үндэслэл, нотлох баримтын шаардлага хангаж буй эсэхэд дүгнэлт хийлгүйгээр нэхэмжилсэн хэмжээнд нь хохирол барагдуулж байсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэм буруугийн талаар маргасан шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэрийнхээ үндэслэлийг танилцуулсны дараа түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулна” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Ц-ийн хувьд гэм буруугийн талаар ямар нэгэн маргаан байхгүй гэдгээ илэрхийлсэн учир анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь хууль зөрчөөгүй гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 3 дахь заалтад өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээн, давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ш.Эрдэнэбилэг гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, хоёр хүний амь насыг хохироож, хоёр хүний биед хүнд, хөнгөн зэргийн гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглээгүй нь буруу байна. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 5-аас дээш 10 жил хорих ял оногдуулах бол 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т заасан гэмт хэрэгт 2-оос 8 жил хорих ял оногдуулахаар хөнгөрүүлсэн байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлал хуульд нийцсэн тул хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:          

Шүүгдэгч Б.Ц нь 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 13 цаг 30 минутын үед “Тоёота Хайландер” загварын хх хх УНО улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа эсрэг урсгалд орж О.У-ын жолоодож явсан “Тоёота Приус” загварын хх хх УБӨ улсын дугаартай автомашиныг мөргөж, О.У-ын автомашинд зорчиж явсан Ч.О, насанд хүрээгүй У.М нарын амь насыг хохироож, О.У, Ж.Ц нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, “Тоёота Приус” загварын хх хх УБӨ улсын дугаартай автомашинд 7,095,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтыг шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудын хүрээнд анхан шатны шүүх тогтоож, тухайн үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Б.Ц-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 6 жил хорих ял оногдуулж, уг тогтоолыг биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх Б.Ц-т оногдуулах ялыг хөнгөрүүлсэн Эрүүгийн хууль шинээр мөрдөгдөж эхэлсэн байхад анхан шатны шүүх хуулийг буцаан хэрэглээгүй, мөн хорих ял эдлэх дэглэмтэй холбоотой хуулийн зохицуулалт өөрчлөгдсөн байхад жирийн дэглэмд эдлүүлэх гэж зааж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан шинжийг орхигдуулж гэм буруутайд тооцсон, шүүх гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхдээ зөвлөлдөх тасалгаанд орж шийдвэрлээгүй гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.

Б.Ц-ийн дээрх үйлдэл нь тухайн үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт заасан “жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохирсон” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Гэмт хэрэг болон ял, эрүүгийн хариуцлагыг тухайн гэмт хэргийг үйлдэх цаг хугацаанд үйлчилж буй Эрүүгийн хуулиар тодорхойлдог ба энэхүү нийтлэг зарчимд хамаардаггүй ганц тохиолдол нь шинээр мөрдөгдөж эхэлсэн хуулийг хуучин хуулийн үйлчлэлд буцаан хэрэглэх явдал юм.

Энэхүү хууль буцаан хэрэглэх зарчим Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 15 дугаар зүйлийн 1, үндэсний хууль тогтоомж болох 2015 оны шинэчлэн найруулсан 2017 оны 07 дугаар сарын 01-нээс мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд тусгагдсан болно.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт заасан нэмэгдэл ялын хэмжээ 5 жил хүртэл, хорих ялын доод хэмжээ 5 жилээс дээш, дээд хэмжээ 10 жил байхаар хуульчилсан бол уг зүйл, хэсэгтэй тохирох 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т нэмэгдэл ялын хэмжээг 5 жилээс 8 жил болгон нэмэгдүүлж, хорих ялын хэмжээг 2 жилээс 8 жил болгож, хамгийн хүнд төрлийн ялыг хөнгөрүүлэн тогтоожээ.

Анхан шатны шүүх дээрх хоёр хуулийн аль нь хөнгөн болох, хууль буцаан хэрэглэх шаардлага байгаа эсэхийг тодорхойлохдоо тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдлыг харгалзан сонгож Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх зарчмыг хүн тус бүрт өөр өөр байдлаар хэрэглэж болох нөхцөлийг бүрдүүлжээ.

Дээрх хууль хэрэглээний алдаа болон магадлалын тодорхойлох хэсэгт заасан бусад зөрчил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлд хамаарах бөгөөд үүнийг засаж залруулах замаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах эрх хэмжээ давж заалдах шатны шүүхэд хуулиар олгогдсон байтал шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй гэж үзнэ.

Анхан шатны шүүх гэм буруугийн асуудлаар зөвлөлдөөгүй гэж магадлалд заасан нь шүүхийн шийдвэр гарахад сөргөөр нөлөөлсөн, эсхүл нөлөөлөхүйц ямар нөхцөл байдлыг бүрдүүлсэн нь тодорхойгүйгээс гадна энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох ноцтой зөрчилд хамаарахгүй болно.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, эсхүл хүндрүүлэх эрхтэй тул анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, хэргийн нөхцөл байдлыг өөрчлөхгүйгээр хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд өөрийн дотоод итгэлээр мөн хуулийн 39.9 дүгээр зүйлд заасан шийдвэрүүдийн аль нэгийг гаргах боломжтой тул анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэх шаардлагагүй болно.

Иймд Б.Ц-т холбогдох хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 167 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 243 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаасугай.

 

                      ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                        С.БАТДЭЛГЭР

                                                                                         Д.ГАНЗОРИГ

                                                                                         Ч.ХОСБАЯР

                                                                                         Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН