Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 140/ШШ2020/00473

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын 1 дүгээр баг******* багт оршин суух ******* овгийн *******ын ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн ******* сумын ын сургуульд холбогдох

Завхан аймгийн ******* сумын ын сургуулийн захирлын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/06 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан биеийн тамирын багшийн ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, зохих санд төлүүлэх, хүн амын орлогын албан татварыг хууль журмын дагуу суутгах, төлүүлэх,

Мөн тус сургуулийн захирлын 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/32 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэмэгдүүлсэн шаардлагатай нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б., хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. /Шүүхийн ерөнхий зөвлөлийн байрнаас онлайнаар/, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д., нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажлаас үндэслэлгүй халагдсан учраас би урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааныхаа цалин нөхөн олговрыг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Би 2020 оны 01 сарын 31-ний өдрийн Б/06 дугаартай тушаалаар ажлын 6 өдөр шалтгаангүйгээр ажил тасалсан гэдэг үндэслэлээр ажлаас халагдсан.

Би ажлаас халагдсан уг тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас шүүхэд хандсан. Тухайн өдөр буюу 2020 оны 01 сарын 02-ны өдөр би ажил дээрээ байсан. Би сургуулийн сургалтын менежерээс чөлөө авсан. Гэхдээ чөлөө авсан өдрөө ажил дээрээ байсан. Тухайн өдөр сургуулийн захирал ажил дээрээ байхгүй байсан учраас би сургалтын менежер аас чөлөө авсан. Харин 2020 оны 01 сарын 03-ны өдөр миний төрсөн өдөр байсан учраас би ажилдаа ирээгүй. Түүнээс хойш 2020 оны 01 сарын 06-ны өдөр хүртэл би ажил дээрээ байсан. Харин 2020 оны 01 сарын 06-ны өдөр бага ангийн багш нар аймгийн төв дээр семинартай гэсэн учраас бага ангийн багш нарыг аваад аймгийн төвд ирсэн. Гэхдээ тэр өдрөө үдээс өмнө нь ажил дээрээ байж байгаад үдээс хойш 17 цагийн үед аймаг руу гарсан.

Тэгээд би аймгийн төвд ирсэн боловч тэр өдрөө буцаад сум руугаа явсан. Би дунд ангийн сургалтын менежер аас чөлөө авсан боловч чөлөө авсан өдрүүддээ ажил дээрээ байсан.

Гэтэл намайг ажлын өдрүүдэд буюу ажлын 6 өдөр ажил тасалсан гэдэг шалтгаанаар ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан. Би чөлөө авсан өдрүүддээ ажил дээрээ байсан учраас уг тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм бэ гэхээр уг сахилгын шийтгэл ногдуулсан тушаалтай 2020 оны 07 сарын 20-ны өдөр танилцсан. Хариуцагч байгууллагын төлөөлөгч сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг өнөөдөр их хувираа ирж байгаа гэж байна. Би бодохдоо уг тушаалыг нөхөж гаргасан байх гэж үзэж байгаа. Хэрвээ уг тушаал өмнө нь байсан бол намайг шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хавтаст хэрэгт авагдах байх байсан.

Мөн Завхан аймгийн ******* сумын ын сургуулийн ёс зүйн хороо дүгнэлт гаргахдаа сургуулийн эцэг эхийн хурал хуралдсанаас хойш сар гаруй хугацааны дараа сургуулийн ёс зүйн хороог хуралдуулсан.

Ёс зүйн хороог хуралдахдаа 2017 оны тушаалтай хуралдсан. Ёс зүйн хороог шинэчилсэн тушаал байхгүй байсан. Ёс зүйн хороог хуралдуулахдаа сургуулийн захирал ажлын цагаар ажил явдлын цуглаан болоод тэгээд ёс зүйн хорооны гишүүдийг өрөөндөө цуглуулаад захирал өөрөө хажууд нь сууж байгаад хуралдуулсан байсан. Сургуулийн захирал ёс зүйн хороог өрөөндөө дуудаж хуралдуулсан учраас ёс зүйн хорооныхонд нөлөөлсөн байх гэж би үзэж байгаа.

Манай байгууллагын ёс зүйн хороо өмнө нь хуралдаж байгаагүй. Зөвхөн тэр өдөр ёс зүйн хороо хуралдаад дүгнэлт гаргасан байсан. Мөн ёс зүйн хорооны хурлын тэмдэглэлийн талаар ёс зүйн хорооны гишүүн гээс асуухад хуралдсан тэр өдрөө тэмдэглэл хөтлөөгүй байж байгаа сүүлд нь ******* гэдэг багшаар нөхөж бичүүлсэн гэж хэлсэн. Энэ талаар ******* гэрчээр асуугдахдаа ёс зүйн хорооны тэмдэглэлийг дараа нь нөхөж бичсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Ёс зүйн хурал дээр хурлын тэмдэглэл огт хөтлөгдөөгүй.

Сургуулийн эцэг эхийн хурлаас сар гаруй хугацааны дараа сургуулийн ёс зүйн хороо хуралдсан байсан. Багшийн ёс зүйн дүрэмд зааснаар эцэг эхийн хурал хуралдсанаас хойш 14 хоногийн дараа ёс зүйн хороо хуралдана гэж заасан байдаг. Надад сахилгын шийтгэл ногдуулахдаа багшийн ёс зүйн дүрмээр биш төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмээр сахилгын шийтгэл ногдуулсан байсан. Уг нь багшийн ёс зүйн дүрэм гэж тусдаа дүрэм байдаг гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Завхан аймгийн ******* сумын ын сургуулийн захирал нь тухайн сургуулийн биеийн тамирын багш Л.Дашзэвгийг 2020 оны 01 сарын 31-ний өдрийн Б/06 ажлаас халах тухай тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 9.3.5, 9.4.14 дэх заалтууд, сургуулийн дэргэдэх ёс зүйн зөвлөлийн 2020 оны 01 сарын 27-ны өдрийн ёс зүйн дүгнэлтээр багш Л.******* нь ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон, мөн 2020 оны 01 сарын 02-ны өдрөөс 01 сарын 09-ний өдрүүдэд шалтгаангүйгээр ажлын 6 өдөр ажил тасалсан гэх үндэслэлээр ажлаас халж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон.

Л.Дашзэвгийг ажлаас халах болсон эхний шаардлага нь гэвэл хөдөлмөрийн гэрээний 9.3.5 буюу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 хоног буюу түүнээс дээш хугацаанд ажилдаа ирээгүй гэх зөрчлийг гаргасан. Уг зөрчил нь өөрөө хөдөлмөрийн гэрээний 9.3 дугаар зүйлд заасан боловч ажилтан, ажил олгогч 2-ын хооронд тохиролцсоноор ноцтой зөрчилд хамаарч байна. Өөрөөр хэлбэл ажилтан 2-с дээш хоног ажлаа шалтгаангүйгээр таслах юм бол ноцтой зөрчил хамаарна. Л.Дашзэвгийн ажлаа тасалсан энэ үйлдэл нь ноцтой зөрчилд хамаарч байна. Нэхэмжлэгч тал ажил таслаагүй, сургуулийн захирал ажилчдын ирцийг бүртгэх эрхгүй гэж ярьж байгаа нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Бага ангийн сургалтын менежер бага ангийн багш нарынхаа ирцийг бүртгэнэ, ахлах ангийн сургалтын менежер ахлах ангийн багш нарынхаа ирцийг бүртгэдэг. Зөвхөн дан ганц ирцийн бүртгэлийн дэвтрийг үндэслээд цалин бодох боломжгүй. Яагаад гэвэл чөлөө авсан эсэхийг нь хянах боломж байхгүй. Тийм учраас сургуулийн захирал сургуульд ажиллаж байгаа нийт багш нарын ажлын цагийг давхар бүртгэдэг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан ирцийн бүртгэлийн дэвтрээр нотлогдож байна.

Хавтаст хэрэгт авагдсан захирлын ирц бүртгэдэг дэвтрийг хуурамч баримт гэдгийг нотолсон зүйл хавтаст хэрэгт авагдаагүй. Мөн гэрч , гээд сургалтын менежерүүд захирал багш нарын ирцийг бүртгэдэг гэдгийг хэлсэн. Бусад багш ажилчид гэрчийн мэдүүлэг өгөхдөө яагаад зөрүүтэй мэдүүлэг өгсөн гэдгийг өнөөдөр хэн ч мэдэхгүй байна. Янз бүрийн нөлөөнд орсон байх гэдгийг үгүйсгэхгүй.

Л.Дашзэвгийг ажил тасалсан өдрүүдэд сургуулийн захирал өөрөө ирцийн бүртгэлийг бүртгэж байсан. Хавтаст хэрэгт авагдсан ирцийн дэвтрийг сургуулийн захирал багш өөрөө үүрэг өгдөг, гарын үсэг зурж цохдог, дараа, дараагийн багш нарт ирцийн дэвтэр шилжихдээ сургуулийн захирлын гарын үсэгтэй цохогдож явагддаг.

Хавтаст хэрэгт байгаа ирцийн бүртгэлийн дэвтэр дээр 2020 оны 01 сарын 02-ны өдрөөс 01 сарын 09-ний хооронд сургуулийн захирал багш ажиллаж байсан гэдэг нь харагддаг. Хөдөлмөрийн гэрээний 9.3.5 дахь заалтаар 2-с дээш хоног ажил таслах юм бол ноцтой зөрчилд хамаарч байдаг. Гэтэл хавтаст хэрэгт байгаа гэрч нарын мэдүүлэг, нэхэмжлэгч Л.Дашзэвгийн өөрийн тайлбараас харахад 01 сарын 06-ны өдөр би сургалтын менежерээс чөлөө аваад аймаг руу багш нарыг аваад явсан гэсэн, харин сургалтын менежер мэдүүлэгтээ надаас Л.******* 01 сарын 06, 01 сарын 07-ны өдрүүдэд хүүхдээ харна, эхнэр сургалттай гэхээр нь би чөлөө өгсөн гэсэн.

Энэ чөлөө авалт бол хүчингүй. Яагаад хүчингүй юм бэ гэхээр уг чөлөө авалтыг ажил тасалсантай адилтгаж үзнэ. Яагаад вэ гэхээр байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлд 1-7 хоногийн чөлөө олгохдоо сургуулийн захирал олгоно гэж заасан байдаг. Гэтэл сургалтын менежер 01 сарын 06, 01 сарын 07-ны өдрүүдэд чөлөө олгосон тэгээд энэ тухайгаа захиралд хэлээгүй байсан гэх нь үндэслэлгүй. Л.Дашзэгвэ чөлөө олгох ёстой эрх бүхий этгээдээс чөлөө аваагүй, дур мэдэн ашиг орлого олох үүднээс ажлаа таслаад явсан гэдэг нь хангалттай нотлогдож байна.

Ажил тасалсан байдлыг хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчил байна гэж заасан учраас уг асуудал дээр байгууллагын ёс зүйн хороо хуралдаад дүгнэлт гаргаад хэлэлцэх шаардлага байхгүй. Ёс зүйн хороогоороо уг асуудлыг хэлэлцэнэ, хэлэлцээгүй гээд нэхэмжлэгчийн өмгөөлөгч яриад байгаа учраас би энэхүү тайлбарыг гаргаж байна.

Дараагийн асуудал бол Завхан аймгийн ******* сумын ын сургуулийн 9а ангийн 2019 оны 12 сарын 26-ны өдрийн эцэг эхийн хурлаар гэдэг хүний гэдэг хүүхдийн ар дагз руу 2-3 удаа цохьсон байдаг асуудал мөн Лхавгадорж гэдэг хүүхдийг хичээлээс хоцорч орж ирсэн гэдэг шалтгаанаар 40 минут буюу нэг хичээлийн цагийн турш хүүхдийг зохисгүйгээр шийтгэж хүүхдийг удаан зогсоосны улмаас хүүхэд эргэх команд өгөхөд ухаан алдаж унасан байдаг.

Энэ асуудлаар 2019 оны 12 сарын 25-ны өдөр аймгийн Хүүхэд гэр бүлийн газрын 108 дугаар утсанд ирсэн дуудлага эцэг эхийн хурлын үеэр сөхөгдсөн байдаг. Эцэг эхийн хурал дээр Л.******* багш хүүхэд зодсон асуудлыг өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Эцэг эхийн хурал дээр Л.******* багш юу гэж хэлсэн бэ гэхээр гэдэг хүүхдийн ээжийг миний хүүхдийг 2-3 удаа нүүрээр нь ширээ мөргүүлсэн, ширээ мөргүүлсэн үед гэмтэл учирсан гэж хэлэхэд Л.******* хэлэхдээ хэрвээ танай хүүхдийг цохьсон бол миний буруу болно, хэдүүлээ ярилцаж учраа олъё гэж хүүхдийг цохьсоноо хүлээн зөвшөөрсөн байдаг.

Мөн Лхагвадорж гэдэг хүүхдийг хичээлээс хоцорсон учраас хичээлийн 40 минут зогсоосон. Хүүхэд удаан зогсож байгаад эргэ команд өгөхөд хүүхэд ухаан алдаж унасан гэж Л.******* багш буруугаа хүлээсэн байдаг.

Энэ асуудлыг эцэг эх, багш сурагчдын гурвалсан хурал дээр хүлээн зөвшөөрсөн. Л.******* багш эдгээр ёс зүйн зөрчил гаргасан гэдэг нь тогтоогдсон.

Завхан аймгийн ******* сумын ын сургуулийн захирал руу ******* сумын Засаг дарга болон аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газар, аймгийн Боловсролын газраас холбогдоод танай сургуулиас багшийн ноцтой зөрчлийн талаар асуудал гарсан байна энэ асуудлаа дариухан шийдвэрлэж хариу өг гэж мэдэгдсэн учраас захирал сургуулийн ёс зүйн хороонд гурвалсан хурлын тэмдэглэл болон бусад бичгийн нотлох баримтыг шилжүүлээд Л.******* багшийн энэ асуудлыг шийдвэрлэж 108 дугаарын утсанд хариу өг гэж хэлсний дагуу сургуулийн ёс зүйн зөвлөл хуралдсан.

Эцэг эх, багш, сурагчдын гурвалсан хуралд ёс зүйн зөвлөлийн 3 гишүүн оролцсон мөн ёс зүйн зөвлөл 5 гишүүнтэйгээс 3 гишүүн нь хуралдсан. Энэ нь ёс зүйн зөвлөл томилсон сургуулийн захирлын тушаал болон ёс зүйн зөвлөлийн хурлын тэмдэглэл дээрээс харагддаг.

Ёс зүйн зөвлөлийн 3 гишүүн сургуулийн 9а ангийн эцэг эхийн хуралд оролцсон, тэнд яригдсан зүйлийг сонссон мөн Л.******* багш хүүхэд цохьсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн учраас ёс зүйн зөвлөл хангалттай нотлох баримт бүрдсэн гэж үзээд дүгнэлт гаргасан.

Нэхэмжлэгч талаас энэ талаар нотлох баримт байхгүй хангалттай тогтоогдоогүй гэсэн зүйл яриад байна. Гурвалсан хурлын тэмдэглэл бол ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийн хамгийн гол нотлох баримт. Учир нь гурвалсан хуралд Л.******* багш өөрөө оролцсон. Мөн энэ талаараа тайлбар хэлсэн байдаг. Тийм учраас хангалттай нотлох баримт бүрдсэн, мөн тухайн хуралд зодуулсан гэх хүүхдүүдийн ар гэр, эцэг эх болон хүүхдүүд өөрсдөө энэ байдлын талаар хэлсэн, багш буруугаа хүлээсэн байдлууд нь хангалттай нотлогдож байгаа учраас ёс зүйн зөвлөл бичгийн нотлох баримтуудыг үндэслээд дүгнэлт гаргасан. Ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг тухайн багшийг томилж чөлөөлөх эрх бүхий албан тушаалтан хүлээн аваад өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд ажлаас чөлөөлөх тушаал гаргасан.

Сүүлийн байдлаар нэмж хэлэхэд хавтаст хэрэгт авагдсан Завхан аймгийн ******* сумын Засаг даргын албан бичиг, сургуулийн захирал гэлтгүй өмнөх захирлуудын тушаалууд, тухайлбал 2016 оны 11 сарын 18-ний өдрийн А/22 дугаартай сахилгын шийтгэл, мөн ажлын хариуцлага алдсан, хүүхэд зодсон гэх асуудлаар Л.Дашзэгвэ багш 2-3 удаа сахилгын арга хэмжээ авч байсан нь харагдаж байна. Л.******* багш хүүхэд зодсон гэх асуудлыг удаа дараа гаргаж байгаа.

Л.******* багш ёс зүйн хувьд доголдолтой гэдэг нь ганцхан захирлын тушаал биш, өмнө нь ажиллаж байсан захирлуудын тушаал, сахилгын арга хэмжээ авч байсан тушаалуудаас харагдаж байгаа.

Тийм учраас ийм багш цаашлаад Боловсролын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан багшлах эрх, багшийн ёс зүй, сурагчтайгаа харилцах, бие авч явах гээд наад захын харилцаа харагдаж байгаа учраас цаашид Л.******* багшийг ажиллуулах боломжгүй гэдгээ сургуулийн захирал уламжилсан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, шинжээчийн дүгнэлт болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч Завхан аймгийн ******* сумын ын сургуульд холбогдуулан Завхан аймгийн ******* сумын ын сургуулийн захирлын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/06 тоот тушаал, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/32 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан биеийн тамирын багшийн ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, зохих санд төлүүлэх, хүн амын орлогын албан татварыг хууль журмын дагуу суутгах, төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч Л.******* нь Завхан аймгийн ******* сумын дунд сургуулийн захирлын 2007 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 15 дугаартай тушаалаар тус сургуулийн биеийн тамирын багшийн ажил албан тушаалд томилогдон ажилласан байна. /хх-ийн 111/

Талууд хөдөлмөрийн гэрээг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр бичгээр байгуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн гэрээний гол нөхцлийн талаар харилцан тохиролцож, гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /хх-ийн 40, 204/

Талуудын хооронд дээрх 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр / 1 жилийн хугацаатай / хөдөлмөрийн гэрээ шинэчлэн байгуулагдсанаар өмнө байгуулагдсан 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн /2 жилийн хугацаатай/ хөдөлмөрийн гэрээ дуусгавар болжээ. /хх-ийн 4/

Завхан аймгийн ******* сумын ын сургуулийн захирлын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/06 тоот Багш Л.Дашзэвгийг ажлаас халах тухай тушаалаар түүнийг ажлаас нь чөлөөлсөн байна. /хх-ийн 20/

Нэхэмжлэгч Л.******* нь дээрх тушаалыг эс зөвшөөрч 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр тус шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааны дотор шүүхэд хандсан байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Л.Дашзэвгийг ажлаас чөлөөлөх тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэл болгожээ.

Завхан аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын багш Л.Дашзэвгийг хөдөлмөрийн гэрээний 9.3.5-д хүндэтгэх шалтгаангүйгээр 2 хоног түүнээс дээш хугацаанд ажилдаа ирээгүй, ажиллаагүй, 9.3.14-д Ёс зүйн зөрчлийг гаргасан нь сургуулийн дэргэдэх ёс зүйн хороо дүгнэлтээр тогтоогдсон гэж заасныг зөрчиж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй ноцтой зөрчил гаргасан гэж үзжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор хуульчилжээ.

Завхан аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал нь Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т заасан эрх хэмжээнийхээ хүрээнд төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэх асуудлаар эцэслэн дүгнэж шийдвэр гаргах эрх бүхий Төрийн албан хаагчийн ёс зүйн зөвлөл-ийг хуульд заасан үндэслэл журмын дагуу байгуулж, бүрэлдэхүүнд:

- ёс зүйн зөвлөлийн даргаар Б. /Бага ангийн багш/, гишүүдээр О. /Түүх, газар зүйн багш/, С.Содонцэцэг /Ангил, Орос хэлний багш/, Д. /Жижүүр, үйлчлэг/, Т.******* /Нийгмийн ажилтан/ гэсэн 5 гишүүнтэй байхаар тогтоосон тушаал гаргасныг буруутгах үндэслэлгүй юм. /хх-ийн 138/

Завхан аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн дэргэдэх Ёс зүйн зөвлөл-ийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хурлын тэмдэглэлд:

... 9 дүгээр ангийн эцэг, эхийн хуралд хоёр багш хүүхдүүдийг цохисон, хэл амаар доромжилсон. Багш Л.Дашзэвгийн хувьд удаа дараа багшийн ёс зүйн үүргээ биелүүлэхгүй, удаа дараа хүүхдийн биед гар хүрсэн, хэл амаар доромжилсон гомдол эцэг, эхчүүдээс ирсэн ... Л.******* нь ажилдаа 6 хоног ямар ч шалтгаангүйгээр ирээгүй нь хөдөлмөрийн гэрээний 9.3.5 дахь заалтыг зөрчсөн байна ... 9 дүгээр ангийн сурагчдыг 40 гаруй минут удаан зогсоосноос болж сурагч ... ухаан балартан урагшаа унаснаас болж эрүүгээ зад цохисонд таван оёдол тавиулсан байна. Багш Л.*******, Б. нар нь багшийн үүргээ биелүүлэх явцдаа сурагчдын бие махбодид гар хүрсэн, дарамталсан, хэл амаар доромжилсон зөрчил гаргасан байна гэжээ. /хх-ийн 21-22/

Ёс зүйн зөвлөл-ийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан дүгнэлтэд: ... багш Л.*******, Б. нар нь багшийн үүргээ биелүүлэх явцдаа зөрчил гаргасан гэж үзээд холбогдох арга хэмжээ авч ажиллана уу. Дүгнэлтийг эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэв ... гэжээ. /хх-ийн 23-24/

Талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 9.3.14-д ёс зүйн зөрчлийг гаргасан нь сургуулийн дэргэдэх ёс зүйн хороо дүгнэлтээр тогтоогдсон бол ноцтой зөрчилд тооцохоор заасан байна.

Мөн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр тус сургуулийн 9а ангийн эцэг эх, багш, сурагчдын гурвалсан хурал болсон, энэхүү хурлаар зарим багшийн ёс зүйн асуудал яригдсан талаар талууд маргаагүй болно. /хх-ийн 25-34/

Боловсролын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т Багш сурагчдын бие махбодид халдах, тэдэнд сэтгэл санааны дарамт үзүүлэх, хувийн нууцыг нь задруулахыг хориглоно, 44.4-т багш нь хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхдээ багшийн ёс зүйн дүрмийг баримтлан ажиллана гэж заажээ.

Монгол хэлний их тайлбар тольд Биед халдах гэдгийг биед хүрэх, биед хүч хэрэглэх гэж тайлбарласан байна.

Иймд Завхан аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн дэргэдэх Ёс зүйн зөвлөл нь тус сургуулийн биеийн тамирын багш Л.Дашзэвгийг багшийн үүргээ биелүүлэх явцдаа ёс зүйн зөрчил гаргасан байна гэж дүгнэж, дүгнэлтийг эрх бүхий албан тушаалтанд хүргүүлснийг хууль бус дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Л.Дашзэвгийн өмгөөлөгчийн хүсэлтээр Завхан аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн Багш ажилчдын цагийн бүртгэл гэсэн дэвтэрт талуудыг байлцуулан үзлэг хийсэн бөгөөд үзлэгээр 2019 оны 9 дүгээр сараас 2020 оны 01 дүгээр сарыг дуустал хугацааны бүртгэлийг хуульд заасан аргаар бэхжүүлэн авч, тэмдэглэл хөтлөн хэрэгт хавсаргасан болно. /хх-ийн 81-85, 146-152/

Энэхүү үзлэгээр нэхэмжлэгч Л.******* нь 2020 оны 01 дүгээр сарын 02, 03, 06, 07, 08, 09-ний өдрүүдэд Т /тасалсан/ гэж бүртгэгдсэн бөгөөд тайлбар хэсэгт Багш Л.******* шалтгаангүй ажил таслав гэж тэмдэглэгджээ.

Нэхэмжлэгч Л.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: ... Би 2020 оны 1 дүгээр сарын 02, 03, 06, 07, 08, 09-ний өдрүүдэд ажил дээрээ байсан. Намайг ажил тасалсан гэж нөхөж бүртгэсэн байна ... би 2020 оны 01 дүгээр сард өвчтэй байгаагүй, чөлөө аваагүй 2020 оны 01 дүгээр сарын 07, 08-ны өдрүүдийн чөлөөг сургалтын менежерээс авсан боловч би 07, 08-ны өдрүүдэд сургууль дээрээ байсан, ажлаа хийсэн ... гэж тайлбарлаж байна.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Багш Л.Дашзэвгийн ирцийг нөхөж бүртгэсэн зүйл байхгүй ... гэж маргаж байна.

Завхан аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2019-2020 оны Хөдөлмөрийн дотоод журмын 7.2-т Ажиллагсдад олгох чөлөө нь цалинтай ба цалингүй гэсэн хоёр хэлбэртэй байна. Чөлөө авахыг хүсэгч нь чөлөө авах шалтгаан, үндэслэлээ тодорхой бичсэн өргөдөл бичиж хариуцах хүндээ өгөх ба чөлөө олгогч нь тухайн хүний ажил төрлийг зохицуулсны үндсэн дээр чөлөө олгосон зөвшөөрлийг өгч чөлөөний хуудас олгоно, 7.3-т цалинтай чөлөөг холбогдох баримтыг үндэслэн 1-7 хоногийн хугацаатайгаар сургуулийн захирал шийдвэрлэнэ гэж заажээ.

Гэвч нэхэмжлэгч Л.******* нь 2020 оны 01 дүгээр сарын 07, 08-ны өдрүүдэд албан ёсоор чөлөө хүссэн өргөдлөө бичсэн, чөлөө олгох эрх бүхий албан тушаалтанд хандсан, түүнд сургуулийн захиргаанаас чөлөө олгохыг зөвшөөрч чөлөөний хуудас олгосон баримт хэрэгт авагдаагүй болно.

Мөн нэхэмжлэгч Л.******* нь 2020 оны 01 дүгээр сарын 02, 03, 06, 07, 08, 09-ний өдрүүдэд ажил таслаагүй, ажлын байран дээрээ байснаа нотолсон баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, 2020 оны 01 дүгээр сард өвчтэй байсан, чөлөө авсан мөн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ажилдаа ирээгүй нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.  

2020 оны 01 дүгээр сар ажлын 22 хоногтой, гэтэл нэхэмжлэгч Л.*******д 2020 оны 01 дүгээр сард ажлын 16 хоногийн цалин бодогдсон болох нь цалингийн тооцооны карт-аар нотлогдож байна. /2 дугаар хх-ийн 41/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Л.******* нь Завхан аймгийн ын сургуулийн захирал Б.тай байгуулсан 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээнд зурсан гарын үсэг Л.******* миний гарын үсэг биш тул шинжээч томилж дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан.

Хүсэлтийг хүлээн авч 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд зурсан гарын үсэг нэхэмжлэгч Л.Дашзэвгийн өөрийнх нь гарын үсэг мөн эсэхэд дүгнэлт гаргуулахаар 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх шүүгчийн захирамж гаргасан. /хх-ийн 215-217/

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 36 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1.    2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан 3 хуудас бүхий хөдөлмөрийн гэрээний хуудас бүрт уншигдах хэлбэрээр зурсан Л.******* гэх гарын үсгүүд шинжилгээнд ирүүлсэн харьцуулах загваруудтай тохирч байна гэжээ. /хх-ийн 225-31/

Иймд 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг нэхэмжлэгч Л.******* нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байна. /хх-ийн 204-206/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэр бүхий гэрчүүдэд үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж авсан гэрчүүдийн мэдүүлгүүд болох дараах гэрчүүдийн мэдүүлэг хэрэгт авагдсан байна.

Гэрч Ч.ийн өгсөн мэдүүлгийн: ... Би Завхан аймгийн ******* сумын хамтарсан багийн даргаар ажилладаг. Багш Л.******* сурагчаа зодсон гэх асуудлаар 2020 оны 3 дугаар сард хуралдсан, 2019 оны 12 дугаар сард Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хүүхэд хамгааллын 7046108 дугаарын утсанд гомдол мэдээлэл ирсний дагуу сумын хамтарсан баг хуралдсан ... гэх хэсэг /хх-ийн 72/,

Гэрч Ц.гийн өгсөн мэдүүлгийн: ... эцэг эхийн хурал 2019 оны 12 дугаар сарын дундуур болсон ... багш, эцэг эх, хүүхдүүдийн гурвалсан хурал болсон ... хурал дээр хүүхдүүд биеийн тамирын багш зодоод байна гэдгийг хэлсэн ... гэх хэсэг /хх-ийн 88-89/,

Гэрч Б.гийн өгсөн мэдүүлгийн: ... сургуулийн ёс зүйн хороо Л.******* багшийг хүүхэд зодсон гэх ёс зүйн асуудлаар нэг удаа хуралдсан ... гэх хэсэг /хх-ийн 98-103/,

Гэрч Я.ийн өгсөн мэдүүлгийн: ... Л.*******тэй 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр таарсан ... гэх хэсэг /хх-ийн 239-241/,

Гэрч О.ийн өгсөн мэдүүлгийн: ... 108 дугаарын утсанд Л.******* багш хүүхэд зодсон гэсэн гомдол ирсэн учраас 180 утсанд хариу өгөх шаардлагатай гэсэн учраас бид хурал хийсэн ... гэх хэсэг /хх-ийн 242-245/,

Гэрч Н.Сүхбатын өгсөн мэдүүлгийн: ... 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 09-ний өдөр хүртэл Л.******* багшийг ажилдаа ирсэн талаар мэдэхгүй байна ... гэх хэсэг /хх-ийн 246-248/,

Гэрч С.Содонцэцэгийн өгсөн мэдүүлгийн: ... 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 09-ны өдөр хүртэл Л.******* багш харагдаж байсан. Яг хэзээ байсан, хэзээ байгаагүй талаар нь санахгүй байна ... гэх хэсэг /хх-ийн 249-250/,

Гэрч Б.ын өгсөн мэдүүлгийн: ... Намайг жижүүр багшаар ажилласан өдөр буюу 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Л.******* багш ажилдаа ирээгүй, тэр өдөр 4 хүний бүрэлдэхүүнтэй эд хөрөнгийн тооллого хийсэн. Багш , Минжиддорж нарт багш нар хувийн хэргээ бүрдүүлж өгсөн. Тэгэхэд Л.******* багш байгаагүй. Бүх багш нарыг хувийн хэргээ бүрдүүлж өгөөрэй гэсэн боловч Л.******* багш лав байгаагүй ... гэх хэсэг /2 дугаар хх-ийн 3-4/,

Гэрч Б.ын өгсөн мэдүүлгийн: ... 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 13-ны өдрийг хүртэл Л.******* багштай 2-3 удаа таарсан. Нөхрийнхөө бичиг баримтыг дайх гэж таарсан. Заалтай корпуст 2 удаа таарч хамт нэг өрөөнд суусан. Өөр таараагүй ... гэх хэсэг /2 дугаар хх-ийн 24-26/,

Гэрч Д.гийн өгсөн мэдүүлгийн: ... 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 13-ны өдрийг хүртэл Л.******* багштай уулзсан, гэхдээ яг хэзээ гэдгээ сайн санахгүй байна ... /2 дугаар хх-ийн 27-29/ гэж гэрчүүд мэдүүлжээ.

Мөн хэрэгт авагдсан 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/22 дугаартай Завхан аймгийн ******* сумын дунд сургуулийн захирлын Л.*******д сахилгын шийтгэл ноогдуулах тухай тушаалын хуулбар /хх-ийн 110/,

2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/02 дугаартай Завхан аймгийн ******* сумын дунд сургуулийн захирлын Л.*******д хариуцлага тооцох тухай тушаалын хуулбар /хх-ийн 105/,

2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/13 дугаартай Завхан аймгийн ******* сумын ын сургуулийн захирлын Багш Л.*******д сахилгын шийтгэх ногдуулах тухай тушаалын хуулбарууд /хх-ийн 108/ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-т заасан хугацаа өнгөрсөн тул Л.Дашзэвгийг сахилгын шийтгэлгүйд тооцох нь зүйтэй байна.

Харин Завхан аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/32 дугаар Багш Л.*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын хуулбарыг ирүүлжээ. /2 дугаар хх-ийн 50/

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 ба түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүйгээс гадна давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жилээс, хүлээгээгүй бол 6 сараас хэтрээгүй байх ёстой байна.

Нэхэмжлэгч Л.******* нь багшлах үүргээ хэрэгжүүлэхдээ багшийн ёс зүйн дүрэм, хэм хэмжээг зөрчсөн үйлдэл гаргасан болох нь тус сургуулийн Ёс зүйн хороо-ны тэмдэглэл, дүгнэлт, холбогдох байгууллагуудаас ирүүлсэн тодорхойлолт, Завхан аймгийн Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн тодорхойлолт, зарим гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ.

Мөн нэхэмжлэгч Л.******* нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 6 өдөр ажил тасалсан, ажилдаа ирээгүй зөрчил гаргасан болох нь багш ажилчдын цагийн бүртгэл, 2020 оны 01 дүгээр сард олгосон цалингийн тооцооны карт, нийгмийн даатгалын дэвтрийн 2020 оны 01 дүгээр сарын бичилт болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ.

Ажилтныг ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч Хөдөлмөрийн хуульд нийцсэн байна.

Иймд Завхан аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох Л.Дашзэвгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө гэж зааснаар нэхэмжлэгч Л.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 119 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар Завхан аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох

Завхан аймгийн ******* сумын ын сургуулийн захирлын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/06 тоот тушаал, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/32 тоот тушаалуудыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, зохих санд төлүүлэх, хүн амын орлогын албан татварыг хууль журмын дагуу суутган, төлүүлэх тухай нэхэмжлэгч Л.Дашзэвгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Л.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ