Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2021/00725

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 473 дугаар шийдвэр,

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 205/МА2020/00027 дугаар магадлалтай,

 

Нэхэмжлэгч: *******гэ

Хариуцагч:******* ерөнхий боловсролын сургууль

 

нэхэмжлэл: 2019.12.24-ний өдрийн А/32, 2020.01.31-ний өдрийн Б/06 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох,олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, хүн амын орлогын албан татварыг хууль журмын дагуу суутгах, төлүүлэх тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Алтангэрэлийн хяналтын журмаар 2020.11.25-ны өдөр гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Алтангэрэл, хариуцагчийн өмгөөлөгч Д.Эрдэнэтуяа, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:******* ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2020.01.31-ний өдрийн Б/06 тоот тушаалаар биеийн тамирын багшийн ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн. Миний бие ёс зүйн хорооны дүгнэлт гарсныг мэдээгүй, намайг оруулаагүй, хурал болох гэж байна гэж урьдчилан мэдэгдээгүй, чухам ямар зөрчил хэзээ, хаана гаргаснаа би мэдэхгүй. Ажил таслаагүй байхад 6 өдөр ажил тасалсан гэж эрхийг маань ноцтой зөрчиж байна. Миний хөдөлмөрийн гэрээнд 9.3.5, 9.3.14 гэж заалт байхгүй, захирал 3 жил гаруй ажлын байрны дарамт үүсгэж байсан. Тэмцээн уралдаанд яваад ирэхэд цалин хасна, томилолт өгдөггүй, байнгын хална, сахилгын шийтгэл ногдуулна гэж хэлдэг. Жишээлбэл: өнгөрсөн 09 сарын 02-нд ажилдаа ирэхэд би чамайг халсан явна болно гэж хэлээд чөлөөлсөн тушаал өгөөгүй мөртлөө, намайг ажиллуулаагүй, 4 хоногийн дараа миний хүүхдээр аавыгаа ирж хичээлээ ор гэж хэлүүлж би ажилдаа орсон. 9 сарын цалин бодохдоо 4 хоногийн цалин хассан байсан. Ингээд би цалингаараа хохироод үлдсэн. Мөн 12 сард сургалтын менежер Ч.Амаржаргалаас 1 хоногийн чөлөө авсан боловч 12 сарын цалингаас захирал надаас аваагүй гэж хэлээд цалин хассан. Ингэж ямар нэгэн шийтгэлгүйгээр удаа дараа цалин хасч эдийн засгийн болон сэтгэл санааны хохирол үзүүлсэн. Иймд 2020.01.31-ний өдрийн Б/06 тоот тушаалыг хүчингүй болгуулах, биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэн шимтгэл төлүүлэх, хүн амын орлогын албан татварыг хууль журмын дагуу суутгах, төлүүлж өгнө үү. Захирлын 2019.12.24-ний өдрийн А/32 дугаар тушаалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, хэзээ ямар үүрэг даалгавар өгсөн нь тодорхойгүй учир уг тушаалыг нөхөн гаргасан гэж үзэж байх тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч тайлбартаа: 2019.12.24-ний өдөр тус сургуулийн 9а ангийн эцэг, эхийн хурал дээр сургуулийн удирдлагуудыг дуудаж, эцэг эхчүүдээс багш хүүхэд зодсон асуудлаар гомдол гаргасан байна. Маргааш нь буюу 2019.12.25-нд Завхан аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх 7046108 дугаарын утсанд багш *******гэ нь сурагчийг зодсон талаар гомдол ирснийг сургуулийн захирал Д.Амаржаргалд мэдэгдсэн байдаг. Энэ талаар 2019.12.26-ны өдрийн өглөө багш нарын зөвлөлийн шуурхай дээр мэдээлсэн. Тухайн өдөр нь 9а ангийн хүүхдүүд, эцэг эхчүүд, багш нарын гурвалсан хурлыг явуулж, уг асуудлыг тодруулснаар *******гэ багш нь тухайн хүүхдийн хичээл сургалтанд нь анхаарч гар хүрсэн талаараа гомдол гаргасан эцэг эхчүүдэд танилцуулж, ярилцсаны эцэст харилцан ойлголцсон талаар уг хурлын тэмдэглэлд тусгагдсан байдаг. Гэвч багш *******гэ нь багшийн үүргээ биелүүлэх явцдаа ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон тул байгууллагын ёс зүйн хороонд шилжүүлснээр дээрхи нотлох баримтуудыг үндэслэн байгууллагын Ёс зүйн хороо хуралдаж, *******гийг багшийн ёс зүйн зөрчил гаргасан байна гэсэн дүгнэлтийг гаргаснаар сургуулийн захирал нь ёс зүйн хорооны дүгнэлт, мөн түүний 2020.01 сард нийт 6 өдөр ажил тасалсан зэрэг зөрчлүүдийг гаргасан байх тул 2020.01.31-ний өдрийн Б/06 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.3, 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 9.3.5, 9.3.14-г тус тус үндэслэн ажлаас халсан байна. Багш *******гийн хүүхэд зодсон зөрчил нь Ёс зүйн хороогоор тогтоогдсон нь Хөдөлмөрийн гэрээний 3.3.14-т ёс зүйн зөрчил гаргасан нь Ёс зүйн хороогоор тогтоогдсон гэсэн ноцтой зөрчилд хамаарч, Байгууллагын дотоод журмын 3.4.-ийн А.1-дэх хэсэгт Боловсролын тухай хуулийн 44.2-т заасан үүргээ биелүүлэх, мөн журмын 4.В буюу Ажлаас халах хэсгийн А-цалин бууруулах арга хэмжээ авагдсан, Б- Байгууллага хамт олны нэр хүндэд хохирол учруулахуйц зөрчил дутагдал гаргасан, В- багшийн ёс зүйд харшилсан зөрчил дутагдал гаргасан гэснийг зөрчсөн, мөн ажил тасалсан зөрчил нь Хөдөлмөрийн гэрээний 9.3.5 -д Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 түүнээс дээш хоног ажилдаа ирээгүй, ажиллаагүй гэсэн ноцтой зөрчилд тус тус хамаарч байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 131.1.3 дах хэсгүүдийг тус тус үндэслэн ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд багш *******гийн гаргасан зөрчлүүд нь хангалттай тогтоогдсон тул багшлах үүргээ биелүүлэх явцдаа хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журам зөрчсөн багш *******гийн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2019.12.24-ний өдрийн А/32 дугаар тушаалыг өмгөөлөгчөөр дамжуулан хүргүүлсэн. *******гэ нь жижүүрийн дэвтрээр цохогдсон удирдлагын үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй. Төрийн албан хаагчийн хувийн хэргээ шинэчлэх талаар удаа дараа үүрэг өгсөн боловч биелүүлээгүй шалтгаанаар А/32 дугаар тушаал гаргасан. Уг тушаалын талаар хамт олно ажил төрлийн цуглаан дээр танилцуулсан ч *******гэ ирээгүй. *******гэ нь 2020.01 сард 6 өдрийн ажил таслаж 6 өдрийн цалин хасуулсан. Мөн ажлаас халах Б/06 дугаар тушаал ногдуулсан байсан. Иймд *******гийн нийт суутгал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 63.2-г зөрчиж байсан учир байгууллагын нягтлан бодогчтой зөвшилцөж үндсэн цалингийн 10% суутгах шийтгэлийг 1 сарын цалингаас суутгаагүй юм. Ингэж шийдвэрлэсэн нь *******гийн эрхийн хүндэтгэсэн бөгөөд А/32 тушаалыг хүчингүй болгосон шийдвэр биш юм гэжээ.

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 473 дугаар шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар******* Ерөнхий боловсролын сургуульд холбогдох******* ерөнхий боловсролын сургуульд холбогдох *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 205/МА2020/00027 дугаар магадлалаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 473 дугаартай шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгч гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсан байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Алтангэрэл хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хавтаст хэрэгт авагдсан гэрч Сургуулийн ёс зүйн хорооны дарга Мөнгөнхүү болон гэрч ёс зүйн хорооны гишүүн Цэцэгмаагийн мэдүүлэгт сургуулийн ёс зүйн хороо нь 2017 онд байгуулагдсан, тэр бүрэлдэхүүнээрээ байгаа гэх, мөн нэхэмжлэгч нь сургуулиас ёс зүйн хороо байгуулсан тушаалыг хуулбарлан авахаар захирлын тушаалуудыг шүүхэд зөвхөн******* дунд сургуулийн захирлын 2017.10.20-ны өдрийн А/18 тушаал гарч ирсэн байдаг. 2019.09.26-ны өдрийн ёс зүйн хороо байгуулсан сургуулийн захирлын тушаал гарч ирээгүй байдаг. Багш, ажилтны ёс зүйн үлгэрчилсэн дүрэмд сургууль нь дотооддоо ёс зүйн дүрмийг үлгэрчилсэн дүрмийн дагуу боловсруулан баталсан байх журамтай. Сургуулийн ёс зүйн дүрэм гэж хэрэгт байхгүй. Гэтэл ажил олгогчийн ажлаас халсан тушаалд төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн гэж чөлөөлсөн боловч ёс зүйн зөвлөлийн дарга Мөнгөнхүүгийн мэдүүлэгт бид нар багш, ажилчдын ёс зүйн дүрмийг барьж дүгнэлтээ гаргасан гэж тушаалаас илт зөрүүтэй мэдүүлдэг. хх98 гэрч Мөнгөнхүүгийн мэдүүлэг: Ёс зүйн хороонд ямар нэгэн өргөдөл гомдол, хүсэлт ирсэн үү? /бичгээр/ Хр: Ирээгүй -Ёс зүйн хороонд хэн гэдэг иргэн албан туш хандсан бэ? Хр: хэн нэгэн хандаагүй. -Захирлын өрөөнд ёс зүйн хорооны 5 гишүүнтэй гаргасан. -Ёс зүйн хорооны хурлаар дүгнэлт гаргасан бол уг хурлыг хийх болсон шалтгаан буюу ямар албан тушаалтан, иргэний санал гомдлоор хуралдах болсон бэ? -Бид нар 2017 оноос хойш ёс зүйн зөвлөл энэ бүрэлдэхүүнд ажиллаж байгаа. *******гэ багшийн талаар 108 утас гомдол ирсэн байсан. Тухайн үед ёс зүйн зөвлөл тухай бүрт бүрэлдэхүүнд өөрчлөгдөж хуралдахаар болсон байсан. Гэвч 108 утаснаас асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу шаардсан юм. Хурлын тэмдэглэлийг үндэслэж дүгнэлт гаргасан. -Холбогдогч Б.Дашзэвгэ болон бусад эцэг эхчүүд багш нараас тайлбар авч ярилцлага хийсэн үү, уг зөрчилд холбогдох нотлох баримт цуглуулсан уу? -Хр: ярилцлага хийгээгүй, нотлох баримт цуглуулаагүй, эцэг, эхээс тайлбар аваагүй -Дүгнэлт гаргахаас өмнө ёс зүйн хороо хэдэн удаа хуралдсан бэ? 1 л удаа хуралдсан. -Чухам ямар асуудлаар хуралдах болсон бэ? Б.Дашзэвгэт сахилгын арга хэмжээ авахуулах эсэх талаар хуралдах болсон уу? өөр зорилгоор хуралдах болсон уу? -Хр: 108 -ийн хариу өгөх -Хурлаар Б.Дашзэвгийн ажил тасалсан асуудлаар хуралдсан уу? Хуралдаагүй -ёс зүйн хорооны 2020.01.27-ны өдрийн хуралдаан дээр тэмдэглэл хөтлөгдсөн үү? Тэмдэглэл хөтлөөгүй. -Хавтаст хэрэгт байгаа авагдсан ёс зүйн хорооны тэмдэглэлийг харуулж байгаад та энэ тэмдэглэлд бичсэн зүйлсийг ярьсан уу? Мөн ажил тасалсан талаар ярьсан уу? -Би тэмдэглэлд бичигдсэн зүйлийг яриагүй, тэр өдөр тэмдэглэл хөтлөөгүй, Ажил тасалсан талаар яриагүй. -Сургуулийн 2020.01.02-с 01.13 хүртэл /сурагчдын амралтаар/ багш нарын цагийн бүртгэлийг өдөр бүр бүртгэсэн үү? Сайн мэдэхгүй байна. Ёс зүйн хорооны гишүүн гэрч Мижиддоржийн мэдүүлэгт захирал биднийг өрөөндөө дуудаж дүгнэлт бичүүлэх хүсэлт тавьсан ба энэ дүгнэлт нь *******эгийг ажлаас халах үндэслэл болохгүй, зөвхөн 108 утсанд хариу өгөх зорилготой хуурч дүгнэлт гаргуулсан байдаг. Учир нь уг Түмэндэмбэрэл гэдэг хүүхдэд гар хүрсэн гэх зөрчлийг хэзээ гарсан нь тодорхойгүй, харсан гэрч, нотлох баримт байхгүй, сурагчийн ээж Бямбасүрэнгийн мэдүүлгээр нийгмийн ажилтны дэргэд зодсон гэх боловч нийгмийн ажилтанг асуугаагүй. Лхагвасүрэн гэдэг хүүхэд сургуулийн захирлын боловсруулж баталсан 2 цаг дараалан орох хичээлийн хуваарьтай биеийн тамирын цагийн сүүлийн цагт баруун эргэх команд бүх хүүхдэд бүгдэд нь өгөхөд өөрөө унасан ба дараа нь ангийнхаа хүүхдүүдтэй зааландаа сагс тоглосон байдаг. Хэрэв зааланд эрүү нь задарсан оёо тавиулах хэмжээний гэмтэл гарсан бол заалаар нэг цус болох, хүүхэд унасны дараа хичээлээ орох боломжгүй, хүүхдүүд тоглох боломжгүй болох байсан. Нэхэмжлэгчийн тайлбараар тэр хүүхдийн эрүүнээс цус гараагүй зүгээр цаашаа хүүхдүүдтэй зааланд сагс тоглосон хичээл тарсны дараа сумын төвд бас сагс тоглож байхдаа оёо тавиулах хэмжээний гэмтэл авсан гэж тайлбарлаж байна. Хөдөлмөрийн тухай хуулиар ажил олгогч буюу сургуулийн захирал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2-т Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж тухайлан заасныг зөрчсөн. Хэрэв нэхэмжлэгчийг анхан болон давж заалдах шатны шүүхүүд сахилгын зөрчил гаргасан гэж үзсэн бол сахилгын шийтгэлийг ногдуулах богиносгосон хөөн хэлэлцэх хугацааны дотор сахилгын арга хэмжээ авах Хөдөлмөрийн тухай хуульд тухайлан заасан. Ажил олгогч буюу сургуулийн захирал сахилгын зөрчлийг илрүүлсэн нь 2019.12.26-ны хуралд захирал өөрийн биеэр оролцсон нь тухай хурлын тэмдэглэлээр нотлогддог ба 2020.01.26-ны дотор сахилгын арга хэмжээ авах ёстой байтал огт аваагүй. Харин 2020.01.27-ны өдөр өөрийн өрөөнд ёс зүйн хорооны 5 гишүүнийг дуудаж өрөөндөө өөрийнхөө дэргэд суулгаж байгаад дүгнэлт гаргаад өгчих та хэдийн гаргасан дүгнэлт нь *******гэ багшийг ажлаас халах үндэслэл болохгүй зөвхөн 108 дугаарын утсанд мэдэгдэх зорилготой гэж хуурч мэхлэн дүгнэлт бичүүлж авч ажлаас халах сахилгын ногдуулсан нь ажилтны хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн. Сургуулийн дотоод журмын талаар: -хх98 Гэрч Мөнгөнхүүгийн мэдүүлэгт: 2020 оны 02-03 сард Сургуулийн дотоод журмыг багш ажилчдаар нөхөн гарын үсэг зуруулсан тохиолдол бий юу, зуруулсан бол та гарын үсгийг хэзээ, хэн гэдэг албан тушаалтан зуруулсан бэ? Энэ талаар мэдэж байгаа зүйл байна уу? -Намар 10 сард сурган хүмүүжүүлэх хурлаар дотоод журмыг баталдаг. 2020.04 сард дотоод журмыг олохгүй байна гээд дахин гарын үсэг зуруулсан. Захирал зуруулсан гэж мэдүүлсэн. -180х Алтанцэцэг гэрч Амралтын үеэр ирэн очин байсан. Дотоод журамд 2020,04 сарын 10-нд гарын үсэг зуруулсан. Ажил тасалсан гэх үйл баримтын талаар: Сургуулийн багшийн ирц бүртгэлийг бага дунд ангийн сургалтын менежер харин ажилчдын ирцийн бүртгэлийг захирал бүртгэдэг талаар гэрчүүд мэдүүлдэг ба 6 гэрч зурагчдын амралтын өдрүүд буюу 2020.01.02-ны өдрөөс 13-ний өдрүүдэд багш ажилчид сургууль дээрээ ирж очин байсан, зарим нь гэрээсээ ажлаа хийж байсан гэж мэдүүлдэг. Мөн ирцийн бүртгэлийг нөхөж хийсэн гэдгээ захирал өөрөө хүлээн зөвшөөрдөг. Үүнд: хх141хуудас: Цагийн ирцийн бүртгэлийн хүснэгтийн 24-т Ю.Ариунаа 2020 оны 2-13-г хүртэл чөлөөтэйг 43 хуудасны тайлбар хэсэгт яагаад бичээгүй юм. 26-т П.Оюунчимэг 1 сарын 2-нд чөлөөтэй гэж тэмдэглэчихээд хх43-р хуудасны тайлбар хэсэгт 1 сарын 3-нд чөлөө авсан. 40-т Б.Туул 2020,1,6-7-нд чөлөөтэй байхад 43-р хуудасны тайлбарт байхгүй. 28-т Б.Азжаргал 2020,01,08 тас тэмдэглэгээтэй байхад 43-р хуудасны тайлбар хэсэгт байхгүй 15-т Ц. Бямбасүрэн 2020,01,02-нд чөлөөтэй байхад 43-р хуудасны тайлбар хэсэгт байхгүй 2-т Ч.Амаржаргал 2020,01,08-10-нд чөлөөтэй байхад 43-р хуудасны тайлбар хэсэгт байхгүй Г.Энхтуяа 20,01,10-нд тас тэмдэглэгээтэй байхад 43-р хуудсанд чөлөөтэй гэх мэт хх43 Цагийн ирцийн бүртгэл 1 сарын 2-9, Багш *******гэ шалтгаангүй ажил таслав. 1 сарын 2,3 Багш Ц. Түвшинжаргал /хүүхдээ эмнэлэгт үзүүлэх ажлаар/ 1 сарн 10-24 хүртэл багш Түвшинжаргал /охин хүүхэд эмнэлэгт үзүүлэх/ УБ эмчилгээ хийлгэх шаардлагатай харгалзан авч явах хүнгүй гэх зэрэг маш зөрүүтэй бүртгэл байдаг. Үүнийг шалгуулах зорилгоор шүүхэд хүсэлт гаргаж шүүх үзлэг хийхэд хх84-р хуудас хэргийн оролцогчийн хүсэлтээр үзлэг хийсэн тэмдэглэлд Хариуцагчийн тайлбарт Тайлбар хэсэгт бичсэн 1/7,8-нд бага боловсролын багш нар сургалттай гэдгийг нөхөж бичсэн гэж захирал өөрөө хүлээн зөвшөөрдөг. Мөн тухайн хэрэгт асуугдсан бүх гэрчүүд 2019.12.27-с 2020.01.13-г хүртэл ажилдаа ирэн очин байсан, цагаа хэн нэгэн хүнд бүртгүүлээгүй гэж мэдүүлсэн байхад ажил олгогчийн өөрийн нөхөж бичсэн цагийн бүртгэлийг шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь шүүхийн шийдвэр нотлох баримтад үндэслэсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй юм. 2019.12.24-ний өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын талаар: Хариуцагч байгууллагын хариу тайлбаруудад сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын талаар дурьдаагүй, өгсөн үүрэг даалгавар болон түүнийг биелүүлээгүй талаар нэг ч тайлбар гаргаагүй, ямар үүрэг даалгавар өгсөн, хэзээ түүнд мэдэгдсэн талаар ямар хугацаатай өгсөн нь тодорхойгүй байхад Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо захирлын 2019.12.24-ний өдрийн 32 дугаар тушаалыг ямар үйл баримт тогтоогдсон, ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгосноо дурьдаагүй. Дээрх анхан шатны шүүхийн нэхэмжлэгчийн маргасан сахилгын зөрчлийг хэзээ гаргасан, ямар баримтаар тогтоогдсон, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэх хэзээнээс хэдий хүртэл ажил тасалсан эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарласан шийдвэрийг давж заалдах шатны шүүх засаж залруулах, маргасан асуудалд дүгнэлт өгөөгүй нь хяналтын шатны гомдлыг гаргах үндэслэл болсон тул уг хяналтын шатны гомдлыг гаргаж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

*******гэ 2020.02.17-ны өдөр******* ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан 2019.12.24-ний өдрийн А/32, 2020.01.31-ний өдрийн Б/06 тоот тушаалыг хүчингүй болгуулах, биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх, нөхөн бичилт хийлгүүлэхийг шаардсаныг хариуцагч эс зөвшөөрсөн байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

 

Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

1.******* ерөнхий боловсролын сургуулийн захирал 2020.01.31-ний өдөр Б/06 дугаартай тушаал гаргаж, ....шалтгаангүйгээр 6 өдөр ажил тасалсан....дотоод журмын 3.4 дэх заалтын 3.4.А.1, 11 дэх заалтын 4в-н А,Б,В дэх заалтыг зөрчсөн зөрчлийг сургуулийн дэргэдэх ёс зүйн зөвлөлийн 2020.01.27-ны өдрийн дүгнэлтээр тогтоосон ... гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 9.3.5, 9.3.14-г үндэслэн биеийн тамирын багшийн ажлаас нэхэмжлэгчийг чөлөөлжээ. /хх20/

 

Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно.

 

Талуудын хооронд 2019.04.15-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 9.3-т ноцтой зөрчлийг нэрлэн заахдаа 9.3.5 дахь хэсэгт ...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 хоног,түүнээс дээш хугацаанд ажилдаа ирээгүй, ажлаагүй...г., 9.3.14-т ... ёс зүйн зөрчил гаргасан нь сургуулийн дэргэдэх ёс зүйн хороо дүгнэлтээр тогтоогдсон..-г ноцтой зөрчил-д хамааруулахаар тохирсон байна. /хх 35-40/

 

Хэргийн 21-34 дүгээр талд буй баримтаас үзвэл сургуулийн ёс зүйн хороо 2020-01-27-ны өдөр хуралдаж сургуулийн хүүхэд зодсон талаар хэлэлцсэн байна.

 

Түүнчлэн, 2020 оны 01 дүгээр сарын 2,3,6-9-ны өдрүүдэд ажил тасалсан /хх41/ талаар цагийн бүртгэлд тусгасан байх бөгөөд үүнийг шүүх бусад баримттай харьцуулан үнэлж, дүгнэлт хийсэн нь хууль зөрчөөгүй байна

 

Ажилтан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан гэх ажил олгогчийн тайлбарыг үгүйсгэх баримт хэрэгт байхгүй тул шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, Боловсролын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-т нийцсэн гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч нь ...хөдөлмөрийн гэрээнд 9.3.5, 9.3.14 гэж заалт байхгүй.. гэх боловч энэ нь үндэслэлгүй байна.

 

Хэрэгт 2018.01.03-ны өдрийн /хх 4/ , 2019.04.15-ны өдрийн /хх35-40/ хоёр гэрээ авагдсан бөгөөд ажил олгогч,ажилтан нар хөдөлмөрийн гэрээг 2019.04.15-ны өдөр байгуулж, уг гэрээний дагуу нэхэмжлэгч ажил үүрэг гүйцэтгэж байсан нь тогтоогджээ.

Талууд ямар зөрчлийг ноцтой-д тооцох талаар 2019.04.15-ны өдрийн гэрээний 9.3-т тохиролцсон, гэрээнд .. 9.3.5... 9.3.14.. гэсэн заалт байна.

3. Нэхэмжлэлийн шаардлага ба татгалзлаа нотлох үүргийг зохигч хүлээнэ. Шүүх нотлох баримтын хэмжээнд хэргийн талаар дүгнэлт хийнэ.

Нэхэмжлэгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолд дурдсан үндэслэлүүд хэргийн баримтаар тогтоогдоогүй, хоёр шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэглэх ёстой заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тодорхой дурдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 473 дугаар шийдвэр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 205/МА2020/00027 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Б.УНДРАХ

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД