Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 142/ШШ2021/00141

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 142/ШШ2021/00141

Орхон аймаг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг 30-2 тоотод оршин суух Хиргэс овгийн Төмөрбаатарын Т.Л /регистрийн дугаар МБ87070814/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багт байрлах Э.Ү /ХХК/ Т,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Говил багт байрлах Орхон аймаг дахь Дотоодын цэргийн 816 дугаар тусгай салбарт тус тус холбогдох,

Нөхөн төлбөр 18 997 524 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, хариуцагч Э.Ү Т-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П хариуцагч Орхон аймаг дахь Дотоодын цэргийн 816 дугаар тусгай салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Т.Л шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Т.Т.Л би 2007 оны 04 сарын 20-ны өдрөөс 2009 оны 05 сарын 15-ны хооронд Дотоодын цэргийн 816-р ангид дэд ахлагч цолтойгоор харуулчнаар ажиллаж ирсэн. Миний ажиллаж байсан Дотоодын цэргийн 816-р анги "Э.Ү" ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан харуулчнаар ажиллуулж "Э.Ү" ХХК цалин олгодог байсан учир Хөдөлмөрийн тухай Монгол Улсын хуулийн 97-р зүйлийн 97.1-д заасан "...ажил олгогч нь цалин олгож байгаа "Э.Ү" ХХК болох юм. Улмаар би 2008 оны 11 сарын 28-ны өдөр ажлын байран дээрээ буюу "Э.Ү" ХХК-ийн УМ-2 дээр харуулд гарч байгаад орой 19 цагийн үед ухаан алдаж унаад биеийн байдал дээрдэхгүй байсаар 2009 оны 03 сарын 17-ны өдөр хөдөлмөрийн чадвараа 70% алдсан болохоо тогтоолгосон. Тэр өдрөөс хойш 2019 оны 01 сарын 22-ны өдөр хөдөлмөрийн чадвараа 75%-иар алдсан болохоо тогтоолголоо. Миний биеийн байдал өдрөөс өдөрт муудаж байгаа бөгөөд 10 жилийн хугацаанд сайжирвал сайжрах байлаа. Би тухайн үедээ 14 хоног ухаангүй байж байгаад 2010 оны 3 дугаар сараас эхлээд хөл дээрээ босдог болсон учир үйлдвэрлэлийн осол болохыг тогтоолгохоор хөөцөлдөж чадаагүй бөгөөд хожим хөөцөлдөхөд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн хариуг өгсөн юм. Ингээд би Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.5-д зааснаар тухайн үеийн үйл явдлыг "Үйлдвэрлэлийн осол" мөн болохыг тогтоолгохоор Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсанаар шүүх 2018 оны 11 сарын 28-ны өдрийн 142/ШШ2018/01159 дугаартай шийдвэрээр тухайн үеийн байдлыг "Үйлдвэрлэлийн осол гэж тогтоосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа ...алдсан ажилтанд ...51-70% хүртэл алдсан ажилтанд 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг буюу түүнээс дээш удаа авах учиртай юм байна. Би өөрийн ажлаа хийж чадахгүй хөдөлмөрийн чадвараа 75%-иар алдсан учир тухайн үед миний хийж байсан ажлыг надтай адилхан цолтой хүн өнөөдөр 1 055 418 төгрөгийн цалин авч байна. Дээрх хуульд зааснаар би /1 055 418* сар=18 сар=18 997 524 төгрөг/ гаргуулан авах учиртай юм. Иймд "Э.Ү" ХХК-аас 18 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрт 18 997 524 төгрөг гаргуулан Т.Т.Л надад олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн Т.Т.Лийн нэхэмжлэлтэй Э.Ү ХХК-иас нөхөн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад, шаардлагыг бүхэлд нь эс эөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т ажил олгогч гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг, 3.1.2-т ажилтан гэж ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэнийг тус тус ойлгоно гэж заасан байна. Нэхэмжлэгч Т.Т.Л нь 2007 оны 04 сарын 20-ноос 2009 оны 05 сарын 15-ныг хүртэлх хугацаанд Дотоодын цэргийн 816-р салбарт дэд ахлагч цолтойгоор харуулчнаар ажиллаж байсан байх ба 2002 онд батлагдсан Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д "Төрийн тусгай албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмын дагуу үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг тах, хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулах, нийгмийн хэв журмыг хамгаалахтай холбогдсон төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх дараах албан тушаал хамаарна гэж заасан бөгөөд 8.1.6-д зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, тагнуул... зэрэг байна гэжээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Т.Т.Л нь Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан төрийн чиг үүргийг хэрэгжүүлэгч төрийн тусгай албан хаагч бөгөөд Цагдаагийн Ерөнхий газрын Дотоодын цэргийн штабын даргын тушаалаар ажилд томилогдож, мөн тушаалаар чөлөөлөгддөг албан тушаалтан юм. Э.Ү ХХК нь нэхэмжлэгч Т.Т.Лтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд авч ажиллуулж байгаагүй, ажилд томилсон тушаал, шийдвэр байхгүй бөгөөд түүний ажил олгогч байгууллага биш болно. Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 135 дугаар тогтоолоор баталсан Цагдаагийн, дотоодын цэргийн хамгаалалтад байх онц чухал объектын жагсаалтыг дотоодын цэргийн төсөвт хамгаалалтад байх объектууд, Дотоодын цэргийн гэрээт хамгаалалтад байх объектууд, Цагдаагийн гэрээт хамгаалалтад байх объектууд, цагдаагийн төсөвт хамгаалалтад байх объетууд гэж 4 ангилсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын дээрх тогтоолоор баталсан "Цагдаа, дотоодын хамгаалалтад байх онц объектын жагсаалт-ын 2 дугаар зүйлд Дотоодын цэргийн гэрээт хамгаалалтад объектуудыг заасан ба 2.2-т Уулын баяжуулах Э.Ү дахь, дэлбэрэх бодисын үйлдвэр, тэсэрч дэлбэрэх бодисын агуулах нь Дотоодын цэргийн гэрээт хамгаалалтад байна гэж заасны дагуу Цагдаагийн Ерөнхий газрын Дотоодын цэргийн штабтай Э.Ү ХХК нь 2007 оны 01 сарын 15-ны өдөр Харуул хамгаалалт-ын 6/048-7 тоот гэрээг байгуулан, харуул хамгаалалтын үйл ажиллагааг явуулж байсан. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 142/ШШ2018/01159 дугаар шийвэрийн тогтоох хэсгийн 1-т ...хүсэлт гаргагч Т.Т.Л нь 2009 оны 11 дүгээр сарын 28-ны орой 19 цагийн үед цэргийн 816-р салбарт харуулчнаар ажиллах буюу Уулын баяжуулах үйлдвэрийн УМ-2 харуулын байранд ажил үүргээ гүйцэтгэж байхдаа тархинд харвалт өгч ухаан алдаж унаж, үйлдвэрийн осол гарсан болохыг тогтоосугай гэжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 14 дүгээр тогтоолоор үйлдвэрийн хордлогыг судлан бүртгэх дүрэм-ийг шинэчлэн баталсан бөгөөд дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1-д Ажил олгогчоос үйлвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комиссыг ажил олгогчийн болон ажилтны төлөөлөл бүхий 3-аас доошгүй гишүүний бүрэлдэхүүнтэйгээр ажил олгогчийн шийдвэрээр байгуулж, комиссын даргыг томилно, 2.6-д үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг тогтоосон актад комиссын дарга, гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна, 2.7-д үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг тогтоосон актыг хөдөлмөрийн, хурц хордлого тогтоосон актыг хөдөлмөрийн эрүүл мэндийн хяналтын улсын байцаагч тус тус хянан батална гэж заажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн ажилтан болон эдгээр шалтгаанаар нас барсан ажилтны ар гэрт учирсан хохирлыг нөхөх зорилгоор үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч нь дор дурдсан хэмжээний нөхөн төлбөр олгоно гэж заасан бөгөөд 97.1.1-д 51-70 хувь алдсан ажилтанд 9 сар, 71 хувиас дээш алдсан ажилтанд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгох хуулийн зохицуулалттай.

Гэтэл ажил олгогч буюу Цагдаагийн ерөнхий газрын Дотоодын цэргийн штаб нь үйлдвэрийн осол гарсныг тогтоосон тухай акт үйлдсэн эсэх, дүрмийн 5 дугаар зүйлд заасан чиг үүргээ хэрэгжүүлсэн эсэх асуудлууд нь тодорхой бус байхад Э.Ү ХХК-ийг хариуцагчаар татан нөхөн төлбөр гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д ... ажилтанд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр олгоно гэж заасан ба цалингийн дундаж гэдэгт нэхэмжлэгч Т.Т.Лийн Дотоодын цэргийн 816-р салбарт харуулчнаар ажиллаж байсан 18 сарын цалингийн дундажтай тэнцэх цалинг ойлгох бөгөөд одоо буюу 2019 онд дэд ахлагч цолтой ажиллаж байгаа харуулчны цалингаар нөхөн төлбөр тооцож гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь мөн л хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд Т.Т.Лийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Орхон аймаг дахь Дотоодын цэргийн 816 дугаар тусгай салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1068 дугаартай албан бичгээр иргэн Төмөрбаатарын Т.Лийн нэхэмжлэлтэй Э.Ү" Т-т холбогдох иргэний хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа бөгөөд нэхэмжлэгч талаас тус аймаг дахь Дотоодын цэргийн 816 дугаар гэрээт тусгай салбарыг хамтран хариуцагчаар оролцуулах хүсэлт гаргасныг хүлээн авч танилцаад, дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Монгол, Оросын хамтарсан Уул уурхайн баяжуулах Э.Ү-ийн ерөнхий захирал Х.Наранхүү, Цагдаагийн ерөнхий газрын Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Т.Хүрэлбаатар нарын 2007 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 3 жилийн хугацаатай мөрдөхөөр хамтран баталсан Харуул хамгаалалтын гэрээ-ний 3.9-т: Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйл, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулинд нийгмийн баталгааг хангах талаар заасан заалтуудыг үйлдвэрийн захиргаа бүрэн хариуцах"-аар, 4.4-т: Гэрээний заалтыг 2 тал заавал биелүүлж, биелэлтэд харилцан хяналт тавих"-аар тус тус тусгасан байна. Энэ нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Монгол Улсын Төрийн албаны тухай хууль /2002 оны 06 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан/-ийн 27 дугаар зүйлийн 27.1.1 /Төрийн албан хаагчийн цалин хөлс, нөхөн төлбөр, тусламж, шагнал, урамшил, тэтгэвэр, тэтгэмж авах/, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /1994 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн батлагдсан/-ийн 6-р бүлгийн 18 дугаар зүйлийн 18.1 /Цэргийн алба хаагч нас барах, тэтгэвэрт гарах, орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр болон цэргийн алба хаах нас хэтэрч халагдах тохиолдолд нэг удаагийн тэтгэмж олгоно. 19 зүйлийн 19.2 /Цэргийн алба хаагч орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр, түүнчлэн цэргийн алба хаах нас хэтэрч халагдвал түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно/ дахь заалтыг тус тус дагаж мөрдөх үндэслэлтэй байна гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Т.Л нь Э.Ү Т, Орхон аймаг дахь Дотоодын цэргийн 816 дугаар тусгай салбарт холбогдуулан үйлдвэрлэлийн ослоос шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсаны нөхөн төлбөрт 18 997 524 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч байгууллагууд нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн ажилтан болон эдгээр шалтгаанаар нас барсан ажилтны ар гэрт учирсан хохирлыг нөхөх зорилгоор үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч нь дор дурдсан хэмжээний нөхөн төлбөр олгоно, 97.1.1-д ...үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хувь хүртэл алдсан ажилтанд 5 сар, 31-50 хувь алдсан ажилтанд 7 сар, 51-70 хувь алдсан ажилтанд 9 сар, 71 хувиас дээш алдсан ажилтанд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгохоор заажээ.

Дотоодын цэргийн даргын 2007 оны 04 сарын 23-ны өдрийн 19 дүгээр тушаалаар Т.Т.Лид Бүрэлдэхүүнд оруулж, цол олгож, ажилд томилох тухай тушаалаар 2007 оны 04 сарын 20-ны өдрөөс дэд ахлагч цол олгож, Дотоодын цэргийн 816 дугаар тусгай салбарт харуулчнаар томилж, албан тушаалын цалинг, цалингийн сүлжээний ТТ-5-аар тогтоож, нэмэгдлийг олгохоор шийдвэрлэсэн, мөн цэргийн штабын даргын 2009-05-15-ны өдрийн 67 дугаар тушаалаар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон учир үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1.-д хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг ажил олгогч гэнэ гэж заажээ.

Т.Т.Л нь Дотоодын цэргийн даргын тушаалаар ажилд томилогдож, мөн даргын тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байна.

Тиймээс Т.Лхагвалоржийн ажил олгогчийг Дотоодын цэргийн 816 дугаар тусгай салбар гэж үзнэ.

Т.Т.Лийг 2009 оны 11 дүгээр сарын 28-ны орой 19 цагийн үед Дотоодын цэргийн 816 дугаар тусгай салбарт харуулчнаар ажиллаж байхдаа буюу Уулын баяжуулах Э.Ү-ийн УМ-2 харуулын байранд ажил үүргээ гүйцэтгэж байхдаа тархинд нь цус харвалт өгч ухаан алдаж унаж, үйлдвэрийн осол болохыг тогтоосон тус шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 142/ШШ2018/01159 дугаартай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

Хариуцагч Дотоодын цэргийн 816 дугаар тусгай салбар нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: ... 2007 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Харуул хамгаалалтын гэрээ-ний 3.9-т: Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйл, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулинд нийгмийн баталгааг хангах талаар заасан заалтуудыг үйлдвэрийн захиргаа бүрэн хариуцахаар заасан... тул манай байгууллага нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэсэн.

Э.Ү болон ЦЕГ-ын Дотоодын цэргийн штабын хооронд Э.Үийн аюулгүй байдал, хэвийн үйл ажиллагааг хангах, тогтоосон дэг журам сахиулах зорилгоор хамгаалагч, хамгаалуулагч байгууллагын байгуулсан харуул хамгаалалтын гэрээний дагуу Э.Үийн ажлын байранд харуулчны үүргийг гүйцэтгэж байхдаа үйлдвэрлэлийн осолд орсон үйл баримт тогтоогдсон боловч энэ нь гэрээний тал бус нэхэмжлэгчийн хувьд харуул хамгаалалтын гэрээг үндэслэж нөхөн төлбөр шаардах эрхийг шууд үүсгэхгүй гэж үзнэ.

Тиймээс Э.Ү Т уг нөхөн төлбөрийг хариуцах үндэслэлгүй тул Э.Ү Т-т холбогдуулан гаргасанТ.Т.Лийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Э.Ү ХХК нь Э.Ү Тазар болсон нь нийтэд илэрхий үйл баримт юм.

Т.Т.Л 2008 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Э.Ү ХХК-ийн УМ-2 харуулын байранд харуулын үүрэг гүйцэтгэж байхдаа тархинд нь цус харвалт өгсний улмаас хөдөлмөрийн чадвараа 75 хувь алдсан болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар, 0268555, 0268622 тоот хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актаар нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгч үйлдвэрлэлийн осолоос шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар 75 хувь алдсаны нөхөн төлбөрийг 18 сараар тооцож шаардсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1.-д нийцсэн гэж үзэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: ...одоо Э.Ү Тазарт гэрээгээр ажиллаж байгаа харуулчны нэг сарын цалин 1 055 418 төгрөгөөр тооцож нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй бөгөөд түүний өөрийнх нь авч байсан цалингийн дундажийг тодруулбал осолд орохоос өмнөх 3 сарын буюу 2008 оны 09, 10, 11 сард авсан цалингаас тооцоход /283 688+332 763+283 688=900 139₮, 900 139:3 сар=300 046 ₮ 1 сарын дундаж цалин, 300 046 ₮х18 сар=5 400 828 ₮/ 5 400 828 төгрөг болж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж Дотоодын цэргийн 816 дугаар тусгай салбараас 5 400 828 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Т.Лид олгож нэхэмжлэлийн шаардлагаас 13 596 696 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.-д зааснаар нэхэмжлэгч нь шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагч Орхон аймаг дахь Дотоодын цэргийн 816 дугаар тусгай салбараас нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн 5 400 828 төгрөгийн хэмжээнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 101 363 төгрөг гаргуулан төрийн санд оруулахаар заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1.-д заасныг баримтлан Орхон аймаг дахь Дотоодын цэргийн 816 дугаар тусгай салбараас 5 400 828 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Т.Лид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13 596 696 төгрөгийг, мөн Э.Ү Т-т холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлснийг дурьдаж, хариуцагч Орхон аймаг дахь Дотоодын цэргийн 816 дугаар тусгай салбараас улсын тэмдэгтийн хураамж 101 363 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА