Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2020/00516

 

Т.Л-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 142/ШШ2019/01254 дугаар шийдвэртэй,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 165 дугаар магадлалтай,

Т.Л-ийн нэхэмжлэлтэй,

Э Ү ТӨҮГ-т холбогдох

Нөхөн төлбөр 18.997.524 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Л-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие 2007 оны 04 сарын 20-ны өдрөөс 2009 оны 05 сарын 15-ны хооронд Дотоодын цэргийн 816-р ангид дэд ахлагч цолтойгоор харуулчнаар ажиллаж ирсэн. Миний ажиллаж байсан Дотоодын цэргийн 816-р анги Э Ү ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан харуулчнаар ажиллуулж Э Ү ХХК цалин олгодог байсан учир Хөдөлмөрийн тухай хуулийн 97-р зүйлийн 97.1-д заасан ...ажил олгогч нь цалин олгож байгаа Э Ү ХХК болох юм. Улмаар би 2008 оны 11 сарын 28-ны өдөр ажлын байран дээрээ буюу Э Ү ХХК-ийн УМ-2 дээр харуулд гарч байгаад орой 19 цагийн үед ухаан алдаж унаад биеийн байдал дээрдэхгүй байсаар 2009 оны 03 сарын 17-ны өдөр хөдөлмөрийн чадвараа 70% алдсан болохоо тогтоолгосон. Тэр өдрөөс хойш 2019 оны 01 сарын 22-ны өдөр хөдөлмөрийн чадвараа 75%-иар алдсан болохоо тогтоолголоо. Миний биеийн байдал өдрөөс өдөрт муудаж байгаа бөгөөд 10 жилийн хугацаанд сайжирвал сайжрах байлаа. Би тухайн үедээ 14 хоног ухаангүй байж байгаад 2010 оны 3 сараас эхлээд хөл дээрээ босдог болсон учир үйлдвэрлэлийн осол болохыг тогтоолгохоор хөөцөлдөж чадаагүй бөгөөд хожим хөөцөлдөхөд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн хариуг өгсөн. Ингээд би Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.5-д зааснаар тухайн үеийн үйл явдлыг “Үйлдвэрлэлийн осол” мөн болохыг тогтоолгохоор шүүхэд хандахад Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 сарын 28-ны өдрийн 142/ШШ2018/01159 дугаар шийдвэрээр тухайн үеийн байдлыг “Үйлдвэрлэлийн осол” гэж тогтоосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д зааснаар Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа ...алдсан ажилтанд ...51-70% хүртэл алдсан ажилтанд 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг буюу түүнээс дээш удаа авах эрхтэй. Би өөрийн ажлаа хийж чадахгүй хөдөлмөрийн чадвараа 75%-иар алдсан учир тухайн үед миний хийж байсан ажлыг надтай адилхан цолтой хүн өнөөдөр 1.055.418 төгрөгийн цалин авч байна. Дээрх хуульд зааснаар би /1.055.418* сар=18 сар=18.997.524 төгрөг/ гаргуулан авах учиртай юм. Иймд Э Ү ХХК-аас 18 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрт 18.997.524 төгрөг гаргуулан Т.Л- надад олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П шүүхэд гаргасан тайлбарт: ...Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т ажил олгогч гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг, 3.1.2-т ажилтан гэж ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэнийг тус тус ойлгоно гэж заасан байна. Нэхэмжлэгч Т.Л- нь 2007 оны 04 сарын 20-ноос 2009 оны 05 сарын 15-ныг хүртэлх хугацаанд Дотоодын цэргийн 816-р салбарт дэд ахлагч цолтойгоор харуулчнаар ажиллаж байсан байх ба 2002 онд батлагдсан Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Төрийн тусгай албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмын дагуу үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулах, нийгмийн хэв журмыг хамгаалахтай холбогдсон төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх дараах албан тушаал хамаарна гэж заасан бөгөөд 8.1.6-д зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, тагнуул... зэрэг байна гэжээ. Э Ү ХХК нь нэхэмжлэгч Т.Л-той хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд авч ажиллуулж байгаагүй, ажилд томилсон тушаал, шийдвэр байхгүй бөгөөд түүний ажил олгогч байгууллага биш болно. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 28-ны өдрийн 142/ШШ2018/01159 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1-т хүсэлт гаргагч Т.Л- нь 2009 оны 11 дүгээр сарын 28-ны орой 19 цагийн үед цэргийн 816-р салбарт харуулчнаар ажиллах буюу Уулын баяжуулах Э Үийн УМ-2 харуулын байранд ажил үүргээ гүйцэтгэж байхдаа тархинд харвалт өгч ухаан алдаж унаж, үйлдвэрийн осол гарсан болохыг тогтоосугай гэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн ажилтан болон эдгээр шалтгаанаар нас барсан ажилтны ар гэрт учирсан хохирлыг нөхөх зорилгоор үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч нь дор дурдсан хэмжээний нөхөн төлбөр олгоно гэж заасан бөгөөд 97.1.1-д .51-70 хувь алдсан ажилтанд 9 сар, 71 хувиас дээш алдсан ажилтанд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгох хуулийн зохицуулалттай. Гэтэл ажил олгогч буюу Цагдаагийн ерөнхий газрын Дотоодын цэргийн штаб нь үйлдвэрийн осол гарсаныг тогтоосон тухай акт үйлдсэн эсэх, дүрмийн 5 дугаар зүйлд заасан чиг үүргээ хэрэгжүүлсэн эсэх асуудлууд нь тодорхой бус байхад Э Ү ХХК-ийг хариуцагчаар татан нөхөн төлбөр гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд Т.Л-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 142/ШШ2019/01254 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1.-д заасныг баримтлан Э Ү ТӨҮГ-аас 5.400.828 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Л-ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13.596.696 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлснийг дурьдаж, хариуцагч Э Ү ТӨҮГазраас улсын тэмдэгтийн хураамж 101.363 төгрөг гаргуулан төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 165 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 142/ШШ/2019/01254 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрэв-Отгоны давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрэв-Отгоны давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101.364 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П-ы хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн зарчмыг зөрчлөө. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Э Ү ТӨҮГ-ыг нэхэмжлэгч Т.Л-ийн ажил олгогч гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “ажил олгогч” гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг, 3.1.2-т “ажилтан” гэж ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэнийг тус тус ойлгоно гэж заасан байна. Нэхэмжлэгч Т.Л- нь 2007 оны 04 сарын 20-ноос 2009 оны 05 сарын 15-ныг хүртэлх хугацаанд Дотоодын цэргийн 816-р тусгай салбарт дэд ахлагч цолтойгоор харуулчнаар ажиллаж байсан. Э Ү ТӨҮГ нь Т.Л-той хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд авч ажиллуулж байгаагүй, ажилд томилсон тушаал, шийдвэр байхгүй бөгөөд түүний ажил олгогч байгууллага биш юм. Цагдаагийн Ерөнхий газрын Дотоодын цэргийн штабтай Э Ү ХХК нь 2007 оны 01 сарын 15-ны өдөр “Харуул хамгаалалт”-ын 6/048-7 тоот гэрээг байгуулан, харуул хамгаалалтын үйл ажиллагааг явуулж, хоёр байгууллагын хооронд байгуулсан гэрээний дагуу алба хаагчдын цалин хөлсийг олгож байсан бөгөөд нэхэмжлэгч Т.Л-той хөдөлмөрийн гэрээ байгуулан, ажилд авах тушаал гаргаж байгаагүй, энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй болно. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 сарын 28-ны өдрийн 142/ШШ2018/01159 дугаар шийвэрт “...тухайн үед нэхэмжлэгчийн ажиллаж байсан байгууллага болох Дотоодын цэргийн 816 дугаар тусгай анги ослын акт гаргаж, холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлээгүй байна...” гэж шүүх дүгнэсэн байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх гомдлыг хянан хэлэлцэхдээ Цагдаагийн Ерөнхий газрын Дотоодын цэргийн штабтай Э Ү ХХК нь 2007 оны 01 сарын 15-ны өдөр харуул хамгаалалтын 6/048-7 тоот гэрээний 3 дугаар зүйлийн 3.9 дэх хэсгийн а/-д “нөхөн төлбөр, тусламж, шагнал, урамшил, тэтгэвэр 1 удаагийн тэтгэмж өгөх” гэж заасны дагуу нэхэмжлэгч Т.Л- нь үйлдвэрийн осолд орсны улмаас нөхөн төлбөр шаардах эрхтэй, шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Харуул хамгаалалтын 6/048-7 тоот гэрээний 3.9-д “Монгол улсын төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйл, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулинд заасан нийгмийн баталгааг хангах талаар заасан заалтуудыг үйлдвэрийн захиргаа бүрэн хариуцахаар заасан. Төрийн албаны тухай хуулийн 29 дүгээр зүйлд алба хаагч үйлдвэрийн осолд орсон тохиолдолд нөхөн төлбөр олгох тухай хуульчлагдаагүй, Харуул хамгаалалтын 6/048-7 тоот гэрээнд алба хаагч үйлдвэрийн осолд орсон тохиолдолд нөхөн төлбөрийг талууд хэрхэн шийдвэрлэх талаар тусгаагүй байхад давж заалдах шатны шүүх харуул хамгаалалтын 6/048-7 тоот гэрээний 3 дугаар зүйлийн 3.9-ийн /а/ дахь заалтыг үндэслэн нэхэмжлэгч Т.Л-ид үйлдвэрийн осолд орсны нөхөн төлбөрийг олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Т.Л-, Э Ү ТӨҮГ-т холбогдуулан үйлдвэрлэлийн осолд орсны улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан тул нөхөн төлбөр 18.997.524 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг, хариуцагч ажил олгогч биш гэж маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хоёр шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 97 дугаар зүйлийн 97.1.1 дэх зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1 дэх зохицуулалтад “үйлдвэрлэлийн осол ...шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 71 хувиас дээш алдсан ажилтанд сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа ажил олгогч олгоно” гэж заасан байна.

Хэргийн баримтаас үзвэл Дотоодын цэргийн даргын 2007.04.23-ны өдрийн 19 дүгээр тушаалаар Т.Л-ид дэд ахлагч цол олгож, 816 дугаар тусгай салбарт харуулчнаар томилж, албан тушаалын цалинг, цалингийн сүлжээний ТТ-5-аар тогтоож, нэмэгдлийг олгохоор шийдвэрлэсэн, мөн цэргийн штабын даргын 2009.05.15-ны өдрийн 67 дугаар тушаалаар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон учир үүрэгт ажлаас чөлөөлсөн нь тогтоогдсон байх тул ажил олгогч нь тухайн байгууллага гэж үзнэ.

Харин Т.Л- нь Э Ү болон ЦЕГ-ын Дотоодын цэргийн штабын хооронд Э Үийн аюулгүй байдал, хэвийн үйл ажиллагааг хангах, тогтоосон дэг журам сахиулах зорилгоор хамгаалагч, хамгаалуулагч байгууллагын байгуулсан  харуул хамгаалалтын гэрээний дагуу Э Үийн ажлын байранд харуулчны үүргийг гүйцэтгэж байхдаа үйлдвэрлэлийн осолд орсон үйл баримт тогтоогдсон боловч энэ нь гэрээний тал бус нэхэмжлэгчийн хувьд харуул хамгаалалтын гэрээг үндэслэж нөхөн төлбөр шаардах эрхийг шууд үүсгэхгүй юм.

Нэхэмжлэгч нь өөрийн ажиллаж байсан байгууллагад хандсан эсэх, тухайн байгууллага энэ асуудалд ямар байр суурьтай байгаа нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой бөгөөд энэ байдлыг шүүх анхаарч талуудаас тодруулаагүй байна.

Дээр дурдснаар хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 142/ШШ2019/01254 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 165 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хариуцагч Э Ү ТӨҮГ нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 101.364 төгрөг төлснийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ