Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 165

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 207/МА2019/00165

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч ******* ТӨҮГ-т

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 142/ШШ2019/01254 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ТӨҮГ-т холбогдох,

Нөхөн төлбөр 18.997.524 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрэв-Отгоны гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрэв-Отгон, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* би 2007 оны 04 сарын 20-ны өдрөөс 2009 оны 05 сарын 15-ны хооронд Дотоодын цэргийн 816-р ангид дэд ахлагч цолтойгоор харуулчнаар ажиллаж ирсэн. Миний ажиллаж байсан Дотоодын цэргийн 816-р анги "*******" ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан харуулчнаар ажиллуулж "*******" ХХК цалин олгодог байсан учир Хөдөлмөрийн тухай Монгол Улсын хуулийн 97-р зүйлийн 97.1-д заасан "...ажил олгогч нь цалин олгож байгаа "*******" ХХК болох юм. Улмаар би 2008 оны 11 сарын 28-ны өдөр ажлын байран дээрээ буюу "*******" ХХК-ийн УМ-2 дээр харуулд гарч байгаад орой 19 цагийн үед ухаан алдаж унаад биеийн байдал дээрдэхгүй байсаар 2009 оны 03 сарын 17-ны өдөр хөдөлмөрийн чадвараа 70% алдсан болохоо тогтоолгосон. Тэр өдрөөс хойш 2019 оны 01 сарын 22-ны өдөр хөдөлмөрийн чадвараа 75%-иар алдсан болохоо тогтоолголоо. Миний биеийн байдал өдрөөс өдөрт муудаж байгаа бөгөөд 10 жилийн хугацаанд сайжирвал сайжрах байлаа. Би тухайн үедээ 14 хоног ухаангүй байж байгаад 2010 оны 3-р сараас эхлээд хөл дээрээ босдог болсон учир үйлдвэрлэлийн осол болохыг тогтоолгохоор хөөцөлдөж чадаагүй бөгөөд хожим хөөцөлдөхөд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн хариуг өгсөн юм. Ингээд би ИХШХШТХ-ийн 135-р зүйлийн 135.2.5-д зааснаар тухайн үеийн үйл явдлыг "Үйлдвэрлэлийн осол" мөн болохыг тогтоолгохоор Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсанаар шүүх 2018 оны 11 сарын 28-ны өдрийн 142/ШШ2018/01159 дугаартай шийдвэрээр тухайн үеийн байдлыг "Үйлдвэрлэлийн осол гэж тогтоосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 97-р зүйлийн 97.1.1-д Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа ...алдсан ажилтанд ...51-70% хүртэл алдсан ажилтанд 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг буюу түүнээс дээш удаа авах учиртай юм байна. Би өөрийн ажлаа хийж чадахгүй хөдөлмөрийн чадвараа 75%-иар алдсан учир тухайн үед миний хийж байсан ажлыг надтай адилхан цолтой хүн өнөөдөр 1.055.418 төгрөгийн цалин авч байна. Дээрх хуульд зааснаар би /1.055.418* сар=18 сар=18.997.524 төгрөг/ гаргуулан авах учиртай юм. Иймд "*******" ХХК-аас 18 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрт 18 997 524 төгрөг гаргуулан ******* надад олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрэв-Отгон шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Иргэн *******ийн нэхэмжлэлтэй ******* ТӨҮГ-аас нөхөн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад, шаардлагыг бүхэлд нь эс эөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т 'ажил олгогч гэж хөдөлмөрийн гэрээний үндсэи дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг, 3.1.2-т ажилтан гэж ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэнийг тус тус ойлгоно гэж заасан байна. Нэхэмжлэгч ******* нь 2007 оны 04 сарын 20-ноос 2009 оны 05 сарын 15-ныг хүртэлх хугацаанд Дотоодын цэргийн 816-р салбарт дэд ахлагч цолтойгоор харуулчнаар ажиллаж байсан байх ба 2002 онд батлагдсан Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д " Төрийн тусгай албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмын дагуу үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг тах, хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулах, нийгмийн хэв журмыг хамгаалахтай юлбогдсои төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх дараах албан тушаал хамаарна гуж заасан бөгөөд 8.1.6-д зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, тагнуул... зэрэг байна гэжээ. ******* ХХК нь нэхэмжлэгч *******той хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд авч ажиллуулж байгаагүй, ажилд томилсон тушаал, шийдвэр байхгүй бөгөөд түүний ажил олгогч байгууллага биш болно.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 28-ны өдрийн 142/ШШ2018/01159 дугаар шийвэрийн тогтоох хэсгийн 1-т хүсэлт гаргагч ******* нь 2009 оны 11 дүгээр сарын 28-ны орой 19 цагийн үед цэргийн 816-р салбарт харуулчнаар ажиллах буюу Уулын баяжуулах үйлдвэрийн УМ-2 харуулын байранд ажил үүргээ гүйцэтгэж байхдаа тархинд харвалт өгч ухаан алдаж унаж, үйлдвэрийн осол гарсан болохыг тогтоосугай гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн ажилтан болон эдгээр шалтгаанаар нас барсан ажилтны ар гэрт учирсан хохирлыг нөхөх зорилгоор үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч нь дор дурдсан хэмжээний нөхөн төлбөр олгоно гэж заасан бөгөөд 97.1.1-д .51-70 хувь алдсан ажилтанд 9 сар, 71 хувиас дээш алдсан ажилтанд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс лээш удаа олгох хуулийн зохицуулалттай. Гэтэл ажил олгогч буюу Цагдаагийн ерөнхий газрын Дотоодын цэргийн штаб нь үйлдвэрийн осол гарсаныг тогтоосон тухай акт үйлдсэн эсэх, дүрмийн 5 дугаар зүйлд заасан чиг үүргээ хэрэгжүүлсэн эсэх асуудлууд нь тодорхой бус байхад ******* ХХК-ийг хариуцагчаар татан нөхөн төлбөр гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 142/ШШ2019/01254 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1.-д заасныг баримтлан ******* ТӨҮГ-аас 5.400.828 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13.596.696 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлснийг дурьдаж, хариуцагч ******* ТӨҮГазраас улсын тэмдэгтийн хураамж 101.363 төгрөг гаргуулан төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрэв-Отгон давж заалдсан гомдолдоо:

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. гэсэн зарчмыг зөрчлөө.

******* ТӨҮГ-ыг нэхэмжлэгч *******ийн ажил олгогч гэж Хөдөдлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1 үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа ...71 хувиас дээш алдсан ажилтанд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгоно гэснийг баримтлан 5.400.828 төгрөгийг ******* ТӨҮГ-аас гаргуулж нэхэмжлэгч *******ид олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч ******* нь 2007 оны 04 сарын 20-ноос 2009 оны 05 сарын 15-ныг хүртэлх хугацаанд Дотоодын цэргийн 816-р тусгай салбарт дэд ахлагч цолтойгоор харуулчнаар ажиллаж байсан байх ба 2002 онд батлагдсан Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Төрийн тусгай албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмын дагуу үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулах, нийгмийн хэв журмыг хамгаалахтай холбогдсон төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх дараах албан тушаал хамаарна гэж заасан бөгөөд 8.1.6-д зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, тагнуул... зэрэг байна гэж тус тус заасан байна.

******* ТӨҮГ нь нэхэмжлэгч *******той хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд авч ажиллуулж байгаагүй, ажилд томилсон тушаал, шийдвэр байхгүй бөгөөд түүний ажил олгогч байгууллага биш юм. Цагдаагийн Ерөнхий газрын Дотоодын цэргийн штабтай ******* ХХК нь 2007 оны 01 сарын 15-ны өдөр Харуул хамгаалалт-ын 6/048-7 тоот гэрээг байгуулан, харуул хамгаалатын үйл ажиллагааг явуулж, хоёр байгууллагын хооронд байгуулсан гэрээний дагуу алба хаагчдын цалин хөлсийг олгож байсан бөгөөд нэхэмжлэгч *******той хөдөлмөрийн гэрээ байгуулан, ажилд авах тушаал гаргаж байгаагүй, энэ талаарх нотлох хэрэгт авагдаагүй болно. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 сарын 28-ны өдрийн 142/ШШ2018/01159 дугаар шийвэрийн тогтоох хэсгийн 1-т ...хүсэлт гаргагч ******* нь 2009 оны 11 дүгээр сарын 28-ны орой 19 цагийн үед Дотоодын цэргийн 816-р салбарт харуулчнаар ажиллах буюу Уулын баяжуулах *******ийн УМ-2 харуулын байранд ажил үүргээ гүйцэтгэж байхдаа тархинд нь цус харвалт өгч ухаан алдаж унаж, үйлдвэрлэлийн осол гарсан болохыг тогтоосугай, мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...тухайн үед нэхэмжлэгчийн ажиллаж байсан байгууллага болох Дотоодын цэргийн 816 дугаар тусгай анги ослын акт гаргаж, холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлээгүй байна.... гэж шүүх дүгнэсэн байдаг. /хх-ийн 7,8-р тал./ Төмөрбаатарын Лхагвадоржийг 2009 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бичгийн нотлох баримтууд байсаар байтал Цагдаагийн Ерөнхий газрын Дотоодын цэргийн штабтай ******* ХХК нь 2007 оны 01 сарын 15-ны өдөр Харуул хамгаалалт-ын 6/048-7 тоот гэрээний дагуу тухайн байгууллагын ажилтнуудад цалин олгож байсныг үндэслэн, ******* ТӨҮГ-г нэхэмжлэгч *******ийн ажил олгогч гэж шүүх дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, үйлдвэрийн газрын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчлөө.

Иймд Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 142/ШШ2019/01254 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч ******* хариуцагч: ******* ТӨҮГ-т холбогдуулан Нөхөн төлбөр 18.997.524 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч ...ажил олгогч буюу Цагдаагийн ерөнхий газрын Дотоодын цэргийн штаб нь үйлдвэрийн осол гарсаныг тогтоосон тухай акт үйлдсэн эсэх, дүрмийн 5 дугаар зүйлд заасан чиг үүргээ хэрэгжүүлсэн эсэх асуудлууд нь тодорхой бус байхад ******* ТӨҮГ-ийг хариуцагчаар татан нөхөн төлбөр гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх тайлбар гаргаж, мэтгэлцсэн байна.

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д заасныг баримтлан ******* ТӨҮГ-аас 5.400.828 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13.596.696 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч *******ийг 2008-2009 онд Дотоодын цэргийн 816 дугаар тусгай салбарт харуулчнаар ажиллах байх үед буюу 2007 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2009 оны 01 дүгээр сарын 15 хүртэл хугацаанд ******* ХХК болон Дотоодын цэргийн 816 дугаар тусгай салбарын хооронд Харуул хамгаалалтын гэрээ байгуулагдсан ба тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д Үйлдвэрийн захиргаа нь хамгаалалтын салбарын зардлыг хянаж батлана, 3.9 дэх хэсгийн а/-д нөхөн төлбөр, тусламж, шагнал, урамшил, тэтгэвэр 1 удаагийн тэтгэмж өгөх гэж заасны дагуу нэхэмжлэгч ******* нь үйлдвэрийн осолд орсны улмаас нөхөн төлбөр шаардах эрхтэй, шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Нэхэмжлэгч *******ийн нөхөн төлбөр 18.997.524 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ одоо мөрдөгдөж байгаа цалин хөлсний дундаж хэмжээгээр тооцсоныг шүүх нэхэмжлэгчийн үйлдвэрлэлийн осолд орсон хугацааны цалингийн дундажтай тэнцэх хэмжээгээр тооцож хариуцагчаас нөхөн төлбөр 5.400.828 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******ийг 2009 оны 11 дүгээр сарын 28-ны орой 19 цагийн үед Дотоодын цэргийн 816-р салбарт харуулчнаар ажиллах буюу Уулын баяжуулах *******ийн УМ-2 харуулын байранд ажил үүргээ гүйцэтгэж байхдаа тархинд нь цус харвалт өгч ухаан алдаж унаж, үйлдвэрлэлийн осол гарсан болохыг тогтоож шийдвэрлэсэн ба тэрээр ******* ТӨҮГ-ыг хариуцагчаар тодорхойлсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч хуульд заасны дагуу Дотоодын цэргийн 816 дугаар ангийг хамтран хариуцагч эсхүл бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай хүсэлт гаргаагүй тул шүүх хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг зөв тодорхойлж чадаагүй гэж үзэх боломжгүй юм.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрэв-Отгоны гаргасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. гэсэн зарчмыг зөрчлөө гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31ий өдрийн 142/ШШ/2019/01254 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрэв-Отгоны давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрэв-Отгоны давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101.364 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ

Б.ОЮУНЦЭЦЭГ