Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 142/ШШ2021/00163

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 142/ШШ2021/00163

Орхон аймаг

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 6 дугаар хороо Сүхбаатарын гудамж Бодь цамхаг 306 тоотод байрлах Б.Д ХХК /регистрийн дугаар 2088606/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-12-98 тоотод оршин суух Боржигон овгийн С.Бгийн Оюун /регистрийн дугаар ФБ81012766/-д холбогдох,

"Зээлийн үүрэг 989 836 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М.Б, хариуцагч Б.О онлайнаар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Д ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Б.Д ХХК нь К.Б ХХК-тай Зээлийн эрсдэлийн даатгалын талаар хамтран ажиллах гэрээ байгуулж, тэтгэвэр барьцаалан олгож буй зээлийг даатгалд хамруулан даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд гэрээний дагуу даатгалын нөхөн олговор олгож ирсэн. Энэхүү гэрээний 10 дугаар зүйлийн 10.6, Зээлийн өр төлбөр нэхэмжлэх эрхийг шилжүүлэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2, 242.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу шилжиж ирсэн шаардах эрхийн хүрээнд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Капиторн банк ХХК-тай 2018 оны 08 сарын 15-ны өдөр зээлдэгч С.С.Б хамтран зээлдэгч Б.О нар нь 3007029518 тоот Барьцаат тэтгэврийн зээлийн гэрээ байгуулж, 4 140 000 /дөрвөн сая нэг зуун дөчин мянга/ төгрөгийг, 18 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэйгээр зээлж авсан байна. С.С.Б нь 2019 оны 08 сарын 25-ны өдөр нас барсны улмаас зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчигдөн, зээл төлөх хугацаа хэтэрч Зээлийн эрсдэлийн даатгалын талаар хамтран ажиллах гэрээ-ний 4 дүгээр зүйлийн 4.5.1-д заасан даатгалын тохиолдол үүссэн. Ийнхүү К.Б ХХК нь 2019 оны 09 сарын 23-ны өдөр даатгалын нөхөн төлбөр нэхэмжилснийг хүлээн авч Б.Д ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 10 сарын 17-ны өдрийн В/619 тоот тушаалаар 1,051,555 төгрөгийг нөхөн төлбөрт тооцож К.Б ХХК-д олгосон. Үүнээс хойш 2019 оны 10 сарын 31-ны өдөр тухайн тэтгэврийн зээлд 131 919 төгрөг төлөгдсөнийг К.Б ХХК нь манай дансанд шилжүүлсэн байх тул тус дүнг хасаж үлдэгдэл 919 636 төгрөгийг хамтран үүрэг гүйцэтгэгч болох Б.Оаас гаргуулахаар шаардаж байна. Тус шүүхэд энэхүү нэхэмжлэлийг 2020 оны 06 сарын 29-ны өдөр гаргаж байсан бөгөөд 2020 оны 07 сарын 10-ны өдөр 142/Ш32020/03671 тоот шүүгчийн захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болсон тул 2020 оны 07 сарын 28-ны өдөр нэхэмжлэгч өөрийн харьяа Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасан. Тус хүсэлтийг 2020 оны 08 сарын 25-ны өдөр 181/ШШ2020/02148 тоот шийдвэрээр шийдвэрлэж Орхон аймаг дахь цагдаагийн хэлтэс Б.Оыг эрэн сурвалжилж Орхон аймаг, Баян-Өндөр сум, уртбулаг баг 5-24-84 тоот хаягт оршин суудаг болохыг тогтоосон тул эрэн сурвалжлах улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Б.Оаас гаргуулахаар нэхэмжилж байна.

Иймд даатгалын нөхөн төлбөрт төлсөн 919 636 төгрөг, эрэн сурвалжлах улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, нийт 989 836 төгрөгийг Б.Оаас гаргуулж, Б.Д ХХК-д олгож өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлага: Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, Зээлийн эрсдэлийн даатгалын талаар хамтран ажиллах гэрээний 10 дугаар зүйлийн 10.6, Зээлийн өр төлбөр нэхэмжлэх эрхийг шилжүүлэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.1, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2, 242.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2. Даатгалын нөхөн төлбөрт төлсөн 919 636 төгрөг, эрэн сурвалжлах улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, нийт 989 836 төгрөгийг гаргуулах тухай гэжээ.

Хариуцагч Б.О шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Б.О 3-12-98 тоотод оршин суудаг. 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр аав маань өөд болсон юм. К.Бны эдийн засагч эрэгтэй хүн 9 сарын эхээр тэтгэврийн үлдэгдэл төлбөр 1 200 000 байна бага багаар төлөөд яваарай гэсэн 9 сард 200 000 төлсөн 10 сард сүүл хавиар аавыг маань тэтгэврийн өр төлөгдсөн тэглэгдсэн гэсэн хариуг мөн 9990 дугаартай эдийн засагч эрэгтэй утсаар мэдэгдсэн. Гэтэл 2020 оны 09 сард Б.Д тэтгэврийн зөрүү мөнгө төл гэж жилийн дараа ярьсан. К.Б амь даатгалын мөнгийг даатгалын газраас аваад охин болох би тэр төлбөрийг төлнө гэсэн баримт бичигт гарын үсэг зураагүй бөгөөд уг төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй болно гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Д ХХК нь Б.Од холбогдуулан С.Б зээлийн төлбөр 989 836 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Зээлдэгч С.С.Б, хамтран зээлдэгч Б.О нар нь Капиторн банк ХХК-тай 2018 оны 08 сарын 15-ны өдөр 3007029518 тоот Барьцаат тэтгэврийн зээлийн гэрээ байгуулж, 4 140 000 /дөрвөн сая нэг зуун дөчин мянга/ төгрөгийг, 18 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэйгээр зээлж авсан. С.С.Б нь 2019 оны 08 сарын 25-ны өдөр нас барсны улмаас зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчигдөн, зээл төлөх хугацаа хэтэрч Зээлийн эрсдэлийн даатгалын талаар хамтран ажиллах гэрээ-ний 4 дүгээр зүйлийн 4.5.1-д заасан даатгалын тохиолдол үүссэн. Ингээд Б.Д ХХК нь 1 051 555 төгрөгийг нөхөн төлбөрт тооцож К.Б ХХК-д олгосон. Үүнээс хойш тэтгэврийн зээлд 131 919 төгрөг төлөгдсөнийг К.Б ХХК нь манай дансанд шилжүүлсэн тул үлдэгдэл 919 636 төгрөгийг хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Оаас шаардаж байна. Мөн Б.Оыг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Б.Оаас гаргаж өгнө үү... гэжээ.

К.Б ХХК, Б.Д ХХК-ийн хооронд 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр №СОА/07-19/01 дугаартай Зээлийн эрсдэлийн даатгалын талаар хамтран ажиллах гэрээ-ний 4.5, 10.6, К.Б ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Зээлийн өр төлбөр нэхэмжлэх эрхийг шилжүүлэх гэрээ-ний 3.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.

Хэрэгт Капиторн банк ХХК, С.С.Б, Б.О нарын хооронд 2018-08-15-ны өдөр байгуулагдсан 3007029518 дугаартай Барьцаат тэтгэврийн зээлийн гэрээ ирсэн боловч энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4. дэх хэсэгт Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын хуулбар үнэн гэсэн тэмдэг дарж баталгаажуулна гэжээ.

Тодруулбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4. дэх хэсэгт Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд гэдэгт энэ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.-д заасан хэргийн оролцогч хамаарахгүй болно.

Тиймээс Капиторн банк ХХК, С.С.Б, Б.О нарын хооронд 2018-08-15-ны өдөр байгуулагдсан 3007029518 дугаартай Барьцаат тэтгэврийн зээлийн гэрээ нь нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул шийдвэрийн үндэслэл болохгүй байна.

Гэсэн хэдий ч, хариуцагч Б.О нь уг зээлийг өөрийнх нь эцэг С.С.Б авсан, тухайн үед өөрөө хамтран үүрэг гүйцэтгэгчээр гэрээнд гарын үсэг зурсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн.

Уг зээлийг С.С.Б нь өөрийнхөө тэтгэврийг барьцаалж авсан, мөн тухайн зээлийг Б.О нь хувьдаа авч ашиглаагүй, эцэг С.С.Б нь хүүхдийнхээ эмчилгээнд зориулж зээл авсан гэдгийг шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан.

Өндөр насны тэтгэвэр авах нь зөвхөн тухайн иргэний хувийн байдалтай салшгүй холбоотой эрх ба уг орлогоо барьцаалж зээл авсан нь мөн хувь хүний байдалтай салшгүй холбоотой үүргийг үүсгэнэ.

Зээлийн барьцаанд ирээдүйд авах тэтгэврээ барьцаалж, зээл авч буй нь С.С.Бд холбогдолтой болохоос бус гэрээнд хамтран зээлдэгч гэж заагдсан боловч өөрийн орлогыг барьцаалаагүй, Б.Од хамаарах боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл хамтран зээлдэгч Б.Од зээл олгох үндэслэл, тодруулбал: зээлдэгч С.С.Бтай хамтарч зээл авах хүсэл зориг, хэрэгцээ шаардлага байсан гэдэг нь тодорхой бус байх ба, нэхэмжлэгчийн тайлбараар С.С.Б нь хүүхдийнхээ эмчилгээнд зориулж зээл авсан гэдгийг хариуцагч хэлдэг.

Тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагааг тогтмол эрхэлдэг банк нь зээлийн гэрээнээс үүсэх эрсдэлээс хамгаалах зорилгоор хуульд заасан өөр арга хэрэгслээр гэрээ байгуулж болохыг үгүйсгэхгүй ба харин тэтгэвэр, цалин зэргийг барьцаалж зээл олгоход тухайн гэрээний зээлийн үүргийг эргэж төлөх нөхцөл нь хувь хүний салшгүй үүрэгтэй холбоотой атал зээл авах хүсэл зориггүй, хэрэгцээ шаардлагагүй байсан этгээдийг хамтран зээлдэгч гэж гэрээнд гарын үсэг зуруулснаар шаардах эрх үүсгэх үндэслэлгүй.

Иймээс Б.Оыг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2, 242.3-т зааснаар хамтран зээлдэгч гэж үзэх боломжгүй юм.

Зээлдэгчийн байдалтай салшгүй холбоотой тэтгэврийн зээлийн үүрэг зээлдэгч нас барснаар дуусгавар болох нь Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад тодорхой тусгагдсан байна.

Иймд хариуцагч Б.Од холбогдуулан гаргасан Б.Д ХХК-ийн зээлийн үүргийн гүйцэтгэлийг шаардсан нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 307 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээхээр заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 240 дүгээр зүйлийн 240.1.2., 431 дүгээр зүйлийн 431.1. дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Оаас 989 836 төгрөг гаргуулах Б.Д ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 28 307 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА