Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2021/00825

 

2021           06            23                                          001/ХТ2021/00825

 

 

 

............. ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 142/ШШ2021/00163 дугаар шийдвэр,

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 34 дүгээр магадлалтай,

 

............. ХХК-ийн нэхэмжлэлтэй

.............д холбогдох

 

Зээлийн үүрэг 989,836 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Саулегүлийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Саулегүль, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

1. ............. ХХК нь хамтран зээлдэгч .............д холбогдуулан тэтгэврийн зээлийн үлдэгдэл 989,836 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан, хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, маргажээ.

 

2. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 142/ШШ2021/00163 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 240 дүгээр зүйлийн 240.1.2., 431 дүгээр зүйлийн 431.1. дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч .............аас 989.836 төгрөг гаргуулах ............. ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 28.307 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

3. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 34 дүгээр магадлалаар Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 142/ШШ2021/00163 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Саулегүлийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Саулегүлийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 28.307 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Саулегүль хяналтын гомдолдоо: Магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна. ... Анхан болон давж заалдах шатны шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн буюу хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэж дараах үндэслэлүүдийг гаргаж байна. 1. .............ыг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй тухайд: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Капитрон банк” ХХК, С.Базаррагчаа, ............. нарын хооронд 2018.08.15-ны өдөр байгуулагдсан 3007029518 дугаартай “Барьцаат тэтгэврийн зээлийн гэрээ”-нд .............нь өөрийн тэтгэврийг барьцаалж авсан, мөн. тухайн зээлийг ............. нь хувьдаа авч ашиглаагүй, эцэг .............нь хүүхдийнхээ эмчилгээнд зориулж зээл авсан гэдгийг шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан. Өндөр насны тэтгэвэр авах нь зөвхөн тухайн иргэний хувийн байдалтай салшгүй холбоотой эрх ба уг орлогоо барьцаалж зээл авсан нь мөн хувь хүний байдалтай салшгүй холбоотой үүргийг үүсгэнэ. Зээлийн барьцаанд ирээдүйд авах тэтгэврээ барьцаалж, зээл авч буй нь С.Базаррагчаад холбоотой болохоос бус гэрээнд хамтран зээлдэгч гэж заагдсан боловч өөрийн орлогыг барьцаалаагүй, .............д хамаарах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл хамтран зээлдэгч .............д зээл олгох үндэслэл, тодруулбал: зээлдэгч С.Базаррагчаатай хамтран зээл авах хүсэл зориг, хэрэгцээ шаардлага байсан гэдэг нь тодорхой бус, тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа тогтмол эрхэлдэг банк нь зээлийн гэрээнээс үүсэх эрсдлээс хамгаалах зорилгоор хуульд заасан өөр арга хэрэгслээр гэрээ байгуулж болохыг үгүйсгэхгүй ба харин тэтгэвэр, цалин зэргийг барьцаалж зээл олгоход тухайн зээлийн гэрээний үүргийг эргэж төлөх нөхцөл нь хувь хүний салшгүй үүрэгтэй холбоотой атал зээл авах хүсэл зориггүй, хэрэгцээ шаардлагагүй байсан этгээдийг хамтран зээлдэгч гэж гарын үсэг зуруулснаар шаардах эрх үүсгэх үндэслэлгүй. Иймээс .............ыг Иргэний хуулийн 242.2, 242.3-т зааснаар хамтран зээлдэгч гэж үзэх боломжгүй юм” гэжээ. Нэгдүгээрт, аливаа зээлийг тодорхой бүтээгдэхүүн, нэр төрлөөр ангилан гаргах нь банкны бизнесийн асуудал бөгөөд “тэтгэврийн зээл” гэсэн нэршил нь тухайн зээлийн харилцааг бусад зээлийн харилцаанаас онцгой болгодоггүй буюу “тэтгэврийн зээл” гэсэн тухайлсан хуулийн зохицуулалт байхгүй, зээлийн гэрээний үндсэн зохицуулалт тухайн зээлийн гэрээний харилцаанд хэрэглэгддэг. Мөн түүнчлэн “тэтгэврийн зээл”-ийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга нь тэтгэврийн орлогын барьцаа байдаг хэдий ч үүгээр нь тухайн зээлийг зөвхөн тэтгэврээ барьцаалагч этгээд авсан, зөвхөн тухайн этгээд хувьдаа зарцуулсан гэж үзэх үндэслэл биш юм. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалж буй хөрөнгө нь хамтран үүрэг гүйцэтгэгч нарын хэнийх нь ч өмчлөл, эзэмшлийн хөрөнгө байж болно, цаашилбал гуравдагч этгээдийн өмчлөл, эзэмшлийн хөрөнгө ч байж болно. Хоёрдугаарт, зээлийг хамтран үүрэг гүйцэтгэгч нарын хэнийх нь ч дансанд банк олгож болох бөгөөд талуудын зөвшөөрч гарын үсэг зурсны дагуу тэтгэвэр авагч этгээдийн данс руу шилжүүлсэн нь нөгөө хамтран үүрэг гүйцэтгэгчийг аливаа үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Мөн хамтран зээлдэгч үүрэг гүйцэтгэгч нь зээлийн гэрээнд гарын үсэг зурснаар тухайн зээлийн гэрээний үүргийг нөгөө үүрэг гүйцэтгэгчтэй адилаар хамтран, ямар нэгэн ялгамжгүйгээр хүлээнэ гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд энэ талаар зээлийн гэрээнд тодорхой тусгагдсан. Барьцаат тэтгэврийн зээлийн гэрээний 1.6 дугаар зүйлийн 1.6.4-т “Хамтран үүрэг гүйцэтгэгч гэж энэхүү гэрээний дагуу үүсч буй үүргийн гүйцэтгэлийг Банкинд хүлээлгэн өгөх үүрэг бүхий Иргэний хуулийн 242.1-т тодорхойлсон хамтран үүрэг гүйцэтгэгч иргэнийг хэлнэ” гэж, мөн 5.3-т “Хамтран үүрэг гүйцэтгэгч нъ зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ” гэж тус тус заасан. “Капитрон Банк” ХХК-тай байгуулах “Барьцаат тэтгэврийн зээлийн гэрээ”-ний зээлдэгчид буюу үүрэг гүйцэтгэгчээр С.Базаррагчаа, ............. нар гарын үсэг зурснаар тус зээлийн гэрээний үүргийг хамтран хүлээх үүргийг хүлээж байгаа бөгөөд энэхүү харилцааг Иргэний хуулийн 242 дугаар зүйлд тодорхой зохицуулсан. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг аль ч үүрэг гүйцэтгэгчээс бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй байна. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрээр .............ыг хамтран үүрэг гүйцэтгэгч биш гэж үзсэн үндэслэлээ хуулийн үндэслэлтэйгээр, тодорхой тайлбарлаагүй байх бөгөөд “.............аас зээлийн гэрээний дагуу шаардах эрх үүсээгүй” гэдгээ ч мөн хуулийн үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй байна. Иргэний хуулийн 242 дугаар зүйлд заасан хамтран үүрэг гүйцэтгэх үндэслэл нь заавал хамтран үүрэг гүйцэтгэгчид мөнгөн хөрөнгө бодитоор шилжсэн байхыг, хамтран үүрэг гүйцэтгэгч зээлийн мөнгөн хөрөнгийг авах санаа зорилготой байхыг шаарддаггүй. Хамтран гүйцэтгэх үүрэг нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2-д зааснаар гэрээнд зааснаар үүсч болно. ............. нь ямар нэгэн дарамт шахалт, хөндлөнгийн нөлөөгүйгээр зээлийн гэрээнд гарын үсэг зурснаар хамтран үүрэг хүлээх хүсэл зоригоо тодорхой илэрхийлсэн гэж нэхэмжлэгч тал үзэж байгаа бөгөөд .............ы үүрэг хүлээж буй Барьцаат тэтгэврийн зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус байх эсхүл хүчин төгөлдөр бус гэж тооцож болох ямар нэгэн үндэслэл, нөхцөл байдал тогтоогдоогүй, хариуцагч энэ талаар маргаагүй байна. Иймд .............аас зээлийн гэрээний үүргийг шаардах эрх үүсээгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Гуравдугаарт, хамтран үүрэг гүйцэтгэгч этгээдүүдийн хэн нэгэнд хамаарах үүрэг дуусгавар болох (нас барснаар үүрэг дуусгавар болох гэх мэт) нь бусад хамтран үүрэг гүйцэтгэгчийн үүргийг дуусгавар болох үндэслэл болохгүй бөгөөд хэрвээ аль нэг үүрэг гүйцэтгэгч нас барсан тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь нөгөө хамтран үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардах эрхтэй. Иймд .............аас зээлдүүлэгч Капитрон банк болон түүнийн эрх, үүргийг шилжүүлж авсан ............. ХХК нь Барьцаат тэтгэврийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй бөгөөд .............ы тус гэрээний дагуу хүлээсэн үүрэг дуусгавар болоогүй тул анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. 2.Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн үүрэг дуусгавар болсон гэж үзсэн нь үндэслэлгүй тухайд: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон гол үндэслэл нь Иргэний хуулийн 240 дугаар зүйлийн 240.1.2 дахь хэсэг байна. Магадлалын хянавал хэсэгт “Анхан шатны шүүх өндөр насны тэтгэвэр авах нь зөвхөн тухай иргэний хувийн байдалтай салшгүй холбоотой эрх, зээлийн барьцаанд ирээдүйд авах тэтгэврээ барьцаалж зээл авсан нь түүний салшгүй эрхтэй холбоотой, өөрийн орлогыг барьцаалаагүй буюу хамааралгүй гэсэн дүгнэлтийг хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй Иргэний хуулийн 240 дүгээр зүйлд нийцсэн байна. Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч нас барсан бол үүрэг дуусгавар болохоор заасан ба .............нь ирээдүйд авах тэтгэврийн зээлээ барьцаалсан нь түүний хувийн байдалтай салшгүй холбоотой үүргийн гүйцэтгэл тус нас барснаар Капитрон банкны өмнө хүлээсэн тэтгэврийн зээлийн үүрэг дуусгавар болжээ” гэжээ. Магадлалын энэхүү хэсгийг дараах үндэслэлээр үгүйсгэж байна. Нэгдүгээрт, дээр дурдсанчлан хамтран үүрэг гүйцэтгэгч нарын аль нэгнийх нь үүрэг дуусгавар болох нь нөгөө хамтран үүрэг гүйцэтгэгчийн үүргийг дуусгавар болгох үндэслэл болохгүй. Хоёрдугаарт, Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасан “үүргийн гүйцэтгэл нь үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой” гэдэг нь тухайн үүргийг гүйцэтгэгч этгээд үүргийг биечлэн гүйцэтгэх үүрэг хүлээсэн байх буюу үүргийг түүнээс өөр этгээд гүйцэтгэх боломжгүй байх тохиолдол гэж ойлгогдож байна. Жишээлбэл ажил гүйцэтгэх гэрээгээр тодорхой ажил гүйцэтгэх (засвар үйлчилгээ, бүтээл туурвих, зураг зурах гэх мэт) үүрэг хүлээсэн тохиолдолд түүний үүргийг түүний эрх, үүргийг залгамжилж авч байгаа этгээдүүд болон өвлөгчид нь гүйцэтгэх боломжгүй бол тухайн үүрэг дуусгавар болох нь тодорхой. Харин зээлийн гэрээний тухайд үүрэг гүйцэтгэгч нь мөнгөн төлбөрийн үүрэг хүлээдэг тул түүний үүргийг хамтран үүрэг гүйцэтгэгч, өвлөгч (өвлөсөн хөрөнгийн хэмжээгээр) аль аль нь гүйцэтгэх боломжтой тул “хувийн байдалтай салшгүй холбоотой” гэж үзэх үндэслэлгүй юм. Мөн хэдий С.Базаррагчаагийн хувийн байдалтай салшгүй байдалтай холбоотой гэж үзлээ ч Барьцаат тэтгэврийн зээлийн гэрээний тухайд хоёр үүрэг гүйцэтгэгчтэй байх тул нэг үүрэг гүйцэтгэгчийн хүлээх үүрэг дуусгавар болсон ч нөгөө үүрэг гүйцэтгэгчийн үүрэг дуусгавар болох үндэслэл бүрдээгүй тохиолдолд тухайн үүрэг гүйцэтгэгчийн үүрэг дуусгавар болоогүй хэвээр байна. Иймд үүрэг гүйцэтгүүлэгч нь тухайн үлдэх үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг шаардах бүрэн боломжтой юм. Дээрх үндэслэлүүдээр “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” гэж үзэж хяналтын журмаар гомдол гаргаж байгаа бөгөөд шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсч байна гэжээ.

 

5. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцээд хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх 2021.05.28-ны өдрийн 001/ШХТ2021/00196 дугаар тогтоол гаргасан байна.

ХЯНАВАЛ:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” үндэслэл тогтоогдсон тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

Шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцаа, талуудын эрх, үүргийн талаар хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, маргааны зүйл буюу нотолгооны зүйлийн талаар талууд мэтгэлцээгүй, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тодорхой бус, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих ёсоор явуулаагүй зөрчил нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хяналтын шатны шүүх хууль хэрэглээний асуудлаар эрх зүйн дүгнэлт хийж залруулах боломжгүй байна.

 

2. Маргааны үйл баримт, шүүхийн шийдвэр, магадлалын үндэслэлийн талаар

 

2018.08.15-ны өдөр Капитрон банк ХХК, .............нар зээлийн гэрээ байгуулж, түүний тэтгэврийг барьцаалж, 4,140,000 төгрөгийг 18 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй зээлдүүлсэн, гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр ............. оролцсон, 2019.08.25-ны өдөр .............нас барж, зээл хуваарийн дагуу төлөгдөөгүй, 1,051,555 төгрөгийн үүрэг үлдсэн, ............. ХХК нь 2019.03.20-н өдрийн “Зээлийн эрсдлийн даатгалын талаар хамтран ажиллах гэрээ”-ний дагуу Капитрон банк ХХК-д нөхөн төлбөр 1,051,555 төгрөгийг 2019.10.17-ны өдөр шилжүүлсэн, зээлд 131,919 төгрөг төлөгдсөн, ............. ХХК үлдэгдэл 919,636 төгрөгийг хамтран үүрэг гүйцэтгэгч .............аас шаардсан үйл баримт тогтоогдсон гэж шүүх үзжээ.

 

Хоёр шатны шүүх өндөр насны тэтгэвэр авах нь зөвхөн тухайн иргэний хувийн байдалтай салшгүй холбоотой, Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2.-т үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч нас барсан бол үүрэг дуусгавар болохыг заасан ба .............зээлийн барьцаанд ирээдүйд авах тэтгэврээ барьцаалсан, тэтгэвэр нь түүний хувийн байдалтай салшгүй холбоотой үүргийн гүйцэтгэл тул нас барснаар Капитрон банкны өмнө хүлээсэн тэтгэврийн зээлийн үүрэг дуусгавар болсон гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хянан хэлэлцсэн үндэслэл

 

Хяналтын шатны шүүх “нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүссэн” гомдлын хэсгийг үндэслэлгүй гэж үзэж, харин шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулах гомдлыг хангах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой дараах зөрчлийг гаргасан байна. Үүнд:

 

3.1.Зохигчийн хооронд үүссэн үүргийн харилцаа, үүргийн шинж чанар, гэрээний талууд, үндсэн болон нэмэлт үүргийг зааглан, маргааны зүйл, нэхэмжлэгчийн шаардах эрх, түүний урьдчилсан нөхцөлийг бүрэн тодорхойлж чадаагүй, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн эрх зүйн дүгнэлт хийх үүргээ анхан болон давж заалдах шатны шүүх биелүүлээгүй нь алдаатай болсон ба хяналтын шатны шүүх өөрийн бүрэн эрхэд хамаарахгүй асуудлыг буюу нотлох баримтыг үнэлэх боломжгүй юм.

 

Нэг талаас тохирсон мөнгөн дүнг олгох, нөгөө талаас мөнгийг зохих хүүгийн хамт эсвэл хүүгүйгээр буцаан төлөх 2 талын үүрэг бүхий хэлцэл нь зээлийн гэрээ бөгөөд субьектээс буюу зээлдүүлэгчээс шалтгаалж гэрээний төрлийг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ хэмээн ангилсан, талуудын хооронд уг хэлцэл байгуулагдсан талаар шүүх хуульд нийцсэн дүгнэлтийг хийсэн боловч гэрээний талууд, хариуцагч ............. яагаад үүрэг хүлээхгүй гэж үзсэн үндэслэлээ эрх зүйн хувьд дүгнээгүй, зээл авах хүсэлтийг хамтран гаргасан, зээлийн гэрээнд үүргийг хамтран гүйцэтгэхээр оролцсон баримтыг шүүх ямар баримтаар үгүйсгэсэн талаар шийдвэр, магадлалд тусгаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4, 116 дугаар зүйлийн 116.3-т заасныг зөрчсөн гэж үзнэ.

 

3.2. ............. ХХК нь шаардах эрхийг шилжүүлж авсан эсвэл даатгуулагчид нөхөн төлбөрийг төлснөөр шаардах эрх шилжсэн тул нэхэмжлэл гаргасан алин болохыг шүүх эрх зүйн үүднээс дүгнэлт хийгээгүй байх ба даатгалын гэрээ хүчин төгөлдөр эсэх, уг гэрээний дагуу шаардах эрх хэзээ үүссэн, эсвэл Иргэний хуулийн 123 дугаар зүйлд зааснаар шаардах эрхийг шилжүүлж авсан бол үүрэг гүйцэтгэгч буюу .............д мэдэгдсэн эсэх зэрэг эрх зүйн асуудлаар шүүх дүгнэлт хийх учиртай.

 

3.3. Хоёр шатны шүүх тэтгэврийг барьцааны зүйл гэж үзсэн атлаа үндсэн үүрэг буюу зээлийн үүргийг дуусгавар болно гэж үзсэн нь Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1, 153 дугаар зүйлийн 153.4-т заасан хэм хэмжээг зөрчжээ.

Барьцааны эрх нь үндсэн шаардлага буюу зээлийн гэрээнд хамаардаг, зээлийн гэрээгүйгээр бие даан хэрэгждэггүй салгаж үл болох эрх бөгөөд барьцааны зүйл үгүй болсноор барьцаа дуусгавар болохоос үндсэн үүрэгт нөлөөлөхгүй болохыг анхаараагүй байна.

 

3.4. Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т “үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан” гэж заасан, уг зохицуулалтыг шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох эрх зүйн үндэслэл болгожээ.

 

“Үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой” байх хуульд заасан урьдчилсан нөхцөлийг шүүх тайлбарлахдаа зөвхөн тэтгэвэр авагч гэх байдалд тулгуурласнаас үүрэг гүйцэтгэхэд зээлдэгчийн ямар хувийн байдал салшгүй холбоотой, үүргийг биечлэн гүйцэтгэх ямар үндэслэл байгаа, зээлдэгч нас барсан бол үүргийн гүйцэтгэлийг хангах боломжгүй ямар нөхцөл үүссэн, хамтран үүрэг гүйцэтгэгчийг хэрхэн үзэх зэрэг эрх зүйн асуудалд хийвэл зохих дүгнэлтийг хийгээгүй байна.

 

Шүүхийн практикт, Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018.10.18-ны 001/ХТ2018/01447 дугаар тогтоол, 2018.09.25-ны өдрийн 001/ХТ2018/01258 дугаар тогтоолоор цалингийн зээлийн маргааныг шийвэрлэхдээ цалин хөлсийг зөвхөн зээлдэгчид хамааралтай, зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой үүргийг бий болсон гэж үзэж Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар үүрэг дуусгавар болсон гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь тухайн маргааны талуудын эрх, үүрэг, тохиролцоо, гэрээний агуулгад тулгуурласан байх ба эрх зүйн дүгнэлт, хууль хэрэглээ албан ёсны хуулийн тайлбарын шинжийг агуулаагүй тул иш татаж хэрэглэх эрх зүйн акт болоогүй болохыг хоёр шатны шүүх анхаараагүй байна.

 

3.5. Хэргийн нөхцөл байдал тодорхой бус байгаа нь шүүх хууль хэрэглээний асуудлаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүйд хүргэсэн байна.

 

Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль 2020.01.10-ны өдрөөс эхэлж хэрэгжсэн ба ............. нь “...банкнаас утасдаж зээл тэглэсэн болохыг хэлсэн...гэтэл 2020.09 сараас ............. ХХК-иас зөрүү мөнгөө төл гэж хэлсэн...” гэсэн тайлбар гаргасан, энэ талаар шүүх тодруулж, хууль хэрэгжиж эхлэхээс өмнө ............. ХХК 2019.10.17-ны өдөр 1,051,555 төгрөгийг Капитрон банкинд шилжүүлсэн байх боловч жилийн дараа буюу 2020.12.24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, энэ хугацаанд хуулиар тэтгэврийн зээлийг чөлөөлсөн эсэх асуудлыг тогтоох нь ач холбогдолтой байжээ.

 

4. Иймд эдгээр зөрчлийг залруулах боломжгүй, шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 142/ШШ2021/00163 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 34 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр төлсөн 28,306 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Х.ЭРДЭНЭСУВД

                      ШҮҮГЧИД                                                           П.ЗОЛЗАЯА

                                                                                                  С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                  Г.ЦАГААНЦООЖ

                                                                                                  Д.ЦОЛМОН