Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 142/шш2021/00704

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-23-117 тоотод байрлах г а э ХХК /регистрийн дугаар 4388771/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг Сүхбаатарын гудамжинд байрлах э д он /регистрийн дугаар 2802813/-д холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-14-58 тоотод байрлах Эйон ХХК,

э д он-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 63 тоот Техникийн нөхцөл цуцлах тухай шийдвэрийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Эрдэнэсоёл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Содномжамц, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөлөгч Б.Баасанжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Эрдэнэсоёл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай компани Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багт байрлах ТЭСОРО ЦЕНТР нэртэй үл хөдлөх хөрөнгийг өмчилж уг үл хөдлөх хөрөнгөнд зочид буудал, рестораны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Энэхүү үйл ажиллагааг явуулж эхлээд 2 жил болж байгаа ба иргэд, зочдыг ая тухтай үйлчилгээ авах бүхий л боломж нөхцлийг хангаж хууль, дүрэм, журмыг чанд сахиж мөрдөн үйл ажиллагаа эрхэлдэг. Энэ үл хөлдлөх хөрөнгийн ашиглалтанд оруулах үед э д он-иас 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Ус хангамж, ариутгах татуургын төвлөрсөн системд хэрэглэгчийг холбох техникийн нөхцөл №19/А085-ийг хууль, журамд заасны дагуу авсан. Уг техникийн нөхцөл олгогдсоны дараа техникийн нөхцлийн хүчинтэй хугацаанд холболтын ажлыг тухайн техникийн нөхцөлд тавьсан шаардалгад нийцүүлэн хийж гүйцэтгэсэн. Ингээд холболт журмын дагуу хийгдэж э д он-тай Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах гэрээг байгуулж өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл э д он нь 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн он сар бүхий 63 тоот Техникийн нөхцөл цуцлах тухай гэх албан бичгийг манай компанид ирүүлсэн. Албан бичигт 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр танай байгууллагад олгосон №19/А085 дугаартай техникийн нөхцлийг 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болгохоор шийдвэрлэлээ гэсэн шийдвэрийг ирүүлсэн. Энэхүү шийдвэртэй нь холбоотойгоор манай компанийн зүгээс 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Хот, суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалтын үйлчилгээг зохицуулах зөвлөл-д хандан Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасан журмын дагуу шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүсч гомдол гаргасан. Мөн гомдол гаргасан талаар хариуцагч компанид хаяглан хариу хүргүүлэх тухай 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 21/011 дугаартай албан бичиг хүргүүлсэн. Зөвлөлд гаргасан дээрх манай компанийн гомдлын хариу нь болох 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 01/136 дугаар бүхий Асуудал шийдвэрлэх үүрэг даалгавар хүргүүлэх тухай албан тоот нь манай 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн шуудангийн үйлчилгээний газраар дамжиж ирсэн. Уг гомдлыг шийдвэрлэсэн талаарх хариу албан тоотод /....Гүн-Арвижих эрдэнэс ХХК-д олгосон 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн ЭУ-13/015 тоот техникийн нөхцлийг хэвээр үлдээж цаашдаа тус компанийг ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээгээр ханган үүссэн асуудлыг шийдвэрлэнэ үү..../ гэх үүргийг хариуцагч компанийн захиралд үүрэг болгосон байсан. Компанийн захирал би Д.Бүүвэйбаатар захиралд дээд газар буюу зөвлөлөөс өгсөн үүрэг даалгавар буюу гомдлын маань хариуг Д.Бүүвэйбаатар дарга хэрэгжүүлж манай компанийг ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээгээр хангах ажлыг хэвийн явуулна гэж найдаж байсан боловч энэ үгүй байсан юм байна. Ийнхүү ойлгох болсон шалтгаан нь манай компанид хариуцагч компаниас 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 276, 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 339 дугаар бүхий Ерөнхий инженер Д.Содномжамц, гүйцэтгэх захрал Д.Бүүвэйбаатар нарын гарын үсэг тамга тэмдэг бүхий мэдэгдэл ирэх боллоо. Мэдэгдэлд 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 063 тоот шийдвэр хүчинтэй байгаа талаар дурьдаж уг хэрэгжүүлж цэвэр бохир усаар хангахгүй гэх утга тусгагдасан байдаг. Манай копманийн хувьд цэвэр бохир ус хангагдахгүй зогсвол хэвийн үйл ажиллагаа шууд алдагдаж бизнес маань шууд зогсож хохирол амсана. Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ компанийн хүчинтэй байгаа гэж үзэж улмаар хэрэгжүүлэх гэж байгаа шийдвэр нь илэрхий хууль, журам зөрчсөн шийдвэр байдаг. Энэ талаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т зааснаар шүүхэд хандахаас өөр аргагүйд хүрлээ. Иймд дараах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батцэцэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: г а э ХХК нэхэмжлэлтэй Эрдэнэт ус, ДТС ОНӨХК-д холбогдох иргэний хэрэгт хуулийн зөвлөх ажилтай Л.Батцэцэг миний бие хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. г а э ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн авах боломжгүй гэсэн тайлбар гаргаж байна. Учир нь: Гүн арвижих ХХК-д Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль-ийн 11 дүгээр зүйлийг үндэслэн 2013 оны 09 сарын 19-ны өдөр ЭУ-13/015 дугаартай усан хангамж, ариутгах татуургын төвлөрсөн системд хэрэглэгчийг холбох техникийн нөхцөлийг олгосон. Тус техникийн нөхцөлийн 12 дугаар зүйлд техникийн нөхцөлийн дагуу холболтыг 2 жилийн дотор хийж гүйцэтгэнэ. Техникийн нөхцлийн үйлчлэх хугацаа дуусахаас 2 сарын өмнө техникийн нөхцөл олгогчид хандаж шинээр техникийн нөхцөл авах буюу сунгуулна гэж заасан. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2020 оны 12 сарын 01 өдрийн 01/737 тоот албан бичигт 2019 оны 11 сарын 11-ны өдрийн №19/А/085 дугаартай техникийн нөхцөл олгохдоо өмнө нь хийгдсэн техникийн нөхцөлийг давхардуулж олгосон байх тул Эрдэнэт ус, ДТС ОНӨХК нь Гүн арвижих ХХК-д олгосон 2019 оны 11 сарын 11-ны өдрийн техникийн нөхцөлийг хүчингүй болгож ажиллахыг даалгасан. Мөн Гүн-Арвижих ХХК нь Ус хангамж, ариутгах татуургын төвлөрсөн системд хэрэглэгчийг холбох техникийн нөхцөлийн 5.6 хэрэглэгч нь Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15.1.10 -д заасны дагуу хэрэглэгчийн шугамнаас хангагч байгууллагын зөвшөөрлөөр шинээр хэрэглэгч нэмж холбуулах үүрэгтэй гэж заасан боловч энэхүү үүргээ биелүүлэхгүй байх тул 2016 оны 84 дүгээр тогтоолын хавсралт Ус хангамж, ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд хэрэглэгчийг холбох техникийн нөхцөл олгох журам-ийн 2.4 /Техникийн нөхцөлд тусгагдсан шаардлагыг зөрчсөн, хүчинтэй хугацаанд холболтын ажлыг гүйцэтгээгүй, тухайн хэрэглэгчийн хэрэглээний горим болон инженерийн байгууламжид өөрчлөлт ороход хэрэглэгч нь хангагч байгууллагад албан ёсоор мэдэгдээгүй, анхны техникийн нөхцөлд нэмэлт өөрчлөлт оруулах, сунгуулах буюу техникийн нөхцөл аваагүй бол техникийн нөхцөлийг хүчингүй болгох эрхтэй/-дэх заалтыгтус тус үндэслэн 2019 оны 11 сарын 11-ны өдрийн №19/А/085 дугаартай техникийн нөхцөлийг хүчингүй болгох талаар мэдэгдсэн. Гүн арвижих ХХК-д өгсөн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 63 тоот албан бичгэнд 2019 оны 11 сарын 11-ны өдрийн 19/А/085 дугаартай техникийн нөхцөлийг цуцлах, бохир усны техникийн нөхцөлийг шинэчилж авах, техникийн нөхцөлийн дагуу шугам сүлжээнд холболт хийх ажлыг зохион байгуулж ажиллах талаар дурьдсан. Иймд дээрх үндэслэлийн дагуу 2019 оны 11 сарын 11-ны өдрийн №19/А/085 дугаартай техникийн нөхцөл хүчингүй болсноор 2013 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн ЭУ-13/015 дугаартай техникийн нөхцөлийг барих үндэслэлгүй, учир нь Тус техникийн нөхцөлийн 12 дугаар зүйлд техникийн нөхцөлийн дагуу холболтыг 2 жилийн дотор хийж гүйцэтгэнэ. Техникийн нөхцөлийн үйлчлэх хугацаа дуусахаас 2 сарын өмнө техникийн нөхцөл олгогчид хандаж шинээр техникийн нөхцөл авах буюу сунгуулна гэж заасан байх тул тус техникийн нөхцөл мөн адил хүчингүй гэж мэргэжлийн байгууллагын хувьд үзсэн. Дээрх үндэслэлүүдийг үндэслэн Гүн арвижих ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн авахгүй боломжгүй гэж үзэж байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөлөгч Б.Баасанжав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Эйон ХХК болон Гүн арвижих ХХК-иуд нь зэрэгцэн оршдог. Гүн арвижих ХХК нь 2013 онд барилгаа барьж ашиглалтад оруулсан. 2013 онд техникийн нөхцөлөө авсан. Ингээд техникийн нөхцөлөө 2015 онд сунгах байтал сунгаагүй. Нэхэмжлэгч нь Эйон ХХК-ийн бохирт дур мэдээд холбосон. Тэгсэн мөртлөө манайхыг цэвэр усанд холбуулахгүй байгаа. Техникийн нөхцөлд хэрэглэгчийг холбох үүргээ биелүүлэгүй бол цуцлахаар заасан байдаг тул техникийн нөхцөлийг цуцалж өгнө үү... гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч г а э ХХК нь э д он-д холбогдуулан э д он-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 63 тоот Техникийн нөхцөл цуцлах тухай шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй бөгөөд тайлбартаа: ...Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 01/737 тоот албан бичигт 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №19/А/085 дугаартай техникийн нөхцөл олгохдоо өмнө нь хийгдсэн техникийн нөхцөлийг давхардуулж олгосон байх тул Эрдэнэт ус, ДТС ОНӨХК нь Гүн арвижих ХХК-д олгосон 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн техникийн нөхцөлийг хүчингүй болгож ажиллахыг даалгасан гэсэн байх ба энэ тайлбар татгалзлаа нотолсон баримтыг хэрэгт ирүүлээгүй болно.

Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15.техникийн нөхцөл гэж шинээр барих, өргөтгөх барилга байгууламжийг ус хангамжийн болон ариутгах татуургын шугам сүлжээнд холбоход тавигдах шаардлага, нөхцөлийг тусгасан техникийн баримт бичгийг хэлнэ гэжээ.

г а э ХХК нь 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Ус хангамж, ариутгах татуургын төвлөрсөн системд хэрэглэгчийн холбох ЭУ-13/015 тоот техникийн нөхцлийг авч, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр сунгалт хийлгэж 19/А/085 дугаартай техникийн нөхцлийг 2 жилийн хугацаагаар сунгасан болох нь Тус шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 142/ШШ2021/00249 дугаартай шүүхийн шийдвэр, хэрэгт ирүүлсэн нотлох баримтууд, талуудын тайлбаруудаар нотлогдож байна.

Ус хангамж, ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд хэрэглэгчийг холбох техникийн нөхцөл олгох журмын 2.4.-т Техникийн нөхцөлд тусгагдсан шаардлагыг зөрчсөн, хүчинтэй хугацаанд холболтын ажлыг хийж гүйцэтгээгүй, тухайн хэрэглэгчийн хэрэглээний горим болон инженерийн байгууламжид өөрчлөлт ороход хэрэглэгч нь хангагч байгууллагад албан ёсоор мэдэгдээгүй, анхны техникийн нөхцөлд нэмэлт өөрчлөлт оруулах, сунгуулах буюу техникийн нөхцөл аваагүй бол техникийн нөхцлийг хүчингүй болгох эрхтэй, 2.5.-д Хэрэглэгч нь техникийн нөхцлийг дур мэдэн өөрчилсөн, техникийн нөхцөлд тусгасан шаардлагыг зөрчсөн, техникийн нөхцөлгүй болон дур мэдэн холболт хийсэн байгууллага, иргэнийг инженерийн хангамжаар хангахаас татгалзах шийдвэрийг техникийн нөхцөл олгох комиссын хурлаар хэлэлцэн шийдвэрлэх эрхтэй гэжээ.

г а э ХХК нь э д он-с олгосон хүчинтэй техиникийн нөхцлийн хугацаанд холболтыг хийсэн байх ба техникийн нөхцөлд тусгагдсан шаардлагыг зөрчсөн болох нь нотлогдохгүй байх ба, техникийн нөхцөл олгосон комисс хэдийд ямар шийдвэр гаргасныг шүүхэд ирүүлээгүй болно.

э д он-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 63 дугаартай г а э ХХК-д хаягласан албан бичигт: Байгууллагын ус хангамж, ариутгах татуургын төвлөрсөн системд хэрэглэгчийг холбох техникийн нөхцөл олгох комиссын 2021 оны 01 дүгээр сарын 11, 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хурлаар Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 01/737 тоот, Авилагатай тэмцэх газар 05/10984 тоот албан бичгүүд болон Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 84 тоот тогтоолын хавсралт, Ус хангамж, ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд хэрэглэгчийг холбох техникийн нөхцөл олгох журмын 2.4, 2.8. дугаар заалтыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр танай байгууллагад олгосон №19/А/085 дугаартай техникийн нөхцлийг 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болгохоор шийдвэрлэснийг мэдэгдье гэжээ.

Барилга байгууламж шинээр баригдаж, ашиглалтад орохыг зэрэгцээ хуучин ашиглагдаж байсан шугам сүлжээнүүдийн хүчин чадал хүрэлцэхгүй болж ЦТП 2-7 байгууламжаас хэрэглэгчид дулаан халуун хүйтэн усны шугам татах, уг ажлыг хийж шинэчлэх ажлыг нэр бүхий 5 аж ахуй нэгж түүний удирдлагууд хуралдсан бөгөөд шугам шинэчлэх ажлыг нэр бүхий 5 аж ахуй нэгж гүйцэтгэхээр тохирсны дагуу г а э ХХК зураг төсөл боловсруулан хуучин байсан 2 шугамыг 5 шугам болгон өргөтгөж шинэчилсэн болох нь талуудын тайлбар Тус шүүхийн 2021-03-09-ны өдрийн 00249 дугаартай шийдвэрээр нотлогдож байна.

г а э ХХК нь өмнө нь манай компани тодорхой хэмжээний хөрөнгө гаргаад шинээр шугамуудыг сольж 2 байсныг нь 5 болгосон өргөтгөсөн, тиймээс тодорхой хэмжээний төлбөрөө төлөөд шугамнаас холболт хийхийг бид хүлээн зөвшөөрч байгаа гэдэг.

Ус хангамж, ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд хэрэглэгчийг холбох техникийн нөхцөл олгох журмын 3.4.-т Хэрэглэгч техникийн нөхцөл авахаар хүсэлт гаргахдаа холбуулахаар санал болгож байгаа шугам сүлжээний өмчлөгчтэй зөвшилцсөн байх ба холбогдох байгууллагаас техникийн тодруулгыг авна, 6.4.-т Техникийн нөхцөл нь олгогдсон өдрөөс хойш 2 жилийн хугацаанд хүчинтэй байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох Эйон ХХК-ийн холбох шугам нь г а э ХХК-ийн өмчлөлийн шугам байх тул нэхэмжлэгчийн /өмчлөгчийн/ зөвшилцөлтэй холболт хийх нь зүйн хэрэг юм.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Содномжамц шүүх хуралдаанд: ...манай байгууллага г а э ХХК-д техникийн нөхцлийг буруу олгосон байсан. Гэхдээ г а э ХХК нь Эйон ХХК-тайгаа зөвшөлцөхгүй, ойлголцохгүй байна. Бидний зүгээс энэ хоёр байгууллага учраа олоочээ л гэсэн хүсэлттэй байна... гэсэн тайлбар гаргасан.

Нэгэнт Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу э д он-с 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 19/А/085 дугаартай техникийн нөхцөл олгож, хүчин төгөлдөр техникийн нөхцлийн дагуу шугам сүлжээнд холболт хийгдээд дууссан ажиллагааг одоо цуцлах боломжгүй байна.

Иймд э д он-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 63 тоот Техникийн нөхцөл цуцлах тухай шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3.Тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч нь энэ хуулийн 22.2-т заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж заасан байх ба нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч ковид 19 цар тахал өвчин туссан нөхцөл байдал тухайн цаг хугацаатай давхцаж байгааг хүндэтгэн үзэх шалтгаанд тооцон нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1. дэхь хэсэгт заасныг баримтлан э д он-ийн гүйцэтгэх захирал 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 63 тоот Техникийн нөхцөл цуцлах тухай шийдвэрийг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА