Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 142/ШШ2021/01248

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум*******/-д холбогдох,

"Зээлийн үүрэг 989,836 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь *******-тай Зээлийн эрсдэлийн даатгалын талаар хамтран ажиллах гэрээ байгуулж, тэтгэвэр барьцаалан олгож буй зээлийг даатгалд хамруулан даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд гэрээний дагуу даатгалын нөхөн олговор олгож ирсэн. Энэхүү гэрээний 10 дугаар зүйлийн 10.6, Зээлийн өр төлбөр нэхэмжлэх эрхийг шилжүүлэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2, 242.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу шилжиж ирсэн шаардах эрхийн хүрээнд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Капиторн банк ХХК-тай 2018 оны 08 сарын 15-ны өдөр зээлдэгч ******* хамтран зээлдэгч ******* нар нь 3007029518 тоот Барьцаат тэтгэврийн зээлийн гэрээ байгуулж, 4 140 000 /дөрвөн сая нэг зуун дөчин мянга/ төгрөгийг, 18 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэйгээр зээлж авсан байна. ******* нь 2019 оны 08 сарын 25-ны өдөр нас барсны улмаас зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчигдөн, зээл төлөх хугацаа хэтэрч Зээлийн эрсдэлийн даатгалын талаар хамтран ажиллах гэрээ-ний 4 дүгээр зүйлийн 4.5.1-д заасан даатгалын тохиолдол үүссэн. Ийнхүү ******* нь 2019 оны 09 сарын 23-ны өдөр даатгалын нөхөн төлбөр нэхэмжилснийг хүлээн авч Бодь Даатгал ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 10 сарын 17-ны өдрийн В/619 тоот тушаалаар 1,051,555 төгрөгийг нөхөн төлбөрт тооцож *******-д олгосон. Үүнээс хойш 2019 оны 10 сарын 31-ны өдөр тухайн тэтгэврийн зээлд 131 919 төгрөг төлөгдсөнийг ******* нь манай дансанд шилжүүлсэн байх тул тус дүнг хасаж үлдэгдэл 919 636 төгрөгийг хамтран үүрэг гүйцэтгэгч болох *******аас гаргуулахаар шаардаж байна. Тус шүүхэд энэхүү нэхэмжлэлийг 2020 оны 06 сарын 29-ны өдөр гаргаж байсан бөгөөд 2020 оны 07 сарын 10-ны өдөр 142/Ш32020/03671 тоот шүүгчийн захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болсон тул 2020 оны 07 сарын 28-ны өдөр нэхэмжлэгч өөрийн харьяа Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасан. Тус хүсэлтийг 2020 оны 08 сарын 25-ны өдөр 181/ШШ2020/02148 тоот шийдвэрээр шийдвэрлэж Орхон аймаг дахь цагдаагийн хэлтэс *******ыг эрэн сурвалжилж Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг 5-24-84 тоот хаягт оршин суудаг болохыг тогтоосон тул эрэн сурвалжлах улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг *******аас гаргуулахаар нэхэмжилж байна. Иймд даатгалын нөхөн төлбөрт төлсөн 919,636 төгрөг, эрэн сурвалжлах улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, нийт 989,836 төгрөгийг *******аас гаргуулж, Бодь Даатгал ХХК-д олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* ******* тоотод оршин суудаг. 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр аав маань өөд болсон юм. Капитрон банкны эдийн засагч эрэгтэй хүн 9 сарын эхээр тэтгэврийн үлдэгдэл төлбөр 1 200 000 байна бага багаар төлөөд яваарай гэсэн 9 сард 200 000 төлсөн 10 сарын сүүл хавиар аавын маань тэтгэврийн өр төлөгдсөн тэглэгдсэн гэсэн хариуг мөн 9990 дугаартай эдийн засагч эрэгтэй утсаар мэдэгдсэн. Гэтэл 2020 оны 09 сард Бодь даатгал тэтгэврийн зөрүү мөнгө төл гэж жилийн дараа ярьсан. Капитрон банк амь даатгалын мөнгийг даатгалын газраас аваад охин болох би тэр төлбөрийг төлнө гэсэн баримт бичигт гарын үсэг зураагүй бөгөөд уг төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй болно гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь *******д холбогдуулан *******гийн зээлийн төлбөр 989,836 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа *******-тай 2018 оны 08 сарын 15-ны өдрийн зээлийн гэрээ болон *******-ийн *******-тай байгуулсан зээлийн эрсдэлийн даатгалын талаар хамтран ажиллах гэрээнд үндэслэж байна.

*******, *******, ******* нарын хооронд 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар 3007029518 дугаартай Барьцаат тэтгэврийн зээлийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд 4,140,000 /дөрвөн сая нэг зуун дөчин мянга/ төгрөгийг, 18 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэйгээр зээлж авсан байна. Капитрон банкнаас зээл авах хүсэлтийг *******, хариуцагч нар нь хамтран гаргаж, хариуцагч ******* зээлийн гэрээнд гарын үсэг зурж Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2., 242.3-т зааснаар үүргийг хамтран гүйцэтгэхээр оролцсон болох нь зээлийн гэрээ болон хариуцагчийн өөрийнх нь тайлбараар батлагдаж байх ба дээрх үйл баримтыг үгүйсгэсэн ямар нэгэн баримт байхгүй байна.

Нэхэмжлэгч ******* нь *******-тай Зээлийн эрсдэлийн даатгалын талаар хамтран ажиллах гэрээ байгуулж, тэтгэвэр барьцаалан олгож буй зээлийг даатгалд хамруулан даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд гэрээний дагуу даатгалын нөхөн олговор олгох үүрэг хүлээжээ.

Зээлдэгч ******* нь 2019 оны 08 сарын 25-ны өдөр нас барснаар ******* болон Бодь Даатгал ХХК-ийн хооронд байгуулагдсан даатгалын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5.1-д заасан даатгалын тохиолдол үүссэн байна.

******* нь гэрээний дагуу 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр даатгалын нөхөн төлбөр нэхэмжилснийг хүлээн авч Бодь Даатгал ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн В/619 тоот тушаалаар 1,051,555 төгрөгийг нөхөн төлбөрт тооцож *******-д олгосон байх ба 2019 оны 10 дугаар сарын 31-ны өдөр тухайн тэтгэврийн зээлд төлөгдсөн 131,919 төгрөг дээрх мөнгөнөөс хасагджээ.

Нэхэмжлэгч нь зээлийн эрсдэлийн даатгалын гэрээний 10 дугаар зүйлийн 10.6, Зээлийн өр төлбөр нэхэмжлэх эрхийг шилжүүлэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2, 242.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу шаардах эрхтэй байна. Өөрөөр хэлбэл ******* нь даатгуулагч *******-нд зээлдэгч *******, ******* нарын зээлийн гэрээний дагуу төлөх ёстой мөнгийг нөхөн төлснөөр, хариуцагч *******аас үндсэн зээл, зээлийн хүү зэрэг төлбөрийг шаардах эрхийг *******-аас шилжүүлэн авсан байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 10 дугаар зүйлийн 10.6-д Даатгалын тохиолдол бий болсоны дараа даатгагч нөхөн төлбөрийг олгосон нөхцөлд зээлдэгчээс төлбөр нэхэх банкны эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр,түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ гэжээ.

Гэрээний 2 дугаар зүйлийн 2.9-д даатгалын тохиолдлыг тодорхойлсон байх бөгөөд гэрээний 3.5-д болон 4.5-д дурдсан эрсдэлийн улмаас тухайн зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчигдсөн болзол бүрдэхийг ойлгохоор заажээ. Өөрөөр хэлбэл зээлдэгч ******* нь 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр нас барсаны улмаас зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчигдөн, зээл төлөх хугацаа хэтэрч гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5.1-д заасан даатгалын тохиолдол үүссэн, 10.6-д зааснаар Капитрон банкинд нөхөн төлбөрийг олгосон байх тул зээлдэгчээс төлбөр нэхэх банкны эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагч буюу нэхэмжлэгч *******-нд шилжсэн байна.

******* тэтгэврээ барьцаалж зээл авсан байх ба тэрээр нас барснаар барьцаа дуусгавар болсон байх боловч барьцааны эрх нь үндсэн шаардлага буюу зээлийн гэрээнд хамаардаг, зээлийн гэрээгүйгээр бие даан хэрэгждэггүй салгаж үл болох эрх бөгөөд үндсэн үүрэгт нөлөөлөхгүй юм.

Үндсэн зээлдэгч ******* нас барсан нь Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан гэж зааснаар шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох эрх зүйн үндэслэл болохгүй юм.

Зээлдэгч ******* тэтгэвэр авагч байсан нь ...Үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой байх хуульд заасан урьдчилсан нөхцөлд хамаарахгүй, үүрэг гүйцэтгэх нь зээлдэгчийн хувийн байдалтай холбоогүй, үүргийг биечлэн гүйцэтгэх шаардлагагүй, зээлдэгч нас барсан нь үүргийн гүйцэтгэлийг хангах боломжгүй нөхцөл байдлыг үүсгээгүй, хамтран үүрэг гүйцэтгэгч зээлийг төлөх үүрэг хүлээсэн байна.

Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхэлж хэрэгжсэн ба ******* нь ...банкнаас утасдаж зээл тэглэсэн болохыг хэлсэн гэтэл 2020 оны 09 дүгээр сараас *******-иас зөрүү мөнгөө төл гэж хэлсэн... гэсэн тайлбар гаргасан. Гэвч хууль хэрэгжиж эхлэхээс өмнө ******* 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 1,051,555 төгрөгийг Капитрон банкинд шилжүүлсэн, нэхэмжлэгч 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба хариуцагчийн тэтгэвэрийн зээлийг чөлөөлсөн тухай баримт хэрэгт авагдаагүй байна. Хариуцагч ******* нь уг зээлийг өөрийнх нь эцэг ******* авсан, тухайн үед өөрөө хамтран үүрэг гүйцэтгэгчээр гэрээнд гарын үсэг зурсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна. Нэхэмжлэгч өмнө нь хариуцагчийг эрэн сурвалжлуулахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд оруулан тооцож 989,836 төгрөг нэхэмжилсэн нь буруу тул 70,200 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 242 дугаар зүйлийн 242.2.2., 242.3., Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******аас 919,636 төгрөг гаргуулан *******-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 70,200 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 28,307 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******аас 28,307 төгрөг гаргуулан *******-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН