Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 78

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Л.Нямдорж, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Э.Гантулга

Хохирогч Ц.А

Хохирогчийн өмгөөлөгч Б.Бурмаа

Шүүгдэгч М.Э , О.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Пүрэвдаваа

                      Нарийн бичгийн дарга Д.Номингоо нарыг оролцуулан;

                              

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/202 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Э , шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Батбаяр, Т.Пүрэвдаваа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар М.Э , О.Б  нарт холбогдох эрүүгийн 1914002500015 дугаар хэргийг 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

   Монгол улсын иргэн, овогт М.Э, 1987 оны 7 дугаар сарын 20-нд Баянхонгор аймгийн Бууцагаан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-3, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2011 оны 02 дугаар сарын 28-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар 450 цагийн хугацаагаар албадан ажил хийх ял, 2013 оны 10 дугаар сарын 14-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар 05 жил 01 хоногийн хугацаагаар хорих ял, 2015 оны 03 сарын 06-нд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 4 жил 8 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан,

 

Монгол улсын иргэн, овогт О.Б , 1988 оны 01 сарын 04-нд Баянхонгор аймгийн Баянбулаг суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-4, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2012 оны 5 дугаар сарын 18-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

 

М.Э , О.Б  нар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 15-наас 20-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын 1 дүгээр багийн нутаг Уртын гол гэх газарт бэлчиж байсан иргэн Ц.А ын эзэмшлийн 9 тооны адууг хулгайлж 9.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

              Баянхонгор аймгийн Прокурорын газраас М.Э , О.Б  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч овогт О.Б , овогт М.Э нарыг бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Гурван шарынхан овогт О.Б ыг хоёр /02/  жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Таван ханхар овогт М.Эыг дөрвөн /04/  жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч О.Б т оногдуулсан хоёр  /02/ жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч М.Э ад оногдуулсан дөрвөн /04/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Э ын цагдан хоригдсон нэг зуун далан /170/ хоногийг, шүүгдэгч О.Б ын ерэн нэг /91/ хоногийн эдлэх ялаас тус тус хасаж тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар хохирогч Ц.А ад учирсан есөн сая төгрөгийн хохирлоос шүүгдэгч М.Э аас дөрвөн сая долоон зуун хорин таван мянган /4.725.000/ төгрөг гаргуулж, шүүгдэгч О.Б аас найман зуун хорин таван мянган /825.000/ төгрөг гаргуулж, хохирогч Ц.А ад олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч О.Б ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан мотоцикль буюу түүний үнэ найман зуун мянган /800.000/ төгрөгийг, шүүгдэгч М.Э ын гэмт хэрэг үйлдэхэд  ашигласан мотоциклийн үнэ таван зуун мянган /500.000/ төгрөгийг шүүгдэгч О.Б , М.Э  нараас тус тус гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт шүүгдэгч О.Б ын мотоциклийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн тогтоолыг хэвээр үлдээж, найман зуун мянган төгрөгийг төлөх зорилгоор худалдан борлуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч О.Б , М.Э  нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, тэдний эдлэх ялыг 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тус тус тоолж шийдвэрлэжээ.

 

             Шүүгдэгч М.Э ын өмгөөлөгч Т.Пүрэвдаваа гаргасан давж заалдах гомдолдоо:

 

Монголын хуульчдын холбооны гишүүн хуульч өмгөөлөгч Т.Пүрэвдаваа миний бие нь Эрүүгийн 1914002500015 дугаартай хэрэгт шүүгдэгч М.Э ын хүсэлтээр түүний өмгөөлөгчөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/220 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

 

Аймгийн Прокурорын газраас М.Э , О.Б  нарыг бүлэглэн 2018 оны 12 сарын 15-наас 20-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын 1 дүгээр багийн нутаг Уртын гол гэх газарт бэлчиж байсан иргэн Ц.А ын эзэмшлийн 9 тооны адуу хулгайлж 9.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч тус хэргийг хянан хэлэлцээд О.Б , М.Э  нарыг бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, О.Б т 2 жилийн хугацаагаар, М.Э ад 04 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд бүрэн нотлон тогтоогоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэж шүүгдэгч нарын эрх зүйн байдпыг илэрхий дордуулан хэргийг шийдвэрлэсэнд шүүгдэгч талын зүгээс гомдолтой байна. Гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд бодитоор үндэслэлтэй тогтоох боломжгүй юм. Тус хэрэгт доорх эргэлзээтэй нөхцөл байдлууд байна.

1. 2019 оны 03 сарын 15-ны өдөр мөрдөгч нь Ц.А ыг хохирогчоор тогтоож /хх-35-36/, хохирогчоор тогтоосон өдрөө хохирогчоос мэдүүлэг авсан байдаг ба уг мэдүүлэгт ...би 2019 оны 01 сарын 01 ний өдөр ирээд адуугаа очиж үзэхэд халтар азарга, цагаан оломтой том хүрэн морь өсгий цагаан саарал гүү, мурий сүүлтэй жижиг хээр морь, мөн 4 хээр гүү алга болсон байсан гэж 8 тооны адууны талаар мэдүүлсэн /хх-38-39/, Мөн хавтаст хэргийн 129 дүгээр хуудаст байх Ц.А ын өргөдөлд ...адуунууд алдсан үүнд азарга халтар 1, саарал гүү 1, хээр морь 2, хээр гүү 4 тооны адуунууд байсан Хүрээмарал сумын иргэн Батбаяр, үл таних Энхбат эдгээр хүмүүс Хөхбүрдний уртын голоос 8 аас 9 тооны адууг адуунаас таслан туусан гэх утга бүхий өргөдөл гаргасан байдаг, мөн шүүгдэгч нарын мэдүүлгүүдэд Уртын гол гэх газраас 7, 8 тооны мал авсан гэдэг ба дээрх баримтуудаас харахад яг хэдэн тооны малыг М.Э , О.Б  нар тууж явсан нь эргэлзээтэй байхад хөндлөнгийн нотлох баримтыг үндэслэлгүйгээр хохирогчийн мэдүүлгээр 9 тооны адуу гэдгээр нь хүндрүүлэн зүйлчилсэн байдаг. 2017 онд мөрдөгдөх болсон эрүүгийн хуулиар 7, 8 тооны бод мал хулгайлсан бол зүйлчлэлийн хувьд хөнгөрүүлэх боломжтой байгаа юм.

2. М.Э  мэдүүлэхдээ ...Би адуугаа туугаад Батбаяраас салаад явж байхдаа буруу зүйл хийж байгаагаа ухаарч тууж явсан 7 тооны адуугаа буцааж ижил сүрэгрүү нь туусан гэдэг ба үүнийг мөрдөн байцаалтын шатанд ажиллагаа хийлгэж тоггоолгох боломжгой ба дээрх нөхцөл байдал тогтоогдвол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэргийг үйлдэж төгсгөх боломжтойг ойлгож байсан боловч туйлд нь хүргэхээс сайн дураараа татгалзсан гэх хуулийн шаардпагыг хангахуйц байна.

3. М.Э , О.Б  нарын мал авсан гэх газар нь уртын гол гэх газар байх бөгөөд уг газар нь гэрч Туваанжавын мэдүүлгээр Хүрээмарал сум, Бууцагаан сумын хилийн зааг бөгөөд Уртын голын эхэн хэсэг нь Хүрээмарал сумын нутаг дэвсгэр, доод хэсэг нь Бууцагаан сумын нутаг дэвсгэр гэжээ. М.Э ын яллагдагчаар 01 сарын 14 ны өдөр өгсөн ...Уртын гол гэх газар буюу адуу байсан гэх газар аль сумын нутагт хамаарах вэ гэхэд Бууцагаан сумын 4-р багт орно, адуу буцааж туусан гэх газар буюу Толийн тээг гэх газарт айл байхгүй байсан гэх мэдүүлэг, Нямхүүгийн гэрчээр өгсөн ...Толийн тээг гэх газар Бууцагаан сумын 4-р багийн нутаг дэвсгэрт орно, надаас өөр Нямхүү гэх хүн байхгүй гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт М.Э , О.Б  нарын ...тус адууг Уртын гол гэх газрын доод хэсгээс хулгайлсан гэх мэдүүлэг зэргээс үзэхэд шүүгдэгч нарын адуу хулгайлсан болон буцааж туусан гэх газар нь Бууцагаан сумын нутаг дэвсгэрт хамаарч байна. Хохирогчийн ...Би аймгийн төвд ажил гараад адуугаа Дугарсүрэнд захичихаад явсан, 12 сарын 25 ны өдөр Дугарсүрэн утсаар яриад танай халтар азаргатай адуунаас чинь 10 орчим адуу алга байна гэж хэлсэн гэх мэдүүлэг, Дугарсүрэнгийн гэрчээр өгсөн ...Амарбаясгалант аймаг явлаа манай адууг дурандаж байгаарай гэхээр нь би дурандаж байсан юм 2018 оны 11 сарын 28 нд бүрэн байсан түүнээс хойш адуунд явж чадаагүй, 12 сар нилээн гарсан байсан.

Хүрээмарал сумын 1 дүгээр багийн нутаг болоход Булштын хоолой гэх газарт тэдний адуутай таарсан юм тэгээд бүртгэхэд 9 тооны адуу дутаж байсан, тэгээд би Амарбаясгалант руу утсаар ярьж 10 орчим тооны адуу алга гэж хэлсэн гэх мэдүүлгийг өгсөн байдаг. Дээрх мэдүүлгүүдээс үзэхэд Амарбаясгалантын адуу 2018 оны 11 сараас 12 сарын хооронд эргүүлж тойруулах хүнгүй эзэнгүй нэг газраа биш өөр өөр газраар бэлчиж байсан болох нь нотлогдож байгаа ба О.Б , М.Э  нар нь бусдын адуул малыг завшсан гэж үзэх үндэслэл байна.

Иймд эрхэм шүүгч та бүхэн Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 30 ны өдрийн 2020/ШЦТ/220 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцаах эсхүл өөрчлөлт оруулах эрх хэмжээ нь байгаа тул хэргийг бүхэлд нь хянаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх боломж байгааг харгалзан үзэж хууль зүйн үндэслэлтэй шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлэх шийдвэрийг гаргаж өгөхийг хүсэж байна гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батбаяр гаргасан давж заалдах гомдолдоо: Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Л.Батбаяр миний бие шүүгдэгч О.Б ын хууль ёсны өмгөөлөгчөөр анхан шатны шүүх хуралд оролцсон бөгөөд 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 220 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Учир нь хэргийг мөрдөн шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2-д заасан “нотолбол зохих байдлыг хангахгүйгээр хэргийг дутуу шалгасан байдалд прокурор яллах дүгнэлт үйлдсэн нь хуулийг бүрэн хэрэгжүүлэхгүйгээр эргэлзээтэй байдлыг арилгаж үнэн зөвийг дэнслэлгүйгээр зөвхөн яллах талыг барьж шийдвэрлэлээ гэж үзэн гомдлоо гаргаж байна. Тухайлбал Хэдэн адуу хэзээ, хаанаас алдагдсан нь гэрч, хохирогч, өргөдөл, зарга мэдүүлэгчийн зөрүүг бүрэн шалгаагүй.  Авсан адуугаа хаана авч очсон, яаж үрсэн борлуулсан хэдэн тооны адуу Амарбаясгалантад тоологдсон болох /мал тооллогыг Хүрээмарал сумын хэмжээнд зөвхөн утсаар тоолдог. Нүд үзэж тоолдоггүй талаар хэлэлцүүлэгт мэдүүлснийг шалгаж тогтоох. Адуу гүйж ирсэн. Амарбаясгалант авсан  гэх ард иргэний яриаг шалгах зэрэг асуудал байна.   Хохирогч гэх Амарбаясгалтын хувийн байдлыг тогтоолгох. Малын тоо, тооллогын талаар мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх бөгөөд хавтаст хэрэгт байх эргэлзээг шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэх зэрэг ажиллагааг хийлгэх зорилгоор хэргийг мөрдөн байцаалтанд буцааж анхан шатны шүүхийн 220 тоот тогтоолыг хүчингүй болгуулахаар хүсэлт, гомдол гаргаж байна. Тайлбар гомдлоо биечлэн оролцож дэлгэрэнгүй хэлэлцүүлэх болно гэжээ.

Прокурор тус  шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Пүрэвдаваа тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний гомдолдоо дурдсан үндэслэлүүдийг хянан үзэж шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батбаяр, Т.Пүрэвдаваа нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад:

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын  дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан үзвэл М.Э , О.Б  нар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 20-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын 1 дүгээр багийн нутаг Уртын гол гэх газарт бэлчиж байсан иргэн Ц.А ын эзэмшлийн 9 тооны адууг хулгайлж 9.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тус тус тогтоогдсон байна.

 

Дээрх үйл баримт нь 1914002500015 дугаар хэрэгт авагдсан хохирогч Ц.А , гэрч Б.Ууганбат, Э.Соронзонболд, Д.Отгонбат, М.Баяржавхлан, М.Дугарсүрэн, М.Энх-Өлзий, С.Алтанцэцэг, Д.Сундуйдорж, Б.Жамбалсүрэн, М.Жавхлан, П.Ариунсанаа, С.Мөнхцэцэг, Н.Доржсүрэн, Б.Хишигтогтох, У.Нямхүү, Г.Дэжидмаа, О.Баясгалан, Я.Туваанжав, Х.Баярням нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд, Энх нахиа ХХК-ийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 101,2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 97, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 99 дүгээр дүгнэлт, Номгон аудит ХХК-ийн шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 8/03 дугаар дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Мөрдөн  шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудын цуглуулахдаа хэргийн  оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан бэхжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

 Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1  дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасантай нийцсэн, шүүгдэгч М.Э , О.Б  нар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 20-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын 1 дүгээр багийн нутаг Уртын гол гэх газарт бэлчиж байсан иргэн Ц.А ын эзэмшлийн 9 тооны адууг хулгайлж 9.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон тэдэнд хуульд заасан төрөл хэмжээний хүрээнд хорих ял оногдуулжээ.

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч М.Э ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэм хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, мөн О.Б , М.Э  нар нь 9 тооны адууг хулгайлж хамт туусан бөгөөд хэрэгт оролцсон оролцоо үйлдэл нь адилхан байхад анхан шатны шүүх шүүгдэгч нарт хэтэрхий зөрүүтэй ял оногдуулсан зэргийг харгалзан  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний хүрээнд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх Эрүүгийн хуулийн зорилгыг баримтлан анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Э ад оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялд өөрчлөлт оруулж, 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, шийтгэх тогтоолын бусад хэсгийг хэвээр үлдээж, өмгөөлөгч Л.Батбаяр, Т.Пүрэвдаваа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс  дүгнэв.

 

Шүүгдэгч М.Э , О.Б  нар нь 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 85 хоног цагдан хоригдсныг тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохыг дурдав.

 

     Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

  зүйлийн 1.4-т  заасныг  тус тус  удирдлага болгон

   ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/202 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн

2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч овогт О.Б ыг хоёр /02/  жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч овогт М.Эыг дөрвөн /04/  жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй...” гэснийг

 “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Гурван шарынхан овогт О.Б ыг хоёр /02/  жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Таван ханхар овогт М.Эыг хоёр /2/ жил, нэг /1/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй...” гэж

3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч О.Б т оногдуулсан хоёр  /02/ жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч М.Э ад оногдуулсан дөрвөн /04/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй...” гэснийг

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч О.Б т оногдуулсан хоёр  /02/ жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч М.Э ад оногдуулсан хоёр /2/ жил, нэг /1/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батбаяр, Т.Пүрэвдаваа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч М.Э , О.Б  нарын 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 85 хоногийг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.