Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 140/ШШ2020/00551

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал, нэхэмжлэгч Р.*******, хариуцагч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Р.*******ы нэхэмжлэлтэй Г.*******т холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 11,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн иргэн Боржигон овогт *******ын ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.******* нь нөхөр Ш.******* болох *******, ******* нарын хамт 2013 онд Улиастай сумын Жинст багт 7 айлын орон сууц барьсан бөгөөд уг байруудыг барьж байхдаа төлбөрийн чадвараасаа хамаарч ажилчдынхаа цалин хөлсийг өгч чадахгүй байна гээд 2013 оны 2-р сарын эхээр надад хандаж уг байрныхаа 13 тоот 2 өрөө байрыг худалдан аваач гэсэн. Тэд удаа дараа надаас гуйгаад байхаар нь би зөвшөөрсөн. Тэд намайг байрны урьдчилгаа өгөөч гэсний дагуу 2013 оны 2-р сарын 07-ны өдөр Г.*******ийн ХААН банкны 5495139215 тоот дансанд 9,0 сая төгрөгийг бэлнээр хийж өгсөн.

Энэ мөнгөөр тэд барилга барьж байсан ажилчдынхаа цалинг тавьж өгч байсан. Энэ үе нь цагаан сарын өмнөх өдрүүд байсан юм. *******, ******* нар миний гэрийн тавилга, эд зүйлийг ажилчдаараа зөөлгөж намайг 13 тоот 2 өрөө /байр/ сууцанд оруулсан. Үүний дараа би 2013 оны 3-р сарын 1-ний өдөр мөн Г.*******ийн 5495139215 тоот дансанд 1,0 сая төгрөг бэлнээр хийсэн.

Мөн 2013 оны 6-р сарын 10-ны өдөр цементний нэ нэхэгдээд гээд надаар 1,5 сая төгрөгийг Д.*******ийн дансанд хийлгэсэн. Ийнхүү 2 өрөө байрны урьдчилгаанд надаар 11,500,000 төгрөг төлүүлсэн.

*******, ******* нар нь *******, ******* нартай 7 айлын орон сууц барьсан хөрөнгө оруулалтынхаа талаар маргаж байхдаа намайг байрны төлбөр битгий хийгээрэй, таныг байрнаас чинь хөөхгүй гэж хэлж хүлээлгэсэн. Эдгээр хүмүүсийн хоорондох маргаан шүүхээр явж байх хугацаанд нь би байрыг нь буцааж өгье, миний урьдчилгаанд өгсөн 11,500,000 төгрөгийг өгчих гэж *******, ******* хоёрт мөн шүүхэд ч хэлэхэд тэр хоёр намайг та яагаад байраа буцааж өгөх гээд байгаа юм бэ, бид хоёр таныг хөөгөөгүй, хөөх ч үгүй, та зүгээр л тайван байж бай гэсээр намайг хүлээлгэсэн. Гэтэл хоорондын маргаанаа шийдвэрлүүлж төлбөр тооцоогоо дуусмагц ******* нь 2017 онд надаас байрны үнийн үлдэгдэл нэхэмжилж шүүхэд хандахад нь би уг байрыг нь буцааж өгөөд урьдчилгаанд өгсөн 11,500,000 төгрөгөө авъя гэхэд түрээсийн төлбөр гэх мэт үндэслэлгүйгээр их хэмжээний төлбөр нэхсэн.

Би байрыг нь буцааж өгөөд урьдчилгаанд төлсөн 11,500,000 төгрөгөө авах хүсэлтэй байсан. Мөн би гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байсан. Ийм байдлаар бидний хооронд маргаан үргэлжилсэн. Энэ хугацаанд *******, ******* нар 13 тоот 2 өрөө байрны цоожны голыг сольж миний эд, хөрөнгийг овоолж хаяж байранд дайрч орон засвар хийж надаас булааж авсан. Би урьдчилгаанд төлсөн мөнгөө нэхэмжилхэд ******* миний дансанд ороогүй надад хамаагүй гэж маргасан. Энэ маргааныг шүүгч намайг Г.*******ээс 11,500,000 төгрөгөө нэхэмжлэх боломжтой гэдгийг тайлбарласан байсан. *******, ******* хоёр уг байрыг надаас булааж аваад бусдад худалдсан байгаа. Уг нь Ш.*******, Г.******* нар нь нөхөр эхнэр хоёр учир би мөнгөө *******ээс нэхэмжилсэн юм. Гэвч ******* өөрийнхөө дансанд ороогүй гэж маргаад байгаа учир би дансанд нь шилжүүлсэн Г.*******ээс нэхэмжилж байна. Анх намайг 9,0 сая төгрөгийг өгөх үед *******, ******* 2 нь надтай банкин дээр очсон байхад ******* нь та манай эхнэрийн дансанд хийчих гэж хэлээд надаар хийлгэсэн.

Иймд миний байрны урьдчилгаанд төлсөн 11,500,000 төгрөгийг Г.*******ээс гаргуулж надад олгож, намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн иргэн Ганбатын ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн *******ы нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

2012 онд *******ы дүү ******* эхнэртэйгээ нөхөр бид хоёртой уулзан Жинст багийн 14 айлын 3 давхарт 7 айлын орон сууц барих гэсэн юм. 50,0 сая төгрөгийг гаргаач байр эхлэнгүүт банкнаас зээл аваад үргэлжлүүлээд 70%-д хүрэхэд нь хүмүүсээс захиалга аваад байрыг барьж дуусгаад 100,0 сая төгрөгийн ашиг өгнө гэж харилцан тохиролцож гэрээ байгуулан бид 50,0 сая төгрөг гарган байрыг барьж эхэлсэн. Байрны 30%-д хүртэлх мөнгийг бид гаргасан бөгөөд цаашид үргэлжлүүлэх мөнгийг *******ы дүү эхнэртэйгээ банкнаас зээл авч үргэлжлүүлэх байсан боловч банкны зээл эрсдүүлж байсан учир банкнаас зээл гараагүй. Ингээд барилга зогссон. Гэтэл *******ы дүү эхнэртэйгээ ирээд ингээд барилгаа зогсоомооргүй байна. Авах хүмүүс нь бэлэн байгаа байраа хурдхан 70% хүргэчихвэл хүмүүсээс урьдчилгаагаа аваад дуусгачихна гэхээр нь бид ам өчгийг нь аваад банкинд шатахуун түгээс станцаа барьцаанд тавин зээл авч үргэлжлүүлсэн. Тэгээд байраа 70%-д хүргэсэн. *******ы дүү байраа авах хүн олох, урьдчилгаа олж ажилчдын цалинг тавих байсан. Тэгээд эгчийгээ дагуулж ирсэн. Бид настай хүн болохоор нь хүндлээд хамгийн тохилог, урдаасаа баруун талаас нар тусдаг дүү нарынх нь өөрсдөө авах гэж байсан байрыг дүү нартай нь муудалцан байж өгсөн. Тэгэхэд л ******* гуайг анх харсан. Огт таньдаггүй байсан. ******* гуай 9,0 сая төгрөг бэлнээр аваад ирсэн тэгэхэд манай нөхөр та бэлэн мөнгө өгөөд хэрэггүй ээ. Баримттай нь дээр та манай эхнэрийн данс руу хийчих. Дүүгийнх нь данс руу хийх боломжгүй банкны зээлийг эрсдүүлсэн байсан тул банкнууд шууд татаад авчих байсан. Мөн манай нөхөр байрыг үргэлжлүүлэн барихын тулд банкнаас зээл авсан байсан учир данс руу нь орвол шууд зээл рүү татчих гээд байсан тул миний данс руу хийсэн. Би тэр мөнгийг ******* гуайг хийнгүүт нь авч ажилчдын цалинг тавьсан. Дараа нь 1,0 сая төгрөг орж ирсэнийг нь банкны хүү барилгын материал авсан. Түүнээс би энэ мөнгөнөөс хувьдаа огт хэрэглээгүй барилгад зарцуулсан. Энэ бүгд шүүхээр бүрэн нотлогдож шийдвэрлэгдсэн. Иймд бид ******* гуайгаас байр аваач гэж гуйгаагүй. Бас урьдчилгаагаа өгөөч гэж гуйгаагүй. Энэ хүнийг таньдаг байсан. Настай хүн худлаа хэлэх муухай.

*******д ******* ******* нарт мөнгө өгч болохгүй шүү гэсэн байхад данс руу нь 1,500,000 төгрөг шилжүүсэн байсан иймд энэ мөнгийг би аваагүй тул өгсөн хүнээсээ нэхэх нь зөв байх.

Байрны урьдчилгээнд 10,0 сая төгрөг миний дансанд хийгээд түүнийг нь барилгын материал, ажилчдын цалинд тавьсан гэдгийг өөрөө нотолж байгаа. Байранд орсноос хойш ******* гуайгаас удаа дараа мөнгөө нэхсэн. Тэгэхэд газраа зараад өгнө гэж хэсэг явсан. Дараа нь хүргэнийхээ машиныг зараад өгнө гэж хэсэг явсан. Дараа нь хүү Загдсүрэн нь ямар ч байсан энэ байрыг авна санаа зоволтгүй гэж хэсэг худлаа хэлж хойшлуулсан. Энэ хугацаанд дүү нараа байрнаас хөөлөө цагаан сараар цус нөжөө хаалга хамранд түрхлээ. Бэр дарамтлаад байна эгч нь яах вэ гэхээр нь бид настай хүнийг ингэж жүжиглэнэ гэж бодоогүй тул бид таныг хөөж туухгүй ээ та тайван байж бай гэдэг байсан. Тэгтэл сүүлдээ та нарын шүүхийн асуудлыг шийдэгдэхээр өгнө гээд мөнгөө өгөхөө больсон. Сүүлдээ та авахгүй бол гар гэхээр урьдчилгаагаа авч байж гарна гээд 5 жил байранд амьдарсан.

Мөнгөө өгөхгүй болохоор нь бид арга буюу шүүхэд байраа суллуулъя. Эсвэл үлдэгдэл мнөгөө авъя гэж хэд хэдэн удаа шүүхэдсэн. Гэтэл шүүхийн шийдвэрүүд нь хагас дутуу учир дутагдалтай шийдэж ядсаар заавар зөвлөгөө өгсөөр өдий хүрлээ. Үүнийг ******* гуай ч нэхэмжлэлдээ шүүгчийн зөвлөснөөр *******ээс 11,500,000 төгрөгийг нэхэмжилж байна гэсэн.

Бид та байрны үлдэгдэл мөнгөө өгч чадахгүй бол зараад өг гэж бас л хугацаа өгсөн. Авах хүн алга гэсэн. Тэгвэл та байрыг султга гэсэн тэгье гэж хүлээн зөвөшөөрөөд сайн дураараа болон шүүхийн шийдвэрээр гарсан шүү дээ. Гэтэл булааж аваад бусдад худалдсан гэж ёс зүйгүй хандаж байгаад харамсаж байна. Бид байрыг зарахын тулд 4,115,260 төгрөгийн засвар хийсэн. Мөн хямд үнээр зарсан. Учир нь анх байр баригдаж байхад аймагт шинээр баригдсан барилга огт байхгүй байсан. Эрэлт хэрэгцээ их байсан. ******* гуайн орсон байрыг авах гэж олон хүн ирдэг байсан. Та авахгүй бол хүн авах гээд байна гэхэд би авна гэдэг байсан. Ингэж биднийг өдий хүртэл хохироосон хүн.

Байрыг үнэ бууруулж зарсан. Учир нь аймагт энд тэндгүй маш сайхан байрнууд зөндөө баригдсан. Энэ байрны үнэ буурах шалтгаан нь машины зогсоол байхгүй, тоглоомын талбай байхгүй, болкон байхгүй гээд авах хүн олдохгүй байсан. Тэгээд 42,500,000 төгрөгөөр зарж 34,500,000 төгрөгийг авч одоо 8,300,000 төгрөгийг аваагүй байгаа. Үүнээс бид 8,100,000 төгрөгний алдагдалд орсон. Мөн халаалтын хөлс 74,400 төгрөгөө төлөөгүй байсныг төлсөн. Нийт энэ байрнаас 12,289,660 төгрөгний алдагдалд орсон байгаа.

Мөн ******* нь Завхан аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019-06-24-ний өдрийн №279 тоот хариуцагч нэхэмжлэлийн зарим шаардлагыг биелүүлж, нэхэмжлэгч үлдсэн шаардлагаасаа татгалзсныг, мөн сөрөг нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн ҮНДЭСЛЭХ НЬ хэсэгт ...11,500,000 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлагаа сайн дураар татан авсныг баталж... гээд ЗАХИРАМЖЛАХ НЬ хэсгийн 5-д ...тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай гэсэн байна.

Иймд *******ы нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Р.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2013 оны 02 сард *******, Номинимэг хоёртой уулзаж байр авахаар урьдчилгаанд нь 11,500,000 төгрөг өгсөн. Түүнээс хойш тухайн байрыг авчих санаатай явсаар байгаад өдий хүрсэн. Тэгээд ч тухайн байр зарагдсан учраас би байрны урьдчилгаанд өгсөн 11,500,000 төгрөгөө гаргуулахаар шүүхэд хандсан. Манай дүү болон *******, ******* нар хамтран байр барьсан юм, тэгээд цагаан сар болох гэж байхад манай дүү эгчээ та байр авчихаач гэж хэлэхэд нь би тухайн үед ажил хийж байсан болохоор банкнаас 10,000,000 төгрөгийн цалингийн зээл аваад тухайн байрыг худалдаад авчихъя дараа нь ипотекийн зээл аваад уг байрыг худалдаад авчихъя гээд 2014 он болгосон. Би байрандаа орохдоо эхний ээлжинд 9,000,000 төгрөгийг өгөөд дараа нь 1,000,000 төгрөгийг өгсөн. Дараа нь *******ийн данс руу 1,500,000 төгрөгийг шилжүүлсэн. *******, *******, *******, ******* нар цементний үнэ нэхэгдээд байна гээд 1,500,000 төгрөгийг авсан. Тэгээд байрандаа амьдарч байтал *******, *******, *******, ******* нарын хооронд маргаан үүссэн. Үүний дараа би байраа авахаа болъё өгсөн мөнгөө буцаагаад авъя гэдэг хүсэлтээ хэлж байсан. Гэтэл *******, ******* нар та яагаад байрнаасаа гарах гээд байгаа юм бэ, та хөгшин хүн байж сайхан байранд байж бай таныг бид хөөхгүй гэж хэлж байсан. Гэтэл манай дүү манай бэр 2 та наад байраа авч чадахгүй байж суллаж өг, наад байрыг чинь авъя гэсэн хүн байна гэж хэлэхээр нь би тэгвэл тэр авъя гэсэн хүнд нь зараач та нар гэж хэлэхэд та хүлээж бай бид нарын маргаан дуустал та байрандаа байж бай гэж хэлээд 2017 он хүргэсэн. 2017 онд би энэ байрыг авч чадахгүй юм байна, тэтгэвэрт гарах нас болсон учраас надад зээл гарахгүй байна, байраа буцааж өгье гэж хэлсэн. Гэтэл *******, ******* нар та түр байж бай гэж хэлдэг байсан. Түүний дараа 2018 онд ******* ******* бид хэдийн хооронд энэ мөнгөний маргаан үүссэн. Тэгээд би *******, ******* нарт эгчийнхээ өгсөн байрын урьдчилгааны мөнгийг өгчих эсхүл байрны мөнгөндөө нэг машин байна түүнийг авчих, эсхүл байраа авахаа болъё, авъя гэж янз бүрийн аргаар үзсэн. Хамгийн сүүлдээ байраа булгаалгах шахуу болоод гарсан. Байрны урьдчилгаанд өгсөн мөнгөө авч чадахгүй өдий хүрсэн. Би бодохдоо байрны урьдчилгаанд өгсөн мөнгөө аваад байраа султгаад өгье гэж бодож байсан юм. Би нэхэмжлэлд бичсэнийхээ дагуу 11,500,000 төгрөгөө гаргуулах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 онд Р.*******ы дүү ******* эхнэртэйгээ Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн 14 айлын 3 давхарт 7 айлын орон сууц барих гэсэн юм 50,000,000 төгрөг гаргаач гэж ирж байсан. Тухайн үед айлууд байрны захиалгаа өгчихсөн, баригдаж дуусгаад 100,000,000 төгрөгийн ашиг өгнө гэж харилцан тохиролцоод гэрээ байгуулаад ******* бид хоёр 50,000,000 төгрөг гаргаад тухайн байрыг эхлүүлсэн. Тухайн байрыг эхлүүлсэн 30 хувийн мөнгийг нь манайх гаргасан. Тухайн үед *******, ******* нар банкнаас зээл аваад байрыг үргэлжлүүлэх ёстой байсан чинь банкнаас зээл гарахгүй зөндөө удаад барилга зогсох байдал хүрээд байхаар нь ******* бид хоёр яасан вэ гээд банкаар орж уулзахад ******* ******* нар нь банкинд зээлийн эрсдэл үүссэн, банк зээл гаргах ямар ч боломжгүй болсон байсан. Тэгээд би за тэвэл энэ байрны барилгын ажлыг зогсоочихъё гэсэн чинь ******* үгүй ээ байр авах хүмүүс нь бэлэн байгаа, үүнийг цааш нь үргэлжлүүлмээр байна гээд байхаар нь ******* бид хоёр цааш нь үргэлжлүүлэхээс өөр аргагүй болоод цааш нь үргэлжлүүлэх мөнгийг нь ******* бид 2 гаргаад байрыг үргэлжлүүлээд 2013 оны 12 сард ашиглалтанд оруулсан. Байр ашиглалтанд орсны дараа би за байр авах хүмүүс чинь хаана байна гэсэн чинь ******* өөрийн төрсөн эгч болох *******г дагуулж ирсэн. Тухайн үед Р.*******г ******* бид хоёр таньдаггүй байсан. Р.******* тухайн үед байр авна гээд бэлэн 10,000,000 төгрөгтэй ирсэн. Тэгэхээр нь манай нөхөр та бэлэн мөнгө өгч болохгүй, дараа нь тооцоотой, манай эхнэрийн данс руу хийчих гэж хэлсэн. Тухайн үед манайх 2 банкнаас зээлтэй байсан учраас манай нөхрийн данс руу мөнгө орох юм бол тухайн мөнгийг банк татах гээд байсан учраас миний данс руу *******ы мөнгийг хийлгэсэн. Би Р.Жаралсайханыг дагуулж яваад данс руугаа мөнгийг нь хийлгээд буцаагаад ажилчдынхаа цалинг тавьсан. Үүнийг Р.******* мэдэж байгаа. Тэгээд Р.******* 2 өрөө байр авах гэсэн чинь ******* манай орох гэж байгаа байрыг авах гээд байна гэхээр нь ******* настай хүн эхлээд байр авах гэж байгаа юм чинь аль болох боломжтой дулаан байрыг нь өгнө гээд 46 метр квадрат хамгийн дулаахан сайхан байрыг нь өгсөн. Р.******* байраа авсныхаа дараа 8 хувийн банкны зээлд хамрагдах гэсэн чинь өндөр насны тэтгэвэрт гарах болсон гээд 8 хувийн зээл нь бүтээгүй. Тэгээд байж байтал Р.******* надад нэг газар байгаа тэр газраа зараад мөнгө өгье гэхээр нь за тэг гэж хэлсэн. Нилээн удсаны дараа газар нь зарагдсан сураг дуулдахаар нь та газраа зарчихсан юм уу гэж асуусан чинь Р.******* би газар зарсан боловч мөнгөө авч чадахгүй байна гээд хэсэг хугацаа өнгөрсөн. Тэгж байснаа манай хүргэний нэг машин байгаа түүнийг зараад мөнгө өгье гэхээр нь бид хоёр за тэгэх юм байлгүй гээд эхний орсон хүн юм чинь боломжоор хангъя гээд хүлээж байсан. Тэгээд байж байтал тэр машин зарагдаагүй. Ингээд байж байтал Р.*******ы дүү ******* бид хоёрыг шүүхэд өгсөн. Тухайн байрыг барих гэж бид хоёр 300,000,000 гаруй төгрөгийг банкнаас зээлсэн байсан учраас түүнийгээ төлөхийн тулд эхний байруудаа зараад зээлээ төлж байсан. Р.*******ы дүү бид хоёрыг шүүхэд өгчихөөд Р.*******г байрнаасаа гар гэж хэлсэн юм шиг байна лээ, Р.******* намайг байрнаас гар гэж байна, би одоо яах вэ гэхээр нь та мөнгөө бөөгнүүлээд байж бай гэж хэлсэн. Дараа нь би та байрны урьдчилгаанд өгсөн мөнгөө авах юм уу, гээд асуусан чинь та хэдийн шүүхийн асуудлаа цэгцэртэл байрандаа байж бай гэж хэлсэн гээд нилээн удсан. Тэгээд шүүхийн асуудал цэгцэрсний дараа байраа султгаж өг, байраа зарах ажилдаа оръё гэсэн гэтэл Р.******* байрны урьдчигаанд өгсөн мөнгийг өгөх юм бол гарна гэх асуудалд хүрсэн. Тэгээд бид шүүхэд хандсаны дагуу тухайн байрыг суллах шүүхийн шийдвэр гарсан. Тэгээд Р.******* байраа сулласан. Тэр үед шинээр баригдсан байр огт байхгүй байдаг байсан. Тухайн байр шинээр байр баригдсэн байр болохоор зарагдах боломжтой байсан. Бодит жишээ гэх юм бол тэр үед шүүх байр авах гээд хайж байсан. Тэгээд шүүхэд метр квдартыг 1,200,000 төгрөгөөр үнэлээд 2 байр зарсан. Тухайн үед шинэ байрны эрэлт хэрэгцээ ихтэй байсан. Гэтэл өнөөдөр шинэ, шинэ байр их болсон учраас тухайн байр үнэд хүрэхгүй болохоор нь засвар хийж байж зарсан. Тухайн үед нь Р.*******г байрыг авах хүн байна уу та асууж мэдэж байгаач гэж хэлж байсан. Гэтэл Өлзийт багт байгаа хашаа байшингаар солихуу гэхээр нь байр нь арай үнэтэй зарагдах байх гэж бодоод солиогүй. Тухайн үед тэр байрыг Мөнхбаяр гэдэг залуу авах гээд урьдчилгаагаа бэлдээд байж байсан. Тэгээд Мөнхбаяртай уулзахад танай байрыг 40,000,000 төгрөгөөр авъя гэхээр нь бид хоёр банкинд зээлтэй 40,000,000 төгрөгт өгөх боломжгүй байна гэж яриад 42,500,000 төгрөгт зарсан. Тэгээд 34,500,000 төгрөгийг бэлнээр аваад 8,300,000 төгрөг аваагүйгээс өмнөх 7 хоногт 1,000,000 төгрөг авсан. Одоо 7,300,000 төгрөгийг одоо болтол аваагүй байгаа. Байранд засвар хийхээр үнэлгээ нь нилээн өндөр байдаг юм байна лээ. Өмнө тухайн байранд засвар хийж байсан залуутай уулзахад 3 өрөө байранд 3,000,000 төгрөг, 2 өрөө байрыг 2,000,000 төгрөгөөр засна гэсэн ханштай байдаг юм байна лээ. Дээр нь манай байрын коридорыг 2,000,000 төгрөгөөр засварлана гэж хэлсэн. Тэгээд нийт 7,000,000 төгрөгөөр засвар хийхээр болоод засвар хийлгэсэн. Тухайн байранд засвар хийж байж л зарахгүй бол байрны үнэ буурах гээд байсан, тэгээд яах аргагүй засвар хийгээд 42,600,000 төгрөгт зарсан. Би засварын зардлыг бодит байдал дээр тулгуурлан гаргасан. Засвар хийлгэсэн хөлс нь 2,000,000 төгрөг, материал нь 1,115,000 төгрөг, 2 байрны кордорыг 2,000,000 төгрөгөөр хийлгэсэн, тэгээд 1,000,000 төгрөгөөр нь хуваасан. Тухайн үед Р.******* халаалтын хөлс болох 74,400 төгрөгийг төлөөгүй байсан. Улиастай хоршоонд халаалтын үнэ гэж 74,400 төгрөгийг төлсөн. Мөн Р.******* 6 жилийн хугацаанд тухайн байранд амьдарсан, энэ хугацаанд миний данс руу эхний ээлжинд 9,000,000 төгрөг дараа нь 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Би 9,000,000 төгрөгийг нь ажилчдын цалин гээд тараасан. 1,000,000 төгрөгөөр нь барилгын материал авсан. Би Р.*******ы өгсөн 10,000,000 төгрөгийг өөрийн хувийн хэрэгцээндээ зарцуулаагүй. Тухайн байрыг засвар хийгээд зарахад 8,000,000 төгрөгийн зөрүүтэй зарагдсан. Энэ нь бид хоёрт маш их хохиролтой байсан. Яагаад вэ гэхээр бид хоёр 2013 оноос хойш банкны их хэмжээний зээлтэй байсан. Энэ хугацаанд бид хоёр тухайн байрыг зарагдах боломжтой байхад нь зарсан бол ******* байрны урьдчилгаанд өгсөн мөнгөө нэхэмжлэх боломжтой байсан. Тухайн байранд 6 жил амьдарчихаад нэг ч төгрөг төлөөгүй, мөн байранд засвар хийсэн учраас энэ нь бид нарын хувьд хохиролтой байсан. Тийм учраас тухайн байрыг зарахад 12,680,000 төгрөгийн бодит хохирол учирсан учраас миний данс руу Р.*******ы шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг өгөх боломжгүй. Р.*******ы шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг юу юунд зарцуулсан талаарх баримтыг хэрэгт хавсаргаж өгсөн байгаа. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хэргийг хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р.******* нь хариуцагч Г.*******т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 11,500,000 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа ...Завхан аймгийн Улиастай сумын Жинст баг 14 айлын орон сууцны 13 тоот 46м.кв бүхий 2 өрөө орон сууцыг хариуцагч Г.*******, Ш.******* нараас 50,600,000 төгрөгөөр худалдан авахааар тохиролцсон боловч банкнаас зээл авч чадаагүй тул урьдчилгаанд төлсөн 11,500,000 төгрөгийг гаргуулна... гэж тайлбарласан.

Хариуцагч ...гэрээний дагуу урьдчилгаа төлбөр нэхэмжлэгчээс миний дансанд 10,000,000 төгрөг шилжиж ирсэн бөгөөд ажилчдын цалин, барилгын материалын үнэд өгсөн. Би хувьдаа хэрэглээгүй, нэхэмжлэгч миний байранд 6 жил амьдарчихаад нэг ч төгрөг өгөөгүй, эд хөрөнгөд учруулсан хохирол болон байраа үнэ бууруулж зарсанаар бидэнд 12,680,000 төгрөгийн бодит хохирол учируулсан тул байрны урьдчилгааг буцаан өгөх үндэслэлгүй. ...Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж маргасан.

Талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан.

Улмаар талууд 2013 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Г.******* нь Завхан аймгийн Улиастай сумын Жинст баг 14 айлын орон сууцны 13 тоот, 46м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 56,600,000 төгрөгөөр худалдахаар, Р.******* нь урьдчилгаа 11,500,000 төгрөгийг дансанд байршуулж, үлдэх 39,100,000 төгрөгийн төлбөрийг банкнаас зээл авах байдлаар байрны төлбөрийг төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ.

Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд нэхэмжлэгч Р.******* орон сууцыг хүлээн авснаар, хариуцагч Г.******* нь гэрээний үүргээ биелүүлсэн байна.

Нэхэмжлэгч Р.******* нь 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 39,100,000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас хариуцагч Г.*******, Ш.******* нар гэрээнээс татгалзаж, улмаар нэхэмжлэгч Р.******* 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр гэрээний зүйл болсон орон сууцыг чөлөөлж өгсөн үйл баримтад талууд маргаагүй.

Хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээний нэг талын хүсэл зоригоор буцаахыг гэрээнээс татгалзах гэж үзэх бөгөөд гэрээнээс татгалзсан тохиолдолд талууд гэрээгээр өгсөн, авснаа буцаадаг.

Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч Р.******* нь урьдчилгаанд төлсөн төлбөрөө шаардах эрхтэй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, өөрөөр хэлбэл урьдчилгаа төлбөрт 11,500,000 төгрөг төлсөн гэх боловч 10,000,000 төгрөгийг төлөөд үлдэгдэл 1,500,000 төгрөгийг төлснөө нотолж чадаагүй тул хариуцагчийн зөвшөөрсөн 10,000,000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.

Харин хариуцагч Г.*******ийн эд хөрөнгөд учирсан хохирлоо нотлох зорилгоор шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн Гурвалжин-1 ХХК-ийн 333,000 төгрөгийн зарлагын баримт, Их мянган ХХК-ний 61960 төгрөгийн зарлагын баримт, Ундрах Баян булаг ХХК-ний 68800 төгрөгийн зарлагын баримт, Батдэлгэр ХХК-ний 39000 төгрөгийн зарлагын баримт, Батдэлгэр ХХК-ний 88800 төгрөгийн зарлагын баримт, Яруу-Эрдэнэ хоршооны 51000 төгрөгийн зарлагын баримт, Цанги-Аюуш ХХК-ний 375,000 төгрөгийн зарлагын баримт, Улиастай-Ирээдүй хоршооны халаалтын 74400 төгрөгийн албан мэдэгдэл, ажил гүйцэтгэх гэрээ, 2 өрөө байранд засвар хийсний ажлын хөлсөнд 2,000,000 төгрөгийг төлсөн депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон бусад зардал 156,500 төгрөгийн Е-баримтууд зэрэг нотлох баримтуудыг нэхэмжлэгч тал няцааж чадаагүй, түүний эд хөрөнгөд 3,159,660 төгрөгийн хохирол учирсан болох нь дээрх баримтууд болон фото зураг зэргээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно гэж зааснаар нэхэмжлэгч төлөх үүрэгтэй.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 3,159,660 төгрөгийг хасч тооцож, хариуцагч Г.*******ээс 6,840,340 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Түүнчлэн хариуцагч байраа 42,500,000 төгрөгөөр зарж 8,100,000 төгрөгийн алдагдалд орсон, байрны үнэ буурах шалтгаан нь машины зогсоол байхгүй, тоглоомын талбай байхгүй, болкон байхгүй гээд авах хүн олдохгүй байсан гэх нөхцөл байдалд нэхэмжлэгч Р.******* буруутай болох нь тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.2-т Нэг тал нь гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал нь буруутай бол энэ хуулийн 227.1-д заасан заасан үндэслэл хамаарахгүй гэж зааснаар байраа үнэ бууруулж зарж 8,100,000 төгрөгийн алдагдлыг хохиролд тооцон хасах боломжгүй байна гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 198950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 124395 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.2, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.7, 228 дугаар зүйлийн 228.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг тус тус баримтлан хариуцагч Г.*******ээс 6,840,340 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 198950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 124395 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ