Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2022/01082

 

 

                   Р.Ж-ы нэхэмжлэлтэй

                иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Г.Банзрагч, Н.Баярмаа, П.Золзаяа, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 551 дүгээр шийдвэртэй,

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 205/МА2020/00031 дүгээр магадлалтай,

Р.Ж-ы нэхэмжлэлтэй,

Г.Н-т холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 11,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Г.Н-ийн гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Р.Ж нь хариуцагч Г.Н-т холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 11,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 551 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.7, 228 дугаар зүйлийн 228.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг тус тус баримтлан хариуцагч Г.Н-ээс 6,840,340 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Ж-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 198,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 124,395 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 205/МА2020/00031 дүгээр  магадлалаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 551 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэдгийг “нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,659,660 төгрөг” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Г.Н-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 198,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч Г.Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.09.04-ний өдрийн 551 дүгээр шийдвэр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.11.12-ны өдрийн 81 дүгээр магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1. Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн нэгэн адил дээрх хуулийн заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэж, шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.4-т заасны дагуу дүгнээгүй, шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулан шийдвэрлэж илт хууль бус акт гаргасан. Хэдийгээр шүүхийн хэлэлцүүлэгт талууд нэхэмжлэгчийн худалдан авахыг хүссэн орон сууцны урьдчилгаанд өгсөн мөнгийг хариуцагч дангаараа бус харин Ш.Б, Р.М, Д.О нарын хамтаар хүлээн авч дээрх нэр бүхий этгээдүүд хариуцагч Г.Н нарын хамтаар барьж байсан барилгадаа оруулсан гэж тус тус тайлбарласан боловч дээрх үйл баримтууд нь Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016.05.11-ний өдрийн 19 дүгээр магадлал, Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.06.24-ний өдрийн 279 дүгээр захирамжуудаар нэгэнт тогтоогдсон үйл баримт учир нэхэмжлэгч Р.Ж-ы нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үүрэгтэй байсан.

4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар нэхэмжлэгч Р.Ж-ы тайлбар нотлох баримтаар үнэлэгдэх бөгөөд нэхэмжилж буй 11,500,000 төгрөгийг хэн хэрхэн хариуцах тухайд өмнө нь хүчин төгөлдөр болсон 19 дүгээр магадлалд “... Р.Ж-аас байрны урьдчилгаанд өгсөн 11,500,000 төгрөг, н.Ганбаатараас авсан 15,000,000 төгрөгийг барилгын зардалд тус тус орсныг шүүх хурал дээр нэхэмжлэгч нар зөвшөөрсөн байхад шүүх нийт зардалд оруулж тооцоогүй, төлөгдөөгүй үлдсэн өр 11,189,700 төгрөг болж байгааг талууд зөвшөөрч үнийн дүн дээр маргаагүй ба хамтран ажиллах гэрээнээс үүссэн бусдад төлөгдөөгүй байгаа өр 11,897,700 төгрөгийг талууд ашиг хүртэх хэмжээгээр хариуцан төлөх ёстой. Зохигчдод зарагдаагүй 2 байр (89,100,000 төгрөгийн үнийн дүн дээр маргаагүй) үлдсэн ба гэрээний дагуу ашгаа 70, 30 хувиар хуваарилан авах нь зүйтэй....” гэсэн шийдвэрээр нэгэнт шийдвэрлэгдсэн байдаг. Иймд хэрвээ нэхэмжлэгч Р.Ж нь хариуцагчаас барилгад оруулсан гэх 11,500,000 төгрөгөө нэхэмжилж байгаа бол дан ганц хариуцагч Г.Н-ээс бус харин Ш.Б, Р.М, Д.О нараас мөн нэхэмжлэх ёстой бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагаар нэхэж буй мөнгийг дан ганц Г.Н-ээс гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь хууль бус бөгөөд хэрвээ Г.Н нь Р.Ж-д төлөх төлбөртэй гэж үзвэл 4,025,000 төгрөг болох ба үүнээс хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэсэн 3,159,660 төгрөгийг хасаж тооцвол 865,340 төгрөгийн төлбөр төлөх үндэслэлтэй байж болохоор байна.

4.3. Хавтаст хэргийн 112-р талд авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд “... тухайн барилгын 70 хувийг нь Ш.Б, Г.Н нар хариуцаж байсан болохоор би мөнгөө Ш.Б, Г.Н нараас нэхэмжлэх нь зүйтэй юм байна гэж бодоод нэхэмжлэл гаргасан ...” гэж нэхэмжлэгч Р.Ж шүүхийн хэлэлцүүлэгт шүүгчийн асуултад хариулсан байдаг. Нэхэмжлэгч Р.Ж нь нэхэмжлэлийн шаардлагаа Г.Н-тэй байгуулсан “Худалдах-худалдан авах гэрээ”-ний үүрэгт гэж тодорхойлсон нь үндэслэлгүй болохоо шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн учир шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үүрэгтэй байсан атлаа илт хууль бусаар “... талууд 2013.02.07-ны өдөр “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ” байгуулагдаж ... харилцан тохиролцжээ ...” гэж огт үндэслэлгүй дүгнэлт хийж улмаар энэ дүгнэлтдээ үндэслэн “гэрээнээс татгалзсан гэж дүгнэсэн нь ойлгомжгүй. Нэхэмжлэгч Р.Ж-тай хариуцагч миний бие ямар ч үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулаагүй учир анхан шатны шүүхийн “... нэхэмжлэгч Р.Ж- орон сууцыг хүлээн авснаар хариуцагч Г.Н нь гэрээний үүргээ биелүүлсэн байна” гэсэн дүгнэлт нь илт үндэслэлгүй дүгнэлт болох юм.

4.4. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлээр шаардаагүй зүйлийг сайн дураараа шийдвэрлэх эрхгүй. Мөн шүүгч хэнд холбогдуулан нэхэмжлэл гаргах тухай хэргийн оролцогчид зөвлөх нь хуульд харш төдийгүй “Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийг тус тус ноцтой зөрчсөн үйлдэл бөгөөд нэхэмжлэгч Р.Ж нь “Шүүгч намайг Г.Н-ээс 11,500,000 төгрөг нэхэмжлэх боломжтой гэдгийг тайлбарласан гэж тухайн маргааныг өмнө нь шийдвэрлэсэн шүүгч зөвлөж нэхэмжлэл гаргуулсан болохыг шийдвэрт тусгаж заасан гэж үзэхээр байгаа нь маргааныг шийдвэрлэж буй шүүгч нар хэт нэг талд үйлчилж ирсэн, анхан шатны шүүхийн шүүгч мөн илт нэхэмжлэгч талыг дэмжсэн шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

4.5. Нөгөө талаар нэхэмжлэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагчийг Ш.Б гэж үзэн нэхэмжилж буй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйл, 40.4 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үүрэгтэй байснаа анхан шатны шүүх биелүүлээгүй, давж заалдах шатны шүүх зөвхөн давж заалдах журмаар гаргасан гомдлын үндэслэлээр тогтохгүй хэргийг бүхэлд нь хянах үүргээ биелүүлэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үүрэгтэй байснаа биелүүлээгүйд гомдолтой. Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.06.24-ний өдрийн 279 дүгээр захирамжаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Ш.Б байсан болохыг, мөн Ш.Б, Р.Ж нарын хооронд “Худалдах-худалдан авах гэрээ” хийгдсэн  болох нь нотлогдон тогтоогдож байгаа төдийгүй Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.09.04-ний өдрийн 551 дүгээр шийдвэр бүхий хэргийн шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч Р.Ж нь шүүх хуралдаан даргалагчийн асуултад худалдах-худалдан авах гэрээг Г.Н-тэй бус харин Ш.Б-тэй байгуулсан болохоо илэрхийлсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Р.Ж нь тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй байсан учир шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэсэн хариуцагч миний тайлбар үндэслэлтэй. Учир нь Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.06.24-ний өдрийн 279 дүгээр захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон гаргасан захирамж болно.

4.6. Гомдолд дурдсан энэ байдлууд нь дээрх шүүхийн шийдвэр, магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй болохыг нотолдог. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгон, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

6. Нэхэмжлэгч Р.Ж-аас хариуцагч Г.Н-т холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 11,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг анхан шатны шүүх хариуцагчаас 6,840,340 төгрөгийг гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийн бичилтийн алдааг залруулж, шийдлийг хэвээр үлдээсэн.

7. Нэхэмжлэгчээс “... Г.Н нь нөхөр Ш.Б болон Р.М, Д.О нарын хамт 2013 онд Улиастай сумын Жинст багт 7 айлын орон сууц барьсан бөгөөд уг байрныхаа 13 тоот 2 өрөө байрыг худалдан аваач гэсний дагуу 2 өрөө байрны урьдчилгаанд 11,500,000 төгрөг төлсөн ... Тэд барилгын хөрөнгө оруулалттай холбоотой маргаанаа шийдвэрлүүлж төлбөр тооцоогоо дуусмагц Ш.Б нь 2017 онд надаас байрны үнийн үлдэгдэл нэхэмжилж шүүхэд хандахад нь би уг байрыг нь буцааж өгөөд урьдчилгаанд өгсөн 11,500,000 төгрөгөө авъя гэхэд түрээсийн төлбөр гэх мэт үндэслэлгүйгээр их хэмжээний төлбөр нэхсэн ... Энэ хугацаанд Г.Н нар байрны цоожны голыг сольж, миний эд хөрөнгийг овоолж хаян, байранд дайрч орж засвар хийж бусдад зарсан ... Иймд урьдчилгаанд төлсөн 11,500,000 төгрөгөө авах хүсэлтэй, намайг хохиролгүй болгож өгнө үү ...” гэснийг,

хариуцагч эс зөвшөөрч “... Байрны урьдчилгаанд 10,000,000 төгрөгийг миний дансанд шилжүүлснийг нь барилгын материал, ажилчдын цалинд тавьсан, би хувьдаа хэрэглээгүй. Байранд орсноос хойш Р.Ж-аас удаа дараа үлдэгдэл мөнгөө нэхсэн. Тэгэхэд газраа зараад өгнө, хүргэнийхээ машиныг зараад өгнө, хүү н.Загдсүрэн нь ямар ч байсан энэ байрыг авна, санаа зоволтгүй гэж худлаа хэлж хойшлуулсаар байсан ... сүүлдээ та нарын шүүхийн асуудлыг шийдэгдэхээр өгнө гээд мөнгөө өгөхөө больсон ... Бид байрны үлдэгдэл мөнгөө өгч чадахгүй бол зараад өг гэж хугацаа өгсөн. Авах хүн алга гэсэн ... Байрыг султга гэснийг хүлээн зөвшөөрөөд сайн дураараа гарсан. Гэтэл булааж аваад бусдад худалдсан гэж ёс зүйгүй хандаж байгаад харамсаж байна. Бид байрыг зарахын тулд 4,115,260 төгрөгийн засвар хийсэн. Мөн хямд үнээр зарж хохирсон ... Үүнээс бид 8,100,000 төгрөгийн алдагдалд орсон. Мөн халаалтын хөлс 74,400 төгрөгөө төлөөгүй байсныг төлсөн. Энэ байрнаас нийт 12,289,660 төгрөгийн алдагдалд орсон .... Өмнө нь нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталсан шүүгчийн хүчин төгөлдөр захирамж байгаа ... Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэжээ.

8. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг бүрэн дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

9. Тодруулбал, хоёр шатны шүүхийн дүгнэсэнчлэн, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан (орон сууц) худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгчээс хариуцагчийн дансанд байрны урьдчилгаа болгож 10,000,000 төгрөг төлсөн, гэвч тэрээр байрыг буцааж өгсөн боловч хариуцагч төлбөрийг буцаан төлөөгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар урьдчилгаа төлбөрөө буцаан шаардах эрхтэй, харин үлдэгдэл 1,500,000 төгрөгийг төлснөө нотолж чадаагүй байна. Хариуцагч байрыг буцаан авч, 3,159,660 төгрөгийн засвар хийж зардал гаргаснаа нотолсон баримтыг шүүхэд гаргасныг нэхэмжлэгч тал няцаагаагүй тул хариуцагчийн эд хөрөнгөд энэ хэмжээгээр хохирол учирсан гэж үзэн урьдчилгаа төлбөрөөс хассан нь Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.4, 205 дугаар зүйлийн 205.2.3-т нийцсэн, харин байрыг хямд үнээр зарж хохирсон гэх нөхцөл байдалд нэхэмжлэгч буруугүй тул 8,100,000 төгрөгийн алдагдлыг хохиролд тооцох үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгчийн төлсөн 10,000,000 төгрөгөөс хариуцагчид учирсан хохирол 3,159,660 төгрөгийг хасаж, хариуцагчаас 6,840,340 төгрөгийг гаргуулсан нь үндэслэлтэй.

10. Зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээ бичгээр байгуулагдаагүй боловч нэхэмжлэгч байрны урьдчилгаа төлбөрийг хариуцагчийн дансанд шилжүүлснийг хариуцагч үгүйсгээгүй (тухайн мөнгийг ажилчдын цалин хөлс, барилгын материалын зардалд зарцуулсан гэж тайлбарласан), нэхэмжлэгч тухайн байранд тодорхой хугацаанд амьдарч байгаад буцаан өгсөн зэрэг бодит нөхцөл байдлын талаарх талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бусад баримтаар бодит байдалд буюу амаар орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан болох нь тогтоогдсон, иймд энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй тул “нэхэмжлэгч нь хариуцагчтай ямар ч гэрээ байгуулаагүй байхад шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн” гэсэн агуулгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4.3-т заасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй.    

  11. Хэдийгээр хариуцагч нь бусад иргэдийн хамт (нөхөр Ш.Б болон Р.М, Д.О нартай) тухайн орон сууцны байрыг хамтран хөрөнгө оруулж барьсан, ашиг алдагдлыг тодорхой хэмжээгээр хуваарилахаар тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа боловч нэхэмжлэгчийн хувьд тэдгээр нь нэг тал буюу Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч болох тул мөн хуулийн 242.3-т зааснаар нэхэмжлэгч нь өөрийн үзэмжээр төлбөр авсан этгээдээс (хариуцагчаас) үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу өгсөн төлбөрөө буцаан авахаар шаардаж буй нь үндэслэлтэй. Харин хариуцагч дангаараа төлөх үүрэггүй гэж үзэж байгаа бол бусад хөрөнгө оруулагчдын хүлээх хариуцлагын хэмжээгээр өөрт ногдох хэсгээ шаардах боломж нь нээлттэй. Иймд “нэхэмжлэгч дан ганц хариуцагчаас шаардах ёсгүй, Ш.Б-тэй гэрээ байгуулсан нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон ...” гэсэн агуулгатай гомдол (Тодорхойлох хэсгийн 4.2, 4.5)-ыг хангах боломжгүй.  

12. Түүнчлэн анхан шатны шүүх “... нэхэмжлэгч Р.Ж нь 2019 онд Ш.Б-ийн нэхэмжлэлтэй хэрэгт Ш.Б-д холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргасан ба энэ нэхэмжлэлээ татан авсан нь Г.Н-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг дахин гаргахад хамааралгүй ...” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий тул “нэхэмжлэгч нь тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоогүй нь буруу” гэх (Тодорхойлох хэсгийн 4.5-д) гомдол үндэслэлгүй юм.

13. Уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 4.4-т заасан гомдол энэхүү маргааны үйл баримтад хамааралгүй байна.

14. Дээрх үндэслэлээр “хоёр шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэсэн (Тодорхойлох хэсгийн 4.1) хариуцагчийн гомдол үгүйсгэгдэж байх тул шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 205/МА2020/00031 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 198,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Х.ЭРДЭНЭСУВД

                                ШҮҮГЧИД                                                     Г.БАНЗРАГЧ

                                                                                                      Н.БАЯРМАА

                                                                                                        П.ЗОЛЗАЯА

                                                                                                        Б.МӨНХТУЯА