Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 205/МА2020/00031

 

Р.*******ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх

хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч: Ж.Баттогтох Шүүгчид: Б.Намхайдорж, Б.Ариунбаяр

Бусад оролцогчид:

Нэхэмжлэгч:Р.*******

Хариуцагч: Г.*******

Нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж нар оролцов.

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 551 дугаар шийдвэртэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн иргэн Боржигон овогт *******ын ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Г.******* нь нөхөр Ш.******* болох *******, ******* нарын хамт 2013 онд Улиастай сумын багт 7 айлын орон сууц барьсан бөгөөд уг байруудыг барьж байхдаа төлбөрийн чадвараасаа хамаарч ажилчдынхаа цалин хөлсийг өгч чадахгүй байна гээд 2013 оны 2-р сарын эхээр надад хандаж уг байрныхаа 13 тоот 2 өрөө байрыг худалдан аваач гэсэн. Тэд удаа дараа надаас гуйгаад байхаар нь би зөвшөөрсөн. Тэд намайг байрны урьдчилгаа өгөөч гэсний дагуу 2013 оны 2-р сарын 07-ны өдөр Г.*******ийн ******* банкны ******* тоот дансанд 9,0 сая төгрөгийг бэлнээр хийж өгсөн.

Энэ мөнгөөр тэд барилга барьж байсан ажилчдынхаа цалинг тавьж өгч байсан. Энэ үе нь цагаан сарын өмнөх өдрүүд байсан юм. *******, ******* нар миний гэрийн тавилга, эд зүйлийг ажилчдаараа зөөлгөж намайг 13 тоот 2 өрөө /байр/ сууцанд оруулсан. Үүний дараа би 2013 оны 3-р сарын 1-ний өдөр мөн Г.*******ийн ******* тоот дансанд 1,0 сая төгрөг бэлнээр хийсэн.

Мөн 2013 оны 6-р сарын 10-ны өдөр цементийн үнэ нэхэгдээд гээд надаар 1,5 сая төгрөгийг Д.*******ийн дансанд хийлгэсэн. Ийнхүү 2 өрөө байрны урьдчилгаанд надаар 11,500,000 төгрөг төлүүлсэн.

*******, ******* нар нь *******, ******* нартай 7 айлын орон сууц барьсан хөрөнгө оруулалтынхаа талаар маргаж байхдаа намайг байрны төлбөр битгий хийгээрэй, таныг байрнаас чинь хөөхгүй гэж хэлж хүлээлгэсэн. Эдгээр хүмүүсийн хоорондох маргаан шүүхээр явж байх хугацаанд нь би байрыг нь буцааж өгье, миний урьдчилгаанд өгсөн 11,500,000 төгрөгийг өгчих гэж *******, ******* хоёрт мөн шүүхэд ч хэлэхэд тэр хоёр намайг та яагаад байраа буцааж өгөх гээд байгаа юм бэ, бид хоёр таныг хөөгөөгүй, хөөх ч үгүй, та зүгээр л тайван байж бай гэсээр намайг хүлээлгэсэн. Гэтэл хоорондын маргаанаа шийдвэрлүүлж төлбөр тооцоогоо дуусмагц ******* нь 2017 онд надаас байрны үнийн үлдэгдэл нэхэмжилж шүүхэд хандахад нь би уг байрыг нь буцааж өгөөд урьдчилгаанд өгсөн 11,500,000 төгрөгөө авъя гэхэд түрээсийн төлбөр гэх мэт үндэслэлгүйгээр их хэмжээний төлбөр нэхсэн.

Би байрыг нь буцааж өгөөд урьдчилгаанд төлсөн 11,500,000 төгрөгөө авах хүсэлтэй байсан. Мөн би гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байсан. Ийм байдлаар бидний хооронд маргаан үргэлжилсэн. Энэ хугацаанд *******, ******* нар 13 тоот 2 өрөө байрны цоожны голыг сольж миний эд, хөрөнгийг овоолж хаяж байранд дайрч орон засвар хийж надаас булааж авсан. Би урьдчилгаанд төлсөн мөнгөө нэхэмжлэхэд ******* миний дансанд ороогүй надад хамаагүй гэж маргасан. Энэ маргааныг шүүгч намайг Г.*******ээс 11,500,000 төгрөгөө нэхэмжлэх боломжтой гэдгийг тайлбарласан байсан. *******, ******* хоёр уг байрыг надаас булааж аваад бусдад худалдсан байгаа. Уг нь Ш.*******, Г.******* нар нь нөхөр эхнэр хоёр учир би мөнгөө *******ээс нэхэмжилсэн юм. Гэвч ******* өөрийнхөө дансанд ороогүй гэж маргаад байгаа учир би дансанд нь шилжүүлсэн Г.*******ээс нэхэмжилж байна. Анх намайг 9,0 сая төгрөгийг өгөх үед *******, ******* 2 нь надтай банкин дээр очсон байхад ******* нь та манай эхнэрийн дансанд хийчих гэж хэлээд надаар хийлгэсэн.

Иймд миний байрны урьдчилгаанд төлсөн 11,500,000 төгрөгийг Г.*******ээс гаргуулж надад олгож, намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.  

Хариуцагч Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн иргэн Ганбатын ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн *******ы нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

2012 онд *******ы дүү ******* эхнэртэйгээ нөхөр бид хоёртой уулзан багийн айлын 3 давхарт 7 айлын орон сууц барих гэсэн юм. 50,0 сая төгрөгийг гаргаач байр эхлэнгүүт банкнаас зээл аваад үргэлжлүүлээд 70%-д хүрэхэд нь хүмүүсээс захиалга аваад байрыг барьж дуусгаад 100,0 сая төгрөгийн ашиг өгнө гэж харилцан тохиролцож гэрээ байгуулан бид 50,0 сая төгрөг гарган байрыг барьж эхэлсэн. Байрны 30%-д хүртэлх мөнгийг бид гаргасан бөгөөд цаашид үргэлжлүүлэх мөнгийг *******ы дүү эхнэртэйгээ банкнаас зээл авч үргэлжлүүлэх байсан боловч банкны зээл эрсдүүлж байсан учир банкнаас зээл гараагүй. Ингээд барилга зогссон. Гэтэл *******ы дүү эхнэртэйгээ ирээд ингээд барилгаа зогсоомооргүй байна. Авах хүмүүс нь бэлэн байгаа байраа хурдхан 70% хүргэчихвэл хүмүүсээс урьдчилгаагаа аваад дуусгачихна гэхээр нь бид ам өчгийг нь аваад банканд шатахуун түгээх станцаа барьцаанд тавин зээл авч үргэлжлүүлсэн. Тэгээд байраа 70%-д хүргэсэн. *******ы дүү байраа авах хүн олох, урьдчилгаа олж ажилчдын цалинг тавих байсан. Тэгээд эгчийгээ дагуулж ирсэн. Бид настай хүн болохоор нь хүндлээд хамгийн тохилог, урдаасаа баруун талаас нар тусдаг дүү нарынх нь өөрсдөө авах гэж байсан байрыг дүү нартай нь муудалцан байж өгсөн. Тэгэхэд л ******* гуайг анх харсан. Огт таньдаггүй байсан. ******* гуай 9,0 сая төгрөг бэлнээр аваад ирсэн тэгэхэд манай нөхөр та бэлэн мөнгө өгөөд хэрэггүй ээ. Баримттай нь дээр та манай эхнэрийн данс руу хийчих. Дүүгийнх нь данс руу хийх боломжгүй банкны зээлийг эрсдүүлсэн байсан тул банкнууд шууд татаад авчих байсан. Мөн манай нөхөр байрыг үргэлжлүүлэн барихын тулд банкнаас зээл авсан байсан учир данс руу нь орвол шууд зээл рүү татчих гээд байсан тул миний данс руу хийсэн. Би тэр мөнгийг ******* гуайг хийнгүүт нь авч ажилчдын цалинг тавьсан. Дараа нь 1,0 сая төгрөг орж ирснийг нь банкны хүү барилгын материал авсан. Түүнээс би энэ мөнгөнөөс хувьдаа огт хэрэглээгүй барилгад зарцуулсан. Энэ бүгд шүүхээр бүрэн нотлогдож шийдвэрлэгдсэн. Иймд бид ******* гуайгаас байр аваач гэж гуйгаагүй. Бас урьдчилгаагаа өгөөч гэж гуйгаагүй. Энэ хүнийг таньдаг байсан. Настай хүн худлаа хэлэх муухай.

*******д ******* ******* нарт мөнгө өгч болохгүй шүү гэсэн байхад данс руу нь 1,500,000 төгрөг шилжүүлсэн байсан иймд энэ мөнгийг би аваагүй тул өгсөн хүнээсээ нэхэх нь зөв байх.

Байрны урьдчилгаанд 10,0 сая төгрөг миний дансанд хийгээд түүнийг нь барилгын материал, ажилчдын цалинд тавьсан гэдгийг өөрөө нотолж байгаа. Байранд орсноос хойш ******* гуайгаас удаа дараа мөнгөө нэхсэн. Тэгэхэд газраа зараад өгнө гэж хэсэг явсан. Дараа нь хүргэнийхээ машиныг зараад өгнө гэж хэсэг явсан. Дараа нь хүү Загдсүрэн нь ямар ч байсан энэ байрыг авна санаа зоволтгүй гэж хэсэг худлаа хэлж хойшлуулсан. Энэ хугацаанд дүү нараа байрнаас хөөлөө цагаан сараар цус нөжөө хаалга хамарт түрхлээ. Бэр дарамтлаад байна эгч нь яах вэ гэхээр нь бид настай хүнийг ингэж жүжиглэнэ гэж бодоогүй тул бид таныг хөөж туухгүй ээ та тайван байж бай гэдэг байсан. Тэгтэл сүүлдээ та нарын шүүхийн асуудлыг шийдэгдэхээр өгнө гээд мөнгөө өгөхөө больсон. Сүүлдээ та авахгүй бол гар гэхээр урьдчилгаагаа авч байж гарна гээд 5 жил байранд амьдарсан.

Мөнгөө өгөхгүй болохоор нь бид арга буюу шүүхэд байраа суллуулъя. Эсвэл үлдэгдэл мөнгөө авъя гэж хэд хэдэн удаа шүүхэд хандсан. Гэтэл шүүхийн шийдвэрүүд нь хагас дутуу учир дутагдалтай шийдэж ядсаар заавар зөвлөгөө өгсөөр өдий хүрлээ. Үүнийг ******* гуай ч нэхэмжлэлдээ шүүгчийн зөвлөснөөр *******ээс 11,500,000 төгрөгийг нэхэмжилж байна гэсэн.

Бид та байрны үлдэгдэл мөнгөө өгч чадахгүй бол зараад өг гэж бас л хугацаа өгсөн. Авах хүн алга гэсэн. Тэгвэл та байрыг султга гэсэн тэгье гэж хүлээн зөвшөөрөөд сайн дураараа болон шүүхийн шийдвэрээр гарсан шүү дээ. Гэтэл булааж аваад бусдад худалдсан гэж ёс зүйгүй хандаж байгаад харамсаж байна. Бид байрыг зарахын тулд 4,115,260 төгрөгийн засвар хийсэн. Мөн хямд үнээр зарсан. Учир нь анх байр баригдаж байхад аймагт шинээр баригдсан барилга огт байхгүй байсан. Эрэлт хэрэгцээ их байсан. ******* гуайн орсон байрыг авах гэж олон хүн ирдэг байсан. Та авахгүй бол хүн авах гээд байна гэхэд би авна гэдэг байсан. Ингэж биднийг өдий хүртэл хохироосон хүн.

Байрыг үнэ бууруулж зарсан. Учир нь аймагт энд тэндгүй маш сайхан байрнууд зөндөө баригдсан. Энэ байрны үнэ буурах шалтгаан нь машины зогсоол байхгүй, тоглоомын талбай байхгүй, болкон байхгүй гээд авах хүн олдохгүй байсан. Тэгээд 42,500,000 төгрөгөөр зарж 34,500,000 төгрөгийг авч одоо 8,300,000 төгрөгийг аваагүй байгаа. Үүнээс бид 8,100,000 төгрөгийн алдагдалд орсон. Мөн халаалтын хөлс 74,400 төгрөгөө төлөөгүй байсныг төлсөн. Нийт энэ байрнаас 12,289,660 төгрөгийн алдагдалд орсон байгаа.

Мөн ******* нь Завхан аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019-06-24-ний өдрийн №279 тоот хариуцагч нэхэмжлэлийн зарим шаардлагыг биелүүлж, нэхэмжлэгч үлдсэн шаардлагаасаа татгалзсныг, мөн сөрөг нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн ҮНДЭСЛЭХ НЬ хэсэгт ...11,500,000 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлагаа сайн дураар татан авсныг баталж... гээд ЗАХИРАМЖЛАХ НЬ хэсгийн 5-д ...тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай гэсэн байна.

Иймд *******ы нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

Нэхэмжлэгч Р.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2013 оны 02 сард *******, ******* хоёртой уулзаж байр авахаар урьдчилгаанд нь 11,500,000 төгрөг өгсөн. Түүнээс хойш тухайн байрыг авчих санаатай явсаар байгаад өдий хүрсэн. Тэгээд ч тухайн байр зарагдсан учраас би байрны урьдчилгаанд өгсөн 11,500,000 төгрөгөө гаргуулахаар шүүхэд хандсан. Манай дүү болон *******, ******* нар хамтран байр барьсан юм, тэгээд цагаан сар болох гэж байхад манай дүү эгчээ та байр авчхаач гэж хэлэхэд нь би тухайн үед ажил хийж байсан болохоор банкнаас 10,000,000 төгрөгийн цалингийн зээл аваад тухайн байрыг худалдаад авчихъя дараа нь ипотекийн зээл аваад уг байрыг худалдаад авчихъя гээд 20 он болгосон. Би байрандаа орохдоо эхний ээлжид 9,000,000 төгрөгийг өгөөд дараа нь 1,000,000 төгрөгийг өгсөн. Дараа нь *******ийн данс руу 1,500,000 төгрөгийг шилжүүлсэн. *******, *******, *******, ******* нар цементийн үнэ нэхэгдээд байна гээд 1,500,000 төгрөгийг авсан. Тэгээд байрандаа амьдарч байтал *******, *******, *******, ******* нарын хооронд маргаан үүссэн. Үүний дараа би байраа авахаа болъё өгсөн мөнгөө буцаагаад авъя гэдэг хүсэлтээ хэлж байсан. Гэтэл *******, ******* нар та яагаад байрнаасаа гарах гээд байгаа юм бэ, та хөгшин хүн байж сайхан байранд байж бай таныг бид хөөхгүй гэж хэлж байсан. Гэтэл манай дүү манай бэр 2 та наад байраа авч чадахгүй байж суллаж өг, наад байрыг чинь авъя гэсэн хүн байна гэж хэлэхээр нь би тэгвэл тэр авъя гэсэн хүнд нь зараач та нар гэж хэлэхэд та хүлээж бай бид нарын маргаан дуустал та байрандаа байж бай гэж хэлээд 2017 он хүргэсэн. 2017 онд би энэ байрыг авч чадахгүй юм байна, тэтгэвэрт гарах нас болсон учраас надад зээл гарахгүй байна, байраа буцааж өгье гэж хэлсэн. Гэтэл *******, ******* нар та түр байж бай гэж хэлдэг байсан. Түүний дараа 2018 онд ******* ******* бид хэдийн хооронд энэ мөнгөний маргаан үүссэн. Тэгээд би *******, ******* нарт эгчийнхээ өгсөн байрын урьдчилгааны мөнгийг өгчих эсхүл байрны мөнгөндөө нэг машин байна түүнийг авчих, эсхүл байраа авахаа болъё, авъя гэж янз бүрийн аргаар үзсэн. Хамгийн сүүлдээ байраа булгаалгах шахуу болоод гарсан. Байрны урьдчилгаанд өгсөн мөнгөө авч чадахгүй өдий хүрсэн. Би бодохдоо байрны урьдчилгаанд өгсөн мөнгөө аваад байраа султгаад өгье гэж бодож байсан юм. Би нэхэмжлэлд бичсэнийхээ дагуу 11,500,000 төгрөгөө гаргуулах хүсэлтэй байна гэв.  

Хариуцагч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 онд Р.*******ы дүү ******* эхнэртэйгээ Завхан аймгийн Улиастай сумын багийн айлын 3 давхарт 7 айлын орон сууц барих гэсэн юм 50,000,000 төгрөг гаргаач гэж ирж байсан. Тухайн үед айлууд байрны захиалгаа өгчихсөн, баригдаж дуусгаад 100,000,000 төгрөгийн ашиг өгнө гэж харилцан тохиролцоод гэрээ байгуулаад ******* бид хоёр 50,000,000 төгрөг гаргаад тухайн байрыг эхлүүлсэн. Тухайн байрыг эхлүүлсэн 30 хувийн мөнгийг нь манайх гаргасан. Тухайн үед *******, ******* нар банкнаас зээл аваад байрыг үргэлжлүүлэх ёстой байсан чинь банкнаас зээл гарахгүй зөндөө удаад барилга зогсох байдал хүрээд байхаар нь ******* бид хоёр яасан вэ гээд банкаар орж уулзахад ******* ******* нар нь банканд зээлийн эрсдэл үүссэн, банк зээл гаргах ямар ч боломжгүй болсон байсан. Тэгээд би за тэвэл энэ байрны барилгын ажлыг зогсоочихъё гэсэн чинь ******* үгүй ээ байр авах хүмүүс нь бэлэн байгаа, үүнийг цааш нь үргэлжлүүлмээр байна гээд байхаар нь ******* бид хоёр цааш нь үргэлжлүүлэхээс өөр аргагүй болоод цааш нь үргэлжлүүлэх мөнгийг нь ******* бид 2 гаргаад байрыг үргэлжлүүлээд 2013 оны 12 сард ашиглалтад оруулсан. Байр ашиглалтад орсны дараа би за байр авах хүмүүс чинь хаана байна гэсэн чинь ******* өөрийн төрсөн эгч болох *******ыг дагуулж ирсэн. Тухайн үед Р.*******ыг ******* бид хоёр таньдаггүй байсан. Р.******* тухайн үед байр авна гээд бэлэн 10,000,000 төгрөгтэй ирсэн. Тэгэхээр нь манай нөхөр та бэлэн мөнгө өгч болохгүй, дараа нь тооцоотой, манай эхнэрийн данс руу хийчих гэж хэлсэн. Тухайн үед манайх 2 банкнаас зээлтэй байсан учраас манай нөхрийн данс руу мөнгө орох юм бол тухайн мөнгийг банк татах гээд байсан учраас миний данс руу *******ы мөнгийг хийлгэсэн. Би Р.*******ыг дагуулж яваад данс руугаа мөнгийг нь хийлгээд буцаагаад ажилчдынхаа цалинг тавьсан. Үүнийг Р.******* мэдэж байгаа. Тэгээд Р.******* 2 өрөө байр авах гэсэн чинь ******* манай орох гэж байгаа байрыг авах гээд байна гэхээр нь ******* настай хүн эхлээд байр авах гэж байгаа юм чинь аль болох боломжтой дулаан байрыг нь өгнө гээд 46 метр квадрат хамгийн дулаахан сайхан байрыг нь өгсөн. Р.******* байраа авсныхаа дараа 8 хувийн банкны зээлд хамрагдах гэсэн чинь өндөр насны тэтгэвэрт гарах болсон гээд 8 хувийн зээл нь бүтээгүй. Тэгээд байж байтал Р.******* надад нэг газар байгаа тэр газраа зараад мөнгө өгье гэхээр нь за тэг гэж хэлсэн. Нэлээн удсаны дараа газар нь зарагдсан сураг дуулдахаар нь та газраа зарчихсан юм уу гэж асуусан чинь Р.******* би газар зарсан боловч мөнгөө авч чадахгүй байна гээд хэсэг хугацаа өнгөрсөн. Тэгж байснаа манай хүргэний нэг машин байгаа түүнийг зараад мөнгө өгье гэхээр нь бид хоёр за тэгэх юм байлгүй гээд эхний орсон хүн юм чинь боломжоор хангая гээд хүлээж байсан. Тэгээд байж байтал тэр машин зарагдаагүй. Ингээд байж байтал Р.*******ы дүү ******* бид хоёрыг шүүхэд өгсөн. Тухайн байрыг барих гэж бид хоёр 300,000,000 гаруй төгрөгийг банкнаас зээлсэн байсан учраас түүнийгээ төлөхийн тулд эхний байруудаа зараад зээлээ төлж байсан. Р.*******ы дүү бид хоёрыг шүүхэд өгчхөөд Р.*******ыг байрнаасаа гар гэж хэлсэн юм шиг байна лээ, Р.******* намайг байрнаас гар гэж байна, би одоо яах вэ гэхээр нь та мөнгөө бөөгнүүлээд байж бай гэж хэлсэн. Дараа нь би та байрны урьдчилгаанд өгсөн мөнгөө авах юм уу, гээд асуусан чинь та хэдийн шүүхийн асуудлаа цэгцэртэл байрандаа байж бай гэж хэлсэн гээд нэлээн удсан. Тэгээд шүүхийн асуудал цэгцэрсний дараа байраа султгаж өг, байраа зарах ажилдаа оръё гэсэн гэтэл Р.******* байрны урьдчилгаанд өгсөн мөнгийг өгөх юм бол гарна гэх асуудалд хүрсэн. Тэгээд бид шүүхэд хандсаны дагуу тухайн байрыг суллах шүүхийн шийдвэр гарсан. Тэгээд Р.******* байраа сулласан. Тэр үед шинээр баригдсан байр огт байхгүй байдаг байсан. Тухайн байр шинээр байр баригдсан байр болохоор зарагдах боломжтой байсан. Бодит жишээ гэх юм бол тэр үед шүүх байр авах гээд хайж байсан. Тэгээд шүүхэд метр квадратыг 1,200,000 төгрөгөөр үнэлээд 2 байр зарсан. Тухайн үед шинэ байрны эрэлт хэрэгцээ ихтэй байсан. Гэтэл өнөөдөр шинэ, шинэ байр их болсон учраас тухайн байр үнэд хүрэхгүй болохоор нь засвар хийж байж зарсан. Тухайн үед нь Р.*******ыг байрыг авах хүн байна уу та асууж мэдэж байгаач гэж хэлж байсан. Гэтэл Өлзийт багт байгаа хашаа байшингаар солих уу гэхээр нь байр нь арай үнэтэй зарагдах байх гэж бодоод солиогүй. Тухайн үед тэр байрыг Мөнхбаяр гэдэг залуу авах гээд урьдчилгаагаа бэлдээд байж байсан. Тэгээд Мөнхбаяртай уулзахад танай байрыг 40,000,000 төгрөгөөр авъя гэхээр нь бид хоёр банканд зээлтэй 40,000,000 төгрөгт өгөх боломжгүй байна гэж яриад 42,500,000 төгрөгт зарсан. Тэгээд 34,500,000 төгрөгийг бэлнээр аваад 8,300,000 төгрөг аваагүйгээс өмнөх 7 хоногт 1,000,000 төгрөг авсан. Одоо 7,300,000 төгрөгийг одоо болтол аваагүй байгаа. Байранд засвар хийхээр үнэлгээ нь нэлээн өндөр байдаг юм байна лээ. Өмнө тухайн байранд засвар хийж байсан залуутай уулзахад 3 өрөө байранд 3,000,000 төгрөг, 2 өрөө байрыг 2,000,000 төгрөгөөр засна гэсэн ханштай байдаг юм байна лээ. Дээр нь манай байрын коридорыг 2,000,000 төгрөгөөр засварлана гэж хэлсэн. Тэгээд нийт 7,000,000 төгрөгөөр засвар хийхээр болоод засвар хийлгэсэн. Тухайн байранд засвар хийж байж л зарахгүй бол байрны үнэ буурах гээд байсан, тэгээд яах аргагүй засвар хийгээд 42,600,000 төгрөгт зарсан. Би засварын зардлыг бодит байдал дээр тулгуурлан гаргасан. Засвар хийлгэсэн хөлс нь 2,000,000 төгрөг, материал нь 1,115,000 төгрөг, 2 байрны коридорыг 2,000,000 төгрөгөөр хийлгэсэн, тэгээд 1,000,000 төгрөгөөр нь хуваасан. Тухайн үед Р.******* халаалтын хөлс болох 74,400 төгрөгийг төлөөгүй байсан. Улиастай хоршоонд халаалтын үнэ гэж 74,400 төгрөгийг төлсөн. Мөн Р.******* 6 жилийн хугацаанд тухайн байранд амьдарсан, энэ хугацаанд миний данс руу эхний ээлжид 9,000,000 төгрөг дараа нь 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Би 9,000,000 төгрөгийг нь ажилчдын цалин гээд тараасан. 1,000,000 төгрөгөөр нь барилгын материал авсан. Би Р.*******ы өгсөн 10,000,000 төгрөгийг өөрийн хувийн хэрэгцээндээ зарцуулаагүй. Тухайн байрыг засвар хийгээд зарахад 8,000,000 төгрөгийн зөрүүтэй зарагдсан. Энэ нь бид хоёрт маш их хохиролтой байсан. Яагаад вэ гэхээр бид хоёр 2013 оноос хойш банкны их хэмжээний зээлтэй байсан. Энэ хугацаанд бид хоёр тухайн байрыг зарагдах боломжтой байхад нь зарсан бол ******* байрны урьдчилгаанд өгсөн мөнгөө нэхэмжлэх боломжтой байсан. Тухайн байранд 6 жил амьдарчхаад нэг ч төгрөг төлөөгүй, мөн байранд засвар хийсэн учраас энэ нь бид нарын хувьд хохиролтой байсан. Тийм учраас тухайн байрыг зарахад 12,680,000 төгрөгийн бодит хохирол учирсан учраас миний данс руу Р.*******ы шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг өгөх боломжгүй. Р.*******ы шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг юу юунд зарцуулсан талаарх баримтыг хэрэгт хавсаргаж өгсөн байгаа. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Анхан шатны шүүх:  

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.7, 228 дугаар зүйлийн 228.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг тус тус баримтлан хариуцагч Г.*******ээс 6,840,340 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 198950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 124395 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж шийдвэрлэжээ. 

Хариуцагч Г.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Миний бие Г.******* Р.*******ы нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцсон бөгөөд Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 551 дугаартай шийдвэрийг 09 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш хөөцөлдсөөр 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хэргийн материалаас хурлын тэмдэглэлтэй танилцаж чадалгүй өдий хүрлээ.

Би анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр болж чадаагүй гэж үзэн эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

1. Р.*******ы нэхэмжилсэн байрны урьдчилгаа болх 11.500.000 төгрөг нь Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 279 дугаартай Хариуцагч нэхэмжлэлийн зарим шаардлагыг биелүүлж, нэхэмжлэгч үлдсэн шаардлагаасаа мөн сөрөг нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар Р.******* нь байрны урьдчилгаа болох 11.500.000 төгрөг гаргуулах гэсэн шаардлагаа татан авсныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохоор шийдвэрлэсэн./ХМ-ийн 184-187 дугаар хуудас/

Гэтэл Ш.Одонзул шүүгч өөрөө дээрх захирамжийг гаргачхаад Р.*******д Г.*******ээс байрны урьдчилгаа 11.500.000 төгрөгөө нэхэмжил гэж зөвлөснөөр Р.******* нь анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэх эрхгүй болсон асуудлаар өөрөөр хэлбэл шийдэгдсэн хэргээр дахин нэхэмжлэл гарган түүнийг нь шүүгч Т.******* нь авч хэлэлцээд надаас 6.840.340 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь илт буруу шийдвэр гэж үзэж байна. Мөн энэ талаар би анхан шатны шүүх хурал дээр яагаад шийдвэрлэгдсэн хэрэг буюу анхан шатанд нэхэмжлэх эрхгүй асуудлыг шийдээд байгаа юм бэ гэхэд шүүгч Т.******* нь зохигчид гэдэгт сөрөг нэхэмжлэгч ордоггүй гэж хуулийг илт гуйвуулж худлаа тайлбарласан. Мөн энэ талаар дүгнэж бичээгүй орхигдуулсан нь үндэслэл бүхий шийдвэр болж чадахгүй байна.

2. Р.*******ы нэхэмжилсэн байрны урьдчилгаа болох 11.500.000 төгрөгийн 10.000.000 төгрөг нь л миний дансанд орж түүнийг нь ажилчдын цалин бараа материалд зарцуулсныг Р.******* гуай өөрөө нотолж байгаа бөгөөд энэ талаарх нотлох баримтууд байгаад байхад Г.******* надаас гаргуулж байгаа нь үндэслэлгүй юм.

3. Би ******* гуайтай худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй байхад шүүгч үндэслэх хэсэгтээ...улмаар 203 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж уг гэрээгээр Г.******* нь Завхан аймгийн Улиастай сумын багийн айлын орон сууцны 13 тоот 46 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 56.600.000 төгрөгөөр худалдахаар Р.******* нь урьдчилгаа 11.500.000 төгрөгийг дансанд байршуулж, үлдэх 39.100.000 төгрөгийн төлбөрийг банкнаас зээл авах байдлаар байрны төлбөрийг төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ. Дээрхээс дүгнэхэд ... гэж заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд нэхэмжлэгч Р.******* орон сууцыг хүлээн авснаар хариуцагч Г.******* гэрээний үүргээ биелүүлсэн байна гэж хэргийн материалд байхгүй ор үндэсгүй зүйлийг үндэслэж байгаа нь зориудаар хүн гүтгэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Би Р.*******тай ямар ч худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй.

4. Р.******* тус байранд ороод бүтэн 6 жил амьдраад байрыг их засвар хийхээс аргагүй болгоод гарсан байхад байрыг зарахын тулд 4.115.260 төгрөгийн засвар хийлгэсэн бөгөөд Р.*******ы халаалтыг төлөгдөөгүй өр 74.400 төгрөг, нийт 4.189.660 төгрөг гарсан бөгөөд бүх баримт байхад үлдсэн 1.030.000 төгрөгийг яагаад хассанаа огт дүгнээгүй.

5. 2013 онд Улиастайд шинээд баригдсан орон сууц байгаагүй,. Эрэлт хэрэгцээ их байсан бөгөөд Р.******* тус байрыг 50.600.000 төгрөгөөр авна гэж байрны урьдчилгаанд 11.500.000 төлөөд 2019 оны 05 дугаар сар хүртэл бүтэн 6 жил байранд амьдарч ашиг шимийг нь хүртсэн байдаг. Тэгвэл 2019 онд шинээр маш олон орон сууц баригдсан бөгөөд тус орон сууц нь хуучин орон сууцны үнээр буюу зах зээлийн үнээр 42.500.000 төгрөгөөр зарж борлуулсан бөгөөд 8.100.000 төгрөгөөр үнэ нь буурч зарагдсан. Гэтэл шүүгч дүгнэхдээ 6 жилийн өмнөх үнээр нь үнэлээд байрны үнэ буурсан нь *******ы буруугаас болоогүй гэж дүгнэж байгаа нь бодит байдалд нийцүүлээгүй нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн 551 тоот шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Давж заалдах шатны шүүхэд өөрийн биеэр оролцож дэлгэрэнгүй тайлбар хийнэ гэжээ. 

Нэхэмжлэгч Р.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би анх 2013 онд тухайн байрны 2 давхарт нь хүүхдийнхээ хамт амьдардаг байсан. Уг 4 хүн бүгдээрээ надаас та ажил хийдэг хүн байна. Танд зээл олдоно 10 сая төгрөгийн урьдчилгаа өгөөд энэ байрыг минь аваач гэсээр байгаад өгсөн. Тухайн үед 03 дугаар сарын сүүлээр 8 хувийн хүүтэй зээл танд гаргаж өгье гэж Г.******* хэлсэн. Тэгээд миний хувьд тэтгэвэрт гарах хугацаа минь болчихсон байсан учраас надад зээл олдохгүй юм байна. Энэ байрыг чинь буцааж өгье надад урьдчилгаанд өгсөн мөнгөө авъя гэж хэлсэн. Тухайн 4 хүн хоорондоо маргалдаж явсаар байгаад 2015 он болсон юм. Тэр үед Эхлэлт шүүгчийн өрөөнд тухайн 4 хүн хоорондоо муудалцаад байж байхад нь байрыг чинь буцааж өгөөд мөнгөө буцааж авъя гэж хэлэхэд Г.*******, Ш.******* энэ хоёр араас гарч ирээд та зүгээр наад байрандаа байж бай энэ хэргийг шийдэгдтэл таныг хөөсөн зүйл байхгүй гэж хэлж байсан. Тэгээд 2018 онд Г.*******, Ш.******* нар манайд орж ирээд та байр сулла гэхэд нь би өгсөн мөнгөө буцааж авмаар байна гэж хэлсэн. Тэр үед би тухайн байрыг суллачихсан байхад орж ирээд та цагаан сараа тэмдэглэ гэж хэлж байсан. Тэгээд удалгүй Ш.Одонзул шүүгчийн өрөөнд Ш.******* бид хоёрыг хоорондоо эвлэрээдэх гэхэд нь би 2019 оны 06 дугаар сард 10 сая төгрөгийг өгөөд, 2020 оны 06 дугаар сард үлдэгдэл мөнгийг өгье гээд Ш.*******тэй эвлэрэх гэж үзсэн. Тэгээд сүүлдээ Ш.******* би танаас мөнгө аваагүй та Г.*******т л мөнгө өгсөн гэж хэлсэн. Тэгэхээр нь би та хоёр чинь эхнэр нөхөр хоёр юм байгаа биздээ гэхэд. Үгүй эхнэр нөхөр хоёр мөн ч бид хоёр тус тусдаа данстай та Г.*******ээс л мөнгөө ав гэж хэлсэн. Мөн тухайн байр нь 4 сая төгрөгийн засвар орохоор хэмжээний болгоогүй байсан. Тухайн байранд чердак, обой сольсон байдаг. Тэгэхээр нь би шүүхэд шинжээч томилоод өгөөч Ш.******* маш их засвар хийнэ гээд байна гэж 2 удаа хүсэлт гаргасан. Гэтэл одоо болтол нэг ч шинжээч ирээгүй. Тэгээд тухайн байранд зээ охиноо үлдээгээд гудамжинд явж байсан чинь нөгөө зээ охин маань уйлаад манайд 1 хүн орж ирээд хаалганы цоож солиод байна гэж утсаар хэлсэн. Тэгээд яваад очиход Г.*******, Ш.******* 2 манай байрны цоожны голыг солиод байж байсан. Тэгэхээр нь би та 2 яаж байгаа юм бэ? шүүхийн шийдвэр гарахаар ингэж солихгүй байсан юм уу? гэхэд. Үгүй засвараа хийх гэж байна гээд танихгүй 2 хүнтэй нийлээд энэ 4 хүн байж байгаад намайг манай гэрээс шууд хөөгөөд гаргасан. Г.*******, Ш.******* энэ хоёр 7 байр зарсан байж ашиг олоогүй алдагдалтай гэдэг тайлбар нь үндэслэлгүй юм. Иймд надад Г.*******ээс 11.500.000 төгрөгөө гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэв. 

Хариуцагч Г.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Р.*******ы нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байна. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 551 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байгаа. Би анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр болж чадаагүй гэж үзэн эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Р.*******ы нэхэмжилсэн байрны урьдчилгаа болох 11.500.000 төгрөг нь Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 279 тоот хариуцагч нэхэмжлэгчийн зарим шаардлагыг биелүүлж, нэхэмжлэгч үлдсэн шаардлагаасаа татгалзсаныг, мөн сөрөг нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар Р.******* нь байрны урьдчилгаа болох 11.500.000 төгрөг гаргуулах гэсэн шаардлагаа татан авсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохоор шийдвэрлэсэн. Энэ нь хавтаст хэргийн 184-187 дугаар хуудаст байгаа. Гэтэл Ш.Одонзул шүүгч өөрөө дээрх захирамжийг гаргачхаад Р.*******д Г.*******ээс байрны урьдчилгаа 11.500.000 төгрөгөө нэхэмжил гэж зөвлөснөөр Р.******* нь анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэх эрхгүй болсон асуудлаар өөрөөр хэлбэл шийдэгдсэн хэргээр дахин нэхэмжлэл гарган түүнийг нь шүүгч Т.******* нь авч хэлэлцээд надаас 6.840.340 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь илт буруу шийдвэр гэж үзэж байна. Мөн энэ талаар би анхан шатны шүүх хурал дээр яагаад шийдвэрлэгдсэн хэрэг буюу анхан шатанд нэхэмжлэх эрхгүй асуудлыг шийдээд байгаа юм бэ гэхэд шүүгч Т.******* нь зохигчид гэдэгт сөрөг нэхэмжлэгч ордоггүй гэж хуулийг илт гуйвуулж худлаа тайлбарласан. Мөн энэ талаар дүгнэж бичээгүй орхигдуулсан нь үндэслэл бүхий шийдвэр болж чадахгүй байна. Р.*******ы нэхэмжилсэн байрны урьдчилгаа болох 11.500.000 төгрөгийн 10.000.000 төгрөг нь л миний дансанд орж түүнийг нь ажилчдын цалин бараа материалд зарцуулсныг Р.******* гуай өөрөө нотолж байгаа бөгөөд энэ талаарх нотлох баримтууд байгаад байхад Г.******* надаас гаргуулж байгаа нь үндэслэлгүй юм. Би ******* гуайтай худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй байхад шүүгч үндэслэх хэсэгтээ...улмаар 203 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж уг гэрээгээр Г.******* нь Завхан аймгийн Улиастай сумын багийн айлын орон сууцны 13 тоот 46 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 56.600.000 төгрөгөөр худалдахаар Р.******* нь урьдчилгаа 11.500.000 төгрөгийг дансанд байршуулж, үлдэх 39.100.000 төгрөгийн төлбөрийг банкнаас зээл авах байдлаар байрны төлбөрийг төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ. Дээрхээс дүгнэхэд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд нэхэмжлэгч Р.******* орон сууцыг хүлээн авснаар хариуцагч Г.******* гэрээний үүргээ биелүүлсэн байна гэж хэргийн материалд байхгүй ор үндэсгүй зүйлийг үндэслэж байгаа нь зориудаар хүн гүтгэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Би Р.*******тай ямар ч худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй. Р.******* тус байранд ороод бүтэн 6 жил амьдраад байрыг их засвар хийхээс аргагүй болгоод гарсан байхад байрыг зарахын тулд 4.115.260 төгрөгийн засвар хийлгэсэн бөгөөд Р.*******ы халаалтыг төлөгдөөгүй өр 74.400 төгрөг, нийт 4.189.660 төгрөг гарсан бөгөөд бүх баримт байхад үлдсэн 1.030.000 төгрөгийг яагаад хассанаа огт дүгнээгүй. 2013 онд Улиастайд шинээд баригдсан орон сууц байгаагүй,. Эрэлт хэрэгцээ их байсан бөгөөд Р.******* тус байрыг 50.600.000 төгрөгөөр авна гэж байрны урьдчилгаанд 11.500.000 төлөөд 2019 оны 05 дугаар сар хүртэл бүтэн 6 жил байранд амьдарч ашиг шимийг нь хүртсэн байдаг. Тэгвэл 2019 онд шинээр маш олон орон сууц баригдсан бөгөөд тус орон сууц нь хуучин орон сууцны үнээр буюу зах зээлийн үнээр 42.500.000 төгрөгөөр зарж борлуулсан бөгөөд 8.100.000 төгрөгөөр үнэ нь буурч зарагдсан. Гэтэл шүүгч дүгнэхдээ 6 жилийн өмнөх үнээр нь үнэлээд байрны үнэ буурсан нь Р.*******ы буруугаас болоогүй гэж дүгнэж байгаа нь бодит байдалд нийцүүлээгүй нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн 551 тоот шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р.******* нь хариуцагч Г.*******т холбогдуулан худалдах худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 11.500.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. 

Анхан шатны шүүх хариуцагч Г.*******ээс 6.840.340 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Р.*******д олгохоор тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1500.000 төгрөгийг хасч, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй боловч тооцооллын алдаа гаргасан байх тул шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв. 

Хэрэгт авагдсан баримтуудаар талууд 2013 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Г.******* нь Завхан аймгийн Улиастай сумын баг айлын орон сууцны 13 тоот, 46 м кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 56.600.000 төгрөгөөр худалдахаар, Р. ******* нь байрны урьдчилгаанд 10.000.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 39.100.000 төгрөгийн төлбөрийг дараа барагдуулахаар тохирсон боловч байрны үлдэгдэл төлбөрийг төлөөгүй гэдэг үндэслэлээр Г.******* гэрээнээс татгалзаж, З.*******ы эзэмшилд шилжүүлсэн байраа буцаан авсан үйл баримт тогтоогдсон байна, талууд энэ талаар маргаагүй байна. 

Харин хариуцагч Г.******* нь нэхэмжлэгч Р.******* нь тухайн байрыг худалдаж авна гэж байранд 6 жил үнэ төлбөргүй амьдарсан, мөн уг байрыг зарахын тулд 4.115.000 төгрөгийн засвар хийсэн, мөн хямд үнээр зарж алдагдалд орсон учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Маргааны үйл баримтаас харахад зохигчийн хооронд худалдах худалдан авах гэрээний нэг тал гэрээнээс татгалзсанаас үүдэлтэй маргаан үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй

Мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.7 дахь хэсэгт дээрх үүргийг гэрээний талууд биечлэн нэгэн зэрэг гүйцэтгэхээр зохицуулсан байна. 

Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч Р.******* нь байрыг Г.*******т буцаан өгсөн, харин Р.*******ы байрны урьдчилгаанд шилжүүлсэн 10.000.000 төгрөгийг Г.******* буцааж өгөөгүй үйл баримт тогтоогдож байгаа учраас Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.7 дахь хэсэгт зааснаар Г.******* 10.000.000 төгрөгийг З.*******д буцаан өгөх үүрэгтэй, Р.******* буцаан шаардах эрхтэй байна.  

Хариуцагчийн татгалзлын тухайд, Нэхэмжлэгч Р.******* нь байрыг худалдан авахаар тохирч урьдчилгаанд 10.000.000 төгрөгийг төлсний үндсэн дээр уг байранд оршин сууж байсан учраас түүнийг Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар шударга эзэмшигч гэж үзэхээр байна. 

Шударга эзэмшигч нь эд хөрөнгийг шударгаар эзэмшиж байх хугацаанд тухайн байранд түрээс төлөхөөр харилцан тохиролцоогүй тохиолдолд түрээсийн төлбөр, хөлс төлөх үүрэг хүлээхгүй.  

Харин Р.******* нь байрыг шударгаар эзэмшиж байх хугацаанд байрыг ердийн элэгдэл, хорогдлоос гадуур гэмтээсэн, муутгасан, дутаасан, устгасан тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2, 205 дугаар зүйлийн 205.2.3 дахь хэсэгт зааснаар түүний үнийг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй байна. 

Хэрэгт авагдсан баримтуудаас харахад нэхэмжлэгч Р.******* нь 2013 онд шинэ байрыг худалдан авах зорилготойгоор 6 жил амьдарсан байх бөгөөд нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрэл зургуудаас харахад уг байрыг ердийн элэгдэл хорогдлоос гадуур муутгасан нөхцөл байдал тогтоогдож байна. 

Анхан шатны шүүх хариуцагч Г.******* тухайн байрыг буцаан авч түүнд засвар хийхэд 3.159.660 төгрөгийн зардал гарсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэж, уг засварын зардлыг нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 10.000.000 төгрөгөөс хасч тооцсон нь Иргэний хуулийн 238.4, 205.2, 205.2.3, дахь хэсэгт заасантай нийцсэн байна. 

Түүнчлэн хариуцагч Г.******* нь нэхэмжлэгч Р.******* нь өмнө нь энэ талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлээ татан авсныг шүүх шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсан тул энэ талаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэж шийдвэртээ дурдсан мөртлөө дахин нэхэмжлэл гаргасныг хүлээн авч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэжээ. 

Нэхэмжлэгч Р.******* нь 2019 онд Ш.*******ийн нэхэмжлэлтэй хэрэгт Ш.*******эд холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргасан ба энэ нэхэмжлэлээ татан авсан нь Г.*******т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг дахин гаргахад хамааралгүй, нөгөө талаар Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авах эрхтэй бөгөөд анхан шатны шүүх дээрх эрхийг шийдвэрт дурдаагүй нь нэхэмжлэгч нэхэмжлэл дахин гаргах эрхийг хаах боломжгүй бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна. 

Иймд хариуцагч Г.*******ийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 551 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн  1 дэх заалтын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэдгийг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4.659.660 төгрөг гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Г.*******ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Монгол улсын Иргэний Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 198950 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ

Б.АРИУНБАЯР