Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 140/ШШ2020/00626

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.*******, нэхэмжлэгч Д.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Д.*******гийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн *******д холбогдох ажилгүй байсан хугацааны олговор 3,596,616 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн ******* овогт *******гийн ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Завхан аймгийн Засаг даргын А/449 дугаартай захирамжаар ажлаасаа чөлөөлөгдсөн, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шат, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 331 дугаартай тогтоолыг хэрэгжүүлж, Завхан аймгийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Б/18 дугаартай захирамжаар биеийн тамир, спортын газрын даргаар томилогдсон. 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажлаасаа чөлөөлөгдсөнөөс хойш Завхан аймаг дахь Захиргааны хэргийн ахнхан шатны шүүх, Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалин, НДШ, ЭМД-ын шимтгэлээ тогтоолгосон боловч одоогоор аваагүй байна. Энэ хугацаанд төрөөс цалин хөлсийг нэмэгдүүлсэн тул миний бие одоог хүртэл хохирсоор явна.

Иймд 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин, НДШ, ЭМД-ийг 2020 оны 1 дүгээр сарын 01-нээс мөрдөж буй хууль тогтоомжийн дагуу, /Миний 6 сард авсан, үндсэн цалин 1045653 төгрөг, бусад нэмэгдэлтэй 1773784 төгрөг, жинхэнэ олгосон 1426819 төгрөг байгаа тул үүнийг үндэслэж/ тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Э.******* миний бие Завхан аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд аймгийн *******д холбогдох нэхэмжлэлтэй ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн тухай маргаантай Иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжилсэн төлөөлөгчөөр оролцож байна.

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 331 дугаартай тогтоолыг 2020 оны 4 дүгээр сарын 28-нд хүлээн авсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 135.1 дэх заалтад заасны дагуу мөн хуулийн 127.1 дэх хэсэгт заасан хугацаанд буюу 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Б/18 дугаар захирамж гарган шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би дээд шатны шүүхийн шийдвэрийн дагуу ажлаа хүлээж аваад ажлаа хийж байна. 2020 оны 03 сарын 19-ний өдрөөс 2020 оны 06 сарын 03-ны өдрийн хоорондох ажилгүй байсан хугацааныхаа цалин хөлсийг нэхэмжилсэн. Нийт ажлын 54 хоногийн цалин хөлс байгаа. Үүнээс өмнөх цалин хөлсөө шүүхээр тогтоолгосон учраас 54 хоногийн хөдөлмөрийн хөлс болох өдрийн 66.640 төгрөгийг 54 хоногтоо үржээд 3.596.616 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү. Мөн намайг шүүхийн шийдвэрийн дагуу ажилд томилсон, томилсноос хойшхи 2020 оны 3 сарын 19-нийг өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсийг шүүхээр шийдвэрлүүлсэн. Тэр шүүхийн шийдвэр өнөөдрийг хүртэл биелэгдээгүй байгаа. Би шүүхийн шийдвэрийн дагуу аймгийн Засаг даргын тамгын газрын даргатай 2 удаа уулзахад танд гаргаж өгнө л гэдэг, аймгийн *******тай уулзахад аймгийн ******* таны мөнгө төгрөгийг сонгуулиас өмнө 2020 оны 06 сарын 24-ний өдрөөс өмнө шийднэ гэж хэлчхээд өдийг хүртэл шийдвэрлээгүй байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай би 14 хоноод нэг уулздаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага таны мөнгийг шийдвэрлэсэн, өгөх гэж байгаа гэж хэлдэг. Мөн 2020 оны 03 сарын 19-ний өдрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хүлээж авахгүй байгаа яагаад вэ гэхээр таны өмнөх шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж байж авъя гээд авахгүй байгаа. Үүнээс Монгол улсын шүүхийн шийдсэн асуудлыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага биелүүлэхгүй байгаад би гомдолтой байгаа гэв. 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгс Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З шатны Захиргааны хэргийн шүүхээр ******* ажилдаа эгүүлэн томилогдсон. Дээд шүүхийн шийдвэрийн дагуу *******г ажилд нь эгүүлэн томилсон тушаал гаргасан. Өмнө ажилгүй байсан хугацааны цалин, тэтгэмж дэвтрүүдийн бичилтийн асуудал нь өмнөх шүүхийн шийдвэрээр шийдэгдсэн. Манай тал хуулийн дагуу үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж байгаа. Энэ талаар шүүхэд гаргасан тайлбар дээрээ тодорхой бичсэн байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:

Д.******* нь Завхан аймгийн *******д холбогдуулан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Харин хариуцагч тал Д.*******г Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 135.1 дэх заалтад заасны дагуу мөн хуулийн 127.1 дэх хэсэгт заасан хугацаанд буюу 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Б/18 дугаар захирамж гарган шүүхийн шийдвэрийг биелүүлсэн учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргаж байна.

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 59 дугаартай шийдвэрээр ...Д.*******г Завхан аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж, цалин хөлстэй тэнцэх олговорт 4,456,098 төгрөг гаргуулж Д.*******д олгох-оор шийдвэрлэсэн байх бөгөөд уг шүүхийн шийдвэрийг хариуцагч байгуулалагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 221/МА2017/0794 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Улмаар Завхан аймгийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Б/18 дугаартай захирамжаар нэхэмжлэгч Д.*******г 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын ажилд эгүүлэн томилсон байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ...ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг олгоно... гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Д.******* нь 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд ажилгүй байсан байх тул түүнд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2,455,808 төгрөгийг хариуацгчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг түүний 000259930 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн 2017 онд бичилт хийгдсэн сүүлийн 3 сарын байдлаар авч үзвэл 2017 оны 6 сард 1001973 төгрөг, 7 сард 960664 төгрөг, 8 сард 968264 төгрөгийн цалинг авч байсан бөгөөд үүнийг ажилгүй байсан 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаагаар тооцоход нийт ажлын 53 өдрийн олговрыг тооцож олгох нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгч Д.******* нь 2020 оны 1 дүгээр сарын 01-нээс мөрдөж буй хууль тогтоомжийн дагуу, миний 6 сард авсан үндсэн цалин 1045653 төгрөг, бусад нэмэгдэлтэй 1773784 төгрөг, жинхэнэ олгосон 1426819 төгрөг байгаа тул үүнийг үндэслэж ажилгүй байсан хугацааны цалинг тогтоолгохыг хүссэн боловч түүний 2010 онд нээлгэсэн 000259930 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт дээрх сүүлийн 3 сарын бичилт хийгдээгүй, тасалдсан байгаа учир түүнд 2017 онд бичилт хийгдсэн байдлыг харгалзаж үзэж ажилгүй байсан хугацааны олговрыг тооцохдоо Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан дундаж цалин хөлс тооцох журмын дагуу дээрх 3 сарын цалин хөлс нийт 2,930,901 төгрөгийн дунджаас ажлын нэг өдрийн цалин хөлсийг бодож ажилгүй байсан нийт хугацаа болох 53 хоногоор тооцон нийт 2,455,808 төгрөгийг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас гаргаж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1,140,808 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

Түүнчлэн мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу нэхэмжлэгчид олгох 6,906,880 төгрөгнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, бусад холбогдох шимтгэлүүдийг суутган холбогдох санд төлж нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч байгууллагын санхүүд үүрэг болгох нь зүйтэй.  

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагч байгууллагаас 54243 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзээд  

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.2, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас ажилгүй байсан хугацааны олговор 2,455,808 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,140,808 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай.  

2. Нэхэмжлэгчид олгох нөхөх олговор 2,455,808 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэхийг Завхан аймгийн Засаг даргын т даалгасугай.  

3. Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн ажиллуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 6О дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас 54243 төгрөгийг гаргаж улсын төсвийн орлогод оруулсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ