Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2021/00907

 

 

                                                       Д.Ч-ийн нэхэмжлэлтэй

                                              иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Цагаанцоож даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 05ы өдрийн 626 дугаар шийдвэр,

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 205/МА2020/00036 дугаар 

магадлалтай,

Д.Ч-ийн нэхэмжлэлтэй,

Завхан аймгийн Засаг даргад холбогдох

2020.03.19-ний өдрөөс 2020.06.03-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3,596,616 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Гомбодоржийн хяналтын журмаар гаргасан гомдлоор 

Шүүгч С.Соёмбо-Эрдэнэ илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2018.11.01-ний өдрийн Завхан аймгийн Засаг даргын А/449 дугаартай захирамжаар ажлаасаа чөлөөлөгдсөн. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019.03.25-ны өдрийн 06 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шат, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019.10.21-ний өдрийн 331 дугаартай тогтоолыг хэрэгжүүлж, Завхан аймгийн Засаг даргын 2020.05.28-ны өдрийн Б/18 дугаартай захирамжаар Биеийн тамир, спортын газрын даргаар томилогдсон. 2018.11.01-ний өдөр ажлаасаа чөлөөлөгдсөнөөс хойш Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалин, НДШ, ЭМД-ын шимтгэлээ тогтоолгосон боловч одоогоор аваагүй байна. Энэ хугацаанд төрөөс цалин хөлсийг нэмэгдүүлсэн тул миний бие одоог хүртэл хохирсоор явна. Би дээд шатны шүүхийн шийдвэрийн дагуу ажлаа хүлээж аваад ажлаа хийж байна. 2020.03.19-ний өдрөөс 2020.06.03-ны өдрийн хоорондох ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжилсэн. Нийт ажлын 54 хоногийн цалин хөлс байгаа. Үүнээс өмнөх цалин хөлсөө шүүхээр тогтоолгосон учраас 54 хоногийн хөдөлмөрийн хөлс болох өдрийн 66,640 төгрөгийг 54 хоногоор тоцоход 596,616 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү. Мөн намайг шүүхийн шийдвэрийн дагуу ажилд томилсон, томилсноос хойших 2020.03.19-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсийг шүүхээр шийдвэрлүүлсэн. Тэр шүүхийн шийдвэр өнөөдрийг хүртэл биелэгдээгүй байгаа. Би шүүхийн шийдвэрийн дагуу аймгийн Засаг даргын тамгын газрын даргатай 2 удаа уулзахад танд гаргаж өгнө л гэдэг, аймгийн Засаг даргатай уулзахад аймгийн Засаг дарга таны мөнгө төгрөгийг сонгуулиас өмнө 2020.06.24-ний өдрөөс өмнө шийднэ гэж хэлчхээд өдийг хүртэл шийдвэрлээгүй байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай би 14 хоноод нэг уулздаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага таны мөнгийг шийдвэрлэсэн, өгөх гэж байгаа гэж хэлдэг. Мөн 2020.03.19-ний өдрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хүлээж авахгүй байгаа яагаад вэ гэхээр таны өмнөх шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж байж авъя гээд авахгүй байгаа. Үүнээс Монгол Улсын шүүхийн шийдсэн асуудлыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага биелүүлэхгүй байгаад би гомдолтой байгаа. З шатны Захиргааны хэргийн шүүхээр Чойжилсүрэн ажилдаа эгүүлэн томилогдсон. Иймд 2020.03.19-ний өдрөөс 2020.06.03-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин, НДШ, ЭМД-ийг 2020.01.01-ний өдрөөс мөрдөж буй хууль тогтоомжийн дагуу, миний 6 сард авсан, үндсэн цалин 1,045,653 төгрөг, бусад нэмэгдэлтэй 1,773,784 төгрөг, жинхэнэ олгосон 1,426,819 төгрөг байгаа тул үүнийг үндэслэж тогтоож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Гомбодорж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Гомбодорж миний бие Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд аймгийн Засаг даргад холбогдох нэхэмжлэлтэй ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн тухай маргаантай Иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжилсэн төлөөлөгчөөр оролцож байна. Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019.10.21-ний өдрийн 331 дугаартай тогтоолыг 2020.04.28-нд хүлээн авсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 135.1 заасны дагуу мөн хуулийн 127.1 заасан хугацаанд буюу 2020.05.28-ны өдрийн Б/18 дугаар захирамж гарган шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05ы өдрийн 626 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 зааснаар хариуцагч байгууллагаас ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2,455,808 төгрөгийг гаргуулан П.Чойжилсүрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,140,808 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчид олгох нөхөх олговор 2,455,808 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэхийг Завхан аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 зааснаар хариуцагч байгууллагаас 54,243 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 205/МА2020/00036 дугаар магадлалаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05ы өдрийн 626 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Гомбодорж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Шийдвэрийн үндэслэх хэсэгт “Д.Ч-г 2020.05.28-ны өдрийн Б/18 дугаартай захирамжаар томилсон байна” гэсэн бөгөөд уг захирамжийг хугацаа хоцорч гаргасан гэж ямар нэгэн нотлох баримтаар нотлоогүй нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019.10.21-ний өдрийн 331 дугаартай тоггоолыг 2020.04.28-ны өдөр хүлээн авсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д заасны дагуу мөн хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасан хугацаанд буюу 2020.05.28-ны өдрийн Б/18 дугаар захирамж гарган шүүхийн шийдвэрийг биелүүлсэн болно. Иймд дээрх үндэслэлийг харгалзан үзэлгүйгээр анхан шатны шүүх шийдвэр гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Д.Ч Завхан аймгийн Засаг даргад холбогдуулан 2020.03.19-ний өдрөөс 2020.06.03-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3,596,616 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хоёр шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргаантай харилцааг үндэслэл бүхий тодорхойлж, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэн хэрэгт байгаа баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-40.3, 116 дугаар зүйлийн 116.3. дахь заалтад нийцсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо “...Д.Ч-г 2020.05.28-ны өдрийн Б/18 дугаартай захирамжаар томилсон ба уг захирамжийг хугацаа хоцорч гаргасан гэж ямар нэгэн нотлох баримтаар нотлоогүй нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна, ...шүүхийн шийдвэрийг биелүүлсэн, ...нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн гомдлыг гаргажээ.

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.09.06-ны өдрийн 59 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.11.09-ний өдрийн 221/МА2017/0794 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019.10.21-ний өдрийн 331 дүгээр тогтоолоор Д.Ч-г Завхан аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагчаас урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулахаар шийдвэрлэжээ.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа ажилтан ажлаас буруу халагдсан үйл баримтыг болон урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрын хэмжээг тогтоогдсон гэж үзэн дахин нотлохгүй бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т нийцнэ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.-т зааснаар ажил олгогч ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар түүнд урьд авч байсан дундаж цалин хөлсийг ажилгүй байсан бүх хугацаагаар тооцон олгох үүрэгтэй юм.

Завхан аймгийн Засаг даргын 2020.05.28-ны өдрийн Б/18 дугаартай захирамжаар 2020.06.03-ны өдрөөс эхлэн нэхэжлэгчийг аймгийн Биеийн тамир, Спортын газрын даргын ажилд эгүүлэн тогтоосон байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үндэслэж, Завхан аймгийн Засаг дарга Д.Ч-г урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь 2020.06.03-ны өдрөөс эхлэн ажилд эгүүлэн тогтоосон байх бөгөөд Д.Ч 2020.06.30-ны өдөр шүүхэд 2020.03.19-ний өдрөөс 2020.06.03-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3,596,616 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “...ажилгүй байсан бүх хугацаа...” гэдгийг ажилтны урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох хүртэл хугацааг ойлгоно.

Монгол Улсын Засгийн газрын 2019.12.25-ны өдрийн 472 дугаартай “Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоол, түүний хавсралтаар Д.Ч-ийн урьд эрхэлж байсан ажил, албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг 2020.01.01-ний өдрөөс эхлэн шинэчлэн баталсан байхад шүүх нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт 2017 онд бичилт хийгдсэн байдлыг харгалзан үзэж ажилгүй байсан хугацааны олговрыг тооцсон нь учир дутагдалтай болжээ.

Д.Ч дээрх байдлын талаар давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын дагуу шийдвэрийг хөндөх шаардлагагүй болно.

Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн ажлаа эрхлээгүй хугацаан дахь буюу энэхүү шийдвэрээр гаргуулж шийдвэрлэсэн цалин хөлснөөс зохих суутгал хийж, эрх бүхий байгууллагаар баталгаажуулж дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасантай нийцжээ.

Харин анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагчийг нэрлэн зааж бичээгүй, Д.Ч-ийн эцгийн нэрний эхний үсгийг буруу бичсэнийг давж заалдах шатны шүүх зөвтгөөгүй нь буруу.                                          

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 205/МА2020/00036 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг, Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн          2020 оны 10 дугаар сарын 05ы өдрийн 626 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн “..МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ..” гэснийг “...ИРГЭНИЙ..” гэж.,  1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Завхан аймгийн засаг даргын тамгын газраас урьд авч байсан хугацааны олговор 2,455,808 төгрөгийг гаргуулж Д.Ч-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,140,808 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж., 2 дахь заалтыг “Хөдөлмөрийн тухайн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар урьд авч байсан хугацааны олговор 2,455,808 төгрөгөөс Д.Ч-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан журмын дагуу суутган дэвтэрт бичилт хийж, баталгаажуулахыг Завхан аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгасугай.” гэж,

3 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Завхан аймгийн Засаг даргын Тамгын газраас 54,243 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай. ...” гэж тус тус өөрчлөн шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.   

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ЦАГААНЦООЖ    

          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               Г.АЛТАНЧИМЭГ               

                               ШҮҮГЧИД                               Б.МӨНХТУЯА

                                                                               С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                                                                               Б.УНДРАХ