| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Золзаяа |
| Хэргийн индекс | 183/2019/00692/И |
| Дугаар | 001/ХТ2025/00142 |
| Огноо | 2025-09-30 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 001/ХТ2025/00142
“Т” ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Батчимэг, Н.Баярмаа, Э.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/00808 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2025/00712 дугаар магадлалтай,
“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй
С.Б, Н.Б, Н.Б нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 357,399,686 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Лын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ла, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, Ч.Г, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б, хариуцагчийн өмгөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч С.Б, Н.Б, Н.Б нарт холбогдуулан зээлдэгч Г.Бтай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 357,399,686 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.
2. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/00808 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 535 дугаар зүйлийн 535.1, 535.2-д заасныг баримтлан хариуцагч С.Бээс 11,333,333 /арван нэгэн сая гурван зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөг, хариуцагч Н.Баас 11,333,333 /арван нэгэн сая гурван зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөг, хариуцагч Н.Бээс 11,333,333 /арван нэгэн сая гурван зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 323,399,687 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хаягт байрлалтай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Т” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,863,652 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Б, Н.Б, Н.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 327,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Т” ХХК-нд олгож шийдвэрлэсэн.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2025/00712 дугаар магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/00808 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн нийт 1,774,949 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ла хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.4-т заасан үндэслэлээр гомдол гаргаж байна. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүний нэг шүүгч тусгай санал гаргасан нь шүүх хурлын тэмдэглэлд тусгагдсан болохыг дурдав.
Нэг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.4-т заасан “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэж заасны дагуу гаргасан гомдлын хувьд:
Анхан болон давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр, зээлдэгч Г.Б зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 30,000,000 төгрөг, зээлийн хүү 23,160,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,632,000 төгрөг, нийт 57,792,000 төгрөг, мөн үндсэн зээл 37,000 ам.доллар, зээлийн хүү 24,618 ам.доллар нэмэгдүүлсэн хүү 4,932 ам.доллар нийт 66,539 ам.долларыг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй гэж үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Түүнчлэн зээлийн гэрээг дагаж байгуулагдсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны бүртгэл хэвээр үргэлжилж байгааг тогтоосон бөгөөд үүнийг үгүйсгээгүй. Гэсэн атлаа зээлдүүлэгч болон барьцаалагчийн эрхийг зөрчиж, өвийн эрхийг түрүүлж хэрэгжүүлсэн нь цаашид хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдлыг үүсгэж байна.
Тодруулбал, Иргэний хуульд зааснаар барьцааны эрх нь тухайн үүргийн биелэлтийг хангах зорилготой бөгөөд уг эрхийг үндэслэн барьцаалуулагч зээлийн гэрээний үүргийг барьцааны хөрөнгөөр бүрэн хангуулах боломжтой байх ёстой. Өөрөөр хэлбэл, барьцааны үүрэг нь зээлийн гэрээний биелэлтийг баталгаажуулах аюулгүй хэрэгсэл тул өвлөгчид уг хөрөнгийг өвлөж авахын өмнө энэ барьцааны үүрэг гүйцэтгэгдсэн байх ёстой гэж үзэж байна.
Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс өвлөгч нь тухайн барьцааны эд хөрөнгийг өвлөн авсны дараа үүргийн гүйцэтгэлийг өвлөсөн хэмжээндээ хуваан гүйцэтгэнэ гэсэн дүгнэлтэд хүрснээр барьцааны үүргийг хангуулах шаардлагыг өвлөх эрхийн дараа тавьснаар зээлдүүлэгчийн эрхийг хязгаарласан.
Барьцааны хөрөнгийг өвлөх нь тухайн хөрөнгөтэй холбогдох эрх, үүргийг бүхэлд нь залгамжлан авах үйлдэл юм. Иймд тухайн хөрөнгө барьцаанд байвал уг барьцааны үүргийг эхэлж бүрэн биелүүлсний дараа өвлөх эрхийг хэрэгжүүлэхээр ойлгох нь зүйтэй. Хэрэв барьцааны үүргийг биелүүлэлгүйгээр барьцааны хөрөнгийг өвлөхийг зөвшөөрвөл барьцааны гэрээний зорилго, зээлдүүлэгчийн хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор зөрчихөд хүргэнэ.
Тиймээс ижил нөхцөл байдал үүсэх тохиолдолд давж заалдах шатны шүүхийн дээрх дүгнэлт жишиг болох магадлалтай бөгөөд энэ нь зээлдүүлэгчдийн эрхийг ноцтой зөрчих үр дагаварт хүргэж болзошгүй учраас хууль хэрэглээний зарчмыг тодорхой болгох шаардлагатай байна.
Хоёр. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх заалтад заасны дагуу хяналтын гомдол гаргах үндэслэл бүрдсэн тухайд: Анхан болон давж заалдах шатны шүүхүүд “Т” ХХК болон Г.Б нарын хооронд 2014 онд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ. Иргэний хуулийн 451.1, 165.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзсэн. Энэ нь зөв боловч, зээлийн гэрээний барьцаа хөрөнгө нь тухайн үед хамтран өмчлөгчдийн дундын өмч байсан эсэх баримтыг харгалзан үзэлгүйгээр мөн хуулийн 535 дугаар зүйлийн 535.1, 535.2 дахь заалтыг шууд хэрэглэсэн нь буруу дүгнэлт болсон.
Учир нь “Т” ХХК нь Г.Бтай 2014.01.07-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ тус тус байгуулсан ба тус гэрээ байгуулагдсанаас хойш буюу 2018 онд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс тус барьцааны хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоосон шийдвэр гарсан байна. Тодруулбал, нэхэмжлэгч нь Г.Бтай 2014 онд зээлийн болон барьцааны гэрээ байгуулах үед барьцаа хөрөнгө болох орон сууц, авто зогсоолыг Г.Бын өмчийн орон сууц гэж үзэн гэрээ байгуулсан ба гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэх нөхцөл байдал үүсэж байна.
Энэ тохиолдолд зээлдүүлэгч нь Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д зааснаар шударга эзэмшигч бөгөөд өвлөгчдөд хувь тэнцүүлэн үүрэг хуваарилж, барьцааны үүргийн биелэлтийг хязгаарлах нь хуулийн зорилго, барьцааны гэрээний агуулгатай харшилж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх барьцааны эрх шударгаар үүссэн эсэхийг анхаараагүй, барьцааны эрх үүсэхэд барьцаалагч нь барьцаалуулагчийг барьцаалах эрхгүй болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан эсэх нь зарчмын хувьд шударга барьцаалагч мөн эсэхийг тогтоох үндсэн нөхцөл нь болох тухайд шүүх зохих дүгнэлтийг хийгээгүй байна. Шүүхээс хэрэглэх ёстой хуулийг хэрэглэхгүй, гагцхүү өвлөгчийн эрхтэй холбогдох хуулийн зохицуулалтыг хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн нь хуулийн хэрэглээний зөрүүг бий болгожээ. Иймд дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
5.Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 001/ШХТ2025/00730 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Лын гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.
ХЯНАВАЛ:
6. Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч С.Б, Н.Б, Н.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 357,399,686 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, үндэслэлээ “Г.Б 2014.01.07-ны өдөр байгуулагдсан ээлийн гэрээгээр 35,000 ам.долларыг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр, 2015.04.09-ний өдрийн нэмэлт зээлийн гэрээгээр 30,000,000 төгрөг болон 45,000,000 ам.долларыг сарын 4 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатай тус тус зээлж авсан, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулж, өөрийн хаягт байрлалтай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулсан, зээлдэгч 2016.11.20-ны өдөр нас барсан бөгөөд түүний зээлийн үүрэг болох үндсэн зээл 30,000,000 төгрөг, зээлийн хүү 23,600,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,520,000 төгрөг бүгд 58,320,000 төгрөгийг, үндсэн зээл 45,500 ам.доллар, зээлийн хүү 35,793 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 7,159 ам.доллар бүгд 88,452 ам.доллар буюу 299,079,686 төгрөгийг, 2 зээлийн гэрээний үүргийн нийт дүнг 357,399,686 төгрөгөөр тодорхойлж өвлөгч нарт өвлөн авсан хэмжээгээр хариуцуулах, барьцааны гэрээнд заасан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна” гэж тодорхойлжээ. /1хх-ийн 1-2, 194-195, 221-222, 2хх-ийн 15-16, 40, 108-110 дахь тал/
7. Хариуцагч С.Б, Н.Б, Н.Б нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “зээлдэгч Г.Б нэхэмжлэгч “Т” ХХК-тай 2014.01.07-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 35,000 ам.доллар зээлсэн талаар маргахгүй бөгөөд зээл төлөгдөж дууссан, нэмэлт гэрээ байгуулж 30,0 сая төгрөг болон 45,500 ам.доллар зээлсэн гэдгийг зөвшөөрөхгүй, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан орон сууц нь гэр бүлийн 6 гишүүний хамтран өмчлөх эд хөрөнгө болохыг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 00039 дүгээр шийдвэрээр тогтоогдсон тул талийгаачийн ногдох хэсэг болох орон сууцны 16,67 хувийг өвлөгчид өвийн журмаар хүлээн авсан” гэжээ. /1хх 67, 86/
8. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дараах дүгнэлт хийсэн байна.
8.1. Г.Б болон “Т” ХХК-ийн хооронд 2014.01.07-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан, Г.Б нь 35,000 ам.долларыг сарын 4 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлсэн, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр.
8.2. Зээлдэгч Г.Б нэхэмжлэгч “Т” ХХК-тай 2014.01.07-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэж дуусгавар болсон.
8.3. Г.Б 2014.04.18-ны өдрөөс 2015.03.01-ний өдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэгчээс нийт 37,000 ам.долларыг 5 удаагийн шилжүүлгээр өөрөө болон гуравдагч этгээдээр дамжуулж хүлээн авсан, хүлээн авсан мөнгөн хөрөнгө дээр өмнөх зээл болон нэмэгдүүлсэн хүүг нэмж тооцон 45,500 ам.доллароор 2015.04.09-ний өдөр зээлийн гэрээг бичгээр үйлдсэн, талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний үнийг зээлдэгчийн хүлээн авсан 37,000 ам.долларын хэмжээгээр тодорхойлно. Мөн 2015.04.09 өдрийн зээлийн нэмэлт гэрээгээр 30,000,000 төгрөгийг зээлсэн, зээлийн гэрээ хүчин төгөлдөр;
8.4. Г.Б болон “Т” ХХК-ийн хооронд 2014.01.07-ны өдөр барьцааны гэрээ байгуулагдаж, Г.Бын нэр дээр өмчлөх эрхийг бүртгэсэн, хаягт байрлалтай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан, барьцааны гэрээ хүчин төгөлдөр.
8.5. Зээлдэгч Г.Б 2016.11.18-ны өдөр нас барсан
8.6. Зээлдэгчийн нас барсан өдрийг хүртэл хугацаанд зээлдэгчийн зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 30,000,000 төгрөг, зээлийн хүү 23,160,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,632,000 төгрөг, үндсэн зээл 37,000 ам.доллар, зээлийн хүү 24,618 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 4,923 ам.доллар нийт 66,539 ам.доллар болсон.
8.7. 2019.04.08-ны өдрийн өвлөх эрхийн гэрчилгээгээр барьцааны зүйл болох орон сууц, автозогсоолыг С.Б, Н.Б, Н.Б нар өвлөн авсан.
8.8. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2018/00039 дүгээр шийдвэрээр дээр дурдсан барьцааны зүйл болох орон сууц, автозогсоолыг гэр бүлийн 6 гишүүн буюу Г.Б, С.Б, Н.Б, Н.Б, Н.Б, Н.Б нарын хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоосон, энэ үйл баримтыг дахин нотлохгүй. Улмаар дээрх үл хөдлөх эд хөрөнгөөс нас барагч Г.Бын ногдох хувь 16.6 хувь гэж тодорхойлсон.
8.9. Нас барагч Г.Бын өвлөгдөх хөрөнгө болох 16.6 хувийн хэмжээгээр түүний хууль ёсны 5 өвлөгчид тэнцүү хэмжээгээр өвийн зүйл ногдоно.
8.10. Нэхэмжлэгч нь хариуцагчаар 3 өвлөгчийг тодорхойлж, өвлөх эрхийн гэрчилгээнд үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 340,000,000 төгрөгөөр тодорхойлсон хэмжээгээр тооцож нэг өвлөгчид ногдох зээлийн гэрээний үүргийг 11,333,333 төгрөгөөр тооцож, 3 хариуцагчаас тус тусад нь гаргуулахаар дүгнэсэн.
8.11. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй.
9. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн магадлалдаа анхан шатны шүүх үйл баримтыг зөв тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэжээ.
10. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлоогүйгээс маргаантай эрх зүйн харилцаанд хуулийг буруу тайлбарласан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
11. Нэхэмжлэгч нь хариуцагч С.Б, Н.Б, Н.Б нарт холбогдуулж өвлүүлэгч Г.Бын өвийг өвлөн авсан хэмжээгээр зээлийн гэрээний үүргийг гаргуулах болон барьцааны зүйлээр үүргийг гүйцэтгэлийг бүхэлд нь хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хоёр шатны шүүх эдгээр хоёр зөрчилтэй шаардлагыг тодруулаагүй нь буруу байна. Барьцааны эрхтэй эд хөрөнгөд өвлөсөн хөрөнгийн хэмжээгээр үүргийг хариуцуулахаар шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж дүгнэлээ. Хяналтын шатны шүүхээс барьцааны эрх, өв залгамжлалын асуудлаар дүгнэлт өгөх шаардлагатай гэж үзэв.
12. Зээлдэгч Г.Б зээлдүүлэгч “Т” ХХК-тай 2014.01.07-ны өдөр 35,000 ам.долларыг сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлийн 14/02 тоот гэрээг бичгээр байгуулж авсан, зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр өөрийнхөө өмчлөлд байдаг хаягт байрлалтай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулсан талаар хоёр шатны шүүх зөв дүгнэсэн.
13. Талууд 2015.04.09-ний өдрийн “Зээлийн гэрээний нэмэлт гэрээ” байгуулж, уг гэрээнд “2014.01.07-ны өдөр байгуулж, баталгаажуулсан 14/02 дугаар зээлийн зээлийн гэрээгээр олгогдсон зээлийн эргэн төлөлт, дахин олгох болон төлөлтийн хугацааг өөрчлөх тухай зээлдэгч Г.Бын гаргасан хүсэлт, зээлийн гэрээний 2.5 заалтыг үндэслэн ... өөрчлөлт, нэмэлтийг оруулахаар хэлэлцэн тохиролцов” гэжээ. Иймд талуудын хооронд 2014.01.07-ны өдөр байгуулагдсан 14/02 тоот зээлийн гэрээний харилцаа дуусгавар болоогүй байхад анхан шатны шүүх уг гэрээний харилцаа дуусгавар болсон гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүх зөвтгөөгүй байна.
14. 2015.04.09-ний өдрийн зээлийн гэрээний нэмэлт гэрээний 1.1-д зээлийн хэмжээг 30,000,000 төгрөг болон 45,000 ам.доллар гэж тодорхойлохдоо 2014.01.07-ны өдрийн зээлийн төлөгдөөгүй зээл, зээлийн хүүг оруулан тооцсон гэх үндэслэлээр үндсэн зээлийн хэмжээг хоёр шатны шүүх 30,000,000 төгрөг болон 37,000 ам.доллароор тогтоосныг буруутгахгүй, талууд энэ дүгнэлтийг эсэргүүцээгүй.
15. Зээлдэгч Г.Б 2016.11.18-ны өдөр нас барсан, энэ өдрөөр түүний зээлийн гэрээний гүйцэтгэвэл зохих үүргийг үндсэн зээл 30,000,000 төгрөг, зээлийн хүү 23,160,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,632,000 төгрөг нийт 57,792,000 төгрөг, мөн үндсэн зээл 37,000 ам.доллар, зээлийн хүү 24,618 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 4,932 ам.доллар нийт 66,539 ам.доллароор тус тус тодорхойлсон хоёр шатны шүүхийн тооцоолол зөв болжээ.
Нэхэмжлэгч нь ам.долларын ханшийг 2024.06.03-ны өдрийн байдлаар 3,381.43 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн боловч 2019.02.27-ны өдөр нэхэмжлэл гаргасан байх тул уг өдрийн ханш болох 1 ам.доллар 2,635.46 төгрөгөөр тооцвол ам.долларын зээлийн үүрэг 175,360,872 /66,539*2,635.46/ төгрөг болох бөгөөд үүн дээр төгрөгөөр авсан зээлийн үүрэг 57,792,000 төгрөгийг нэмбэл нийт 233,152,873 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй үлджээ.
16. Зээлдэгч Г.Б 2014.01.07-ны өдөр зээлдүүлэгчтэй барьцааны гэрээ байгуулахад дээр дурдсан барьцааны зүйл болох 4 өрөө орон сууц болон автомашины зогсоол нь дан ганц түүний өмчлөлд бүртгэлтэй байсан талаар талууд маргаагүй, гэрээ хүчин төгөлдөр гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасантай нийцсэн.
17. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж заажээ.
18. Зээлдэгч Г.Б нас барснаар Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэгт зааснаар түүний өмч болох барьцааны зүйл болсон дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг өвийн журмаар мөн хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт заасан хууль ёсны өвлөгч болох С.Б, Н.Б, Н.Б, Н.Б, Н.Б нар өвлөн авч өмчлөгч болжээ. Өөрөөр хэлбэл, Өвлөх эрхийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн гэрчилгээн дээр дурдсан 2 үл хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь өвлөгч нар хүлээн авсан байдлаар тодорхойлсон байна.
Харин Г.Быг нас барсны дараа Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2019/00039 дүгээр шийдвэрээр барьцааны зүйл болох орон сууц болон автомашины зогсоолыг Г.Б, С.Б, Н.Б, Н.Б, Н.Б, Н.Б нарын гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоосноор барьцааны гэрээний зүйлийг Г.Бад ногдох 16,6 хувиар тооцон өөрчлөх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж заасан бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд Г.Бын нэр дээр дангаар өмчлөх эрхийг бүртгэгдсэн байсан тул зээлдүүлэгч буюу барьцаалагч “Т” ХХК-ийг түүний гэр бүлийн гишүүдийн зөвшөөрөлтэйгөөр барьцааны гэрээ байгуулах байсан гэж дүгнэхгүй юм. Иймд бүртгэлд байгаа тэмдэглэлийн агуулгыг бүхэлд нь үнэн зөв гэж тооцно.
19. Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах хугацаа болсон, эсхүл үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэх эрхтэй болсон үеэс буюу хуульд заасан бусад тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах үүрэгтэй” гэж заасны дагуу зээлдэгч Г.Бын төлөөгүй зээлийн үүргийг ипотекийн зүйлээс хангуулах учиртай. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга нь зээлдэгчийн зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар байгааг хоёр шатны шүүх анхаараагүй байна.
Иймд Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй” гэж заасны дагуу барьцаалагч нь зээлийн гэрээний үүргийг ипотекийн зүйлийн худалдахыг шаардсан шаардлагыг гаргасан, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж зааснаар дээр дурдсан хоёр үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг хангуулахаар шийдвэрлэх нь зүйтэй тул анхан шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.
20. Дээр дурдсан үндэслэлээр зээлдүүлэгчийн шаардах эрхийг тодорхойлсон тул хариуцагчаар тодорхойлогдсон өвлөгч нараас өвлүүлэгчийн төлбөл зохих зээлийн гэрээний үүрэг болох 357,399,686 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
21. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд тус тус өөрчлөлт оруулж нэхэмжлэгч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2025/00712 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/00808 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 болон 2 дахь заалтыг нэгтгэж “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар эрхийн хаягт байрлалтай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан үнийн дүнгээс зээлийн гэрээний 233,152,873 төгрөгийн үүргийг хангуулахыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч С.Б, Н.Б, Н.Б нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 357,399,686 төгрөгийг гаргуулах тухай “Т” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хяналтын гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч С.Д нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025.06.02-ны өдөр 1,177,136 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЧИМЭГ
Н.БАЯРМАА
Э.ЗОЛЗАЯА
Х.ЭРДЭНЭСУВД